Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 51

Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй

Дараахыг уншицгаая: “Тэгээд Сатан Еховагийн дэргэдээс явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн оройг нь хүртэл яр хатиганд бариулж зовоов. Тэр өөрийгөө хусах ваарны хэлтэрхий авч, үнсэн дунд суув” (Иов 2:7–8). Энэ бол хөндүүр хатиг түүний биеэр нэг тархаж байх үед Иовын гаргасан зангийн дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурман дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг намдаах гэж хэн ч түүнд туслаагүй; харин тэр яр хатигныхаа гадрыг хусахдаа ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөц үзэхэд, энэ нь Иовын зовлонгийн нэг л үе шат төдий байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн ааш зан, үзэл бодлыг харуулах ямар ч үг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон зан төлөв нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ эшлэл энэхүү дорнын хамгийн агуу хүн нь үнс нурман дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авах болсныг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа алга байна гэж үү? Энэ нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулдаг ялгаа юм: Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр хэзээ ч тэдгээрийг хайрлаж, нэг их анхаарч байгаагүй; бусад хүмүүс түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тэр тоогоогүй, мөн түүний үйлдэл, эсвэл зан төлөв нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч тэр санаа зовоогүй; тэр байр суурийн баялагт автаагүй, мөн байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууд дуртай байгаагүй. Тэр зөвхөн Ехова Бурханы үзлээр амьдрахын үнэ цэнэ болон утга учраа л анхаардаг байсан. Иовын үнэн байдал нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй ба алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэр үнэн, цэвэр ариун, хуурамч зангүй байсан юм.

Иов хайр, үзэн ядалтаас хагацсан нь

Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ сольсон энэ үгнээс харагддаг: Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:9–10) гэв. Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад түүнийг зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин оронд нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушааж хандсан. Энэ нь хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний чигч хүн чанарын жинхэнэ дүр төрх байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжийг эзэмшсэн хүн байсан—энэ нь түүнийг хорон муугийн эргүүлэг, давалгааг үзэн ядаж, утга учиргүй тэрс үзэл, хөгийн маргаан болон этгээд баталгааг жигшин, зүхэж, хаяхад хүргэсэн ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үед өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгосон.

Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл

Нэгэнт бид Иовын зан төлвөөс түүний хүн чанарын өөр өөр талын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрийг хараахаар амаа нээхэд нь Иовын хүн чанараас бид юу хардаг вэ? Энэ бол бидний доор хуваалцах сэдэв юм.

Иов өөрийн төрсөн өдрийг хараасан шалтгааны талаар Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хтуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бола, хэрвээ тэр хүйтэн хөндий, хэнэггүй ба хүн чанаргүй байсан бол Бурханы зүрх сэтгэлийн хүслийг анхаарч чадах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан болохоороо өөрийн төрсөн өдрийг жигшиж чадах байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол Бурханыг шаналахад нь зовох байсан гэж үү? Бурхан түүнээс болж зовж шаналсан учраас тэр өөрийн төрсөн өдрийг хараах байсан гэж үү? Хариулт бол Огтхон ч үгүй! Иов зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрснээр илүү их зовлон шаналал амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гадны хүмүүст бол шалгалтуудын үеэр Иовын гаргасан зан төлөв бүхэлдээ үлгэр жишээч байсан. Зөвхөн өөрийн төрсөн өдрийг хараасан нь түүний төгс, шулуун шударга байдалд асуултын тэмдэг тавьж, эсвэл өөр үнэлгээ өгдөг юм. Үнэндээ, энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байсан юм. Түүний хүн чанар нуугдаж, эсвэл баглагдаагүй, эсвэл өөр хүн засварлаагүй. Өөрийн төрсөн өдрийг хараах үедээ тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өр нимгэн, чин сэтгэлийг ил харуулсан; тэр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.

Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр ихэнх хүмүүс Иовын хүн чанарын гол агуулгын талаар нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох нь гарцаагүй. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын төгс, шулуун шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү дэвшилтэт ойлголт, үнэлэлттэй болсон байх ёстой. Энэхүү ойлголт болон үнэлэлт нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент