Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ

IV хэсэг

Бурханы хандлагыг ойлгох болон Бурханы талаарх бүх буруу үзлийг орхих

Та нарын одоо итгэж байгаа энэ Бурхан нь ямар төрлийн Бурхан болохыг та нар хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Муу хүн муу зүйл хийж буйг хараад Тэр дургүйцэх үү? (Тэр дургүйцнэ.) Тэр мэдлэггүй хүмүүсийн алдааг харах үедээ Түүний хандлага ямар байдаг вэ? (Гунигтай.) Түүний тахилыг хүмүүс хулгайлж байхыг Тэр харах үедээ Түүний хандлага ямар байдаг вэ? (Тэр тэдэнд дургүйцнэ.) Энэ нь бүгд маш ойлгомжтой, тийм үү? Хэн нэгэн хүн Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй байж, үнэний хойноос огт эрж хайхгүй байхыг харах үедээ Бурханы хандлага ямар байдаг вэ? Энэ талаар та нар бүрэн итгэлтэй биш байна, тийм үү? Хайхрамжгүй байдал бол нүгэл биш хандлага бөгөөд энэ нь Бурханыг гомдоохгүй. Үүнийг алдаа эндэл гэж тооцох ёсгүй гэж хүмүүс итгэдэг. Тэгвэл чи Бурханы хандлагыг юу гэж бодож байна вэ? (Тэр үүнд хариу үзүүлэх хүсэлгүй байна.) Хариу үзүүлэх хүсэлгүй байх—энэ ямар хандлага вэ? Энэ нь Бурхан эдгээр хүмүүсийг дорд үзэж, эдгээр хүмүүсийг үл тоомсорлоно! Тэдэнд хүйтэн хөндий хандсанаар Бурхан эдгээр хүмүүстэй харьцана. Түүний арга зам нь, гэгээрэл, гэрэлтүүлэг, цээрлүүлэлт эсвэл сахилга бат зэрэг ямар ч ажлыг тэдэн дээр хийлгүйгээр тэднийг үл ойшоох юм. Ийм төрлийн хүн ердөө Бурханы ажлын тооцоонд ордоггүй. Түүний зан чанарыг хилэгнүүлж, Түүний засаг захиргааг доромжилдог хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Туйлын их жигшил зэвүүцэл! Түүний зан чанарыг хилэгнүүлсэндээ гэмшдэггүй хүмүүст Бурхан туйлын их хилэгнэдэг. “Хилэгнэсэн” гэдэг нь зөвхөн мэдрэмж; сэтгэлийн байдал; энэ нь тодорхой хандлагыг төлөөлж чадахгүй. Гэхдээ энэ мэдрэмж, энэ сэтгэлийн байдал нь энэ хүний үр дүнг тодорхойлно: Энэ нь Бурханыг туйлын их жигшил зэвүүцлээр дүүргэх болно! Энэ их жигшил зэвүүцлийн үр дагавар юу вэ? Энэ нь, Бурхан энэ хүнийг үл тоомсорлон, тухайн нөхцөлд тэдэнд хариу үзүүлэхгүй байх юм. Тэр тэднийг залхаан цээрлүүлэлтийн явцад ангилагдахыг нь хүлээх болно. Энэ нь ямар утгатай вэ? Энэ хүнд үр дүн байсаар байх уу? Бурхан энэ төрлийн хүнд хэзээ ч үр дүн өгөхийг зорьдоггүй! Иймээс Бурхан энэ төрлийн хүнд одоогоор хариу үзүүлэхгүй байгаа нь хэвийн хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ төрлийн хүн одоо хэрхэн бэлтгэх ёстой вэ? Тэд өөрсдийн зан байдал болон өөрсдийн үйлдсэн муу үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг үүрэхдээ бэлтгэх ёстой. Энэ нь, энэ төрлийн хүмүүст барьж буй Бурханы хариу юм. Иймээс Би одоо энэ төрлийн хүнд: Төөрөгдөлтэйгээ цаашид битгий зууралд мөн хоосон мөрөөдөлд цаашид бүү авт хэмээн тодорхой хэлж байна. Бурхан хүмүүст үргэлжид хүлээцтэй хандахгүй; Тэр тэдний гэм буруу, дуулгаваргүй байдлыг үргэлжид тэсвэрлэхгүй. Зарим хүмүүс хэлэхдээ: “Би иймэрхүү цөөн хэдэн хүмүүсийг харсан. Залбирах үедээ тэд ялангуяа Бурханы улмаас сэтгэл нь хөдөлж, гашуунаар уйлдаг. Мөн тэд ихэвлэн маш аз жаргалтай байдаг; тэдэнд Бурхан хамт байх, Бурханы удирдамж байгаа мэт харагддаг” гэдэг. Тийм утгагүй зүйл бүү ярь! Гашуунаар уйлж байгаа гэдэг нь заавал Бурханы улмаас сэтгэл нь хөдөлсөн эсвэл Бурханы удирдамжтай байх нь байтугай Бурхан түүнтэй хамт байгаа гэсэн үг биш. Хэрвээ хүмүүс Бурханыг уурлуулбал Бурхан тэднийг удирдан чиглүүлсээр байх уу? Ерөнхийдөө, Бурхан хэн нэгнийг таягдаж, тэднийг орхихоор шийдсэн бол тэр хүнд аль хэдийн үр дүн байхгүй болдог. Залбирах үедээ тэд өөртөө хичнээн сэтгэл хангалуун байх нь, өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханд хичнээн их итгэдэг байх нь хамаагүй; энэ нь нэгэнт чухал биш болсон байдаг. Чухал зүйл бол, Бурханд ийм итгэл хэрэггүй бөгөөд Бурхан энэ хүнийг аль хэдийн цааш түлхсэн байдаг. Дараа нь тэдэнтэй хэрхэн харьцах вэ гэдэг нь ч мөн чухал биш. Юу чухал вэ гэвэл, энэ хүн Бурханыг уурлуулах мөчид, тэр хүний үр дүн хэдийнээ тодорхойлогддог. Хэрэв Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй гэж шийдсэн бол тэд шийтгэгдэхээр үлддэг. Энэ бол Бурханы хандлага юм.

Хэдийгээр Бурханы мөн чанарын нэг хэсэг нь хайр бөгөөд Тэр хүн бүхэнд өршөөл үзүүлдэг боловч Түүний мөн чанар нь мөн тархан чанар гэдгийг хүмүүс орхигдуулж, мартдаг. Түүнд хайр байгаа гэдэг нь хүмүүс Түүнийг дураараа гомдоож болдог, Түүнд ямар ч мэдрэмж эсвэл ямар нэг хариу үйлдэл байхгүй гэсэн үг биш юм. Түүнд өршөөл бий гэдэг нь Түүний хувьд хүмүүст хэрхэн хандах талаар ямар ч зарчим байхгүй гэсэн үг биш билээ. Бурхан бол амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй эсвэл өөр ямар нэг зүйл биш. Тэр оршдог болохоор, бид үргэлж Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний хандлагад анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгох ёстой. Бурханыг тодорхойлохын тулд бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй бөгөөд бид хүмүүсийн бодол, хүслийг Бурханд тулгаж, хүн төрөлхтөнд хандахдаа хүний хэв маяг, үзэл бодлыг ашиглахад Түүнийг хүргэх ёсгүй. Хэрвээ чи тэгвэл, чи Бурханыг уурлуулж, чи Бурханы хилэнг хөдөлгөж, чи Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс, энэ асуудал хир хүнд болохыг ойлгосныхоо дараа энд байгаа хүн нэг бүр өөрсдийн үйлдэлдээ анхаарал болгоомжтой байхыг Би шаардаж байна. Хэлж ярьж байгаадаа ч мөн анхаарал болгоомжтой бай. Бурханд хэрхэн хандаж байгаагийн чинь тухайд бол, чи хэдийчинээ анхаарал болгоомжтой байна, төдийчинээ сайн! Бурханы хандлага юу болохыг чи ойлгохгүй байх үедээ, хайхрамжгүй бүү ярь, өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй бүү бай, мөн хайхрамжгүйгээр бүү муу нэр өг. Үүнээс илүүгээр, дур зоргоороо бүү дүгнэлтэнд хүр. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; энэ нь мөн Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Хэрвээ чи юун түрүүнд энэ зүйлийг биелүүлж, юун түрүүнд энэ хандлагыг эзэмшиж чадвал Бурхан чиний тэнэглэлийн төлөө, чиний мэдлэггүй байдлын төлөө болон чиний бодлогогүй байдлын чинь төлөө чамайг буруушаахгүй. Үүний оронд, Бурханыг гомдоохоос айх өөрийн айдас, Бурханы цаад санааг хүндлэх чиний хүндлэл, Түүнд дуулгавартай байхад бэлэн чиний хандлагын улмаас Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж эсвэл чиний боловсроогүй байдал болон мэдлэггүй байдлыг тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах чиний хандлага хүндлэлгүй байж—дур зоргоороо Бурханыг шүүж, дур зоргоороо Бурханы санаа бодлыг таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамд ял шийтгэл, сахилга бат бүр гэсгээлт ч оногдуулах болно; эсвэл Тэр чамд тушаал өгөх болно. Магадгүй энэ тушаалд чиний үр дүн багтаж ч байж болно. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэж, Бурханаас ирж байгаа бүх зүйлд анхаарал, болгоомжтой байхыг энд байгаа бүх хүнд мэдэгдэхийг хүсэж байна. Хайхрамжгүй бүү ярь мөн өөрсдийн үйлдэлдээ бүү хайхрамжгүй бай. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө бодох ёстой: Үүнийг хийх нь Бурханыг уурлуулах уу? Ингэж хийх нь Бурханаас эмээж байгаа хэрэг үү? Энгийн асуудлуудын хувьд ч, чи эдгээр асуултуудыг үнэхээр ойлгохоор оролдож, тэдгээрийг үнэхээр бодож үзэх ёстой. Хэрвээ чи хаа явсан газраа, бүх зүйл дээр, цаг ямагт, ялангуяа өөрийнхөө ойлгодоггүй асуудлуудын хувьд эдгээр зарчмуудын дагуу үнэхээр хэрэгжүүлбэл, Бурхан чамайг үргэлж удирдан чиглүүлэх бөгөөд чамд дагах замыг чинь үргэлж өгөх болно. Хүмүүс юу харуулж байх нь хамаагүй, Бурхан энэ бүгдийг тодорхой, ив ил хардаг бөгөөд Тэр эдгээр үзүүлж буй байдлын талаарх нарийн зөв, тохиромжтой үнэлгээгээр чамайг хангах болно. Чи сүүлийн шалгалтыг туулсны дараа, Бурхан чиний үр дүнг тодорхойлохын тулд чиний бүх зан байдлыг бүрэн нэгтгэж дүгнэдэг. Энэ үр дүн нь бүх хүнийг ямар ч эргэлзээгүйгээр итгүүлдэг. Би та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл, та нарын үйл хэрэг болгон, та нарын үйлдэл болгон, та нарын бодол болгон та нарын хувь заяаг шийддэг.

Хэн хүний үр дүнг тодорхойлдог вэ

Хамгийн чухал бас нэг зүйл байдаг бөгөөд тэр нь Бурханд хандах та нарын хандлага юм. Энэ хандлага бол маш чухал! Энэ нь, та нарыг эцсийн эцэст сүйрэл рүү явах уу эсвэл Бурханы та нарт зориулж бэлтгэсэн сайхан хүрэх газар руу явах уу гэдгийг тодорхойлдог. Хаанчлалын Эрин Үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ 20 жилийн хугацаанд та нарын зүрх сэтгэл өөрийнхөө гүйцэтгэлийн талаар тийм ч итгэлтэй бус байсан байх. Гэсэн хэдий ч Бурхан зүрх сэтгэлдээ хүн нэг бүрийн талаар бодит, үнэн бүртгэл хийсэн. Хүн бүхэн Түүнийг дагаж, Түүний номлолыг сонсож, илүү их үнэнийг ойлгож эхэлсэн үеэс эхлээд өөрсдийн үүргээ биелүүлэх хүртэл—энэ бүх илэрхийлэл болгоны бүртгэл Бурханд бий. Хэн нэгэн үүргээ гүйцэтгэж байхдаа, тэд бүх төрлийн нөхцөл байдлууд, бүх төрлийн сорилтуудтай тулгарч байх үедээ тэр хүний хандлага ямар байдаг вэ? Тэд хэрхэн гүйцэтгэдэг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хэрхэн мэдэрдэг вэ? … Бурханд энэ бүгдийн мэдээлэл, энэ бүхний бүртгэл бүгд бий. Магадгүй та нарын бодлоор эдгээр асуудлууд ярвигтай байж болно. Гэсэн ч, Бурханыхаар бол тэдгээр нь бүгд тов тодорхой бөгөөд хайнга байдлын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Энэ бол хүн нэг бүрийн үр дүн, тэдний хувь заяа болон ирээдүйн төлвийг ч мөн хамарсан асуудал юм. Үүнээс ч илүүгээр, энд Бурхан уйгагүй хичээл зүтгэлээ зориулдаг. Иймд, Бурхан үүнийг өчүүхэн төдий ч үл ойшоож зүрхлэхгүй бөгөөд ямар нэгэн хайнга байдлыг тэвчихгүй. Бурхан хүн төрөлхтний энэ дансыг бүртгэж, Бурханыг дагасан хүний замналыг эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг нь бүртгэдэг. Энэ үед Бурханд хандах чиний хандлага чиний хувь заяаг тодорхойлно. Энэ үнэн биш гэж үү? Одоог хүртэл, Бурхан бол зөвт гэж та нар итгэдэг үү? Бурханы үйлдлүүд зүй зохистой юу? Та нарын толгойд Бурханы талаарх ямар нэгэн өөр зураглал байна уу? (Үгүй.) Тэгвэл хүний үр дүнг Бурхан тогтоодог уу эсвэл хүн өөрөө тогтоодог гэж та нар хэлэх үү? (Үүнийг Бурхан тогтооно.) Хэн үүнийг тогтоодог вэ? (Бурхан.) Та нар тийм ч итгэлтэй бус байна, тийм үү? Хонг Конгийн сүмийн ах эгч нар аа хэлээч—хэн үүнийг тогтоодог вэ? (Хүн өөрөө үүнийг тогтоодог.) Хүн өөрөө тогтоодог оо? Тэгвэл энэ нь Бурхан үүнд огт хамаагүй гэсэн үг үү? Солонгосын сүмээс хэн үгээ хэлмээр байна? (Тэдний бүх үйлдэл, үйл хэрэг дээр үндэслэж мөн тэдний явсан зам дээр үндэслэж Бурхан хүний үр дүнг тодорхойлдог.) Энэ бол маш бодитой хариулт. Та бүхэнд мэдэгдэх ёстой нэг баримт байна: Бурханы авралын ажлын явцад, Тэр хүнд зориулж стандарт тогтоосон. Энэ стандарт нь, хүн Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы замаар алхах явдал билээ. Энэ нь, хүний үр дүнг цэгнэхэд ашиглагддаг стандарт юм. Хэрвээ чи Бурханы энэ стандартын дагуу хэрэгжүүлбэл, чи сайн үр дүнд хүрч чадна; хэрвээ чи тэгж чадахгүй бол чи сайн үр дүнд хүрч чадахгүй. Тэгвэл энэ үр дүнг хэн тогтоодог гэж чи хэлэх вэ? Үүнийг Бурхан ганцаараа тогтоодог биш харин Бурхан, хүн хоёр хамтдаа тогтоодог. Энэ зөв үү? (Тийм.) Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурхан хүн төрөлхтний авралын ажилдаа идэвхтэйгээр оролцохыг мөн хүнд зориулж үзэсгэлэнт хүрэх газрыг бэлдэхийг хүсдэг; хүн бол Бурханы ажлын бай бөгөөд энэ үр дүн, энэхүү хүрэх газар нь Бурхан хүнд бэлдэж өгдөг зүйл юм. Хэрвээ Түүний ажилд ямар ч бай байхгүй байсан бол, Бурхан энэ ажлыг хийх хэрэггүй байх байсан; хэрвээ Бурхан энэ ажлыг хийгээгүй бол хүн аврагдах боломжгүй байх байсан. Хүн бол авралын бай бөгөөд хэдийгээр хүн энэ үйл явцын идэвхгүй тал боловч, түүний энэ талын хандлага нь, хүн төрөлхтөнийг аврах ажилдаа Бурхан амжилттай байх уу үгүй юу гэдгийг тодорхойлдог. Хэрвээ Бурханы чамд өгдөг удирдамж байхгүй байсан бол чи Түүний стандартыг мэдэхгүй байх байсан ба чамд ямар ч зорилго байхгүй байх байсан. Хэрвээ чамд энэ стандарт, энэ зорилго байсан ч, чи хамтран ажиллахгүй, чи үүнийг хэрэгжүүлэхгүй, чи төлөөс төлөхгүй бол чи мөн л энэ үр дүнд хүрч чадахгүй. Ийм учраас энэ үр дүнг Бурханаас салгаж болохгүй ба үүнийг хүнээс салгаж болохгүй гэж бид хэлдэг. Одоо та нар хүний үр дүнг хэн тогтоодгийг мэдэж авлаа.

Хүмүүс туршлага дээрээ тулгуурлан Бурханыг тодорхойлох хандлагатай байдаг

Бурханыг мэдэх гэсэн сэдвийг ярилцаж байх үед та нар ямар нэг зүйлийг анзаарсан уу? Бурханы одоогийн хандлагад өөрчлөлт орсныг та нар анзаарсан уу? Хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага хувиршгүй юу? Бурхан үргэлж ингэж тэвчиж, Өөрийн бүх хайр өршөөлийг хүнд хязгааргүйгээр хүртээх үү? Энэ асуудал нь мөн Бурханы мөн чанарыг хамардаг. Өмнөх үрэлгэн хүү гэж нэрлэгддэг асуулт руугаа буцаж очицгооё. Энэ асуултыг асуусны дараа, та нарын хариултууд тийм ч тодорхой байгаагүй. Өөрөөр хэлбэл, та нар Бурханы цаад санааг тийм ч сайн ойлгоогүй байна. Бурхан хүн төрөлхтнийг хайрладгийг мэдмэгцээ тэд Бурханыг хайрын бэлгэ тэмдэг гэж тодорхойлдог: Хүмүүс юу хийх нь хамаагүй, тэд хэрхэн авирлах нь хамаагүй, тэд Бурханд хэрхэн хандах нь хамаагүй, тэд хичнээн дуулгаваргүй нь хамаагүй, Бурханд хайр байдаг учраас мөн Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй учраас эдгээрийн аль нь ч хамаагүй. Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст хүлээцтэй хандаж чаддаг; Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст өршөөлтэй хандаж, тэдний боловсорч гүйцээгүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний мэдлэггүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний дуулгаваргүй байдалд өршөөлтэй хандаж чаддаг. Энэ нь үнэхээр ийм байдаг уу? Зарим хүмүүсийн хувьд, тэд Бурханы тэвчээрийг нэг удаа эсвэл хэдэн удаа мэдэрснийхээ дараа өөрсдийн Бурханы талаарх ойлголт дахь хөрөнгө мэт үүнд ханддаг бөгөөд Бурхан нэг удаа мөн үүрд тэдэнд хүлээцтэй хандаж, тэдэнд өршөөлтэй хандах болно гэж итгэдэг ба амьдралынхаа явцад тэд Бурханы тэвчээрийг хүлээн авч үүнийг Бурхан хэрхэн тэдэнд ханддагийн стандарт гэж үзэх болно. Бурханы тэвчээрийг нэгэнтээ мэдэрснийхээ дараа Бурханыг үүрд тэвчээр хэмээн тодорхойлж, энэ тэвчээр нь хязгааргүй, нөхцөлгүй бөгөөд үндсэндээ зарчимгүй гэж тодорхойлдог. Эдгээр итгэл нь зөв үү? Бурханы мөн чанар эсвэл Бурханы зан чанарын тухай асуудлыг хэлэлцэх бүрд та нар цөхөрсөн мэт харагддаг. Та нарын ийм байгааг харах нь Намайг бага зэрэг ууртай болгодог. Та нар Бурханы мөн чанартай холбоотой олон үнэнийг сонссон; та нар мөн Бурханы зан чанартай холбоотой олон сэдвийг сонссон. Гэсэн хэдий ч, та нарын сэтгэлд эдгээр асуудал болон эдгээр талуудын үнэн нь зүгээр л онол болон бичигдсэн үгс дээр үндэслэсэн дурсамжууд юм. Та нарын хэн нь ч, Бурханы зан чанар яг юу болохыг өөрсдийн амьдралдаа хэзээ ч мэдэрч чадахгүй мөн Бурханы зан чанар яг юу болохыг та нар харж чадахгүй. Тиймээс, та нар өөрсдийн итгэл үнэмшилдээ мунгинаж, Бурханд хандах хүндэтгэлгүй хандлагатай болж, Түүнийг үл тоох хүртлээ та нар бүгд сохроор итгэдэг. Та нар Бурханд хандах ийм хандлагатай байх нь юунд хүргэх вэ? Энэ нь та нарыг үргэлж Бурханы талаар дүгнэлт гаргахад хүргэдэг. Та нар өчүүхэн төдий мэдлэг олж авангуутаа маш их сэтгэл хангалуун болж, Бурханыг бүхэлд нь олж авсан мэт та нарт санагддаг. Дараа нь та нар Бурхан ийм л байдаг гэж дүгнэх бөгөөд Түүнийг чөлөөтэй хөдөлгөдөггүй. Тэгээд Бурхан ямар нэг шинэ зүйлийг хийх болгонд та нар Тэр бол Бурхан гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг л өдөр, Бурхан: “Би хүнийг дахиж хайрлахгүй; Би цаашид хүнд өршөөл үзүүлэхгүй; Надад цаашид хүнийг гэх ямар ч тэсвэр, тэвчээр байхгүй; Би хүний эсрэг туйлын жигшил зэвүүцэл, дургүйцлээр дүүрэн байна” гэж хэлэх үед хүмүүс ийм төрлийн мэдэгдэлтэй зүрх сэтгэлийнхээ гүнээс зөрөлдөх болно. Тэдний зарим нь бүр: “Та миний Бурхан байхаа больсон; Та миний дагахыг хүссэн Бурхан байхаа хэдийнээ больсон. Хэрвээ та ингэж хэлж байгаа бол, Та цаашид миний Бурхан байх эрхгүй бөгөөд би Таныг цаашид дагах хэрэггүй. Хэрвээ Та надад өршөөл үзүүлэхгүй, намайг хайрлахгүй, надад хүлээцтэй хандахгүй бол би Таныг цаашид дагахгүй. Хэрвээ Та намайг хязгааргүйгээр тэвчиж, надад үргэлж хүлээцтэй хандаж, Та бол хайр, Та бол тэвчээр, Та бол тэсвэр гэдгээ надад харуулах юм бол би Таныг дагаж чадна, зөвхөн тэр үед л би эцсээ хүртэл дагах итгэлтэй болох болно. Нэгэнт би Таны тэвчээр болон өршөөлийг хүртсэнээс хойш, миний дуулгаваргүй байдал болон гэм нүглийг үүрд өршөөгдөж, үүрд уучлагдаж байх ба би хэзээ ч, хаана ч нүгэл үйлдэж, хэзээ ч, хаана ч улайж өршөөгдөж мөн Таныг хэзээ ч хаана ч уурлуулж болно. Танд миний талаар өөрийн гэсэн санаа бодол эсвэл дүгнэлт байх ёсгүй” гэж хэлэх нь ч бий. Хэдийгээр чи ийм асуултын талаар тийм субьектив болон ухамсарт байдлаар бодохгүй ч гэсэн, Бурханыг чи өөрийн гэм нүглийг уучлуулах хэрэгсэл, сайхан хүрэх газрыг олж авахад ашиглагдах обьект мэтээр үзэх тоолондоо чи өөрийн мэдэлгүйгээр амьд Бурханыг аль хэдийн өөрсдийн эсрэг, өөрсдийн дайсан болгон тавьсан байдаг. Энэ бол Миний хардаг зүйл. Чи магадгүй, “би Бурханд итгэдэг”; “би үнэнийг эрж хайдаг”; “би өөрийн зан чанараа өөрчлөхийг хүсдэг”; “би харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсдэг”; “би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг”; “би Бурханд дуулгавартай байхыг хүсдэг”; “би Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг” гэх мэт зүйлсийг хэлсээр байна байх. Гэвч, чиний хэлж буй зүйлс хэдий сайхан сонсогдовч, чи хэдий их онол мэддэг ч, тэр онол хэдий сүржин, хэдий эрхэм дээд байсан ч, бодит байдал дээр та нарын ихэнх нь одоо журам дүрэм, сургаал номлол болоод Бурханы талаар дүгнэлт хийхийн тулд өөрсдийн эзэмшсэн онолыг хэрхэн ашиглахаа аль хэдийн сурсан бөгөөд Түүнийг хар аяндаа л өөрсдийн эсрэг тавьдаг. Хэдий чи бичиг үсэг, онолыг эзэмшсэн ч, чи үнэний бодитойд хэзээ ч үнэхээр ороогүй, иймээс чиний хувьд Бурхантай ойр болох, Бурханыг мэдэх, Бурханыг ойлгох нь маш хэцүү байдаг. Энэ бол өрөвдөлтэй!

Би энэ үзэгдлийг бичлэг дээрээс үзсэн: Хэдэн эгч нар Үг нь Махбодоор Илэрсэн номыг барьж байсан ба тэд үүнийг маш өндөрт өргөн барьж байсан. Тэд энэ номыг өөрсдийнхөө дунд, өөрсдийн толгойноосоо ч өндөрт барьж байсан. Хэдийгээр энэ нь зүгээр дүрс боловч Миний дотор төрүүлсэн зүйл нь дүрс биш байсан юм. Харин, хүн бүрийн зүрх сэтгэлдээ өндөрт тээдэг зүйл нь Бурханы үг биш, харин Бурханы үгийн ном юм гэж Намайг бодоход энэ нь хүргэсэн. Энэ бол маш их дарамттай асуудал юм. Ийм байдлаар хэрэгжүүлэх нь гагцхүү Бурханыг өндөрт өргөж байгаа хэрэг биш юм. Үүний учир нь та нар Бурханыг ойлгодоггүй, тэгснээр ойлгомжтой асуулт, өчүүхэн жижиг асуулт ч та нарыг өөрийн үзлийг бий болгоход хүргэдэг. Би та нараас юм асуухад, Би та нартай ноцтой байх үед та нар өөрсдийн таамаг төсөөллөөрөө хариулдаг; та нарын зарим нь бүр эргэлзээтэй өнгөөр эргүүлэн асуулт асуудаг. Энэ нь та нарын итгэдэг Бурхан чинь жинхэнэ Бурхан биш гэдгийг Надад улам тодорхой баталж өгдөг. Бурханы үгийг маш олон жилийн турш уншсаныхаа дараа, дахин нэг удаа Бурханы талаарх дүгнэлт гаргахын тулд та нар Бурханы үгийг ашиглаж, Бурханы ажил болон илүү их сургаал номлолыг ашигладаг. Цаашлаад та нар хэзээ ч Бурханыг ойлгохоор оролддоггүй; Бурханы цаад санааг олж мэдэхээр та нар хэзээ ч оролддоггүй; хүнд хандах Бурханы хандлага юу болохыг ойлгохоор та нар оролддоггүй; эсвэл Бурхан хэрхэн боддогийг, Тэр яагаад уйтгарладагийг, Тэр яагаад уурладгийг, Тэр яагаад хүмүүсийг цааш түлхдэгийг болон бусад тиймэрхүү асуултуудыг ойлгохоор оролддоггүй. Үүнээс ч илүүтэйгээр, Бурхан зүгээр л хүн төрөлхтний үйлдлийг харж байдаг учраас, тэдэнд хандах ямар ч хандлага Түүнд байхгүй мөн Түүнд Өөрийн гэсэн санаа бодол байхгүй учраас л Бурхан үргэлж дуугүй байсаар байгаа гэж бүр ч олон хүмүүс итгэдэг. Өөр бүлэг хүмүүс үүнийг бүр илүү цаашлуулдаг. Эдгээр хүмүүс, Бурхан үг дуугүй хүлээн зөвшөөрдөг учраас Тэр дуугардаггүй, Тэр хүлээж байгаа учраас Бурхан дуугардаггүй, Түүнд ямар ч хандлага байхгүй учраас, мөн Бурханы хандлага номонд аль хэдийн бүрэн боловсруулагдаж, бүхэлдээ хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн бөгөөд хүмүүст дахин дахин давтан хэлэх хэрэггүй учраас Бурхан дуугардаггүй гэж итгэдэг. Бурхан хэдийгээр дуугүй байгаа боловч, Түүнд одоо ч гэсэн хандлага байдаг, үзэл бодол байдаг бөгөөд Түүнд хүмүүсээс шаарддаг стандарт байдаг. Хэдий хүмүүс Түүнийг ойлгохоор оролддоггүй ч, мөн Түүнийг эрж хайхаар оролддоггүй ч, Түүний хандлага нь маш тодорхой юм. Бурханыг нэгэнтээ хүсэл тэмүүлэлтэйгээр дагаж байсан боловч тодорхой мөчид Түүнийг орхиод явсан хүнийг бодоод үз. Энэ хүн одоо буцаж ирэхийг хүсвэл, гайхалтай нь та нар Бурханы үзэл бодол ямар байхыг мөн Бурханы хандлага ямар байхыг мэдэхгүй. Энэ нь өрөвдөлтэй биш гэж үү? Үнэндээ энэ нь харьцангуй өнгөцхөн асуудал юм. Хэрвээ та нар Бурханы зүрх сэтгэлийг үнэхээр ойлгож байгаа бол, ийм төрлийн хүнд хандах Түүний хандлагыг та нар мэдэх бөгөөд та нар хоёрдмол утгатай хариулт өгөхгүй байх байсан. Нэгэнт та мэдэхгүйгээс хойш Намайг та нарт хэлж өгөхийг зөвшөөрнө үү.

Түүний ажлын явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага

Чи ​энэ төрлийн хүмүүсийг хаа сайгүй олох болно: Тэд Бурханы замын талаар лавтай мэддэг болсныхоо дараа, өөрсдийн хүссэн бүхнээ хийхийн тулд янз бүрийн шалтгаанаар, салах ёсгүйгээр чимээгүйхэн явдаг. Тэр үед, яагаад энэ хүн явсныг бид мэдэж чадахгүй. Эхлээд бид энэ хүнд хандах Бурханы хандлага ямар байхыг харцгаая. Энэ нь маш тодорхой! Бурханы нүдээр бол, энэ хүн явсан тэр мөчөөс тэдний итгэлийн үргэлжлэх хугацаа дууссан. Үүнийг тэр хүн биш харин Бурхан дуусгаж байгаа. Энэ хүн Бурханыг орхисон гэдэг нь тэд Бурханыг хэдийнээ голсон, тэд Бурханыг аль хэдийн хүсэхээ больсон гэсэн үг юм. Энэ нь тэд Бурханы авралыг аль хэдийн хүлээн аваагүй гэсэн үг юм. Энэ хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан ч гэсэн тэднийг хүснэ гэж үү? Цаашлаад, энэ хүн ийм хандлагатай, ийм үзэл бодолтой байж, Бурханыг орхиж явахаар шийдсэн үедээ тэд аль хэдийн Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй ч, хэдийгээр тэд ямар нэг өөдгүй эсвэл даварсан зан байдал гаргаагүй ч, мөн хэдийгээр энэ хүн ингэж бодож байсан ч: Хэрвээ гадна талдаа л зугаатай байгаа мэт өдөр надад ирэх юм бол эсвэл надад Бурханаас ямар нэг зүйл хэрэгтэй болох үед би эргэж ирэх болно. Эсвэл хэрвээ Бурхан намайг дуудах юм бол би эргэж ирнэ. Эсвэл тэд: Би гадаад ертөнцөд шархлах үедээ, гадаад ертөнц хэтэрхий харанхуй, бас хэтэрхий хорон муу гэдгийг хараад цаашид урсгал даган явахыг хүсэхээ больсон үедээ би Бурханд эргэж очих болно гэж хэлдэг. Хэдийгээр энэ хүн ямар үед буцаж очихоо өөрийн оюун ухаанд тооцолсон ч, хэдийгээр тэд өөрсдийн буцаж ирэх хаалгыг онгорхой орхисон ч, тэд юу гэж бодож, хэрхэн төлөвлөж байх нь хамаагүй энэ нь зүгээр л тэдний хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний хамгийн том алдаа нь тэднийг явахыг хүсэх үед Бурханд ямар байхыг мэдэхгүй байх явдал юм. Энэ хүн Бурханыг орхихоор шийдсэн тэр мөчөөс эхлээд, Бурхан тэднийг бүрмөсөн орхидог; Өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан тэдний үр дүнг аль хэдийн тодорхойлдог. Тэр нь ямар үр дүн юм бэ? Тэр нь, энэ хүн бол бозлогуудын нэг бөгөөд тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс, хүмүүс ихэвчлэн иймэрхүү нөхцөл байдлыг хардаг: Хэн нэгэн Бурханыг орхидог, гэхдээ тэд шийтгэл хүлээж авдаггүй. Бурхан Өөрийн зарчмын дагуу ажилладаг. Хүмүүс зарим зүйлийг л харж чаддаг ба зарим зүйлс зөвхөн Бурханы зүрх сэтгэлд шийдвэрлэгддэг, иймээс хүмүүс үр дүнг харж чадахгүй. Хүмүүсийн харж байгаа зүйл нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй; харин нөгөө тал нь, чиний хардаггүй тал нь—энэ нь Бурханы зүрх сэтгэлийн жинхэнэ бодол, дүгнэлт юм.

Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс нь жинхэнэ замыг орхисон хүмүүс юм

Бурхан яагаад энэ төрлийн хүнд тийм хүнд шийтгэл өгч чаддаг вэ? Яагаад Бурхан тэдэнд маш их хилэгнэдэг вэ? Юуны өмнө, Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ. Тэр бол хэн нэгнээр нядлуулах хонь биш юм; үүнээс илүүтэйгээр, Тэр бол хэн хүний хүссэнээр удирдуулдаг хүүхэлдэй биш. Тэрээр мөн хүмүүсээр захирагддаг хоосон агаар ч биш юм. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол, чамд Бурханаас айдаг зүрх сэтгэл байх ёстой бөгөөд Бурханы мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг чи мэдэх ёстой. Энэ уур хилэн нь үгнээс, магадгүй бодлоос; магадгүй зарим нэг төрлийн өөдгүй зан байдлаас; магадгүй дөлгөөн зан төлвөөс, хүний ёс зүй болон нүдээр гайгүй гэж харагддаг зан байдлаас үүдэлтэй байж болно; эсвэл магадгүй энэ нь сургаал номлол, онолоос үүдэлтэй байж болно. Хэдий тийм боловч, нэгэнт чи Бурханыг уурлуулах юм бол, чиний боломж үгүй болж, чиний төгсгөлийн өдрүүд ирдэг. Энэ бол аймшигтай зүйл юм! Хэрвээ чи Бурханыг гомдоож болохгүй гэдгийг ойлгохгүй бол, магадгүй чи Бурханаас айхгүй бөгөөд чи Түүнийг байнга гомдоодог байж болох юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн айхыг мэддэггүй бол, чи Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах буюу—Бурханаас эмээж, муугаас зайлах зам дээр чи өөрийгөө хэрхэн тавихаа мэдэхгүй. Чи үүний талаар мэддэг болчихвол Бурханыг гомдоож болохгүй гэдгийг чи ухаарч, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах нь юу болохыг чи мэдэх болно.

Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхах нь чи хир их үнэнийг мэддэг, чи хир их сорилтыг туулсан эсвэл чи хир их сахилга баттай болсон тухай биш юм. Үүний оронд, Бурханы тухайд чиний зүрх сэтгэлийн мөн чанар ямар болох мөн Бурханд хандах чиний хандлага ямар болохоос энэ нь хамаардаг. Хүмүүсийн мөн чанар ба тэдний субъектив хандлага—эдгээр нь маш чухал, маш гол зүйл юм. Бурханаас татгалзаж, орхиж явсан хүмүүсийн тухайд, Бурханд хандах жигшмээр хандлага болон үнэнийг үл тоосон тэдний зүрх сэтгэл нь Бурханы зан чанарыг уурлуулсан, тиймээс Бурханы үзэж байгаагаар тэд хэзээ ч уучлагдахгүй. Тэд Бурханы оршин тогтнолын тухай мэддэг, Бурхан аль хэдийн ирсэн гэсэн мэдээлэл тэдэнд байсан, тэд бүр Бурханы шинэ ажлыг мэдэрсэн. Тэдний явсан нь төөрөгдөлд орсон тохиолдол биш мөн энэ талаар тэд бүрхэг байсан учраас биш юм. Энэ нь тэднийг албадсан тохиолдол бүр ч биш. Харин ч тэд ухамсартайгаар, тодорхой бодолтойгоор Бурханыг орхиж явахаар сонгосон. Тэдний явсан нь замаа алдсан явдал биш; энэ нь тэд хөөгдсөн хэрэг биш. Тиймээс Бурханы нүдээр тэд бол замаа алдсан үрэлгэн хүү байх нь байтугай, сүргээсээ төөрсөн хурга ч биш юм. Тэд цээрлэл амсалгүйгээр явсан бөгөөд ийм нөхцөл, ийм байдал нь Бурханы зан чанарыг уурлуулдаг ба энэ уур уцаарын улмаас Тэр тэдэнд найдваргүй үр дүнг өгдөг. Ийм төрлийн үр дүн аймшигтай биш гэж үү? Иймээс хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, тэд Бурханыг гомдоож чадна. Энэ бол жижиг асуудал биш! Хэрвээ хэн нэгэн Бурханы хандлагыг ноцтой авч үзэхгүй бол мөн тэд бол Бурханы алга болсон хургануудын нэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд өөрчлөлт гарахыг Бурхан хүлээсээр байгаа учраас Бурхан тэдний буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэж одоо ч итгэж байгаа бол энэ хүн шийтгэгдэх өдрөөсөө тийм ч холгүй байна. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр ч нэг татгалзахгүй. Энэ нь тэд хоёр дахь удаагаа Түүний зан чанарыг уурлуулж байгаа хэрэг; энэ нь бүр ч илүү аймшигтай явдал юм! Энэ хүний тоомжиргүй хандлага нь Бурханы захиргааны зарилгыг аль эрт зөрчсөн байдаг. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрсөн хэвээр л байх уу? Энэ асуудлын талаарх Бурханы зарчмууд нь: Хэрвээ хэн нэгэн хүн жинхэнэ замын тухай тодорхой мэдэж байсан ч санаатайгаар, эрүүл саруул сэтгэлээр Бурханыг голж, өөрсдийгөө Бурханаас холдуулбал, Бурхан авралд хүрэх тэдний замыг хааж, тэгснээр хаанчлалд орох хаалга тэдний хувьд хаагдах болно. Энэ хүн дахиад нэг удаа ирээд хаалга тогших үед, Бурхан тэдэнд хаалгаа дахин нээж өгөхгүй. Энэ хүн үүрд хаалганы цаана үлдэх болно. Магадгүй та нарын зарим нь Библийн Мосегийн түүхийг уншсан байх. Moсе Бурханаар тослуулсны дараа, түүний үйлдэл болон бусад янз бүрийн шалтгааны улмаас 250 удирдагчид Мосед сэтгэл дундуур байсан. Тэд хэнийг дагахаас татгалзсан бэ? Энэ нь Мосе байгаагүй. Тэд Бурханы зохицуулгыг дуулгавартай дагахаас татгалзсан; тэд энэ явдал дээр Бурханы ажлыг дуулгавартай дагахаас татгалзсан. Тэд дараах зүйлийг хэлсэн: “Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд Ехова тэдний дунд байна…” Хүний нүдэнд, эдгээр үгс нь маш ноцтой уу? Тэдгээр нь ноцтой биш! Ядаж л тухайн үгний үгчилсэн утга нь ноцтой биш. Хуулийн хувьд, тэд ямар ч хуулийг зөрчөөгүй, учир нь, гадна өнгөндөө тэдгээр нь ямар нэгэн доромжилсон утгатай байх нь бүү хэл энэ нь дайсагнасан хэл, эсвэл үгсийн сан биш. Энгийн өгүүлбэр л энд байна, өөр юу ч биш. Гэхдээ яагаад эдгээр үгс Бурханы уур хилэнг тэгж өдөөнө вэ? Яагаад гэвэл тэдгээрийг хүмүүст биш харин Бурханд хэлсэн юм. Тэдгээрийн илэрхийлсэн хандлага болон зан чанар нь, Бурханы зан чанарыг, ялангуяа гомдоож болохгүй Бурханы тэр зан чанарыг уурлуулсан зүйл нь юм. Тэдний төгсгөл эцэстээ ямар байсныг бид бүгд мэднэ. Бурханыг орхисон тэдгээр хүмүүсийн тухайд, тэдний үзэл бодол ямар байсан бэ? Тэдний хандлага юу вэ? Мөн яагаад тэдний үзэл бодол ба хандлага нь, Бурханыг тэдэнтэй тийм байдлаар харьцахад хүргэсэн бэ? Үүний шалтгаан нь, тэд Түүнийг Бурхан гэдгийг сайн мэдэж байсан ч гэсэн Түүнээс урвахыг сонгосон. Тийм учраас тэд аврагдах боломжоо бүхэлд нь алдсан. Библи дээр: “Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл хийсэн бол, нүглийн төлөөс болох ямар ч золиослол үлдэхгүй” гэж хэлсэнтэй яг адилхан. Та нар одоо энэ асуудлын талаар тодорхой ойлгосон уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?