Цор ганц Бурхан Өөрөө II Бурханы зөвт зан чанар (Гуравдугаар хэсэг)

Хүмүүс чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртдэг

Дараагийнх нь “Бурхан Ниневег аварсан” тухай Библийн түүх юм.

Иона 1:1–2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв” гэжээ.

Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: Тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.

Иона 4 Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлтэй, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас Таршиш руу зугтсан. Тийм учраас, өө Ехова минь, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: Учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шалтгаан байна уу?” гэж асуулаа. Улмаар Иона хотоос гарч, хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч бариад, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгэхэд Ехова Бурхан эрэндийн бут бэлтгэж, толгой дээгүүр нь сүүдэрлэн, гуниг ганьхралаас нь салгахын тулд Ионагийн дээгүүр ургууллаа. Иона эрэндийн бутанд маш их баярлав. Гэхдээ дараа өдрийн өглөө болоход Бурхан өт бэлдэж, эрэндийн бутыг нэрвэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж, Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж, үхэхийг хүсэн “Амьд явахаас үхсэн нь надад дээр” гэж хэлэв. Бурхан Ионагаас “Эрэндийн бутны төлөө уурлах шалтгаан чамд байна уу?” гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгэхэд Ехова, “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхсөн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.

Ниневегийн түүхийн тойм

“Бурхан Ниневег аварсан” тухай түүх хэдий богинохон боловч Бурханы зөвт зан чанарын нөгөө талыг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Тэр тал яг юунаас бүрдэж байгааг ойлгохын тулд бид Судар луу буцан очиж, Бурханы үйл хэргүүдийг эргэж нэг харах ёстой.

Эхлээд энэ түүхийн эхлэлийг харцгаая: “Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, ‘Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв’ гэжээ” (Иона 1:1–2). Судрын энэ хэсгээс бид, Ехова Бурхан Ионад Ниневе хот руу явахыг тушаасан гэдгийг мэднэ. Тэр яагаад Ионад энэ хот руу яв гэж тушаасан бэ? Библид энэ тухай маш тодорхой өгүүлсэн: Энэ хотын хүмүүсийн хорон муу нь Ехова Бурханы нүдэнд өртсөн ба тиймээс Өөрийн хийх гэж байгаа зүйлийг тэдэнд тунхаглахын тулд Бурхан Ионаг илгээжээ. Иона хэн байсан тухай хэлсэн юу ч тэмдэглэгдээгүй боловч энэ нь мэдээж Бурханыг мэдэхтэй хамаагүй. Тиймээс та нар энэ хүнийг ойлгох хэрэггүй. Та нар Бурхан Ионад юу хий гэж тушаасныг болон Тэр яагаад ийм зүйл хийснийг л мэдэх хэрэгтэй.

Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрэв

Бид залгаад хоёр дахь хэсэг буюу Ионагийн номын гуравдугаар бүлгийг харцгаая: “Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв. Мэдээж тэдгээр нь бас Еховагийн Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн үг юм. Тэдний хорон муу нь Бурханы нүдэнд өртсөн учир Бурхан энэ хотын хүмүүсийг үзэн ядаж, зэвүүцэж эхэлсэн бөгөөд иймээс энэ хотыг устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарласан төдийгүй хорон муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлэх байв. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотын хүмүүс дөчин өдрийн дотор гэмшиж, Ехова Бурханы өмнө нүглээ өчиж, нүүрээрээ газар унан мөргөхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл энэ байлаа. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь ойлгомжтой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулаад зогсохгүй, мөн Ниневе хотынхонд хандах хандлагыг нь дамжуулсан; үүний зэрэгцээ энэхүү энгийн тунхаглал нь бас уг хотод амьдарч байсан хүмүүсийн хувьд хатуу анхааруулга болсон. Өөрсдийнх нь хорон муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлсэн бөгөөд хорон муу үйлдэл нь удахгүй өөрсдийг нь сүйрлийн ирмэгт аваачина гэдгийг хэлсэн; тиймээс Ниневе дэх хүн бүрийн аминд аюул заналхийлж байсан юм.

Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе ба Содомын хариу үйлдэл дэх эрс ялгаа

Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Энэ хүмүүс тэнэг байгаагүй; энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан ажлаа гүйцэтгэх гэж байгааг тэд мэдсэн; өөрсдийнх нь хорон муу байдал Ехова Бурханыг хилэгнүүлж, Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Энэ хүмүүс хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртлээ ямар хариу үйлдэл хийсэн талаар Библид нарийвчлан дүрсэлсэн. Сударт бичсэнээр: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: Тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая…’ гэжээ.”

Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан—Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол энэ үгийг сонссоныхоо дараа Ниневе хотынхон хэрэг явдалд тоомсоргүй хандаагүй, мөн эсэргүүцээгүй; үүний оронд тэд Бурханд итгэсэн ба мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл болон дуулгавартай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ бид Ниневе хотынхны бодит ааш авирыг ашиглан энэ үгийг тайлбарлах юм бол, Бурхан хэлснийхээ дагуу хийж чадна, хийх болно хэмээн тэд итгэсэн бөгөөд гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдас төрүүлсэн юм. Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлсэнчлэн: “Тэд мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсжээ.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн ба энэ итгэлээс айдас төрж, энэ нь тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Ингэж тэд гэмшлийнхээ эхлэлийг харуулсан юм. Содомын хүмүүсээс шал эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам гэмшлийн зан авир болон үйлдлээ тодорхой харуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Ниневегийн энгийн ард иргэдэд хамаатай байгаагүй; тэдний хаан ч ялгаагүй байлаа.

Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүртсэн

Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үедээ сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч, юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар нөмрөх учиртай байв; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлийн гэмшлээ харуулсан юм. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан язгууртны байр сууриа хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг, эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч өөрийн барьж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хааны хувиар гэмшээгүй; xарин Бурханы энгийн харьяатын хувиар нүглээ улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө очсон. Түүнчлэн өөртэй нь адил байдлаар Ехова Бурханы өмнө нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тухай тодорхой төлөвлөгөө түүнд байсан, Сударт өгүүлсэнчлэн: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: Тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод хүч чадлыг эзэмшиж байсан бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр үл тоож, эсвэл зүгээр л өөрийнхөө нүглийг ганцаараа улайж, гэмшиж болох байсан; хотод байсан хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ бууж, үнсэн дунд таар өмсөж, Ехова Бурханы өмнө өөрийн нүглийг улайж, гэмшээд зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малыг мөн адил хийхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Дараалсан эдгээр үйлдлээр дамжуулан Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн; түүний дараалсан үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба хэний ч хийж чадаагүй зүйл байсан юм. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болно; тэдгээрийг хүн төрөлхтөн тэмдэглэж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэнээс хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд өөрсдийн ардуудыг хөтөлж байсан. Өөрсдийн хорон муу байдлын төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, тулгарч буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч ардуудаа залж чиглүүлж байгаагүй. Ниневегийн хаан харин өөрийн ардуудыг Бурхан руу эргүүлж, тэдний хорон мууг орхиулж, гар дахь хүчирхийллийг нь хаяулж чадсан. Түүнчлэн өөрийн хаан ширээг орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан эргэж зөөлрөн, гэмшиж, уур хилэнгээ буцаан авч, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Ниневегийн хааны үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг гэж л нэрлэж болно; тэр ч бүү хэл завхарсан хүмүүс Бурханы өмнө нүглээ улайж, гэмшиж байгаагийн үлгэр дуурайл гэж нэрлэж болно.

Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан

Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний ардууд хэд хэдэн үйлдэл хийсэн. Тэдний ааш авир болон үйлдлүүдийн шинж чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, тэдний бүхий л үйлдлийн мөн чанар юу вэ? Тэд яагаад тэгж хийсэн бэ? Бурханы нүдээр бол тэд үнэхээр гэмшсэн, учир нь тэд чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө нүглээ улайгаад зогсохгүй, бас бүх нүглээ хаясан. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд ихэд айж, Бурхан хэлснээрээ хийх болно гэж итгэсэн учраас ийнхүү үйлдсэн юм. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд замаа засаж, хорон муу байдлаасаа татгалзаж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, Өөрийн шийдвэрийг өөрчилж, өөрсдөд нь тохиолдох гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйхад бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж байв. Тэдний бүх ааш авираас харвал, өөрсдийнх нь урьдын хорон муу үйл Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба яагаад удахгүй сүйрүүлэгдэх болсныг тэд ойлгож байсан юм. Энэ шалтгааны улмаас тэд бүгд үнэхээр гэмшиж, хорон муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаяхыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд зүрх сэтгэлдээ айдас мэдэрсэн; тэд хорон муу үйлдлээ үргэлжлүүлэхээ больсон, мөн Ехова Бурханы үзэн яддаг тэдгээр үйлийг ч үргэлжлүүлэн үйлдэхээ больсон юм. Түүнчлэн, урьдын нүглийг нь уучилж, урьдын үйлдлүүдийнх нь дагуу өөрсдөд нь хандахгүй байхыг Ехова Бурханаас гуйсан. Тэд хэзээ ч дахин Ехова Бурханыг хилэгнүүлэхгүй байж чадах л юм бол ахин хэзээ ч хорон мууг үйлдэхгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байлаа. Тэдний гэмшил чин сэтгэлийн агаад бүрэн гүйцэд байв. Энэ нь тэдний чин сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурмаг байгаагүй, мөн түр зуурынх ч байгаагүй.

Ехова Бурхан өөрсдөд нь уурласныг мэдмэгц эрхэм дээд хаанаасаа эхлээд ардуудаа хүртэл Ниневегийн хүмүүсийн үйлдэл бүр, бүхий л зан авир, мөн шийдвэр, сонголт бүр Бурханы нүдэнд тодорхой, илэрхий байв. Бурханы зүрх сэтгэл Тэдний ааш авирын дагуу өөрчлөгдсөн юм. Яг тэр мөчид Бурханы сэтгэл санаанд юу байсан бэ? Библи тэр асуултад чинь хариулж чадна. Сударт бичигдсэний дагуу: “Ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг Бурхан хараад гэмшиж, тэгээд тэдэн дээр буулгана гэж шийдсэн гай гамшгаа буулгасангүй.” Хэдийгээр Бурхан сэтгэлийн байдлаа өөрчилсөн ч Түүний сэтгэл санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л уураа илэрхийлж байснаа намжаасан бөгөөд дараа нь Ниневе хотын хүмүүст гай гамшиг буулгахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр яагаад маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг ажигласанд оршино. Тэрээр, тэдний зүрх сэтгэлийн гүнд байгаа чин сэтгэлийн өчил, нүгэлдээ гэмших гэмшил, Ехова Бурханд итгэх чин сэтгэлийн итгэл, хорон муу үйлдэл нь Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн талаарх тэдний гүн гүнзгий мэдрэмж, Ехова Бурханаас ирэх гэж буй шийтгэлээс үүдсэн зүрх сэтгэлийн гүн дэх айдсыг харсан юм. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийхийн тулд тэдэнд гаргах уур хилэнгээ зогсоохыг Түүнээс гуйж байсан тэдний зүрх сэтгэлийн гүн дэх залбирлыг Ехова Бурхан бас сонссон билээ. Энэ бүх баримтыг ажиглах үед Бурханы уур хилэн бага багаар үгүй болсон. Түүний уур хилэн урьд нь хэчнээн их байснаас үл хамааран, энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харах үед үүнээс болж Түүний сэтгэл хөдөлсөн, иймээс Тэр тэдэнд гай гамшиг буулгаж түвдээгүй ба тэдэнд уурлахаа больсон. Харин ч Тэр тэдэнд Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн хүртээж, тэднийг үргэлжлүүлэн залж чиглүүлж, хангасан билээ.

Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ бол чи Түүний халамжийг үргэлж хүртэнэ

Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөн нь ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал агуулаагүй. Харин ч энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй, эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болон зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйл хэрэг нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн үгүй болж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний харуулсан бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайр, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханыг гомдоох үед Тэр уур хилэнгээ тэдэн дээр авчирна. Хүмүүсийг үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур нь намжих болно. Хүмүүс Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсээр байх үед Түүний хилэн намжихгүй; тэднийг сүйрэх хүртэл нь Бурханы уур хилэн тэдэн дээр бага багаар ойртон ирэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурханы зан чанарын харуулсан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн аль нь ч бай, хүний биеэ авч явах байдал, үйлдэл, зүрх сэтгэлийн гүндээ Бурханд хандах хандлагаар шийдэгддэг. Хэрвээ Бурхан уур хилэнгээ нэг хүнд тасралтгүй буулгавал энэ хүний зүрх сэтгэл гарцаагүй Бурхантай дайсагнаж байдаг. Тэр хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ нэг хүн Бурханы халамжийг үргэлж хүлээн авч, Түүний өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол энэ хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнадаггүй. Тэр үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт энэ хүн дээр дандаа буун ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн буухгүй.

Энэхүү товч тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Түүний мөн чанарын үнэн бодитой байдал, Бурханы уур хилэн болон Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь учир шалтгаантай гэдгийг харуулсан. Ууртай байх үедээ болон зүрх сэтгэлээ өөрчлөх үедээ Бурханы харуулсан эрс тэс ялгаа нь Түүний уур хилэн болон хүлээцтэй байдал хэмээх хоёр мөн чанарын хооронд асар том зай, том ялгаа оршиж байгаа мэт хүмүүст санагдуулдаг хэдий ч Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг дахин нэг удаа харах боломжийг хүмүүст олгодог. Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт нь Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэлийн үнэн бодитой байдал, Бурханы мөн чанарын жинхэнэ илрэлийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа үнэн бодитоор харуулсан. Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэл нь домог биш, утгагүй, хачин жигтэй зүйл ч биш гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тухайн үед Бурханы сэтгэлийн байдал жинхэнэ байсан; Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт жинхэнэ байсан; Бурхан Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүн төрөлхтөнд үнэхээр дахин нэг удаа хайрласан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих