Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

IV хэсэг

3. Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь

(Эхлэл 9:11–13) Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь гэвэл: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно” гэв.

Одоо Бурхан хүнтэй байгуулсан Өөрийн гэрээний тэмдэг болгож яаж солонго татуулсан талаарх бичээсийн хэсгийг авч үзье.

Ихэнх хүмүүс солонго гэж юу байдгийг мэдэх ба солонготой холбоотой зарим нэг түүх сонссон байх. Библи дэх солонгын тухай түүхийн тухайд гэвэл зарим хүмүүс үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад үлдсэн нь үүнд ерөөсөө итгэдэггүй байна. Ямар ч байсан солонготой холбоотойгоор тохиолдсон бүхэн нь Бурханы нэгэнтээ хийсэн зүйлс ба Бурханы хүнийг удирдах үйл явцын үеэр болсон явдал юм. Эдгээр зүйлс нь Библид яг тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр тэмдэглэлүүд нь бидэнд Бурхан тэр үед ямар байсныг эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгсийн цаана ямар санаа байсныг хэлдэггүй. Цаашлаад Бурхан эдгээр үгээ хэлж байхдаа юу мэдэрч байсныг хэн ч ойлгож чаддаггүй. Гэвч Бурханы энэ бүх зүйлтэй холбоотой сэтгэл санааны байдал нь уг бичвэрийн мөрүүдийн хооронд илэрч байна. Түүний тэр үеийн бодол нь Бурханы үгийн хэллэг, үсэг бүрээр дамжуулан даруй тодорхой болж байгаа мэт байна.

Бурханы бодол нь хүмүүсийн анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авахаар хамгийн их хичээх ёстой зүйл юм. Учир нь Бурханы бодол нь Бурханы талаарх хүний ойлголттой нарийн холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролттой салшгүй холбоотой юм. Тэгвэл эдгээр зүйлсийг болж байхад Бурхан юу бодож байсан бэ?

Анх Бурхан хүнийг бүтээхэд Түүний нүдээр тэр маш сайн бөгөөд Түүнд ойр байсан боловч Түүний эсрэг боссоныхоо дараа тэд үерээр устгагдсан. Ийм хүн төрөлхтөн хормын дотор ингэж алга болсон нь Бурханыг шархлуулсан уу? Мэдээж шархлуулсан! Тэгвэл Тэр энэ шаналалаа юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн байдаг вэ? Энэ нь Библид ингэж тэмдэглэгдсэн байдаг: “Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй.” Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл нь Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амьдралаар дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүмүүсээр дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил байхгүй, амьд амьтан байхгүй, хаа сайгүй ус бөгөөд усны гадаргуу дээр үнэхээр замбараагүй байсан. Тэр дэлхий ертөнцийг бүтээх үед ийм дүр зураг нь Бурханы анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа нь газраар дүүрэн амьдрал цэцэглэж, Түүнд шүтэн мөргөж, Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг биш зөвхөн Ноа биш харин Түүний бүтээсэн хүмүүс Түүнд шүтэн мөргөж байхыг харах явдал байсан. Хүн төрөлхтөн алга болсны дараа Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлээ бус харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шархлахгүй байх юм бэ? Иймд Өөрийн зан чанараа илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй гэсэн амлалт буюу хүнтэй байгуулсан гэрээ болгож үүлэнд нум (тайлбар: бидний хардаг солонго) татуулах. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт ертөнцийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүн төрөлхтөнд үүрд сануулахын тулд байсан.

Энэ удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Энэ бол Бурханы хүссэн зүйл огт биш байсан. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар өрөвдөлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Одоогийн хүмүүс ч бай тэр үеийн хүмүүс ч бай хэн нь ч, дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурхан юу мэдэрч байсныг төсөөлж эсвэл ойлгох чадваргүй юм. Бурхан хүний дуулгаваргүй байдлаас болж үүнийг хийхэд хүрсэн боловч дэлхийг үерээр сөнөөснөөс болж Бурханы туулсан зүрх сэтгэлийн шаналлыг бодитоор ойлгож, мэдрэх хүн байхгүй. Тийм учраас Бурхан хүмүүстэй гэрээ байгуулсан ба энэ нь Бурхан нэгэн цагт ийм юм хийсэн ба Бурхан дахиж ийм аргаар ертөнцийг хэзээ ч сөнөөхгүй гэсэн амлалтыг өгсөн гэдгийг хүнд сануулахын төлөө байсан. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгахдаа Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ Түүний зүрх цусаар уйлж байсан. Энэ нь бидний хамгийн сайн дүрслэл биш гэж үү? Эдгээр үгсийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэт багадах боловч Надад бол тийм ч муу биш, хэт хэтрүүлэггүй санагдаж байна. Дор хаяж энэ нь та нарт Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголтыг өгч байна. Одоо та нар дахиж солонго харах юм бол юу гэж бодох вэ? Ядаж та нар Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санах болно. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүмүүсийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл нь шархалж, тавьж явуулахаар чармайж, аргагүй байдалд орж, тэсвэрлэх аргагүй байдлыг мэдэрч байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайвшрал нь найман хүнтэй Ноагийн гэр бүл байв. Ноагийн хамтын ажиллагаа л Түүний бүх зүйлийг бүтээх гэсэн нямбай ажиллагааг үнэ цэнэтэй болгож байсан. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний өвдөлтийг нөхөх ганц зүйл болж байсан. Энэ талаасаа Бурхан Өөрийн хүн төрөлхтөнд зориулсан бүхий л найдвараа Ноагийн гэр бүлд тавьсан ба тэд Түүний хараал дор биш Түүний ерөөл дор амьдарч, Бурхан дэлхийг үерээр устгахыг хэзээ ч дахин харахгүй байж, тэд өөрсдөө ч устгагдахгүй байх болно гэж найдаж байсан.

Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнасан тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан Түүний анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгаж байх үед ч Түүний зүрх сэтгэл хэвээрээ үлдсэн. Хүн төрөлхтөн тодорхой хэмжээгээр Бурханд ялзрал болон дуулгаваргүй байдлаар хандах үед Бурхан Өөрийн зан чанар, Өөрийн мөн чанарынхаа улмаас болон Өөрийн зарчмын дагуу энэ хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанарын улмаас Бурхан хүн төрөлхтнийг өрөвдсөөр байсан бөгөөд хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга хэрэглэхийг ч хүсэж байсан. Харин хүн оронд нь Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан, өөрөөр хэлбэл Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан юм. Бурхан яаж тэднийг дуудаж, тэдэнд сануулж, тэднийг хангаж, тусалж эсвэл тэвчсэн нь хамаагүй хүмүүс үүнийг нь ойлгоогүй эсвэл ухаараагүй бөгөөд тэд ямар ч анхаарал хандуулаагүй юм. Түүнд хэцүү байсан боловч Бурхан хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлаж, хүн бүрэн өөрчлөгдөхийг хүлээж байсан. Тэр Өөрийн хязгаартаа хүрсний дараа Өөрийн хийх хэрэгтэй зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийсэн. Өөрөөр хэлбэл Бурхан хүн төрөлхтнийг устгах төлөвлөгөөг гаргасан мөчөөс эхлээд хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа болон үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд бүрэн өөрчлөгдөх боломж олгох зорилгоор оршиж байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байсан. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах болон ухуулах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл ямар их өвдөлт, уй гашуутай байсан ч Тэрээр үргэлжлүүлэн Өөрийн халамж, анхаарал болон баялаг өршөөлийг хүмүүст өгсөөр байсан. Үүнээс бид юуг харж байна вэ? Эргэлзээгүйгээр, Бурханы хүн төрөлхтөнд өгсөн хайр нь зүгээр нэг дүр үзүүлэх явдал биш харин бодитой гэдгийг бид олж хардаг. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, ойлгогдохуйц бөгөөд хуурамч, хиймэл, овжин эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан Өөрийгөө хайр татам гэдгийг хүмүүст харуулахын тулд хэзээ ч ямар нэг заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гаргаж ирэхийн тулд хэзээ ч худлаа гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр талууд нь хүний хайрыг хүртэх эрхтэй юу? Тэдгээрийг шүтэн мөргөхүйц биш гэж үү? Тэдгээрийг нандигнахуйц биш гэж үү? Яг энд Би та нараас асуумаар байна: Эдгээр үгсийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд, агуу байдал, ариун байдал, тэвчээр, хайр гэх мэт—энэ бүхэн нь Бурханы зан чанарын болон мөн чанарын янз бүрийн талууд нь Түүнийг Өөрийн ажлаа хийх болгонд оролцдог ба Түүний хүнд хандсан хүсэлд биеллээ олж, хүн нэг бүр дээр гүйцэтгэгдэж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхээс үл хамааран Бурхан хүн бүрийг боломжит бүх аргаар халамжилж байдаг ба Өөрийн чин зүрхийг, мэдлэгийг болон янз бүрийн аргыг хэрэглэн хүн бүрийн зүрхийг дулаацуулж, хүн бүрийн сүнсийг сэрээж байдаг. Энэ нь маргаангүй үнэн юм. Энд хэчнээн ч хүн сууж байсан хамаагүй хүн бүр Бурханы хүлээцтэй байдал, тэвчээр болон хайр татам байдлын талаар өөр өөр туршлага болон мэдрэмжтэй байгаа. Бурханы тухай эдгээр туршлага, эдгээр мэдрэмж эсвэл Түүний тухай баталгаанууд нь—товчхондоо энэ бүх эерэг зүйлс нь Бурхнаас ирдэг юм. Тэгэхээр Бурханы тухай хүмүүсийн эдгээр туршлага, мэдлэгийг нэгтгэн, бидний өнөөдөр Библиэс уншсан зүйлтэй нийлүүлбэл та нар одоо Бурханы талаар илүү бодитой бөгөөд зөв ойлголттой болж байна уу?

Энэ түүхийг уншиж, энэ үйл явдлаар дамжуулан илчлэгдсэн Бурханы зан чанарын талаар ойлгосныхоо дараа та нар Бурханы талаар ямар цоо шинэ ойлголттой болсон бэ? Энэ нь та нарт Бурхан болон Түүний зүрх сэтгэлийн талаар илүү гүнзгий ойлголт өгсөн үү? Одоо та нар Ноагийн түүхийг дахин харахдаа өөрөөр мэдэрдэг үү? Та нарын бодлоор эдгээр Библийн ишлэлүүдийг хэлэлцэх хэрэггүй байсан уу? Одоо бид үүнийг хэлэлцсэний дараа та нар үүнийг хэрэггүй байсан гэж бодож байна уу? Хэрэгтэй байсан, тийм биз? Бидний уншиж буй зүйл түүх боловч энэ нь Бурханы нэгэн цагт хийсэн ажлын тухай үнэн бичвэр юм. Миний зорилго бол та нарт эдгээр түүхийн нарийвчилсан мэдээллийг эсвэл энэ дүрийг ойлгуулах биш, мөн та нараар энэ дүрийг судлуулах биш, та нараар буцаж Библийг судлуулах ч бас биш юм. Та нар ойлгож байна уу? Эдгээр түүх та нарын Бурханы тухай мэдлэгт тус болсон уу? Энэ түүх та нарын Бурханы тухай мэдлэгт юуг нэмэрлэсэн бэ? Хонконгийн чуулганы ах, эгч нар бидэнд хэлээч. (Бурханы хайр гэдэг нь бидэн шиг ялзарсан хүмүүсийн эзэмшдэг зүйл биш гэдгийг бид харсан.) Солонгосын чуулганы ах, эгч нар бидэнд хэлээч. (Бурханы хүнд зориулсан хайр нь бодитой. Бурханы хүнд зориулсан хайр нь Түүний зан чанар болон Түүний агуу, ариун байдал, дээдийн дээд, мөн Түүний хүлээцтэй байдлыг агуулдаг. Ийм түүхээр дамжуулан бид энэ бүхэн нь Бурханы зан чанарын нэгээхэн хэсэг бөгөөд энэ талаар илүү гүнзгий ойлгохоор оролдох нь үнэ цэнэтэй юм гэдгийг бид илүү сайн ухаарч чаддаг.) (Энэхүү харилцан яриагаар дамжуулан нэг талаас би, Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг харж чаддаг ба мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарлыг, хүн төрөлхтнийг өршөөх Бурханы өршөөл болон Бурханы хийж байгаа бүхэн, Түүнд байгаа бодол, санаа бүхэн нь хүн төрөлхтнийг гэсэн Түүний хайр болон халамжийг илчилдэг гэдгийг харж чадна.) (Урьд нь би, хүн төрөлхтөн тодорхой түвшинд муу ёрын болсноос үүдэн Бурхан дэлхийг үерээр сөнөөсөн ба Бурхан тэднийг үзэн яддаг байсан тул хүн төрөлхтнийг устгасан гэж ойлгож байсан. Өнөөдөр Бурхан Ноагийн тухай түүхийг ярьж, Бурханы зүрх сэтгэлээс цус урсаж байсан гэж хэлсний дараа л би, Бурхан тэр хүмүүсийг тавьж явуулахыг үнэндээ хүсээгүй гэдгийг ойлгосон. Хүн төрөлхтөн хэтэрхий дуулгаваргүй байсан учраас л Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болсон юм байна. Үнэндээ тухайн үед Бурханы зүрх сэтгэл маш гунигтай байсан. Эндээс би Бурханы зан чанар дахь Түүний хүн төрөлхтөнийг гэсэн халамж, анхаарлыг харж байна. Үүнийг би өмнө нь мэддэггүй байсан.) Маш сайн байна! Та нар дараа нь ярьж болно. (Үүнийг сонссоны дараа миний сэтгэл их хөдөллөө. Би өмнө нь Библийг уншиж байсан боловч бидэнд Өөрийгөө мэдүүлэхийн тулд Бурхан өнөөдрийнх шигээ эдгээр зүйлсийг шууд задлан шинжилж байсныг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Бурхан бидэнд Библийг харуулж, хүний ялзралаас өмнөх Бурханы мөн чанар нь хүн төрөлхтөнд зориулсан хайр, халамж гэдгийг заалаа. Хүн төрөлхтөн ялзарснаас эхлээд одооны эцсийн өдрүүд хүртэл Бурханд зөвт зан чанар байгаа хэвээр хэдий ч, Түүний хайр болон халамж нь өөрчлөгдөөгүй. Хүн ялзарсан эсэхээс үл хамааран бүтээлийн цаг үеэс одоог хүртэл Бурханы хайрын мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөөгүйг энэ нь харуулж байна.) (Өнөөдөр би Бурханы мөн чанар нь цаг хугацаа болон Түүний ажлын байрлал өөрчлөгдсөнөөс үүдэн хувирч өөрчлөгддөггүй гэдгийг харлаа. Мөн би Бурхан дэлхий ертөнцийг бүтээж байгаа эсвэл хүн ялзарсны дараа үүнийг устгаж байгаагаас үл хамааран Түүний хийсэн бүхэн утга учиртай бөгөөд Түүний зан чанарыг агуулдаг гэдгийг харлаа. Энэнээс би Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй гэдгийг, мөн бусад ах, эгч нарын дурдсанаар дэлхийг устгах үедээ Бурханы хүн төрөлхтөнд өгсөн халамж болон өршөөлийг олж харлаа.) (Эдгээр нь өмнө нь миний үнэхээр мэддэггүй байсан зүйлс юм. Өнөөдөр сонссоныхоо дараа би Бурхан бол үнэхээр итгэл хүлээсэн, үнэхээр найдвартай, итгүүштэй бөгөөд Тэр үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрлээ. Бурханы зан чанар болон хайр нь үнэхээр ийм бодитой гэдгийг би жинхэнээсээ, зүрх сэтгэлдээ ухаарч чадна. Энэ бол өнөөдөр үүнийг сонссоны дараах миний мэдрэмж юм.) Маш сайн байна! Та нар сонссон бүхнээ зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм шиг байна.

Та нар өнөөдрийн бидний хэлэлцсэн Библийн ишлэлүүдээс авхуулаад Библийн бүх ишлэлээс ямар нэг тодорхой баримтыг анзаарсан уу? Бурхан хэзээ нэг цагт Өөрийн бодол эсвэл Өөрийн хүн төрөлхтөнд зориулсан хайр болон халамжийг илэрхийлэхдээ Өөрийн хэлийг ашиглаж байсан уу? Тэрээр энгийн хэл ашиглан хүн төрөлхтөнд хэр их санаа тавьж, хайрладаг гэдгээ хэлснийг батлах тэмдэглэл байгаа юу? Үгүй! Тийм биш гэж үү? Та бүхний дунд Библийг болон Библиэс өөр номууд уншсан хүмүүс олон байгаа. Та нарын дунд ийм үгс харсан хүн байна уу? Хариулт нь мэдээж үгүй! Учир нь Бурханы үгс болон Бурханы ажлын баримтыг агуулсан Библийн бичлэгт Бурхан, Өөрийн мэдрэмжийг дүрсэлж эсвэл хүн төрөлхтөнд зориулсан Өөрийн хайр болон халамжийг илэрхийлэхдээ ямар ч эрин үе эсвэл цаг хугацаанд Өөрийн арга барилыг ашиглаж байгаагүй ба Өөрийн мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг дамжуулахдаа Бурхан, яриа буюу ямар нэгэн үйлдлийг хэзээ ч ашиглаагүй—энэ нь баримт биш гэж үү? Би яагаад үүнийг хэлж байна вэ? Би яагаад үүнийг дурдах хэрэгтэй болсон бэ? Учир нь энэ нь мөн Бурханы хайр татам байдал болон Түүний зан чанарыг агуулдаг.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс эсвэл тэд Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран Бурхан хүмүүст, Өөрийн хайртай хүмүүс гэж ханддаг—эсвэл хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд хамгийн эрхэм хүмүүс гэж үздэг болохоос тэднийг Өөрийн тоглоом гэж үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны бага зэрэг ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр Бурханы хүн төрөлхтний төлөө хийсэн бүхэн нь ийм төрлийн харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтөнд санаа тавьж, тэдэнд халамжаа үзүүлэхээс гадна мөн хүн төрлөхтнийг тогтмол, тасралтгүй хангаж байдаг. Зүрх сэтгэлдээ Тэр хэзээ ч үүнийг нэмэлт ажил эсвэл маш их гавъяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэднийг бүх зүйл дээр тэтгэж байгаа нь хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байгаа гэж боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан сэмхэн чимээгүй хангаж байдаг. Хүн төрөлхтөн Түүнээс хэчнээн ч их хангамж, тусламж авч байх нь хамаагүй Бурхан хэзээ ч гавъяа зүтгэлийн тухай бодож хүртэхийг оролдож байгаагүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба мөн энэ нь Бурханы зан чанарын үнэн илэрхийлэл юм. Ийм учраас Библи болон бусад номын алинаас ч бид Бурхан хүн төрөлхтнийг Өөртөө талархуулж эсвэл Өөрийгөө магтуулахын тулд Өөрийн бодлоо илэрхийлснийг болон Бурхан хүмүүст яагаад эдгээр зүйлсийг хийснээ эсвэл Тэр яагаад хүн төрөлхтний төлөө ингэж их санаа тавьдгаа тайлбарласныг болон зарласан илэрхийллийг хэзээ ч олохгүй. Тэр шархалж, Түүний зүрх сэтгэл хүчтэй өвдөж байсан ч Тэр хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа эсвэл хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг хэзээ ч мартдаггүй ба энэ бүх хугацаанд Тэр энэ өвчин шаналлаа ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Эсрэгээрээ, Бурхан Өөрийн үргэлж хийдгээрээ хүн төрөлхтөнийг хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтан дуулж эсвэл Түүнд гэрчлэл хийдэг боловч эдгээр зан авирын нэгийг нь ч Бурхан шаарддаггүй юм. Учир нь Бурхан Өөрийн хүн төрөлхтөнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих эсвэл хариу авах санаагүй байдаг. Нөгөө талаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг бүх хүмүүс байнга Бурханы ерөөлийг хүлээн авах ба Бурхан ийм ерөөлийг юу ч үлдээлгүйгээр хайрлах болно. Цаашлаад хүмүүсийн Бурханаас авч байгаа ерөөл нь тэдний төсөөллөөс давсан байдаг ба мөн хүмүүс хийсэн зүйлээрээ эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж авч чадахааргүй байдаг. Хүн төрөлхтөн Бурханы ерөөлийг эдэлж байхад Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурхан юу мэдэрч байгаа талаар анхаарал тавьдаг хүн байдаг уу? Бурханы өвдөлтийг ойлгохоор хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын тодорхой хариулт нь: Үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан өвдөлтийг ойлгох чадвартай ямар нэг хүн Ноаг оруулаад, бий юу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг ойлгож чадах хүн байна уу? Тэд чадахгүй! Тэд Бурханы өвдөлтийг ойлгодоггүйгээс болж, мөн Бурхан хүн хоёрын хоорондох зайнаас эсвэл тэдний байр суурийн ялгаанаас болж хүн төрөлхтөн Бурханы өвдөлтийг үнэлдэггүй юм биш; харин энэ нь, хүн төрөлхтөн Бурханы ямар ч мэдрэмжийн талаар санаа тавьдаггүйгээс болдог. Хүн төрөлхтөн Бурхан бол бие даасан—Түүнийг халамжилж, Түүнийг ойлгож, Түүнд анхаарлаа хандуулах хүмүүс Бурханд хэрэггүй гэж боддог. Бурхан бол Бурхан, иймд Тэр өвддөггүй, сэтгэл хөдлөл байдаггүй; Тэр гуниглахгүй, Тэр уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаггүй. Бурхан бол Бурхан, иймд Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайвшрал хэрэггүй. Хэрэв ямар нэг байдлаар Түүнд эдгээр нь хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдэх ба хүн төрөлхтний ямар ч тусламж шаардлагагүй. Эсрэгээрээ сул дорой, төлөвшөөгүй хүмүүст л Бурханы тайтгарал, хангамж, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг хэзээ ч, хаана ч тайвшруулах хэрэгтэй байдаг. Ийм бодол хүн төрөлхтний зүрх сэтгэлийн гүнд нуугдаж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж байх ёстой, тэдэнд Бурханаас хүлээн авч байгаа халамж хэрэгтэй байдаг ба тэд өөрсдийнх гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой байдаг. Бурхан бол хүчтэй; Түүнд бүх юм байдаг, Тэр хүн төрөлхтний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр аль хэдийн Бурхан болохоор бүхнийг чадагч бөгөөд хүн төрөлхтний юу ч Түүнд хэрэггүй.

Хүн Бурханы ямар нэг илчлэлд анхаарал хандуулдаггүйтэй адил тэр Бурханы гуниг, өвдөлт болон баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Харин эсрэгээрээ, Бурхан хүний бүх илэрхийллийг Өөрийн алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг цаг тухай бүрд нь, хэрэгтэй газарт нь хангаж, хүн бүрийн өөрчлөгдөж буй бодлыг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, тэднийг чиглүүлэн гэрэлтүүлж байдаг. Бурханы хүн төрөлхтөнд хийсэн бүх зүйл, тэдний төлөө Түүний төлсөн бүх төлөөсийг авч үзвэл хүмүүс, Библийн бичвэрүүд болон Бурханы одоог хүртэл хэлсэн зүйлсээс Бурхан хүнээс ямар нэг зүйл шаардах болно гэж тодорхой бичсэн зүйлийг олж чадах уу? Үгүй! Эсрэгээрээ хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүн төрөлхтнийг дахин дахин замчилж, байн байн хүн төрөлхтнийг хангаж тэдэнд тусалж, тэдний төлөө Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очиход нь зориулан тэднийг Бурхан замаар дагуулдаг. Харин Бурханы тухайд бол Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь юу ч үлдээлгүйгээр Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст өгөгдөх болно. Гэвч Тэр Өөрийн амсаж байгаа өвдөлтөө эсвэл Өөрийн сэтгэл санааны байдлаа хэнд ч, хэзээ ч үзүүлдэггүй ба Тэр, Түүнд анхаарлаа хандуулахгүй байна гэж эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэр зүгээр л энэ бүгдийг чимээгүй үүрч, хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадах өдрийг хүлээж байдаг.

Би яагаад энд эдгээр зүйлсийг хэлж байна вэ? Миний хэлсэн зүйлээс та нар юу харж байна вэ? Бурханы мөн чанар болон зан чанар дотор хялбар орхигдож болох зүйл байдгийг зөвхөн Бурхан эзэмшдэг бөгөөд бусдын агуу хүмүүс, сайн хүмүүс, өөрсдийнх нь төсөөллийн Бурхан гэж боддог хүмүүсийг оролцуулаад ямар ч хүн үүнийг эзэмшиж чаддаггүй. Энэ ямар зүйл вэ? Энэ бол Бурханы хувиа хичээдэггүй байдал юм. Хувиа хичээдэггүй байдлын талаар ярихад чи хүүхдүүдтэйгээ хэзээ ч наймаалцдаггүй, тэдэнд үргэлж өгч байдаг учраас өөрийгөө хувиа хичээдэггүй хүн гэж бодож магад бөгөөд бас эцэг, эхийнхээ тухайд гэвэл чи өөрийгөө үнэхээр хувиа хичээдэггүй гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “хувиа хичээдэггүй” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж, мөн өөрийгөө бодохгүй байх нь нэр төртэй хэрэг гэж боддог. Чи хувиа хичээхгүй байхдаа өөрийгөө агуу гэж боддог. Гэвч бүх зүйлс, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаар дамжуулан Бурханы хувиа хичээдэггүй байдлыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл хүн хэтэрхий хувиа хичээсэн! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагаж болох боловч чи Бурхан яаж чамд хангамж өгч, чамайг хайрлаж байгааг болон чамд анхаарал тавьж байгааг хэзээ ч харж эсвэл ухаарч чаддаггүй. Чи юу харж байна вэ? Чи, чамайг хайрладаг эсвэл чамайг ухаангүй хайрладаг цусан төрлийнхнийгөө харж байгаа. Чи өөрийн мах цусанд хэрэгтэй зүйлсийг хардаг ба чи өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний хувиа хичээдэггүй байдал гэж нэрлэгддэг зүйл юм. Ийм “хувиа хичээдэггүй” хүмүүс гэхдээ тэдэнд амь өгдөг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханы эсрэгээр, хүний хувиа хичээдэггүй байдал нь хувиа хичээсэн, зэвүүцмээр болж хувирдаг. Хүмүүсийн итгэдэг хувиа хичээхгүй байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй зүйл юм. Хүний хувиа хичээдэггүй байдал нь өөрийнх нь төлөө байдаг бол Бурханы хувиа хичээдэггүй байдал нь Түүний мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Бурханы хувиа хичээдэггүй байдлын улмаас л хүн Түүнээс тасралтгүй хангалтын урсгалыг авч байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, зүгээр л зөвшөөрсөн мэт толгойгоо дохиж байж болох боловч чи өөрийн зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг ойлгохоор оролдвол өөрийн мэдэлгүй дараахыг олж мэдэх болно: Энэ дэлхий ертөнц дээр чиний мэдэрч чадах бүх хүн, асуудал болон юмсын дундаас зөвхөн Бурханы хувиа хичээдэггүй байдал л бодитой агаад тодорхой, учир нь чиний төлөө гэсэн Бурханы хайр нь нөхцөлгүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханаас өөр хэний ч хувиа хичээдэггүй байдал гэж нэрлэгддэг зүйл нь бүгд хуурамч, өнгөцхөн, чин сэтгэлээсээ бус байдаг; үүнд зорилго, тодорхой санаа байдаг бөгөөд тохиролцоог агуулж, туршилтыг давж чадахааргүй байдаг. Та нар үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж болох юм. Та нар зөвшөөрч байна уу?

Та бүхэн эдгээр сэдвүүдийн талаар сайн мэдэхгүй бөгөөд жинхэнээсээ ойлгохын өмнө бодох бага зэргийн хугацаа хэрэгтэй байгаа гэдгийг Би мэдэж байна. Эдгээр асуудлууд болон сэдвүүдийн талаар та нар хэдийчинээ их мэдэхгүй байна, эдгээр сэдвүүд та нарын зүрх сэтгэлд дутагдаж байгааг энэ нь төдийчинээ баталж байгаа юм. Би эдгээр сэдвийн талаар хэзээ ч дурдаагүй бол та нарын дундаас тэдний талаар бага ч болтугай мэдэж авах хүн байгаа болов уу? Би та нарыг тэдний тухай хэзээ ч мэдэхгүй байсан гэж бодож байна. Энэ бол тодорхой. Та нар хэр ихийг мэдэрч, ойлгож чадахаас үл хамааран товчхондоо, Миний ярьдаг энэ сэдвүүд хүмүүст хамгийн их дутагдаж байгаа зүйл бөгөөд тэдний хамгийн сайн мэдэж байх ёстой зүйл юм. Эдгээр сэдэв нь хүн бүрийн хувьд маш чухал билээ—тэдгээр нь эрхэм нандин ба тэдгээр нь амь, тэдгээр нь урагшлах замдаа та нарын эзэмших ёстой зүйлс байдаг. Эдгээр үгээр удирдамж хийхгүй бол, Бурханы зан чанар болон мөн чанарыг ойлгохгүй бол чи Бурханы тухайд үргэлж асуултын тэмдэгтэй явах болно. Хэрэв чи Бурханыг ойлгож ч чадахгүй байгаа юм бол яаж Түүнд зүй зохистойгоор итгэж чадах юм бэ? Чи Бурханы сэтгэл хөдлөл, Түүний хүсэл, Түүний сэтгэл санааны байдал, Тэр юу бодож байгааг болон Түүнийг юу гуниглуулдгийг, Түүнийг юу баярлуулдгийг огт мэддэггүй, иймээс чи яаж Бурханы зүрх сэтгэлд анхаарал хандуулж чадах юм бэ?

Бурхан сэтгэл гонсойх болгондоо Түүнд анхаарлаа огт хандуулдаггүй, Түүнийг дагадаг, Түүнийг хайрладаг гэдэг боловч Түүний мэдрэмжийг үл тоодог хүн төрөлхтөнтэй тулгардаг байна. Түүний зүрх сэтгэл яаж шархлахгүй байх юм бэ? Бурханы удирдлагын ажилд Тэр Өөрийн ажлыг чин сэтгэлээсээ хийж, хүн бүртэй ярилцан, тэдэнтэй юуг ч үлдээлгүйгээр, нууцлалгүйгээр уулздаг бол эсрэгээрээ Түүнийг дагадаг хүн бүр Түүнд хаалттай байж, хэн ч Түүнд идэвхтэй ойртож, Түүний зүрх сэтгэлийг ойлгож, Түүний мэдрэмжид анхаарал хандуулахыг хүсдэггүй. Бурханы итгэмжлэгдсэн хүн болохыг хүсдэг хүмүүс хүртэл Түүнд ойртож, Түүний зүрх сэтгэлд анхаарал хандуулж эсвэл Түүнийг ойлгохоор оролдохыг хүсдэггүй байна. Бурханыг хөгжилтэй, жаргалтай байхад Түүний аз жаргалыг хуваалцах хэн ч байдаггүй. Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үед Түүний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулах хэн ч байдаггүй. Түүний зүрх сэтгэл шархалж байх үед Түүний итгэж ярихыг нь сонсохыг хүсэх ганц ч хүн байдаггүй. Бурханы удирдлагын ажлын мянга мянган жилийн туршид Бурханы хажууд байж, баяр гунигийг нь хуваалцах хүн байтугай Бурханы сэтгэл хөдлөлийг ойлгох нэг ч хүн байгаагүй, мөн тэдгээрийг ойлгож, үнэлэх хэн ч байгаагүй юм. Бурхан ганцаардаж байна. Тэр ганцаардаж байна! Бурхан, завхарсан хүн төрөлхтөн Түүнийг эсэргүүцдэгээс болж ганцаардаж байгаа юм биш, харин сүнслэг байхыг эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийг, Түүнийг ойлгохыг хүсдэг, мөн өөрийн бүх амьдралаа Түүнд зориулахыг хүсэж буй хүмүүсийн хувьд тэд Түүний бодлыг мэддэггүй ба Түүний зан чанар болон Түүний сэтгэл хөдлөлийг ойлгодоггүйгээс л болдог.

Ноагийн түүхийн төгсгөлд Бурхан тухайн үеийн Өөрийн мэдрэмжийг илэрхийлэхийн тулд ер бусын арга хэрэглэснийг бид хардаг. Энэ арга бол маш онцгой бөгөөд тэр нь хүмүүстэй гэрээ хийх явдал юм. Энэ нь Бурхан дэлхийг үерээр устгахаа больж байгааг тунхаглаж буй арга юм. Гадна талаасаа гэрээ хийх нь маш энгийн зүйл мэт харагддаг. Энэ нь, хоёр талын хоёулангийнх нь ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг биелүүлэхэд туслахын тулд хоёр талыг зөрчилтэй үйлдлээс хамгаалахдаа үгийг ашиглаж байгаагаас өөрцгүй билээ. Хэлбэрээрээ бол энэ нь энгийн зүйл боловч цаад шалтгаан болон Бурхан үүнийг хийж байгаа гэсэн утгаараа энэ нь Бурханы зан чанар болон сэтгэл санааны байдлын жинхэнэ илчлэл юм. Хэрэв чи эдгээр үгсийг хойш тавьж, тоохгүй өнгөрвөл, хэрэв Би та бүхэнд юмсын үнэнийг хэзээ ч хэлэхгүй бол хүн төрөлхтөн хэзээ ч Бурханы бодлыг бодитоор мэдэхгүй юм. Магадгүй чиний төсөөлөлд Бурхан энэ гэрээг хийх үедээ инээмсэглэж эсвэл Түүний нүүрний илэрхийлэл нухацтай байж болох боловч хүмүүсийн төсөөлөлд Бурхан ямар төрлийн царайтай байхаас үл хамааран Бурханы ганцаардал байтугай Бурханы зүрх сэтгэл эсвэл Бурханы өвдөлтийг хэн ч харж чадахгүй билээ. Хэн ч Бурханыг өөртөө итгүүлж чадахгүй буюу Бурханы итгэлийг авч чадахгүй эсвэл Тэр Өөрийн бодлыг илэрхийлж, Өөрийн өвдөлтөө итгэн хэлэх нэгэн болж чадахгүй юм. Тийм учраас Бурхан ийм зүйл хийхээс өөр сонголтгүй болсон. Гадна талдаа Бурхан өмнөх хүн төрөлхтнөөс хагацахдаа амархан зүйл хийсэн ба тэр нь өнгөрснийг шийдэж, Түүний дэлхийг үерээр устгасан явдалд төгс дүгнэлт хийсэн. Гэвч энэ мөчөөс эхлэн Бурхан өвдөлтөө Өөрийн зүрх сэтгэлийн гүнд булсан. Бурханд итгэх хүн байхгүй байх үед Тэр хүн төрөлхтөнтэй гэрээ хийж, дахин хэзээ ч дэлхийг үерээр устгахгүй гэж тэдэнд хэлсэн. Солонго гарч байгаа нь хүмүүст ийм зүйл нэгэнтээ тохиолдсоныг сануулж, муу зүйл хийж болохгүйг тэдэнд анхааруулж байгаа хэрэг юм. Ийм шаналалтай байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг мартаагүй ба тэдэнд маш их анхаарал тавьсаар байсан. Энэ нь Бурханы хайр болон хувиа хичээдэггүй байдал биш гэж үү? Гэвч хүмүүс зовох үедээ юуны тухай боддог вэ? Энэ үед тэдэнд Бурхан хамгийн хэрэгтэй байдаг биш гэж үү? Иймэрхүү үед хүмүүс Бурханаар өөрсдийгөө тайтгаруулахын тулд үргэлж Бурханыг татан авчирдаг. Хэзээ ч байсан хамаагүй Бурхан хүмүүсийн урмыг хугалдаггүй ба Тэрээр хүмүүст хүндрэлээс нь гарахад үргэлж тусалж, гэрэлд амьдруулдаг. Бурхан хүнийг ингэж хангаж байдаг боловч хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан бол зөвхөн тайвшруулах эм, ундаа юм. Бурханыг зовж байхад, Түүний зүрх сэтгэл шархалсан үед Түүний бүтээсэн амьтан эсвэл ямар нэг хүн Түүнд хань болж эсвэл Түүнийг тайтгаруулж байх нь Бурханы хувьд тансаг хүсэл юм. Хүмүүс Бурханы мэдрэмжид хэзээ ч анхаарал хандуулдаггүй тул Бурхан Түүнийг тайтгаруулах хэн нэгнийг хүсэж, хүлээдэггүй. Тэр Өөрийн сэтгэл санааг илэрхийлэхийн тулд зүгээр л Өөрийн аргуудыг ашигладаг. Хүмүүс Бурханы хувьд ямар нэг зовлонг туулах нь сүртэй зүйл биш гэж үздэг боловч чи үнэхээр Бурханыг ойлгохоор оролдох үедээ, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы чин үнэнч санааг жинхэнээсээ ухаарах үедээ чи Бурханы агуу байдал болон Түүний хувиа хичээдэггүй байдлыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан хүн төрөлхтөнтэй солонго хэрэглэн гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон Тэр яагаад энэ гэрээг байгуулснаа хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлоо хэлээгүй гэсэн үг юм. Учир нь Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгох нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үед Түүний зүрх хичнээн их өвдөлтийг амссаныг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст Өөрийн юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь даадаггүй. Шаналж байснаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байдаг. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүй үүрдэг. Бурхан хэзээ ч эдгээр зовлонг нээлттэйгээр дэлгэдэггүй. Оронд нь Тэр тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн, хөшсөн, арчаагүй сул байдал бус харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж хувиа хичээдэггүй байсных юм. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илчлэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын бодитой биелэл юм.

Үүнийг хэлсний дараа зарим хүмүүс Миний хэлснийг буруугаар тайлбарлаж магадгүй. Бурханы мэдрэмжийг маш дуулиантайгаар, ийм дэлгэрэнгүй дүрслэх нь хүмүүсээр Бурханыг өрөвдүүлэх зорилготой байсан уу? Иймэрхүү санаа байсан уу? (Үгүй!) Миний эдгээр зүйлийг хэлсэн цорын ганц зорилго нь та бүхэнд Бурханыг илүү сайн мэдүүлж, Түүний хэсэг бүрийг ойлгуулж, Түүний сэтгэл хөдлөлийг ойлгуулж, мөн Бурханы мөн чанар, зан чанар нь хүний хоосон үгсээр, тэдний захиа, номлол болон төсөөллөөр дүрслэгдсэн бус, Түүний ажлаар дамжуулан бага багаар илэрхийлэгдэж байдаг гэдгийг ухааруулахын төлөө юм. Өөрөөр хэлбэл Бурхан болон Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг—тэдгээр нь зураг биш, төсөөлөл биш, хүний гараар бүтээгдээгүй бөгөөд гарцаагүй тэдний санаанаасаа зохиосон зүйл биш юм. Та нар үүнийг одоо хүлээн зөвшөөрч байна уу? Хэрэв та нар үүнийг хүлээн зөвшөөрвөл өнөөдрийн Миний үгс зорилгодоо хүрчээ.

Бид өнөөдөр гурван сэдвийн тухай ярилцлаа. Хүн бүр энэ гурван сэдвийн тухай нөхөрлөлөөс маш их зүйл олж авсан гэдэгт Би итгэж байна. Энэ гурван сэдвээр дамжуулан Миний тайлбарласан Бурханы бодол эсвэл Миний дурдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь зарим хүний Бурханы тухай ойлголтыг өөрчилж, хүн бүхний Бурханд итгэх итгэлийг эргүүлж, цаашлаад хүн бүрийн зүрх сэтгэлдээ гайхан биширч байсан Бурханы дүр зургийг эргүүлсэн гэдэгт Би үнэхээр итгэлтэй байна. Ямартай ч Библийн энэ хоёр хэсгээс Бурханы зан чанарын талаар сурсан зүйл чинь та нарт ашиг тустай байна гэдэгт Би найдаж байгаа ба та нар буцаж очоод энэ талаар тунгаан бодохоор оролдоно гэдэгт Би итгэж байна. Өнөөдрийн уулзалтаа үүгээр дуусгая. Баяртай!

2013 оны 11 дүгээр сарын 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?