15.6. Сатанлаг зан чанар, уг чанар, мөн чанараа ойлгох тухай

493. Өөрийгөө мэдэхийн тулд чи завхралын илэрхийлэл, эмзэг цэг, зан чанар, уг чанар, мөн чанараа мэдэх ёстой. Түүнчлэн чи гэртээ ч бай, гадаа ч бай, цуглаанд оролцож байхдаа, Бурханы үгийг идэж ууж байхдаа юм уу тулгарсан асуудал болгондоо, өдөр тутмын амьдралдаа харуулдаг зүйлс буюу өөрийн сэдэл, харах өнцөг, аливаа юм болгонд хандах хандлагыг нарийвчлан мэдэх ёстой. Эдгээр зүйлээр дамжуулан чи өөрийгөө мэдэж авах ёстой. Өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд мэдэхийн тулд Бурханы үгийг нэгтгэх ёстой; Түүний үгэнд үндэслэн өөрийгөө мэдсэнээр л үр дүнд хүрч чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

494. Хүний мөн чанарыг хэрхэн мэдэх вэ? Хүнийг шалихгүй зүйл хийх юм уу юу ч хийхгүй байх үед уг чанар, мөн чанарыг нь чи олж мэдэж чадахгүй. Харин тэдний байнга илчилдэг зүйл, үйлдлийнх нь ар дахь санаархал, хийдэг зүйлийнх нь цаад зорилго, өвөрлөдөг хүсэл, алхдаг замаас эдгээр нь харагддаг. Хамгийн гол нь, Бурханы зохицуулсан орчин, Бурханы өөрсдөд нь биечлэн хийсэн зүйлтэй тулгарах, шалгалт, цэвэршүүлэлт, засалт, харьцалт амсах юм уу Бурханаар биечлэн гэрэлтүүлэгдэж, замчлуулах үедээ тэд ямар хандлагатай байгаагаас эдгээр зүйл харагддаг. Энэ бүхэн юутай хамаатай вэ? Энэ нь хүний үйлдэл, амьдрал, бие авч явдаг зарчимтай хамаатай. Түүнчлэн хүний эрэл хайгуулын чиглэл, зорилго, эрэлхийлдэг арга барилтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хүний явдаг зам, амьдардаг байдал, найдаж амьдардаг зүйл, оршин тогтнолынх нь үндэс суурьтай хамаатай байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

495. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь үндсэндээ хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

496. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

497. Хүмүүс өөрсдийгөө мэдье гэвэл жинхэнэ байр байдлаа ойлгох ёстой. Өөрийн байр байдлыг мэдэхийн хамгийн чухал тал бол өөрийн бодол, санааг ухаарах явдал юм. Цаг үе болгонд хүмүүсийн бодлыг нэг гол зүйл хянаж байдаг. Хэрвээ чи өөрийн бодлыг хяналтдаа авч чадвал тэдгээрийн цаадах зүйлсийг хяналтдаа оруулж чадна. Хүмүүсийн бодол, санааг хэн ч хянаж чаддаггүй боловч эдгээр бодол, санаа хаанаас гаралтай, эдгээрийн цаад сэдэл юу болох, эдгээр бодол, санаа хэрхэн үүсдэг, эдгээрийг юу хянадаг, эдгээр нь ямар шинж чанартайг мэдэх шаардлагатай. Зан чанар чинь өөрчлөгдсөний дараа өөрчлөгдсөн хэсгээс чинь үүссэн бодол, санаа, зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг хүсэл, эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь өөр байх болно. Чиний өөрчлөгдөөгүй зүйлс, тодорхой ойлгодоггүй зүйлс, мөн үнэний туршлагаар солиогүй зүйлсээс чинь үүдсэн бодол, санаа бузар булай, бохир, үзэшгүй муухай байдаг. Өнөө үед, Бурханы ажлыг хэдэн жил туулсан хүмүүс эдгээр асуудлын талаар бага зэрэг мэдрэмж, ойлголттой болсон байдаг. Бурханы ажлыг богинохон хугацаанд туулсан хүмүүс эдгээр асуудлыг хараахан ойлгодоггүй; тэд тодорхой мэдэхгүй хэвээр байдаг. Өөрсдийнх нь эмзэг цэг хаана байдгийг, эсвэл ямар талууд дээр амархан унахаа тэд мэддэггүй. Та нар одоогоор ямар төрлийн хүн гэдгээ мэддэггүй бөгөөд ямар хүн болохыг чинь бусад хүмүүс тодорхой хэмжээнд харж чадах хэдий ч чи үүнийг мэдэрч чаддаггүй. Чи ердийн бодол, санаагаа тодорхой ялган таньж чаддаггүй, эдгээр асуудлын мөн чанар юу болох тухай тодорхой ойлголт чамд байдаггүй. Чи аль талаар гүн гүнзгий ойлгох тусмаа тэр талаар улам их өөрчлөгдөнө; ийнхүү чиний хийдэг зүйлс үнэний дагуу байх бөгөөд Бурханы шаардлагад нийцэж, Бурханы хүсэлд ойртоно. Ийм маягаар эрж хайснаар л үр дүнд хүрч чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

498. Өөрсдийн жинхэнэ нүүр царайг илтгэхийн тулд хүн бүр үг, үйлдлээ ашиглаж болно. Энэ жинхэнэ нүүр царай бол мэдээж тэдний уг чанар юм. Хэрвээ чи булзааруулж ярьдаг хүн бол булзамтгай уг чанартай. Хэрвээ уг чанар чинь зальхай бол чи зальжин байдлаар авирладаг ба хүмүүс чамд тун амархан мэхлэгдэнэ. Хэрвээ уг чанар чинь хорлонтой бол чиний үгийг сонсоход таатай байж болох ч чиний үйлдэл муу олиггүй заль мэхийг чинь далдалж чадахгүй. Хэрвээ уг чанар чинь залхуу бол хэлдэг бүхэн чинь, хааш яаш, залхуу байдлынхаа төлөө хариуцлагаас бултах зорилготой байдаг бөгөөд үйлдэл чинь удаан, хааш яаш, мөн үнэнийг далдлахдаа нэлээд сурамгай байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол үг ухаалаг байх бөгөөд үйлдэл чинь ч бас үнэнтэй сайтар нийцнэ. Хэрвээ чиний уг чанар үнэнч бол үг чинь гарцаагүй чин сэтгэлийн, аливааг хийх байдал чинь үндэслэлтэй байдаг ба эзний чинь санааг зовоох юм байдаггүй. Хэрвээ чиний уг чанар тачаангуй, эсвэл мөнгөнд шунахай бол зүрх сэтгэл чинь үргэлж эдгээр зүйлээр дүүрэх бөгөөд чи өөрийн эрхгүй, хүмүүсийн амархан мартахгүй, мөн тэднийг зэвүүцлийг төрүүлэх гажууд, ёс суртахуунгүй үйл үйлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

499. Хүний уг чанарыг хэрхэн таних вэ? Уг чанараа танина гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, чи Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлсийг чинь хэлдэг. Та нар энэ талаар тодорхой мэдэж байна уу? Дуртай зүйлд чинь ямар төрлийн зүйлс агуулагддаг вэ? Тэдгээр нь ихэвчлэн чиний анхаарал тавьдаг, шүтдэг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүс юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг… чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

500. Хүний уг чанарыг ямар зүйлс бүрдүүлдэг вэ? Чи хүний завхрал, дуулгаваргүй байдал, дутагдал, өө сэв, үзэл, цаад санааны талаар л мэддэг бөгөөд хүний уг чанарын доторх зүйлсийг олж илрүүлж чаддаггүй. Чи эх үүсвэрийг нь олж илрүүлж чадалгүй, гаднах давхаргыг л мэддэг. Энэ нь хүний уг чанарын тухай мэдлэгийг агуулдаггүй. Зарим нь бүр эдгээр өнгөц зүйлийг хүний уг чанар гэж бодоод, “Хараач, би хүний уг чанарыг ойлгодог; би биеэ тоосон зангаа танин мэддэг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү?” гэдэг. Биеэ тоосон зан бол хүний уг чанарын нэг хэсэг; тэр бол үнэн. Гэхдээ үүнийг онолын үүднээс хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Хүний уг чанараа мэдэх гэж юу вэ? Үүнийг яаж мэдэж болох вэ? Ямар талаас нь үүнийг мэддэг вэ? Түүнчлэн, хүний илчилдэг зүйлсээс уг чанарыг нь хэр нарийвчлан харах ёстой вэ? Юун түрүүнд, сонирхлоор нь дамжуулан хүний уг чанарыг харж болно. Жишээлбэл, зарим хүн бүжиглэх гойд дуртай, зарим нь ялангуяа дуучид, кино оддод дуртай байдаг бол өөр бусад нь тодорхой алдартнуудыг гойд их шүтдэг. Эдгээр сонирхлоос үзэхэд, энэ хүмүүс ямар уг чанартай вэ? Жишээлбэл: Зарим нь нэг дуучныг үнэхээр шүтэж, бүр тэр дуучныхаа үйл хөдлөл, инээмсэглэл, үг болгонд донтсон байдаг. Тэд уг дуучиндаа анхаарал хандуулж, бүр дуучныхаа өмсдөг бүхний зургийг авч, түүнийг нь дуурайдаг. Ийм түвшний шүтлэгээс хүний уг чанарын талаар юу харагддаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд Бурхан бус, өнөөх зүйлс нь л байгаа гэдгийг энэ нь харагддаг. Энэ хүний бодож, хайрлаж, эрж хайдаг бүхэн нь Сатаных юм; тэдгээр нь энэ хүний зүрх сэтгэлийг эзэмддэг ба энэ хүн зүрх сэтгэлээ бүхэлдээ тэдгээр зүйлд өгсөн байдаг. Энд ямар асуудал байна вэ? Нэг юманд хэтэрхий их дурлах юм бол тэр юм нь хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг бөгөөд тухайн хүн Бурханыг хүсдэггүй, харин диаволыг хайрладаг шүтээн шүтэгч гэдгийг бүрэн нотолдог. Иймээс тухайн хүн диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг, үнэнд хайргүй, Бурханыг хүсдэггүй уг чанартай хэмээн дүгнэж болно. Энэ нь хүний уг чанарыг харах зөв зүйтэй арга мөн үү? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжилдэг. Жишээ нь, зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр төрх юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

501. Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм худал хуурмаг, утгагүй үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал үг, утгагүй яриа хүний амь, уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар задлан шинжилбэл хүний уг чанарыг бүгд мэдэж чадах юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

502. Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг вэ? Яагаад чи байр сууриа хамгаалдаг вэ? Яагаад сэтгэл хөдлөл чинь маш хүчтэй байдаг вэ? Яагаад чи зөв шударга бус зүйлд дуртай байдаг вэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дуртай байдгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн зөвшөөрөхдөө тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан, Сатаны хорыг агуулдгаас нь болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирладгийг нь асуувал тэд, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүмүүс бүгд боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Энэхүү үг нь яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүн үүнийг эзэмших үед энэ нь хүний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэндээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ уг чанараа нууж чаддаггүй. Баримтыг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус байдлыг олж мэднэ. Эцэст нь бусад хүн тодорхой дүгнэлтэд хүрдэг: Энэ хүмүүс бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй хүмүүс юм. Энэ үг тэдний уг чанарыг өгүүлдэг; энэ нь тэдний уг чанар, мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт асар их гүн ухаан агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй атал амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд Сатаны гүн ухаанд бүрэн нийцэлтэй амьдарч, өчүүхэн төдий ч тэрсэлдэггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар, байнга сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

503. Зүрх сэтгэлд маань байгаа юм бүхэн Бурхантай дайсагнадаг. Үүнд бидний сайн гэж боддог, тэр ч бүү хэл эерэг гэж итгэдэг зүйлс багтдаг. Бид эдгээр зүйлийг үнэн, хэвийн хүн чанарын нэг хэсэг, эерэг зүйлс хэмээн жагсааж ирсэн; гэвч Бурханы өнцгөөс бол тэдгээр нь Түүний зэвүүцдэг зүйлс юм. Бидний боддог зүйл болон Бурханы хэлсэн үнэн хоёрын хоорондох зөрүү хэмжээлшгүй. Үүнийг хэмжихийн аргагүй. Иймээс бид өөрсдийгөө мэдэх ёстой. Бидний үзэл санаа, үзэл бодол, үйлдлээс эхлээд хүлээн авсан соёлын боловсрол хүртэлх юм бүхнийг гүнзгий ухаж, нэвт шувт задлан шинжлүүштэй. Эдгээр зүйлийн зарим нь нийгмийн орчноос гардаг бол зарим нь гэр бүл, сургуулийн боловсролоос, бусад нь номоос гардаг. Мөн зарим нь бидний үзэл, төсөөллөөс гардаг. Эдгээр зүйл бидний үг, үйлдлийг хүлж, хянаж, оюун ухааныг маань ноёрхож, хийдэг зүйлсийн маань сэдэл, санаа, зорилгыг залж чиглүүлдэг учраас хамгийн аймшигтай. Хэрвээ бид эдгээр зүйлийг ухан гаргахгүй бол Бурханы үгийг өөрсдөдөө хэзээ ч бүрэн хүлээн авахгүй бөгөөд хэзээ ч Бурханы шаардлагыг бүрмөсөн хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхгүй. Чи өөрийн үзэл санаа, үзэл бодол, зөв гэж итгэдэг зүйлсийг өвөрлөсөөр байгаа цагт Бурханы үгийг хэзээ ч бүхэлд нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тэдгээрийг анхдагч хэлбэрээр нь хэрэгжүүлэхгүй; чи тэдгээрийг эхлээд оюун ухаандаа боловсруулсны дараа л хэрэгжүүлэх нь лавтай. Чи аливааг ингэж хийх бөгөөд бусдад ч бас ийм маягаар тусална: Чи Бурханы үгийн талаар нөхөрлөж магад хэдий ч үргэлж өөрийн хольцыг хольж, үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь энэ бөгөөд чи үнэнийг ойлгосон, бүх зүйлийг эзэмшдэг гэж бодно. Хүн төрөлхтний байр байдал өрөвдөлтэй биш гэж үү? Аймшигтай биш гэж үү?

Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

504. Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Сайн хийж, зөв хийсэн гэдгээ хэдий чинээ мэдэрдэг, мөн Бурханы хүслийг хангаж чаддаг, онгирох эрхтэй гэж хэдий чинээ боддог тодорхой тэр талууддаа чи өөрийгөө төдий чинээ мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохистой. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлох ажилдаа асар их зовсон. Түүнийг маш олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул маш олон ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний зүрх сэтгэлийг төөрүүлж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паул тэдний эрэл хайгуулын бай, даган дуурайх бай болсон юм. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл агуулагдсан эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай.

Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

505. Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Өөрсдийгөө ингэж үздэг хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлдэггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

506. Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрөхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь үндсэндээ хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өмнөх: 15.5. Ариун Сүнсний ажлыг ойлгож, муу ёрын сүнсний ажлыг таних тухай

Дараах: 15.7. Хэрхэн үнэнч шударга хүн байх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх