Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы оршдог махбодын мөн чанар” | Эшлэл 100

Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн хэвийн амьдрал байсан. Тэр Өөрийн махан биеийн хэвийн хүн чанараар амьдарсан. Бурханы ажил хийж, Бурханы үгийг хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь ихэнхдээ Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө л энгийн бие махбод байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүнээс болж, бас Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс ямар ч бурханлаг байдлыг Түүнээс олж хараагүй, эхэндээ зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, энгийн хүн гэдгээс өөр юу ч хараагүй. Түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж хэлэх ямар ч аргагүй, Тэр бол жирийн хүний хүү гэж хүмүүс бодсон; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа олон ид шид үзүүлж байхад хүртэл ихэнх хүмүүс Түүнийг Иосефын хүү гэж хэлсээр байсан, учир нь Тэр бол хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон Түүний ажил хоёулаа Бурхан махан биетэйгээр бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг батлан, анх бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан. Өөрийн ажлыг эхлэхийн өмнө Тэр хэвийн хүн чанартай байсан нь Тэрээр жирийн бие махбод байсны нотолгоо байсан; дараа нь Тэр ажилласан нь мөн Түүнийг энгийн махбод байсныг баталдаг, учир нь Тэр энгийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан бол Түүний махбод нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан бөгөөд Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба энэ нь Тэр махбод биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд Түүнд хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарынх нь илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулж байсан нь хамаагүй, Тэр мөн л хэвийн хүн чанартай амьдарч, мөн л хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилуулах хүртэл Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн энгийн махан биеэр гүйцэтгэсэн Түүний ажил байсан. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран Тэр Өөрийнхөө ердийн хүний бие махбодоос хэзээ ч салаагүй. Тэр бол Бурханы ажлыг хийж байсан Бурхан Өөрөө байсан, гэсэн ч Тэр Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн ухаан, хүний хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр энгийн хүн байсны нотолгоо бөгөөд энэ нь Бурханы махбод болсон бие нь ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махан бие байсныг баталдаг. Түүний ажил нь эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, эхний биелсэн махбодын үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм. Есүсийн бүхэл амьдралыг гайхамшгууд дагалдаж, газар дээрх Өөрийн ажлын төгсгөл хүртэл Тэр хэвийн хүн чанарыг харуулаагүй, Түүнд хүний хэвийн хэрэгцээ буюу сул талууд, эсвэл хүний сэтгэл хөдлөл байгаагүй, амьдралын үндсэн хэрэгцээ шаардагдаагүй, эсвэл хүний хэвийн бодол байгаагүй гэж хүмүүс итгэж болох юм. Тэд Түүнийг хүний хэрээс хэтэрсэн сэтгэхүйтэй бөгөөд ер бусын хүн чанартай гэж л төсөөлдөг. Нэгэнт Тэр Бурхан учраас Тэр энгийн хүмүүс шиг бодож, амьдрах ёсгүй ба зөвхөн жирийн хүн буюу жинхэнэ хүн л хүний хэвийн бодлыг бодож, хүний хэвийн амьдралаар амьдардаг гэж тэд итгэдэг. Эдгээр нь бүгд хүний санаа, хүний үзэл бөгөөд энэ нь Бурханы ажлын анхдагч санаа зорилгод харшилдаг. Хүний хэвийн сэтгэхүй нь хүний хэвийн саруул ухаан болон хэвийн хүн чанарт дэмжлэг үзүүлдэг; хэвийн хүн чанар нь махан биеийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг; мөн махан биеийн хэвийн үйл ажиллагаа нь махан биеийн энгийн хэвийн амьдралыг бүхэлд нь боломжтой болгодог. Бурхан тийм махан биед ажиллаж байж л бие махбодтой болсон Өөрийнхөө зорилгыг биелүүлж чадна. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан зөвхөн махан биеийн гадаад бүрхүүлийг л эзэмшээд хүний хэвийн бодлыг бодохгүй байвал, энэ махан бие нь жинхэнэ хүн чанарыг бүү хэл, хүний саруул ухааныг эзэмшихгүй. Хүн чанаргүй ийм махан бие нь бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх ёстой үйлчлэлийг хэрхэн биелүүлэх юм бэ? Хэвийн оюун ухаан нь хүний амьдралын бүх талд дэмжлэг үзүүлдэг; хүн хэвийн оюун ухаангүйгээр хүн байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, жирийн бодлуудыг боддоггүй хүн бол сэтгэцийн өвчтэй хүн юм. Хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай Христийг Бурханы махбод болсон бие гэж хэлж болохгүй. Тэгвэл Бурханы махбод болсон бие яаж хэвийн хүн чанаргүй байж болох юм бэ? Христэд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлэх нь доромжлол биш гэж үү? Ердийн хүмүүсийн эрхэлдэг бүх үйл ажиллагаа нь хүний хэвийн оюун ухааны ажиллагаанаас хамаардаг. Үүнгүйгээр, хүмүүс этгээд авирлах байсан; тэр ч бүү хэл тэд хар цагаан, сайн муугийн хоорондох ялгааг хэлж чадахгүй болох байсан; тэгээд тэдэнд хүний ёс зүй, ёс суртахууны зарчмууд үгүй байх байсан. Үүнтэй адилаар, хэрвээ бие махбодтой болсон Бурхан ердийн хүн шиг бодохгүй бол Тэр жинхэнэ бие махбод буюу хэвийн бие махбод байж чадахгүй байсан. Юм боддоггүй тийм махан бие бурханлаг ажлыг гүйцэтгэх чадваргүй байх байсан. Тэр газар дээрх хүмүүстэй хамт амьдрах нь бүү хэл, махан биеийн хэвийн үйл ажиллагааг ч явуулж чадахгүй байх байсан. Тэгээд Бурханы бие махбодтой болсны ач холбогдол, Бурхан махбодод ирэхийн гол мөн чанар алдагдах байсан юм. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махан биеэр бурханлаг ажлаа явуулахын тулд оршдог; Түүний хүний хэвийн сэтгэхүй нь Түүний хэвийн хүн чанар болоод Түүний бие махбодын бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хүний хэвийн бодол нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хүн хэлж магадгүй. Хэрвээ энэ махан бие хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол, Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

“Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент