Жишинь, Хубэй муж
Төгс Хүчит Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би Бурханы үгийг уншиж, номлол сонссоноор дамжуулан итгэлдээ үнэнч хүн байхаар эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгож, үнэнч хүн болсноор л Бурханы авралыг хүртэж чадна гэдгийг ойлгож авсан юм. Тиймээс би бодит амьдрал дээр үнэнч хүн байхаар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хэсэг хугацааны дараа үүн рүү бага зэрэг орсноо би олж мэдлээ. Тухайлбал, би залбирч байхдаа юм уу хүнтэй ярилцаж байхдаа чин сэтгэлээсээ, үнэнийг хэлж чаддаг байв; мөн би үүргээ биелүүлэхийг нухацтайгаар хүлээн авч чаддаг болсон бөгөөд завхрал илчлэх үедээ бусад хүнд өөрийгөө нээж чаддаг байлаа. Үүнээс үүдэн би үнэнч хүн байх нь хэрэгжүүлэхэд нэлээд амархан бөгөөд Бурханы үгэнд: “Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”) гэсэн байдаг шиг хэцүү зүйл огт биш гэж бодлоо. Завхарсан хүмүүс бидний хувьд үнэнч хүмүүс байна гэдэг үнэхээр амаргүй болохыг би хожим нь хэд хэдэн туршлагаар л дамжуулан ойлгож чадах болсон юм. Бурханы үг үнэхээр туйлын үнэн бөгөөд ямар ч хэтрүүлэггүй байдаг билээ.

Нэгэн өдөр би бичиг баримт цэгцэлж байх үедээ чуулганы нэг эгч бичиг баримт цэгцлэхдээ надаас сайн болохыг олж мэдлээ. Тэгээд би: “Тэр эгчийн цэгцэлсэн баримт бичгийг би хатуу чанд хянах ёстой, удирдагч нар тэр эгчийг надаас сайн гэдгийг харах юм бол түүнийг тушаал дэвшүүлж, миний байр суурийг эрсдэлд оруулж мэднэ” гэж бодлоо. Энэ бодол төрсний дараа мөс чанар минь намайг буруутгав. Үүнийг судалж, задлан шинжилснийхээ дараа би, энэ нь алдар хүнд, ашиг хонжооны төлөө тэмцэж, жинхэнэ авьяас чадварт атаархаж байгаагийн илрэл болохыг таньсан тул Бурханд залбирч, өөрийгөө тэр даруй хаялаа. Цугларалт дээр би завхралаа ил тод зарлахыг анх хүссэн боловч, дараа нь: “Хэрвээ би өөрийнхөө муу санаа зорилгын талаар нөхөрлөвөл надтай хамтарч байсан эгч болон намайг байлгаж байгаа айлын эгч миний талаар юу гэж бодох бол? Тэд зүрх сэтгэлийг минь хэтэрхий хорлонтой, уг чанарыг минь хэтэрхий хорон муу гэх болов уу? Мартаж үз, үүнийг яриагүй нь дээр юм байна. Энэ ердөө бодол л байсан, би ямар тийм юм хийсэн биш” гэж бодлоо. Ингээд л би, өөр хүн баримт бичгийг сайн цэгцэлж буйг хараад халагдах вий гэж их санаа зовсон талаараа хальтхан дурдаад өнгөрөв—би жинхэнэ олиггүй талаа нуусан юм. Үүний дараа зүрх сэтгэл дэх зэмлэсэн мэдрэмж улам бүр өслөө. Иймээс би, ганц л удаа ийм зүйл болно, дараагийн удаад би заавал үнэнч хүн байх явдлыг хэрэгжүүлнэ гэж Бурханы өмнө амлалаа.
Хэд хоногийн дараа өөрийнхөө хамтрагч болон намайг байлгаж байгаа айлын эгч хоёртой ярилцаж байх зуур, манай айлын эгч тэднийд амьдардаг байсан хоёр эгчийг хэчнээн сайн хүмүүс байсан тухай ярихыг би сонслоо (би бас тэднийг таньдаг байв), гэхдээ тэр миний хэчнээн сайн хүн болох тухай ганц ч үг цухуйлгасангүй. Би их сэтгэл дундуур байв. Тэр эгчээр өөрийгөө хүндлүүлэхийн тулд би өнөөх хоёр эгчийг над шиг сайн хүмүүс биш байсныг харуулах гэж дутагдлыг нь нэг бүрчлэн тоочлоо. Ингэж ярьсныхаа дараа би хэлсэн зүйл минь зохисгүй байсныг, мөн өөрийгөө өргөхийн тулд бусдыг доош хийх санаа, зорилготой байснаа ухаарлаа. Гэхдээ би сэтгэлээ уудлахаас хэтэрхий ичсэн тул айлынхаа эгчид ингэж хэлэв: “Нөгөө хоёр эгчийг магтаж байгааг чинь сонсоход таны зүрх сэтгэлд нэлээд хэдэн шүтээн байдаг юм шиг санагдлаа, иймээс танаар тэднийг хүндлүүлэхгүйн тулд би тэдний дүрийг сэвтүүлэхээс аргагүй байсан юм.” Эдгээр үг миний амнаас гарав уу үгүй юу, надтай хамтарч байсан эгч ингэж хэллээ: “Чамд ямар нэг далд санаа байсан эсэхээс энэ нь шалтгаална. Хэрэв тэгсэн бол үнэхээр өөдгүй юм. Үгүй бол, үүнийг завхралын илчлэл байна л гэж хэлж болно.” Эгчийн ингэж хэлэхийг сонсоод би тэднийг миний талаар тааруу сэтгэгдэлтэй болох вий гэж үхтэлээ айсан тул хурдхан шиг өөрийгөө зөвтгөхөөр хичээж: “Надад ямар ч далд сэдэл байхгүй. Зүгээр л зөв байдлаар хэлж чадсангүй...” гэлээ. Энэ хуурамч тайлбарынхаа дараа би ихэд гонсойсон ба залбирах үед дотроо тун их буруутгагдаж байгаа мэт санагдаж байв: “Чи үнэхээр зальхай юм. Тойруу байдлаар ярьж, худал зүйл зохиож, үнэнийг далдалж, үргэлж муу ёрын санаа зорилго, биеэ тоосон хүсэл эрмэлзлээ нууж, далдалж байх юм. Энэ чинь Бурханыг хуурч байгаа хэрэг биш үү?” Тэгсэн хэрнээ би бүр ичих нүүргүй болчихоод бас л гэмшээгүй бөгөөд намайг уучлахыг л Бурханаас гуйлаа.
Дараа өдөр нь би гэнэт өндөр халуурч, биеийн минь үе мөч болгон шархиран өвдлөө. Шөнө ханиад хүрчихэж, жаахан эм уучихвал гайгүй болно гэж би эхэндээ бодож байв. Гэвч эм уух нь ер тус болоогүй бөгөөд хоёр хоногийн дараа би бүр орноосоо ч өндийж чадахаа болино гэж хэн мэдэх билээ. Үүнээс гадна хэл минь хавдаж, хатуураад, хоолой минь бас хавдаж, хөндүүрлээд ярьж ч чадахгүй болтол өвдөж байлаа. Хоол идэх байтугай, юм залгих ч хэцүү байв. Энэхүү гэнэтийн өвчнөөр өвдөөд би айж, зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин залбирсан юм. Энэ өвчин санаандгүй тохиолдсон юм биш гэдгийг би тэр мөчид ухаарсан тул энэ хугацаанд хэлж, хийсэн бүх зүйлээ эргэцүүлэхээр Бурханы өмнө очлоо. Эргэцүүлэх явцдаа, булзамтгай байдлаар ярьж, өөрийн жигшүүрт сэдлийг нуун далдалсан хэд хэдэн тохиолдол надад байсныг би ойлгосон юм. Худал хуурмаг төдийхнийг л ярьж, эгч нараа хуурч байсан гэдгээ би тун сайн мэдэж байсан ба зэмлэх мэдрэмж төрж байсан боловч надад үнэнийг хэлэх зүрх зориг бас л байсангүй. Зальхай арга зам маань аль хэдийн хоёр дахь уг чанар болж, яаж ч чадахааргүй болсон гэдгийг би ойлгоогүй явжээ. Өөрийн нэр төр, байр суурь, нэрэлхүү зан, алдар нэрийн төлөө би Бурханыг хуурч, эгч нараа хуурахаар ахин дахин ичгүүргүйгээр оролдсон юм. Би завхралынхаа талаар сайн дураараа нээлттэй ярьж байгаагүй, бас асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй; энэ маягаараа үргэлжлүүлсэн бол би л эцэст нь хохирол амсах байсан бус уу? Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг, би өөрийгөө хэчнээн ч далдлах гэж оролдсон бай, жигшүүрт муухай байдлаа нууж чадахгүй байсан. Өөрийнхөө талаар жаахан ойлгодог болсныхоо дараа би Бурханы өмнө сөхөрч, ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Хэчнээн завхарсан болохоо би одоо л харж байна. Зальхай уг чанартаа хянуулсан надад нэг үнэнч үг хэлэхэд ч маш хэцүү санагддаг. Өө Бурхан минь! Сэтгэлээ уудалж, дутагдлаа ил болгож, Таны өмнө үнэнч хүн байхад намайг залж чиглүүлээч гэж би Танаас гуйя.” Бурханы удирдамж дор би эцэст нь зориг орж, бүх зүйлийн талаарх үнэнийг эгч нартаа эхнээс нь дуустал хэллээ. Тэр үед л зүрх сэтгэл минь жаахан амгалан, тайван болсон билээ.
Энэ туршлагаар л дамжуулан би “Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг” хэмээх Бурханы үг үнэхээр үнэн болохыг гүнээ ойлгосон билээ. Сатанаар завхруулагдсаны дараа худал хэлэх, хуурах, заль мэх хэрэглэх нь хүний уг чанар болж, хүн төрөлхтний зүрх сэтгэлд гүнээ нэвчсэн юм. Үүнээс гадна хүмүүс нэр хүнд, байр суурь болон бүх төрлийн ашгийг үнэхээр нандигнадаг; эдгээр зүйлээр хязгаарлагддаг хүмүүст үнэнчээр ярих их хэцүү санагддаг. Иймээс хүмүүсийн хувьд, үнэнч хүн байна гэдэг тэнгэр өөд авирахаас илүү хэцүү юм. Үнэнч хүн байх амархан гэж би боддог байлаа. Учир нь миний уудалсан зүйл бол нөхөрлөл дээр хүн болгоны байнга хуваалцдаг, миний илчилсэн ач холбогдолгүй завхрал төдий байсан юм. Тэдгээр нь миний сэтгэл дэх хамгийн гүн гүнзгий зүйлстэй огтхон ч хамаагүй байсан тул тиймэрхүү зүйл ярьсны минь төлөө хэн ч намайг дорд үзэхгүй байв. Тиймэрхүү хэрэгжүүлэлт нь, өнгөц үйлдэл байх, миний хувийн ашиг сонирхлыг хөндөхгүй байх урьдач нөхцөл дор л хэрэгждэг байсан юм. Хэрвээ энэ нь амин чухал ашиг сонирхол, байр суурь, нэр нүүрэнд минь нөлөөлбөл уг чанар минь өөрийгөө илчилж, би хуурамч төрхөө хадгалж чаддаггүй байв. Үнэн өмнө минь байснаар, үнэнч хүн байх үнэхээр амаргүйг би гүн гүнзгий ухаарч эхэлсэн юм. Ялангуяа нэр хүнд, байр суурийг маш чухалд тооцдог над шиг хүний хувьд нэр нүүрээ бодох бүх бодлоо хойш тавихгүй бол, Бурханы гэсгээлт, шүүлт намайг дагахгүй бол би үнэхээр үнэнч хүн байх үнэний бодит байдлыг хэрэгжүүлэх ямар ч чадваргүй байх болно. Одоогоос эхлэн би үнэнийг шударгаар эрэлхийлж, Бурханы бүх үгийг хүлээн зөвшөөрч, өөрийн зальхай уг чанарыг улам бүр гүн гүнзгий ойлгох болно. Би өөрийн нэр нүүр, байр суурийг хойш тавьж, үнэхээр үнэнч хүн байх болно; би Бурханы хайрыг хариулахын тулд хүний жинхэнэ төрхийг амьдран харуулна.