I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

1. Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхэлмэгцээ Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг бөгөөд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг нь төдий чинээ их нотолдог. Библийг уншсан, мөн үүний талаар бусдад ярьж чаддаг хүмүүс бол бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдэд хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал Библийг хэр ойлгодгоор нь хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс Бурханд яагаад итгэх ёстойгоо, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо ч ер ойлгодоггүй бөгөөд Библийн бүлгүүдийг тайлж унших сэжүүрийг сохроор хайхаас өөрийг хийдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг хэзээ ч эрэлхийлж байгаагүй; бүр анхнаасаа л тэд Библийг цөхрөнгөө баран судалж, шинжилсэн ба Библийн гаднах Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг хэн ч, хэзээ ч олоогүй. Хэн ч, хэзээ ч Библиэс холдоогүй, хэзээ ч тэгж зүрхлээгүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалж, маш олон тайлбаруудыг гарган ирж, маш их чармайлт гаргасан; бас тэдэнд Библийн талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд тэд тасралтгүй мэтгэлцдэг болохоор өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг, эсвэл Библи дэх илүү гүн гүнзгий нууцуудыг олохыг хүсдэг, мөн үүнийг судалж шинжлэн, Израиль дахь Еховагийн ажлын цаад учир, Иудей дэх Есүсийн ажлын цаад учир, эсвэл хэний ч мэддэггүй илүү олон нууцыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай байдаг бөгөөд Библийн дотоод түүх юм уу мөн чанарын талаар хэн ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс Библийн тухайд гэвэл, өнөөдөр ч хүмүүс дүрслэн хэлэхийн аргагүй гайхсан мэдрэмжтэй байдаг бөгөөд үүнд улам их донтож, улам их итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библиэс эцсийн өдрүүдийн ажлын тухай зөгнөлүүдийг олохыг хүсдэг, мөн эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсдэг. Ийм маягаар Библийг шүтэх нь илүү оргилуун болдог ба эцсийн өдрүүд ойртох тусам тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ сохроор итгэдэг. Библид ийнхүү сохроор итгэснээр, Библид ингэж их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийнхөө үзлээр хүмүүс Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; мөн Библиэс л Бурханы мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном юм уу хүмүүс биш, зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүхэлд нь тодруулж чадна; Библи тэнгэрийн ажлыг газарт авчирч чадна; Библи нь эрин үеүдийг эхлүүлж, бас төгсгөж чадна гэж боддог. Ийм үзэлтэй болохоор хүмүүст Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур сонирхол байдаггүй. Иймээс урьд нь Библи хүмүүст хэр их тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон юм. Библигүй бол хүмүүс Бурханы мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан атал өнөөдөр Түүний мөр Библиэр хязгаарлагдаж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин их хэцүү, бэрхшээлтэй тэмцэл болсон билээ. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгсээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болдог. Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав

2. Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн… Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас эш татав

3. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

4. Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?

…Тиймээс Тэр: “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” гэж хэлсэн. Тиймээс Түүний гүйцэлдүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Амралтын өдөр Түүнийг шавь нараа дагуулан тариан талбайгаар явахад шавь нар нь тариан түрүү түүж, идсэн; Тэрээр Амралтын өдрийг сахиагүй бөгөөд “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэж хэлсэн билээ. Тухайн үед, израильчуудын дүрмийн дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн боловч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэвч Есүс ариун сүмд ч ороогүй, Амралтын өдрийг ч сахиагүй бөгөөд Түүний ажлыг Хуучин Гэрээний үед Ехова хийж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү өндөр байсан ба үүний дагуу байгаагүй. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй бөгөөд тэдгээр ёс заншлыг аль хэдийн зөрчсөн. Харин израильчууд Библитэй улайран зууралдаж, Есүсийг ялласан—энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр шашны ертөнц ч бас Библитэй улайран зууралддаг ба “Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой” гэж зарим хүн хэлдэг. Зарим нь: “Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой!” гэж хэлдэг. Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдэж байсан уу? Хэн ийм зүйлийг нэгд нэггүй ойлгож чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав

5. Тухайн үеийн Есүсийн айлдвар болон ажил хоосон сургаал баримтлаагүй ба Тэрээр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг гүйцэтгээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу хийгдсэн юм. Тэрээр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэрээр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ажиллахаар ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэх зорилгоор хийгддэггүй бөгөөд Тэр хоосон сургаалыг мөрдөхийн тулд, эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй, өмнө нь Түүний хийсэн ажилд ч саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь ямар ч сургаал мөрдөхгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байв. Тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн гүйцэтгэгч байсан бөгөөд Өөрийн шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн юм. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг ч бас биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн юм. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий, тэгээд л тэр. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг Библийн эшлэлүүдийг тайлбарлахаас хавьгүй илүү ач холбогдолтой, яагаад гэвэл, тиймэрхүү ажил та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй бөгөөд та нарт тусалж, эсвэл та нарыг өөрчилж чадахгүй. Би шинэ ажил хийхээр зорьсон болохоос Библийн ямар нэг эшлэлийг биелүүлэх гээгүй. Хэрвээ Бурхан Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд л газар дэлхий дээр ирсэн бол бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчийн хэн нь илүү агуу байх вэ? Эцсийн эцэст эртний эш үзүүлэгчид Бурханыг захирдаг уу, эсвэл Бурхан эртний эш үзүүлэгчдийг захирдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

6. Бурханы ажил үргэлжлэн урагшилдаг бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил их байх тусам Бурханыг хүн төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгддөг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн үргэлж урьдын ажил дээр нь үндэслэн Бурханы өнөөдрийн ажлыг шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэх нь Бурханд асар бэрх байдаг. Хүний бэрхшээл хэтэрхий их! Хүний үзэл санаа хэтэрхий хуучинсаг! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй атлаа ийм ажлыг тэд бүгд тодорхойлдог. Бурханаас холдоход хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй, Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэдгээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахын тулд хуулийг мөрдөх л хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үүрд хангалуун байна. Тэд, Бурхан хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэсэн бодолтой байдаг; тэд мөн Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэж боддог. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

7. Тухайн үеийн иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хяхаж хавчсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болон Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Бурханы эсрэг тэдний тэрслүү байдлын мөн чанар нь нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил мөн бол зөв урсгал мөн. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд өчүүхэн ч сэжиггүйгээр үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас илүү их мэдлэг ухаан олж аваад, Түүнд илүү болгоомжтой ханддаг бол энэ чинь шаардлагагүй бус уу? Чи мөрдөж шалгах гэж бус, дагах гэж Бурханд итгэдэг учраас Ариун Сүнснийх мөн л байвал ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаагүйгээр хүлээн зөвшөөрөх нь чиний хийх учиртай зүйл юм. Чиний Бурхан бол Би мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог хайх хэрэггүй. Үүний оронд чи Намайг өөрт чинь ашиг тустай эсэхийг ялган таних учиртай; гол нь энэ. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо олныг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш, Библийн хязгаарлалт дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд чинь Библи тусалж чадахгүй, мөн Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй… Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү товойн гарч чаддаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмай үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангалуун болгохоор хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь утгагүй үйл биш үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдаас мэдэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

8. Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ… Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

9. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

10. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

11. Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөл, түүнчлэн тухайн үеийн Еховагийн ажил дахь зарим айлдварыг баримтжуулдаг. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (Бурхан ариун, агуу учраас) гэж үздэг. Мэдээж энэ нь бүгд Еховаг гэх тэдний хүндлэл, Бурханыг гэх тэдний бишрэлийн үр дүн билээ. Бурханы бүтээлүүд Бүтээгчээ маш их хүндэлж, биширдэг учраас л хүмүүс энэ номыг ингэж хэлдэг бөгөөд энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс ч бий. Үнэндээ энэ нь ердөө л хүний тэмдэглэл юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, биечлэн залж чиглүүлж бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номын зохиолч нь Бурхан биш, харин хүмүүс юм. Ариун Библи гэдэг нь зөвхөн хүний өгсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр өөр хоорондоо хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас цаашгүй. Учир нь энэ номыг Ехова бичээгүй, Есүс бүр ч бичээгүй. Харин ч энэ нь эртний олон эш үзүүлэгч, элч, болон зөнчдийн өгсөн тайлан бөгөөд дараагийн үеийнхэн нь эртний бичвэрийн ном болгон цэгцэлж, улмаар хүмүүст нэн ариун, хожмын үеийнхний нээхийг хүлээж буй ойлгогдошгүй, гүн гүнзгий нууц агуулсан ном мэт санагддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс эш татав

12. Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн байдаг ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын тухай тэмдэглэлийг төгсгөдөг. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг тэмдэглэсэн байдаг: Нэг нь бүтээлийн ажил, нөгөө нь хууль гаргах явдал юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Ехова Бурханы нэрийн доорх ажлыг төлөөлдөг; энэ нь үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг тэмдэглэсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голчлон Есүсийн нэрийн дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэрийн ач холбогдол болон Түүний хийсэн ажил ихэвчлэн Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьж, газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг нотолсон юм. Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан тул Хуулийн эрин үеийн ажил нь төгсөх хүртэл Ехова үргэлж тэдний дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох иудей хүмүүсийн дунд хийгджээ. Есүс махбодтой болсон Бурхан байсан учраас ажлын цар хүрээ нь илүү бага байсан юм. Есүс Иудейн газар нутаг даяар л ажилласан ба гурван жил хагасын л ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн ажлын хэмжээг давж ер чадахааргүй байв. Нигүүлслийн эрин үеийн Есүсийн ажил нь үндсэндээ Дөрвөн Сайн Мэдээнд тэмдэглэгдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан бөгөөд үүний ихэнхийг захидлуудад тэмдэглэсэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав

13. Шинэ Гэрээний сайн мэдээний номууд нь Есүсийг цовдлогдсоноос хориос гучин жилийн дараа бичигдсэн юм. Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд Паул, Петр хоёрын захидлууд, түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр өөд гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн эдгээр бичиг баримтыг сонгож цэгцэлсэн бөгөөд тэр үед л Библийн Шинэ Гэрээ бий болсон билээ. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; энэ нь өмнө нь байгаагүй юм… Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас эш татав

14. Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нийлээд зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих тухай сургаал, залбирлын тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал тооны үйл явдлыг бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй харьцуулан шалгадаг. Тэр ч бүү хэл тэд Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

15. Библийг уншихдаа хүмүүс өөр номоос олдохгүй амийн олон замыг ч бас олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгч, элч нарын туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үг нь үнэ цэнтэйн зэрэгцээ хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан байдаг учраас үүнд хандах хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ эрин үед Ехова, Есүс хоёрт үйлчилж байсан хүмүүсийн туршлага, мэдлэгийн тэмдэглэл, эмхэтгэл тул дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэлт, хэрэгжүүлэх замыг олж авч чадсан билээ. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэр хүмүүсийн бүх бичвэр Библиэс гардаг, мөн тэдний туршлага бүгд Библиэс бий болдог бөгөөд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс, хүмүүс аливаа агуу сүнслэг хүний номоос хангалт олж авч чаддаг хэдий ч Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Библи нь Паулын захидал, Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн хэдий ч, мөн хүмүүс эдгээр номын хангалт, дэмжлэгийг хүртдэг ч эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм. Еховагийн бүтээлийн ажил, эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, мөн л хоцрогдсон байх бөгөөд энэ бүхэн өнгөрөх одох цаг мөн л ирнэ. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирнэ; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд, эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн үнэмшилтэй байсан ч, Сатаныг ялахад хэчнээн үр нөлөөтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эрин үе бол эрин үе юм; ажил үргэлж нэг суурин дээрээ байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж ч чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үг буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, тэгвэл хуучин он дарааллын бичиг хүмүүсийг яаж шинэ эрин үед аваачиж чадах билээ? Эдгээр он дарааллын бичиг хүмүүсийг амиар хангах чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан бус уу? Үнэ цэнгүй бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс эш татав

16. Библи нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан байдаг гэдгийг Библийг уншсан хүн бүр мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс эш татав

17. Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав

18. Бурхан хийхийг хүсдэг ажил, хэлэхийг хүсдэг зүйлдээ шинэ эхлэл хийж чадах байсан. Тэр шинийг эхэлсэн л бол өмнөх ажлаа дахин дурддаг ч үгүй, мөн түүнийгээ үргэлжлүүлдэг ч үгүй. Учир нь Бурханы ажилд Өөрийн зарчим байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсдэг үе нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе юм. Хэрвээ хүмүүс хуучны үгээр юм уу дүрэм журмын дагуу ажилласаар, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнийг нь санахгүй, эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон. Шинэ ажил эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын өөр өөр талыг харж чаддаг. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралддаггүй, эсвэл хуучин замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм чөлөөлөгдсөн, чөлөөтэй байдаг ба юу ч хориглодоггүй, ямар ч хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн хоймортоо залж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, цоглог бөгөөд хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд юунд ч баригддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

19. Нигүүлслийн эрин үед Еховагийн ажил хоцрогдсон гэдгийг Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний яг адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Зөвхөн Хуулийн эрин үе гэж байгаад Нигүүлслийн эрин үе гэж байгаагүй бол Есүс цовдлогдохгүй, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ Хуулийн эрин үе л байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагш дэвшдэг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц дотор хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахидаг, Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгддөг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг тул ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Түүний хувьд боломжгүй билээ. Тэрээр цовдлолтой адил ажлыг хэвээр үргэлжлүүлж, нэг, хоёр, гурван удаа … загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг ажлыг хэвээр үргэлжлүүлдэггүй. Би та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдгийн адилаар Түүний ажил ямагт өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” хэмээх үгэнд оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

20. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч, хүмүүсийн эргэцүүллийн түүх хэвээр бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл “ариун номд” байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав

21. Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мода, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

22. Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс байдалд хүргэх зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

23. Хэрвээ та нар өөрсдийн үзлийг ашиглан Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө мэтээр хэмжиж, тодорхойлдог бол, Бурханыг Библи дотор бүрэн тодорхойлж, ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор хорьдог бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох мэтээр Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлд хадгалдаг тогтсон хэлбэртэй шүтээн гэж авч үзсэн учраас, мөн хүн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэтээр үйлчилж, шүтэн мөргөсөн учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноож, улмаар гэмгүй Есүсийг үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад нэгд нэггүй нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг мэтээр Бурханыг өөрчлөгдөшгүй гэдэгт үргэлж итгэдэг бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, чи Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн бөгөөд Бурханыг ялласан гэж Би бас л хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс эш татав

24. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажил л хийгддэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн их ойлгодог байх нь хамаагүй, энэ нь үгээс цаашгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг багахан ухаж төнхөж болох боловч эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг ухан гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүн Ехова, Есүс хоёрын хийсэн ажлын дүр зургийг биш, үхмэл үгсийг л хардаг бөгөөд энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Бурхан Өөрөө л хүнд тайлбарлаж, илчлэхгүй бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс, хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэхүү ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлөөс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хамгийн агуу нууц бөгөөд эрин үеүдийн туршид байсан эш үзүүлэгчдийн дундаас нэг нь ч үүнийг ухан ойлгож чадаагүй, учир нь энэхүү нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагддаг ба өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож чаддаг бол, үүнийг бүхэлд нь хүлээн авч чаддаг бол шашны бүх хүнийг энэ нууц ялан дийлэх болно. Зөвхөн энэ л хамгийн агуу үзэгдэл; энэ нь хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч түүний хувьд бас хамгийн тодорхой бус байсан зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

Өмнөх: ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

Дараах: II. Бие махбодтой болохын үнэний талаар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх