VIII. Цор ганц жинхэнэ Бурхан байдаг: “Гурвал” бол буруу нэр томьёо

1. Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

2. “Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон удирдлагын төлөвлөгөөнийх нь ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод өмссөн байсан учраас махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би энэ дэлхийд ирэхийн тулд махбод өмссөн тул тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байв. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы Сүнсний эзэмших ёстой зүйл байлаа. Махбодын өнцгөөс Эцэгт залбирч байснаас нь болоод Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

3. Энэ нь Эхлэл дэх Бурханы үгийг ихэнх хүнд сануулж магадгүй: “Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе.” “Бид” хүнийг “Өөрсдийнхөө” дүрээр бүтээе гэж Бурханы хэлснийг авч үзвэл, “Бид” гэдэг нь хоёр буюу түүнээс олон гэдгийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “Бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаггүй. Ийм маягаар хүн өөр өөр биеийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай санаа төрсөн. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүрээр бүтээгдсэн юм гэж үү? Тэгвэл хүний дүр Эцэг, Хүү, эсвэл Ариун Сүнснийхтэй адилхан уу? Бурханы эдгээр биеийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ санаа зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө нэгэн Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний хойно Мосе Эхлэлийг бичсэн. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы юу хэлснийг тэр яаж мэдсэн байх юм бэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаар тэр огт мэдэхгүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буй тухай дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр өөр өөр нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр биеийг хэлдэг гэдгийг энэ нь нотолж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бие байх байсан бус уу? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан ба Түүнийг ярих үед бий болж, Түүнийг тушаах үед биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилгүй бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар ч бас ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; тэнгэр дэх Эцэг Бид хоёр нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцэгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцэгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр биеийн тухай санаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгож байгаа бус уу? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний төсөөлөл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр, Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи дахин: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлнэ. “Тэгвэл Ехова Сүнс мөн үү?” гэхэд тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” гэхэд тэр ингэж хэлнэ: “Есүс Ариун Сүнснээс олдож Мариагаас төрсөн.” Тэгвэл Түүний мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Түүний ажил ч бас Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Одоо эцсийн өдрүүдэд, Сүнс бас л ажиллаж байгааг хэлэх нь илүүц юм; Тэд яаж өөр өөр бие байх юм бэ? Ердөө л Бурханы Сүнс өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм болохоор биесийн хооронд ялгаа байдаггүй. Есүс Ариун Сүнснээс олдсон, Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Гүйцэтгэсэн ажлынхаа эхний үе шатанд Ехова махбод болоогүй, бас хүнд ч харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр байсан нь хамаагүй, хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэр Бурханы Сүнс байлаа. Үүлэн дундаас хүнтэй ярих үедээ Тэр ердөө л Сүнс байв. Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодод ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн бие махбодтой болсон Бурханыг иудей хүний дүрээр анх харсан ч Еховагийн мэдрэмжийг мэдэрч чадаагүй. Гэсэн ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл, Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс мөн л Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт буухыг л хүн анх харсан; энэ нь ганцхан Есүсийн Сүнс байгаагүй, харин ч Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Есүс, Хүү бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс юм бол Тэд яаж нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байв. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бие хийж чадахгүй байх байсан юм. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа биес оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

4. Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн түүнчлэн Хүү, бүр Сүнс ч байдаг. Тэнгэрт ийм Бурхан буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурвал Бурхан байдаг гэдэг нь хүний уламжлалт үзэл юм. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан, гэхдээ гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Энэ гурван хэсгийг нийлүүлсэн нь л Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлд хүмүүс Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо шашны бүх итгэгч, бүр та нарын дундах дагалдагч болгон энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг учраас энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүн гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь дэндүү гүн нэвчсэн. Тиймээс энэхүү асуудал дээр ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь гурвал Бурхан ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл, хүний эндүү ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, урьд нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан Библийн тайлбарлагчид олон байсан боловч гурвал Бурханыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тийм тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн гүйцэд тайлбар өгч огт чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон бичиг цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрыг тов тодорхой ойлгодоггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршин байдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

5. Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тухайн үеийн Еховагийн ажлыг ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнс хийгээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбараар бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр яаж хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Цорын ганц Бурхан байдаг, энэ Бурханд цорын ганц үнэн бие байдаг, цорын ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдарч, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэрээр махбодод, орчлон ертөнцөд, орчлон ертөнцийн дээр нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан Бурхан байдаг! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ чиний хэлдгээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэдний үнэн бие өөр, бас мөн чанар нь ялгаатай тул Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй, хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Сүнс мөн гэдэг нь гарцаагүй. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Эцэг, Хүүгийн хоорондох харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болон Эцэгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцэгийн хэрэгсэл юм уу? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондох харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондох харилцаа юу, эсвэл хүн, Сүнс хоёрын хоорондох харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай энэ үзэл баримтлал хамгийн утгагүй! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

6. Гэсэн ч зарим хүн: “Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болно” хэмээн хэлсээр байж магадгүй. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгох тухай ярих нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш, материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, Ариун Сүнс бас нэг Сүнс юм, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нэг болох бус уу? Энэ бол гарцаагүй эндүү ташаа тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

7. Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс эгэл, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн гадаад төрх нь хэвийн хүнийх байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, ямартай ч хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн. Та нарт цээжлүүлэх гэж Есүсийн заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа…” Тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Бурханыг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дууддаг учраас Есүс Өөрийгөө та нартай адил байр сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь бүтээгдсэн зүйл гэдгээс чинь болж байгаа бус уу? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханыг (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсийг) тийм байдлаар дуудаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч Тэр өөр бие байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдийн Хаан байсан; Тэрээр алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм. Тэгэхээр чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж болохгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заамагц та нар бүгдээрээ Хүү болох бус уу? Хэрвээ та нар одоо ч үнэмшихгүй байгаа бол Надад хэл дээ, та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг явж одсоны дараа Эцэг, Хүү гэх энэ санаа байхаа больсон. Энэхүү санаа нь Есүсийг махбод болсон байх тэр жилүүдэд л тохиромжтой байв; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын тухай энэхүү санаа хэзээ ч байж болохгүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг гажууд онол бөгөөд оршин байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

8. Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч гурвал Бурхан оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү хоёр хамтдаа Ариун Сүнсийг хэрэгсэл болгон ашигладаг гэх ухагдахуун ч байхгүй. Энэ бүхэн нь хамгийн гажууд онол бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм гажууд онол ч гэсэн эх сурвалжтай байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол үндэслэлгүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, ухаалаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд гажууд онол бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг овжноор олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүсийг ноёлж, тэднийг агуу, алдартай “мэргэжилтний сургаал”-даа итгүүлэхийн тулд зүгээр л таамаглал, төсөөлөл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Ганц ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн турш Бурханыг та нар ийм маягаар хуваасан, энэ нь үеэс үед илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг чинь хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүнийг өвөг дээдсээ гэж таниад, Түүн рүү буцан очиж мөн л чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу буцаан илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэцгээх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Би Бурханыг Өөрийг нь хуваадгийг чинь болиулсан. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг шүтэхээр ширээн дээрээ тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь уу, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэгт үү? Хүүд үү? Аль эсвэл Сүнсэнд үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч үнэндээ уураг тархиндаа л итгэдэг! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

Өмнөх: VII. Эцсийн өдрүүдийн Христ бол шүүлтийн Эзэн бөгөөд хуйлмал номыг нээдэг Нэгэн юм

Дараах: IX.Бурхан болон хүний ажлын хоорондох ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх