Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг байдлаар орох явдал юм. Та нар үзэгдлийн үнэнийг яг таг эзэмшчихвэл оролт чинь найдвартай байна; Түүний ажил яаж өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ гуйвшгүй зогсож, үзэгдлийн талаар тодорхой мэдэж байх ба оролт болоод эрэл хайгуул чинь зорилготой болох болно. Ийм байдлаар, чиний доторх бүхий л дадлага туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, улам нарийсна. Нэгэнт чи ерөнхий чиг хандлагыг бүхэлд нь ойлгосон бол амь чинь хохирол амсахгүй ба чи төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэж авахгүй бол тэр болгонд хохирол амсах болно. Чи хэдхэн өдрийн дотор өөрчлөгдөж чадахгүй ба хэдхэн долоо хоногийн дотор зөв замд орох чадваргүй байх болно. Энэ нь чиний цагийг алдуулахгүй гэж үү? Эерэг байдлаар орох оролт их байдаг ба тийм дадлуудыг та нар эзэмших ёстой, иймээс чи бас Түүний байлдан дагуулах ажлын ач холбогдол, ирээдүйд төгс төгөлдөр болгуулах зам, шалгалт, гай зовлон туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт, гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд гэх мэт Түүний ажлын үзэгдлийн тухай хэд хэдэн гол зүйлийг ухаарах ёстой. Эдгээр нь бүгд үзэгдлийн тухай үнэн юм. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл юм. Эдгээр нь ч гэсэн үзэгдэлд хамаарах үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм. Одоо үед, та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл хэтэрхий их байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү дэлгэрэнгүй байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол энэ нь хараахан ороогүй байгаагийн чинь баталгаа юм. Ихэнхдээ, үнэний талаарх хүний мэдлэг хэтэрхий өнгөц байдаг; хүн зарим энгийн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг ба бүр өчүүхэн асуудлуудыг ч хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь түүний тэрслүү зан чанараас болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх түүний мэдлэг хэтэрхий өнгөц, өрөөсгөл байдгаас болдог. Тиймээс, хүний хувьд төгс болгуулна гэдэг тийм ч амархан ажил биш. Чиний тэрслүү байдал хэтэрхий их бөгөөд чи хуучин шинж чанараа хэтэрхий ихээр хадгалдаг; чи үнэний талд зогсох чадваргүй ба хамгийн илэрхий үнэнийг ч хэрэгжүүлэх чадваргүй. Тийм хүмүүс аврагдаж чадахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс байдаг. Хэрвээ чиний оролт нарийвчлалгүй бас зорилгогүй бол өсөлт чинь удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн төдий ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Хүний амийн өсөлт ба түүний зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор явагддаг ба цаашлаад нарийвчилсан дадлага туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан дадлага туршлагатай байвал, мөн ихээхэн бодит мэдлэг болон оролттой байвал зан чанар чинь амархан өөрчлөгдөнө. Одоогоор чи хэрэгжүүлэхдээ тийм ч их гэгээрээгүй байсан ч гэсэн, ажлын үзэгдлийн талаар ядаж гэгээрсэн байх ёстой. Эс бөгөөс чи орох боломжгүй байх ба эхлээд үнэний мэдлэгтэй болохгүй л бол орох чадваргүй байх болно. Дадлага туршлагыг чинь Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаар илүү гүнзгий ойлголт олж авах ба илүү гүн гүнзгий орж чадна. Та нар Бурханы ажлыг мэдэж авах ёстой.

Анх хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь Израильчууд байсан бөгөөд Израиль бүхэлдээ Еховагийн газар дээрх ажлын суурь байсан билээ. Еховагийн ажил нь, хууль тогтоосноор дамжуулан хүнийг шууд удирдаж, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс хэвийн амьдралаар амьдарч, газар дээр хэвийн байдлаар Еховаг шүтэн мөргөж чадах байсан юм. Хуулийн эрин үе дэх Бурхан нь хүн харж, хүрч чадахааргүй Нэгэн байлаа. Тэр ердөө Сатаны эхлээд завхруулсан хүмүүсийг л удирдан чиглүүлж байсан ба эдгээр хүмүүст зааварлаж, тэднийг хариулж байсан, иймээс Түүний хэлсэн үг нь зөвхөн хууль тогтоол, тушаал болон хүний амьдралаар амьдрах тухай ерөнхий мэдлэг байсан бөгөөд хүний амийг хангах бүх үнэн огтхон ч биш байв. Түүний удирдлага дор байсан Израильчууд Сатанаар гүнзгий завхруулагдсан хүмүүс биш байсан юм. Түүний хуулийн ажил нь авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба үнэндээ хүний амь зан чанарын өөрчлөлттэй бараг ямар ч хамаагүй байлаа. Тиймээс, авралын ажлын эхэн үед Израиль дахь ажлынхаа төлөө Тэрээр бие махбодтой болох хэрэггүй байсан юм. Ийм учраас Түүнд зууч буюу хүнтэй харилцахдаа ашиглах хэрэгсэл шаардлагатай байв. Тиймээс, бүтээгдсэн зүйлсийн дунд Еховагийн өмнөөс ажиллаж, ярьдаг хүмүүс бий болсон бөгөөд ийнхүү хүний хөвгүүд болон эш үзүүлэгчид хүмүүсийн дунд ажиллах болжээ. Хүний хөвгүүд Еховагийн өмнөөс хүмүүсийн дунд ажиллав. Түүгээр ингэж дуудагдана гэдэг нь, тийм хүмүүс Еховагийн өмнөөс хууль тогтоодог гэсэн үг бөгөөд тэд бас Израилийн ард түмний дундах тахилчид байсан; тийм хүмүүс нь Еховагийн харж хамгаалж байсан тахилчид бөгөөд Еховагийн Сүнс дотор нь ажилладаг байжээ; тэд бол хүмүүсийн дундах удирдагчид байсан ба Еховад шууд үйлчилж байв. Нөгөө талаар, эш үзүүлэгчид нь бүх газар нутаг, бүх овгийн хүмүүст Еховагийн өмнөөс ярихад өөрсдийгөө зориулсан хүмүүс байсан юм. Тэд ч бас Еховагийн ажлыг зөгнөдөг хүмүүс байлаа. Хүний хөвгүүд ч бай, эсвэл эш үзүүлэгчид ч бай, бүгдийг нь Еховагийн Сүнс Өөрөө өргөсөн ба тэдэнд Еховагийн ажил байсан. Хүмүүсийн дунд тэд Еховаг шууд төлөөлдөг хүмүүс байсан; тэд Ариун Сүнсний махбод болсон бие байсан учраас биш, харин Ехова өөрсдийг нь өргөсөн учраас л ажиллаж байсан юм. Тиймээс, хэдий тэд бүгдээрээ Бурханы өмнөөс адилхан ярьж, ажиллаж байсан ч, Хуулийн эрин үе дэх хүний хөвгүүд ба эш үзүүлэгчид нь Бурханы махбод болсон бие байгаагүй юм. Энэ нь Нигүүлслийн эрин үе болон сүүлчийн үе шатанд яг эсрэгээрээ байдаг, учир нь авралын ажил болон хүний шүүлтийг хоёуланг нь бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийдэг ба тиймээс Өөрийнх нь оронд ажиллах хүний хөвгүүд болон эш үзүүлэгчдийг дахин өргөх хэрэггүй байсан юм. Хүний нүдээр бол, тэдний ажлын мөн чанар, арга барилын хооронд үндсэн ялгаа байхгүй. Энэ шалтгааны улмаас хүн, бие махбодтой болсон Бурханы ажлыг эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн ажилтай дандаа андуурч будилдаг. Бие махбодтой болсон Бурханы харагдах байдал нь тэдгээр эш үзүүлэгч болон хүний хөвгүүдийнхтэй үндсэндээ адилхан байсан. Мөн бие махбодтой болсон Бурхан нь эш үзүүлэгчдийг бодвол бүр ч илүү энгийн, илүү бодитой байв. Тиймээс хүн тэдний хоорондох ялгааг огт харах чадваргүй байсан юм. Хүн гагцхүү харагдах байдалд анхаарлаа төвлөрүүлдэг, хэдий аль аль нь ажиллаж, ярьдаг ч үндсэн ялгаа байдаг гэдгийг огт мэддэггүй. Ялгаж таних хүний чадвар хэтэрхий сул дорой байдаг учраас хүн үндсэн асуудлуудыг ялган таньж чаддаггүй, тэр ч бүү хэл маш түвэгтэй зүйлийг таньж мэдэх чадваргүй байдаг. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэж, хүний хийх ёстой зүйлийг л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх ч гэсэн, Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг гүйцэтгэх биш, харин Түүний үйлчлэлийг биелүүлэх явдал байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргийг биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдий олон элчийг Ариун Сүнс ашиглаж, олон эш үзүүлэгчийг Тэр дүүргэдэг байсан ч, тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх явдал байсан. Тэдний зөгнөл хэдийгээр бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж, хүн чанар нь ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлээ хэрэгжүүлж байсан биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүрэгтэй хамаатай ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Гэтэл, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба энэ нь хүний хүршгүй зүйл билээ. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлагын дотор агуу ажил хийж байгаа ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн зүйл болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын тухайн үе шатанд өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүйгээр, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл хэрвээ үгүй болсон бол, бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргийг биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж огт болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Түүний Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ямар ч ажил нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд хүн, Түүний манлайлал дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм.

Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүний дотор төрөлхийн байдаг бүхний биелэл буюу хүний хувьд боломжтой байдаг зүйл юм. Тэр үед түүний үүрэг биелнэ. Хүний үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх буюу саад болохгүй. Үйлчлэхээ больж, эсвэл үйлчлэл үзүүлэх үед гарч болох алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчлэлийн үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин үүний оронд дэмий юм хийж, хийсэн дүр үзүүлбэл тэрээр бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Ийм төрлийн хүнийг тааруухан хүн, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн зүйл гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү? Хэдий хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарыг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол тэр мэдээж Бурхан биш, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй ба Бурханы төрөлхөөсөө биелүүлдэг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэхгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох буюу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнэгүй. Цаашлаад, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар хариуцуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнэгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг үргэлжлүүлэн алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг тоодоггүйгээр үл барам Бурханы зам буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг. Тэдгээр тэрслүү хүмүүс тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг; тийм тэрслүү чанартай тийм төрлийн хүмүүс хэрхэн Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байх юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлээгүй хүмүүс Бурханы эсрэг маш тэрслүү байсаар ирсэн ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэх урьдчилсан шинж биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүн нь аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл хүртэл хангалтгүй байдаг боловч хүн Бурхантай маргах зоригтой ба Түүнтэй өрсөлддөг. Тийм төрлийн хүнийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлээгүй бол, түүнд гэм буруутай мэт, өртэй мэт санагдах ёстой; тэр өөрийн сул дорой байдал ба нэмэргүй байдлыг, өөрийн тэрслүү, завхарсан байдлыг жигших ёстой, цаашлаад өөрийн амь болоод цусыг Бурханы төлөө золиослох ёстой. Зөвхөн тэр үед л, тэрээр Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд зөвхөн тийм төрлийн хүн л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирно. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Та нар Түүний өмнө өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? Та нар хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган салгаж чадах уу? Та нар Надад хэр үнэнч вэ? Та нар Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгсөн бэ, бас Би та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүгдийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ үүнийг, өөрсдийн дотор байгаа өчүүхэн мөс чанараараа жишиж, шүүж үзсэн үү? Та нарын үг ба үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол нь та нарт Миний өгсөн бүхнийг хүртэхэд тохирох юм гэж үү? Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан бөгөөд Надад өөр сонголт огт байгаагүй, харин та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөдөг ба хоёрдмол сэтгэлтэй. Тэр нь та нарын цорын ганц үүрэг буюу та нарын үйл ажиллагаа юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэх юм бэ? Та нарын илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэдэхгүй гэж үү? Та нар өөрсдийн үүргийг биелүүлэхдээ бүтэлгүйтсэн боловч Бурханы өршөөл энэрэл, хязгааргүй нигүүлслийг олж авахаар эрж хайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнэгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайгаар золиослодог хүмүүст зориулагдсан. Та нар шиг тийм хүмүүс, тийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй юм. Зөвхөн зовлон зүдгүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л та нарын өдөр хоногийг дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол, хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төөрөг тавилан чинь шийтгэлийнх байх болно. Ямар ч нигүүлсэл, ерөөл болоод хаанчлал дахь гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх учиртай төгсгөл бөгөөд та нарын хийсэн зүйлийн үр дагавар юм! Тэдгээр ухаан муутай, биеэ тоосон хүмүүс өөрсдийн үүргийг биелүүлэхдээ байдаг чадлаараа хичээгээгүйгээр барахгүй, үүний оронд тэд өөрсдийн хүртэх эрхтэй зүйлийг хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд тэд өөрсдийн гуйсан зүйлийг олж авч чадаагүй бол бүр ч илүү итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж эрүүл ухаантай гэж үзэж болох юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй хүмүүс бөгөөд удирдлагын ажлын үеэр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үүргийг огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэнэ аль хэдийн хурдан унасан. Та нарт тийм ач тус үзүүлсний хариуг Надад буцаан төлөх чадваргүй байх нь аль хэдийн туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг яллахад хангалттай, энэ нь та нарын хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнэгүй байдлыг харуулдаг. Та нар яаж гараа сунгах эрхтэй байж чадах юм бэ? Та нар Миний ажилд өчүүхэн төдий ч туслах чадваргүй, үнэнч сэтгэлээ зориулах чадваргүй, Миний төлөө гэрчлэлд зогсох чадваргүй байдаг. Эдгээр нь аль хэдийн та нарын буруу үйл ба алдаа дутагдал боловч оронд нь та нар Над руу дайран довтолж, Миний тухай худал хуурмагийг ярьж, Намайг зөвт биш гэж гомдоллодог. Энэ нь та нарын үнэнч зан уу? Энэ нь та нарын хайр уу? Та нар үүнээс илүү өөр ямар ажил хийж чадах вэ? Хийгдсэн бүх ажилд та нар хувь нэмрээ хэрхэн оруулсан бэ? Та нар хэр ихийг зарцуулсан бэ? Би та нарыг огт буруутгаагүй нь аль хэдийн агуу өршөөл уучлалын үйлдэл боловч та нар одоо ч Надад ичгүүргүйгээр шалтаг тоочиж, нууцаар Миний тухай гомдоллодог. Та нарт өчүүхэн төдий ч гэсэн хүний үнэр байна уу? Хэдийгээр хүний үүрэг нь хүний оюун санаа болон түүний үзлээр бохирддог ч гэсэн, чи үүргээ биелүүлж, үнэнч сэтгэлээ зориулах ёстой. Хүний ажил дахь ариун бус байдал нь түүний хэв чанарын асуудал боловч хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлэхгүй бол энэ нь түүний тэрслүү занг харуулдаг. Хүний үүрэг болоод тэр ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх ёстой зүйл; энэ нь түүний хүлээсэн үүрэг бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдэлдэг. Шүүлт, гэсгээлтийн дараа зан чанар нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдэх үед хараагдсан хүн шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, тэр төгс болгуулаагүй. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, ерөөгдөх үү, эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, хийж чаддаг зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдах вий гэсэндээ хийхээс татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадах юм бол тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадахгүй бол, энэ нь хүний тэрслүү занг харуулдаг. Зөвхөн үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан тэр үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи хэдий чинээ өөрийн үүргийг биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр чиний илэрхийлэл ч илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зөвхөн дүр үзүүлж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс нь өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл нь ариун бус байгаад зогсохгүй, илэрхийлдэг зүйлс нь хорон муугаас өөр юу ч биш юм.

Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлсэн хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан юм. Тэд бүгд ярьж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын уг чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын уг чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгийн гүн гүнзгийг, эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Ямартай ч эхлээд чи түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Хэрвээ Еховагийн шууд илчлэл байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь эгэл хүмүүсийн хувьд боломжгүй юм. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тийм үгс нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Өөрөөр хэлбэл, эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлын харьцуулалт болгож Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг эхлүүлэхээр ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл өөрийнх нь ойлголтоос ч давсан байсан. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба тэдгээрийг сонссоныхоо дараа ч бусад нь ойлгохгүй байсан. Энэ цөөхөн хэдэн зүйл нь дангаараа, түүний үг бол зөгнөлөөс өөрцгүй байсан, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас өөр юу ч биш байсан гэдгийг батлахад хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн дүүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл л байсан. Тэр зөвхөн Хуулийн эрин үе дэх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс илүү даван гараагүй. Үүний эсрэгээр, Есүсийн ажил өөр байсан. Тэр Еховагийн ажлын хүрээг даван гарсан; Тэр бие махбодтой болсон Бурхан болон ажиллаж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлолыг туулсан. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлаас гадна шинэ ажил гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Өөр нэг нөхцөл нь Тэр хүний хийж чадахгүй зүйлсийн талаар ярьж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтнийг хамарч байсан. Тэр ердөө цөөхөн хэдэн хүн дээр ажиллаагүй, мөн Түүний ажил нь цөөн тооны хүмүүсийг удирдах явдал байгаагүй. Бурхан хэрхэн бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс хэрхэн илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажилд үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы махбод болсон бие ч бүгдийг мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаар нь л Тэр Бурхан мөн эсэхийг баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад энэ хэдэн нөхцөл л дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм. Исаиа, Даниел болон бусад нь бүгд өндөр боловсролтой, соёлтой хүмүүс байсан; тэд Еховагийн удирдлага доорх гайхамшигтай хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурхан ч гэсэн мэдлэгтэй, оюун ухаан дутуугүй хүн байсан боловч Түүний хүн чанар нэн хэвийн байв. Тэр энгийн хүн байсан ба энгийн нүдээр, Түүний ямар нэг онцгой хүн чанарыг ялган таньж, эсвэл бусдынхаас ялгаатай ямар нэг зүйл Түүний хүн чанараас олж чадаагүй. Тэр огтхон ч ер бусын буюу өвөрмөц байгаагүй ба Тэр илүү өндөр боловсрол, мэдлэг эсвэл онолыг эзэмшиж байгаагүй. Түүний ярьж байсан амь болоод Түүний хөтөлсөн зам нь онолоор дамжуулж, мэдлэгээр дамжуулж, амьдралын туршлагаар дамжуулж, эсвэл гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж олдоогүй. Харин ч, тэдгээр нь Сүнсний болоод Бурханы махбод болсон биеийн шууд ажил байлаа. Хүн Бурханы талаар асар их үзэлтэй байдаг ба эдгээр үзэл нь ялангуяа хэтэрхий олон бүдэг бадаг, ер бусын элементээс бүрддэг учраас хүний нүдээр, шинж тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаггүй, хүний сул талуудтай энгийн Бурхан бол мэдээж Бурхан биш байсан. Эдгээр нь хүний эндүү ташаа үзэл биш гэж үү? Хэрвээ Бурханы махбод болсон бие энгийн хүн байгаагүй бол Түүнийг яаж махбод болсон гэж хэлж болох юм бэ? Махбодтой байна гэдэг бол ердийн энгийн хүн байх явдал юм; хэрвээ Тэр ер бусын хүн байсан бол бие махбодтой байхгүй байх байв. Махбодтой гэдгээ батлахын тулд бие махбодтой болсон Бурхан нь энгийн махбодыг эзэмших хэрэгтэй байлаа. Энэ нь зүгээр л бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн төлөө байсан юм. Гэсэн хэдий ч, эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн хувьд ийм байгаагүй. Тэд бол авьяас чадвартай ба Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс байсан, хүний нүдээр тэдний хүн чанар нь нэн агуу байсан ба тэд хэвийн хүн чанараас давсан олон үйл хийсэн. Энэ шалтгааны улмаас, хүн тэднийг Бурхан шиг үзсэн. Одоо та нар бүгдээрээ үүнийг тодорхой ойлгох ёстой, учир нь энэ нь өнгөрсөн эриний хүмүүсийн хамгийн амархан төөрч будилдаг асуудал байсаар ирсэн юм. Нэмж хэлэхэд, бие махбодтой болох нь бүх зүйлээс хамгийн нууцлаг нь бөгөөд бие махбодтой болсон Бурхан нь хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү зүйл. Миний хэлдэг зүйл бол, та нарыг чиг үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, мөн бие махбодтой болохын нууцыг ойлгоход тус дэм болох зүйл юм. Энэ нь бүгд Бурханы удирдлага болон үзэгдэлтэй холбоотой. Та нар үүнийг ойлгох нь үзэгдлийн тухай буюу удирдлагын ажлын талаар илүү их мэдлэг олж авахад илүү тустай байх болно. Ийм байдлаар, та нар ч бас өөр өөр төрлийн хүмүүсийн биелүүлэх ёстой үүргийн талаар илүү их ойлголт олж авна. Хэдий эдгээр үг нь та нарт замыг шууд харуулдаггүй ч гэсэн, та нарын оролтод асар их тус нэмэр болдог, учир нь та нарын өнөөгийн амьдралд үзэгдэл ихээхэн дутагдаж байгаа бөгөөд энэ нь та нарын оролтод саад болох ихээхэн садаа тээг болно. Хэрвээ та нар эдгээр асуудлыг ойлгож чадаагүй бол та нарт орох ямар ч сэдэл байхгүй байх болно. Тэгвэл ийм эрэл хайгуул нь, үүргээ байдаг чадлаараа биелүүлэх боломжийг яаж та нарт олгох юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?