Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 117

Хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн чин сэтгэл

Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс үргэлж хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэдэг, учир нь Бурхан үйл хэргээ хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүн төрөлхтнөөс нууцлаагүй, мөн Өөрийгөө ч нуугаагүй. Түүний бодол, санаа, үг болон үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд нээлттэй байдаг. Тиймээс хүн төрөлхтөн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан зориуд өөрөөс нь зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө хүнээс зориуд нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох санаа зорилго Бурханд байдаггүй хэмээн хүн бодсоор байгаагийн учир шалтгаан гэвэл тэрээр Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүтэйгээр тэрээр Бүтээгчийн бодол, үг, үйл хэргийг анхаардаггүй… Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг, үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж, ойлгохын тулд өөрийн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон сэтгэлийн үгэнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг бүхэн нээлттэй, тод томруун гэдгийг ухаарахад хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч цаг үргэлж хүмүүсийн дунд байдаг, Тэрээр хүнтэй болон бүх зүйлтэй үргэлж ярилцаж байдаг, мөн өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад хэцүү биш. Түүний мөн чанар болон зан чанар хүнтэй ярих ярианд нь илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн илэрдэг; Тэрээр цаг үргэлж хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээр аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба бүх зүйлийн дунд байдаг. Би харж хандаж байгаа; Би хүлээж байгаа; Би дэргэд чинь байна… Түүний гар дулаахан агаад хүчтэй; Түүний алхаа хөнгөн; дуу хоолой нь намуухан агаад уянгалаг; Түүний бие хаа шилжин өөрчлөгдөж, хүн төрөлхтний эргэн тойронд байдаг; Түүний төрх байдал үзэсгэлэнтэй сайхан агаад эелдэг. Тэр хэзээ ч яваагүй, мөн алга болоогүй. Өдөр шөнөгүй хүн төрөлхтөнтэй хамт байж, хажуугаас нь хэзээ ч холддоггүй. Хүний төлөө Түүний зориулсан анхаарал халамж, онцгой дотно байдал, мөн хүнийг гэх Түүний жинхэнэ санаа зовнил болон хайр Ниневе хотыг аврах үед нь бага багаар илэрхийлэгдсэн. Ялангуяа Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох яриа нь Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг харуулсан. Үүнээс чи хүнийг гэх Бурханы чин сэтгэлийг гүн гүнзгий ойлгож чадна…

Иона Номын 4:10–11-д дараах зүйл тэмдэглэгдсэн: “Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?’ гэж хэлэв.” Эдгээр нь Ехова Бурханы анхны үг, мөн Ехова, Иона хоёрын хоорондох яриа юм. Энэхүү яриа товчхон байсан ч гэсэн, Бүтээгчийн хүнийг хаях хүсэлгүй байдал, хүн төрөлхтнийг гэх анхаарал халамжаар бялхаж байсан. Эдгээр үг нь бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгээр Бурхан, хүн төрөлхтнийг гэх Өөрийн жинхэнэ санаа зорилгыг өгүүлсэн байдаг. Энэ харилцан яриа нь Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлдөг—энэ нь ямар хандлага вэ? Энэ бол гэмшлийнх нь өмнө ба дараа Ниневегийн хүмүүст харуулсан Түүний хандлага юм. Бурхан хүн төрөлхтөнд ийм байдлаар ханддаг. Эдгээр үгэн дотроос хүн Бурханы бодол, санаа, мөн Түүний зан чанарыг олж болно.

Эдгээр үгэнд Бурханы харуулсан бодлууд нь юу вэ? Анхааралтай уншвал Тэр “өрөвдөх” гэсэн үгийг ашигласан гэдгийг олж мэдэхэд хэцүү биш; энэ үгийг ашигласан нь, хүн төрөлхтөнд хандах Бурханы жинхэнэ хандлагыг харуулдаг.

Үгчилсэн утгын түвшинд, хүмүүс “өрөвдөх” гэдэг үгийг өөр өөр байдлаар тайлбарладаг: нэгдүгээрт, хайрлах, хамгаалах, энэрэх; хоёрдугаарт, халуун дотноор хайрлах; эцэст нь шархлуулахыг хүсэхгүй байх ба ингэж тэвчихгүй байх. Товчхондоо, энэ нь энхрийлэл, хайр болон хаяхыг хүсэхгүй байх утга санааг агуулдаг; энэ нь хүнийг гэсэн Бурханы өршөөл, хүлээцтэй байдал гэсэн үг юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн дунд түгээмэл яригддаг үг ашигласан боловч Бурханы сэтгэлийн үг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага нь энэ үгийг хэлэх үед аль хэдийн бүрэн ил болсон байв.

Ниневе хотын бүх хүн Содомынхтой адил завхарсан, ёрын муу, хүчирхийллээр дүүрсэн байсан ч тэдний гэмшлийн улмаас Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, тэднийг устгахгүй байхаар шийдсэн юм. Бурханы үг болон зааварт хандах тэдний хандлага Содомын иргэдийнхээс шал өөр учраас, мөн тэд Бурханд үнэнчээр захирагдаж, өөрсдийнхөө нүгэлд үнэнчээр гэмшсэн учраас, түүнчлэн бүх зүйлд хандах тэдний жинхэнэ, чин сэтгэлийн улмаас Бурхан Өөрийн чин зүрхний өрөвдөх сэтгэлийг дахин нэг удаа харуулж, үүнийг тэдэнд хайрласан. Хүн төрөлхтнийг гэх Бурханы шагнал болон өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлах боломжгүй; хэн ч Бурханы өршөөл болон хүлээцтэй байдлыг эзэмшиж чадахгүй, мөн хүн төрөлхтнийг гэх чин сэтгэлийг нь ч эзэмшиж чадахгүй. Чиний агуу, эсвэл бүр супер хүн гэж үздэг хэн нэгэн өндөрт зогсоод агуу хүний хувиар ярьж, хамгийн өндөр дээд цэгээс хүн төрөлхтөнд буюу бүтээлд ингэж илтгэж чадах уу? Хүн төрөлхтний дундаас хэн, хүний оршин тогтнолын нөхцөл байдлыг гарын алга шигээ мэдэж чадах вэ? Хүн төрөлхтний оршин тогтнолын төлөөх ачаа болон хариуцлагыг хэн үүрч чадах вэ? Хэн хотын сүйрлийг тунхаглах эрхтэй вэ? Мөн хэн хотыг өршөөх эрхтэй вэ? Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрладаг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвддөг, Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг хайрлаж энхрийлдэг, Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө хаяхыг хүсэхгүй байх чин сэтгэлтэй байдаг. Мөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд өршөөл хайрлаж, Өөрийн бүх бүтээлийг хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүн төрөлхтний үйлдэл бүрд татагдаж байдаг: Тэрээр хүн төрөлхтний ёрын муу, завхралд уурлаж, зовж, шаналж байдаг; хүн төрөлхтний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, өөрчлөгдөж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох, Түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл хүн төрөлхтний оршин тогтнолтой нягт холбоотой байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; мөн хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг… Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй атлаа Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж ирсэн… Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгсөн… Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Хүн төрөлхтнийг Өөрийн нүдний өмнө болон амийн хангалт дор үргэлжлүүлэн амьдруулах гэсэндээ л Тэр үүнийг хийдэг; хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг, бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрөг гэсэндээ л Тэр үүнийг хийдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент