Христийн эхэн үеийн айлдварууд 67-р бүлэг

Миний хөвгүүд ил тодоор, бүх хүний өмнө гарч ирдэг. Тэднийг илт эсэргүүцэж зүрхэлдэг хүмүүсийг Би хатуу чанга гэсгээнэ; энэ бол гарцаагүй. Өнөөдөр, өндийн босож, чуулганыг хариулах чадвартай бүх хүн ууган хөвгүүдийн байр суурийг олж авсан бөгөөд одоо Надтай хамт алдар суут байдалд байна—Миний бүх зүйл бас та нарынх. Надад чин сэтгэлээсээ захирагддаг бүх хүнд Би элбэг нигүүлсэл хайрладаг болохоор чи бусад хүний хүч чадлаас давсан хүчтэй болж болох юм. Миний хүсэл бүхэлдээ ууган хөвгүүд та нарт байдаг бөгөөд та нар аль болох хурдан төлөвшиж, Миний даалгасан зүйлийг гүйцэлдүүлээсэй гэж л Би хүсдэг. Үүнийг мэдэж ав! Та нарт Миний даалгасан зүйл бол Миний удирдлагын төлөвлөгөөний эцсийн төсөл юм. Та нар Надад бүхий л оршихуйгаа бүх зүрх сэтгэл, оюун санаа, хүч чадлынхаа хамт өргөж, Миний төлөө үүнийгээ бүрэн зарлагадаж чаддаг байна л гэж Би найддаг. Цаг хугацаа үнэхээр ямар ч хүнийг хүлээдэггүй, хэн ч, юу ч, ямар ч зүйл Миний ажилд саад болж чадахгүй. Үүнийг мэдэж ав! Миний ажил алхам бүрдээ саадгүй, төвөггүй урагшилдаг.

Би орчлонгоор хөндлөн гулд, газар дэлхийн зах хязгаар хүртэл алхдаг, Миний нүд хүн нэг бүрийг байнга шинжилдэг, түүнчлэн Би орчлон ертөнцийг бүхэлд нь хардаг. Миний үг үнэндээ орчлон ертөнцийн булан тохой бүрд ажилладаг. Миний төлөө үйлчлэл хийхгүй зүрхэлдэг, Надад үнэнч бус байж, Миний нэрийг шүүж, Миний хөвгүүдийг доромжилж, гүжирдэж зүрхэлдэг хэн ч бай—үнэхээр ийнхүү үйлддэг бүх хүн хатуу шүүлт амсах ёстой. Миний шүүлт бүхэлдээ бууж ирэх ба өөрөөр хэлбэл, одоо үе бол шүүлтийн эрин, анхааралтай ажиглавал Миний шүүлт орчлон ертөнц даяар тархсаныг та нар олж мэднэ. Мэдээж, Миний гэр ч үүнээс ангид биш; бодол, үг, үйлдэл нь Миний хүсэлтэй нийцдэггүй хүмүүс шүүгдэнэ. Миний шүүлт ганцхан бүлэг хүмүүс юм уу, хэсэг зүйл рүү биш, бүхий л орчлон ертөнц рүү чиглэдэг гэдгийг та нар ойлгох ёстой. Та нар үүнийг ухаарч авсан уу? Хэрвээ сэтгэлийн чинь гүнд Надтай зөрчилдсөн бодол байх аваас чи тэр даруй дотуураа шүүгдэнэ.

Миний шүүлт бүхий л дүрс, хэлбэрээр ирдэг. Үүнийг мэдэж ав! Би бол орчлон ертөнцийн цор ганц, ухаалаг Бурхан! Юу ч Миний хүч үл хүрэх юм үгүй. Миний шүүлт бүгд та нарт илчлэгдсэн: Хэрвээ чи бодол санаандаа Надтай зөрчилддөг бол Би анхааруулга өгч, чамайг гэгээрүүлнэ. Хэрвээ чи сонсохгүй бол Би чамайг нэн даруй орхино (энд Би Миний нэрд эргэлзэх тухай биш, харин бие махбодын таашаалд холбоотой гаргадаг ааш авирыг хэлж байна). Хэрвээ чиний бодол Намайг эсэргүүцдэг, чи Надад гомдоллодог, мөн Сатаны үзэл санааг ахин дахин хүлээн зөвшөөрч, амийн мэдрэмжүүдийг дагадаггүй бол сүнс чинь харанхуйд байх бөгөөд махан бие чинь зовж шанална. Чи Надад илүү ойр байх ёстой. Өөрийнхөө хэвийн нөхцөл байдлыг ганц, хоёрхон өдрийн дотор сэргээж яавч чадахгүй бөгөөд амь чинь илт хол хоцорно. Үг яриа нь замбараагүй хүмүүсийн ам, хэлийг Би сахилгажуулж, хэлний чинь учрыг олно. Үйл хэрэг нь цадигаа алдсан замбараагүй хүмүүст Би сүнсээр нь сэрэмжлүүлж, сонсдоггүй хүмүүсийг хатуу гэсгээнэ. Намайг ил тод шүүж, эсэргүүцдэг буюу үг хэл, үйл хэргээрээ дуулгаваргүйгээ харуулдаг хүмүүсийг Би бүрмөсөн таягдан хаяж, орхиж, мөхөөж, дээд зэргийн ерөөлүүдийг алдахад хүргэнэ; тэд бол сонгогдсоныхоо дараа таягдуулах хүмүүс юм. Мэдлэггүй буюу үзэгдэл нь тодорхой бус хүмүүсийг Би мөн л гэгээрүүлж, аварна; гэхдээ үнэнийг ойлгодог атлаа хэрэгжүүлдэггүй хүмүүсийг мунхаг ч бай, үгүй ч бай, дээр дурдсан дүрмүүдийн дагуу шийтгэнэ. Анхнаасаа санаа зорилго нь буруу байсан хүмүүсийн хувьд Би бодит байдлыг хэзээ ч ухаарахааргүй болгох бөгөөд эцэст нь тэд нэг нэгээрээ аажмаар таягдан хаягдана. Тэд Миний зохицуулалтаар одоо байгаа боловч нэг нь ч үлдэхгүй (Би аливааг хуумгай хийдэггүй, харин дэс дараалалтай хийдэг).

Миний шүүлт бүрэн илчлэгдсэн; энэ нь бүгд зохих байр сууриа эзлэх ёстой янз бүрийн хүмүүс рүү чиглэдэг. Аль дүрмийг зөрчсөнөөс шалтгаалан Би тухайн дүрмийн дагуу тэднийг шийтгэж, шүүнэ. Энэ нэрд байхгүй, эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн тухайд бол ганцхан л дүрэм бий: Намайг эсэргүүцдэг хэний ч сүнс, сэтгэл, биеийг Би даруйхан авч, Үхэгсдийн орон руу хаяна; Намайг эсэргүүцдэггүй хэний ч тухайд бол, Би хоёр дахь шүүлт явуулахаасаа өмнө төлөвшихийг нь хүлээнэ. Миний үг бүхнийг тов тодорхой тайлбарладаг бөгөөд юу ч нуудаггүй. Та нар тэдгээрийг оюун санаандаа цаг ямагт тээж чаддаг байна гэж л Би найдна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих