Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЧИ ИТГЭЛИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ?

Хурд

ЧИ ИТГЭЛИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ?

Хүний дотор итгэлийн бүдэг бадаг үг л байдаг боловч итгэл гэж юу болохыг хүн мэддэггүй, яагаад итгэдгээ бүр ч мэддэггүй. Хүн хэтэрхий багыг ойлгодог, мөн өөрөө хэтэрхий дутуу дулимаг байдаг; тэр ердөө л мунхагаар, мэдлэггүйгээр Надад итгэдэг. Тэр итгэл гэж юу болох, мөн яагаад Надад итгэдгээ мэддэггүй хэдий ч маш их хэнээрхэлтэйгээр үргэлжлүүлэн итгэсээр байдаг. Миний хүнээс хүсдэг зүйл бол Намайг ийм байдлаар хэнээрхэн дуудах, эсвэл Надад замбараагүй байдлаар итгэх явдал биш. Учир нь, Миний хийдэг ажил хүнд Намайг харуулж, Намайг мэддэг болгохын төлөө байдаг ба Миний ажлаас болж хүн Намайг гайхан биширч, өөр нүдээр хараасай гэсэндээ биш. Би өмнө нь маш олон тэмдэг гайхамшиг үзүүлж, олон ер бусын зүйл үйлдсэн. Тухайн үеийн Израильчууд Намайг асар их бахдан биширч, өвчтэйг анагааж, чөтгөрийг хөөх хосгүй чадварыг минь ихэд хүндэлсэн юм. Тухайн үеийн иудейчүүд Миний анагаах хүч чадлыг чадварлаг агаад ер бусын гэж бодсон. Миний олон ийм үйл хэргээс болж тэд бүгд Намайг бишрэн хүндэтгэсэн; тэд Миний бүх хүч чадлыг ихэд бахдан биширсэн. Тиймээс ер бусын зүйл үзүүлэхийг минь харсан хэн боловч Намайг ойр дагасан бөгөөд улмаар өвчтэйг эдгээхийг минь харахаар мянга мянган хүн Намайг хүрээлсэн билээ. Би маш олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн, гэвч хүн Намайг ердөө л чадварлаг эмч мэтээр үзсэн юм; Би бас тухайн үеийн хүмүүст сургаалын олон үг хэлсэн боловч тэд Намайг ердөө л шавь нараасаа илүү сайн багш гэж үзсэн! Өнөөдөр ч гэсэн хүмүүс Миний ажлын түүхэн тэмдэглэлийг харсныхаа дараа Намайг өвчтэйг анагаадаг агуу эмч, мэдлэггүй хүмүүсийн багш хэмээн тайлбарласаар байна. Мөн тэд Намайг өршөөлт Эзэн Есүс Христ хэмээн тодорхойлсон. Судрыг тайлбарладаг хүмүүс Миний анагаах чадварыг давсан байж болно, эсвэл бүр багшаасаа давуу мэдлэгтэй шавь нар ч байж болно, гэвч нэр алдар нь дэлхий даяар цуурайтсан, асар их алдартай ийм хүмүүс Намайг ердөө л шалихгүй эмч гэж дорд үздэг! Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удамаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл мэдэгдэх багш гэж л боддог! Өөрсдийг нь эмчилж магад гэсэндээ л хэр олон хүн Надад итгэдэг вэ? Тэдний биеэс бузар сүнснүүдийг зайлуулахын тулд хүч чадлаа ашиглаж магад гэсэндээ л хэр олон хүн Надад итгэдэг вэ? Надаас зүгээр л амар амгалан болоод баяр хөөр хүртэхийн төлөө хэр олон хүн Надад итгэдэг вэ? Надаас илүү их материаллаг эд хөрөнгө авахын тулд л хэр олон хүн Надад итгэдэг вэ? Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, хойд насандаа эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд Надад хэр олон хүн итгэдэг вэ? Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авах гэсэндээ л хэр олон хүн Надад итгэдэг вэ? Айсуй ертөнцөд ямар нэгэн зүйл олж авахыг эрэлхийлэлгүй, зөвхөн түр зуурын тав тухын төлөө хэр олон хүн Надад итгэдэг вэ? Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, анхнаасаа хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлонг өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн Надаас холдож, шулам эмч болон хар шидийн замыг эрж хайсан. Надаас авсан бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Би хэтэрхий их нигүүлсэл өгдөг бөгөөд ашиг тус хэтэрхий их байдаг учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэж, явсан газар бүрд минь Намайг дагасан. Мэдлэггүй, ухаан хомс хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу ер бусын зүйл үзүүлж чаддаг иудей овгийн тэргүүн гэж үзсэн. Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэд өөр хоорондоо ярилцаж, Намайг Елиа, Мосе гэцгээж, бүх эш үзүүлэгчээс хамгийн эртнийх нь, бүх эмчээс хамгийн агуу нь хэмээсэн юм. Би бол амь, зам, үнэн гэж Миний хэлснээс бусдаар хэн ч Миний оршихуй, ялгамж чанарыг мэдэж чадаагүй. Тэнгэр бол Миний Эцгийн амьдардаг газар гэж Миний хэлснээс бусдаар Намайг Бурханы Хүү, Бурхан Өөрөө гэдгийг хэн ч мэдээгүй. Би бүх хүн төрөлхтөнд золин авралыг авчирч, хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж Миний хэлснээс бусдаар Намайг хүн төрөлхтний Аврагч гэдгийг хэн ч мэдээгүй; хүмүүс Намайг энэрэнгүй, өршөөнгүй хүн гэж л мэддэг. Би Өөрийнхөө талаар бүхнийг тодорхой тайлбарлаж чадахаас өөрөөр хэн ч Намайг мэдээгүй, мөн Намайг амьд Бурханы Хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн ийм байдлаар л Надад итгэж, ийм маягаар Намайг хуурдаг. Хүн Миний талаар ийм үзэл бодолтой байж, Намайг яаж гэрчилж чадах билээ?

Хүн Надад итгэдэг боловч Надад гэрчлэл хийж чаддаггүй, Өөрийгөө таниулахаас минь өмнө Намайг гэрчилж чадахгүй. Намайг бүтээлүүд болон бүх ариун хүнээс давуу гэдгийг л хүн хардаг бөгөөд Миний хийдэг ажлыг хүн хийж чадахгүй гэдгийг хардаг. Тиймээс иудейчүүдээс эхлээд өнөө үеийн хүмүүс хүртэл Миний суу алдарт үйл хэргийг харсан хэн боловч ердөө л Миний талаарх сониуч зангаар дүүрдэг, гэвч ганц ч бүтээл Надад амаараа гэрчлэл хийж чадаагүй. Миний Эцэг л Надад гэрчлэл хийсэн; Тэрээр Надад зориулан бүх бүтээлийн дунд зам гаргаж өгсөн. Эс бөгөөс, Намайг яаж ч ажиллалаа гэсэн бүтээлийн Эзэн гэдгийг минь хүн хэзээ ч мэдэхгүй байх байв, учир нь хүн Надаас авахыг л мэддэг ба Миний ажлаас болж Надад итгэдэг юм биш. Би гэм зэмгүй бөгөөд аль ч талаараа нүгэлтэн биш учраас, олон тооны нууцыг тайлбарлаж чаддаг учраас, олон түмний дээр байдаг учраас, эсвэл Надаас ихээхэн ашиг тус хүртсэн учраас л хүн Намайг мэддэг. Гэвч Намайг бүтээлийн Эзэн гэдэгт итгэдэг хүн тунцөөхөн байдаг. Ийм учраас хүн яагаад Надад итгэдгээ мэддэггүй гэж Би хэлдэг; хүн Надад итгэхийн зорилго, ач холбогдлыг мэддэггүй. Хүний бодит байдал тун дутуу дулимаг, ийм болохоор тэр Надад гэрчлэл хийх нөхцөлийг бараг бүрдүүлээгүй. Та нар жинхэнэ итгэлээр маш хомс бөгөөд хэтэрхий багыг олж авсан тул маш бага гэрчлэлтэй байдаг. Түүнчлэн та нар хэтэрхий багыг ойлгож, хэтэрхий их зүйлээр дутагддаг, ийм болохоор та нар Миний үйл хэргийг гэрчлэх шаардлагыг бараг хангадаггүй. Та нар үнэндээ нэлээд шийдэмгий, гэвч та нар Бурханы мөн чанарыг амжилттай гэрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэл хийж чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл ч Мосегийнхоос давж, үг чинь ч Давидынхаас илүү байгаасай гэж Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой, мөн та нар Надаас амь хүлээн авдаг бөгөөд Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Та нарт алдар суугаа хайрладаг минь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил багахан ач холбогдолтой байж, та нар ч бас үүргээ биелүүлж байгаа биш юм. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун багыг харсан; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын харсан зүйл тэдний дундах ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр харсан зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед харагдсан зүйлээс ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд Еховагийн хуулийг л ойлгож, Еховагийн нурууг л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг билээ. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг мэдэрч, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдлаар дүүрэн Бурхан билээ. Та нар Миний ажлын гайхамшгийг харж, ширүүн уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Нэн ялангуя, та нар израилийн гэрт дүрэлзсэн уур хилэнгээ буулгасныг минь мэдсэн ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг хүлээн авсан төдийгүй, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, ойлгодог зүйл чинь урьд үе, өнгөрсөн үеийнх байдаг; та нар бас өнөөдрийн зүйлийг туулсан бөгөөд үүнийг Би Өөрөө хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг харсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл байж боломгүй юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Уг нь Миний Эцэг Надад гэрчлэл хийж байсан боловч илүү агуу алдрыг хүлээн авч, бүтээлийн амнаас гэрчлэлийн үг сонсохыг Би зорьдог. Тиймээс Би та нараар үүргийг чинь гүйцэтгүүлэх зорилгоор, мөн хүмүүсийн дундах ажлаа төгсгөхөөр Өөрт байгаа бүхнээ та нарт өгдөг. Та нар Надад яагаад итгэдгээ ойлгох учиртай. Хэрвээ та нар зүгээр л Миний шавь юм уу өвчтөн болж, эсвэл тэнгэр дэх ариун хүмүүсийн минь нэг болохын тулд Намайг дагадаг бол ямар ч ач холбогдолгүй байх болно. Ийм байдлаар Намайг дагах нь зүгээр л хий дэмий хичээл зүтгэл байх байсан; ийм байдлаар Надад итгэх нь ердөө л өдөр хоногоо дэмий нөхцөөж, залуу насаа үрэн таран хийж байгаа хэрэг байх байсан. Тэгээд эцэст нь та нар юу ч хүлээн авахгүй. Энэ нь хий дэмий хөдөлмөр байх бус уу? Би иудейчүүдийн дундаас аль эрт явж одсон хүний эмч эсвэл хүнд зориулсан эм байхаа больсон. Би хүний хүссэнээр дөрлүүлж, нядлуулах ачлагын амьтан биш; харин ч хүнийг шүүж, гэсгээн, хүнд Өөрийгөө мэдүүлэхээр хүмүүсийн дунд ирсэн юм. Нэгэн цагт Би золин авралын ажил хийсэн гэдгийг чи мэдэх ёстой; нэг үе Би Ехова байсан хэдий ч хожим нь Есүс болсны адилаар нэгэнтээ Би Есүс байсан боловч үүрд Есүс хэвээр үлдэж чадахгүй. Би хүн төрөлхтний Бурхан, бүтээлийн Эзэн боловч үүрд Есүс юм уу Ехова хэвээр байж чадахгүй. Би хүнийхээр эмч гэж тооцогддог хүн байсан, гэхдээ Бурхан бол ердөө л хүн төрөлхтнийг эмчилдэг эмч гэж тодорхойлж болохгүй. Иймээс хэрвээ чи хуучны үзэл бодлоор Надад итгэвэл юунд ч хүрэхгүй. “Бурхан хүнд хэчнээн хайртай гээч; Тэр намайг эдгээж, хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөр өгдөг. Бурхан хүнд хэчнээн сайн гээч; Түүнд итгэх л юм бол бид мөнгө, эд баялгийн талаар санаа зовох хэрэггүй...” хэмээн чи энэ өдөр Намайг яаж ч магтлаа гэсэн, Би анхны ажлаа мөн л тасалдуулж чадахгүй. Өнөөдөр чи Надад итгэвэл зөвхөн алдрыг минь хүлээн аваад зогсохгүй, Надад гэрчлэл хийх эрхтэй болох бөгөөд бусад бүх зүйл хоёрдугаарт тавигдана. Үүнийг чи тодорхой мэдэх ёстой.

Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ чи үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг чи үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч, Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол чамайг Би аль эрт таягдан хаячихсан. Бүхнийг мэддэг хүмүүс бүр ч илүүтэйгээр Миний нүдэн дэх өргөс, Миний гэр дэх бул хар чулуу төдий юм. Тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд; Би аль хэдийн тэднийг жигшсэн юм. Өчүүхэн ч гэрчлэлгүй хүмүүсийн хувьд, Миний уур хилэн үргэлж тэдэн дээр байж, Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Тэр өдөр тэдний гэсгээлт нь мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, дараа нь буудайн үр тариаг агуулахад цуглуулж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс чи одоо Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Сатаныг Би ялсан тухай гэрчлэл нь хүний үнэнч зан, дуулгавартай байдал дотор оршдог бөгөөд хүнийг Би бүрэн байлдан дагуулсан тухай гэрчлэл ч гэсэн мөн адил гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л болих уу? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замынхаа хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг өрнүүлж, ирээдүйн ажил саадгүй урагшлахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний айсуй ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулах ач холбогдлыг төдийгүй, Надад итгэдгийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, Би чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж Би үүнийгээ үгүй хийж чадах билээ? Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, цаашлаад хаанчлалын сайн мэдээг түгээх гэж байгааг чи бүр мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирээдүйд сайн мэдээг түгээх, эрин үед төгсгөл авчрах суурийг тавих явдал юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэн, утга учиргүй биш. Тиймээс, Би урьдын адил чамд хэлье: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би бүр ч удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь Би бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд юу байгааг ойлгох учиртай.

Өмнөх:ЖИНХЭНЭ ХҮН БАЙХ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Дараах:МАХАН БИЕТЭЙ ХЭН Ч УУР ХИЛЭНГИЙН ӨДРӨӨС ЗУГТАЖ ЧАДАХГҮЙ

Холбогдох агуулга