Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Иовын гэрчлэл Бурханд тайтгарлыг авчирсан

Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгийн утга учрыг үнэлж чадахгүй байж магадгүй бөгөөд Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний цаад санааг ухаарч чадахгүй байж болох юм; гэхдээ та нар Иовынхтэй адил, эсвэл төстэй шалгалтуудыг туулах тэр өдрийг хүртэл хүлээ, Сатаныг дийлж:, уруу таталт, шалгалтын дунд Бурханд гэрчлэл хийхийн тулд бэрхшээл амсах үедээ, та нарт зориулж Бурханы бэлтгэсэн сорилтуудыг туулах үедээ та нар бүх зүйлээ өгч, доромжлол, бэрхшээлийг тэвчих үедээ л—Миний хэлсэн эдгээр үгийн утга учрыг үнэлж чаддаг болно. Тэр үед чи Иовоос хамаагүй дор гэдгээ мэдрэх болно, чи Иов ямар хайр татам гэдгийг, түүнийг дуурайх нь зүйтэй гэдгийг мэдрэх болно; тэр цаг ирэхэд Иовын хэлсэн тэдгээр сонгодог үгс тэр үед амьдарч байсан завхарсан хүнд хэчнээн чухал байсныг чи ухаарах ба мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хэчнээн хэцүү болохыг чи ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг мэдрэх үедээ чи Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшиж, зовниж байсныг үнэлэх бөгөөд тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс хэчнээн өндөр болохыг, мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн, зарцуулсан зүйл хэчнээн эрхэм болохыг чи үнэлэх болно. Одоо та нар эдгээр үгийг сонслоо, Иовын талаарх үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээ та нарт байна уу? Та нарын үзэхэд, Иов үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс, шулуун шударга хүн байсан уу? Ихэнх хүмүүс мэдээж “Тийм” гэж хэлнэ биз ээ. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн, эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байсан. Тиймээс Иов Сатаны сорилтыг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан ба Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цагаас Иовыг хүртэл тайтгарал гэж юу байдгийг, хүн тайтгаруулна гэж юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе энэ байсан бөгөөд Өөрийнх нь төлөө хийсэн жинхэнэ гэрчлэлийг Тэр анх удаа харж, олж авсан нь энэ байсан юм.

Иовын гэрчлэл болон Иовын янз бүрийн талын мэдээ сонсоод ихэнх хүмүүс өөрсдийнхөө урдах замд төлөвлөгөөтэй байх болно гэдэгт Би итгэж байна. Иймээс айдас, түгшүүрээр дүүрэн ихэнх хүмүүс аажмаар бие, сэтгэлийнхээ аль алинд амарч, бага багаар тайвшралыг мэдэрч эхэлнэ гэдэгт Би бас итгэж байна...

Доорх ишлэлүүд нь мөн Иовын тухай тэмдэглэл юм. Үргэлжлүүлэн уншицгаая.

4. Иов Бурханыг чихээрээ сонссон нь

(Иов 9:11) “Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаг.”

(Иов 23:8-9) “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй: Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй: Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй.”

(Иов 42:2-6) “Та бүх зүйлийг хийж чадна, ямар ч бодлыг Танаас нууж чадахгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг ямар хүн байх билээ? Тиймээс би ойлгоогүй юмаа хэлчихлээ; миний мэддэггүй байсан юмс надад дэндүү гайхамшигтай. Сонсооч дээ, би Танаас гуйж байна, би ярья: Би Танаас гуйя, Та Өөрийгөө надад харуулаач дээ. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.”

Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч гэсэн Иов Бурханы дээд эрхэд итгэдэг

Эдгээр үг ямар учиртай юм бэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Мөн тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан захирдагийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах ишлэл байна: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг (Иов 42:5-6). Иов, Бурханыг өөрийн нүдээр харсан гэхээс илүү, Бурханы тухай үлгэр домгоос мэдэж авсныг бид эдгээр үгнээс харж болно. Тэр эдгээр нөхцөл байдалд Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд, дараа нь тэр өөрийнх нь амьдралд, мөн бүх зүйлийн дотор Бурхан оршиж байдгийг нотлосон байна. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байна—тэр нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсныг үл харгалзан, Иов Бурханыг хэзээ ч хараагүй. Энэ тухайд, тэр өнөөгийн хүмүүстэй адилхан байсан биш үү? Иов хэзээ ч Бурханыг хараагүй гэсний утга санаа нь гэвэл, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч Бурхан хаана байдгийг эсвэл Бурхан ямар болохыг эсвэл Бурхан юу хийдгийг мэдээгүй ба эдгээр нь хийсвэр хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол, хэдийгээр тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж, эсвэл түүнтэй ярьж байгаагүй. Энэ баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч гэсэн Иов, Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд бүх зүйлийн дунд, мөн Иов Бурханы тухай өөрийн чихээр сонсож мэдсэн үлгэр домогт Түүний дээд эрхийг харсныхаа дараа тэр Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Бурханыг дагасан Иовын замналын үндэс, үйл явц ийм байлаа. Гэхдээ тэр хэчнээн Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, өөрийн шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч, Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ ишлэлийг уншицгаая. Тэр, “Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаг” (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй—гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч, эсвэл юм хийж, эсвэл хүнийг удирдан чиглүүлж байна гэж төсөөлдөг үе түүнд байсан ч гэсэн, тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг хүлээгээгүй байхад нь Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг, эсвэл Тэр хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.

Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй

Библийн дараах ишлэлд Иов “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй: Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй: Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй” (Иов 23:8-9) хэмээсэн. Энэ тэмдэглэлээс бид, Иовын туулсан амьдралын турш Бурхан бүхий л хугацаанд түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээ ч үгүй, мөн түүнд ямар нэг үг ил шууд хэлээ ч үгүй, гэсэн ч Иов зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй гэж, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд хэдий тэр Бурханыг олж харж чаддаггүй байсан ч Бурхан түүний бүх зүйлийг удирдаад түүний хажууд байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч тэр өөрийнхөө итгэлд өөр ямар ч хүн чадахааргүй үнэнч байж чадсан. Тэд яагаад чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө түүний зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүмүүсийн адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов өөрийн шударга байдлаа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, тэр Бурханыг гомдоохоос айдаг байсны дүнд дахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, тэр эерэг зүйлсийг хэчнээн хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан түүнээс нуугдаж байсан учраас тэр Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Түүнийг хэзээ ч хараагүй учраас тэр итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас тэр Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч түүнд үзэгдээгүй учраас тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг түүнд батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Иовын Бурханд итгэх итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл, эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч хэлэлцэж байгаагүй нэг баримтанд бид өнөөдөр анхаарлаа хандуулах болно. Хэдийгээр Иов хэзээ ч Бурханыг хараагүй, эсвэл Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч гэсэн Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Энэ нь, өмнө дурдсанаар “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм.Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, тайлбаргүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, түүний шийдсэн бүхэн, түүний зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн нь Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, тэр өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийхийг эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн хачин хүслийг ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс нь болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь тэр ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханд ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч гэсэн мөн Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдлүүд нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнасан бөгөөд ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрласан. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, ямар цаг хугацаанд, эсвэл ямар газар байсан ч хамаагүй түүнд тохиолдсон бүхнийг дуртайяа хүлээн авч байсан. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь бол Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй, мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал айлдахыг, эсвэл түүнд ямар нэг заавар өгөхийг сонсоогүй. Өнөөгийн үгээр бол, Бурхан үнэний талаар түүнд ямар ч гэгээрэл, удирдамж, эсвэл хангалт өгөөгүй байхад тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадсан нь үнэ цэнэтэй зүйл байсан ба тэр ийм зүйлсийг харуулсан нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханд сайшаагдаж, Бурханд эрхэмлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд Өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы өмнө гүн онол ярьж, зөвхөн сайрхаж, золиос өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүсээс Иовын зүрх сэтгэл болон тэр өөрөө Бурханд хамаагүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, тэр хүн чанарын хувьд үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байсан, тэр шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрладаг байсан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах байсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж чадна, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах хэмжээнд хүрэх юм. Зөвхөн тийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадах юм. Яагаад гэвэл, тэр Бурхан түүнийг ерөөж, эсвэл түүнд гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гарт захирагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг бол тэнэг зан, мунхаглал, бодлогогүй байдал, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлздэг ба Бурханаас эмээдэггүйн шинж гэдгийг тэр мэддэг байсан юм. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Тэгэхээр Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон айлдвар цөөхөн байсан учраас Бурханы талаар мэдлэг олж авах нь амаргүй хэрэг байжээ. Иовын тийм амжилт шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг биеэр ч үзээгүй, Бурханы ярьж байгааг хэзээ ч сонсоогүй, мөн Бурханы нүүр царайг хараа ч үгүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадсан нь бүхэлдээ түүний хүн чанар болон түүний хувийн мэрийлт буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, мэрийлтийн үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан “түүн шиг төгс ба шулуун шударга хүн дэлхийд нэг ч хүн байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Бурхан түүний талаар аль хэдийн ийм үнэлгээ хийж, ийм дүгнэлтэнд хүрсэн байсан. Энэ нь өнөөдөр хэр зэрэг илүү үнэн байх байсан бэ?

Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь хүнд Түүнийг мэдэгдэхэд хангалттай юм

Иов Бурханы царайг хараагүй, эсвэл Бурханы хэлсэн үгийг сонсоогүй, тэр ч бүү хэл Бурханы ажлыг тэр өөрийн биеэр үзээгүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн түүний гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшаасан бөгөөд хүмүүс атаархаж, тэдгээрийг биширч, цаашлаад үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, эсвэл ер бусын юм юу ч байгаагүй: тэр бусад энгийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байсан. Ялгаа нь гэвэл, энэ жирийн хэдэн арван жилийн туршид тэр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замаар орох мэдлэг ухааныг олж авсан ба Бурханы агуу хүч чадал болон дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү ухаантай байгаагүй, түүний амьдрал нэг их зүдэргээтэй байгаагүй, цаашлаад, түүнд онцгой далд авьяас ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн, чигч зан чанар, шударга ёс болон зөвт байдлыг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээрийн алийг ч ихэнх эгэл хүмүүс эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодолдоо ухамсартай байсан, тиймээс дэлхий дээрх энгийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов яагаад олж авч чадсаны эхний шалтгаан бол тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан явдал юм. Хоёр дахь шалтгаан нь түүний мэрийлт байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх түүний мэрийлт байв. Бурханыг харж, эсвэл Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлсийг эзэмшиж, мэрийсэн; хэдий тэр Бурханыг хэзээ ч хараагүй боловч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр тэр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байсан. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний үзэхэд, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан ба Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх жирийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс тэр Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч чадсан ба Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож ухаарахад Иовд саад болоогүй, мөн тэдгээр нь Бурхан бүх зүйлд дээд эрхтэй байдаг талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь, түүний өдөр тутмын амьдралын үед бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулалтын биелэл байсан юм. Бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хуулийг захирч Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлж байдаг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы үгийг тэр өдөр тутмын амьдралдаа сонсож, ойлгосон юм. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, мэрийлттэй байх юм бол тэд Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, чигч байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүйгээр бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм. Иов шиг эгэл хүн Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг биелүүлж чадсан байхад Бурханыг дагадаг эгэл хүн болгон бас чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг зохистой дүгнэлт мэт сонсогдож болох боловч энэ нь юмсын хуульд харшлахгүй. Гэтэл баримтууд найдсанаас өөр байв: Бурханаас эмээж, муугаас зайлахыг Иов, гагцхүү Иов л сахих зүйл мэт харагддаг. “Бурханаас эмээж, муугаас зайлах” талаар дурдахад хүмүүс, Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусдад хамаагүй мэт үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж боддог. Үүний шалтгаан тодорхой: Учир нь, зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэлтэй, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадсан. Та нар бүгдээрээ энд буй цаад учрыг ойлгосон байх ёстой—энэ нь юу вэ гэхээр, үнэнч, өрөвч зөөлөн, шулуун шударга агаад шударга ёс болон зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг хүн чанарыг хэн ч эзэмшээгүйн улмаас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс тэд хэзээ ч Бурханы баяр хөөрийг олж авч, эсвэл шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь бас Иовоос бусад бүх хүмүүс мөн л Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа, тэд бүгд тэрэнд буруушаагдаж, довтлуулж, хүчирхийлүүлж байдаг ба тэднийг Сатан залгихаар оролддог, тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн үг юм.

Хүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнаж байгаа бол тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ

Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовынхтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанарын мөн чанар ба Бурханд хандах хандлага нь ямар вэ? Тэд Бурханаас эмээдэг үү? Тэд муугаас зайлдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй хүмүүсийг хоёр үгээр дүгнэн хэлж болно: Бурханы дайснууд. Та нар энэ хоёр үгийг үргэлж хэлдэг боловч жинхэнэ утга учрыг нь ерөөсөө мэдээгүй. “Бурханы дайснууд” гэсэн үгэнд мөн чанар байдаг: Энэ нь Бурхан хүнийг дайснаа гэж хардаг гээгүй, харин хүн Бурханыг дайснаа гэж хардаг гэж байна. Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үедээ өөрийн зорилго, учир шалтгаан, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэдэг ба Бурханы оршин тогтнолыг харсан боловч Бурханд итгэх тэдний итгэл мөн л тэдгээр учир шалтгааныг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх тэдний эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг. Хүмүүсийн амьдралын туршлагаас харвал, би гэр бүл, ажил мэргэжлээ Бурханы төлөө хаясан гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу? ... гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга, дандаа ийм тооцоо хийж, өөрсдийн учир шалтгаан, хүсэл эрмэлзэл, тохиролцоо агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө зорилгын төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан түүнд хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханд Бурхан гэж ханддаггүй. Тэр үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүртээ Түүнийг шахаж, нэг ямхыг өгөхөд нь нэг бээрийг авах гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн мөн Түүнтэй маргадаг бөгөөд тэр ч байтугай өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг тийм хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийн “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх итгэлийн ухагдахууны талаарх тэдний гүн гүнзгий ойлголт юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний хийсвэр мэрийлт хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Хүний Бурханд итгэх зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, тэр нь урвалт, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдлыг, эсвэл эерэг зүйлийг хайрладаггүй ба жигшмээр бөгөөд шуналтай юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж чадахгүй; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн том төлөөс төлсөн ч, эсвэл Тэр хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, тэр өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л зөвхөн хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, эсвэл Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байдаггүй, мөн тэр Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм. Одоо Иовыг дахин харцгаая. Юун түрүүнд, тэр Бурхантай тохиролцоо хийсэн үү? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримтлахдаа тэр далд санаа агуулж байсан уу? Тэр үед Бурхан ирж буй төгсгөлийн талаар хэн нэгэнд хэлсэн үү? Тэр үед Бурхан төгсгөлийн талаар хэнд ч амлалт өгөөгүй бөгөөд ийм байхад л Иов Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өнөөдрийн хүмүүсийг Иовтой харьцуулж болох уу? Хэтэрхий их ялгаа бий, тэд өөр өөр чанартай. Хэдийгээр Иов Бурханы талаар их мэдлэгтэй байгаагүй ч гэсэн зүрх сэтгэлээ Бурханд өгсөн ба тэр нь Бурханд харьяалагдаж байсан. Тэр хэзээ ч Бурхантай наймаалцаж байгаагүй, Бурханаас хэтэрхий ихийг хүсэж, шаардаж байгаагүй; тэгэхийн оронд тэр “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэж итгэдэг байсан. Энэ нь олон жилийн амьдралынхаа туршид Бурханаас эмээж, муугаас зайлах замд үнэнч байснаар түүний харж, олж авсан зүйл юм. Түүнчлэн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн үр дүнг олж авсан. Энэ хоёр өгүүлбэр нь, туулсан амьдралы нхаа явцад Бурханд дуулгавартай байсан хандлагынхаа үр дүнд түүний харж, мэдэж авсан зүйл байсан ба тэдгээр нь мөн Сатаны сорилтыг ялан дийлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болсон бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсох суурь нь байсан юм. Энэ мөчид та нар Иовыг хайр татам хүн гэж төсөөлж байна уу? Та нар тийм хүн болно гэж найдаж байна уу? Та нар Сатаны сорилтыг туулахаас айж байна уу? Иовынхтой адилхан шалгалтуудыг та нарт тулгах талаар Бурханд залбирах гэж шийдсэн үү? Ямар ч эргэлзээгүйгээр, ихэнх хүмүүс ийм зүйлийн төлөө залбирч зүрхлэхгүй. Тэгэхээр та нарын итгэл өрөвдмөөр өчүүхэн гэдэг нь илэрхий; Иовтой харьцуулбал, та нарын итгэлийг ер дурдахын ч хэрэггүй. Та нар Бурханы дайснууд, та нар Бурханаас эмээдэггүй, та нар Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох чадваргүй бөгөөд Сатаны дайралт, буруушаалт, сорилтуудыг ялах чадваргүй. Юу та нарыг Бурханы амлалтыг хүлээж авах эрхтэй болгож байгаа юм бэ? Иовын түүхийг сонсож, хүнийг аврах Бурханы санаа болон хүний авралын утга учрыг ойлгоод та нарт одоо Иовынхтой адил шалгалтуудыг хүлээн авах итгэл байна уу? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг өөрсөддөө зөвшөөрөх бага ч гэсэн шийдвэр та нарт байх ёстой биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

00:00
00:00

0Хайлтын үр дүн