Цор ганц Бурхан Өөрөө V Бурханы ариун байдал (II) (Дөрөвдүгээр хэсэг)

5. Сатан хүнийг завхруулахад нийгмийн хандлагыг хэрхэн ашигладаг тухай

Нийгмийн хандлага хэзээ бий болсон бэ? Өнөө үед л бий болсон гэж үү? Сатан хүмүүсийг завхруулж эхлэх үед нийгмийн хандлага бий болсон гэхэд болно. Нийгмийн хандлагад юу багтдаг вэ? (Хувцаслах хэв маяг, нүүр будалт багтдаг.) Эдгээр нь хүмүүсийн байнга холбогддог зүйлс юм. Хувцаслах хэв маяг, загвар, чиг хандлага гэх эдгээр зүйл нэг жаахан хэсгийг бүрдүүлдэг. Өөр зүйл бий юу? Хүмүүсийн байнга хэлдэг түгээмэл үг хэллэг үүнд бас багтдаг уу? Хүмүүсийн хүсдэг амьдралын хэв маяг багтдаг уу? Хүмүүсийн дуртай од дуучид хөгжимчид, алдартнууд, сонин сэтгүүл, ном зохиолууд үүнд багтдаг уу? (Тийм ээ.) Та нарын бодлоор нийгмийн хандлагын аль тал нь хүнийг завхруулах чадвартай вэ? Эдгээр чиг хандлагын аль нь та нарт хамгийн сэтгэл татам санагддаг вэ? “Бид бүгд тодорхой насанд хүрсэн, тавь жар, дал наяад настай болсон болохоор эдгээр чиг хандлагыг дагаж чадахаа больсон, тэгээд ч тэдгээрт үнэндээ анхаардаггүй” гэж зарим хүн хэлдэг. Энэ зөв үү? “Бид алдартнуудыг сонирхдоггүй, хориод настай залуучууд л тэгдэг шүү дээ; бид бас загварлаг хувцас өмсдөггүй, дүр төрхдөө анхаардаг хүмүүс л тэгдэг юм” гэж бусад нь хэлдэг. Тэгвэл эдгээрийн аль нь та нарыг завхруулах чадвартай вэ? (Түгээмэл үг хэллэг.) Эдгээр үг хэллэг хүнийг завхруулж чадах уу? Би жишээ хэлье, тэгээд эдгээр нь хүмүүсийг завхруулдаг эсэх нь та нарт харагдана: “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь чиг хандлага мөн үү? Та нарын дурдсан загвар, хоол ундны чиг хандлагатай харьцуулахад энэ бүр ч долоон дор байгаа биз? “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн болгоны зүрхэнд шингэж, одоо тэдний сэтгэлд тогтсон зүйл учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Эхэндээ хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд дараа нь үүнд дасаж, улмаар амьдралын бодит байдалтай нүүр тулах үедээ аажмаар үг дуугүй зөвшөөрч, ийм зүйл байдгийг хүлээж, эцэст нь албан ёсоор баталсан байдаг. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Илчлэгдсэн энэ зүйлийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь мөнгөний шүтлэг юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүн гүнзгий завхруулсан бололтой! Тэгвэл Сатан ийм чиг хандлагыг ашиглан хүмүүсийг завхруулсны дараа хүмүүст энэ нь хэрхэн илэрдэг вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй гэж та нар боддог уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд бахархалтайгаар цэх зогсоод, чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдардаг. Энэ үг, ийм чиг хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө ямар ч хамаагүй золиос гаргадаг гэдэг нь үнэн биш үү? Олон хүн илүү их мөнгө эрэлхийлэн өөрсдийн нэр төр, шулуун шударга байдлыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлж, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм түвшинд хүртэл завхруулах гэж ийм арга барил, үг хэллэг ашигладаг Сатан ёрын биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл үг хэллэгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэдий хэмжээнд нөлөөлсөн бэ? Үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг ч үүнийг эрэлхийлэхэд чи хүчин мөхөстдөг байж магад. Бурханы үгийг чи тодорхой мэддэг байж болох ч төлөөс төлж, түүний төлөө зовох хүсэлгүй байдаг. Харин ч өөрийн ирээдүй, хувь заяаг золиослон, Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэхийг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, Бурханы чамайг гэх хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийн дураар аашилна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ үг чиний ааш авир, бодлыг аль хэдийн хянаж байдаг бөгөөд чиний хувьд бүгдийг нь орхиж байснаас хувь заяагаа энэ үгэнд захируулсан нь дээр байдаг. Хүмүүс ингэж авирлаж, энэ үгийн хяналтад орж, явуулгад автдаг нь Сатан хүнийг завхруулах явдал үр дүнтэй байгааг харуулдаг бус уу? Сатаны гүн ухаан, завхарсан зан чанар ийнхүү зүрх сэтгэлд чинь үндэслэж байгаа хэрэг бус уу? Хэрэв чи ингэвэл Сатан зорилгодоо хүрсэн хэрэг бус уу? (Тийм ээ.) Сатан хүнийг ийм маягаар хэрхэн завхруулсныг чи ойлгож байна уу? Үүнийг мэдэрч байна уу? (Үгүй.) Үүнийг чи хараа ч үгүй, мэдрээ ч үгүй. Эндээс чи Сатаны ёрын мууг харж байна уу? Сатан хүнийг хаа сайгүй цаг ямагт завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралаас зайлсхийх боломжгүй болгож, хүчин мөхөстүүлдэг. Учраа олохгүй, өөрт юу тохиолдоод байгааг огт мэдэхгүй нөхцөлд чинь Сатан өөрийн үзэл бодол, өөрөөс нь гардаг ёрын муу зүйлсийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээрийг огт эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эднийг эрдэнэ мэт нандигнан, эдгээртэй зууралдаж, өөрсдийг нь удирдаж, тоглоом тохуу хийх боломж олгодог. Ийнхүү Сатан хүнийг улам гүн завхруулдаг.

Сатан хүнийг завхруулахад энэ хэдэн аргыг ашигладаг. Хүн эрдэм мэдлэгтэй, мөн шинжлэх ухааны зарим зарчмын талаарх ойлголттой байдаг бөгөөд уламжлалт соёлын нөлөөнд амьдардаг, хүн бүр уламжлалт соёлыг өвлөн авагч, уламжлан үлдээгч байдаг. Хүн Сатаны өгсөн уламжлалт соёлыг яах аргагүй үргэлжлүүлж, Сатаны хүн төрөлхтөнд өгдөг нийгмийн хандлагыг дагадаг. Хүн Сатанаас салж хагацашгүй бөгөөд цаг ямагт Сатаны хийдэг бүхнийг даган мөрдөж, ёрын муу байдал, ов мэх, хорлонтой, биеэ тоосон байдлыг нь хүлээн зөвшөөрдөг. Сатаны эдгээр зан чанарыг хүн эзэмшсэн хойноо энэ ертөнцөд ийм хүн төрөлхтний дунд амьдрахдаа жаргалтай байсан уу, гунигтай байсан уу? (Гунигтай байсан.) Яагаад тэгж хэлж байна вэ? (Яагаад гэвэл хүн эдгээр зүйлд хүлэгдээд, амьдрал нь гашуун зовлон болдог.) Зарим хүн нүдний шил зүүж, тун ухаантай харагддаг; дуугаа өндөрсгөх нь нэн ховор, цэцэн цэлмэг, ухаалаг үг хэлдэг төдийгүй өтөл наснаасаа улбаалан олон зүйл туулж, маш их туршлагажсан байдаг; тэд их бага асуудлын талаар нарийвчлан ярьдаг, хэлж байгаа үг нь ямагт эрүүл ухаанд суурилсан байж магад; түүнчлэн үнэнийг болон аливаа зүйлийн учир шалтгааныг үнэлэх хэсэг онол тэдэнд байж магадгүй. Ийм хүмүүсийн ааш авир, дүр төрх, биеэ авч явах байдал, шулуун шударга зан, ааш араншныг харахад ямар ч өө олдохгүй байж болох юм. Ийм хүмүүс өнөөгийн нийгмийн хандлагад дасан зохицох гойд чадвартай бөгөөд цаг үеэсээ хоцрогдсон гэж хэзээ ч харагддаггүй. Ийм хүмүүс өтөл настай байж болох ч цаг үеийн чиг хандлагаас хэзээ ч хоцордоггүй бөгөөд сурч боловсроход хэзээ ч хөгшиддөггүй. Гаднаа ийм хүнээс хэн ч өө олж чадахгүй боловч дотор нь Сатан тэднийг туйлын их, бүрэн дүүрэн завхруулсан байдаг. Ийм хүмүүс гаднаа ямар ч өөгүй, өнгөн дээрээ эелдэг, боловсон, эрдэм мэдлэгтэй, тодорхой ёс суртахуунтай, шулуун шударга, эрдэм мэдлэгийн хувьд залуучуудаас яавч дутахааргүй байвч уг чанар, мөн чанарынхаа хувьд ийм хүмүүс Сатаны амилсан загвар; Сатан гэгээн дүрээрээ байдаг. Энэ нь Сатан хүнийг завхруулсны “үр жимс” юм. Миний хэлсэн зүйлд та нар эмзэглэж болох ч энэ бүгд үнэн. Хүний судалдаг эрдэм мэдлэг, хүний ойлгодог шинжлэх ухаан, нийгмийн хандлагад зохицохын тулд хүний сонгодог арга барил нь бүгд хүнийг завхруулах Сатаны арга хэрэгсэл байдаг. Энэ гарцаагүй үнэн. Иймээс хүн Сатаны завхралд бүрэн өртсөн зан чанартайгаар амьдардаг бөгөөд Бурханы ариун байдал, мөн чанар гэж юу болох талаар огт мэдэх аргагүй юм. Учир нь гаднаа Сатан хүнийг завхруулдаг арга замаас өө олох аргагүй; буруу юм байгаа эсэхийг хүний ааш авираас олж мэдэх аргагүй. Хүн болгон хэвийн байдлаар ажлаа хийж, хэвийн байдлаар ном, сонин уншиж, хэвийн байдлаар сурч боловсорч, хэлж ярьдаг; зарим нь бүр өнгөн дээрээ ёс суртахуунтай байж сурчхаад хүмүүстэй найрсгаар мэндэлж, эелдэг, зан сайтай, уужуу сэтгэлтэй, нөхөрсөг, бусдад тусч, өгөөмөр байдаг бөгөөд өрөөлтэй шалихгүй маргаан дэгдээдэггүй, бусдыг шулж мөлждөггүй. Гэвч завхарсан сатанлаг зан чанар тэдний гүнд үндэслэсэн байдаг бөгөөд гаднаа хүчин чармайлт гаргахад тулгуурлан ийм мөн чанарыг өөрчлөх аргагүй юм. Хүн энэ мөн чанараас үүдэн Бурханы ариун байдлыг мэдэж чаддаггүй бөгөөд Бурханы ариун байдал хүнд ил болсныг үл харгалзан үүнийг нухацтай хүлээж авдаггүй. Учир нь Сатан аль хэдийн янз бүрийн аргаар хүний сэтгэл хөдлөл, санаа, үзэл бодлыг бүрэн эзэмдэж авсан байдаг. Энэхүү эзэмдэлт, завхрал нь зуурдын, алдаг оног байдаггүй, харин хаа сайгүй, цаг үргэлж оршдог. Иймээс Бурханд гурваас дөрвөн жил, тэр ч бүү хэл тав зургаан жил итгэсэн олон хүн Сатаны шингээсэн үзэл бодолтой эрдэнэсээс зуурч буй мэт зууралдсаар байдаг. Сатаны уг чанараас гардаг ёрын муу, биеэ тоосон, хорлонт зүйлсийг хүн хүлээн зөвшөөрсөн тул хүн хоорондын харилцаанд хямрал, маргаан, таарамжгүй байдал байнга гарах нь зайлшгүй бөгөөд энэ нь Сатаны биеэ тоосон уг чанараас үүдэлтэй юм. Сатан хүн төрөлхтөнд эерэг зүйл өгсөн бол—жишээлбэл, хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн уламжлалт соёл дахь Күнз, Даогийн сургаал сайн зүйлс байсан бол—эдгээрийг хүлээн зөвшөөрсний дараа адил төрлийн хүмүүс хоорондоо эвтэй байж чадах учиртай. Гэтэл адилхан зүйл хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн дунд яагаад ийм том зааг ялгаа байдаг юм бэ? Яагаад тэр вэ? Учир нь эдгээр зүйл Сатанаас гаралтай бөгөөд Сатан хүмүүсийн дунд хагарал үүсгэдэг. Сатаны юм гаднаа хэчнээн нэр төртэй, агуу харагдавч хүнийг гагцхүү биеэ тооход хүргэж, хүний амьдралд гагцхүү биеэ тоосон байдлыг илэрхий болгодог бөгөөд Сатаны ёрын муу уг чанарын ов мэхнээс цаашгүй. Тийм биз дээ? Өөрсдийгөө өнгөлөн далдалж чаддаг, арвин их мэдлэгтэй, сайн хүмүүжилтэй хүн ч завхарсан сатанлаг зан чанараа нуухад хэцүү. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрийгөө хэчнээн олон янзаар өнгөлөн далдалсан ч бай, энэ хүнийг чи ариун хүн, төгс нэгэн, тэнгэрэлч гэж бодсон ч бай, хэчнээн ариун гэж санасан ч бай хамаагүй, хөшигний цаадах тэдний бодит амьдрал ямар байдаг вэ? Тэдний зан чанарын илчлэлээс чи ямар мөн чанарыг олж харах вэ? Сатаны ёрын муу уг чанарыг олж харах нь эргэлзээгүй. Ингэж хэлж болох уу? (Тийм ээ.) Жишээлбэл, сайн хүн гэж бодож явсан, магадгүй шүтээнээ болгодог байсан дотнын нэг хүн чамд байдаг гэе. Өнөөгийн биеийн хэмжээгээрээ чи тэдний тухай юу гэж бодож байна вэ? Нэгдүгээрт ийм хүн нь хүн чанартай эсэх, үнэнч эсэх, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг эсэх, үг үйлдэл нь бусдад үр өгөөж өгч, тус болдог эсэхийг чи үнэлдэг. (Тэд тийм байдаггүй.) Энэ хүмүүсийн илчилдэг сайхан сэтгэл, хайр, сайн сайхан байдал гэгч нь юу байдаг вэ? Бүгд худал хуурмаг, бүгд өнгөлөн далдлалт байдаг. Энэхүү өнгөлөн далдлалтын цаана эцсийн эцэст эрхэмлэгдэн шүтэгдэх ёрын муу зорилго бий. Үүнийг та нар тодорхой ойлгож байна уу? (Ойлголоо.)

Хүмүүсийг завхруулахын тулд Сатаны ашигладаг арга хүн төрөлхтөнд юу авчирдаг вэ? Эерэг зүйл авчирдаг уу? Нэгдүгээрт, хүн сайн мууг ялгаж чаддаг уу? Энэ ертөнцийн аль ч хүн, агуу хүн ч тэр, зарим нэгэн сонин сэтгүүл ч тэр, элдэв зүйлийг сайн муу гэж тунхагладаг, тэгвэл тэдний дүгнэлт оновчтой байдаг уу? Үйл явдал, хүмүүсийг тэд шударгаар үнэлдэг үү? Тэдгээр нь үнэний ортой юу? Энэ ертөнц, энэ хүн төрөлхтөн эерэг ба сөрөг зүйлийг үнэний стандартад үндэслэн үнэлдэг үү? (Үгүй.) Яагаад хүмүүс тэгж чаддаггүй юм бэ? Хүмүүс асар их сурч боловсорсон, шинжлэх ухааны өргөн их мэдлэгтэй юм чинь агуу их чадварыг эзэмшсэн байдаг юм биш үү? Гэтэл тэд яагаад эерэг сөрөг зүйлийг ялгаж чаддаггүй юм бэ? Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл хүмүүст үнэн байхгүй; шинжлэх ухаан, эрдэм мэдлэг нь үнэн биш юм.) Хүн төрөлхтөнд Сатаны авчирдаг бүх зүйл ёрын муу, завхарсан бөгөөд үнэн, амь, замгүй байдаг. Сатан ёрын муу байдал, завхралыг хүн төрөлхтөнд авчирдаг байтал Сатанд хайр байдаг гэж чи хэлж чадах уу? Хүнд хайр байдаг гэж хэлж чадах уу? “Таны буруу шүү дээ; дэлхий даяар ядуус, орон гэргүй хүмүүст тусалдаг олон хүн бий. Тэд сайн хүмүүс биш үү? Бас сайн үйлс хийдэг буяны байгууллагууд ч бий; тэдний хийдэг үйлс нь сайн үйлс биш юм уу?” гэж зарим хүн хэлж магад. Тэгвэл бид энэ талаар юу гэж хэлдэг вэ? Сатан хүнийг завхруулахын тулд олон өөр арга барил болон онол ашигладаг; хүний энэ завхрал тодорхойгүй ойлголт уу? Үгүй, энэ тодорхойгүй ойлголт биш. Сатан бас зарим нэг бодитой зүйл хийж, энэ ертөнц, нийгэмд үзэл бодол, онолоо бас дэвшүүлдэг. Улс гүрэн болгонд, эрин зуун бүрд Сатан нэг онол дэвшүүлж, хүмүүсийн оюун санаанд үзэл бодол шингээдэг. Эдгээр үзэл бодол, онол нь аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэж, дараа нь хүмүүс тэдгээрийн дагуу амьдарч эхэлдэг. Тэдгээрийн дагуу амьдарч эхэлмэгцээ хүмүүс өөрсдийн мэдэлгүй Сатан болдог бус уу? Тэгээд Сатантай нэгддэг бус уу? Хүмүүс Сатантай нэгдсэн үед эцэстээ Бурханд хэрхэн ханддаг вэ? Энэ нь Бурханд хандах Сатаны хандлагатай адилхан бус уу? Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, тийм биз? Яасан аймшигтай гээч! Сатаны уг чанар ёрын муу гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнийг үндэслэлгүйгээр хэлдэг юм биш; харин Сатаны хийсэн зүйл, илчилсэн юман дээр үндэслэн уг чанарыг нь тодорхойлж, шинжилдэг. Сатан ёрын муу гэж Би дөнгөж сая хэллээ; та нар юу гэж бодох вэ? “Сатан харваас ёрын муу” гэж бодно. Тэгвэл Би чамаас асууя: “Сатаны ямар тал нь ёрын муу байдаг юм бэ?” Хэрэв чи, “Сатан Бурханыг эсэргүүцдэг нь ёрын муу” гэж хэлбэл мөн л тодорхойгүй ярьж байгаа хэрэг. Нарийн ширийн зүйлийн талаар Би ингээд ярьсан болохоор Сатаны ёрын муу мөн чанарын нарийн агуулгын талаар та нар ойлгов уу? (Тэглээ.) Хэрвээ та нар Сатаны ёрын муу уг чанарыг тодорхой харж чаддаг бол өөрсдийнхөө нөхцөл байдлыг харна. Энэ хоёр зүйлийн хооронд ямар нэгэн харилцаа байна уу? Энэ нь та нарт нэмэртэй юу, үгүй юү? (Нэмэртэй.) Бурханы ариун байдлын мөн чанарын талаар нөхөрлөх үедээ Би Сатаны ёрын муу мөн чанарын талаар нөхөрлөх шаардлагатай юу? Та нар энэ тухайд юу гэж бодож байна? (Тийм ээ, тэгэх шаардлагатай.) Яагаад тэр вэ? (Сатаны ёрын муу нь Бурханы ариун байдлыг ил тод болгодог.) Тэгдэг гэж үү? Энэ нь нэг талаараа зөв, Сатаны ёрын муугүйгээр Бурханы ариун байдлыг хүмүүс мэдэхгүй; ингэж хэлэх нь зөв. Гэвч Бурханы ариун байдал гагцхүү Сатаны ёрын муутай эсрэгцсэний улмаас оршин тогтнодог гэж хэлбэл зөв үү? Ийнхүү харилцан эсрэгцүүлж бодох нь буруу. Бурханы ариун байдал нь Бурханы төрөлх мөн чанар юм; Бурхан үүнийг Өөрийн үйл хэргээр илчилдэг хэдий ч энэ нь Бурханы мөн чанарын уг илэрхийлэл, Бурханы төрөлх мөн чанар хэвээр байдаг; хүн үүнийг харж чаддаггүй ч гэлээ энэ нь цаг ямагт оршиж ирсэн бөгөөд Бурханд Өөрт нь заяагдмал байдаг. Учир нь хүн Сатаны завхарсан зан чанар, Сатаны нөлөөн дунд амьдардаг бөгөөд ариун байдлын тухай мэддэггүй, Бурханы ариун байдлын нарийн агуулгыг бүр ч мэддэггүй. Иймээс бид эхлээд Сатаны ёрын муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай юу? (Тийм ээ, тэгэх шаардлагатай.) “Та Бурханы Өөрийнх нь талаар нөхөрлөж байж яагаад үргэлж Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг, Сатаны уг чанар хэрхэн ёрын муу байдаг талаар яриад байгаа юм бэ?” гэж зарим хүн эргэлзэж магад. Одоо та нар энэ эргэлзээгээ ард үлдээсэн биз? Хүмүүс Сатаны ёрын мууг ялган таньж, яг таг тодорхойлж, ёрын муугийн нарийн агуулга, илрэл болон ёрын муугийн эх сурвалж, мөн чанарыг тодорхой ойлгож чадах үедээ л Бурханы ариун байдлыг хэлэлцэх замаар Бурханы ариун байдал гэж юу болох, ариун байдал гэж юу болохыг тодорхой ухаарч, таньж мэдэж чаддаг. Сатаны ёрын муугийн талаар ярихгүй бол нийгэмд болон хүмүүсийн дунд хүмүүсийн хийдэг зарим зүйл, эсвэл энэ ертөнцөд оршин байгаа зарим зүйл ариун байдалтай ямар нэг холбоотой гэж зарим хүн эндүү ташаа бодно. Ингэж бодох нь буруу бус уу? (Тийм ээ, буруу.)

Сатаны мөн чанарын талаар Би ийнхүү нөхөрлөлөө, тэгвэл өнгөрсөн хэдэн жилд та нар өөрсдийн туршлага, Бурханы үгийн уншлага, Түүний ажлын туршлагаасаа Бурханы ариун байдлын талаар ямаршуу ойлголт авсан бэ? Энэ талаар яриач. Чи чихэнд чимэгтэй үг хэрэглэх албагүй, зүгээр л өөрийн туршлагаас ярихад болно. Бурханы хайр л Түүний ариун байдлыг бүрдүүлдэг үү? Бурханы хайрыг л бид ариун байдал гэж тодорхойлж байгаа гэж үү? Тэгвэл хэтэрхий туйлширсан хэрэг болно, тийм биз? Бурханы хайраас гадна Бурханы мөн чанарын бусад тал бий. Та нар тэдгээрийг харсан уу? (Тийм ээ. Баяр наадам, зан заншил, мухар сүсгийг Бурхан жигшдэг; энэ ч мөн Бурханы ариун байдал юм.) Бурхан ариун тул жигшдэг гэж хэлэх гээд байна уу? Бурханы ариун байдал гэж яг юу юм бэ? Бурханы ариун байдал нь үзэн ядалтаас өөр ямар ч дорвитой агуулгагүй байдаг хэрэг үү? Та нар сэтгэлдээ, “Бурхан эдгээр ёрын муу зүйлийг үзэн яддаг учраас Бурханыг ариун гэж хэлж болно” гэж бодож байна уу? Энэ нь таамаг биш үү? Энэ нь гаргалгаа, дүгнэлтийн нэг хэлбэр биш үү? Бурханы мөн чанарыг ойлгох тухайд заавал зайлсхийх ёстой хамгийн том гэнэдэл юу вэ? (Бодит байдлыг ард орхиж, оронд нь хоосон сургаал ярих явдал.) Энэ бол маш том гэнэдэл. Өөр зүйл бий юу? (Таамаглал, төсөөлөл.) Эдгээр нь ч мөн маш ноцтой гэнэдэл. Таамаг, төсөөлөл яагаад хэрэггүй вэ? Чи таамаглаж, төсөөлдөг зүйлээ үнэхээр харж чаддаг уу? Тэдгээр нь Бурханы жинхэнэ мөн чанар мөн үү? (Биш.) Өөр юунаас зайлсхийх ёстой вэ? Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо зүгээр л сайхан үг цээжээр урсгах нь гэнэдэл мөн үү? (Мөн.) Ингэх нь сүржин, утга учиргүй байх бус уу? Дүгнэлт, таамаглал нь сайхан үг сонгож хэлэхтэй адилхан утгагүй байдаг. Хоосон магтаал ч мөн утгагүй, тийм биз? Хүмүүс иймэрхүү хий дэмий зүйл ярихыг сонсох Бурханд тааламжтай байдаг уу? (Үгүй, тааламжтай байдаггүй.) Ийм зүйл сонсоод Бурхан эвгүйцдэг! Бурхан бүлэг хүмүүсийг замчилж, аврах үед энэхүү бүлэг хүмүүс нь Түүний үгийг сонссоныхоо дараа юу гэсэн утгатайг нь огт ойлгодоггүй. “Бурхан сайн гэж үү?” гэж хүн асуухад тэд “Тийм ээ!” гэж хариулна. “Хэр сайн юм бэ?” “Маш сайн!” “Бурхан хүнд хайртай юу?” “Хайртай!” “Хэр их хайртай юм бэ? Чи дүрслээд хэлж чадах уу?” “Маш их хайртай! Бурханы хайр тэнгэрээс ч өндөр, далайгаас ч гүн!” Эдгээр үг дэмийрэл бус уу? Ийм дэмийрэл нь, “Бурхан Сатаны завхарсан зан чанарыг үзэн яддаг учраас Бурхан бол ариун” гэж та нарын сая хэлсэнтэй адилхан байгаа бус уу? (Тийм ээ.) Та нарын сая хэлсэн үг дэмийрэл биш үү? Тэгвэл яригддаг дэмий зүйлсийн дийлэнх нь хаанаас гардаг вэ? (Сатанаас гардаг.) Яригддаг дэмий зүйл нь гол төлөв хүмүүс Бурханд хариуцлагагүй хандаж, Түүнийг хүндлэхгүй байгаагаас үүддэг. Ингэж хэлж болох уу? Чи ямар ч ойлголтгүй байсан атлаа хий дэмий зүйл ярьсан. Энэ чинь хариуцлагагүй хэрэг бус уу? Энэ чинь Бурханд хүндэтгэлгүй хандсан хэрэг бус уу? Чи зарим нэг мэдлэг олж, гаргалгаа, логик ойлгож авчхаад үүнийгээ ашигласан төдийгүй Бурханыг ойлгох арга зам болгон ийм зүйл хийлээ. Бурхан чиний ингэж хэлэхийг сонсоод гутрах болов уу? Та нар яаж эдгээр арга барилыг ашиглан Бурханыг мэдэхээр оролдож чадна вэ? Ингэж ярихаар эвгүй сонсогдохгүй байна уу? Иймээс Бурханы талаарх мэдлэгтээ хүн маш сэрэмж болгоомжтой байх ёстой; Бурханыг мэддэг хэр хэмжээндээ л ярь. Үнэнч, бодитой байдлаар ярь, үгээ бялдууч магтаалаар бүү гоёж чим, зусардалт бүү хэрэглэ; Бурханд энэ нь хэрэггүй; иймэрхүү зүйл Сатанаас гардаг юм. Сатан биеэ тоосон зан чанартай бөгөөд зулгуйдуулж, сайхан үг сонсох дуртай. Хүмүүс сурсан бүх сайхан үгээ цээжээр уншиж, тэдгээрийгээ Сатанд хэлбэл Сатан баярлаж, сэтгэл хангалуун байх болно. Гэвч Бурханд ийм зүйл хэрэггүй; Бурханд зусардалт, бялдуучлал хэрэггүй бөгөөд Бурхан хүмүүсээс хий дэмий зүйл ярьж, Өөрийг нь сохроор магт гэж шаарддаггүй. Бодит байдлаас зөрүүтэй магтаал, зусардалтыг Бурхан жигшиж, бүр огт сонсохгүй. Иймээс зарим хүн Бурханыг худал магтан, сохроор тангараг өгч, Бурханд залбирах үед үүнийг нь Бурхан огт сонсдоггүй. Чи хэлж байгаа зүйлдээ хариуцлага хүлээх ёстой. Хэрэв чи ямар нэг зүйлийг мэдэхгүй бол зүгээр л тэгж хэл; мэдэж байгаа бол үүнийгээ бодитой байдлаар илэрхийл. Тэгвэл Бурханы ариун байдлын бодит агуулгын талаар та нар тодорхой ойлголттой юу? (Би тэрслүү байдлаа илэрхийлж, гэм бурууг үйлдээд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан бөгөөд тэндээс Бурханы ариун байдлыг харсан. Бас хүлээлттэй минь нийцээгүй орчинтой тулгарах үедээ эдгээр зүйлийн талаар залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайсан бөгөөд намайг үгээрээ гэгээрүүлж, залж чиглүүлэх үед нь Бурханы ариун байдлыг би харсан.) Энэ чиний өөрийн туршлага байна, тийм биз? (Сатан завхруулж, хорлох үед хүн ямар болдог вэ гэдгийг би Бурханы хэлсэн үгээс харсан. Гэсэн хэдий ч Бурхан биднийг аврахын тулд бүхнээ өгсөн бөгөөд эндээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Энэ бол бодитой байдлаар ярьж буй хэрэг; энэ бол жинхэнэ мэдлэг юм. Үүнийг өөрөөр ойлгох арга зам байна уу? (Миний ойлголт зөв эсэхийг мэдэхгүй юм. Сатан Еваг уруу татан нүгэл үйлдүүлэх гэж Сатаны хэлсэн үг, Эзэн Есүсийг сорьсон байдлаас нь Сатаны ёрын муу байдлыг хардаг. Адам, Евад Бурхан юуг идэж болох, юуг идэж болохгүй талаар хэлсэн Бурханы үгээс би Бурхан илэн далангүй, тодорхой, итгэл үнэмшилтэй ярьдаг гэдгийг хардаг; эндээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Эдгээр үгийг сонсоход хэнийх нь үг та нарыг “амен” гэж хэлэх хамгийн их урам өгч байна вэ? Хэнийх нь нөхөрлөл өнөөдрийн нөхөрлөсөн сэдэвтэй маань хамгийн ойр байв? Сүүлийн эгчийн нөхөрлөл ямар байсан бэ? (Сайн байсан.) Тэр эгчийн хэлсэн үгэнд та нар “амен” гэж хэлж байна. Эгчийн ямар үг яг голыг нь олж хэлсэн бэ? (Бурханы үг маш шулуун, маш тодорхой байдаг бөгөөд Сатаны тойруу яриатай огт адилгүй гэдгийг би эгчийн сая хэлсэн үгээс сонслоо. Үүнээс би Бурханы ариун байдлыг харсан.) Энэ бол нэг хэсэг нь. Энэ зөв үү? (Зөв.) Маш сайн байна. Та нар өнгөрсөн хоёр нөхөрлөлөөс юм олж авсан нь харагдаж байна, гэхдээ та нар үргэлжлүүлэн шаргуу ажиллах ёстой. Учир нь Бурханы мөн чанарыг ойлгоно гэдэг маш гүн гүнзгий хичээл юм; үүнийг хүн нэг хоногийн дотор ойлгож авдаг юм биш, мөн цөөн хэдхэн үгээр тодорхой илэрхийлж чаддаг юм биш.

Хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанар, эрдэм мэдлэг, гүн ухаан, үзэл бодлын бүх тал, хувь хүний зарим нэг хувийн тал Бурханы мөн чанарыг мэдэхэд нь асар их саад болдог; иймээс чи эдгээр сэдвийг сонсох үед зарим нь чиний хэрээс хэтэрсэн байж магад, заримыг нь чи ойлгохгүй, мөн заримыг нь үндсэндээ бодит байдалтай холбож чадахгүй байж болох юм. Гэсэн хэдий ч Бурханы ариун байдлыг та нар ойлгож байгааг Би сонслоо, бас та нар зүрх сэтгэлдээ Бурханы ариун байдлын талаарх Миний хэлсэн үг, хийсэн нөхөрлөлийг хүлээн зөвшөөрч эхэлж байгааг Би мэдэж байна. Та нарын зүрх сэтгэлд Бурханы ариун байдлыг мэдэх хүсэл нахиалж эхэлж байгааг ч мэдэж байна. Гэвч та нарын зарим нь Бурханы ариун байдлын талаарх мэдлэгээ аль хэдийн хамгийн энгийн үг ашиглан тайлбарлаж чаддаг болсонд Би бүр ч баяртай байна. Энэ нь хэлэхэд энгийн зүйл, бас Би өмнө нь ингэж хэлж байсан ч гэлээ дийлэнх олонх чинь зүрх сэтгэлдээ эдгээр үгийг хараахан хүлээн зөвшөөрөх болоогүй байгаа бөгөөд үнэхээр л тэд оюун санаанд чинь ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй байна. Гэхдээ та нарын зарим нь эдгээр үгийг цээжилчхэж. Энэ бол маш сайн, тун ирээдүйтэй эхлэл. Би та нарыг гүн гүнзгий гэж боддог, ойлголтоос чинь давсан сэдвүүдээр улам их эргэцүүлж, улам их нөхөрлөнө гэж найдаж байна. Чиний ойлгож чадахгүй байгаа тэр асуудлуудаар илүү их удирдамж өгч чадах хүн гарч ирнэ. Хэрэв одоо мэдэж байгаа салбаруудынхаа тухай илүү их нөхөрлөл хийвэл Ариун Сүнс ажлаа хийж, та нарын ойлголт сайжирна. Бурханы мөн чанарыг ойлгож, Бурханы мөн чанарыг мэдэх нь хүмүүсийн амийн оролтод туйлын чухал байдаг. Та нар үүнийг үл тоомсорлохгүй, тоглоом наргиа гэж бодохгүй гэж Би найдъя, яагаад гэвэл Бурханыг мэднэ гэдэг хүний итгэлийн суурь бөгөөд үнэнийг эрэлхийлж, аврал олох түлхүүр юм. Хэрэв хүн Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, гагцхүү үг, хоосон сургаал дотор амьдардаг бол үнэний өнгөц утгын дагуу амьдарч, үйлдлээ ч авралд хэзээ ч хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй бол итгэл чинь бүгд талаар өнгөрдөг бөгөөд бодит байдлыг огт агуулдаггүй. Та нар ойлгов уу? (Тийм ээ, бид ойлголоо.) Өнөөдрийн нөхөрлөлөө энд хүрээд өндөрлөе. (Бурханд талархъя!)

2014 оны 1 дүгээр сарын 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих