Цор ганц Бурхан Өөрөө IX Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III) (Хоёрдугаар хэсэг)

Хэрвээ бүтээлийн бүх зүйл өөрсдийн хуулийг алдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн хууль алдагдвал энэ бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн ч бас оршин амьдардаг амьдрах орчноо алдана. Хэрвээ хүн төрөлхтөн энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд бүтээлийн бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьдарч, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтсон амьдрах орчин байгаа болохоор дэлхий дээрх бүх хүн, бүх үндэстэн тогтсон цар хүрээндээ амьдарч чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг хуваарилсан юм. Яагаад Бурхан тэднийг ийм байдлаар хуваарилсан бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал—үнэхээр чухал! Бурхан амьд зүйл бүрд цар хүрээ тогтоож, төрөл бүрийн хүний амьдрах аргыг тогтоосон. Тэр мөн дэлхий дээр янз бүрийн төрлийн хүмүүс, янз бүрийн үндэстэнг хувааж, цар хүрээг нь тогтоосон. Энэ талаар бид дараагийн ээлжид ярих болно.

Дөрөвт, Бурхан үндэстэн бүрийн хооронд хил хязгаар бий болгосон. Дэлхий дээр цагаан, хар, бор, шар арьстай хүмүүс байдаг. Энэ бол хүний янз бүрийн төрлүүд юм. Бурхан бас энэ өөр өөр төрлийн хүмүүсийн амьдралд цар хүрээ тогтоосон бөгөөд үүнийг мэдэлгүйгээр хүмүүс Бурханы удирдлага дор өөрсдөдөө тохирсон амьдрах орчиндоо амьдардаг. Хэн ч үүнийг давж чадахгүй. Тухайлбал, цагаан арьстай хүмүүс ихэвчлэн ямар газар амьдардаг вэ? Тэд ихэвчлэн Европ болон Америкт амьдардаг. Хар арьстай хүмүүс гол төлөв Африк тивд амьдардаг. Тэгвэл бор арьстай хүмүүс ямар газарт амьдардаг вэ? Тэд голдуу Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азид, Тайланд, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг газарт амьдардаг. Шар арьстай хүмүүс үндсэндээ Ази тивд буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнуудад амьдардаг. Бурхан энэ бүх төрлийн үндэстнийг зохих ёсоор хуваан байрлуулсан бөгөөд ингэснээр төрөл бүрийн энэ үндэстнүүд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд таран байрласан байдаг. Дэлхийн энэ янз бүрийн хэсгүүдэд Бурхан төрөл бүрийн үндэстэн нэг бүрд таарч тохирсон амьдрах орчныг хэзээний бэлтгэсэн. Төрөл бүрийн энэ амьдрах орчинд Бурхан тэдэнд зориулсан хөрсний өнгө, найрлагыг бэлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цагаан арьстай хүмүүсийн биеийн бүтэц хар арьстай хүмүүсийнхтэй адилгүй бөгөөд бас бусад үндэстний хүмүүсийн биеийн бүтцээс өөр байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тухайн үндэстний амьдрах орчныг аль хэдийн бэлтгэсэн. Түүний зорилго бол тухайн төрлийн хүмүүс өсөн үржиж, тоо хэмжээ нь нэмэгдэх үедээ тэр цар хүрээндээ суурьших юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө аль хэдийнээ энэ бүгдийг бодсон—Тэр цагаан арьстай хүмүүст Европ болон Америкийг өгч, хөгжиж, амьд орших боломжоор тэднийг хангасан. Тиймээс Бурхан дэлхийг бүтээж байх үедээ аль хэдийн төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн хэсэг газарт юу оруулах, тухайн хэсэг газар дээр юу тэжээж тэтгэх талаар зорилго, зорилттой байсан. Тухайлбал, Бурхан тухайн газар нутагт ямар уулс, хэр их тал газар, хэр олон усны ундарга, ямар шувууд, араатан амьтад, ямар загас жараахай, ямар ургамал байх талаар хэзээний зэхэж бэлтгэсэн байдаг. Тодорхой төрлийн хүмүүс болон үндэстний амьд орших орчинг зэхэж байх үедээ Бурхан асуудлын маш олон талыг харгалзан үзсэн: газарзүйн орчин, хөрсний бүтэц, жигүүртэн шувууд ба араатан амьтдын төрөл зүйл, янз бүрийн загас жараахайн хэмжээ, загас жараахайн бүтэц, усны ундаргын чанар, бүх төрлийн ургамал гэх мэт… Бурхан энэ бүгдийг аль эртнээс бэлдсэн. Тийм орчин нь цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэж, бүтээсэн амьдрах орчин бөгөөд тэр нь угаасаа тэдэнд харьяалагддаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ үүнийг маш их бодож тунгааж, төлөвлөгөөтэй хийсэн гэдгийг та нар харав уу? (Тэгсэн, Бурхан төрөл бүрийн хүмүүсийн талаар маш анхааралтай бодож тунгаасныг бид харлаа. Өөр өөр төрлийн хүмүүсийн амьдрах орчны хувьд Тэр жигүүртэн шувууд ба зэрлэг амьтдын төрөл зүйл, загасны төрөл зүйл, хэчнээн уул, хэр их тал газар байхыг бэлтгэсэн байдаг. Энэ бүгдийг маш анхааралтай, нарийн сайн бодож гаргасан.) Жишээ нь, цагаан арьстай хүмүүс голчлон ямар хоол иддэг вэ? Цагаан арьстай хүмүүсийн иддэг хоол хүнс Ази хүмүүсийн иддэг хоол хүнснээс маш өөр байдаг. Цагаан арьстай хүмүүсийн иддэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь гол төлөв мах, өндөг, сүү, шувууны мах юм. Талх, будаа зэрэг үр тариа ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн биш бөгөөд тавагны хажуу талд тавигддаг. Ногооны салат идэж байхдаа ч гэсэн тэд тодорхой хэмжээний шарсан үхрийн мах юм уу тахианы мах дотор нь хийдэг. Тэд улаан буудайн төрлийн хоол хүнс хэрэглэсэн ч бяслаг, өндөг эсвэл мах нэмдэг. Өөрөөр хэлбэл, тэдний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд үндсэндээ улаан буудайн төрлийн хоол хүнс юм уу будаа багтдаггүй; тэд их хэмжээний мах, бяслаг иддэг. Маш өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгаа учраас тэд үргэлж мөстэй ус уудаг. Тиймээс цагаан арьстай хүмүүс маш биерхүү бадируун байдаг. Эдгээр нь тэдний амьдралын эх сурвалж бөгөөд тэдний амьдрах орчинг Бурхан тэдэнд зориулан бэлтгэж, ийм төрлийн амьдралын хэв маягтай болгосон. Энэ хэв маяг нь бусад төрлийн арьстай хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр. Энэ амьдралын хэв маягт сайн, эсвэл муу гэж байхгүй бөгөөд Бурханы захиралт болон зохицуулалтаас болж ийм байхаар урьдчилан тогтоогдож, заяагдсан. Ийм төрлийн үндэстэн нь өөрсдийн удам угсаа болон Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчноос болж тодорхой амьжиргааны эх үүсвэр, мөн тодорхой амьдралын хэв маягтай байдаг. Та нар, цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэсэн амьдрах орчин болон тухайн орчноос хүртдэг өдөр тутмын хоол хүнс нь баялаг, элбэг хангалуун гэж хэлж болно.

Бурхан бусад үндэстнүүдэд бас амьд оршиход шаардлагатай орчныг бэлдсэн. Хар арьстай хүмүүс байдаг—хар арьстай хүмүүс хаагуур оршдог вэ? Тэд ихэвчлэн Африкийн төв болон өмнөд хэсгээр байдаг. Бурхан ийм төрлийн орчинд тэдэнд зориулан, амь зуух юу бэлдсэн бэ? Халуун орны ой, бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, элсэн цөл, мөн тэдгээрт нийцэх бүх төрлийн ургамлыг бэлтгэсэн. Тэдэнд усны, амьжиргааны, хоол хүнсний эх үүсвэр бий. Бурхан тэднийг гадуурхаж, ад үзээгүй. Тэд юу хийснээс үл хамааран оршин тогтнол нь хэзээ ч асуудал болж байгаагүй. Тэд бас дэлхийн нэг хэсэгт тодорхой байршил болон тодорхой газар нутгийг эзэлдэг.

Одоо шар арьстай хүмүүсийн талаар ярилцъя. Шар арьстай хүмүүс ихэвчлэн Дорно зүгт байрладаг. Өрнө, Дорнын хооронд газарзүйн байрлал ба орчны ямар ялгаа байдаг вэ? Дорнын нутагт эх газрын ихэнх хэсэг нь үржил шимтэй, түүхий эд болон ашигт малтмалын нөөц баялаг байдаг. Өөрөөр хэлбэл, газрын дээр ч, газрын доор ч бүх төрлийн нөөц баялагтай. Энэ бүлэг хүмүүс, энэ үндэстэнд Бурхан бас таарч тохирсон хөрс шороо, цаг агаар, янз бүрийн газарзүйн орчинг бэлдсэн. Хэдийгээр энэ газарзүйн орчин ба Өрнөдийн орчны хооронд маш том ялгаа байгаа ч Бурхан, хүмүүс амьд оршиход шаардлагатай хоол хүнс, амьжиргаа, эх үүсвэрийг бэлдсэн. Өрнөдөд байгаа цагаан арьстай хүмүүсээс амьдрах орчин нь л ялгаатай. Гэхдээ та бүхнээс анхаарал хандуулахыг шаардаж, та бүхэнд хэлэх хэрэгтэй нэг зүйл юу вэ? Дорнын үндэстний тоо харьцангуй их учраас Бурхан дэлхийн тухайн хэсэгт Өрнөдөөс ялгаатай маш их элемент нэмсэн. Дэлхийн тэр хэсэгт Тэрээр маш олон төрлийн байгалийн үзэмж, бүх төрлийн элбэг хангалуун түүхий эд нэмж өгсөн. Байгалийн нөөц маш элбэг дэлбэг байдаг; газарзүйн тогтоц нь бас янз бүр, олон төрөл бөгөөд Зүүн зүгийн асар олон үндэстнийг тэжээхэд хүрэлцээтэй байдаг. Өрнөдөөс ялгаатай нь Дорнын газар нутагт өмнөдөөс хойд, зүүнээс баруун зүгт хүртэл цаг агаар нь Өрнөдөөс дээр. Дөрвөн улирал нь тодорхой бөгөөд температур нь таатай, байгалийн нөөц элбэг дэлбэг, байгалийн үзэмж хийгээд газарзүйн тогтцын төрөл зүйл нь Өрнөдөөс хавьгүй илүү дээр байдаг. Бурхан яагаад ингэсэн бэ? Бурхан цагаан ба шар арьстай хүмүүсийн хооронд маш ухаалаг тэнцвэрийг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ? Цагаан арьст хүмүүсийн эдэлдэг зүйл, тэдний хоол хүнс, ашигладаг зүйлийн тал бүр нь шар арьстай хүмүүсийн эдэлж чадах зүйлээс хавьгүй илүү байдаг гэсэн үг юм. Гэхдээ Бурхан ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхдаггүй. Бурхан шар арьстай хүмүүст амьдрах илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан орчинг өгсөн. Энэ бол тэнцвэр юм. Тэгэхээр та нар ойлгосон биз дээ?

Бурхан дэлхийн аль хэсэгт ямар төрлийн хүмүүсийг амьдрахыг урьдчилан тогтоосон бөгөөд хүмүүс энэ цар хүрээнээс гарч чадахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл! Хэдий янз бүрийн эрин үе, тодорхой цаг хугацаанд дайн, түрэмгийлэл тохиолдсон ч эдгээр дайн, түрэмгийлэл нь үндэстэн бүрд зориулан Бурханы урьдчилан тогтоосон амьдрах орчныг үгүй хийж огт чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан дэлхийн тодорхой хэсэгт тодорхой төрлийн хүмүүсийг байлгахаар тогтоосон бөгөөд тэд тухайн цар хүрээнээс гадагш гарч чадахгүй. Хүмүүс Бурханы зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрийг өөрчлөх юм уу тэлэх хүсэлтэй байсан ч гэсэн үүнийг биелүүлэхэд маш хэцүү байх болно. Үүнийг биелүүлэхэд тун хэцүү байх болно. Жишээ нь, цагаан арьстай хүмүүс газар нутгаа тэлэхийг хүсэж, зарим нэг орныг колоничилж байсан. Германчууд зарим улс орныг эзлэн авч, Англи Энэтхэгийг эзэлсэн. Үр дүн нь юу байсан бэ? Эцсийн эцэст тэд бүтэлгүйтсэн. Бид энэ бүтэлгүйтлээс юу харж болох вэ? Бурханы урьдчилан тогтоосон зүйлийг эвдэлж сүйтгэх нь зөвшөөрөгддөггүй. Тиймээс Английн түрэмгийлэлд хэчнээн агуу хүч харагдаж байсан нь хамаагүй эцсийн дүнд тэд буцаж, тухайн газар нутаг Энэтхэгт харьяалагдсан хэвээр байгаа. Тухайн газар нутагт амьдардаг хүмүүс Англичууд биш, харин Энэтхэгчүүд хэвээр. Учир нь энэ бол Бурханы зөвшөөрдөггүй зүйл. Түүх юм уу улс төр судалдаг зарим хүн энэ сэдвээр зарим дүгнэлт гаргасан байдаг. Тэд Англи улс яагаад бүтэлгүйтсэн тухай шалтгааныг тодорхойлон, зарим үндэстэн эзлэгдэшгүй, эсвэл хүний ямар нэг зүйлээс шалтгаалсан гэж хэлдэг… Эдгээр нь жинхэнэ шалтгаан биш юм. Жинхэнэ шалтгаан нь Бурханд байгаа юм—Тэр үүнийг зөвшөөрдөггүй! Бурхан тодорхой газар нутагт нэг угсаатныг амьдруулж, тэнд суурьшуулсан бөгөөд хэрвээ Бурхан тэдэнд шилжихийг зөвшөөрөхгүй бол тэд хэзээ ч шилжиж чадахгүй. Хэрвээ Бурхан тэдэнд цар хүрээ тогтоож өгсөн бол тэд тухайн хүрээндээ амьдрах болно. Хүн төрөлхтөн энэ хүрээг дураараа эвдэж, эсвэл үүнээс ангижирч чадахгүй. Тэр бол тодорхой. Түрэмгийлэгчийн хүч хэр агуу байх нь, эсвэл түрэмгийлэлд өртөж байгаа хүмүүс хэр сул дорой байх нь хамаагүй эцсийн дүнд тэдний амжилт Бурханаас хамаардаг. Тэр үүнийг аль хэдийн урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.

Бурхан дээрх байдлаар өөр өөр төрлийн хүмүүсийг тараан байршуулсан. Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газарзүйн орчинг бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилсан, тэгээд тэд үеэс үед тэндээ оршдог. Ингэж л тогтсон—тэдний амьдрах цар хүрээ тогтоогдсон. Тэдний амьдрал, юу идэх, юу уух, тэдний амин зуулга—энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоочихсон. Бурхан бүх зүйлийг бүтээж байх үедээ өөр өөр төрлийн хүмүүст зориулан өөр өөр бэлтгэл хийсэн: Янз бүрийн хөрсний бүтэц, өөр өөр цаг агаар, өөр өөр ургамал, янз бүрийн газарзүйн орчин байдаг. Өөр өөр газруудад өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтад байдаг, өөр өөр усанд өөрсдийн гэсэн онцгой төрлийн загас, далайн бүтээгдэхүүн байдаг. Шавж хорхойн төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. Тухайлбал, АНУ-д байдаг бор шувуунууд эх газрын Хятадад байдаг бор шувуунаас өөр. Америк тивд ургадаг зүйлс бүгд маш том, маш өндөр, маш бадируун байдаг. Ой шугуй дахь моддын үндэс бүгд тийм гүн биш атлаа маш өндөр ургадаг. Тэд бүр зуун метр гаруй өндөр ургадаг. Гэтэл Азийн ой шугуйд байгаа модод ихэвчлэн тийм ч өндөр байдаггүй. Та нар бүгд зуун наст ургамлын талаар сонссон гэдэгт Би итгэлтэй байна. Японы зуун настууд маш нарийн, нимгэн байдаг бол АНУ дахь зуун наст ургамал үнэхээр том. Энэ нь ялгаатай байдаг. Ижил нэртэй, ижил төрлийн ургамал боловч Америк тивийнх тун том. Янз бүрийн талууд дахь ялгааг хүмүүс олж харахгүй, эсвэл мэдэрч чадахгүй байж магад боловч Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг хуваарилж, өөр өөр үндэстэнд өөр өөр газарзүйн орчин, өөр өөр газарзүйн тогтоц, өөр өөр амьд зүйлс бэлдсэн. Учир нь Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийг бүтээсэн бөгөөд хэнд нь юу хэрэгтэйг, мөн амьдралын хэв маяг нь ямар байхыг мэддэг.

Эдгээр зүйлийг ярьсны дараа дөнгөж сая ярилцаж байсан гол сэдвийн талаар та нар бага зэрэг мэдлэг, ойлголттой болсон уу? Эдгээр зүйлийг илүү өргөн хүрээнд ярьсан минь шалтгаантай—одоо та нар үүний талаарх үндсэн ойлголтыг авсан байх, тийм үү? Та нар Надад хэр ихийг ойлгосноо хэлж болно. (Хүн төрөлхтөн тэр чигээрээ бүх зүйлд зориулж Бурханы тогтоосон хуулиар тэтгэгддэг. Бурхан эдгээр хуулийг тодорхойлж байхдаа өөр өөр үндэстэнд өөр өөр орчин, өөр өөр амьдралын хэв маяг, өөр өөр хоол хүнс, өөр өөр цаг агаар, температурыг өгсөн. Ингэснээр бүх хүн төрөлхтөн газар дэлхий дээр суурьшиж, амьд оршиж чадах юм. Үүнээс би хүнийг оршин тогтнуулах Бурханы төлөвлөгөө, маш нарийн нямбай болохыг харж чаддаг, мөн Түүний мэргэн ухаан, төгс байдал, хүмүүс биднийг гэх Түүний хайрыг харж чаддаг.) (Бурханы тогтоосон хууль, цар хүрээг ямар ч хүн, ямар ч хэрэг явдал, ямар ч зүйл өөрчилж чадахгүй. Энэ бүхэн Түүний захиралт дор байдаг.) Бурханы тодорхойлсон бүх зүйлийн өсөлтийн хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтөн ямар төрлийнх байх нь хамаагүй Бурханы хангалт дор амьдарч байгаа бус уу? Тэд бүгд Түүний асаргаан дор амьдарч байгаа бус уу? Хэрвээ эдгээр хууль сүйдэх юм уу Бурхан хүн төрөлхтөнд ийм төрлийн хууль бий болгоогүй бол тэдний хэтийн ирээдүй ямар байх байсан бэ? Хүмүүс амьдрах үндсэн орчноо алдсаны дараа хоол хүнсний эх үүсвэртэй байх байсан уу? Хоол хүнсний эх үүсвэр асуудал болох боломжтой. Хэрвээ хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдсан бол, өөрөөр хэлбэл, тэд ямар ч идэх зүйл олж авч чадахгүй бол хэд хоног тэсэж чадах вэ? Магадгүй тэд ганц ч сар тэсэж чадахгүй бөгөөд тэдний амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэдний оршин тогтнол, өсөлт үржилт, амин зуулгыг үргэлжлүүлэхийн төлөө Бурханы хийдэг юм бүхэн маш чухал. Бүх зүйлийн дундаас Бурханы хийдэг юм бүхэн хүмүүсийн амьд оршихтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Хэрвээ хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжлэх үү? Бурханы удирдлага оршин тогтносоор байх уу? Бурханы удирдлага Өөрийнх нь тэжээн тэтгэж байгаа бүх хүн төрөлхтний оршин тогтнолтой зэрэгцэн оршдог, иймээс Бурхан бүх зүйлд юу бэлдсэн, хүмүүсийн төлөө юу хийсэн байх нь хамаагүй энэ бүгд Түүнд хэрэгтэй, энэ нь хүн төрөлхтний амьдралд шийдвэрлэх чухал зүйл юм. Хэрвээ бүх зүйлийн төлөө Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, нурж, тасалдвал бүх зүйл оршин тогтнож чадахаа болих бөгөөд хүн төрөлхтний амьдрах орчин, тэдний өдөр тутмын амин зуулга, мөн тэд өөрсдөө ч цаашид оршиж чадахгүй. Энэ шалтгааны улмаас хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлага ч мөн цаашид оршихгүй.

Бидний ярьсан бүх зүйл, нэг бүр нь хүн бүрийн амьд оршихтой нарийн холбогдсон байдаг. “Таны ярьж байгаа зүйл хэтэрхий том байна, бид ойлгохгүй байна” гэж та нар хэлж магадгүй, мөн “Таны ярьж байгаа зүйл надад ямар ч хамаагүй” гэж хэлэх хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ чи ердөө бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ битгий март; чи бол Бурханы захиралт дотор байгаа бүх зүйлийн нэг гишүүн. Бүх зүйл Бурханы захиралтаас салж чадахгүй, нэг ч хүн өөрийгөө Түүний захиралтаас салгаж чадахгүй. Түүний захиралтыг алдаж, Түүний хангалтыг алдана гэдэг нь хүмүүсийн амьдрал, хүмүүсийн махан биеийн амьдрал алга болно гэсэн үг. Энэ бол Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг бий болгосны ач холбогдол. Чи ямар үндэстэн болох, эсвэл ямар хэсэг газар дээр амьдардаг, Өрнөдөд байна уу, Дорнодод байна уу хамаагүй—хүн төрөлхтөнд Бурханы зориулан тогтоосон амьдрах орчноос өөрийгөө тусгаарлаж чадахгүй бөгөөд хүмүүст зориулан Бурханы тогтоосон амьдрах орчны асаргаа, хангалтаас өөрийгөө салгаж чадахгүй. Амин зуулга чинь юу болох, амьдрал чинь юунаас хамаардаг, махан биеийн амиа тэтгэхийн тулд юунд найддаг чинь хамаагүй, чи Бурханы захиралт болон Түүний удирдлагаас өөрийгөө салгаж чадахгүй. Зарим хүн: “Би тариачин биш, би амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй. Миний хоол хүнс тэнгэрээс хамааралгүй учраас би Бурханы тогтоосон амьдрах орчинд амьдарч байгаа биш. Иймэрхүү орчин надад юу ч өгөөгүй” гэж хэлж болох юм. Энэ зөв үү? Амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй гэлээ, чи үр тариа иддэггүй юү? Чи мах, өндөг иддэггүй гэж үү? Хүнсний ногоо, жимс иддэггүй юү? Чиний иддэг бүхэн, чамд хэрэгтэй энэ бүх зүйл нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бий болгосон амьдрах орчноос салшгүй юм. Хүн төрөлхтөнд шаардлагатай бүх зүйлийн эх үүсвэрийг Бурханы бүтээсэн бүх зүйлээс, амьдрах орчноос салгах боломжгүй. Ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл—энэ бүгдээс алийг нь бүх зүйлийн дундаас авдаггүй вэ? Зарим хүн: “Бүх зүйлээс гаргаж аваагүй зарим юм байдаг. Хараач, хуванцрыг бүх зүйлээс гаргаж аваагүй. Энэ бол химийн гаралтай, хүний хийсэн зүйл” гэж хэлдэг. Энэ зөв үү? Хуванцрыг хүн хийсэн, химийн гаралтай зүйл, гэхдээ хуванцрын анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд хаанаас гаралтай вэ? Анхдагч бүрэлдэхүүн хэсгүүдийг Бурханы бүтээсэн материалаас авсан. Эдэлж байгаа, харж байгаа зүйлсийг чинь, ашиглаж байгаа бүхнийг чинь бүгдийг нь Бурханы бүтээсэн бүх зүйлээс авсан. Өөрөөр хэлбэл, ямар үндэстэн байх, ямар амьжиргаатай байх, эсвэл ямар төрлийн амьдрах орчинд амьдардаг болох нь хамаагүй хүмүүс өөрсдийгөө Бурханы хангалтаас салгаж чадахгүй. Тэгэхээр бидний өнөөдрийн ярьсан зүйл “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвтэй маань холбоотой юу? Өнөөдрийн ярилцсан зүйлс энэ томоохон сэдэвт багтаж байгаа биз дээ? (Тийм ээ.) Магадгүй Миний өнөөдөр ярьсан зүйлийн зарим нь жаахан хийсвэр, ярилцахад жаахан хэцүү байж магадгүй. Гэхдээ та нар одоо арай дээр ойлголттой болсон байх гэж Би бодож байна.

Сүүлийн хэдэн нөхөрлөлийн хувьд бидний нөхөрлөсөн сэдвүүд арай өргөн хүрээтэй, өргөн цар хүрээг хамарсан, иймээс энэ бүгдийг сонсож ойлгоход та нарт бага зэрэг хэцүү байдаг. Учир нь энэ сэдвүүд бол хүмүүсийн Бурханд итгэх итгэлд өмнө нь тулгарч байгаагүй зүйлс юм. Зарим хүн үүнийг учир битүүлэг зүйл мэт сонсдог, зарим нь үүнийг түүх гэж сонсдог—аль өнцөг нь зөв бэ? Та нар энэ бүгдийг ямар өнцгөөс сонсдог вэ? (Бурхан бүх зүйлийг хэрхэн арга зүйтэйгээр зохицуулсан болохыг, бүх зүйл хуультай гэдгийг харсан, эдгээр үгээр дамжуулан бид хүн төрөлхтнийг аврах Бурханы үйлс болон Түүний нарийн нямбай зохицуулалтыг илүү ойлгож чаддаг.) Эдгээр нөхөрлөлөөр дамжуулан та нар бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын цар хүрээ юу болохыг харсан уу? (Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл.) Бурхан нэг үндэстний Бурхан уу? Тэр аль нэг төрлийн хүмүүсийн Бурхан уу? Тэр хүн төрөлхтний цөөнхийн Бурхан уу? (Үгүй ээ, тийм биш.) Тийм биш учраас, Бурханы тухай хүмүүсийн мэддэгээр, хэрвээ Тэр зөвхөн хүн төрөлхтний цөөнхийн Бурхан байсан бол, эсвэл хэрвээ та нар Бурхан бол зөвхөн та нарынх гэдэгт итгэдэг бол энэ өнцөг зөв үү? Бурхан бүх зүйлийг удирдаж, захирдаг учраас бүх зүйлийг захирах захиралтаар нь илчлэгддэг Түүний үйлдэл, мэргэн ухаан, төгс хүчит байдлыг хүмүүс харах ёстой. Энэ бол хүмүүсийн мэдэх ёстой зүйл. Хэрвээ чи, Бурхан бүх зүйлийг удирддаг, бүх зүйлийг захирдаг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэж хэлдэг боловч хүн төрөлхтнийг захирах Түүний захиралтын талаар ямар ч ойлголтгүй, мэдлэг ухаангүй бол Тэр бүх зүйлийг захирдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч чаддаг гэж үү? Зүрх сэтгэлдээ чи, “Би чадна, яагаад гэвэл миний амьдралыг Бурхан бүхэлд нь захирч байгааг би хардаг” гэж бодож магадгүй. Гэхдээ Бурхан үнэхээр тийм өчүүхэн гэж үү? Үгүй! Чи зөвхөн чиний төлөөх Бурханы авралыг болон чиний доторх Түүний ажлыг л хардаг бөгөөд эдгээр зүйлээс Түүний захиралтыг хардаг. Энэ бол хэтэрхий өчүүхэн цар хүрээ бөгөөд Бурханы тухай жинхэнэ ойлголтод чинь нөлөөлдөг. Энэ нь бас бүх зүйлийг захирах Бурханы захиралтын тухай жинхэнэ ойлголтыг чинь хязгаарладаг. Хэрвээ чи, Бурханы чамайг хангаж байгаа зүйлийн цар хүрээ, чамайг гэсэн авралаар Бурханы тухай мэдлэгээ хязгаарлавал Тэр юм бүхнийг, бүх зүйлийг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэдгийг хэзээ ч танин мэдэж чадахгүй. Энэ бүгдийг танин мэдэж чадахгүй бол Бурхан хувь заяаг чинь захирдаг гэдгийг чи үнэхээр танин мэдэж чадна гэж үү? Чи чадахгүй. Зүрх сэтгэлдээ чи тэр талыг хэзээ ч танин мэдэж чадахгүй—чи хэзээ ч тэр түвшинд танин мэдэж чадахгүй. Чи ойлгосон, тийм үү? Үнэндээ та нар эдгээр сэдвийг, Миний ярьж байгаа агуулгыг ямар түвшинд ойлгож чадах вэ гэдгийг Би мэднэ, гэсэн атлаа Би яагаад үүний тухай үргэлжлүүлэн ярьсаар байгаа юм бэ? Учир нь эдгээр сэдэв бол Бурханыг дагагч хүн нэг бүр, Бурханы авралд багтахыг хүсэж буй хүн нэг бүрийн ойлгох ёстой зүйл—тэд энэ сэдвүүдийг мэдэж байх ёстой. Хэдий энэ хоромд чи эдгээрийг ойлгохгүй байгаа ч нэг л өдөр чиний амь болон үнэний талаарх туршлага чинь тодорхой түвшинд хүрэх үед, амь зан чанарын өөрчлөлт чинь тодорхой түвшинд хүрэх үед, биеийн хэмжээ чинь тодорхой хэмжээнд өсөх үед та нартай нөхөрлөж байгаа эдгээр сэдэв Бурханы тухай мэдлэгийн эрэл хайгуулыг чинь дэмжиж, хангах болно. Иймээс эдгээр үг, Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх та нарын ирээдүйн ойлголт болон Бурханы Өөрийнх нь тухай та нарын ойлголтод зориулан та нарыг бэлтгэж, суурь тавихын төлөө байсан юм.

Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Хэрвээ чиний мэддэг Бурхан өөрийн чинь цар хүрээнд хязгаарлагддаг бол чиний Бурхан маш өчүүхэн Бурхан бөгөөд жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй юм. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ, мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.

Хэрвээ чи Бурханы аливаа үйлсийг бүх зүйлийн дундаас харж, таньж чаддаггүй бол Түүний ямар ч үйлсийг гэрчилж чадахгүй. Хэрвээ чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг Бурхан гэгч тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар байгаа бол, өөрийн үзэл санаагаар хязгаарласан, өчүүхэн оюун санаандаа багтаасан тийм Бурханы талаар ярьсаар байгаа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүнийг гэрчлэхдээ зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүнийг сэтгэл хангалуун байлгахаас маш хол байна. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлсээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бүх зүйлээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирах аргаар Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн үнэнийг хардаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Одоо энэ бүгдийг ойлгосон биз дээ? Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Та нар үүнийг хөнгөхнөөр бүү авч үз, Миний ярьсан эдгээр сэдэв та нарын амийн оролттой хамаагүй гэж бүү бод, ингэснээр та нар эдгээр сэдвийг зүгээр нэг мэдлэг, эсвэл номлол гэж хүлээн авахгүй юм. Хэрвээ та нар үүнийг тийм хандлагаар сонсох аваас ганц ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх агуу боломжийг алдах болно. Одоо та нар үүнийг санаж чадна, тийм үү?

Энэ бүх сэдвийг ярьж байгаа Миний зорилго юу вэ? Миний зорилго бол хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы бодит үйлсийг ойлгуулах явдал юм. Бурханыг ойлгодог, Түүний үйлсийг мэддэг болмогцоо, зөвхөн тэр үед л чи Түүнийг мэдэх боломж, бололцоотой болно. Тухайлбал, хэрвээ чи нэг хүнийг ойлгохыг хүсвэл хэрхэн ойлгох вэ? Тэдний гадна төрхийг харснаар уу? Тэд юу өмсдөг, хэрхэн хувцасладгийг харснаар уу? Хэрхэн алхаж байгааг харснаар уу? Тэдний мэдлэгийн цар хүрээг харснаар уу? (Үгүй.) Тэгвэл тэр хүнийг хэрхэн ойлгох вэ? Чи тухайн хүний яриа, зан авираар дамжуулан, тэдний бодлоор дамжуулан, юу илэрхийлж, юу илчилж байгаагаар нь тэднийг ялган таньж болно. Ингэж чи тэр хүнийг мэдэж, тэр хүнийг ойлгодог. Үүний адилаар, хэрвээ Бурханыг мэдэхийг хүсвэл, Түүний бодит тал, Түүний жинхэнэ байдлыг ойлгохыг хүсвэл та нар Түүний үйлдлээр дамжуулан, хийдэг бодит зүйл бүрээр нь дамжуулан Түүнийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн шилдэг арга, мөн цорын ганц арга. Та нар одоо ойлгосон, тийм үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих