Израильчууд шиг үйлчил

Өнөө үед олон хүн, бусадтай хамтран ажиллах зуураа ямар хичээл сурах ёстой талаар анхаарал хандуулдаггүй. Бусадтай хамтран ажиллах зуураа та нарын олонх нь хичээл сурч чаддаггүй гэдгийг Би олж илрүүлсэн; та нарын дийлэнх нь үзэл бодолтойгоо зууралддаг. Чуулганд ажиллах үедээ чи өөрийнхөө бодлыг, өөр нэг нь ч бас өөрийнхийгөө хэлдэг ба нэг нь нөгөөтэйгөө ямар ч холбоогүй байдаг; та нар үнэндээ огтхон ч хамтран ажилладаггүй. Та бүхэн амийг өчүүхэн төдий ч эрж хайлгүйгээр, өөрсдийн мэдлэг ухааныг ярилцах юм уу дотроо тээдэг “ачааг” чөлөөлөх гэж л их шимтдэг. Чи ажлыг гагцхүү хааш яаш хийж, бусад хүн юу ч хэлж, хийсэн хамаагүй, өөрийнхөө замаар алхах ёстой гэж үргэлж итгэдэг юм шиг харагддаг; мөн бусдын орчин нөхцөл ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс чамайг залж чиглүүлэхийн хэрээр нөхөрлөх ёстой гэж чи боддог. Та нар бусдын давуу талыг олж илрүүлж чаддаггүй, өөрсдийгөө шинжилж ч чаддаггүй. Аливааг хүлээн зөвшөөрч байгаа чинь үнэхээр гажууд бөгөөд алдаа мадагтай. Одоо ч гэсэн та нар нөгөө хууч өвчин нь сэдэрсэн мэт өөрсдийгөө ихэд зөвтгөсөөр байдаг гэхэд болно. Та нар бүрэн илэн далангүй байдалд хүрэх замаар жишээлбэл, зарим чуулганы ажлаар ямар үр дүнд хүрсэн тухай, дотоод байдлынхаа саяхны нөхцөлийн талаар гэх мэтийг өөр хоорондоо ярилцдаггүй; та нар тийм зүйлсийг ер нь хэзээ ч ярилцдаггүй. Үзлээ орхих, өөрсдийгөө хаях зэргийг яавч хэрэгжүүлдэггүй. Удирдагчид болон ажилчид, ах эгч нараа хэрхэн сөрөг болгохгүй байж, яаж тэднийг идэвхтэй дагаж чаддаг болгох талаар л боддог. Харин идэвхтэй дагах нь дангаараа хангалттай гэж та нар бүгд боддог бөгөөд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаях гэдэг нь ямар утгатайг үндсэндээ ойлгодоггүй, бусадтай хамтран үйлчилнэ гэж юу гэсэн үг болохыг бүр ч ойлгодоггүй. Өөрсдөө Бурханы хайрыг хариулж, Петрийн хэв маягийг амьдран харуулах хүсэлтэй байх тухай л боддог. Эдгээр зүйлээс өөр юуг ч боддоггүй. Бусад хүн юу хийх нь хамаагүй, би сохроор захирагдахгүй, бусад хүн ямар байх нь хамаагүй, Бурханаар төгс болгуулах гэж би өөрөө л эрж хайна, тэгэх нь хангалттай гэж хүртэл хэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ чиний хүсэл бодит байдал дээр биелэлээ огтхон ч олоогүй. Энэ бүхэн нь өнөө үед та нарын гаргадаг зан авир биш гэж үү? Та нар дор бүрнээ өөрсдийн мэдлэг ухаантай зууралдаж, бүгд төгс болгуулахыг хүсдэг. Та нар ийм урт хугацаанд төдийлөн их ахиц гаргалгүй үйлчилсэн гэдгийг Би хардаг; ялангуяа хамтдаа эв эетэй ажиллах энэ хичээл дээр та нар бүр юунд ч хүрээгүй! Чуулганд очихдоо чи өөрийнхөө арга барилаар ярилцдаг, бусад нь өөрсдийнхөөрөө ярилцдаг. Эв эетэй зохицол хааяа бий болдог бөгөөд ялангуяа та нарын доор буй дагагчдын хувьд энэ нь бүр ч үнэн байдаг. Өөрөөр хэлбэл, та нарын дундаас тун цөөхөн нь Бурханд үйлчлэх гэж юу болохыг, эсвэл хүн Бурханд хэрхэн үйлчлэх ёстойг ойлгодог. Та нар будилж төөрөлдөн, иймэрхүү хичээлийг ялихгүй асуудал гэж үздэг. Үнэний энэ талыг хэрэгжүүлж чаддаггүй олон хүн байдгаар үл барам, бас зориуд буруу юм хийдэг хүмүүс ч бий. Олон жилийн турш үйлчилсэн хүмүүс хүртэл өөр хоорондоо тэмцэлдэж, бие биеийнхээ эсрэг хуйвалддаг, мөн атаархаж, өрсөлддөг; хүн бүр хувиа боддог ба огтхон ч хамтран ажилладаггүй. Энэ бүх зүйл бодит биеийн хэмжээг чинь төлөөлдөг бус уу? Хүмүүс та нарын өдөр тутам хамтдаа үйлчилж байгаа чинь Бурханд Өөрт нь сүм дотор өдөр бүр шууд үйлчилдэг байсан израильчуудтай адилхан. Бурханд үйлчилдэг хүмүүс та нар хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн үйлчлэхээ мэдэхгүй байж яаж болох юм бэ?

Тухайн үед израильчууд сүмд Еховад шууд үйлчилж байсан бөгөөд тахилчийн ялгамж чанартай байлаа. (Мэдээж, хүн бүр тахилч байгаагүй; сүм дотор Еховад үйлчилж байсан зарим хүн л тийм ялгамж чанартай байсан юм.) Тэд өөрсдөд нь Еховагийн хайрласан титмийг өмсдөг байв. (тэд энэ титмийг Еховагийн шаардлагад нийцүүлэн хийсэн болохоос Ехова тэдэнд шууд титэм өгөөгүй гэсэн үг) Тэд бас Еховагийн өгсөн тахилчийн хувцсыг өмсөн, хөл нүцгэнээр өглөөнөөс үдэш болтол сүм дотор Түүнд шууд үйлчилдэг байлаа. Еховад үйлчлэх тэдний үйлчлэл огтхон ч замбараагүй байгаагүй бөгөөд сохроор яаран гүйдэг ч байгаагүй; харин энэ бүхэн нь Еховад шууд үйлчилж байсан хэний ч зөрчиж болохгүй дүрэм журмын дагуу хийгддэг байжээ. Тэд бүгд энэ дүрэм журмыг мөрдөх ёстой байв; эс бөгөөс сүмд орохыг нь хориглох байлаа. Хэрвээ тэдний хэн нэг нь сүмийн дүрмийг зөрчвөл—өөрөөр хэлбэл, хэн нэг нь Еховагийн тушаалд үл захирагдвал—тэр хүнд Еховагийн гаргасан хуулийн дагуу хандах ёстой бөгөөд хэн ч үүнийг эсэргүүцэж, эсвэл гэм буруутныг хамгаалж болдоггүй байв. Тэд хэчнээн олон жил Бурханд үйлчилсэн нь хамаагүй, бүгд уг дүрэм журмыг мөрдөх шаардлагатай байсан юм. Ийм учраас, маш олон тахилч тахилчийн өмсгөл өмсөөд, Ехова өөрсдөд нь онцгойлон хандаагүй хэдий ч ийм маягаар жилийн турш Еховад тасралтгүй үйлчилдэг байжээ. Тэр ч бүү хэл, тэд бүхий л амьдралаа тахилын ширээний өмнө, сүм дотор өнгөрөөдөг байв. Тэдний үнэнч, дуулгавартай байдлын илрэл энэ байлаа. Ехова тэдэнд тийм ерөөл хайрласанд гайхах юмгүй; үнэнч зангийнхаа үрээр тэд ивээл хүртэж, Еховагийн бүх үйл хэргийг харсан юм. Тухайн үед, Израильд Өөрийн сонгосон хүмүүсийн дунд ажиллаж байх үедээ Ехова тэдэнд нэлээд хатуу чанд шаардлага тавьжээ. Тэд бүгд маш дуулгавартай байж, хуулиар хязгаарлагдаж байв; эдгээр хууль Еховаг хүндлэх чадварыг нь хамгаалахад ашиглагдсан юм. Энэ бүхэн нь Еховагийн захиргааны зарлиг байлаа. Хэрвээ тэдгээр тахилчийн аль нэг нь Амралтын өдрийг сахиагүй юм уу Еховагийн тушаалыг зөрчсөн бол, мөн энгийн иргэдэд мэдэгдсэн бол тэр хүнийг нэн даруй тахилын ширээний өмнө аваачиж, чулуугаар шидэж хөнөөдөг байв. Тийм цогцсуудыг сүмийн дотор юм уу, ойр хавьд нь тавихыг зөвшөөрдөггүй байжээ; Ехова тэгэхийг зөвшөөрөөгүй юм. Ийнхүү үйлдсэн хэнийг ч “шашны бус тахил” өргөсөн хүн гэж үзээд том нүхэнд хаяж, цаазалдаг байв. Мэдээж, тийм бүх хүн амиа алддаг, нэгийг нь ч өршөөдөггүй байлаа. Тэр ч байтугай, “шашны бус гал” өргөсөн хүмүүс ч байсан юм; өөрөөр хэлбэл, Еховагийн тогтоосон өдрүүдэд тахил өргөөгүй хүмүүсийн тахилын зүйлсийг тахилын ширээн дээр үлдээхийг зөвшөөрдөггүй, хүнтэй нь хамт Еховагийн галд шатаадаг байжээ. Тахилчдад дараах шаардлагыг тавьдаг байлаа: Эхлээд хөлөө угаалгүйгээр сүмд юм уу бүр сүмийн гадна хашаанд ч орохыг зөвшөөрдөггүй; тэд тахилчийн өмсгөлөө өмсөөгүй бол сүмд орж болдоггүй; тахилчийн титмээ өмсөөгүй бол сүмд орж болдоггүй; цогцосноос бохирдсон бол сүмд орж болдоггүй; зөв шударга бус хүний гарт хүрснийхээ дараа эхлээд гараа угаагаагүй бол сүмд орж болдоггүй; эмэгтэй хүнээс бузартсаныхаа дараа сүмд орж болдоггүй (үүрд биш, харин гурван сарын турш), Еховагийн царайг харахыг бас зөвшөөрдөггүй байлаа. Цаг нь болоход буюу гурван сарын дараа л тахилчийн цэвэрхэн өмсгөл өмсөхийг тэдэнд зөвшөөрнө—тэгээд гадна хашаанд долоо хоног үйлчилснийхээ дараа сүмд орж, Еховагийн царайг харж чаддаг байв. Еховагийн сүмийг бузарлахаас сэргийлэхийн тулд тахилчийн аль ч хувцсыг гадаа өмсөхийг хэзээ ч зөвшөөрдөггүй, зөвхөн сүм дотор өмсөхийг зөвшөөрдөг байжээ. Тахилч байсан бүх хүн Еховагийн хуулийг зөрчсөн гэмт хэрэгтнүүдийг Түүний тахилын ширээний өмнө аваачих ёстой бөгөөд тэнд энгийн иргэдээр цаазлуулах ёстой байв; эс бөгөөс гэмт хэргийг харсан тахилч дээр гал буудаг байлаа. Тийнхүү Еховагийн хууль маш хатуу чанд байсан учраас тэд Еховад туйлын үнэнч байж, Түүний захиргааны зарлигийг хээв нэг зөрчиж хэрхэвч зүрхэлдэггүй байлаа. Израильчууд Еховагийн галын дөлийг харж, хүмүүсийг гэсгээдэг гарыг нь харсан учраас, мөн анхнаасаа Еховаг гэх тийм их хүндлэл өвөрлөж байсан учраас Түүнд үнэнч байсан юм. Тиймээс тэд зөвхөн Еховагийн галын дөлийг төдийгүй Түүний халамж, хамгаалалт, ерөөлийг хүртсэн билээ. Бүх үйлдэлдээ Еховагийн үгийг мөрдөж, хэн ч дуулгаваргүй байгаагүй нь тэдний үнэнч зан байв. Ямар нэгэн дуулгаваргүй байдал гарах юм бол бусад нь Еховагийн үгийг хэрэгжүүлж, Еховаг эсэргүүцсэн хэнийг ч цаазалдаг байсан бөгөөд тэр хүнийг Түүнээс огт нуудаггүй байлаа. Амралтын өдрийг зөрчсөн хүмүүс, завхайрсан хүмүүс, Еховагийн тахилыг хулгайлсан хүмүүсийг гойд хатуу шийтгэдэг байв. Амралтын өдрийг зөрчсөн хүмүүсийг ч ялгаагүй тэд (энгийн иргэд) чулуугаар цохиж алах юм уу, эсвэл үхтэл нь ташуурддаг байв. Садар самуун үйлдэгсдийг—сэтгэл татам эмэгтэйчүүдийн араас шунан тачааддаг юм уу, нүгэлт эмэгтэйчүүдийг хараад завхай зайдан бодол сэддэг, эсвэл залуу бүсгүйчүүдийг хараад тачааддаг хүмүүсийг—бүгдийг нь цаазалдаг байлаа. Нөмрөг юм уу, гивлүүр зүүгээгүй ямар ч залуу бүсгүй эрэгтэй хүнийг зүй бус харилцаанд уруу татвал тэр эмэгтэйг ч бас цаазалдаг байсан. Хэрвээ иймэрхүү хууль зөрчсөн хүн нь тахилч (сүмд үйлчилдэг хүн) бол цовдлох юм уу, дүүжилдэг байжээ. Тийм нэг ч хүнд амьдрахыг зөвшөөрдөггүй, ганц нь ч Еховагийн өмнө таалал хүртдэггүй байлаа. Ийм хүний хамаатан саданд түүнийг үхсэнээс хойш гурван жилийн хугацаанд тахилын ширээний өмнө Еховад тахил өргөхийг зөвшөөрдөггүй, энгийн иргэдэд Еховагийн олгосон тахилаас хуваалцахыг ч зөвшөөрдөггүй байв. Тэр хугацаа дуусахад л тэд Еховагийн тахилын ширээн дээр шилмэл үхэр юм уу, хонь тавьж болдог байлаа. Хэрвээ өөр ямар нэгэн гэм буруу үйлдсэн бол тэд Еховагийн өмнө гурав хоног мацаг барьж, Түүний нигүүлслийг гуйх ёстой байв. Еховагийн хууль маш хатуу, чанд байсан учраас л тэд Еховаг шүтэн мөргөсөн юм биш; Түүний нигүүлсэл, Түүнд үнэнч байдгаасаа үүдэн шүтэн мөргөсөн юм. Тийм болохоор тэд өнөөг хүртэл үйлчлэлдээ нэгэн адил үнэнч хэвээр үлдсэн бөгөөд Еховагийн өмнөх гуйлтаасаа хэзээ ч буцаж няцаагүй. Өнөө үед Израилийн ард түмэн Еховагийн халамж, хамгаалалтыг хүлээн авсаар байгаа бөгөөд Тэрээр тэдний дундах нигүүлсэл хэвээр байж, тэдэнтэй хамт үргэлж оршин байдаг. Тэд Еховаг хэрхэн хүндлэх ёстойгоо, Түүнд хэрхэн үйлчлэх ёстойгоо бүгд мэддэг бөгөөд Түүний халамж, хамгаалалтыг хүлээн авахын тулд хэрхэн үйлдэх ёстойгоо бүгд мэддэг; учир нь тэд бүгдээрээ зүрх сэтгэлдээ Түүнийг хүндэлдэг. Тэдний үйлчлэлийн амжилтын нууц нь хүндлэлээс өөр юу ч биш. Тэгвэл өнөө үед та бүхэн ямархуу байдаг вэ? Израилийн ард түмэнтэй адил төстэй зүйл та нарт байдаг уу? Өнөө үеийн үйлчлэл нь агуу сүнслэг хүний удирдлагыг дагахтай адил гэж чи боддог уу? Та нарт үнэнч зан, хүндлэл ердөө байдаггүй. Та нар ихээхэн нигүүлсэл хүртдэг ба бүгд Бурханд шууд үйлчилдгээрээ Израилийн тахилчидтай эн тэнцүү. Хэдий та нар сүмд ордоггүй ч хүлээн авдаг болон хардаг зүйл чинь сүмд Еховад үйлчилж байсан тахилчдын хүлээн авсан зүйлээс хавьгүй их. Гэсэн ч та нар тэднээс илүү олон удаа тэрсэлж, эсэргүүцдэг. Та нарын хүндлэл тун өчүүхэн, үүнээсээ үүдэн тун бага нигүүлсэл хүртдэг. Хэдийгээр та нар тун багыг зориулдаг ч израильчуудын хүртсэнээс хавьгүй ихийг хүлээн авсан. Энэ бүхэнд та нарт өгөөмөр хандаж байгаа хэрэг биш үү? Израильд ажил хийгдэж байх зуур хүмүүс Еховаг зоргоороо шүүж зүрхлээгүй. Гэтэл та нар яадаг вэ? Одоо хийж байгаа ажил минь та нарыг байлдан дагуулахын төлөө байгаагүй бол Миний нэрийг маш ичгүүр сонжуургүйгээр шившиглэж байгааг чинь Би яахан тэвчиж чадах билээ? Та нарын амьдардаг эрин үе Хуулийн эрин үе байсан бол үг яриа, үйлдлээс чинь үзвэл та нараас нэг нь ч амьд үлдэхгүй байх байсан. Та нарын хүндлэл тун өчүүхэн! Өөрсдөд нь их ивээл хайрласангүй гэж та нар Намайг үргэлж буруутгаж байгаа ба та нарт ерөөлийн хангалттай үг өгдөггүй, та нарыг зөвхөн хараадаг гэж ч хэлдэг. Намайг тийм бага хүндэлдэг болохоор Миний ерөөлийг хүлээн авах боломжгүй гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Үйлчлэл чинь өрөвдөлтэй байдгаас болж Би та нарыг байнга харааж, шүүж байдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарыг хэлмэгдүүлсэн мэт санагддаг уу? Тэрслүү агаад захирагддаггүй бүлэг хүмүүст Би яаж ерөөлөө хайрлаж чадах юм бэ? Миний нэрд гутамшиг авчирдаг хүмүүст Би нигүүлслээ хааш яаш хайрлаж яаж чадах юм бэ? Та нарт аль хэдийн туйлын сайхан хандсан. Израильчууд өнөөдрийн та нар шиг тэрслүү байсан бол Би тэднийг аль эрт устгачих байсан юм. Гэхдээ Би та нарт гагцхүү хүлээцтэй ханддаг. Энэ нинжин сэтгэл биш үү? Та нар үүнээс ч их ерөөлийг хүсэж байна уу? Өөрийг нь хүндэлдэг хүмүүсийг л Ехова ерөөдөг. Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр гэсгээж, нэгийг нь ч ер уучилдаггүй. Хэрхэн үйлчлэхээ мэддэггүй өнөөдрийн та нарын зүрх сэтгэлийг бүрэн эргүүлэхийн тулд гэсгээлт, шүүлт бүр ч их хэрэгтэй биш гэж үү? Ийм гэсгээлт, шүүлт нь та нарт хүртээж буй хамгийн сайн ерөөл биш гэж үү? Энэ нь та нарын хамгийн сайн хамгаалалт биш гэж үү? Үүнгүйгээр та нар Еховагийн дүрэлзсэн галыг тэсэж чадна гэж үү? Хэрвээ та нар үнэхээр израильчууд шиг үнэнч үйлчилж чадвал та нарыг ч бас нигүүлсэл байнга дагалдах бус уу? Бас та нарт баяр хөөр, хангалттай ивээл үргэлж байх бус уу? Та бүхэн хэрхэн үйлчлэх ёстойгоо мэдэх үү?

Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас хамгийн наад зах нь үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байх чадвартай, мөн бодитой байдлаар сургамж авч чаддаг байх ёстой. Ялангуяа чуулганд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд доор чинь буй ах, эгч нарын хэн нэг нь та нартай харьцаж зүрхлэх үү? Та нарын алдааг нүүрэн дээр чинь хэлж зүрхлэх үү? Та нар өрөөл бусдаас өндөрт зогсдог; хаад мэт хаанчилдаг! Тэр ч бүү хэл, та нар иймэрхүү бодитой хичээлийг судалдаггүй, үүнд ордоггүй мөртөө Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг! Одоогоор хэд хэдэн чуулганыг удирдахыг чамаас хүссэн боловч чи өөрийгөө орхиогүйгээр үл барам, бүр өөрийн үзэл, санаа бодолтой зууралдан “Бид бусдад хязгаарлагдах ёсгүй, өнөө үед сохроор захирагдах ёсгүй гэж Бурхан хэлсэн тул энийг ийм маягаар хийх ёстой гэж би бодож байна” гэх мэт зүйл хэлдэг. Тиймээс та нар дор бүрнээ өөрсдийнхөө санал бодлыг баримтлаад, хэн нь ч хэнийгээ дуулгавартай дагадаггүй. Үйлчлэл чинь мухардалд орсон гэдгийг тодорхой мэдэж байгаа ч “Миний харж байгаагаар, миний арга зам тийм ч хол зөрөөгүй байна. Ямар ч байсан, бидний аль алинд нэг тал бий: Чи өөрийнхийгөө ярь, би өөрийнхийгөө ярья; чи өөрийнхөө үзэгдлийг нөхөрлө, би өөрийнхөө оролтыг ярья” гэж хэлсээр байдаг. Та нар шийдвэрлэх ёстой олон зүйл дээр хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, эсвэл зүгээр л аргалдаг ба дор бүрнээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж, байр суурь, алдар хүнд, нэр нүүрээ болгоомжтой хамгаалдаг. Та нарын аль нь ч өөрийгөө даруухан байлгахыг хүсдэггүй бөгөөд амиа илүү хурдан өсгөхийн тулд аль ч тал нь өөрийгөө орхиж, нэг нэгнийхээ дутагдлыг нөхөх санаачилга гаргахгүй. Та нар хамтран ажиллаж байхдаа үнэнийг эрэлхийлж сурах ёстой. “Би үнэний энэ талыг тодорхой ойлгодоггүй. Чамд үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?” гэж чи хэлж болно. Эсвэл, “Энэ талаар чи надаас илүү туршлагатай; надад бага зэрэг удирдамж өгч болох уу?” гэж болох юм. Тэгэх нь үүнийг хийх сайн арга зам биш гэж үү? Та нар ихээхэн номлол сонссон ба үйлчлэл хийх бага зэрэг туршлагатай. Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна. Түүнчлэн, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аливаа зүйлийн талаар хянуур нөхөрлөх ёстой. Ингэснээр л та нар хааш яаш авирлахын оронд чуулганы төлөө хариуцлага хүлээнэ. Бүх чуулганаар зочилсныхоо дараа та нар цуглаж, олж илрүүлсэн бүх асуудал болон ажилд чинь тулгарсан аливаа асуудлын талаар нөхөрлөх ёстой, дараа нь хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтийнхээ талаар ярилцах ёстой—энэ бол үйлчлэлийн зайлшгүй чухал хэрэгжүүлэлт юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна. Хамтран ажиллах зуураа хэлэх зарим үг чинь тохиромжгүй байж болох ч тэр хамаагүй. Энэ талаар дараа нь нөхөрлөж, илүү тодорхой ойлголттой бол; үүнийг бүү үл ойшоо. Иймэрхүү нөхөрлөлийн дараа ах, эгч нарынхаа дутагдлыг нөхөж чадна. Ийм маягаар ажилдаа улам гүн орсноор л илүү сайн үр дүнд хүрч чадна. Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ үргэлж муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Тийм хүмүүс муухай зан чанартай байдаг; тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн, тийм зүйлс та нарын дунд тохиолддог хэвээр; та нар бүр нөхөрлөлийн үеэр нэг нэг рүүгээ дайрч давшилж, албаар шалтаг хайж, ялихгүй жаахан асуудал дээр нүүрээ минчийтэл маргалдаж, хэн нь ч найр тавихыг хүсдэггүй, хүн бүр дотроо бодсоноо нөгөөгөөсөө нууж, нөгөө талаа анхааралтай ажиглаж, үргэлж сэрэмжлэхдээ тулдаг. Иймэрхүү зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг тийм ажил ах, эгч нарыг ямар нэгэн зүйлээр хангаж чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв зам руу залж чиглүүлж чаддаггүйгээр үл барам, үнэндээ завхарсан зан чанараа ах, эгч нартаа шингээж байдаг. Чи бусдыг хорлож байгаа бус уу? Чиний мөс чанар аймшигтай бөгөөд голдоо ортол илжирсэн байна! Чи бодит байдалд ордоггүй, үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, диавол шиг уг чанараа ичгүүр сонжуургүйгээр бусдад илчилдэг. Чи ерөөсөө ичихээ мэддэггүй! Энэ ах, эгч нарыг чамд даалгасан атал чи тэднийг там руу аваачиж байна. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чамд ичих нүүр огт алга!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих