Хүрэх газрын тухай

Хүрэх газрыг дурдах бүрд та нар тун нухацтай ханддаг; түүнчлэн энэ нь та бүгдийн онцгой мэдрэмтгий байдаг зүйл юм. Зарим хүн сайхан хүрэх газар олж авахын тулд толгойгоороо газар мөргөж, Бурханы өмнө бөхөлзөхөөр тэсэн яддаг. Үгээр илэрхийлэх шаардлагагүй та нарын эрмэлзлийг Би ялган таньж чадна. Та нар махан биеэ гамшигт унагахыг хүсдэггүй, ирээдүйд үүрдийн шийтгэлд унахыг бүр ч хүсдэггүй. Та нар арай илүү эрх чөлөөтэй, арай амар хялбар амьдрахыг л хүсдэг. Тиймээс, хүрэх газрын тухай дурдах бүрд тун их түгшиж, анхаарал хандуулаагүйгээсээ болж Бурханд халдаад, зохих цээрлүүлэлтээ хүлээх вий гэхээс айдаг. Та нар хүрэх газрынхаа төлөө буулт хийхээс татгалзаагүй бөгөөд нэгэн цагт залирхаг, хөнгөмсөг явсан олон хүн гэнэт маш эелдэг, чин үнэнч болчихсон; үнэнч байгаа чинь хүмүүсийг голд нь ортол дааруулдаг. Гэсэн ч та нар бүгд “үнэнч” зүрх сэтгэлтэй бөгөөд гомдол, ов мэх, үнэнч байдал гээд сэтгэл дэх нууцаа юу ч нуулгүйгээр Надад байнга уудалсан. Ерөнхийдөө, та нар төрөлх уг чанарынхаа хамгийн гүнд орших зүйлсийг Надад тун илэн далангүй “улайсан”. Мэдээж, эдгээр нь Надад дэндүү танил болсон учраас Би ийм зүйлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Та нар Бурханы сайшаалыг хүртэхийн тулд ганц үсээ алдсанаас эцсийн хүрэх газрынхаа төлөө их гал руу орохыг илүүд үзнэ. Би та нарт хэтэрхий ягшмал хандаж байгаа юм биш; харин Миний хийдэг бүхэнтэй нүүр тулахдаа та нар чин үнэнч зүрх сэтгэлгүй байгаа юм. Та нар дөнгөж сая хэлснийг минь ойлгохгүй байж магадгүй тул Би та нарт энгийнээр тайлбарлая: Та нарт хэрэгтэй зүйл үнэн ба амь биш, биеэ хэрхэн авч явах тухай зарчим ч биш, Миний уйгагүй ажил бүр ч биш. Харин ч та нарт хэрэгтэй зүйл бол эд баялаг, байр суурь, гэр бүл, гэрлэлт зэрэг махан биеэрээ эзэмшдэг бүхэн чинь билээ. Та нар Миний үг болон ажлыг бүрмөсөн үл хэрэгсдэг тул та нарын итгэлийг хайнга гэсэн нэг үгээр дүгнэж болно. Та нар зорьсон зүйлээ биелүүлэхийн тулд юуг ч хийнэ, гэхдээ Бурханд итгэх итгэлтэй холбоотой асуудлуудын төлөө тэгэхгүй гэдгийг чинь Би олж мэдсэн. Харин ч та нар харьцангуй үнэнч, бас харьцангуй нухацтай байдаг. Тийм учраас Би, зүрх сэтгэл нь туйлын үнэнч бус хүмүүс Бурханд итгэх итгэлдээ бүтэлгүйтдэг гэж хэлдэг. Сайтар бод—та нарын дунд бүтэлгүй хүн олон байна уу?

Хүмүүс өөрсдийнхөө үйлдлээс үүдэн Бурханд итгэх итгэлдээ амжилтад хүрдэг гэдгийг та нар мэдэх учиртай; хүмүүс амжилтад хүрэхийн оронд бүтэлгүйтэх үед тэр нь ч бас өөр бусад хүчин зүйлийн нөлөөнөөс бус, өөрсдийнх нь үйлдлээс болдог. Та нар Бурханд итгэхээс илүү хэцүү, илүү их зовлон учруулах зүйлд хүрэхийн тулд юуг ч хийн, үүнд тун нухацтай хандаж, бүр ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй байх байсан гэдэгт Би итгэдэг; энэ бол амьдралдаа та нарын гаргадаг нөр их хичээл чармайлт юм. Та нар гэр бүлийнхээ нэг ч гишүүнийг мэхлэхгүй байх нөхцөл байдалд Миний махбодыг мэхлэх чадвартай. Энэ бол та нарын тууштай зан авир, амьдралын чинь зарчим билээ. Хүрэх газар чинь гойд сайхан, хүссэнээр чинь байг гэсэндээ та нар хүрэх газрынхаа төлөө Намайг мэхлэхээр хуурамч царай гаргасаар л байгаа бус уу? Та нарын үнэнч зан түр зуурынх, чин сэтгэл чинь ч ердөө түр зуурынх гэдгийг Би мэднэ. Та нарын шийдвэр, төлж байгаа төлөөс ирээдүйн төлөө биш, зөвхөн өнөөдрийн төлөө байдаг бус уу? Та нар наймаа хийх цор ганц зорилготойгоор үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авахаар мэрийн, эцсийн ганц хүчин чармайлт гаргахыг л хүсдэг. Та нар үнэнд өртэй болохоос зайлсхийхийн тулд, бүр Миний төлсөн төлөөсийг хариулахын тулд ч тийм хүчин чармайлт гаргадаггүй. Товчхондоо та нар хүссэн зүйлээ авахын тулд ухаалаг заль мэх ашиглахыг л хүсдэг боловч үүнийхээ төлөө ил тод тэмцэхийг хүсдэггүй. Энэ нь та нарын чин хүсэл биш гэж үү? Та нар дүр эсгэх ёсгүй, мөн нойр хоолноос гартлаа хүрэх газрынхаа төлөө тархиа гашилгах ч ёсгүй. Эцэст нь, та нарын хүрэх газар аль хэдийн тодорхойлогдсон байх болно гэдэг нь үнэн бус уу? Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ? Та нар Миний хүлээдэг зүйлийн өрөвдмөөр өчүүхэн хэсгийг л хийж чаддаг нь харамсалтай. Ийм байхад та нар итгэж найдаж байгаа зүйлээ Надаас олж авахаар оролдох зүрх зоригтой байж яаж чадаж байна вэ?

Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно. Яг одоо та нарт Миний дургүй зүйл хэд байна вэ? Миний дуртай зүйл хэд байна вэ? Хүрэх газрынхаа төлөө гаргасан ой гутам байдлынхаа бүхий л илрэлийг та нарын нэг нь ч ухаараагүй юм гэж үү?

Зүрх сэтгэлдээ Би, эерэг агаад дээш тэмүүлдэг аливаа сэтгэлийг шархлуулахыг хүсдэггүй, үүргээ чин үнэнчээр биелүүлж байгаа хэн нэгний эрч хүчийг сулруулахыг бүр ч хүсдэггүй. Гэсэн хэдий ч, та нарын хангалтгүй байдал, зүрх сэтгэлийн чинь гүнд оршдог бузар сүнсийг дор бүрд чинь Би сануулах учиртай. Та нар Миний үгтэй нүүр тулахдаа чин сэтгэлээ зориулж чадна гэж найдан Би үүнийг хийдэг, учир нь Надад хандах хүмүүсийн ов мэхийг Би хамгийн их үзэн яддаг билээ. Миний ажлын сүүлийн үе шатанд та нар үүргээ гойд сайн биелүүлж чадах ба хайнга хандахаа болиод үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч найддаг. Гэсэн хэдий ч, Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрийг та нараар гаргуулах Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хүнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны нандин эзэмшил бөгөөд Би түүнийг ашиглана гэж хадгалахаа болиод, харин эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулна. Миний ажил та нарт маш их ач тустай; Би та нараас үнэнч, өөдөө тэмүүлдэг зүрх сэтгэлийг л авна гэж найддаг ч одоог хүртэл Би гар хоосон байсаар байна. Энэ тухай бодоод үз: Нэг өдөр Би мөн л үгээр хэлэхийн аргагүй их гомдвол та нарт хандах хандлага минь тэр үед ямар байх вэ? Би одоогийнх шигээ эелдэг байх уу? Миний зүрх сэтгэл тэр үед одоогийнх шигээ амар амгалан байх уу? Тариалангийн талбайгаа уйгагүй хагалчхаад ганц ч үр тариа хурааж чадаагүй хүний мэдрэмжийг та нар ойлгож байна уу? Хүнд цохилтод орох үедээ хүний зүрх сэтгэл хэчнээн их шархалдгийг ойлгож байна уу? Нэгэн цагт итгэл найдвараар тун дүүрэн байсан ч хэн нэгэнтэй муудалцан салах ёстой болсон хүний гашуун зовлонг та нар амсаж чадах уу? Уур нь хүрсэн хүний гаргасан уур хилэнг та нар харж байсан уу? Дайсагнал амсаж, хууртагдаж байсан хүний өс хонзонгоо авах эрмэлзэл ямар байдгийг та нар мэдэх үү? Хэрвээ та нар энэ хүмүүсийн сэтгэхүйг ойлгож байвал залхаан цээрлүүлэлтийнхээ үеэр Бурхан ямар хандлагатай байхыг төвөггүй ойлгоно гэж Би бодож байна! Эцэст нь, та нар бүгд хүрэх газрынхаа төлөө нухацтай хичээл чармайлт гаргана гэж Би найдаж байна, гэхдээ хичээл чармайлтдаа овжин арга ашиглахгүй байсан чинь дээр, эс бөгөөс Би зүрх сэтгэлдээ та нарт урам хугарсан хэвээр байх болно. Тэгвэл энэ урам хугарсан байдал юунд хүргэх вэ? Та нар өөрсдийгөө хуурч байгаа бус уу? Хүрэх газрынхаа тухай боддог атлаа үүнийгээ сүйтгэдэг хүмүүс бол хамгийн аврагдах боломжгүй хүмүүс юм. Ийм хүн уурлаж, унтууцсан ч гэсэн хэн түүнийг өрөвдөх билээ? Товчхондоо, Би та нарыг тохиромжтой, бас сайн хүрэх газартай байгаасай гэж хүссэн хэвээр байгаа бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, та нарын нэг нь ч гамшигт унахгүй гэж найдаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих