Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 126

Үр удам: Тав дахь онцгой үе

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; энэ нь ч мөн Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлогддог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.

Хэрвээ хүн өөр хүний хүүхдийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрдөг бол хүн өөр нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхийн тулд дараагийн үеийг төрүүлж өсгөдөг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр туршлагыг хүнд өгдөг бөгөөд үүнээс хүн Бүтээгчийн чухамхүү дээд эрхийг, түүнчлэн хэн ч Бүтээгчийн урьдчилан тогтоосныг даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит байдлыг мэдэж авдаг.

1. Хүний үр сад ямар болохыг хэн ч хянах боломжгүй

Төрөлт, өсөлт, гэрлэлт нь бүгд олон янзын, өөр өөр хэмжээний таагүй байдалд хүргэдэг. Зарим хүмүүс гэрийнхэндээ, эсвэл тэдний гадаад үзэмжинд сэтгэл хангалуун бус байдаг; зарим нь эцэг эхээ голдог; зарим нь өссөн орчиндоо дургүй, эсвэл зөрөлдөх шалтгаан ихтэй байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд, эдгээр бүх урам хугалсан зүйлийн дундаас гэрлэлт нь хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл юм. Хүн өөрийн төрөлт, өсөлт, эсвэл гэрлэлтдээ хэчнээн сэтгэл дундуур байхыг үл харгалзан тэдгээрийг туулсан хүн бүрийн хувьд, хүн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх болон хань ижил нь хэн байхыг сонгож чаддаггүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ хүмүүсийн хувьд дараагийн үеэ өсгөх цаг ирэхэд амьдралынхаа эхний хагаст туулсан бүх таагүй байдлуудыг нь үр хүүхэд нь нөхөж хийх болно гэж найдан өөрсдийн амьдралын эхний хагасын биелэгдээгүй бүх хүслийг үр удам нь биелүүлнэ гэж горьддог. Иймээс хүмүүс хүүхдүүдийнхээ талаар зүсэн зүйлийн зөгнөлд автдаг: охид нь гайхам үзэсгэлэнт эмэгтэй болно, хөвгүүд нь золбоолог эр хүн болно; охид нь боловсон, авьяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин болно; охид нь дөлгөөн, журамтай, ухаалаг, хөвгүүд нь ухаантай, чадварлаг, өр нимгэн байх болно. Охид нь ч бай, хөвгүүд нь ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулж байх болно гэж тэд найддаг… Энэ үед амьдралын төлөөх найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй, бусдаас ялгаран гарах өөр боломж, өөр найдвар тэдэнд байхгүй, тэд өөрсдийн хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр сад нь тэдэнд тусална; тэдний охид, хөвгүүд овгийнхоо нэрд алдар суу авчирч, том ажилтай, баян, эсвэл алдартай хүн болно гэж найдан өөрсдийнх нь бүх итгэл найдвар, биелэгдээгүй хүсэл, туйлын зорилгыг дараагийн үе нь гүйцээнэ гэж горьддог; товчхондоо, тэд хүүхдүүдийнх нь хувь тавилан өндөрт цойлж байгааг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, уран зөгнөл нь төгс байдаг; тэд хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш бөгөөд тэдний хүүхдүүдийн хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Хүмүүс өөрсдийнхөө хувь заяаны эзэд биш атлаа тэд залуу үеийнхний хувь заяаг өөрчилнө гэж найддаг; тэд өөрсдийн хувь заяанаас зугтах хүчгүй боловч охид, хөвгүүдийнхээ хувь заяаг хянах гэж оролддог. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа биш гэж үү? Энэ нь хүний мунхаглал, учир мэддэггүй байдал биш гэж үү? Хүмүүс үр садынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй боловч эцсийн эцэст, хүн хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүд нь ямар байх нь тэдний төлөвлөж, хүссэнээр болохгүй. Зарим хүмүүс сохор зоосгүй ч олон хүүхэд төрүүлдэг; зарим хүмүүс чинээлэг боловч хүүхэдгүй байдаг. Зарим нь охинтой болохыг хүсдэг ч тэр хүсэл нь бүтдэггүй; зарим нь хүү хүсдэг ч хүүтэй болж чаддаггүй. Зарим хүмүүсийн хувьд хүүхдүүд бол ерөөл байдаг; өөр бусдын хувьд тэдгээр нь хараал юм. Зарим хосууд авхаалжтай сэргэлэн ч ухаан мөхөс хүүхдүүд төрүүлдэг; зарим эцэг эхчүүд хөдөлмөрч, шударга байдаг ч өсгөсөн хүүхдүүд нь залхуу хойрго байдаг. Зарим эцэг эхчүүд сайн, шударга боловч хүүхдүүд нь зальтай, хорон санаатай байдаг. Зарим эцэг эхчүүд оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл ч согогтой хүүхэд төрүүлэх нь бий. Зарим эцэг эхчүүд энгийн, бүтэл муутай байдаг ч агуу амжилтанд хүрсэн хүүхдүүдтэй байдаг. Зарим эцэг эх доод зиндааных байдаг ч хүүхдүүд нь алдар цуутай болж дэвждэг…

2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг

Ихэнх хүмүүс гуч орчим насандаа гэрлэдэг бөгөөд амьдралын энэ үедээ хүн хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байдаг. Гэхдээ хүмүүс үр хүүхэд өсгөн хүмүүжүүлж эхлэхдээ шинэ үеийнхэн өмнөх үеийнхний амьдрал болон бүх туршлагыг давтаж байгааг хардаг бөгөөд өөрсдийнх нь өнгөрсөн амьдрал тэдэнд тусгагдаж байгааг үзэж, залуу үеийн алхаж байгаа замыг яг л тэднийх шиг төлөвлөж ч, сонгож ч болдоггүй юм байна гэдгийг үр сад нь өсөж торних зуур ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарснаар тэд хүн бүхний хувь заяаг урьдчилан тогтоосон байдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог; үүнийг нэг их ухаарахгүйгээр тэд өөрсдийн хүслийг аажмаар цааш тавьдаг бөгөөд тэдний сэтгэлийн дэврүүн хүсэл бөхөж унтардаг… Энэ хугацаанд хүн ихэнхдээ амьдралынхаа чухал үеүдийг туулан өнгөрөөж, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагыг хүлээн авсан байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээж, ямар хэтийн төлөвтэй байх вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг Ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн өөрийнхөө Цасан Цагааныг хайсаар байх юм бэ? Дунд насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж итгэсээр байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэйчүүд залуу эрчүүдтэй адил тушаал дэвших гэж улайрдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй, эсвэл эмэгтэй байхаас үл хамааран энэ насны хүмүүс гэрлэлт, гэр бүл болон хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодитой хандлагатай байх талтай байдаг. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт үлдээгүй байдаг ба хувь заяаг сорих гэж огт зүтгэдэггүй. Хүний туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ “Хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүний хүүхдүүд өөрсдийн гэсэн хувь тавилантай байдаг; хүмүүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэсэн хандлагыг аяндаа бий болгодог. Үнэнийг ойлгоогүй ихэнх хүмүүс энэ дэлхийн бүхий л таагүй явдал, бүтэлгүйтэл болон зовлон зүдгүүрийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх өөрсдийн мэдлэг ухааныг “Тэр бол хувь заяа!” гэсэн хэдхэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хүмүүний хувь заяаны тухай энэ ертөнцийн хүмүүсийн дүгнэлт болон ухаарлыг товчоор илэрхийлдэг ч, хэдий энэ нь хүн төрөлхтний арчаагүй байдлыг илэрхийлдэг ба маш гярхай, нарийн зөв хэлжээ гэж болох боловч энэ нь Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй бөгөөд энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө орлож чадахгүй.

“Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент