Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар

Аянга зүүн зүгээс цахих үед—энэ нь Би ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөд—аянга цахих мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж, бүх одод хувирч эхэлнэ. Бүх хүн төрөлтөн зохих ёсоор цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч дүр нь илчлэгдэж, нүд нь гялбаж, будилан мухардсан байна; цаашлаад тэд өөрсдийн муухай төрхөө яаж нуухаа мэдэхгүй болдог. Дахин хэлэхэд, тэд Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил; гэсэн ч тэдний хэн нь ч Миний гэрэл дотроос холдож чадахгүй. Бүх хүн төрөлтөн айдас, түгшүүрийн атганд оршиж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байна; Миний гэрэл залран ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөрт баярлах ба түүнчлэн бүгд өөрсдийн төрсөн өдрийг харааж байна. Зөрчилдөөнтэй сэтгэлийн хөдөлгөөнийг нарийн илэрхийлэх боломжгүй; өөрийгөө-зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэх ба хүчтэй ширүүн урсгалд урсаж, нүд ирмэх төдийд ул мөргүй арилна. Миний цаг үе хүн төрөлтнийг дахин нэг удаа сэрээн, хүн төрөлхтөнд шинэ эхлэл үүсгэх цэгийг өгөн, дахин нэг удаа хүн төрөлтөнд ойртож айсуй. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар үсэрч, ус баярлан бүжиглэж, давлагаа тэрхүү хэмнэлийг хадгалж хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү байдаг. Би бүх бохир зүйл Миний харцны өмнө үнс нурам болтол шатаасай гэж хүсдэг, Би бүх дуулгаваргүй хөвгүүд Миний нүдний өмнө цаашид хэзээ ч оршиж эргэлдэлгүй арилаасай гэж хүсдэг. Би агуу улаан луугийн аж төрдөг газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсоогүй, мөн хорвоо ертөнц дээр шинэ ажлыг эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаант улсууд нь Миний хаант улс болох болно; удалгүй Миний хаант улсаас болж, Би аль хэдийн ялалтад хүрсэн учраас, Би ялгууснаар эргэн ирсэн учраас газар дээрх хаант улсууд оршин тогтнохоо үүрд болино. Агуу улаан луу газар дээрх Миний ажлыг алга болгохоор найдан, Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд санаанд нь багтах бүх аргаа хэрэглэж дуусгасан, гэхдээ түүний зальжин арга мэхнээс болж Миний зориг мохож болох уу? Би түүний заналхийллээс сүрдэж, итгэл найдвараа алдаж болох уу? Миний гарын алганд байдаггүй ганц ч зүйл тэнгэрт ч, газарт ч хэзээ ч байгаагүй; товойлгогч мэтээр Надад үйлчилдэг энэ хэрэгсэл болох агуу улаан луугийн тухай үүнээс илүү ямар үнэн байх вэ? Энэ ч гэсэн Миний гараар жолоодуулах зүйл биш гэж үү?

Намайг хүний ертөнцөд бие махбодтой болсон цаг үед хүн төрөлхтөн Миний чиглүүлэгч гарын тусламжтайгаар өөрийн эрхгүй энэхүү өдөрт ирж, өөрийн эрхгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь зурайж байгаа замаар хэрхэн алхах тухайд хэнд ч ямар ч таамаг байхгүй, хэн ч мэдэхгүй бөгөөд тэрхүү зам түүнийг ямар зүг чигт хөтлөх талаар мэдэх юм хэнд ч байхгүй. Зөвхөн Төгс Хүчитээр хамгаалуулсан хүн тэр замаар эцэст нь хүртэл явж чадна; Зүүн зүг дэх аянгаар газарчлуулснаар л хүн Миний хаант улсын хаалгаар алхан орж чадна. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, Зүүн зүгийн аянгыг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийнээс гарч буй дууг сонссон хүн хэд байх вэ? Үнэндээ, эртний өдрүүдээс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; зөвхөн өнөөдөр л Намайг дэлхий дээр ирсэн үед хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэвч одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байна, тэд Миний юу гэж байгааг ойлголгүйгээр зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүн төрөлтөн ийм байдаг. Миний ардын нэг байснаар та нар Миний царайг харахдаа гүн бахархлыг мэдэрдэггүй гэж үү? Та нар Намайг мэддэггүй учраас адгийн ичгүүрийг мэдэрдэггүй юу? Би хүмүүсийн дунд алхдаг ба Би хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махан биетэй болсон бөгөөд Би хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүн төрөлхтнийг Миний махан биеийг харах боломжтой болгох төдийхөн биш; илүү чухал нь хүн төрөлхтнийг Намайг мэдэх боломжтой болгох юм. Түүнчлэн, Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан хүн төрөлхтнийг нүглийнх нь төлөө яллах болно; Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан агуу улаан лууг бут ниргэж, түүний ичээг няц дэвсэлнэ.

Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг Өөрийн гарын алгыг харах мэт тодорхой мэддэг. Мөн Намайг “хайрладаг” хүмүүс ч гэсэн далайн элс мэт тоолж баршгүй хэдий боловч тун цөөхөн хүн Надаар сонгогдоно: Намайг “хайрладаг” хүмүүсээс ангид, хурц гэрлийг дагадаг тэр хүмүүс л байх юм. Би хүнийг хэт өндрөөр үнэлдэггүй, бас түүнийг дутуу үнэлдэггүй; харин ч Би түүний угийн өвөрмөц шинжид тааруулан хүнд шаардлага тавьдаг ба Миний шаарддаг зүйл бол Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн юм—энэ нь хүнийг сонгох Өөрийн зорилгод хүрэхийн тулд билээ. Ууланд тоогүй олон зэрлэг араатнууд байдаг, гэвч Миний өмнө тэд бүгд хонь шиг номхон байдаг; ойлгошгүй олон гайхамшгууд далай дор оршдог боловч Миний өмнө тэд өөрсдийгөө газрын гадарга дээр байгаа бүх зүйлстэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэрт хүний хэзээ ч хүрч чадахгүй орон байдаг, харин тэдгээр хүршгүй оронд Би чөлөөтэй алхдаг. Хүн Намайг гэрэлд хэзээ ч таниагүй, гэхдээ Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан луугийн галзуу хилэн нь оргилдоо хүрсэн тэр цагт Өөрийн ажлыг хийхийн тулд Би албан ёсоор махан биеийг өмссөн. Агуу улаан луу жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн тэр үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтний зам дээгүүр алхах үед нэг ч амьтан, нэг ч хүн цочиж сэрээгүй ба бие махбодтой болсон Намайг хүний ертөнцөд байхад хэн ч мэдээгүй. Гэхдээ махбод болсон Миний бие Өөрийн ажлыг хийж эхэлсний дараа хүн төрөлхтөн Миний нижигнэсэн дуугаар зүүднээсээ цочин сэрсэн бөгөөд энэ мөчөөс эхлэн Миний удирдамж дор амьдарч эхлэв. Өөрийн ардын дунд Би шинэ ажлыг дахин нэг эхлүүлсэн. Газар дээрх Миний ажил дуусаагүй гэж хэлснээр, өмнө нь Миний өгүүлж байсан тэр хүмүүс бол Миний хэрэгтэй гэж үзсэн хүмүүс биш гэдгийг батлахад энэ хангалттай, хэдий тийм боловч сонгогдсон хэд бол тэр хүмүүсийн дотор бий гэж Би үзсээр байна. Би бие махбодтой болсон Бурханыг мэдэх боломжийг Өөрийн ардад олгоод зогсохгүй мөн Өөрийн ардыг цэвэрлэхийн тулд үүнийг хийдэг гэдэг нь үүнээс илэрхий болдог. Миний захиргааны зарлигийн хатуу чандаас болж хүмүүсийн дийлэнх нь Надаар таягдуулах аюулд байсаар байна. Та нар өөрсдөдөө арга хэмжээ авах гэж бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн биеийг ялан дийлэхгүй бол, ингэхгүй л юм бол та нар гарцаагүй Миний жигшиж, голдог зүйл болж, яг л Паул шууд Миний гараас гэсгээлт хүртсэнтэй адилаар там уруу хаягдах ба тэндээс зугтах ямар ч арга үгүй. Та нар Миний үгнээс ямар нэг зүйлийг олж мэдэж авсан байлгүй дээ? Би бол бүхэлдээ ариун, өө сэвгүй Бурхан Өөрөө учраас өмнөхтэй адилаар чуулганыг цэвэрлэж, Надад хэрэгтэй хүмүүсийг ариусгахаа үргэлжлүүлэх нь одоо ч Миний зорилго хэвээр байна. Би Өөрийн сүмийг солонгын өнгөөр солонгоруулах төдийгүй мөн дотор тал нь гадна талтайгаа зохицохуйц өө сэвгүй цэвэрхэн болгоно. Та нар нэг бүрчлэн бүгдээрээ урьд юу хийсэн тухайгаа эргэцүүлэн бодож, Миний зүрх сэтгэлийг төгс хангая гэж өнөөдөр зориглож чадах эсэхээ шийдэх хэрэгтэй.

Хүн ердөө бие махбодод байгаа Намайг мэддэггүй; үүнээс ч дор нь тэр махан биед оршдог өөрийгөө хүртэл ойлгож чадаагүй. Энэ бүх хугацаанд хүн төрөлтөн Намайг гадны зочин шиг үзэж, Намайг хуурч хэчнээн олон жил болов? Хэчнээн олон удаа тэд Намайг гэртээ оруулалгүй хаалгаа хаав? Хэчнээн удаа Миний өмнө зогсохдоо тэд Надад ямар ч анхаарал хандуулсангүй вэ? Хэчнээн удаа тэд бусад хүний дунд Надаас татгалзлаа? Хэчнээн удаа тэд Намайг диаволын өмнө үгүйсгэв? Мөн хэчнээн удаа тэд өөрсдийн хэрүүлч амаар Над руу дайрсан билээ? Гэсэн ч Би хүний сул талуудыг санадаггүй, түүний дуулгаваргүй байдлын улмаас шүдийг шүдээр төлдөггүй. Миний хийсэн бүхэн бол түүний эдгэшгүй өвчнийг эдгээхийн тулд өвчинд нь эм хэрэглэх, тэгснээрээ түүнийг эрүүл саруул болгох бөгөөд ингэвэл тэр эцэстээ Намайг мэдэж авч магадгүй юм. Миний хийсэн бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө, хүн төрөлхтний амьдралд боломж олгохын төлөө байгаагүй гэж үү? Олон удаа Би хүний ертөнцөд ирсэн боловч, Би Өөрөө биечлэн ирсний улмаас хүмүүс Намайг огт тоогоогүй, зөвхөн өөртөө л гарах гарц хайж өөрийн хувийн ажлыг хөөцөлдөж байсан. Тэнгэрийн доорх зам нэг бүр Миний гараас бий болдог гэдгийг тэд мэддэг ч үгүй! Тэнгэрийн доорх юм болгон Миний тушаалд захирагддаг гэдгийг тэд тун ч бага гадарладаг! Та нарын хэн чинь зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл өвөрлөж зүрхлэх вэ? Та нарын хэн чинь яаран дүгнэлт гаргаж зүрхлэх вэ? Би зѳвхѳн хүн төрөлхтний дунд Өөрийнхөө ажлыг чимээгүйхэн хийгээд л явж байна. Хэрвээ бие махбодтой болсон байх хугацаандаа Би хүний дорой байдлыг анхаарч халамжлаагүй бол, бүх хүн төрөлхтөн Намайг бие махбодтой болсон учраас л ухаанаа алдтал айчихаад, түүнийхээ уршгаар Үхэгсдийн оронд уначихсан байх байлаа. Би Өөрийгөө даруухан байлгаж, Өөрийгөө нуусан учраас л хүн төрөлхтөн гай гамшгаас зайлж, Миний гэсгээлтээс ангижирсан ба ийм байдлаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдөрт хүрэх нь хэчнээн хэцүү байсныг бодолцон та нар хүрэлцэн ирэх маргаашийг бүр ч илүү ихээр нандигнах ёсгүй гэж үү?

1992 оны 3 дугаар сарын 8

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?