Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (I хэсэг)

Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр, “Өө Бурхан минь! Миний бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба хэдий Та намайг хүсэхгүй байсан ч Таны шүүлтээс би Таны ариун, зөвт зан чанарыг хардаг. Та намайг шүүх үед, бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж чадах учраас би сэтгэл хангалуун байна. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг харуулж чадах юм бол, мөн Таны зөвт зан чанарыг бүх бүтээлд харуулж чадах юм бол, хэрвээ энэ нь Таны төлөө гэсэн хайрыг минь илүү ариун болгож, ингэснээр би зөв шударга нэгний дүр төрхийг олж авах юм бол Таны шүүлт сайн юм, учир нь Таны сайхан хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа, тэгээд одоо ч Таны өмнө очиход тохирохгүй гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор, эсвэл асар их зовлон шаналлаар дамжуулаад ч гэсэн Та намайг илүү их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та намайг хэрхэн шүүх нь хамаагүй, миний хувьд энэ нь үнэ цэнэтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг мэдэрсний дараах Петрийн мэдлэг ба мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм. Өнөөдөр, та нар байлдан дагуулагдсаныхаа дараа юуг илэрхийлдэг вэ? Зарим хүн, “Байлдан дагуулагдсан маань Бурханы эрхэм дээд нигүүлсэл, өргөмжлөл юм. Хүний амьдрал ямар ч утга учиргүй хоосон, амьдраад ямар ч утгагүй гэдгийг одоо л би ухаарч байна, би үхсэн нь бараг дээр. Хэдий хүн яарч, үеэс үед үр хүүхдээ төрүүлж, өсгөхөд насан туршийн амьдралаа зориулдаг боловч эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг харлаа; энэ үнэхээр утга учиргүй амьдрал юм. Би ер нь үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан тийм хүмүүс Бурханаар авхуулж чадах уу? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй байдлын дуурайл бөгөөд тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй, өөрсдийгөө сайжруулахын төлөө чармайдаггүй! Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч, тийм идэвхгүй хүмүүс төгс болгуулах чадваргүй. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр, “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдрах байсан бол Таныг гэсэн хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ, “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ, надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, би Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадах болтугай гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгахаас илүү, Танд өөрийгөө өгөхөөс илүү, амьдралаа Танд өргөл болгохоос илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдрахыг зөвшөөрсөн бол би бүр ч ихээр Таныг хайрлахад бэлэн байх байлаа. Амьд байгаа үедээ би Таныг хайрлах болно. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд би Таны зөвт зан чанарын илүү ихийг хардаг. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгож байгаа учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн ханамжуулж чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас би одоо ч сэтгэл хангалуун биш байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгөх чадваргүй байсан; би үүнээс хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход, би Танд маш их өртэй мэт санагдаж байгаа бөгөөд зөвхөн энэ мөчийг ашиглан бүх алдаагаа болоод Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөөс өөр сонголтгүй.”

Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэсэн илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнэтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ нь л амьдрал бөгөөд Петртэй адил хүн байх болно. Чи эерэг тал руу идэвхтэйгээр ороход төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү тодорхой, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи өөрийгөө, энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд, олж авч чадашгүй үнэн гэж үгүй ба бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи амьдралаа хэрхэн өнгөрүүлэх ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү агуу зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн мэдрэхийг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөрсдөдөө хааш яаш хандах ёсгүй. Чамайг анзаараагүй байхад л амьдрал чинь урсаад өнгөрнө; түүний дараа чамд Бурханыг хайрлах ийм боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй! Хүн болохын хувьд, Бурханыг эрэлхийлдэг хүний хувьд чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгохоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгахаа болон нэгэнт чи Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай эргэцүүлэх чадвартай байх ёстой. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, мөн ирээдүйд алхах замаа эргэцүүлэн үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн нь хүнийг алагчилж үзэх үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл, энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол, энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэлтэй бол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг хүлээн зөвшөөрдгүйгээс болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чадахгүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит байдлыг мушгин гуйвуулсан гэж итгэдгээс болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийн төлөө гэсэн мөс чанар байхгүй бөгөөд чи амийг хөөн зайлуулдгаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсан бол энэ нь, гэрэл чам дээр тусах боломжгүй байдгаас биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнэгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ нь чиний гүйцэтгэх ёстой үүрэг юм. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл хангалуун байвал, гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, жудгийг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлэх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба чамд эрж хайх ямар ч зорилго байхгүй бол чи амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!

Өөрийнх нь ажлын шаардлагын улмаас, түүнчлэн хүний хэрэгцээний улмаас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба зөвхөн ийм маягаар л Бурханыг гэсэн хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн дүүрэн итгэсэн боловч өчүүхэн төдий хүндрэл тулгарахад та нар асуудалд ордог; та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр, та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, та нар Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг боловч ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэсэн тийм их хайр та нарт байдаггүй; та нарын мэдлэг хэтэрхий өнгөц бөгөөд биеийн хэмжээ чинь одоо ч хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нарт мөн л гэрчлэл байхгүй, та нарын оролтын хэтэрхий багахан нь л санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэх тухай та нар огт мэддэгүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд ердөө Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг боловч тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, мөн өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тэд тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс нь хэвийн хүн чанарыг эзэмшээд зогсохгүй, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас ч илүү өндөр үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад өөрсдийн мөс чанарыг ашиглаад зогсохгүй, түүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам агаад хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, хүнээр хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн Бурханыг хайрлахаас өөр аргагүй байдгийг тэд харсан. Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь өөрсдийн хувийн хүсэл тэмүүллийг биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханы талаарх мэдлэгээсээ болж л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс, Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгаснаар л сэтгэл нь ханадаг. Тэд Бурханд болзол тавьдаггүй, мөн Бурханыг хайрлах хайраа дараах мөс чанараар хэмждэггүй: Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол, би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй. Төгс болгуулсан хүмүүс, Бурхан бол Бүтээгч бөгөөд Тэр бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг, мөн төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх бидэнд байгаа тул өөрсдийнх эрэл хайгуул нь утга учиртай амьдралыг амьдран харуулах явдал байх ёстой ба Түүнийг хангалуун болгох ёстой гэж үргэлж итгэдэг. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад би үргэлж Таныг санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн, би хэтэрхий сул дорой, хүч чадалгүй, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Таны төлөө гэсэн миний чин сэтгэл хэтэрхий хомс билээ. Таны хайртай харьцуулбал би ердөө амьд байхад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, цаашлаад өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг билээ. Зөвхөн Таныг хангалуун болгож чадвал, бүтээл болохын хувьд би сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч, Таны сургамжийг би мартахгүй, мөн Таны хайрыг мартахгүй. Одоо би Таны хайрын ачийг хариулахаас өөр юу ч хийхгүй байна. Өө Бурхан минь, надад тун таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайраа би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би хэрхэн чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлэх чадвартай байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөж чадах вэ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстой гэдгээ би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстой гэдгээ би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн билээ. Надад хүч чадал өгөхийг, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би илүү их ариун хайрыг Танд зориулах чадвартай болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болно; би Таны хайрыг хариулаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болоод бүр илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулах чадвартай болно. Таны хайрыг харах боломжийг Та надад олгосон ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таныг яахин мартаж чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч гэсэн, Та маш агуу учраас би Таны хайрыг хангах чадваргүйгээ мөн мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэл ийм байсан ч түүний биеийн хэмжээ хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид, зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагдсан ба тэсэхийн аргагүй өвдөж байсан; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй, эсвэл чадах бүхнээ хэрхэн хийхээ, байгаа бүхнээ хэрхэн өгөхөө, байгаа бүхнээ Танд хэрхэн зориулахаа мэдэхгүй. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгснөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед миний дотор үргэлж гомдол дургүйцэл байдаг ба ариун байдалд хүрэх, эсвэл Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан маань аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч илүү үзэн ядаж байна”. Бурханыг гэсэн илүү ариун хайрыг эрж хайж байсан учраас Петр ингэж залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйн мөргөж байсан ба түүнээс гадна тэр өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Бурханд өртэй мэт түүнд санагдаж, өөрийгөө үзэн ядсан хэдий ч тэр бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдлын дор Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн агуу байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан түүнээс бүгдийг эргүүлэн авах нь зүйтэй бөгөөд Бурхан Өөрийн хүссэн хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харж чадсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг магтсаар байсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өнөөдөр би, өөрийн мөс чанарыг ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл хангалуун байх ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харах чадваргүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтах чадвартай байж, Таны ариун нэрийг дээдлэн магтах ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэрчлэхээр бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш нандин бөгөөд гайхалтай сайхан; би муу нэгний гарт амьдрахыг хэрхэн хүсэх юм бэ? Би Танаар бүтээгдээгүй гэж үү? Би Сатаны эзэмшил дор хэрхэн амьдарч чадах юм бэ? Үүний оронд бүхий л оршихуй маань Таны гэсгээлтийн дунд амьдрахыг би илүүд үзнэ. Би муу нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөхөд бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг, түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ дамжуулан Та Өөрийн зөвт зан чанараа илэрхийлвэл би аз жаргалтай байгаа ба өчүүхэн төдий ч гомдол алга. Хэрвээ би бүтээлийн үүргээ биелүүлэх чадвартай бол миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулах болно.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба илүү өндөр түвшинд хүрсэн. Тэр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ мөн биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр барахгүй, бас мөс чанарын стандартыг даван гарч чадсан. Түүний залбирал Бурханы өмнө үргэлжлүүлэн очсоор байсан, түүний хүсэл тэмүүлэл илүү өндөр болсон ба Бурханыг гэсэн хайр нь бүр ч илүү их болсон. Хэдий тэр шаналгаат зовлон зүдгүүрийг туулсан ч, Бурханыг хайрлахаа огтхон ч мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохыг эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: Таны хайрыг эргүүлэн төлөхөөс өөр юуг ч би хийж чадаагүй. Би Сатаны өмнө Таныг гэрчилж чадаагүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялахын тулд, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, тийнхүү Таны хүслийг ханамжуулахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөхгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ. Тэр энэ талаар эрж хайх тусам, түүний сэтгэл төдий чинээ хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам их болсон. Өөрийн мэдэлгүйгээр тэр, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлөх ёстой ба Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа. Тэр Сатаны нөлөөллийг давж, бие махбодын зугаа цэнгэл, таашаалаас өөрийгөө чөлөөлж, Бурханы гэсгээлт болоод Түүний шүүлтийн аль алийг нь илүү гүнзгий мэдрэхэд бэлэн байв. Тэрээр, “Хэдийгээр би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдарч, хэдий чинээ зовсон ч гэсэн би Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна, Сатаны ов мэхэнд зовохыг ч хүсэхгүй байна. Би Таны хараал дунд амьдрахыг баяр хөөрөө болгодог ба Сатаны адислал дунд амьдрахыг зовон шаналал гэж үздэг. Таны шүүлтэн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг ариусгахын төлөө, тэр ч байтугай намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжин дор байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтэн дунд өнгөрөөхийг илүүд үзэх болно. Би Сатаны эзэмшил дор ганц хором ч амьдрахыг хүсэхгүй; би зовлон зүдгүүр туулж, Танаар ариун болгуулахыг хүсдэг ба Сатанд ашиглуулж, хууртахыг хүсэхгүй байна. Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдрахын оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргал цэнгэлгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Хэдий Таны нигүүлсэл надтай хамт байгаагүй ч гэсэн, би Таны гэсгээлт, шүүлтийг баяр жаргалаа болгодог; энэ нь Таны хамгийн дээд ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч би Таныг орхин явж чадахгүй, мөн би Таныг хангалттай хайрлаж чаддаггүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, би Танаар хараалгаж, шийтгүүлж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй, мөн зөвхөн махан биеийн төлөө яарч, завгүй байхыг хүсэхгүй, тэр ч байтугай махан биеийн төлөө амьдрахыг хүсэхгүй” гэсэн юм. Петрийн ийм хайр бол цэвэр хайр байв. Энэ нь төгс болгуулах дадлага туршлага, энэ нь төгс болгуулах хамгийн өндөр түвшин бөгөөд энэ л хамгийн утга учиртай амьдрал юм. Тэр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн, Бурханы зөвт зан чанарыг нандигнасан ба Петрт үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл байгаагүй. Тэр хэлэхдээ, “Сатан надад материаллаг таашаал өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг—үүнийг би ивээл, таашаал ба ерөөлөө болгодог. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдрах байсан, одоо ч гэсэн түүгээр хянуулж, түүгээр удирдуулж байх байсан. Хэрвээ тэгсэн бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байсан, учир нь би Бурханыг хангалуун байлгаж чадахгүй байсан ба өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахгүй байх байсан. Хэдийгээр Бурхан намайг ерөөхгүй, дотоод тайтгаралгүйгээр орхиж, дотор минь гал дүрэлзэж байгаа мэт, амар амгалан, баяр хөөргүй байсан ч, хэдийгээр Бурханы гэсгээлт, сахилгажуулалт хэзээ ч надаас хол байгаагүй ч, Бурханы гэсгээлт, шүүлтээс би Түүний зөвт зан чанарыг харж чаддаг. Би үүнд баярлан бахаддаг; үүнээс илүү үнэ цэнэтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй. Хэдийгээр Түүний халамж, хамгаалалт нь догшин ширүүн гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч гэсэн би эдгээр зүйлээс таашаал авсаар байдаг, учир нь тэдгээр нь намайг илүү сайн ариусгаж чадна, намайг өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна, Бурханыг илүү хайрладаг болгож чадна, мөн Бурханы төлөөх миний хайрыг илүү цэвэр болгож чадна. Энэ нь намайг бүтээлийн үүргээ биелүүлэх боломжтой болгож, намайг Бурханы өмнө аваачиж, Сатаны эзэмшлээс холдуулж, Сатанд үйлчлэхээ болиулдаг. Сатаны эзэмшил дор амьдрахгүй байж, өөртөө байгаа бүхнийг болоод өөрийн чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулах чадвартай байх үед—тэр үед л би бүрэн сэтгэл хангалуун болох болно. Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан бөгөөд миний амьдрал Бурханы гэсгээлт, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд Бурханы гэсгээлт, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан, түүнчлэн утга учиртай амьдралыг амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан билээ. Бурханы гэсгээлт, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол би Бурханаар ариусгагдаж чадна. Бурханы хатуу ширүүн үг ба зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлт байснаар би агуу хамгаалалтыг олж авч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийг олж авсан билээ. Ариусгагдах боломжтой байх, өөрийгөө Сатанаас чөлөөлөх, Бурханы ноёрхол дор амьдрах—энэ бүхэн нь өнөөдрийн миний амьдрал дахь хамгийн агуу ерөөл юм” гэсэн. Энэ нь Петрийн туршлагын хамгийн өндөр түвшин билээ.

Төгс болгуулсныхаа дараа хүний хүрэх ёстой нөхцөл байдал нь энэ юм. Хэрвээ чи энэ зэрэгт хүрч чадахгүй бол утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Хүн махан бие дотор амьдрах нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэж байв. Зөвхөн Бурханы гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүн сэрж чадах ба махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд амьдрах боломжийг хүнд олгодог. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт, Та намайг орхиогүй гэдгийг би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон сахилгажуулалт оноож байсан ч гэсэн Та намайг орхин яваагүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны надад өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт ба шүүлт юм; цаашлаад энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр энэ нь зовлонгийн амьдрал юм.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Амьдралдаа хэрвээ хүн ариусгагдаж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, Бурханы цохилтыг өөрөөсөө хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны жолоодлого болон нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны эзэмшил дор амьдардаг ба махан биед оршин байдаг; хэрвээ тэр ариусгагдахгүй мөн Бурханы хамгаалалтыг авахгүй бол бүр ч илүү доройтох болно. Хэрвээ Бурханыг хайрлахыг хүсвэл ариусгагдаж, аврагдах ёстой. Петр залбирахдаа, “Бурхан минь, Та надад элэгсэг хандах үед би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг. Та намайг гэсгээх үед би бүр ч илүү их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой агаад үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэдэж байгаа. Таны хүслийг биелүүлж чаддаггүй учраас би мэгшин уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд би чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, надад хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр, би Таны өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг эдэлж чадахгүй. Өнөөдөр, Таны хайр тэнгэр огторгуйг даван гарсан ба бүхнээс илүү гэдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг авсан. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн ариусгагдахгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байсан. Хэдийгээр би зуу зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бараг үхэх дөхсөн ч гэсэн тийм зовлон нь, Таныг үнэхээр мэдэж, хамгийн дээд авралыг олж авахад намайг хүргэсэн. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт болон сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор, харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол, Таны сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдрах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, миний эрх чөлөөг авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна, гэвч Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр дэндүү гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй. Таны хайрыг алдвал би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харах боломжгүй байх байсан. Та надад хэлээч, би хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил, иймээс би Таныг яаж орхиж чадах юм бэ? Санаа амраасан хэдхэн үг байлаа ч, миний хамгийн агуу тайвшралыг надаас бүү аваасай гэж би Танаас хүсэж, Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; Та хэлээч, би Таныг яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч ийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү их сайжруулах боломжтой, намайг илүү их өөрчлөх боломжтой ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгох чадвартай гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан” гэж хэлсэн юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?