Цор ганц Бурхан Өөрөө X Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV) (Нэгдүгээр хэсэг)

Өнөөдөр бид онцгой сэдвээр ярилцаж байна. Итгэгч бүрийн мэдэж, туулж, ойлгох хоёр гол зүйл л бий—энэ хоёр зүйл юу вэ? Эхнийх нь хүмүүсийн хувийн амийн оролт, хоёр дахь нь Бурханыг мэдэхтэй холбоотой. Бурханыг мэдэх талаар бидний саяхан ярилцсан зүйлд хүрч болмоор гэж та нар боддог уу? Оновчтой хэлбэл, энэ нь ихэнх хүмүүсийн хувьд хүрч чадахгүй зүйл юм. Та нар эдгээр үгэнд итгэхгүй байж магадгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, өмнө нь Миний хэлж байсныг та нар сонсож байхдаа яаж хэлсэн, эсвэл ямар үгээр хэлснээс үл хамааран Миний юу гэж хэлж байгааг үгчлэн, онолын дагуу мэдэж байсан боловч та нарт байсан маш ноцтой асуудал бол яагаад эдгээр зүйлийг хэлсэн, яагаад эдгээр сэдвийг хөндсөнийг минь ойлгоогүй. Энэ бол асуудлын гол нь. Иймээс эдгээр зүйлийг сонссоноор Бурхан болон Түүний үйл хэргийн талаар та нарын ойлголт нэмэгдэж, агуулга нь баялаг болсон хэдий ч Бурханыг мэдэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Миний хэлснийг сонссоныхоо дараа та нарын ихэнх нь Би яагаад үүнийг хэлснийг болон энэ нь Бурханыг мэдэхтэй ямар холбоотойг ойлгодоггүй. Бурханыг мэдэхтэй энэ нь хэрхэн холбогдож байгааг ойлгож чаддаггүйн шалтгаан бол та нарын амийн туршлага хэтэрхий өнгөц байдгийнх юм. Хэрвээ Бурханы үгийн талаарх хүмүүсийн мэдлэг, туршлага маш өнгөц түвшинд үлдвэл Бурханы талаарх ихэнх мэдлэг нь тодорхой бус, хийсвэр байна; энэ нь бүгд ерөнхий, ягшмал, онолын мэдлэг байна. Онолын өнцгөөс харах, эсвэл сонсоход энэ нь логиктой, мөн ёс зүйд нийцдэг боловч ихэнх хүмүүсийн амнаас гардаг Бурханы талаарх мэдлэг хоосон байдаг. Би яагаад үүнийг хоосон гэдэг вэ? Яагаад гэвэл, Бурханыг мэдэх тухай амнаас чинь гарч буй үгс чухам зөв эсэхийг, тэдгээр нь чухам алдаагүй эсэхийг чи үнэндээ зүрх сэтгэлдээ мэддэггүй. Иймээс ихэнх хүмүүс Бурханыг мэдэх талаар маш их мэдээлэл болон сэдэв сонссон боловч Бурханы талаарх мэдлэг нь онол болон тодорхой бус, хийсвэр сургаалаас хараахан хэтрээгүй байдаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Та нар энэ талаар ер нь бодож байсан уу? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол бодит байдлыг эзэмшиж чадах уу? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол бодит байдалгүй нь маргаангүй бөгөөд Бурханы үгийн талаар мэдлэг ч үгүй, туршлага ч үгүй байх нь гарцаагүй. Тэгвэл Бурханы үгийг мэддэггүй хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Огт чадахгүй. Энэ хоёр харилцан холбоотой. Иймд ихэнх хүмүүс, “Бурханыг мэдэхэд яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Би өөрийгөө мэдэх тухай ярихдаа хэдэн цаг ч ярьж чадах боловч Бурханыг мэдэх тухай ярих гэхээр хэлэх үггүй болдог. Би бага зэрэг ярих үед ч энэ нь хүчилсэн байдаг ба үлбэгэр сонсогддог—өөрийнхөө хэлж байгааг сонсоход хүртэл болхи сонсогддог” гэж хэлдэг. Энэ бол эх сурвалж. Хэрвээ Бурханыг мэдэхэд хэтэрхий хэцүү санагдаж байвал, энэ нь чиний хувьд маш амаргүй байвал, чамд ямар ч ярих юм байхгүй—бусадтай ярилцаж, бусдыг хангах, мөн өөрийгөө хангах ямар ч бодит зүйл байхгүй санагдвал—Бурханы үгийг туулсан нэгэн биш гэдгийг чинь энэ нь баталдаг. Бурханы үг гэж юу вэ? Бурханы үг нь Бурханд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл биш гэж үү? Хэрвээ чи Бурханы үгийг туулаагүй бол Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар ямар нэгэн мэдлэгтэй байж чадах байсан уу? Мэдээж үгүй. Эдгээр зүйл бүгд харилцан холбоотой. Хэрвээ чамд Бурханы үгийн талаар ямар ч туршлага байхгүй бол чи Бурханы хүслийг ухаарч чадахгүй ба Түүний зан чанар юу болохыг, Тэр юунд дуртай, Тэр юуг жигшдэг, хүнд тавьдаг Түүний шаардлага юу болох, сайн болон муу хүмүүст ханддаг Түүний хандлага ямар байдгийг мэдэхгүй—энэ бүхэн нь чамд мэдээж ойлгомжгүй, бүрхэг байна. Хэрвээ чи Бурханд ийм тодорхойгүй байдлын дунд итгэдэг бол өөрийгөө үнэнийг эрэлхийлж, Бурханыг дагадаг хүмүүсийн нэг гэж хэлэхэд тэр үг чинь бодитой байх уу? Бодитой биш! Тиймээс Бурханы талаарх мэдлэгийн тухай яриагаа үргэлжлүүлцгээе.

Та нар бүгд өнөөдөр ярилцах сэдвийг сонсохыг хүсэн хүлээж байна, тийм үү? Өнөөдрийн ярилцах гэж буй сэдэв ч бас бидний саяхан ярьж байсан “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвтэй холбоотой. “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг талаар бид ихээхэн ярьсан бөгөөд үүний зорилго нь, Бурханы бүтээсэн энэ гараг дээр оршин амьдрах боломжтой байлгах гээд Бурхан бүх зүйлийг хэрхэн захирдаг, ямар арга барилаар бүх зүйлийг захирдаг, мөн ямар зарчмаар бүх зүйлийг удирддаг гэдгийг хүмүүст мэдээлэхийн тулд өөр өөр арга барил, өнцөг хэрэглэх явдал байсан юм. Бурхан, хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг талаар буюу Бурхан ямар аргаар тийм хангалт өгдөг, хүмүүсийг ямар төрлийн амьдрах орчноор хангадаг, хүний тогтвортой амьдрах орчныг ямар арга барилаар, ямар эхлэлийн цэгээс хангадаг талаар бид бас их ярьсан. Бурхан бүх зүйлийг захирах, бүх зүйлийг удирдах болон Түүний удирдлагын хоорондох харилцааны талаар Би шууд яриагүй хэдий ч яагаад Тэр бүх зүйлийг ийм маягаар удирддаг, яагаад Тэр хүн төрөлхтнийг ийм маягаар хангаж, тэжээдэг талаар—Бурханы удирдлагад холбоотой бүх зүйлийн тухай шууд бусаар ярьсан. Бидний ярьсан агуулга маш өргөн хүрээтэй байсан: макро орчноос эхлээд хүмүүсийн үндсэн хэрэгцээ, хоол хүнс гэх мэт хавьгүй жижиг зүйлс хүртэл; Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, тэднийг эмх цэгцтэй байлгадгаас эхлээд угсаатан бүрийн хүмүүст зориулан Түүний бүтээсэн зөв, зохистой амьдрах орчин хүртэл гэх мэт. Энэхүү өргөн хүрээтэй агуулга нь бүгд, хүн махан биед хэрхэн амьдрахтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь энгийн нүдэнд харагддаг бөгөөд хүмүүс мэдэрч чаддаг, жишээлбэл, уулс, гол горхи, далай, тал газар зэрэг материаллаг ертөнцийн зүйлстэй холбоотой… Эдгээр нь бүгд харж, хүрч болдог зүйлс юм. Намайг агаар, температурын тухай ярихад та нар агаар байгааг шууд мэдэх гэж амьсгалж, температурын их, багыг биеэрээ мэдэрч чадна. Мод, өвс ногоо, ойд байдаг шувуу, амьтад, тэнгэрт нисдэг, газар явдаг юмс болон нүхнээсээ гарч ирдэг янз бүрийн бяцхан амьтдыг бүгдийг нь хүмүүс нүдээрээ харж, чихээрээ сонсож чаддаг. Хэдийгээр ийм зүйлсийн цар хүрээ өргөн боловч бүх зүйлийн дунд тэдгээр нь зөвхөн материаллаг ертөнцийг төлөөлдөг. Материаллаг зүйлс гэдэг бол хүмүүс харж, мэдэрч чаддаг зүйлс, өөрөөр хэлбэл, хүрэхээрээ чи тэдгээрийг мэдрэх ба нүд чинь тэднийг харахад тархи чинь дүрс, зургийг нь чамд харуулдаг. Тэдгээр нь бодит, биет зүйлс; чамд бол тэдгээр нь хийсвэр бус, харин хэлбэртэй; тэдгээр нь дөрвөлжин, эсвэл дугуй, эсвэл өндөр, эсвэл нам байж магадгүй; мөн тус бүрдээ өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Энэ бүх зүйл нь бүх зүйлийн материаллаг хэсгийг төлөөлдөг. Тэгэхээр Бурханы хувьд “бүх зүйлийг Бурхан захирдаг” гэдгийн “бүх зүйл” нь юу агуулдаг вэ? Тэдгээр нь хүмүүсийн харж, хүрч чадах зүйлсийг л агуулдаггүй, харин тэр ч байтугай, үл үзэгдэх, үл мэдрэгдэх зүйлсийг агуулдаг. Энэ бол Бурхан бүх зүйлийг захирдгийн жинхэнэ утга учрын нэг юм. Эдгээр зүйл хүмүүст үл үзэгдэж, үл мэдрэгддэг хэдий ч Бурханы хувьд Түүний нүдэнд харагдаж, Түүний дээд эрхийн цар хүрээнд байдгаас хойш эдгээр нь үнэхээр оршдог. Хэдийгээр хүн төрөлхтний хувьд эдгээр нь хийсвэр, төсөөлшгүй—тэр ч байтугай үл үзэгдэж, үл мэдрэгдэх зүйлс хэдий ч—Бурханы хувьд үнэхээр, бодитоор оршин байдаг. Энэ нь Бурханы захирдаг бүх зүйлийн өөр нэгэн ертөнц ийм бөгөөд Түүний захирдаг бүх зүйлийн цар хүрээний өөр нэг хэсэг юм. Энэ бол бидний өнөөдөр ярилцах сэдэв буюу Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай юм. Энэхүү сэдэв нь Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч удирддаг тухай авч үзэх учир энэ нь материаллаг ертөнцөөс гаднах ертөнц—сүнсний ертөнцөд хамаатай, тиймээс үүнийг ойлгох нь бидэнд нэн чухал. Энэхүү агуулгын талаар ярилцаж, ойлгосны дараа л хүмүүс “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн жинхэнэ утгыг чин үнэнээсээ ойлгож чадна. Өнөөдөр бид энэ сэдвийн талаар ярих гэж байгаагийн шалтгаан энэ юм. Энэхүү сэдвийн зорилго нь “Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан бүх зүйлийг удирддаг” хэмээх сэдвийг гүйцээхэд оршино. Магадгүй энэ сэдвийн талаар сонсох үед та нарын ухаан санаанд багташгүй, эсвэл танил бус санагдаж болох хэдий ч та нарт ямар санагдах нь хамаагүй, сүнсний ертөнц нь Бурханы захирдаг бүх зүйлийн нэг хэсэг учир та нарт энэхүү сэдвийн талаар зарим зүйлийг ойлгуулах ёстой. Үүний дараа та нар “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн талаар илүү гүнзгий мэдлэг, ойлголт, үнэлэлттэй болно.

Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай

Материаллаг ертөнцийн хувьд, хэрэв хүн тодорхой зүйлс болон үзэгдлийг ойлгохгүй бол хэрвээ хүн ойлгохгүй бол холбогдох мэдээллийг хайж, эсвэл олон төрлийн суваг ашиглан эх үүсвэр, цаад түүхийг нь олж мэдэж болно. Харин өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө ертөнц буюу материаллаг ертөнцийн гадна орших сүнсний ертөнцийн тухайд бол ямар нэг зүйл олж мэдэх арга зам, суваг хүмүүст огт байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл хүн төрөлхтний ертөнцөд, материаллаг ертөнцийн бүх зүйл хүмүүсийн биет оршин тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд материаллаг ертөнц дэх бүх зүйл өөрсдийнх нь биет амь амьдралаас салшгүй гэдгийг хүмүүс мэдэрдэг учраас ихэнх хүн нүднийх нь өмнөх материаллаг зүйлсийг буюу өөрсдөд нь харагддаг зүйлсийг л мэддэг, хардаг. Гэвч сүнсний ертөнц буюу нөгөө ертөнцийн бүх зүйлийн тухайд ихэнх хүн итгэдэггүй гэж хэлэхэд болно. Хүмүүс үүнийг харж чаддаггүй, сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс юугаараа тэс өөр болох талаар бүү хэл, энэ тухай юу ч ойлгож, мэдэх хэрэггүй гэж боддог бөгөөд Бурханы хувьд нээлттэй, харин хүн төрөлхтний хувьд нууц, хаалттай байдаг учраас энэхүү ертөнцийн янз бүрийн талыг ойлгох замыг олоход хүмүүст хэцүү байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний ярих гэж буй өөр өөр талууд бол зөвхөн Бурханы захиргаа, дээд эрхтэй холбоотой. Би нууцыг илчлэх гээгүй, мөн та нарын олж мэдэхийг хүсдэг ямар ч нууцлагдмал зүйлийг хэлэх гээгүй, учир нь энэ нь Бурханы дээд эрх, Бурханы захиргаа, Бурханы хангалттай холбоотой бөгөөд ийм болохоор Би та нарын мэдэх шаардлагатай хэсгийг л ярина.

Эхлээд Би та нараас нэг асуулт асууя: Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийдөө энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, материаллаг ертөнцийн гаднах ертөнц юм. Харин та нар сүнсний ертөнцийг ямар ертөнц байх учиртай гэж төсөөлж байна вэ? Харж чадахгүй байгаа учраас та нарт төсөөлөгдөхгүй байж магад. Гэхдээ энэ тухай домог сонсох үедээ та нар бодсоор л байх бөгөөд больж чадахгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүүхэд байхад нь олон хүнд тохиолддог нэг зүйл бий: Хий үзэгдэл, сүнсний талаар нэг нь аймшгийн түүх ярихад тэр ухаан алдталаа айдаг. Яагаад тэгдэг вэ? Учир нь тэр эдгээр зүйлийг төсөөлж байдаг; харж чадахгүй ч эдгээр нь өрөөнийх нь хаа сайгүй, ямар нэг далд, харанхуй газарт байгаа санагдан, унтаж чадахгүй болтлоо маш их айдаг. Ялангуяа шөнө өрөөнд юм уу хашаа хороонд ганцаараа байж чаддаггүй. Энэ бол та нарын төсөөлдөг сүнсний ертөнц бөгөөд хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Үнэн хэрэгтээ, хүн бүрд зарим нэг төсөөлөл байдаг ба ямар нэгэн зүйлийг мэдэрч чаддаг.

Сүнсний ертөнцөөс эхэлье. Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт энгийн бөгөөд товчхон тайлбар өгье. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярих болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы захиралт дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршдог эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдаг, үүний үр дүнд хүн төрөлхтний амьдралын дэг журамд ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Энэ нь Бурханы дээд эрхтэй хамаатай юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвийг ярилцаж байгааг минь ойлгоно: Яагаад гэвэл энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнц дэх бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдаг бөгөөд энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, өөр өөр бүсэд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг, Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадгийг, бүх зүйлийг хэрхэн удирдаж, бүх зүйлийг хэрхэн захирдгийг тодорхой мэддэг төдийгүй Бурхан тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Маш их ялгаатай. Энэ нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг учраас энэ нь Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохтой холбоотой. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нэн шаардлагатай гэж бодохгүй байна уу? Та нар доторх нууцыг нь мэдмээргүй байна уу? (Тийм ээ, бид мэдмээр байна.) Энэ бол сүнсний ертөнцийн ухагдахуун юм. Хэдийгээр энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж, Бурханы захиргаа, дээд эрхэд нэгэн зэрэг захирагддаг ч энэ ертөнцөд хандах Бурханы захиргаа, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс хавьгүй хатуу чанд байдаг. Нарийн ширийний тухайд гэвэл, сүнсний ертөнц хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгийн ажлыг хэрхэн хариуцдагаас бид эхлэх хэрэгтэй, учир нь энэ ажил бол сүнсний ертөнцийн оршихуйнуудын ажлын гол хэсэг юм.

Хүн төрөлхтөн дундах бүх хүнийг Би гурван төрөлд ангилдаг. Эхний төрөл нь шашны ямар ч итгэлгүй үл итгэгчид. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх олонх нь мөнгөнд л итгэж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлддөг, тэд материаллаг үзэлтэй бөгөөд амьдрал, үхлийн мөчлөг, шүтээн, хий үзэгдлийн тухай ямар ч ярианд итгэдэггүй, харин материаллаг ертөнцөд л итгэдэг. Би тэднийг үл итгэгчид гэж ангилдаг бөгөөд тэд эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөл нь үл итгэгчдээс өөр, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Би хүн төрөлхтөн дундах эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг хэд хэдэн гол төрөлд хуваадаг. Эхнийх нь Иудейн шашинтан, хоёр дахь нь Католик, гурав дахь нь Христэд итгэгч, дөрөв дэх нь Исламын шашинтан, тавь дахь нь Буддын шашинтан гэсэн таван төрөл байдаг. Эдгээр нь итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Гурав дахь төрөл нь Бурханд итгэдэг хүмүүс бөгөөд энэ нь та нарт хамаатай. Ийм итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэх хоёр төрөлд хуваадаг. Эдгээр үндсэн төрлийг маш тодорхой ялгасан. Иймээс та нар одоо өөрсдийнхөө бодол санаанд хүмүүний төрөл, зэрэглэлийг тодорхой ялгаж чадна, тийм үү? Эхнийх нь үл итгэгчид—үл итгэгчид гэж юу болохыг Би хэлсэн. Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг үл итгэгчид гэж тооцох уу? Олон үл итгэгч Тэнгэр Эцэгт итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа өөрсдийнх нь найддаг энэхүү оршихуй салхи, бороо, аянга гэх мэтийг бүгдийг нь хянадаг гэж тэд итгэдэг атлаа Бурханд итгэх итгэлийн талаар дурдмагц Түүнд итгэхийг хүсдэггүй. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Энэ хүмүүс бүгд үл итгэгчид хамаардаг. Үүнийг ойлгосон биз? Эдгээр ангиллыг бүү андуур. Хоёр дахь төрөл нь итгэл бишрэлтэй хүмүүс. Гурав дахь төрөл нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Би яагаад бүх хүнийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Учир нь янз бүрийн хүмүүс өөр өөр хүрэх газар болон төгсгөлтэй байдаг.) Энэ бол нэг тал нь. Учир нь өөр өөр яс үндэс, төрөлтэй энэ хүмүүс сүнсний ертөнцөд эргэн очихдоо өөр өөр газар луу явж, амьдрал, үхлийн мөчлөгийн өөр өөр хуульд захирагдана. Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсны шалтгаан энэ юм.

1. Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүнийг үхсэнийх нь дараа сүнсний ертөнцийн шийдвэр гүйцэтгэгч авч явдаг. Хүний юуг нь авч явдаг вэ? Махан биеийг нь бус, сүнсийг нь авч явдаг. Сүнсийг нь авч яваад, дөнгөж нас барсан хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар болох сүнсний ертөнцийн товчоо байрлах газарт очдог. (Жич: Үхсэнийхээ дараа хүний очдог эхний газар нь сүнсэнд танил бус байдаг.) Тэднийг энэ газарт аваачих үед албаныхан эхний үзлэг хийж, нэр, хаяг, нас, бүх туршлагыг нь баталгаажуулдаг. Тэгээд амьд байхдаа хийсэн бүхнийг нь номд бүртгэж, үнэн зөвийг нь магадалдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний насан туршийн үйлдэл, хийсэн бүхнийг үндэслэн шийтгэгдэх үү, хүн төрлөө дахин олох уу гэдгийг нь тодорхойлдог ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат аймшигтай байна уу? Хүн харанхуй, үл таних газарт ирснээс өөр зүйл тохиогоогүй учраас энэ тийм ч аймшигтай биш.

Хоёр дахь шатанд, тухайн хүн насан туршдаа олон муу зүйл хийж, олон хорон муу үйл үйлдсэн бол шийтгүүлэхээр шийтгэлийн газарт хүргэгдэнэ. Энэ нь хүмүүсийг тусгайлан шийтгэдэг газар байх болно. Түүний хэрхэн шийтгэгдэхийн нарийн ширийн нь үйлдсэн нүгэл болон үхэхээсээ өмнө хэчнээн олон хорон муу зүйл хийснээс нь хамаардаг—энэ нь хоёр дахь шатанд тохиодог эхний нөхцөл байдал юм. Зарим нь үхэхээсээ өмнө хийсэн муу зүйл, үйлдсэн ёрын муу зүйлээсээ үүдэн шийтгэлийнхээ дараа дахин төрөл олох үедээ—материаллаг ертөнцөд дахин нэг удаа төрөх үедээ—хүн хэвээр үлдэж, зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл, хүн сүнсний ертөнцөд эргэн очоод, үйлдсэн ёрын муу зүйлээсээ болж шийтгүүлдэг; түүнчлэн хийсэн хорон муу зүйлээсээ үүдэн дараа төрөлдөө хүн бус, амьтан болж магадгүй. Тэд үхэр, морь, гахай, нохой зэрэг амьтад болж магад. Зарим хүн тэнгэр дэх шувуу, нугас, галуу болж ч магад… Тэр амьтны төрлийг олсныхоо дараа үхээд сүнсний ертөнцөд эргэж ирдэг бөгөөд урьдын адилаар үхэхийнх нь өмнөх зан байдалд үндэслэн хүний төрлийг дахин олох эсэхийг нь сүнсний ертөнц шийднэ. Ихэнх хүн хэтэрхий их ёрын мууг үйлдэж, нүгэл нь хэт ноцтой байдаг учраас төрлөө дахин олохдоо долоогоос арван хоёр удаа амьтан болдог. Долоогоос арван хоёр удаа гэдэг аймшигтай юу? (Аймшигтай.) Та нарт юу нь аймшигтай байна вэ? Хүн, амьтан болно гэдэг аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл юу вэ? Хэл яриагүй, зөвхөн энгийн бодолтой, амьтдын хийж чадах зүйлсийг л хийж, амьтдын иддэгийг л идэж чадна, мөн амьтдын энгийн сэтгэлгээ, үйл хөдлөлтэй байж, цэх алхаж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй бөгөөд хүмүүсийн зан авир, үйл ажиллагааны аль нь ч амьтадтай огт холбоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундаас амьтан байна гэдэг та нарыг бүх амьд зүйлээс хамгийн дорд нь болгодог бөгөөд хүн байхаас илүү зовлонтой байдаг. Энэ нь маш их мууг хийж, асар их нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгэх сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал юм. Шийтгэл хэр хүнд байх нь түүний ямар төрлийн амьтан болохоор шийдэгддэг. Жишээ нь, гахай байх нь нохой байхаас дээр үү? Гахай нохойноос дээр амьдардаг уу, дор амьдардаг уу? Дор амьдардаг биз дээ? Хүмүүс үхэр, морь болбол гахайнаас дээр амьдрах уу, дор амьдрах уу? (Дээр амьдарна.) Хүн муур болбол илүү тухтай байх уу? Тэр адилхан л амьтан байх бөгөөд муур байх нь морь, үхэр байхаас хавьгүй илүү амар, учир нь муур ихэнх цагаа унтаж өнгөрүүлдэг. Үхэр, морь болбол илүү их хөдөлмөрлөдөг. Тиймээс хэрвээ хүн үхэр, эсвэл морины төрлийг олбол шаргуу ажиллах ёстой—энэ нь хатуу шийтгэлтэй адилхан. Нохой эзэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай байдаг тул нохой болох нь үхэр, морь болохоос арай дээр байдаг. Зарим нохойг гурваас таван жил тэжээсний дараа эздийнхээ хэлдэг үгээс нэлээдийг ойлгож чаддаг. Заримдаа нохой эзнийхээ сэтгэл санааны байдал болон шаардлагад зохицож, эзэн нь нохойдоо илүү сайн хандаж, нохой сайн идэж ууж чаддаг, мөн өвдөх үедээ илүү сайн асруулдаг. Тэгэхээр нохой аз жаргалтай амьдардаггүй гэж үү? Тиймээс нохой байна гэдэг нь үхэр, морь байснаас дээр. Хүний шийтгэлийн хатуу ширүүн байдал нь хэдэн удаа, ямар амьтны төрлийг олохыг нь тодорхойлдог.

Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүн долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж шийтгүүлнэ. Хангалттай олон шийтгүүлээд сүнсний ертөнцөд эргэн очих үед нь түүнийг өөр газар луу аваачдаг. Энэ газар дахь янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгүүлчхээд хүний төрлийг олохоор бэлдэж байгаа төрлийнх байдаг. Энэ газарт, ямар гэр бүлд төрөх, дахин хүн болж төрөөд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтээс нь хамаарч сүнс тус бүрийг төрөл болгон ангилдаг. Жишээ нь, зарим хүн энэ дэлхийд ирээд дуучин болно, иймд түүнийг дуучдын дунд оруулдаг; зарим нь энэ дэлхийд ирээд бизнес эрхлэгчид болно, иймээс түүнийг бизнес эрхлэгчдийн дунд оруулдаг; зарим нь хүн болоод шинжлэх ухааны судлаач болох бол шинжлэх ухааны судлаачдын дунд оруулдаг. Тэднийг ангилсны дараа, өнөөдөр хүмүүс э-мэйл илгээдэг шигээр янз бүрийн цаг, товлосон өдөрт нь илгээдэг. Үүгээр амьдрал, үхлийн нэг мөчлөг гүйцэлдэнэ. Хүн сүнсний ертөнцөд ирсэн өдрөөс эхлэн шийтгэл нь дуусах хүртэлх, эсвэл олон удаа амьтны төрлийг олоод, хүний төрлийг олохоор бэлдэх хүртэлх энэ үйл явц нь бүрэн гүйцэд юм.

Шийтгэгдэж дуусаад дахин амьтан болж төрөхгүй хүмүүс хүн болохоор даруй материаллаг ертөнц рүү илгээгдэх үү? Тэд хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ? Ийм зүйл тохиолдож болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болдог бүх зүйл нь зохих цаг хугацааны хязгаарлалт болон дүрэмд захирагддаг—Би үүнийг тоогоор тайлбарлавал та нар ойлгоно. Богино хугацаанд төрлөө олдог хүмүүсийн хувьд гэвэл нас барах үедээ дахин хүн болж төрөхөөр бэлтгэгдэнэ. Хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүнд энэ нь гурван сар, заримынх нь хувьд гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил гэх мэт болдог. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрмийн талаар ямар нэгэн анхаарах зүйл, хэллэг байдаг уу? Материаллаг ертөнц буюу хүний ертөнцөд сүнс ирэх нь хэрэгцээнд үндэслэдэг: Энэ нь тухайн сүнсний энэ дэлхийд гүйцэтгэх үүргээс хамаардаг. Хүмүүс эгэл хүний төрлийг дахин олох үедээ ихэнх нь маш хурдан төрлөө олж дахин төрдөг, учир нь хүний ертөнцөд ийм эгэл хүмүүсийн хэрэгцээ их байдаг, иймээс тэд гурван өдрийн дараа, нас барахынхаа өмнө байсан гэр бүлээсээ огт өөр гэр бүл рүү дахин илгээгддэг. Гэвч энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэдэг зарим хүн бий. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд энэ хүмүүсийн хэрэгцээ их байдаггүй гэсэн утгатай; ийм үүрэг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй учир тэд бие махбодтой болох хүртлээа гурван зуун жил ч болж болох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү сүнс нь гурван зуун жилд юм уу бүр гурван мянган жилд л нэг удаа ирнэ. Яагаад ингэдэг вэ? Гурван зуу, гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардлагагүй байдаг учраас түүнийг сүнсний ертөнцийн хаа нэгэн газарт хорьж байдаг. Күнзийг жишээ болгон авч үзье. Тэрээр Хятадын уламжлалт соёлд гүн гүнзгий нөлөөлсөн. Тэр ирснээр тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, үзэл санаанд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. Гэхдээ ийм хүн эрин бүрд шаардлагагүй учраас сүнсний ертөнцөд үлдэж, дахин хүн болж төрөх хүртлээ гурван зуу, эсвэл гурван мянган жил хүлээх ёстой. Хүний ертөнцөд энэ хүн шиг хэн нэгэн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон юм. Түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл бага байсан учраас тэр, хүний ертөнцөд өөрийнх нь хэрэгцээ гарахаар илгээгдэх гэж ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэгтээ зүгээр суух ёстой болсон. Ихэнх хүний төрлөө дахин олох давтамжид зориулсан сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм ийм байдаг. Хүмүүс энгийн нэгэн байна уу онцгой нэгэн байна уу хамаагүй, сүнсний ертөнцөд тэдний төрлөө дахин олох явцыг боловсруулахад үйлчилдэг зохих дүрэм, зөв хэрэгжүүлэлт байдаг бөгөөд эдгээр дүрэм болон хэрэгжүүлэлтийг Бурхан илгээдэг, харин сүнсний ертөнцийн аливаа шийдвэр гүйцэтгэгч юм уу оршихуй шийдэж хянадаггүй. Одоо та нар ойлгосон биз дээ?

Тайлбар:

а. Эх бичвэрт “тэд бие махбодтой болох хүртлээ” гэх хэллэг байдаггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих