Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хорин зургаа дахь айлдвар

Хэн Миний гэрт амьдарсан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө ам өчгөө өгсөн бэ? Хүйтэн хөндий бололгүйгээр хэн Намайг өнөөг хүртэл дагасан бэ? Яагаад хүмүүс бүгдээрээ хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг юм бэ? Хүн төрөлхтөн яагаад Намайг орхисон бэ? Хүн төрөлхтөн яагаад Надаас залхсан бэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй вэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амссан ба Сионд байхдаа Би тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн. Дахин хэлэхэд, Би хүн төрөлхтний дунд амьдарсан, хүний ертөнцийн гашуун зовлонг амссан, хүмүүсийн дунд байдаг янз бүрийн байдлыг бүгдийг Өөрийн нүдээр харсан. Хүн өөрөө ч мэдэлгүйгээр Миний өөрчлөлттэй хамт өөрчлөгдсөн ба зөвхөн ийм маягаар л өнөөдрийг хүрсэн. Миний төлөө юу ч хийх чадвартай байхыг Би хүнээс шаардаагүй, мөн Миний төлөө юм нэмэхийг ч хүнээс шаардаагүй. Надад дуулгаваргүй хандахгүйгээр, эсвэл Надад ичгүүрийн тэмдэг бололгүйгээр Миний төлөвлөгөөтэй зохицож, Надад хангинасан гэрчлэл хийх чадвартай байхыг л Би хүнээс хүссэн. Хүмүүсийн дунд Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулсан хүмүүс байсан, гэвч хүний хэрэгжүүлэлт, хүний биеэ авч явах байдал Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож хэрхэн чадах билээ? Тэр Миний хүсэлд хэрхэн нийцэж, эсвэл Миний хүслийг хэрхэн биелүүлж чадах билээ? Газар дээрх уул, ус мөн газар дээрх цэцэг, өвс ургамал, мод бүгд Миний үйл хэргийг харуулдаг, бүгд Миний нэрийн төлөө оршин тогтнодог. Гэсэн ч хүн яагаад Миний шаардсан стандартад хүрч чаддаггүй вэ? Энэ нь түүний адгийн муу дорд байдлаас болсон байж болох уу? Энэ нь Би түүнийг өргөснөөс болсон байж болох уу? Би түүнд хэтэрхий харгис хандаснаас болсон байж болох уу? Хүн яагаад Миний шаардлагаас үргэлж айдаг вэ? Өнөөдөр хаанчлал дахь үй олон хүмүүсийн дундаас та нар яагаад зөвхөн Миний дуу хоолойг сонсдог атлаа Миний царайг харахыг хүсдэггүй юм бэ? Та нар яагаад Миний үгийг Миний Сүнстэй тааруулах гэж оролдолгүй зүгээр харж байдаг юм бэ? Та нар яагаад Намайг дээрх тэнгэрт, доорх дэлхий дээр тусад нь байлгадаг юм бэ? Газар дээр байхдаа Би тэнгэрт байдгаасаа ондоо байдаг гэж үү? Би тэнгэрт байхдаа газар дээр буун ирж чаддаггүй гэж үү? Би газар дээр байхдаа тэнгэрт хүргэгдэх үнэ цэнэгүй байдаг байж болох уу? Газар дээр байх үедээ Би дорд амьтан шиг, тэнгэрт байх үедээ Би дээдлэгдсэн зүйл шиг байдаг бөгөөд тэнгэр, газрын дунд гүүрээр холбохын аргагүй ангал байгаа мэт байдаг. Гэвч хүний ертөнцөд эдгээр зүйлийн эх сурвалжийн талаар тэд юу ч мэддэггүй юм шиг мөртлөө Миний үг зөвхөн дуу чимээ бөгөөд ямар ч утга учиргүй юм шиг үргэлж Миний эсрэг явж ирсэн. Бүх хүмүүс Миний үгэнд хичээл чармайлт гаргаж, Миний гадна байдалд өөрсдийн хувийн судалгаа шинжилгээ явуулавч бүгд л үзүүлэх ямар ч үр дүнгүй бүтэлгүйтэж, харин үүний оронд Миний үгэнд цохигдож, дахин босож зүрхлээгүй юм.

Би хүн төрөлхтний итгэлийг шалгахад нэг ч хүн жинхэнэ гэрчлэл хийх чадваргүй байсан, нэг ч хүн өөрийнхөө бүх зүйлийг өргөл болгох чадваргүй байсан; харин Би зүрх сэтгэлийг нь булаагаад авчих гэж байгаа юм шиг хүн мөн л нуугдаж, сэтгэлээ нээхээс татгалзсаар байна. Иов хүртэл шалгалтанд хэзээ ч тууштай зогсоогүй, мөн зовлон шаналлын дунд анхилуун үнэр гаргаагүй. Хавар цагийн дулаанд ялимгүй ногоон туяа гаргадаг нь хүн төрөлхтний хийж чаддаг ганц зүйл юм; өвлийн хүйтэн салхинд тэр хэзээ ч мөнх ногоон хэвээр байдаггүй. Хүний биеийн хэмжээ нь ясархаг, эцэнхий бөгөөд Миний санааг биелүүлж чадахгүй. Бүх хүн төрөлхтний дунд бусдадаа үлгэр дуурайл болох нэг ч хүн байхгүй, учир нь хүмүүс үндсэндээ адилхан ба нэг нэгээс нь ялгах зүйл багатай, бие биеэсээ өөрцгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний ажлыг бүрэн дүүрэн мэдэх чадваргүй хэвээр байна. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед л хүмүүс өөрийн мэдэлгүйгээр Миний үйл хэргийг мэддэг болно, мөн Би юу ч хийгээгүй, эсвэл хэнийг ч албадаагүй байхад хүмүүс Намайг мэдэж авна, ингэж Миний үйл хэргийг харна. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ нь Миний үзүүлсэн үйл хэргийн нэг тал бөгөөд энэ нь хүний мэдэх ёстой зүйл юм. Хаанчлалд хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, өөрсдийн амийн хүчийг дахин олж авч эхэлдэг. Дэлхийн байдал дахь өөрчлөлтийн улмаас газар нутгийн хоорондын хил хязгаар мөн өөрчлөгдөж эхлэдэг. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: Газар нь газраас таслагдаж, газар нь газартай нэгдэх үе бол Би үндэстнүүдийг бутартал цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучин байдлыг нь шинэ болгон хувиргана. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний үйл хэрэг. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнцийн хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон тоо томшгүй олон үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

Миний дуу хоолойн эрч чангарах зуур Би орчлон ертөнцийн байдлыг мөн ажиглаж байгаа. Бүтээгдсэн үй олон зүйл Миний үгээр бүгд шинээр бүтээгддэг. Тэнгэр өөрчлөгддөг ба газар ч мөн өөрчлөгддөг. Хүн төрөлхтний анхдагч дүр төрх ил болж, хүмүүс аажмаар өөрсдийнхөө төрлийн дагуу гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа санаандгүй олно. Ингэвэл Би маш их баярлах болно. Би эмх замбараагүй байдлаас ангид бөгөөд хэн ч мэдээгүй байхад Миний агуу ажил бүрэн гүйцэд болж, хэн ч мэдээгүй байхад бүтээсэн үй олон зүйл хувирч өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа учраас Би бүх зүйлийг ултай өөрчлөн бүтээлийн урьдын байдлыг сэргээж, анх байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээнэ, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөн дотор эргэж ирнэ. Цаг иржээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат дуусах гэж байна. Аяа, бохир хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр чи гарцаагүй юу ч биш болон жижигрэнэ! Аяа, бүтээгдсэн үй олон зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна, та нарт одоо Захирагч Эзэн бий! Аяа, цэвэр ариун өө сэвгүй шинэ ертөнц өө! Чи Миний алдар дотор гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль. Би ялалттайгаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг нарийвчлан судалсан. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхэлсэн, шинэ итгэл найдвар олж авсан. Аяа Миний ардууд аа! Та нар Миний гэрэл дотор эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Та нар Миний удирдамж дор баяртайгаар үсрэхгүй байж яаж чадах юм бэ? Газар баяр хөөртэйгөөр хашхирч, ус хөгжилтэй инээж байна! Аяа, амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосны улмаас чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль оршихоо больсон ба өнөөгийн Израиль өндийж, дэлхий дээр сүндэрлэн байгуулагдаж, бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд боссон. Өнөөдрийн Израиль Миний ардаар дамжуулан оршин тогтнолын үндэс суурыг гарцаагүй олж авна! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогссон хэвээр биш биз дээ? Чи Миний өршөөлөөс болж, Миний гэсгээлтээс зугтаахыг оролдож яаж чадах юм бэ? Чи Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнхөд амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би атаархуу Бурхан учраас хүний хийсэн бүхнийг хялбар хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирж, Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илчилнэ!

1992 оны 3 дугаар сарын 29

Өмнөх:Хорин тав дахь айлдвар

Дараах:Хорин долоо дахь айлдвар

Танд таалагдаж магадгүй