Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (II хэсэг)

Бурханы ажил болоод Түүний удирдлага тодорхой цэгт хүрэх үед Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс цөм Түүний шаардлагыг биелүүлэх чадвартай байна. Бурхан Өөрийн стандартын дагуу, хүний хүрч чадах зүйлийн дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрийн удирдлагын талаар ярихын сацуу Тэр мөн хүний замыг зааж, амьд үлдэх замаар хүнийг хангадаг. Бурханы удирдлага болоод хүний хэрэгжүүлэлт нь хоёулаа ажлын нэг үе шат бөгөөд нэгэн зэрэг явагддаг. Бурханы удирдлагын тухай яриа нь хүний зан чанарын өөрчлөлтийг хөнддөг бол хүний хийх ёстой зүйл болоод хүний зан чанарын өөрчлөлтийн талаарх яриа Бурханы ажлыг хөнддөг; энэ хоёрыг ямар ч үед салгахын аргагүй. Хүний хэрэгжүүлэлт алхам алхамаар өөрчлөгдөж байгаа. Учир нь Бурханы хүнд тавих шаардлага үргэлж өөрчлөгдөж, Бурханы ажил ч бас үргэлж өөрчлөгдөн, ахин дэвшиж байгаа. Хэрэв хүний хэрэгжүүлэлт хоосон сургаалд баригдсан хэвээр байгаа бол энэ нь, хүнд Бурханы ажил болон удирдамж байхгүйг нотолдог; хэрэв хүний хэрэгжүүлэлт хэзээ ч өөрчлөгдөж, гүнзгийрч байгаагүй бол энэ нь, хүний хэрэгжүүлэлт хүний хүслийн дагуу явагдсаны баталгаа бөгөөд энэ нь үнэний хэрэгжүүлэлт биш юм; хэрэв хүн замнах замгүй бол тэр аль хэдийн Сатаны гарт унаж, Сатаны эрхшээлд орж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэсэн үг билээ. Хэрэв хүний хэрэгжүүлэлт гүнзгийрэхгүй бол Бурханы ажил ч хөгжихгүй, хэрэв Бурханы ажилд ямар ч өөрчлөлт байхгүй бол хүний оролт зогсох болно; энэ нь зайлшгүй. Бурханы бүх ажлын хугацаанд хэрвээ хүн үргэлж Еховагийн хуулийг мөрдөх байсан бол Бурханы ажил ахин урагшлахгүй, тэр ч байтугай бүхий л эрин үеийг дуусгавар болгох боломжгүй байх байв. Хэрэв хүн үргэлж загалмайтай зууралдаж, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлсэн бол Бурханы ажлыг үргэлжлүүлэн урагшлуулах боломжгүй болох байлаа. Зөвхөн хуулийг сахиж, загалмайтай зууралдан, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд зургаан мянган жилийн удирдлагыг дуусгавар болгох нь ердөө боломжгүй. Харин Бурханыг мэддэг, Сатаны савраас мултарч, өөрсдийгөө Сатаны нөлөөллөөс бүрэн ангижруулсан эцсийн өдрүүдийн хүмүүсийн дунд Бурханы удирдлагын бүхий л ажил дуусна. Энэ бол Бурханы ажлын зайлшгүй чиглэл юм. Яагаад шашны сүм дэх хүмүүсийн хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм. Яагаад хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлтийн тухай, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгааны тухай, өмнөх эрин үед хэрэгжүүлэлтийг хэрхэн гүйцэтгэж байсан тухай болон өнөөдөр энэ нь хэрхэн хийгддэг талаар ийм их яриад байгаа юм бэ? Ариун Сүнсний ажил байнга урагшлан ахиж, хүний хэрэгжүүлэлт байнга өөрчлөгдөх шаардлагатай байдаг учраас хүний хэрэгжүүлэлтийг ингэж үргэлж хуваан салгаж ярих ёстой билээ. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөр өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажилладаг ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг учраас тэд Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой бөгөөд үүргээ биелүүлдэггүй босогчид шиг авирлаж болохгүй. Энэ бол Бурханы хүнд тавих цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурхантай хамт байдаггүй. цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Эдгээр хүмүүсийн цугларалт нь шашин гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал болон дүрэм журам хангалттай юм. тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулавч, тэдний амьдран харуулж байгаа зүйл шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт эсвэл гэгээрлийг хүлээн авах эрх ч байхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдал байхгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд мунхаг агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохимжгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулах нь байтугай Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг. Тэдний үг үйлдэл нь хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд ороогүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биетэй алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд албаар өсөрхөж, Түүний эсрэг чигт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чадахгүй байгаа нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд энэ хүмүүсийн Бурханаас санаатайгаар зугтаж байгаа талаар ярихын ч хэрэггүй. Тэд тохирох цээрлүүлэлтийг хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүмүүс тэднийг хараахгүй байж чаддаггүй, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой, харин үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болоод Түүний гэрчлэлтэй ямар ч холбоогүй юм. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай холбоогүй: Энэ нь Түүний нэр болоод Түүний өнөөдрийн ажилтай ямар ч холбоогүй. Энэ хүмүүс өөрсдийгөө басамжлан доромжилж, Сатаныг илэрхийлдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа хүмүүс. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах цээрлүүлэлтэнд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцчихсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг зүйл их байдаг бөгөөд тэдгээр мууг үйлдэгчид аль болох хурдан цээрлүүлэлт хүртэх ёстой гэж тэд итгэдэг. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан дуусаагүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс өөрсдийн зөв шударга бус үйлийг үргэлжлүүлэн хийсээр байна. Зарим хүмүүс, шашны хүмүүст Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажил байдаггүй, тэд Бурханы нэрийг гутаадаг гэж хэлдэг; тэгвэл Бурхан яагаад тэдний увайгүй занг хүлцэн тэвчиж, тэднийг устгахгүй байгаа юм бэ? гэж хэлэх байх. Сатаны илрэл болсон, махан биеийг илэрхийлдэг энэ хүмүүс бол мунхаг, олиггүй, хөгийн хүмүүс билээ. Тэд Бурхан хүмүүсийн дунд хэрхэн ажилладгийг ойлгож авахаасаа өмнө Бурханы уур хилэн ирэхийг харахгүй бөгөөд бүрэн байлдан дагуулагдсаныхаа дараа тэдгээр мууг үйлдэгчид бүгд өөрсдийн цээрлүүлэлтийг хүртэж, нэг нь ч уур хилэнгийн өдрөөс зугтан зайлж чадахгүй. Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш, харин Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол, байлдан дагуулах ажлыг явуулах цаг билээ, харин байгаа тохиолдолд тэд өөрсдийн хийсэн үйлдлийнхээ хүнд ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын явцад Ариун Сүнсний урсгал дотор байгаа бүх хүмүүс Бурхантай холбоотой байдаг. Ариун Сүнсээр жигшигдэн, гологдсон хүмүүс Сатаны нөлөөн дор амьдардаг ба тэдний хэрэгжүүлдэг зүйлс Бурхантай ямар ч холбоогүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, Бурхантай хамтран ажилладаг хүмүүс л Бурхантай холбоотой байдаг, учир нь Бурханы ажил бүх хүн рүү чиглэдэггүй, харин үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс рүү л чиглэдэг. Хүн хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран, Бурханы хийдэг ажилд үргэлж объект байдаг ба энэ нь дур зоргоор хийгддэггүй. Сатантай холбоотой хүмүүс Бурхантай хамтран ажиллахад тохирох нь байтугай, Бурханд гэрчлэл хийхэд ч тохирохгүй.

Ариун Сүнсний ажлын үе шат бүр хүний гэрчлэлийг нэгэн зэрэг шаарддаг. Ажлын үе шат бүр Бурхан, Сатан хоёрын хоорондох тулаан бөгөөд тулааны бай нь Сатан байдаг байхад энэ ажлаар төгс болгуулах нэгэн нь хүн юм. Бурханы ажил үр өгөөжөө өгөх эсэх нь Бурханыг гэрчлэх хүний гэрчлэлийн байдлаас хамаарна. Энэ гэрчлэл нь Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм; энэ нь Сатаны өмнө хийгдэх гэрчлэл, мөн Түүний ажлын үр дүнгийн нотолгоо юм. Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрдэг ба ийм маягаар хүнд тавих шаардлага илүү өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага илүү өндөр болдог. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам, Бурхан улам их алдарыг олж авдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх шаардлагатай гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Иймд Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх уу, үгүй юу, мөн жинхэнэ гэрчлэл байх уу, үгүй юу гэдэг нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэлийг хийх шаардлагатай болно, Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт нь дээд цэгтээ хүрэх болно. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханыг туйлаар хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдрах болно, тэр цагаас хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл эсвэл тэрслүү байдал байхаа болино. Бурхан ч бас хүнд шаардлага тавихгүй, хүн, Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно. Бурханы хөлийн мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралыг олж авч чадахгүй. Тэд бүгд харанхуйд унаж, гашуудан уйлж шүдээ хавирах болно; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Бурханд итгэдэг боловч Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм. Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагах хэрэгтэй бөгөөд ойрхон дагах ёстой. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг. Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил дүрэм журамд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнийг үгүйлэн санагалздаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч Бурхантай дайсагнадаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн дүүрэн болгуулах болно. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлонг амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн дүүрэн болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол байна. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг бүх хүмүүс энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд баригдсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсох болно; тэд бол хүн чанарыг эзэмшсэн агаад Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээр дутагдахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэхгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь асар их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрэн таягдагдах ажил юм. Тэд хэрхэн шалгагдсан байх нь хамаагүй, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил тэдний махан биед ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзлээ өөрчилж, Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг зөвхөн хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм төрлийн олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба өрөвдүүлэх үнэ цэнэгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал эсвэл эцэстээ няцаагдвал тэр даруй бослого гаргадаг. Ердөө нэгхэн шөнийн хооронд тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт мөнхийн дайсан мэт харьцдаг. Хэрвээ эдгээр чөтгөрийг буюу нүд цавчихын төдийд хөнөөж мэдэх чөтгөрүүдийг хөөхгүй бол тэд цаашдын зовлонгийн эх сурвалж болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил, байлдан дагуулах ажлыг дуусгасны дараагаар биелэгдэхгүй. Байлдан дагуулах ажил хэдий дууссан ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; ийм ажил нь, хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн дүүрэн болгуулж, зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй атал дүр эсгэдэг тэр бүх хүмүүс арилсан үед л дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгоогүй хүмүүс бүрэн таягдан хаягдах ба таягдан хаягдсан хүмүүс нь чөтгөрийнх юм. Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй хүмүүс бол Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий тэд өнөөдөр Бурханыг дагадаг ч гэсэн тэд бол эцэстээ үлдэх хүмүүс гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс авралыг хүлээн авна” гэсэн үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр олон хүн, Бурханыг дагана гэдэг амархан зүйл гэж итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч энэ нь, чи бол төгс болгуулах хүмүүсийн нэг юм гэдгийг батлахгүй. Шалгалтыг туулах чадваргүй, гай зовлонгийн дундаас ялж гарах чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй байх бөгөөд тэд Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлын туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаант улсад үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр хайж байгаа эсэх нь түүний ажлын туршилтаар өөрөөр хэлбэл Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан ямар ч хүнийг дур зоргоороо голдоггүй; хүнийг гарцаагүй үнэмшүүлэх нь Түүний хийдэг бүхэн юм. Тэр хүнд үл үзэгдэх юмс эсвэл хүн үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогдох ба хүн үүнийг шийдэж чадахгүй. Мэдээж “буудай үрийн сүүл болохгүй, үрийн сүүл буудай болохгүй” биз дээ. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс эцэстээ хаант улсад үлдэх ба Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч Бурхан зохисгүй хандахгүй. Өөрсдийн өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлд үндэслэн хаанчлал доторх ялагчид, тахилч эсвэл дагалдагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялалттай байсан бүх хүмүүс хаанчлал доторх тахилчдын бүлгэм болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг бий болох болно. Тэр цаг ирэхэд хүний хийх ёстой зүйл нь Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдарах болно. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийх тэдний гэрчлэлээр тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг нэр цол биш. Хүний байр суурь тогтоогдох үед Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн анхдагч байр сууриндаа очно, энэ бол Бурханы ажил гүйцсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэстээ хүн Бурханы хаанчлалд амар амгаланг олж, Бурхан ч гэсэн Өөрийн орших газарт амрахаар буцна. Энэ бол Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?