Хэрэгжүүлэлт (7) (Хоёрдугаар хэсэг)

Хүмүүс хэдхэн хоногийн дотор амийн өсөлтөд хүрдэггүй. Бурханы үгийг өдөр бүр идэж, уусан ч гэсэн хангалтгүй. Тэд амийн өсөлтийн хугацааг туулах ёстой. Энэ бол чухал шаардлагатай үйл явц юм. Өнөөдрийн хүмүүсийн хэв чанарыг харгалзан үзвэл, тэд юу хийж чадах вэ? Бурхан хүмүүсийн хэрэгцээний дагуу ажиллаж, төрөлхийн хэв чанарт нь үндэслэн тохиромжтой шаардлага тавьдаг. Энэ ажил илүү хэв чанар сайтай бүлэг хүмүүсийн дунд хийгдсэн гэж үзье: Айлдсан үгс та нарт айлдсанаас илүү өндөр дээд, үзэгдлүүд илүү өндөр сүрлэг, үнэн нь хавьгүй илүү дээр байх байсан. Зарим үг илүү хатуу ширүүн байж, хүмүүсийн амийг хангаж, нууцуудыг илчлэх илүү их чадвартай байх байсан юм. Тийм хүмүүсийн дунд үг хэлэхдээ Бурхан хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангах байлаа. Өнөөдөр та нарт тавьсан шаардлагуудыг хамгийн зөв шаардлага гэж хэлж болно; хэрвээ энэ ажлыг хэв чанар сайтай хүмүүсийн дунд хийсэн бол шаардлагууд нь мөн л илүү өндөр байх байлаа. Бурханы бүх ажил нь хүмүүсийн төрөлхийн хэв чанарын дагуу хийгддэг. Өнөөдөр хүмүүсийг өөрчилж, байлдан дагуулсан хэмжээ бол боломжит дээд хэмжээ юм; ажлын энэ үе шат хэр үр нөлөөтэй байсныг хэмжихийн тулд үзлээ бүү ашигла. Та нар төрөлхөөсөө юу эзэмшдэг тухайгаа тодорхой мэдэж байх ёстой бөгөөд өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бодох ёсгүй. Анхнаасаа та нараас нэг нь ч амийг эрэлхийлээгүй, харин та нар гудамжинд хэрэн тэнүүчилдэг гуйлгачид байсан. Бурхан та нарыг төсөөлсөн хэмжээнд чинь хүртэл боловсруулж, бүгдийг чинь нүүрээр нь газар унаган мөргүүлж, агуу үзэгдэл харсан мэт бүрэн үнэмшүүлнэ гэвэл тэр нь боломжгүй! Бурханы гайхамшгийг хараагүй хүн Миний хэлдэг үгэнд бүрэн итгэж чаддаггүй учраас энэ нь боломжгүй. Та нар Миний үгийг нарийн шалгасан ч гэсэн тэдгээрт мөн л бүрэн итгэхгүй; энэ нь хүний уг чанар юм! Үнэнийг эрэлхийлдэг хүмүүст зарим нэг өөрчлөлт гарна, харин үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүст нэгэнтээ байсан итгэл багасаж, бүр алга болж ч магадгүй. Та нарын хамгийн том бэрхшээл бол Бурханы үгийн биелэлтийг харахгүйгээр бүрэн итгэж чаддаггүй бөгөөд Түүний гайхамшгийг харахгүйгээр хүлээн зөвшөөрдөггүй. Тийм зүйлсийг харалгүйгээр хэн Бурханд туйлын үнэнч байж чадах юм бэ? Иймээс, та нар Бурханд биш, харин гайхамшигт итгэдэг гэж Би хэлдэг. Би одоо үнэний янз бүрийн талуудын тухай тодорхой ярьсан; тэдгээр нь бүгд бүрэн гүйцэд бөгөөд хоорондоо нягт холбоотой. Чи тэдгээрийг харсан, одоо хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр Би чамд замыг харуулсан ба ирээдүйд чи үүнийг өөрөө хэрэгжүүлэх ёстой. Одоо Миний хэлдэг үг, бодит орчин нөхцөлд нь үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг бөгөөд Би тэдний хэрэгцээ болон тэдний доторх зүйлд нийцүүлэн ажилладаг. Бодитой Бурхан бодитой ажил хийхээр, хүмүүсийн бодит орчин нөхцөл болон хэрэгцээний дагуу ажиллахаар газар дээр ирсэн; Тэрээр бодлогогүй биш. Бурхан үйлдэх үедээ хүмүүсийг албаддаггүй. Жишээлбэл, гэрлэх эсэх чинь чиний хувийн бодит орчин нөхцөлд үндэслэх ёстой; үнэнийг чамд тодорхой хэлсэн бөгөөд Би чамайг хязгаарладаггүй. Зарим хүний гэр бүлийнхэн нь дарамталдаг болохоор гэрлэх хүртлээ Бурханд итгэж чаддаггүй. Иймээс гэрлэлт нь эсрэгээрээ тэдэнд ашигтай байдаг. Бусдынх нь хувьд гэрлэлт ямар ч ашиг тус авчирдаггүй, харин өөрсдөд нь нэгэнтээ байсан зүйлийг үрдэг. Чиний хувьд энэ нь бодит орчин нөхцөл болон хувийн шийдвэрээр чинь тодорхойлогдох ёстой. Би та нарт шаардлага тавих дүрэм журмыг зохиохоор энд байгаа юм биш. “Бурхан бол бодитой; Түүний ажил бодит байдалд болон бидний бодитой орчин нөхцөлд үндэслэдэг” гэж олон хүн байнга хашхирдаг—гэвч үнэндээ юу үүнийг бодит болгодгийг чи мэдэх үү? Хоосон үг бүү хэл! Бурханы ажил жинхэнэ бөгөөд бодит байдалд үндэслэдэг; үүнд хоосон номлол байдаггүй, харин бүхэлдээ чөлөөтэй, бүгд нээлттэй, илэрхий байдаг. Энэ цөөн хэдэн зарчмын онцгой нарийн ширийн нь юу вэ? Бурханы ажлын аль хэсэг ийм байдгийг чи хэлж чадах уу? Чи нарийвчлан ярих ёстой, туршлагаар олж авсан хэд хэдэн төрлийн гэрчлэл чамд байх ёстой, мөн Бурханы ажлын энэ онцлогийн талаар тун тодорхой мэдэх ёстой—чи үүнийг мэдэх ёстой, тэр үед л эдгээр үгийг хэлэх эрхтэй болно. Хэрвээ хэн нэгэн чамаас: “Бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр ямар ажил хийсэн бэ? Яагаад та нар Түүнийг бодитой Бурхан гэж нэрлэдэг юм бэ? ‘Бодитой’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи Түүний бодитой ажлын талаар, энэ нь юуг тусгайлан агуулдаг талаар ярьж өгч чадах уу? Есүс махбод болсон Бурхан байсан ба өнөөдрийн Бурхан ч бас махбод болсон Бурхан, тэгвэл Тэдний хоорондох ялгаа юу вэ? Адил төстэй тал нь юу вэ? Тэд дор бүрнээ ямар ажил хийсэн бэ?” гэж асуувал чи хариулж чадах уу? Энэ нь бүгд гэрчлэл хийхтэй хамаатай! Эдгээр зүйлийн талаар бүү будил. Мөн “Өнөөдрийн Бурханы ажил бодит. Тэр хэзээ ч тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй” гэж хэлдэг зарим хүн бий. Тэр үнэхээр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй юү? Чи итгэлтэй байна уу? Миний ажил үнэндээ юу болохыг чи мэдэх үү? Тэрээр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй гэж хүн хэлж магадгүй, гэхдээ Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд гайхамшиг биш гэж үү? Тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй гэж хэлж магадгүй, гэхдээ энэ нь яаж тайлбарлахаас, мөн хэнд хандан хэлэхээс хамаардаг. Чуулган руу явалгүйгээр Тэр хүмүүсийн байр байдлыг илчилсэн ба үг хэлэхээс өөр ямар ч ажил хийлгүйгээр хүмүүсийг зоригжуулсан—энэ нь гайхамшиг биш гэж үү? Гагцхүү үгээр Тэр хүмүүсийг байлдан дагуулсан бөгөөд хүмүүс хэтийн ирээдүй юм уу итгэл найдваргүйгээр баяртайяа дагадаг—энэ нь ч бас гайхамшиг биш гэж үү? Түүнийг ярих үед үг нь хүмүүсийн сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Тэдэнд баяр хөөртэй санагдахгүй бол уйтгартай санагддаг; тэд цэвэршүүлэлтэд өртөөгүй бол гэсгээлтэд өртдөг. Тэрээр ердөө цөөн хэдэн хурц үгээр хүмүүст гэсгээлт авчирдаг—энэ нь ер бусын биш гэж үү? Хүмүүс ийм юм хийж чадах уу? Чи энэ олон жил Библи уншсан боловч юу ч ойлгоогүй, ямар ч мэдлэг ухаан олж аваагүй; өөрийгөө тэрхүү хоцрогдсон, уламжлалт итгэлийн арга барилаас ангижруулж чадаагүй. Мөн Библийн учрыг олох аргагүй байдаг. Гэвч Тэр Библийг бүрэн ойлгож чадна—энэ нь ер бусын зүйл биш гэж үү? Хэрвээ Бурханыг газар дээр ирэх үед Түүнд ямар ч ер бусын зүйл байгаагүй бол та нарыг байлдан дагуулж чадах байсан уу? Түүний ер бусын, бурханлаг ажил байгаагүй бол та нарын дундаас хэн үнэмших юм бэ? Чиний нүдэнд хэвийн хүн ажиллаж, та нартай хамт амьдарч байгаа мэт харагддаг—гаднаа Тэр жирийн, хэвийн хүн гэж харагддаг; чи хэвийн хүн чанарын гадаад талыг л хардаг боловч үнэн хэрэгтээ бурханлаг чанар ажиллаж байдаг. Энэ нь хэвийн хүн чанар бус, харин бурханлаг чанар; Бурхан Өөрөө хэвийн хүн чанарыг ашиглан ажиллаж байгаа. Тиймээс Түүний ажил хэвийн байхын сацуу ер бусын байдаг. Түүний хийдэг ажлыг хүн хийж чадахгүй; хэвийн хүмүүс хийж чадахгүй тул ер бусын оршихуй үүнийг хийдэг. Гэвч хүн чанар бус, бурханлаг чанар ер бусын юм; бурханлаг чанар бол хүн чанараас өөр. Ариун Сүнсний ашигладаг хүн ч бас эгэл жирийн, хэвийн хүн чанартай байдаг, гэхдээ тэр энэхүү ажлыг хийх чадваргүй. Энд ялгаа нь оршдог. Чи: “Бурхан бол ер бусын Бурхан биш; Тэр ямар ч ер бусын зүйл хийдэггүй. Бидний Бурхан бодитой агаад жинхэнэ үг хэлдэг. Жинхэнэ, бодитой ажил хийхийн тулд чуулганд ирдэг. Тэрээр өдөр бүр бидэнтэй нүүр тулан ярьж, бидний байр байдлыг зааж хэлдэг—бидний Бурхан үнэхээр бодит! Тэр бидэнтэй хамт амьдардаг, Түүний бүх зүйл тун хэвийн. Харагдах байдлаас нь Бурхан гэж ялгах аргагүй. Түүнд уурлах үе ч байдаг бөгөөд бид уур хилэнгийнх нь сүр жавхланг хардаг, заримдаа Түүнийг инээмсэглэх үед бид инээмсэглэж буй байдлыг нь ажигладаг. Тэр бол хэлбэр галбиртай, мах цуснаас бүтсэн, бодитой агаад жинхэнэ Бурхан Өөрөө мөн” гэж хэлж магад. Чи ийм маягаар гэрчлэл хийвэл энэ нь бүрэн гүйцэд бус гэрчлэл юм. Энэ нь бусдад яаж тус нэмэр болох юм бэ? Хэрвээ чи Бурханы Өөрийн ажлын дотоод түүх болон мөн чанарыг гэрчилж чадахгүй бол чиний “гэрчлэлийг” гэрчлэл гэж нэрлэхэд зохисгүй!

Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай мэдлэгээ ярих явдал; Тэрээр үнэний бодит байдалд ороход нь хүмүүсийг хэрхэн замчилж, тэдэнд Түүгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулж, аврагдах боломжийг хэрхэн олгодог тухай мэдлэгээ ярих явдал юм. Гэрчлэл хийнэ гэдэг нь Түүний ажлын тухай болон өөрийн туулсан бүхний тухай ярина гэсэн үг юм. Зөвхөн Түүний ажил л Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд Түүний ажил л Түүнийг бүхэлд нь ил тод илчилж чадна; Түүний ажил Түүнд гэрчлэл хийдэг бөгөөд Түүний айлдваруудын хамтаар Сүнсийг шууд төлөөлдөг; Түүний хийдэг ажлыг Сүнс хийдэг ба Түүний хэлдэг үгийг Сүнс хэлдэг. Эдгээр зүйл нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг ч үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд Түүний мөн чанарыг төлөөлдөг. Хэрвээ Өөрийгөө махбодоор хувцаслаж, хүмүүсийн дунд ирснийхээ дараа Бурхан үг хэлж, эсвэл ажиллаагүй бөгөөд Өөрийнх нь бодит, хэвийн байдал болон бүхнийг чадагч байдлыг мэдэхийг та нараас шаардсан бол чи чадах байсан уу? Чи Сүнсний мөн чанар юу болохыг мэдэж чадах байсан уу? Түүний махбодын онцлог шинж юу болохыг мэдэж чадах байсан уу? Та нар Түүний ажлын алхам бүрийг туулсан учраас л Тэр та нараас Өөрт нь гэрчлэл хийхийг шаарддаг. Хэрвээ та нарт тийм туршлага байхгүй байсан бол Тэр гэрчлэл хийлгэх гэж зүтгэхгүй байсан билээ. Тиймээс Бурханд гэрчлэл хийх үедээ чи Түүний хэвийн хүн чанарын гадаад байдлыг гэрчлээд зогсохгүй, бас Түүний хийдэг ажил, удирдан чиглүүлдэг замыг гэрчилж байгаа; мөн Түүгээр хэрхэн байлдан дагуулагдснаа болон ямар талуудад төгс болгуулснаа гэрчлэх ёстой. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл юм. Хэрвээ чи хаашаа ч явсан: “Бидний Бурхан ажиллахаар ирсэн, Түүний ажил үнэхээр бодитой! Тэр ямар ч ер бусын үйлсгүйгээр, ямар ч тэмдэг гайхамшиггүйгээр биднийг олж авсан!” гэж хашхирдаг бол бусад хүмүүс: “Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр чамайг байлдан дагуулж яаж чадах юм бэ?” гэж асууна. Тэгэхэд чи: “Тэрээр үг хэлдэг ба ямар ч тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр биднийг байлдан дагуулсан. Түүний ажил биднийг байлдан дагуулсан” гэх болно. Эцэст нь, хэрвээ чи бодитой юм хэлж чадахгүй, дэлгэрэнгүй ярьж чадахгүй бол энэ нь жинхэнэ гэрчлэл мөн гэж үү? Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үед Түүний бурханлаг үг үүнийг хийдэг. Хүн чанар үүнийг гүйцэтгэж чадахгүй; энэ нь зүгээр нэг жирийн хүний хүрч чадах зүйл биш бөгөөд хэвийн хүмүүсийн дундах хэв чанар сайтай хүмүүс ч үүнийг хийж чадахгүй, учир нь Түүний бурханлаг чанар ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс илүү өндөр билээ. Хүмүүсийн хувьд энэ нь ер бусын юм; эцсийн эцэст Бүтээгч бол ямар ч бүтээгдсэн зүйлээс илүү өндөр. Бүтээгдсэн зүйлс Бүтээгчээс илүү өндөр байж чадахгүй; хэрвээ чи Түүнээс илүү өндөр байсан бол Тэр чамайг байлдан дагуулж чадахгүй байх байсан бөгөөд Тэр чамаас өндөр учраас л чамайг байлдан дагуулж чадна. Бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадах Нэгэн бол Бүтээгч бөгөөд гагцхүү Тэр л энэ ажлыг хийж чадна. Эдгээр үг бол “гэрчлэл”—чиний хийх учиртай гэрчлэл юм. Чи алхам алхмаар гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт, шалгалт, бүтэлгүйтэл, гай зовлон туулж, байлдан дагуулагдсан; мөн махан биеийн хэтийн ирээдүй, хувийн сэдэл болон махан биеийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Өөрөөр хэлбэл, Бурханы үг чиний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан. Хэдийгээр чиний амь Түүний шаарддаг шиг их өсөөгүй ч чи энэ бүх зүйлийг мэддэг ба Түүний хийдэг зүйлд бүрэн үнэмшсэн. Тиймээс үүнийг жинхэнэ, бодитой гэрчлэл гэж нэрлэж болох юм. Бурханы хийхээр ирсэн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг байлдан дагуулах зорилготой байдаг боловч Тэр бас Өөрийн ажлыг дуусгаж, эрин үеийг төгсгөж, төгсгөлийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүхий л эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн гэтэлгэж байгаа; Тэрээр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн олж авч байгаа. Чи энэ бүхнийг гэрчлэх ёстой. Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан, үүнийг нүдээрээ харж, биечлэн туулсан; бүр эцэст нь хүрэх үедээ чи өөрт оногдсон чиг үүргийг биелүүлэх чадваргүй байж болохгүй. Тэгэх нь хэчнээн харамсалтай байх билээ! Ирээдүйд сайн мэдээ түгэх үед чи хувийн мэдлэгийнхээ талаар ярьж, зүрх сэтгэлдээ олж авсан бүхнээ чадлынхаа хэрээр гэрчилж чаддаг байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл юм. Бурханы ажлын энэ үе шатны бодит ач холбогдол юу вэ? Үр нөлөө нь юу вэ? Үүнээс хэр их нь хүнд хийгддэг вэ? Хүмүүс юу хийх ёстой вэ? Та нар бие махбодтой болсон Бурханы газар дээр ирснээсээ хойш хийсэн бүх ажлыг тодорхой ярих үед гэрчлэл чинь бүрэн гүйцэд болно. Чи Түүний ажлын ач холбогдол, агуулга, мөн чанар, төлөөлдөг зан чанар болон зарчмууд гэсэн энэ таван зүйлийн талаар тодорхой ярьж чадвал Бурханд гэрчлэл хийх чадвартай бөгөөд үнэхээр мэдлэгтэй гэдгийг чинь энэ нь батална. Та нарт тавих Миний шаардлага тийм ч өндөр биш бөгөөд үнэхээр эрж хайдаг бүх хүн хүрэх боломжтой. Хэрвээ чи Бурханыг гэрчлэгчдийн нэг байхаар шийдвэл Бурхан юуг үзэн ядаж, юуг хайрладгийг ойлгох ёстой. Чи Түүний ажлын ихээхнийг туулсан; энэ ажлаар дамжуулан Түүний зан чанарыг мэдэж авч, Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагыг ойлгоод, энэ мэдлэгээ ашиглан Түүнийг гэрчилж, үүргээ биелүүлэх ёстой. Чи: “Бид Бурханыг мэднэ. Түүний шүүлт, гэсгээлт маш хатуу. Түүний үг маш ширүүн; тэдгээр нь зөвт агаад сүр жавхлантай, мөн ямар ч хүн халдашгүй” гэж хэлж л магадгүй ч эцсийн эцэст эдгээр үг хүнийг хангадаг уу? Хүмүүст үзүүлэх үр нөлөө нь юу вэ? Шүүлт, гэсгээлтийн энэ ажил чамд хамгийн их ашиг тустай гэдгийг чи үнэхээр мэдэх үү? Бурханы шүүлт, гэсгээлт нь чиний тэрслүү зан болон завхралыг илчилж байгаа биз дээ? Тэдгээр нь чиний доторх бузар, завхарсан зүйлсийг цэвэрлэж, үлдэн хөөж чадна биз дээ? Шүүлт, гэсгээлт байгаагүй бол чи яах байсан бэ? Сатан чамайг хамгийн гүн гүнзгий завхруулсан гэдгийг чи үнэхээр ухамсарладаг уу? Өнөөдөр та нар эдгээр зүйлээр өөрсдийгөө зэвсэглэж, тэдгээрийг сайн мэддэг байх ёстой.

Өнөө үед Бурханд итгэх итгэл нь та нарын төсөөлдөг итгэл шиг—Бурханы үгийг уншиж, залбирч, дуулж, бүжиглэж, үүргээ биелүүлж, хэвийн хүн чанарын амьдралаар амьдрах нь хангалттай байдаг юм биш. Итгэл бишрэл ийм энгийн байж болох уу? Үр дүн гол нь юм. Аливааг хэр олон арга замаар хийдэг чинь биш, харин яг яаж хамгийн сайн үр дүнд хүрч чадах нь чухал. Чи Бурханы үгийг барьж, зарим мэдлэгээ тайлбарлаж чадаж магадгүй боловч үүнийг доош тавих үедээ хэлэх юмгүй байдаг. Чи зөвхөн хоосон сургаалын бичиг үсэг л ярих чадвартай боловч чамд туршлагын мэдлэг байдаггүйг энэ нь харуулдаг. Өнөөдөр чи гол чухал зүйлийг ухаарч чадахгүй бол нэмэргүй—энэ нь бодит байдалд ороход амин чухал юм! Өөрийгөө ийнхүү дадлагажуулж эхэл: Эхлээд Бурханы үгийг унш; тэдгээрийн доторх сүнслэг нэр томьёог сайн мэдэж ав; тэдгээрийн дотроос гол үзэгдлүүдийг ол; хэрэгжүүлэлттэй холбоотой хэсгүүдийг тодорхойл; энэ бүх элементийг нэг нэгээр нь нэгтгэ; туршлагаараа тэдгээрт ор. Эдгээр нь чиний ухаарах ёстой гол зүйл юм. Бурханы үгийг идэж, уухад хамгийн чухал хэрэгжүүлэлт бол энэ: Бурханы үгийн нэг бүлгийг уншсаныхаа дараа чи үзэгдэлтэй холбоотой гол хэсгүүдийг олж тодорхойлж чаддаг байх ёстой, хэрэгжүүлэлттэй холбоотой гол хэсгүүдийг ч бас олж тодорхойлж чаддаг байх ёстой; үзэгдлүүдийг суурь болгож, хэрэгжүүлэлтийг амьдралынхаа хөтөч болгон ашигла. Энэ бол та нарт хамгийн их дутагддаг зүйл, та нарын хамгийн том бэрхшээл юм; зүрх сэтгэлдээ та нар үүнд анхаарал хандуулах нь ховорхон. Ерөнхийдөө, та нар бүгд залхуу, урам зориггүй, хувийн золиос гаргах дургүй байдалтай байдаг; эсвэл идэвхгүйгээр хүлээж, зарим нь бүр гомдоллодог; тэд Бурханы ажлын зорилго, ач холбогдлыг ойлгодоггүй ба тэдний хувьд үнэнийг эрэлхийлэхэд хэцүү байдаг. Тийм хүмүүс үнэнийг жигшдэг ба эцэстээ таягдан хаягдана. Тэдний дундаас нэг нь ч төгс болгуулж чадахгүй, нэг нь ч амьд үлдэхгүй. Хэрвээ хүмүүст Сатаны нөлөөг эсэргүүцэх багахан шийдвэр байхгүй бол тэд ямар ч найдлагагүй!

Одоо, та нарын эрэл хайгуул үр нөлөөтэй байсан эсэхийг одоогоор юу эзэмшиж байгаад чинь үндэслэн хэмждэг. Та нарын төгсгөлийг тодорхойлоход үүнийг ашигладаг; өөрөөр хэлбэл, гаргасан золиослол, хийсэн зүйлсээр чинь та нарын төгсгөл илчлэгддэг. Та нарын эрэл хайгуул, итгэл болон хийсэн зүйл төгсгөлийг чинь харуулна. Та нарын дунд аль хэдийн аврагдах аргагүй болсон хүмүүс олон бий, учир нь өнөөдөр бол хүмүүсийн төгсгөлийг илчлэх цаг үе бөгөөд Би ажлаа будилуу байдлаар хийхгүй; аврагдаж ер чадахгүй хүмүүсийг дараагийн эрин үе рүү хөтлөхгүй. Миний ажил дуусах цаг ирнэ. Би огтхон ч аврагдаж чадахгүй тэр өмхий, сүнсгүй цогцоснууд дээр ажиллахгүй; одоо үе бол хүнийг аврах эцсийн өдрүүд бөгөөд Би хэрэггүй ажил хийхгүй. Тэнгэр, газрыг бүү загна—дэлхий ертөнцийн төгсгөл ирж байна. Энэ бол зайлшгүй. Юмс иймдээ тулсан ба хүн болохын хувьд чи тэдгээрийг зогсоох юу ч хийж чадахгүй; чи аливааг хүссэнээрээ өөрчилж чадахгүй. Өчигдөр чи үнэнийг эрэлхийлэхдээ төлөөс төлөөгүй бөгөөд үнэнч бус байсан; өнөөдөр цаг нь ирсэн, чи аврагдахын аргагүй; маргааш чи таягдан хаягдах бөгөөд чиний хувьд аврагдах ямар ч боломжгүй. Хэдийгээр Миний зүрх сэтгэл эелдэг зөөлөн бөгөөд чамайг аврахын тулд Би чадах бүхнээ хийж байгаа ч хэрвээ чи өөрийнхөө өмнөөс чармайж, өөрийгөө огт бодохгүй бол энэ нь Надад ямар хамаатай юм бэ? Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эзэмшлийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах зориг зүрхтэй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нарт өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно. Авралын ажлын үеэр Би бүх хүнд эелдэг зөөлөн, сайн ханддаг. Ажил дуусах үед өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх бөгөөд тэр үед Би эелдэг зөөлөн, сайн байхаа болино, учир нь хүмүүсийн төгсгөл илчлэгдэж, бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Мөн авралын эрин үе өнгөрөн одсон байх ба нэгэнт өнгөрсөн зүйл эргэн ирэхгүй учраас авралын ажлыг цаашид хийх ямар ч хэрэггүй байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих