Цор ганц Бурхан Өөрөө II Бурханы зөвт зан чанар (Хоёрдугаар хэсэг)

Бурханы уур хилэн нуугдмал агаад хүнд мэдэгддэггүй боловч хүн халдахыг тэвчдэггүй

Мунхаг, мэдлэггүй бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, аливаа зүйлсэд далдлагдаж байдаг; энэ нь хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ үзүүлж байгааг харах нь хүний хувьд хэцүү байдаг бөгөөд Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг чухал бус гэж үздэг. Хүнийг уучилж, өршөөх Бурханы хамгийн сүүлчийн ажил, хамгийн сүүлчийн алхам хүнд хүрч ирэх үед—өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өршөөл, сүүлчийн анхааруулга хүнд хүрэх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх өмнөх аргаа хэрэглэсээр, гэмшихийн тулд ямар ч хичээл чармайлт гаргахгүй, буруу замаасаа эргэхгүй, Түүний өршөөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Бурхан түүнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн Өөрийн уур хилэнг л илгээнэ. Тэр өөр өөр арга хэрэглэн уур хилэнгээ илэрхийлж болдог ба өөр өөр арга хэрэглэн хүнийг шийтгэж, устгаж ч болдог.

Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүмүүс юм уу ямар нэг зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга нь байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд оршин тогтнохыг болиулсан. Энэ бол Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг Бурханы нэг арга зам юм. Ийм илрэл ба илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал төдийгүй бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ илгээх үедээ, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больдог, мөн Өөрийн хүлээцтэй байдал, тэвчээрийг ч цаашид харуулдаггүй; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, зүйл, эсвэл учир шалтгаан гэж үгүй. Харин ч Өөрийн хүссэнийг хийхийн тулд Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа илгээх бөгөөд эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, туйлбартай хийх болно. Энэ нь хүний халдахыг тэвчдэггүй, Өөрийн уур хилэн, сүр жавхланг илэрхийлдэг Бурханы арга зам юм, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс харах үедээ уур хилэнг нь олж мэдэж, сүр жавхланг нь харж, зөрчлийг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайрын зан чанар юм гэдэгт итгэхэд хүмүүсийг үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүмүүсийг жигшихийг харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн болон сүр жавхлан нь, Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы, зөрчлийг тэвчдэггүй байдал юм. Хүний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллийг даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүмүүсийн хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг ба Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал болон Сатаны ёрын муу үйлсийг—хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг үйлсийг Бурхан үзэн яддаг учраас, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйл хэргийг жигшдэг учраас, мөн Өөрийн ариун, бузартаагүй мөн чанарын улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээр, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөлгүйгээр, тээнэгэлзэлгүйгээр Өөрийн зөвт зан чанарыг буюу хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг илрүүлж, гаргах болно.

Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлийн баталгаа юм

Бурханы үг, бодол, үйлдлийн эдгээр жишээг ойлгосноор чи Бурханы зөвт зан чанарыг буюу халдаж болшгүй зан чанарыг ойлгож чадах уу? Эцсийн эцэст, Бурханы иймэрхүү зан чанарыг хүн хэр их ойлгож чадахаас үл хамааран, энэ нь Бурханы Өөрийн цор ганц зан чанарын нэг тал билээ. Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг төлөөлдөг. Энэ нь бас цор ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар бол Түүний төрөлхийн мөн чанар билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч өөрчлөгддөггүй. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлдгээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, зөвт зан чанар нь ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар, байр суурь ч өөрчлөгддөггүй. Мөн чанар нь өөрчлөгдсөн учраас, эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл Түүний зан чанарт халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг сорих үедээ Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг туршиж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, Бурхантай тэмцэлдэх үед, Бурханы уур хилэнг тасралтгүй турших үед—өөрөөр хэлбэл, бас нүгэл өргөн тархах үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь бүх муу ёрын хүч оршин байхаа болино гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдана гэдгийг бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цор ганц байдал бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цор ганц байдал билээ. Бурханы эрхэм чанар болон ариун байдал соригдох үед, мөн шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан уур хилэнгээ илгээх болно. Бурханы мөн чанараас үүдэн, Бурхантай арсалдаж, эсэргүүцэлдэж, Түүнтэй тэмцэлддэг газар дээрх бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.

Бурханы уур хилэн асах нь Түүний зөвт зан чанарын нэг илэрхийлэл боловч Бурханы уур хилэн яавч өөрийн байг ялгаварладаггүй, эсвэл зарчимгүй байдаггүй. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч хурдан уурладаггүй, мөн Өөрийн уур хилэн болон сүр жавхланг яаран харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн мэдэгдэхүйц хянагдаж, хэмжигдэж байдаг; үүнийг хүн уурлаж бухимдан, уураа гаргадагтай огтхон ч харьцуулшгүй. Библид хүн, Бурхан хоёрын хоорондох маш олон яриа тэмдэглэгдсэн байдаг. Энэ хүмүүсийн заримынх нь үг өнгөцхөн, мэдлэггүй агаад хүүхдийнх шиг байдаг боловч Бурхан тэднийг цохин унагаагүй, мөн тэднийг яллаагүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүмүүст хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэдэнд хилэгнэсэн үү? Тэрээр ямар ч ийм юм хийгээгүй! Харин ч тэдний төлөө гуйж, тэдний төлөө залбир гэж Иовд хэлсэн; нөгөө талаар Бурхан тэдний алдааг үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Эдгээр тохиолдол нь бүгд, завхарсан, мэдлэггүй хүмүүст ханддаг Бурханы үндсэн хандлагыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь ямартай ч Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж, гаргаж байгаа явдал биш юм. Бурханы уур хилэн нь хүний ойлгодог шигээр уур хилэн нь бүхэлдээ дүрсхийн гарч байгаа хэрэг биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсноос болж, эсвэл уур нь буцалж, үүнийг гаргах ёстой болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, зөвт зан чанарынх нь жинхэнэ илрэл юм; энэ нь Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ. Бурхан бол уур хилэн, мөн ямар ч зөрчлийг тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгаануудыг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин завхарсан хүмүүс л учир шалтгааныг ялгахгүй, зарчимгүйгээр, дураараа уурладаг. Хүн байр суурьтай болмогц түүний хувьд сэтгэл хөдлөлөө хянах нь үргэлж хэцүү болно, иймээс сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах тохиолдлуудыг таатайгаар шүүрэн авдаг; өөрийн чадварыг илчилж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч шалтгаангүйгээр байнга уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүсийн сэтгэл санаа ч бас байнга хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд ихэвчлэн уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалахын тулд хүн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдэл нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлдэг хүний арга зам юм; эдгээр нь бохир зүйл, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, үүнээс ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай тэмцэлдэх үед хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалахын тулд уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчийг заналхийлж, хяхан хавчиж, дайрч довтлох үед хүн үл ойшоосон, зайлсхийсэн, хойш суусан хандлагатай байдаг. Гэвч муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагасан, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уурлах нь муу ёрын хүчний гарах гарц, мөн махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу зан байдлын илэрхийлэл юм. Гэхдээ Бурхан уур хилэнгээ илгээх үед бүх муу ёрын хүч зогсох болно; хүнийг хорлох бүх нүгэл зогсоно; Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүч илэрхий болж, тусгаарлагдан хараагдана; Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатан шийтгэгдэж, үндсээрээ устгагдана. Оронд нь Бурханы ажил ямар ч саад бартаагүйгээр урагшилна; Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлэн хөгжинө; Бурханы сонгосон хүмүүс Сатаны хөндлөнгийн оролцоо, хууралтаас ангид байх болно; Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчинд Бурханы удирдлага болон хангамжийг эдэлнэ; Бурханы уур хилэн бол бүх муу ёрын хүчийг үржиж, хурдан тархахаас сэргийлдэг хамгаалалт бөгөөд мөн энэ нь бүх зөв шударга, эерэг зүйлийн оршин тогтнол, тархалтыг хамгаалж, тэднийг хориг, сүйрлээс мөнхөд хамгаалдаг баталгаа билээ.

Бурхан Содомыг сүйрүүлсэн энэ явдал дээр, та нар Түүний уур хилэнгийн мөн чанарыг харж байна уу? Түүний уур хилэн дотор ямар нэг зүйл холилдсон уу? Бурханы уур хилэн хольцгүй цэвэр үү? Хүний үгийг ашиглан хэлбэл Бурханы уур хилэн жинхэнэ үү? Түүний уур хилэнгийн ард ямар нэг арга заль байдаг уу? Ямар нэгэн нууц явуулга байдаг уу? Хэлж болохгүй ямар нэгэн нууц байдаг уу? Би та нарт нухацтайгаар, баттайгаар ингэж хэлж чадна: Бурханы уур хилэнд хэн нэгнийг эргэлзэхэд хүргэх ямар ч зүйл байхгүй. Түүний уур хилэн бол цэвэр, хольцгүй уур бөгөөд өөр ямар нэг санаа, зорилго өвөрлөдөггүй. Түүний уур хилэнгийн шалтгаан нь цэвэр ариун, буруушааж, шүүмжлэхийн аргагүй байдаг. Энэ нь Түүний ариун мөн чанарын төрөлхийн илрэл, илэрхийлэл юм; энэ бол өөр ямар ч бүтээлийн эзэмшдэггүй зүйл билээ. Энэ бол Бурханы цор ганц зөвт зан чанарын нэг хэсэг бөгөөд энэ нь бас Бүтээгч болон Түүний бүтээлийн тус тусын мөн чанарын хоорондох эрс тэрс ялгаа юм.

Хүн бусдын нүдэн дээр, эсвэл тэдний нүднээс далдуур уурладаг нь хамаагүй хүн бүхэнд өөр өөр санаа, зорилго байдаг. Магадгүй тэд өөрсдийн нэр хүндийг өсгөж байгаа, эсвэл өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрсдийн алдар хүндийг хадгалж, нэр нүүрээ бодож байж болох юм. Зарим хүн уураа барихаар хичээдэг байхад зарим нь илүү түргэн зантай байдаг ба өчүүхэн төдий ч биеэ барилгүйгээр хүссэн үедээ нэн даруй уурладаг. Товчхондоо, хүний уур завхарсан зан чанараас нь үүсдэг. Үүний зорилго ямар байх нь хамаагүй, энэ нь мах цусных, уг чанарынх байдаг; энэ нь шударга ёс юм уу шударга бус байдалтай ямар ч хамаагүй, учир нь хүний уг чанар болоод мөн чанарын юу ч үнэнтэй зохицдоггүй. Тиймээс завхарсан хүмүүсийн уур уцаарыг Бурханы уур хилэнтэй харьцуулах ёсгүй. Сатаны завхруулсан хүний үйлдэл нь бүхэлдээ завхралыг хадгалж хамгаалах хүслээс эхэлдэг бөгөөд завхрал дээр үндэслэдэг; тиймээс хэдий онолын хувьд зохистой мэт санагдаж байсан ч хүний уурыг Бурханы уур хилэнтэй харьцуулж болохгүй. Бурхан уур хилэнгээ гаргах үед, муу ёрын хүчнүүд зогсож, муу ёрын зүйлс устгагддаг байхад шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэн орших боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ илгээдэг. Бурханы уур хилэнгийн зорилго нь Өөрийн байр суурь, ялгамж чанарыг хамгаалах явдал биш, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүний хэвийн амьдралын хууль, дэг журмыг хадгалах явдал юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх сурвалж билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын тун зохистой, төрөлхийн, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнгийн ард ямар ч санаа зорилго байдаггүй, хууран мэхлэлт, хуйвалдаан ч байдаггүй; үүнээс ч илүүтэйгээр Түүний уур хилэн нь завхарсан бүх хүнд байдаг хүсэл, заль мэх, хорон муу байдал, хүчирхийлэл, муу муухайг, эсвэл өөр ямар ч зүйлийг агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг илгээхээсээ өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн харсан бөгөөд тодорхой, үнэн зөв тодорхойлолт, шийдлүүдийг аль хэдийн боловсруулсан. Тиймээс Бурханы хийдэг бүх зүйлийн зорилго тов тодорхой бөгөөд Түүний хандлага ч мөн адил юм. Тэр хайнга биш; Тэр сохор биш; Тэр түргэн зантай биш; Тэр хайхрамжгүй биш; үүнээс ч илүүтэйгээр Тэр зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал бөгөөд Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүмүүс хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүмүүсийн амьдралын нөхцөл хэвийн бус байх байв; шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устгагдаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх муу хүн, зүйл, эд юм болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устгагддаг. Хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажлын дунд Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүх төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохиж, устгахын тулд Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэнгийн оршин тогтнолоос болж хүн төрөлхтний дундах хамгийн зөв шударга үйлс хэзээ ч эвдэгдээгүй.

Та нар Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаар ойлголттой болсон болохоор Сатаны ёрын мууг хэрхэн ялгах талаар илүү дээр ойлгодог болсон нь гарцаагүй!

Сатан гаднаа энэрэл журамтай мэт харагддаг ч мөн чанартаа харгис агаад ёрын муу юм

Сатан олон нийтийг мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр байнга өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгон тогтоодог. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор хүнд хор учруулж, хүний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүнээр ёрын муу үйл хэргээ зөвшөөрүүлж, хүнийг дагуулах, мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэсэн ч, хүн түүний заль мэх, хуйвалдаан болон өөдгүй шинжүүдийг мэддэг болох үед, түүгээр гишгэлүүлж, түүнд хууртахыг, эсвэл үргэлжлүүлэн түүнд боолчлогдохыг, түүнтэй хамт шийтгүүлж, устгуулахыг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, жинхэнэ ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр өөрийг нь дагахаас татгалздаг бүх хүнийг болон өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больдог; харин ч хонины арьс нөмөрсөн жинхэнэ муу муухай, чөтгөрлөг чанар нь илчлэгддэг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа илчилдэг; хүмүүсийг хорлож, залгих түүний хүсэл улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдаг; эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд хатуу өс санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалах зорилготой байдаг бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.

Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг; Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Тэдгээр нь Бурханд дайсагнадаг ба Бурханы уур хилэн тэдгээрийг устгах болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн нь ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүнийг хянах түүний зорилго талаар болж, хэзээ ч биелэхгүй болсон. Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан нь Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай үүсэж, тэлэхийг тасалдуулсан; тиймээс Сатан Бурханы уур хилэнг үзэн яддаг, бас үүнээс айдаг. Бурхан уур хилэнгээ гаргах болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, мөн Сатаны хорон муу сэдлийг илчилдэг. Үүний зэрэгцээ, хүмүүсийн эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгаан бүрмөсөн илчлэгддэг. Сатаны уур хилэн буцлах нь түүний хорон муу уг чанарын жинхэнэ илрэл, түүний явуулгын илчлэл юм. Мэдээж Сатан уурсах болгонд энэ нь муу ёрын зүйлсийн сүйрлийг зарладаг; энэ нь эерэг зүйлсийн хамгаалалт болон үргэлжлэлийг зарладаг бөгөөд Бурханы уур хилэнгийн халдаж болшгүй гэдгийг зарладаг!

Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн тулд хүн туршлага болон төсөөлөлдөө найдах ёсгүй

Чи Бурханы шүүлт, гэсгээлттэй тулгарах үедээ, Бурханы үгэнд хольц нэмэгдсэн гэж хэлэх үү? Бурханы уур хилэнгийн ард үлгэр домог байдаг ба Түүний уур хилэн хольцтой гэж чи хэлэх үү? Бурханы зан чанар бүхэлдээ зөвт байх албагүй хэмээн хэлж Түүнийг гүтгэх үү? Бурханы үйл хэрэг болгонтой харьцах үедээ чи эхлээд Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч хольц байдаггүй, энэ нь ариун агаад өө сэвгүй гэдгийг тодорхой мэдэж байх ёстой; эдгээр үйл хэрэг нь хүмүүст өгөх Бурханы цохилт, шийтгэл, сүйрлийг агуулдаг. Бурханы үйл хэрэг бүр Түүний төрөлх зан чанар болон төлөвлөгөөний дагуу нарийн чанд хийгддэг—энэ нь хүний мэдлэг, уламжлал, гүн ухааныг агуулдаггүй—Бурханы үйл хэрэг нэг бүр нь Түүний зан чанар, мөн чанарын илэрхийлэл бөгөөд завхарсан хүмүүст харьяалагддаг юутай ч холбоогүй байдаг. Хүний үзлээр бол, хүнд хандах Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал л өө сэвгүй, хольцгүй бөгөөд ариун байдаг. Гэсэн ч, Бурханы хилэгнэл болон уур хилэн мөн адил хольцгүй гэдгийг хэн ч мэддэггүй; түүнчлэн Бурхан яагаад хүний халдахыг тэвчдэггүйг, эсвэл Түүний хилэгнэл яагаад маш их байдаг тухай асуултуудыг хэн ч нягтлан авч үзээгүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг завхарсан хүний уур уцаартай андуурдаг; тэд Бурханы уур хилэнг завхарсан хүний улангассан уур гэж ойлгодог; тэд бүр Бурханы уурыг хүний завхарсан зан чанарын төрөлхийн илрэлтэй яг адил гэж андууран үздэг. Бурхан уур хилэнгээ гаргах нь дургүйцлээс үүсдэг завхарсан хүний ууртай яг адилхан гэж эндүүрэн итгэдэг; тэр ч бүү хэл, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэж эндүүрэн итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа энд байгаа та нар дор бүрнээ Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болино гэж Би найдаж байна, мөн Миний үгийг сонссоныхоо дараа Бурханы зөвт зан чанарын уур хилэнг зүрх сэтгэлдээ үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх урьдын буруу ойлголтоо хойш тавьж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу ойлголт, үзэл бодлыг өөрчилж чадна гэж Би найдаж байна. Түүнчлэн та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар нарийн зөв тодорхойлолттой болж, Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа дүгнэлт юм уу төсөөллийг тулгахгүй гэж Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы жинхэнэ мөн чанар билээ. Энэ нь нэгэн хэвд цутгасан, эсвэл хүний бичсэн зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний зөвт зан чанар бөгөөд аль ч бүтээлтэй ямар нэг харилцаа, холбоогүй. Бурхан Өөрөө бол Бурхан Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй бөгөөд бүтээгдсэн зүйлсийн дундах гишүүн болсон ч гэсэн, Түүний төрөлхийн зан чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; энэ нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, мөн хүнийг ойлгох явдал ч биш юм. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал юм уу арга барилаа Бурханыг мэдэхэд ашиглах юм бол Бурханы талаарх мэдлэгийг олж авч хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, эсвэл төсөөллөөс хамаардаггүй, иймээс чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй. Чиний туршлага болон төсөөлөл хэчнээн ч баялаг бай, тэдгээр нь мөн л хязгаарлагдмал юм; үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй ба Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд өөрийн төсөөлөлд найдах юм бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Хамтын ажиллагаанаас чинь үүдэн, үнэнээр өлсөж, цангаж байгаагаас чинь болж Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ. Үүгээр ярианыхаа энэ хэсгийг дуусгацгаая.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих