“БУРХАНЫ АЖЛЫН ҮЗЭГДЭЛ”-ИЙН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ГУРВАН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

1. Иохан Есүсийн төлөө долоон жил ажилласан бөгөөд Есүсийг ирэх үед аль хэдийн замыг зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь газар нутаг даяар сонсогдсон болохоор энэ нь Иудей даяар түгсэн бөгөөд хүн бүхэн түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн. Тухайн үед Херод Хаан Иоханыг хөнөөхийг хүсэж байсан ч тэр тэгж зүрхлээгүй, учир нь хүмүүс Иоханыг ихэд хүндэлдэг байсан бөгөөд хэрвээ Иоханыг хөнөөвөл тэд түүний эсрэг бослого гаргах болно гэдгээс Херод айсан. Иоханы хийсэн ажил жирийн хүмүүсийн дунд үндэслэсэн ба тэр иудейчүүдийг итгэгчид болгосон юм. Есүс Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхлэх цаг хүртэл долоон жилийн туршид тэр Есүсийн замыг зассан. Иймээс Иохан бүх эш үзүүлэгчдээс хамийн агуу нь байлаа. Есүс Иоханыг шоронд орсны дараа л Өөрийн албан ёсны ажлыг эхэлсэн. Иоханаас өмнө Бурханы төлөө зам зассан эш үзүүлэгч хэзээ ч байгаагүй, учир нь Есүсээс өмнө Бурхан хэзээ ч бие махбодтой болоогүй юм. Иймээс Иоханыг хүртэлх бүх эш үзүүлэгчээс тэр л бие махбодтой болсон Бурханы замыг засах цорын ганц хүн байсан бөгөөд ийм маягаар Иохан Хуучин болон Шинэ Гэрээний хамгийн агуу эш үзүүлэгч болжээ. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг тарааж эхэлсэн. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан, гэтэл тэр ердөө л эш үзүүлэгч байсан. Тэр ариун сүмийн дотор бус, харин үүний гаднах хот, тосгонд ярьж, ажилладаг байв. Тэр үүнийг мэдээж Иудей үндэстэнд, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхон уулзаж, Эзэн Есүсийн төлөө зохистой хүмүүсийг бэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн тулд зөвхөн Иудейн энгийн ард иргэдийн дунд сайн мэдээг дэлгэрүүлж байсан. Замыг нь засах Иохан шиг эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг эхлүүлэх боломжтой байсан юм. Бурхан Өөрийн ажлаа гүйцэлдүүлэхээр махан биетэй болохдоо, Тэр хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй мөн хүмүүсийг эсвэл ажиллах газраа биечлэн хайж олох шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил огт хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө зохистой хүн Түүний төлөө аль хэдийн бэлдчихсэн байсан юм. Есүсийг Өөрийн ажлаа эхлэхээс өмнө Иохан энэ ажлыг аль хэдийн дуусгасан, учир нь бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирэх үедээ Түүнийг удаан хугацаанд хүлээж байсан хүмүүс дээр шууд ажиллах байлаа. Есүс хүний ажлыг эсвэл хүнд чиглэсэн алдаа засах ажлыг хийхээр ирээгүй. Тэр зөвхөн Өөрийн гүйцэтгэх үйлчлэлийг гүйцэтгэхээр ирсэн бөгөөд бусад бүх юм Түүнтэй ямар ч хамаагүй байсан юм. Иохан ирэх үедээ, Эзэн Есүсийн ажлын бай болгохын тулд сүмээс болон иудейчүүд дундаас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүлэг хүмүүсийг гаргаж ирэхээс өөрийг хийгээгүй. Иохан долоон жилийн туршид ажилласан, өөрөөр хэлбэл, тэр тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг долоон жилийн туршид түгээсэн юм. Өөрийн ажлынхаа үеэр Иохан олон хүчит үйлс үзүүлээгүй, учир нь түүний ажил бол замыг засах явдал байсан бөгөөд энэ нь бэлтгэл хийх ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил нь түүнтэй хамааралгүй байсан; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүст уриалж, хүмүүст баптисм хүртээсэн ба ингэснээр тэд аврагдаж чадах байсан юм. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, өмнө хүмүүний алхаж үзээгүй замыг нээсэн боловч тэр зөвхөн Есүст замыг нь засаж өгсөн юм. Тэр ердөө л бэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байсан. Хэдий Есүс нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний талаар ярьсан эхний хүн байгаагүй ч, мөн хэдий Тэр Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханы ажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүй; Түүний ажил шууд Бурханы нэрийн өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй тэр бол зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг бэлтгэсэн нэгэн хэвээр байсан юм. Есүсийн хийсэн гурван жилийн ажил нь Иоханы долоон жилийн ажлаас илүү давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй билээ. Есүс Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхлэх үед, мөн Иоханы ажил төгсөх үед Эзэн Есүст ашиглагдах хангалттай хүмүүс болон газруудыг Иохан бэлтгэсэн байсан бөгөөд тэдгээр нь Эзэн Есүс гурван жилийн ажлаа эхлэхэд хүрэлцэхүйц байв. Иймээс Иоханы ажил дуусангуут Эзэн Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн бөгөөд Иоханы хэлсэн үг хаягдсан. Учир нь Иоханы хийсэн ажил зөвхөн шилжилт өөрчлөлтийн төлөө байсан бөгөөд түүний үг нь хүнийг шинэ өсөлтөнд хөтлөх амийн үг байгаагүй; эцсийн эцэст түүний үг түр зуур хэрэглэгдсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

2. Тухайн үед Есүсийн ажлын нэг хэсэг нь Хуучин Гэрээний дагуу, түүнчлэн Хуулийн эрин үеийн Мосегийн хууль, Еховагийн үгийн дагуу байсан. Есүс Өөрийн ажлын нэг хэсгийг хийхдээ энэ бүхнийг ашигласан. Тэр хүмүүст номлож, синагогт тэдэнд зааж, түүнтэй дайсагнадаг фарисайчуудыг зэмлэж буруушаахын тулд Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж, тэдний дуулгаваргүй байдлыг илчилж, тэгснээрээ тэднийг яллахын тулд Бичвэр дэх үгийг ашигласан байв. Учир нь тэд Есүсийн хийсэн зүйлийг үл тоомсорлосон; ялангуяа Есүсийн ажлын ихэнх нь Бичвэр дэх хуулийн дагуу байгаагүй, түүнчлэн Түүний заасан зүйл нь тэдний өөрсдийнх нь үгнээс өндөр, Бичвэрт бичигдсэн эш үзүүлэгчдийн зөгнөсөн зүйлсээс ч илүү дээгүүр байсан учраас тэд үзэн ядсан. Есүсийн ажил нь зөвхөн золин аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох харь үндэстний ажлыг хийгээгүй харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр Түүний ажил Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэтгэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил нь Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал ба нүглийн ямар ч бичлэгийг Хуучин Гэрээ агуулаагүй, та нарын нүглийн талаар ямар ч түүх байхгүй. Иймээс хэрвээ энэ ажил Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй. Библи нь зөвхөн израильчуудын хязгаарлагдмал түүхийг бичсэн бөгөөд та нарын сайн муу эсэхийг тодорхойлох эсвэл та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байсан гэж төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх уу? Та нар хичнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг дуусгах боломжгүй байх байсан. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Би Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

3. Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр “Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Хуулиар хязгаарлагддаггүй, харин урьд өмнөхөөс илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг, гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд хийсэн зүйлсийн тухайд бол, энэ нь өнөөдөр ч гэсэн та нарын хэрэгжүүлэлтийн суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам харин ч илүү өндөр түвшинд өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэхдээ зарим тушаалыг чи мөн л үүрд мөнхөд баримтлах ёстой. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжиж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд тамхи татаж, архи ууж болохгүй гэх мэт тушаалуудыг олон удаа давтах хэрэггүй. Энэ суурин дээр, та нарын хэрэгцээний дагуу, та нарын биеийн хэмжээний дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргасан. Шинэ эрин үеийн зарлиг тушаалууд нь хуучин эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгоно гэсэн үг биш харин хүний үйлдлүүдийг илүү бүрэн дүүрэн болгож, бодит байдалтай илүү зохицолтой байхын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нар израильчуудтай адил байдлаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол, тэр ч бүү хэл та нараас Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байсан. Хэрвээ та нар тэдгээр хэдэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжлэх юм бол та нарын хуучин чанар гүнзгий шингэсэн хэвээр үлдэх ба үүнийг үндсээр нь өөрчлөх ямар ч арга зам үгүй байх болно. Тиймээс та нар улам бүр уруудан доройтох байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болж чадахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн энгийн тушаал эсвэл тоймгүй олон хууль нь Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг чээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн чин үнэнч сэтгэлээ ганцхан Түүнд өгөх боломжтой байсан, харин та нар үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдэн тушаалууд нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр зогсохгүй, харин бүр эсрэгээр та нарыг сул дорой болгож, Үхэгсдийн орон руу доошлуулах болно. Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үг өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үггүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн өчүүхэн төдий хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо гүйцэтгэх ёстой зүйл бол өнөөдрийн хүний бодит байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байх бөгөөд чамаас дүрэм журам баримтлахыг шаардахгүй. Ингэснээр чиний хуучин чанарт өөрчлөлт гарч, чи өөрийн үзлээ хаяж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

4. Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм. Тэр үед Есүс Өөрийнхөө шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажлыг хийсэн бөгөөд хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Түүний угийн бичгийг бүтээсэн бөгөөд бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажлыг хийсэн юм. Есүс хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шатыг хийхийн тулд ирсэн: тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг дуусгах байсан бөгөөд иймээс Есүсийг цовдлогдонгуут Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулах ажилд—илүү олон үг хэлэгдэх ёстой, илүү их ажил хийгдэх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс болон Еховагийн ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүмүүс өөрсдийнхөө итгэлд илүү их ойлголт, тодорхой байдалтай болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, энэ ажлын эцсийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгосноор чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ач холбогдол болон мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, Түүний хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библийн талаарх өөрийн сохор итгэл бишрэлийг ойлгох болно. Энэ бүхэн нь чамд ойлгож ухамсарлах боломжийг олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болоод өнөөгийн Бурханы ажлын аль алиныг ойлгож эхлэх болно; чи бүх үнэн, амь болон замыг ойлгож, харах болно. Есүсийн хийсэн ажлын үе шатанд яагаад Есүс Бурханы ажлыг дуусгалгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед Түүний үг ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлсний дараа л Бурханы бүхий л ажил гүйцэлдэж, Түүний ажил дуусах юм. Есүсийн ажлын үе шатанд олон үг яригдалгүй үлдсэн буюу бүрэн ойлгомжтой илэрхийлэгдээгүй. Гэсэн ч Есүс үгээ гүйцэд хэлсэн эсэхдээ санаа зовоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгний үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд өнөөдрийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг эцэст нь аваачихын төлөө юм. Хэрвээ үгийг дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг төгсгөх ямар ч арга зам байхгүй, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашигласнаар бүх ажил төгсгөлдөө очиж, биелэгдэх билээ. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэр чимээгүй одсон бөгөөд одоо ч гэсэн Түүний үгийг ойлгоогүй, өөрсдийнх нь ойлголт буруу ч үүнийгээ зөв гэж итгэсээр байдаг, тэдгээр нь буруу гэдгийг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат нь Бурханы ажлыг бүрэн биелүүлж, үүнийг төгсгөлд нь аваачих болно. Бүх хүн Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар ойлгож, мэдэх болно. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудлыг нь засаж залруулна. Ингээд хүн амьдралын зөв зам, Бурханы хийсэн бүх ажил болоод бүхий л үнэнийг ойлгох болно. Тэгэх үед, ажлын энэ үе шат төгсгөлдөө очих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

5. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орны хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд бас Бурханыг эсэргүүцэж, үл хэрэгссэн бэ? Яагаад фарисайчууд мөн Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан биш гэж үү? Зүгээр л Хятад хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал ирээдүйн ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал… энэ бүхэн нь энэ хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байгаа зүйл нь бүх хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг—тэдгээр нь үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын товчлол гэж үздэг ба нэгэнт байлдан дагуулагдчихвал тэд аяндаа бусдад үлгэр жишээ, загвар болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

6. Израильд хийгдсэн эхний үе шатнаас илүү бэлгэдэлтэй юу ч байгаагүй: Израильчууд бүх хүмүүсээс хамгийн ариун, хамгийн бага ялзарсан хүмүүс байсан тул энэ газар нутаг дахь шинэ эринийг эхлүүлэх нь дээд зэргийн ач холбогдолтой байсан. Хүн төрөлхтний өвөг дээдэс Израильд үүссэн ба Израиль бол Бурханы ажлын өлгий нутаг байсан гэж хэлж болно. Эхэндээ энэ хүмүүс хамгийн ариун байж, тэд бүгд Еховаг шүтэж байсан бөгөөд тэдэн дэх Бурханы ажил хамгийн их үр дүн авчирч чадсан. Бүхий л Библи нь хоёр эрин үеийн ажлыг тэмдэглэсэн: Нэг нь Хуулийн эрин үеийн ажил бөгөөд нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан юм. Хуучин гэрээ нь Израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн. Гэхдээ Библи яагаад ямар ч Хятад нэрийг агуулдаггүй вэ? Бурханы ажлын эхний хоёр хэсэг Израильд хийгдсэн учраас, Израилийн хүмүүс сонгогдсон хүмүүс байсан учраас—өөрөөр хэлбэл тэд Еховагийн ажлыг хүлээн авах эхний хүмүүс байлаа. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн бага ялзруулагдсан нь байсан бөгөөд эхэндээ тэд Бурханыг дээдэлж, Түүнийг хүндлэх сэтгэлтэй байсан юм. Тэд Еховагийн үгийг дуулгавартай дагаж, тахилчийн өмсгөл эсвэл титэм зүүж сүмд үргэлж үйлчилдэг байв. Тэд Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн эртний хүмүүс, Түүний ажлын хамгийн эртний байнууд байлаа. Энэ хүмүүс бүх хүн төрөлхтний үлгэр жишээ, загвар байсан. Тэд бол ариун байдал болон шулуун шударга байдлын үлгэр жишээ, загвар байсан юм. Иов, Абрахам, Лот, Петр, Тимот нар бүгд Израильчууд байсан ба хамгийн ариун үлгэр жишээ, загварууд байлаа. Израиль нь хүн төрөлхтний дундаас Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн анхны орон байсан бөгөөд илүү шударга хүмүүс өөр хаанаас ч илүүтэйгээр эндээс төрөн гарсан. Ирээдүйд бүх газар нутаг даяарх хүн төрөлхтнийг илүү сайн байлдан дагуулахын тулд Бурхан тэдэн дээр ажилласан. Тэд Еховаг шүтэн мөргөж байсны ололт амжилт, шударга байдал нь тэмдэглэгдсэн, ингэснээр тэд Нигүүлслийн эрин үед Израилиас цааших газар нутгийн хүмүүст үлгэр жишээ, загвар болох байсан; тэдний үйлдэл өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн ажлыг дэмжсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

7. Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг ярихаа больсон; үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажлыг хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн болох—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа биш гэж үү? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа гэж биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Тэр дахин ирэх болно, мөн явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүлэн дээр сууж, хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж чадах уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг төлөөлж чаддаг л юм бол хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирсон ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж чадах юм бэ? Есүс Назарын дүр төрхтэй төдий байсныг чи мартчихав уу? Есүс ердөө хүн төрөлхтний Аврагч байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

8. Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэрийг, хүйсийг, дүр төрхийг, мөн Өөрийн ажлыг өөрчилдөг; Тэр ажлаа давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхэд Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэр нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болохгүй гэж үү? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан үүрд хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг баталдаггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил хэзээ ч урагшлахаа больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүнд Түүний талаарх мэдлэг ердөө байгаагүй. Үүнээс болж Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг, гэхдээ ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч, Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болж Бурхан Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь авч, үүнийг хүнд алхам алхмаар илчилдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадвартай болж болох юм. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийг баталгаа яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан хүнд Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо илчилдэг; нэг эрин үеийн ажил нь Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үүнийг үхмэл үгээр дүрсэлж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэрийг орлож болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагшилж байдгийн тэмдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

9. Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний ажлын тухайд бол харин энэ нь үргэлж урагшлах зүгт ахиж, үргэлж улам гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг тодорхойлохгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

10. Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчилхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон олон нийтэд ил болох нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах уу? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

11. Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе бөгөөд эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд нь сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэр хүнийг нүглээс аварсан, ингэснээр хүн доройтохоо больж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахаа больж магад байсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Тэр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Тэр хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, Тэр хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, өнгөрсөн үеийн энэрэнгүй, элэгсэг зан чанартайгаар Бурхан, эрин үеийг төгсгөж, эсвэл Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгойлон төлөөлөх Бурханы зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил нь Түүний жинхэнэ зан чанарын илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг; тэдгээр нь бүгд шинэ юм. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр эхэлсэн. Энэ үе шатанд ажил нь ариун сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах ажлаас бүрддэг. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлэн Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан ба Ехова тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв. Нигүүлслийн эрин үеийн ажлын тухайд бол Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанарын тухайд бол, энэ нь энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Бурхан хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон юм. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг туйлын их хайрладаг байх ёстой: Та загалмайд цовдлогдож, хүнийг загалмайнаас болон нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний оронд Өөрийгөө тахил болгох ёстой” гэж хэлсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та элэгсэг, энэрэнгүй Бурхан тул хүнийг туйлын их хайрладаг байх ёстой: Та тэгвэл Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс хариуд нь, “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн юм. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн төдий ч бодолгүйгээр загалмайд цовдлогдож, бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд Тэрээр энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн зөвшөөрснөөр л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл болон асар их, хэмжээлшгүй нигүүлслийг нь, авралыг нь хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгджээ. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв. Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ. Эрин үе бүрд, Түүний ажлын үе шат болгонд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

12. Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үед хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адилхан байлаа. Эртний хүн төрөлхтөн Еховагаас дөнгөж төрсөн байв; тэд бол Израильчууд байсан юм. Тэдэнд Бурханыг хэрхэн хүндлэх тухай, эсвэл газар дээр хэрхэн амьдрах талаар ямар ч ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн, гэхдээ Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндэлж, газар дээр Еховагийн хуулийг хэрхэн дагах талаар ойлгох эрхтэн өгөөгүй юм. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдэж чадаагүй, учир нь анх хүн тийм эрхтэн байхгүй байв. Ехова бол Бурхан байсан гэдгийг л хүн мэдэж байсан, харин Түүнийг хэрхэн хүндлэх, ямар байдлаар биеэ авч явахыг Түүнийг хүндэлж байгаа гэж хэлж болох, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэх ёстой, эсвэл Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгох ёстойг хүн огт мэддэггүй. Еховагийн бүтээсэн бүх зүйлийн дундаас эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан боловч газар дээр чухам яаж амьдрах нь Бурханы бүтээлд тохирох талаар хүн огт мэддэггүй. Тэдэнд зааварлах хэн ч байхгүй бол, тэднийг биечлэн залж чиглүүлэх хэн ч байхгүй бол энэ хүн төрөлхтөн, хүмүүст тохирох зүй зохистой амьдралаар хэзээ ч амьдрахгүй, харин үл анзаарагдам байдлаар Сатанд олзлогдсоор байх байсан юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд ямар ч илүү оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд үүнд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Түүнийг хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүний бүтээлийг яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө гадаад бүрхүүл байсан ба хүн байх бодит байдал дутмаг байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг, эсвэл хуулийг хэрхэн мөрдөх тухай өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндлэх чадвартай болж магад ба ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Хүн төрөлхтнийг бүтээсний дараа Тэр энэ ажлыг хийж, Иаковын эрин хүртэл үүнийг үргэлжлүүлсэн ба тухайн үед Тэрээр Иаковын арван хоёр хүүг Израилийн арван хоёр овог болгосон юм. Тэр цагаас эхлээд Израилийн бүх ард түмэн газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болж, Израиль нь газар дээр Өөрийн ажлыг хийж буй Түүний тодорхой байршил болсон билээ. Ехова энэ хүмүүсийг, газар дээрх ажлаа албан ёсоор хийх эхний бүлэг хүмүүс болгосон бөгөөд Израилийн бүх газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгож, тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан, ингэснээр газар дээр Түүнээс төрсөн бүх хүн Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг нь Харь үндэстний хүмүүсийн дагах үлгэр жишээ болсон бөгөөд Израилийн ард түмний дунд хэлсэн зүйл нь Харь үндэстний хүмүүсийн сонсох үг болжээ. Учир нь тэд Еховагийн хууль болон тушаалыг эхлээд хүлээн авах хүмүүс байсан ба иймээс ч тэд бас Еховагийн замыг хэрхэн хүндлэхээ эхлээд мэдэх хүмүүс байсан юм. Тэд бол Еховагийн замыг мэддэг хүн төрөлхтний өвөг дээдэс, түүнчлэн Еховагийн сонгосон хүн төрөлхтний төлөөлөл байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхэд Ехова хүнийг ийм маягаар залж чиглүүлэхээ больсон. Хүн нүгэл үйлдэж, өөрийгөө нүгэлд орхисон, иймээс Тэр хүнийг нүглээс аварч эхэлсэн юм. Ийм маягаар Тэр, нүглээс бүрэн гэтэлгэх хүртлээ хүнийг зэмлэжээ. Эцсийн өдрүүдэд хүн ийм түвшинд хүртлээ доройтсон учраас энэ үе шатны ажил зөвхөн шүүлт, гэсгээлтээр л явагдана. Зөвхөн ийм маягаар л ажлыг гүйцэлдүүлж болно. Энэ нь хэд хэдэн эрин үеийн ажил байсаар ирсэн. Эрин үеийг эрин үеэс ялгаж, тэдний хооронд шилжилт хийхдээ Бурханы нэр, Бурханы ажил, Бурханы өөр өөр дүр төрхийг ашиглахад Бурханы нэр болон ажил нь Түүний эрин үеийг төлөөлдөг ба эрин үе бүр дэх Түүний ажлыг төлөөлдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

13. “Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэрвээ хэлбэл эдгээр үг нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтөнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, өөр олон хүн, өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү хүний үг хэллэг оргилдоо хүрсэн хэдий ч хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй, яагаад гэвэл Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хомс. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, иймээс Түүний нэр тогтмол байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд Өөрийн нэрийг өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд түр зуурын ач холбогдол бүхий энэ тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн атлаа бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, үүнийг ердөө дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд, “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Нэрний төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүнд нэр байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо Бурханыг нэрийг хайсаар байна уу? Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхэлсээр байх уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхлэх үү? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай—үүнийг Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр юм, гэхдээ энэ нэр бол хүний дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, хэтэрхий ухаалаг, хэтэрхий өргөмжит, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, өөр юу ч хэлж чадахгүй; энэ жаахан зүйл бол мэддэг бүхэн чинь юм. Ийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд хэдийгээр Бурхан ажлаа хийж байгаа ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

14. Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхэд энэ нь Ариун Сүнсний тухайн үеийн заавар дор байсан; Тэрээр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн дагуу, эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль, эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж нэг байсан юм. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил нь зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль ба Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг удирдан чиглүүлжээ. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, Бурхан Есүс хэмээх нэрээр ажиллаж, эрин үеийг залж чиглүүлж байлаа. Хэрвээ чи, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажил эхлүүлээгүй, Түүний хийсэн бүхэн нь Еховагийн үгний дагуу, Еховагийн ажлын дагуу, мөн Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс махбод болсон Бурхан биш байх байв. Хэрвээ Тэр ийм маягаар Өөрийн ажлыг явуулсан бол Хуулийн эрин үеийн элч юм уу ажилчин байх байлаа. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шиг байсан бол Есүс эрин үеийг нээж чадахгүй, мөн өөр ямар ч ажил хийж чадахгүй байх байсан юм. Ийм байдлаар, Ариун Сүнс Өөрийн ажлыг үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой ба Еховагаар дамжуулахгүйгээр Ариун Сүнс ямар ч шинэ ажил хийж чадахгүй байх байв. Хүн Есүсийн ажлыг ийм маягаар ойлгох нь буруу юм. Есүсийн хийсэн ажил Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хүн хэрвээ итгэдэг бол Есүс бие махбодтой болсон Бурхан байх уу, эсвэл эш үзүүлэгчдийн нэг байх уу? Энэ үзэл бодлын дагуу бол Нигүүлслийн эрин үе гэж байхгүй ба Есүс бие махбодтой болсон Бурхан биш байх байв, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадахгүй, харин Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлөх байлаа. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, өмнө нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, харин Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л зөвхөн шинэ эрин үе бий болох байсан юм. Эрин үеийг, Еховагийн ажлын дагуу, мөн Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс махбод болсоэрин үеийг эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс ирснийхээ дараа Еховагийн ажлыг төгсгөөгүй бол Тэр ердөө хүн байсан ба Бурханыг төлөөлөх чадваргүй байсан гэдгийг энэ нь нотлох байв. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгаж, Еховагийн ажлаас үргэлжлүүлэн Өөрийн ажлыг буюу шинэ ажлыг эхлүүлсэн учраас л энэ бол шинэ эрин үе байсан бөгөөд Есүс бол Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь баталдаг. Тэд ажлын илт өөр хоёр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь сүмд явагдсан ба нөгөө нь сүмийн гадна хийгджээ. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан хөтлөх, харин нөгөө нь нүглийн тахил өргөхийн төлөө байв. Ажлын энэ хоёр үе шат тун өөр байсан; энэ нь шинэ эрин үеийг хуучнаас салгадаг бөгөөд тэдгээр нь хоёр өөр эрин үе юм гэж хэлэх нь туйлын зөв! Тэдний ажлын байршил нь өөр байсан, ажлын агуулга нь өөр байсан, мөн ажлынх нь зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ, өөрөөр хэлбэл, шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй ба Еховагийн эрин үе төгссөнийг энэ нь баталдаг. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй ба иймд үүнийг дахин хийх нь давтаж байгаа хэрэг болох байв. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхлүүлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байлаа. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил сүмийн суурин дээр зогсох байсан ба ямар нэг шинэ өөрчлөлт хэзээ ч гарахгүй байх байв. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй юм. Тэр Өөрийн ажлыг сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө байсан гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан бөгөөд хэрэгжилтийнхээ байдлаар хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байлаа. Есүс ирмэгцээ Хуучин Гэрээний эрин үе дэх Еховагийн ажлыг төгсгөсөн юм. Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан боловч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам бүрд Тэрээр шинэ нэр авдаг бөгөөд Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагшлах чиглэлд ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагшилдаг ба Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү шинэ, агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

15. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь тасралтгүй уялдаатай явагдаж, Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг бүрдүүлдэг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, мөн эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг салгадаг бүх хүн Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Энэ нь ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Өмнөх: “АЖИЛ БА ОРОЛТ”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН АРВАН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

Дараах: “БИБЛИЙН ТАЛААР”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх