Тун ноцтой асуудал: Урвалт (1)

Миний ажил тун удахгүй дуусна. Хамт өнгөрүүлсэн он жилүүд тэвчихийн аргагүй дурсамж болжээ. Би үгээ тасралтгүй давтаж, шинэ ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсэн. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажил болгоны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөлдөж, бүр яахаа ч мэдэхээ болих байсан. Одоо Миний ажил дуусах дөхөж, сүүлчийн үе шатандаа байна. Би зөвлөгөө өгөх ажил хийхийг, өөрөөр хэлбэл, та нарт сонсгох зөвлөмжийн хэдэн үг хэлэхийг хүссээр байна. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байж, түүнээс ч илүүтэйгээр, Миний анхаарал халамжийг ойлгож, Миний үгийг хүн шиг авирлахын үндэс суурь хэмээн авч үзэж чадаасай л гэж Би найдаж байна. Энэ та нарын сонсохыг хүсдэг үг мөн ч бай, биш ч бай, та нарын дуртайяа хүлээн авах, эсвэл таагүй хүлээн авах үг мөн ч бай, биш ч бай, та нар тэдгээрт нухацтай хандах ёстой. Эс тэгвэл, үл тоомсорлосон, хайхрамжгүй зан чанар, араншин чинь Намайг маш их гонсойлгож, үнэндээ Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та бүгд Миний үгийг ахин дахин, магадгүй бүр цээжээр мэддэг болтлоо хэдэн мянган удаа уншина гэж Би ихэд найдаж байна. Ийм маягаар л та нар Миний итгэл найдварыг нураахгүй байж чадна. Гэхдээ та нарын нэг нь ч одоо ингэж амьдардаггүй. Эсрэгээрээ та нар бүгд ханатлаа идэж, уудаг садар самуун амьдралд ташуурдаг бөгөөд та нарын нэг нь ч Миний үгийг ашиглан, зүрх сэтгэл, сүнсээ баяжуулдаггүй. Ийм учраас, Би хүн төрөлхтний жинхэнэ нүүр царайг ингэж дүгнэсэн: Хүн хэдийд ч Надаас урваж чадах бөгөөд Миний үгэнд туйлын үнэнч байж чадах хэн ч үгүй.

“Хүнийг Сатан маш их ялзруулсан тул хүний төрхтэй байхаа больсон.” Одоо ихэнх хүн энэ хэллэгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Миний хэлж буй “хүлээн зөвшөөрөх” гэдэг нь жинхэнэ мэдлэгийн эсрэгээр, зүгээр л өнгөцхөн хүлээн зөвшөөрөх явдал төдий байдаг учраас Би ингэж хэлдэг. Та нарын нэг нь ч өөрсдийгөө үнэн зөвөөр үнэлж чадахгүй, нэгд нэггүй шинжилж ч чадахгүй тул Миний үгэнд эргэлзсэн хэвээр үлддэг. Гэхдээ энэ удаа Би та нарын дотор оршдог хамгийн ноцтой асуудлыг тайлбарлахын тулд баримт ашиглаж байна. Тэр асуудал бол урвалт юм. Та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, учир нь, ихэнх хүн бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан, тухайлбал, нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол нь эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдагчид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн. Энэ бүх жишээ урвалтын мөн чанарыг агуулдаг. Товчхондоо, урвалт бол амлалтаасаа буцаж, ёс суртахууны зарчмыг зөрчих, эсвэл хүний ёс зүйн эсрэг явж, хүн чанараа алдсаныг харуулдаг нэг төрлийн зан авир юм. Чи хэзээ нэгэн цагт хэн нэгнээс урвах зүйл хийснээ санадаг ч бай, эсвэл урьд нь олон удаа бусдаас урвасан ч бай хамаагүй, ерөнхийдөө энэ дэлхийд төрсөн хүн болохын хувьд үнэнээс урвасантай адил ямар нэгэн зүйл хийсэн байх болно. Чи эцэг эх, эсвэл найз нөхдөөсөө урвах чадвартай тул бусдаас урвах чадвартай, түүнчлэн Надаас урваж, Миний үзэн яддаг зүйлсийг хийх чадвартай. Өөрөөр хэлбэл, урвалт нь ёс суртахуунгүй өнгөцхөн үйлдэл төдий биш, харин үнэнтэй зөрчилддөг зүйл юм. Энэ нь яг нарийндаа Миний эсрэг хүн төрөлхтний эсэргүүцэл ба дуулгаваргүй эх сурвалж юм. Ийм учраас Би үүнийг дараах өгүүлбэрээр нэгтгэн дүгнэлээ: Урвалт бол хүний уг чанар бөгөөд энэ уг чанар нь Надтай нийцдэг хүн бүрийн томоохон дайсан юм.

Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэл өвөрлөж, тэдгээрийгээ хаа сайгүй тараах нь урвалт. Миний гэрчлэл ба ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлээрээ Надаас хол байх үедээ худлаа инээмсэглэл тодруулах нь урвалт. Эдгээр нь бүгд та нарын үргэлж хийж чаддаг байсаар ирсэн урвалтын үйлдлүүд бөгөөд та нарын дунд түгээмэл байдаг. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч, Би тэгж боддоггүй. Хүн Надаас урвах нь ялихгүй асуудал гэж Би үздэггүй, мөн үүнийг хайхрахгүй орхиж яавч чадахгүй. Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ийм маягаар авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй байх өдөр ирвэл та нар өөрсдийгөө хаан гэж тунхагласан дээрэмчид адил байх бус уу? Тийм зүйл тохиолдож, гай зовлон учруулсан хойно чинь хэн засаж залруулах вэ? Зарим урвасан үйлдлүүдийг өөрсдийнхөө байнгын үйлдэл биш, ердөө тохиолдлын хэрэг явдал гэж та нар боддог бөгөөд нэр төрийг чинь гутаах хэмжээний ноцтойгоор авч хэлэлцэх хэрэггүй гэж үздэг. Хэрвээ та нар үнэхээр тэгж боддог бол эрүүл ухаан дутмаг байна. Тэгж бодох нь тэрслүү байдлын үлгэр жишээ, нийтлэг шинж юм. Хүний уг чанар бол түүний амь; амьд үлдэхийн тулд түшиглэдэг зарчим нь бөгөөд хүн үүнийг өөрчилж чадахгүй. Урвалтын уг чанар ч адилхан—хэрвээ чи хамаатан садан, эсвэл найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чаддаг бол энэ нь амийн чинь нэг хэсэг, төрөлхийн уг чанар чинь гэдэг нь нотлогддог. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл. Жишээлбэл, хэрвээ хүн бусдаас хулгайлах дуртай бол заримдаа хулгай хийдэг, заримдаа хийдэггүй байсан ч “хулгайлах дуртай” гэдэг нь түүний амийн нэг хэсэг болдог. Тэд хулгайлсан ч бай, үгүй ч бай, хулгай хийх нь зүгээр л нэг төрлийн үйлдэл гэдгийг энэ нь баталж чадахгүй. Харин ч хулгай хийх нь тэдний амийн нэг хэсэг, өөрөөр хэлбэл, тэдний уг чанар гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн ингэж асууна: Энэ тэдний уг чанар юм бол тэд сайхан зүйлс харахаараа заримдаа яагаад хулгайлдаггүй юм бэ? Хариулт нь маш амархан. Тэдэнд хулгайлахгүй байх маш олон шалтгаан бий. Тэр нь бусдын хараан дор авч явахад хэтэрхий том зүйл байх, эсвэл үйлдэх цагийн тохироо бүрдэхгүй, хэтэрхий үнэтэй зүйл байх, хэт чанга харуул хамгаалалттай байх, эсвэл магадгүй тэд үүнийг онцгойлон сонирхдоггүй, эсвэл юунд ашиглаж болохыг нь хараахан бодоогүй байх гэх мэт. Энэ бүх шалтгаан байх боломжтой. Гэхдээ тэд юм хулгайлсан ч бай, үгүй ч бай, тэдэнд энэ бодол хоромхон зуур төрөөд өнгөрдөг гэж нотлох аргагүй. Харин ч эсрэгээрээ энэ бол засаж сайжруулахад бэрх уг чанарынх нь нэг хэсэг мөн. Ийм хүн ганцхан удаа хулгай хийгээд сэтгэл нь ханадаггүй; ямар нэгэн сайхан зүйл юм уу, тохиромжтой нөхцөл таарах бүрд бусдын өмчийг авах бодол төрдөг. Тийм учраас энэ бодлын эх үүсвэр нь зүгээр л хааяа хааяа гарч ирдэг зүйл биш, харин тухайн хүний өөрийнх нь уг чанарт байдаг гэж Би хэлдэг.

Өөрсдийн жинхэнэ нүүр царайг илтгэхийн тулд хүн бүр үг, үйлдлээ ашиглаж болно. Энэ жинхэнэ нүүр царай бол мэдээж тэдний уг чанар юм. Хэрвээ чи булзааруулж ярьдаг хүн бол булзамтгай уг чанартай. Хэрвээ уг чанар чинь зальхай бол чи зальжин байдлаар авирладаг ба хүмүүс чамд тун амархан мэхлэгдэнэ. Хэрвээ уг чанар чинь хорлонтой бол чиний үгийг сонсоход таатай байж болох ч чиний үйлдэл муу олиггүй заль мэхийг чинь далдалж чадахгүй. Хэрвээ уг чанар чинь залхуу бол хэлдэг бүхэн чинь, хааш яаш, залхуу байдлынхаа төлөө хариуцлагаас бултах зорилготой байдаг бөгөөд үйлдэл чинь удаан, хааш яаш, мөн үнэнийг далдлахдаа нэлээд сурамгай байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол үг ухаалаг байх бөгөөд үйлдэл чинь ч бас үнэнтэй сайтар нийцнэ. Хэрвээ чиний уг чанар үнэнч бол үг чинь гарцаагүй чин сэтгэлийн, аливааг хийх байдал чинь үндэслэлтэй байдаг ба эзний чинь санааг зовоох юм байдаггүй. Хэрвээ чиний уг чанар тачаангуй, эсвэл мөнгөнд шунахай бол зүрх сэтгэл чинь үргэлж эдгээр зүйлээр дүүрэх бөгөөд чи өөрийн эрхгүй, хүмүүсийн амархан мартахгүй, мөн тэднийг зэвүүцлийг төрүүлэх гажууд, ёс суртахуунгүй үйл үйлдэнэ. Миний хэлсэнчлэн, хэрвээ чи урвагч уг чанартай бол үүнээс өөрийгөө салгаж бараг чадахгүй. Чи бусдад буруу зүйл хийж байгаагүй болохоор урвагч уг чанар байхгүй гэж азад бүү найд. Хэрвээ ингэж бодож байгаа бол чи үнэхээр дургүй хүргэж байна. Намайг ярих болгонд Миний бүх үг ердөө нэг хүн, эсвэл нэг төрлийн хүнд бус, харин бүх хүнд чиглэдэг. Надаас нэг зүйл дээр урваагүй гэдэг чинь өөр зүйл дээр урваж чадахгүй гэдгийг батлахгүй. Гэрлэлт нь бүтэлгүйтэхэд зарим хүн үнэнийг эрж хайх итгэлээ алддаг. Зарим хүн гэр бүл салалтын үеэр Надад үнэнч байх үүргээ гээдэг. Зарим хүн баяр хөөр, сэтгэлийн таашаал эрэлхийлэх хоромдоо Намайг орхидог. Зарим хүн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний ажлын баяр бахдалыг хүртсэний оронд харанхуй хавцал руу унахыг илүүд үздэг. Зарим хүн эд хөрөнгийн шуналаа хангахын төлөө найз нөхдийн зөвлөгөөг үл ойшоодог бөгөөд одоо ч алдаагаа хүлээн зөвшөөрч, замналаа өөрчилж чаддаггүй. Зарим хүн Миний хамгаалалтыг л хүлээн авахын тулд Миний нэрийн дор түр зуур амьдардаг, харин бусад нь амьдралаас зуурч, үхлээс эмээхийн эрхээр Надад жаахныг зориулдаг. Энэ болон бусад ёс суртахуунгүй, түүнчлэн увайгүй үйлдлүүд нь зүрх сэтгэлийнхээ гүнд Надаас аль хэдийн урвасан хүмүүсийн үйлдлүүд юм гэж үү? Мэдээж, хүмүүс Надаас урвахаар урьдчилан төлөвлөдөггүй гэдгийг Би мэднэ; тэдний урвалт бол уг чанарынх нь төрөлхийн илчлэл юм. Хэн ч Надаас урвахыг хүсдэггүй, мөн Надаас урвах ямар нэгэн зүйл хийснээсээ болоод хэн ч аз жаргалтай байдаггүй. Эсрэгээрээ тэд айн чичирдэг, тийм биз дээ? Тэгэхээр та нар эдгээр урвалтыг хэрхэн засаж залруулах, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх талаар бодож байна уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?