Цор ганц Бурхан Өөрөө VIII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II) (Гуравдугаар хэсэг)

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн өдөр тутмын хоол, унд

Бурхан дэлхийг бүтээснээс хойш хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн, хүн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал буюу нийт хүрээлэн буй орчны нэг хэсгийн талаар бид дөнгөж сая ярилцлаа. Бид дөнгөж сая таван зүйлийн талаар ярилцсан ба энэ таван зүйл бол нийт хүрээлэн буй орчин юм. Бидний ярилцах дараагийн зүйл нь бие махбод дахь хүн бүрийн амьдралтай нягт холбоотой зүйл билээ. Энэ нь бие махбод дахь хүний амьдралтай илүү уялдаж, илүү нийцдэг чухал нөхцөл байдал юм. Энэ зүйл бол хоол хүнс. Бурхан хүнийг бүтээж, тохиромжтой амьдрах орчинд түүнийг тавьсан. Дараа нь хүнд хүнс, ус хэрэгтэй болсон. Хүнд ийм хэрэгцээ байсан болохоор Бурхан хүнд зориулж ийм бэлтгэл хийсэн юм. Тиймээс Бурханы ажлын алхам бүр, Түүний хийдэг юм бүхэн нь зүгээр нэг хоосон үг биш, харин үнэн бодитоор хийгддэг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа хоол хүнсгүй байж чадахгүй биз дээ? Хоол хүнс агаараас илүү чухал уу? Хоёулаа адилхан чухал. Тэдгээр нь хоёулаа хүн төрөлхтний оршин тогтнол болон хүний амийн үргэлжлэлийг хадгалахад шаардлагатай нөхцөл байдал, зүйлс юм. Агаар илүү чухал уу, эсвэл ус илүү чухал уу? Температур илүү чухал уу, эсвэл хоол хүнс илүү чухал уу? Тэд бүгд чухал. Хүмүүс эдгээрийн алингүйгээр ч байж чадахгүй учраас сонгож болохгүй. Энэ бол бодит асуудал бөгөөд чиний сонгож чадах зүйл биш. Чи мэдэхгүй, харин Бурхан мэддэг. Чи хоол хараад “Би хоолгүй байж чадахгүй!” гэж санагдана. Гэхдээ дөнгөж бүтээгдсэнийхээ дараа чи хоол хүнс хэрэгтэй гэдгийг мэдэж байсан уу? Чи мэдэхгүй байх байсан, харин Бурхан мэддэг. Чи өлсөөд, идэж болох жимс модон дээр, үр тариа газар байхыг хараад л чамд хоол хэрэгтэй юм гэдгийг ухаарна. Чи цангаж, булгийн ус хараад—үүнээс уух үедээ л чамд ус хэрэгтэйг ухаарна. Усыг Бурхан хүнд зориулан бэлдсэн. Хоол хүнсний тухайд бол, чи өдөрт хоёр удаа, гурван удаа, эсвэл түүнээс ч олон хооллох нь хамаагүй; товчхондоо, хүмүүс өдөр тутмын амьдралдаа хоол хүнсгүйгээр байж чадахгүй. Энэ нь хүний биеийн хэвийн амьдралыг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг билээ. Тэгвэл хоол хүнс үндсэндээ хаанаас гардаг вэ? Нэгдүгээрт, энэ нь хөрснөөс гардаг. Хөрсийг Бурхан хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн. Хөрс нь зөвхөн мод, өвсөнд бус, янз бүрийн ургамал ургахад тохиромжтой байдаг. Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүх төрлийн үр тариа, өөр янз бүрийн хоол хүнсний үр бэлдэж, тариа тарихад тохиромжтой хөрс, газрыг хүн төрөлхтөнд өгсөн бөгөөд эдгээр зүйлээс хүн төрөлхтөн хоол хүнс олж авдаг. Ямар төрлийн хоол хүнс тэнд байдаг вэ? Та нар энэ талаар тодорхой мэдэж байх ёстой, тийм үү? Нэгдүгээрт, янз бүрийн төрлийн үр тариа байдаг. Үр тарианд юу багтдаг вэ? Улаан буудай, амуу тариа, шар будаа, цагаан будаа … гэх мэт хальстай үр тариа. Амуу тарианы ургац бас олон өөр төрөл зүйлд хуваагдана. Өмнөөс хойд зүг хүртэл арвай, улаан буудай, овьёос, сагаг гэх мэт олон төрлийн үр тариа бий. Өөр өөр төрөл зүйл нь өөр өөр бүс нутагт ургахад тохиромжтой. Мөн олон өөр төрлийн будаа байдаг. Өмнөдийн нутагт өөрийн гэсэн будааны төрөл зүйл байдаг бөгөөд тэдгээр нь урт, хэт цавуулаг биш болохоор өмнөдийн хүмүүст тохиромжтой байдаг. Өмнөдийн цаг агаар илүү халуун тул зууван хэлбэртэй будаа гэх мэт төрөл зүйлийг идэх хэрэгтэй. Энэ нь хэт цавуулаг байж болохгүй, эс бөгөөс тэд үүнийг идэж чадахгүй бөгөөд хоолны дуршлаа алдана. Хойд зүгийн хүмүүсийн иддэг будаа илүү цавуулаг байдаг. Хойд зүг үргэлж илүү хүйтэн байдаг тул тэд цавуулаг ихтэй будаа идэх хэрэгтэй. Түүнээс гадна төрөл бүрийн шош бий. Эдгээр нь газар дээр ургадаг. Мөн төмс, амтлаг төмс, таро гэх мэт газар доор ургадаг ч бий. Төмс хойд зүгт ургадаг. Хойд зүгийн төмсний чанар тун сайн. Хүмүүст идэх үр тариа байхгүй үед өдөрт гурван удаа хооллоход нь төмс тэдний үндсэн хоол хүнс болж чаддаг. Төмс мөн хоол хүнсний хангамж байж болно. Амтлаг төмс чанарын хувьд төмс шиг сайн биш боловч хүмүүс өдөрт гурван удаа хооллохдоо хэрэглэж болно. Үр тариа олдоцгүй үед хүмүүс ходоодоо дүүргэхийн тулд амтлаг төмс хэрэглэж болно. Өмнөдийн хүмүүсийн дандаа иддэг тарог ч бас ийм маягаар хэрэглэж болох бөгөөд бас л үндсэн гол хоол байж болно. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын хоол хүнс, унданд шаардлагатай янз бүрийн үр тариа юм. Хүмүүс янз бүрийн үр тариа ашиглан, гоймон, мантуу, будаа, пүнтүүз хийдэг. Бурхан эдгээр янз бүрийн төрлийн үр тариаг хүн төрөлхтөнд элбэг их өгсөн. Яагаад ийм олон төрөл зүйл байна вэ? Энд Бурханы санаа зорилгыг харж болно: Нэг талаар энэ нь хойд, өмнө, зүүн, баруун зүгийн өөр өөр хөрс, уур амьсгалд тохирсон байдаг; нөгөө талаар эдгээр үр тарианы янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг, агууламж нь хүний биеийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг, агууламжид таарсан байдаг. Хүмүүс эдгээр үр тариаг идэж л өөрсдийн биед шаардагддаг янз бүрийн шим тэжээл, бүрэлдэхүүн хэсгийг хангаж чаддаг. Хойд ба өмнөдийн хоол хүнс ялгаатай хэдий боловч ялгаатай гэхээсээ илүү төстэй байдал нь их юм. Эдгээр хоол хүнс хүний биеийн энгийн хэрэгцээг хангаж, хүний биеийн хэвийн оршин тогтнолыг хадгалж байдаг билээ. Тиймээс янз бүрийн газар нутагт ургасан төрөл зүйл маш их байдгийн шалтгаан нь хүний бие махбодод тухайн хоол хүнсний өгөх шим тэжээл хэрэгтэй. Хүний биеийн хэвийн оршин тогтнох чадварыг хадгалж, хүний хэвийн амьдралтай байхын тулд хөрсөнд ургасан янз бүрийн хоол хүнснээс хангадаг зүйлс хүмүүст хэрэгтэй байдаг. Товчхондоо бол, Бурхан хүн төрөлхтөнд маш их анхаарал тавьсан. Хүмүүст Бурханы хайрласан янз бүрийн хоол хүнс нь нэгэн хэвийн биш—харин ч маш өргөн цар хүрээтэй байдаг. Хүмүүс овьёос идмээр байвал овьёос идэж болно. Зарим нь гурил идэх дургүй, будаа идэх дуртай байдаг, тэгээд будаа идэж болно. Урт, богино гээд бүх төрлийн будаа байдаг ба хүмүүс бүгдийг нь амтархан хэрэглэж болдог. Тиймээс хэрвээ хүмүүс эдгээр үр тариаг идэж—дэндүү цамаан л биш бол—шим тэжээлээр дутагдахгүй ба өтөл нас хүртлээ эрүүл амьдрах нь баталгаатай. Энэ бол хүн төрөлхтөнд хоол хүнс хайрлахдаа Бурханы санаанд байсан анхны бодол байлаа. Хүний бие эдгээр зүйлгүйгээр байж чадахгүй—энэ нь бодит байдал биш гэж үү? Хүн төрөлхтөн эдгээр бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, харин Бурхан үүнийг аль хэдийн бэлдэж, сайтар бодсон байдаг. Бурхан хүн төрөлхтөнд зориулж эдгээр зүйлийг аль эрт бэлтгэсэн.

Бурхан үүнээс ч ихийг хүн төрөлхтөнд өгсөн—мөн олон төрлийн хүнсний ногоо байдаг. Чи зөвхөн будаа иддэг, будаа идээд байвал шим тэжээлээр дутагдаж магадгүй. Хэрвээ чи жаахан зууш шарж бэлдвэл, эсвэл хоолтойгоо идэх салат хийвэл хүнсний ногоонд агуулагдах витамин, янз бүрийн элемент, бусад шим тэжээл нь маш хэвийн байдлаар хүний биеийн хэрэгцээг хангана. Хүмүүс хоол идээгүй үедээ жимс жимсгэнэ бас идэж болно, тийм үү? Заримдаа хүмүүст илүү их шингэн, эсвэл өөр шим тэжээл, өөр амт хэрэгтэй үед, тэрийг нь хангах жимс жимсгэнэ, хүнсний ногоо мөн бий. Өмнө, хойд, зүүн, баруун нутагт цаг агаар болон хөрсний байдал өөр өөр байдаг болохоор тэнд мөн өөр өөр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургадаг. Өмнөдийн цаг агаар хэтэрхий халуун болохоор тэндхийн жимс жимсгэнэ, хүнсний ногооны дийлэнх нь хүний биеийн халуун, хүйтнийг тэнцвэржүүлж чадахуйц сэрүүн чанартай байдаг. Нөгөө талаар, хойд нутагт илүү цөөн төрлийн жимс, хүнсний ногоо байдаг ч хойд зүгийн хүмүүс идэхэд мөн л хангалттай. Гэвч сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил болон нийгмийн дэвшил гэгчийн улмаас, түүнчлэн хойд, өмнөд, зүүн, барууныг холбох тээвэр, харилцаа холбоо сайжирсны улмаас хойд зүгийн хүмүүс ч бас өмнөдийн зарим жимс, хүнсний ногоо, өмнө зүгийн бүс нутгийн бүтээгдэхүүнийг идэж чаддаг бөгөөд тэд бүр бүтэн жилийн турш ингэж чадна. Ингэснээр хүмүүс хэдийгээр амтлах мэдрэмж, материаллаг хүслээ хангаж байгаа ч, тэдний бие янз бүрийн түвшний хор хөнөөлд өөрийн мэдэлгүй өртдөг. Учир нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнсний дунд өмнөдийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэж байхад, хойд нутгийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэж бий. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи өмнөдөд төрсөн бол өмнөдийн хоол хүнс чамд тун тохиромжтой. Өмнө зүг онцлог цаг агаартай учир Бурхан, эдгээр жимс, хүнсний ногоог бэлтгэсэн. Хойд зүгт, хойд нутгийн хүмүүсийн биед хэрэгтэй хоол хүнс байдаг. Гэвч хүмүүс ховдог учраас тэд нийгмийн хөгжлийн давлагаанд өөрийн мэдэлгүй туугдан энэ хуулийг өөрийн мэдэлгүй зөрчиж байна. Хэдийгээр хүмүүс одоогийн амьдралаа илүү дээрдсэн гэж бодож байгаа ч, ийм нийгмийн дэвшил нь улам олон хүний биед нуугдмал хор хөнөөл учруулж байдаг. Энэ бол Бурханы харахыг хүсдэг зүйл биш, мөн хүн төрөлхтнийг эдгээр хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор хангахдаа Түүний зорьж байсан зүйл биш. Хүмүүс Бурханы тогтоосон хуулийг зөрчсөнөөр одоогийн нөхцөл байдлыг бий болгосон юм.

Түүнээс гадна, хүн төрөлхтөнд Бурханы хайрласан зүйл баялаг, элбэг дэлбэг агаад газар бүрд орон нутгийн бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл, зарим газар улаан хасарваань (улаан чавга гэдэг нэр нь түгээмэл) элбэг байхад, заримд нь хушга, газрын самар, өөр олон янзын самар элбэг байдаг. Эдгээр материаллаг зүйл хүний биед хэрэгтэй бүх шим тэжээлээр хангадаг. Гэхдээ Бурхан улирал, цагийн дагуу хүн төрөлхтнийг аливаа юмсаар хангадаг бөгөөд зөв цагт нь таарсан хэмжээгээр өгдөг. Хүн төрөлхтөн бие махбодын таашаалд шунадаг, ховдог хомхой бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үеийн хүний өсөлтийн энгийн хуулийг зөрчиж сүйтгэхэд хялбар байдаг. Интоорыг жишээ болгон авч үзье. Интоор зургаадугаар сарын үед боловсордог. Хэвийн нөхцөлд энэ нь наймдугаар сар гэхэд дуусдаг. Интоор хоёрхон сар л шинэхэн байдаг боловч хүмүүс тэр хугацааг одоо шинжлэх ухааны аргаар 12 сар, тэр ч бүү хэл, интоорын дараагийн ургац хүртэл нь сунгаж чадна. Энэ нь бүтэн жилийн турш интоор байна гэсэн үг. Энэ үзэгдэл хэвийн зүйл мөн үү? (Үгүй.) Тэгвэл интоор идэх хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ? Зургаадугаар сараас наймдугаар сар. Энэхүү хязгаараас цааш, чи яаж ч шинэхнээр нь хадгалаад адил амтагдахгүй, хүний биед ч хэрэггүй. Дуусах хугацаа нь өнгөрөнгүүт ямар ч химийн бодис хэрэглэх нь хамаагүй, байгальд ургасан шигээр нь байлгаж чадахгүй юм. Дээрээс нь, химийн бодисын хүнд учруулдаг хор хөнөөлийг хэн ч, яагаад ч арилгаж, эсвэл өөрчилж чадахгүй. Тэгэхээр одоогийн зах зээлийн эдийн засаг хүмүүст юу авчирдаг вэ? Хүмүүсийн амьдрал илүү дээрдсэн мэт санагдаж, бүх чиглэлийн тээвэр үнэхээр боломжийн болж, хүмүүс бүх төрлийн жимсийг жилийн дөрвөн улирлын хэдийд ч идэж чадахаар болсон. Хойд зүгийн хүмүүс гадил болон ямар ч хоол хүнс, орон нутгийн бүтээгдэхүүн, өмнөдийн жимс зэргийг байнга идэж чадахаар болсон. Гэхдээ энэ нь Бурханы хүнд өгөхийг хүссэн амьдрал биш юм. Ийм төрлийн зах зээлийн эдийн засаг хүмүүсийн амьдралд зарим нэг ашиг тус авчирдаг боловч бас зарим хор хөнөөл авчирдаг. Зах зээл дээр элбэг дэлбэг байдгаас нь болж олон хүн юу ч хамаагүй иддэг ба юу ч бодолгүйгээр иддэг. Энэ нь байгалийн хуулийг зөрчдөг бөгөөд эрүүл мэндэд нь хор хөнөөлтэй. Иймээс зах зээлийн эдийн засаг хүмүүст жинхэнэ аз жаргалыг авчирч чадахгүй. Өөрсдөө харцгаа. Зах зээл дээр жилийн дөрвөн улирлын турш усан үзэм зардаг биш үү? Усан үзэм үнэндээ түүсний дараа тун богино хугацаанд л шинэхнээрээ байдаг. Хэрвээ чи тэднийг дараагийн 6 дугаар сар хүртэл хадгалбал усан үзэм гэж болох уу? Хог гэж хэлж болох уу? Тэдгээр нь усан үзмийн анхдагч найрлагаа алдаад зогсохгүй бас илүү их химийн найрлагатай болдог. Нэг жилийн дараа зөвхөн шинэхэн чанараа алдаад зогсохгүй, шим тэжээл нь ч хэдийн үгүй болсон байна. Усан үзэм идэх үед хүмүүст: “Ийм сайхан! Бид 30 жилийн өмнө энэ улиралд усан үзэм идэж чадах байсан уу? Хүссэн ч идэж чадахгүй байх байсан. Одоо амьдрал яасан гайхалтай байна вэ!” гэж санагддаг. Энэ үнэхээр аз жаргал мөн үү? Хэрвээ чи сонирхож байгаа бол химийн бодисын тусламжтайгаар хадгалагдаж байгаа усан үзмийг судалж, бүтэц нь яг юу болохыг, мөн тэр бүтэц хүнд ямар нэг ашиг тус өгдөг юм уу гэдгийг харж болно. Хуулийн эрин үед израильчууд Египетийг орхиж гараад явж байхад нь Бурхан тэдэнд бөднө шувуу болон манна өгсөн. Бурхан тэднийг хадгалахыг хүнд зөвшөөрсөн үү? Тэдний зарим нь алсын хараагүй байсан ба маргааш дахиж өгөхгүй байх гэж айгаад заримыг нь дараа хэрэглэхээр хадгалсан. Гэтэл юу болсон бэ? Дараагийн өдөр тэр нь ялзарсан байсан. Үлдээж, нөөцлөхийг Бурхан тэдэнд зөвшөөрөөгүй, учир нь Бурхан тэднийг өлсгөхгүйн тулд нэлээд бэлтгэл хийсэн байв. Хүн төрөлхтөнд тийм найдвар ч, Бурханд итгэх жинхэнэ итгэл ч байхгүй. Тэд дараа хэрэглэхээр заримыг нь үргэлж үлдээдэг ба хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн зүйлийн цаана байгаа анхаарал халамжийг хэзээ ч харж чаддаггүй. Тэд зүгээр л үүнийг мэдэрч чаддаггүй, үргэлж Бурханд эргэлзэж, үргэлж ингэж бодож байдаг: “Бурханы хийсэн зүйл найдваргүй! Бурхан хүн төрөлхтөнд үүнийг өгөх эсэхийг, эсвэл хэзээ өгөхийг хэн мэдэх юм! Хэрвээ үнэхээр өлсөж байхад Бурхан юм өгөхгүй бол би өлбөрөхгүй гэж үү? Би хоол тэжээлийн дутагдалд орох биш үү?” Хүний итгэл үнэмшил хэчнээн өчүүхэн болохыг хар л даа!

Үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүх төрлийн самар нь бүгд цагаан хоол. Хэдийгээр цагаан хоол боловч хүний биеийн хэрэгцээг хангахуйц хангалттай шим тэжээлтэй. Гэсэн хэдий ч Бурхан: “Эдгээрийг хүн төрөлхтөнд өгөх нь хангалттай. Хүн төрөлхтөн эдгээрийг идэхэд л болно” гэж хэлээгүй. Бурхан тэгээд зогсчихоогүй, харин ч хүн төрөлхтөнд бүр их амттай зүйлсийг бэлдэж өгсөн. Эдгээр зүйл нь юу вэ? Энэ нь та нарын ихэнх нь хардаг, идэж чаддаг төрөл бүрийн мах, загас юм. Хүнд зориулан Бурханы бэлдсэн маш олон төрлийн мах, загас байдаг. Загас бүгд усанд амьдардаг; махных нь бүтэц хуурай газар дээр өссөн амьтдынхаас өөр байдаг ба хүн төрөлхтөнд өөр өөр шим тэжээл өгч чадна. Загасны шинж чанар хүний биеийн дулаан болон хүйтнийг зохицуулж чаддаг, тиймээс хүн төрөлхтний хувьд туйлын ашигтай юм. Гэхдээ сайхан амттай гээд хэтрүүлж болохгүй. Энэ нь үүнтэй мөн л адилхан: Бурхан хүн төрөлхтөнд зөв цагт нь, таарсан хэмжээгээр нь өгдөг, ингэснээр хүмүүс улирал, цагийн дагуу эдгээр зүйлийг хэвийн байдлаар, зүй зохистойгоор эдэлж чаддаг. Шувууны маханд юу багтдаг вэ? Тахиа, бөднө шувуу, тагтаа гэх мэт. Олон хүн бас нугас, галуу иддэг. Бурхан энэ бүх махаар хангасан хэдий ч Өөрийн сонгосон хүмүүст тодорхой шаардлага тавьж, Хуулийн эрин үеийн хоол хүнсэнд нь тодорхой хязгаарлалт тавьсан. Одоо тэр цар хүрээ нь хувь хүний өөрийн ойлголт, дур сонирхол дээр тулгуурладаг. Энэ янз бүрийн мах нь уураг, төмөр нөхөх, цус төлжүүлэх, булчин, яс бэхжүүлж, илүү их эрч хүч өгөх зэргээр хүний биеийг янз бүрийн шим тэжээлээр хангадаг. Хүмүүс ямар аргаар болгож идэхээс үл хамааран товчхондоо, эдгээр зүйл нь нэг талаар амт сайжруулж, хүмүүсийн дуршлыг нэмэгдүүлэхэд, нөгөө талаар тэдний ходоодыг дүүргэхэд тусалж байдаг. Хамгийн чухал нь эдгээр зүйл хүний биеийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадна. Эдгээр нь, хүн төрөлхтөнд хүнс хоол бэлдэхдээ Бурханы анхаарсан зүйлс юм. Цагаан хоол, бас мах байдаг нь баян, элбэг дэлбэг байгаа биш гэж үү? Гэвч Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүх хоол хүнсийг бэлдэж өгөх үедээ анх ямар санаа зорилготой байсныг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ материаллаг хоол хүнсийг хүн төрөлхтөн хэтрүүлэн хэрэглэг гэсэн үү? Хүн эдгээр материаллаг хүслээ хангахаар оролддог болчихвол яах вэ? Тэд хоол тэжээлийн илүүдэлтэй болохгүй юу? Хоол тэжээлийн хэт илүүдэлтэй байх нь хүний биеийг олон янзаар зовоодог бус уу? (Тийм.) Тийм учраас Бурхан таарсан хэмжээгээр зөв цагт өгч, өөр өөр цаг үе, улиралд нийцүүлэн хүмүүст янз бүрийн хоол хүнс хэрэглүүлдэг билээ. Жишээлбэл, хэт халуун зуны дараа хүмүүс биедээ нэлээд их дулааныг болон өвчин үүсгэгч хуурайшилт, чийгшилт хуримтлуулна. Намар болоход, олон төрлийн жимс боловсордог бөгөөд хүмүүс зарим жимсийг идэхэд чийгшил нь арилна. Үүний зэрэгцээ үхэр, хонь таргалсан байх тул хүмүүс тэжээл болгож мах идэх ёстой. Төрөл бүрийн мах идсэний дараа хүмүүсийн бие өвлийн хүйтнийг давах хүч, дулаантай болох ба үүний үр дүнд тэд өвлийг амгалан тайван өнгөрүүлж чадна. Хүн төрөлхтөнд зориулж хэдийд юу бэлдэх, мөн тэр зүйлс хэдийд ургаж, жимслэх, боловсрох—энэ бүгдийг Бурхан тун тооцоотой хянаж, захирдаг. Энэ бол “Хүний өдөр тутмын амьдралд шаардлагатай хоол хүнсийг Бурхан хэрхэн бэлдсэн тухай” сэдэв юм. Бүх төрлийн хоол хүнсээс гадна, Бурхан хүн төрөлхтнийг усны эх үүсвэрээр бас хангадаг. Хүмүүс юм идсэний дараа ус уух хэрэгтэй. Жимс л идэхэд хангалттай юу? Хүмүүс зөвхөн жимс идээд явж тэсэхгүй, үүнээс гадна зарим улиралд жимс байдаггүй. Тэгвэл хүн төрөлхтний усны асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Бурхан нуур, гол, булаг гээд газар дээр болон газар доор усны эх үүсвэр олныг бэлдсэнээр. Ямар нэгэн бохирдол, хүний боловсруулалт, сүйтгэхгүй нөхцөлд эдгээр эх үүсвэрээс ус ууж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амьдралыг элбэг дэлбэг, баялаг бөгөөд юугаар ч дутахгүй байлгах гэж Бурхан, хоол хүнсний эх сурвалжтай холбогдуулан хүн төрөлхтний бие махбодын амьдралд зориулж маш чамбай, маш нарийн, тун зохимжтой бэлтгэл хийсэн. Энэ бол хүмүүсийн харж, мэдэрч болох зүйл юм.

Түүнчлэн, хүний биеийн гэмтлийг эдгээх, эсвэл өвчнийг анагаахад онцгойлон зориулсан зарим ургамал, амьтан, төрөл бүрийн өвс ногоог Бурхан бүх зүйлийн дунд бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ чи түлэгдэх юм уу, халуун усанд санамсаргүй шалзлагдвал юу хийдэг вэ? Усаар угааж болох уу? Чи хаа нэгтэйгээс даавууны өөдөс олоод боож болох уу? Тэгвэл идээ бээрээр дүүрч, эсвэл халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хэрвээ чи халуурч, ханиад хүрч, биеийн хүчний ажлаас гэмтэл авч, буруу зүйл идсэнээс болоод ходоодны эмгэгтэй болж, эсвэл амьдралын зуршил юм уу сэтгэл хөдлөлийн асуудлаас болоод зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг, дотор эрхтний өвчин гэх мэттэй болбол энэ бүгдийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Зогсонги байдлыг арилгахын тулд цусны эргэлт сайжруулах, өвчин намдаах, цус алдалт зогсоох, мэдээ алдуулах, хүмүүсийн арьсны хэвийн байдлыг сэргээхэд туслах, цусны бүлэгнэл арилгах, биеэс хор гадагшлуулах ургамлууд бий. Товчхон хэлбэл, тэдгээрийг бүгдийг нь өдөр тутмын амьдралд хэрэглэж болно. Тэдгээр нь хүмүүст хэрэгтэй ба Бурхан хүний биед хэрэгтэй үед нь зориулан бэлдсэн. Тэдгээрийн заримыг санаандгүй олж илрүүлэх боломжийг Бурхан хүнд олгосон байхад үүнийг хийлгэхээр Бурханы бэлдсэн хүмүүс бусдыг нь олж илрүүлсэн, эсвэл Бурханы зохион байгуулсан онцгой үзэгдлийн үр дүнд олж илрүүлсэн. Тэдгээрийг нээснийхээ дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулдаг бөгөөд улмаар олон хүн энэ тухай мэдэж авдаг. Ийнхүү Бурхан эдгээр ургамлыг бүтээсэн нь үнэ цэн, утга учиртай юм. Товчхон хэлбэл, эдгээр зүйл бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтөнд амьдрах орчин бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс юм. Энэ бүх зүйл маш чухал. Бурханы халамж анхаарал хүн төрөлхтнийхөөс дээр бодож боловсруулсан байсан уу? Чи Бурханы хийсэн бүхнийг харах үедээ Бурханы бодитой талыг мэдэрч чаддаг уу? Бурхан нууцаар ажилласан. Хүн энэ дэлхийд хараахан бий болоогүй байхад, энэ хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан энэ бүхнийг аль хэдийн бүтээчихсэн байв. Түүний хийсэн бүхэн бол хүн төрөлхтөн, Бурханы бэлдэж өгсөн энэ баян, элбэг дэлбэг материаллаг дэлхийд хоол, хувцасны талаар санаа зоволгүйгээр, дутагдах зүйлгүйгээр аз жаргалтай амьдарч чадаг гэсэндээ хүн төрөлхтний төлөө, тэднийг амьд байлгахын төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолыг анхаарч үзэхийн тулд байлаа. Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдардаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих