Хэрэгжүүлэлт (7) (Нэгдүгээр хэсэг)

Та нарын хүн чанар хэтэрхий дутуу дулимаг, амьдралын хэв маяг чинь хэтэрхий дорд, доройтмол бөгөөд та нар ямар ч хүн чанаргүй, мэдлэг ухаанаар дутмаг. Тийм учрааас хэвийн хүн чанарын зүйлсээр өөрсдийгөө зэвсэглэх хэрэгтэй. Мөс чанар, эрүүл ухаан, мэдлэг ухаантай байх; аливааг яаж ярьж, хэрхэн харахаа мэдэх; цэвэр байдалд анхаарал хандуулах; хэвийн хүн шиг үйлдэх—энэ нь бүгд хэвийн хүн чанарын мэдлэгийн онцлог юм. Эдгээр зүйл дээр зүй зохистой авирлах үед та нарыг боломжийн хүн чанартай гэж тооцдог. Та нар бас сүнслэг амьдралын төлөө өөрсдийгөө зэвсэглэх ёстой. Газар дээрх Бурханы ажлыг бүхэлд нь мэдэж, Түүний үгийг туулах ёстой. Түүний зохицуулалтыг хэрхэн дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн биелүүлэхээ мэдэх ёстой. Эдгээр нь өнөөдөр чиний орох ёстой хоёр тал буюу хүн чанартай амьдралын төлөө өөрийгөө зэвсэглэх, сүнслэг амьдралын төлөө хэрэгжүүлэх явдал бөгөөд хоёулаа зайлшгүй шаардлагатай.

Зарим хүн утгагүй бөгөөд өөрсдийгөө хүн чанарын онцлогоор зэвсэглэхээ л мэддэг. Тэдний гадаад төрхөөс ямар ч өө олох аргагүй; хэлдэг зүйл, ярьж байгаа байдал нь зохистой байдаг ба хувцаслалт нь дэгжин, зүй зохистой байдаг. Гэхдээ тэд дотроо хоосон байдаг; гаднаа л хэвийн хүн чанар эзэмшсэн мэт санагддаг. Юу идэх, юу өмсөх, юу хэлэхдээ л анхаардаг зарим хүн бий. Бүр шал шүүрдэх, ор засах, цэвэрлэгээ хийх зэрэг зүйлд онцгойлон анхаардаг хүмүүс ч байдаг. Тэд энэ бүх зүйлд сайн дадсан байж болох боловч Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаарх, эсвэл шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, шалгалтын талаарх мэдлэгийнхээ тухай ярихыг хүсэх үед чинь өчүүхэн төдий ч туршлага харуулахгүй байж магадгүй. Чи тэднээс ингэж асууж болох юм: “Бурханы газар дээрх үндсэн ажлыг чи ойлгодог уу? Өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы ажил Есүсийн ажлаас юугаараа ялгаатай вэ? Еховагийн ажлаас юугаараа ялгаатай вэ? Тэд нэг Бурхан мөн үү? Тэр энэ эрин үеийг төгсгөхөөр ирсэн үү, эсвэл хүн төрөлхтнийг аврахаар ирсэн үү?” Гэвч ийм хүмүүст эдгээр асуудлын талаар хэлэх зүйл юу ч байдаггүй. Зарим нь гагцхүү гаднаа сайхан гоёдог: Эгч нар өөрсдийгөө цэцэг мэт хөөрхнөөр гоёж гооддог ба ах нар ханхүү юм уу залуухан баян дэгжин эр шиг хувцасладаг. Тэд өөрсдийн иддэг, өмсдөг зүйлс гэх мэт гадаад талын зүйлсийг л анхаардаг; дотроо ядуу зүдүү байдаг ба Бурханы талаар өчүүхэн ч мэддэггүй. Үүнд ямар утга учир байх юм бэ? Мөн ядуу гуйлгачин шиг хувцасладаг зарим хүн байдаг ба Зүүн Азийн боолуудтай үнэхээр адилхан харагддаг! Та нараас Миний шаарддаг зүйлийг та нар үнэхээр ойлгодоггүй гэж үү? Өөр хоорондоо ярилцацгаа: Та нар үнэндээ юу олж авсан бэ? Та нар ийм олон жил Бурханд итгэсэн ч хураасан бүхэн чинь энэ—санаа зовохгүй байна уу? Ичихгүй байна уу? Та нар энэ олон жилд үнэн замыг эрэлхийлсээр ирсэн ч өнөөдөр биеийн хэмжээ чинь бор шувууныхаас ч жаахан хэвээр байдаг! Та нарын дундах, хувцаслалт, будаг шунхаараа зураг шиг хөөрхөн бүсгүйчүүд өөрсдийгөө нэг нэгэнтэйгээ харьцуулж байгааг хар—та нар юу харьцуулдаг юм бэ? Зугаа цэнгэлээ юу? Шаардлагуудаа юу? Намайг загвар өмсөгчдийг элсүүлэхээр ирсэн гэж та нар бодож байна уу? Ямар ичгүүр сонжуургүй юм бэ! Та нарын амь хаана байна вэ? Эрэлхийлдэг зүйл чинь та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл биш гэж үү? Чи өөрийгөө маш үзэсгэлэнтэй гэж боддог, гэхдээ чи гоё сайхан хувцасладаг байж болох ч үнэн хэрэгтээ овоолсон өтөг баасан дунд төрсөн мурилзсан өт биш гэж үү? Өнөөдөр энэ тэнгэрлэг ерөөлийг эдлэх хувьтай байгаа чинь хөөрхөн царайнаас чинь болоогүй, харин Бурхан чамайг онцгойлон өргөснөөс болж байгаа юм. Чи хаанаас ирсэн тухайгаа одоо ч тодорхой мэдэхгүй байна уу? Амийн талаар дурдангуут чи амаа хамхиад, юу ч хэлэлгүй, хөшөө шиг чимээгүй байдаг ч гоёж гоодох зориг зүрхтэй хэвээр байдаг! Нүүрэндээ оо энгэсэг түрхэх сонирхолтой хэвээр л байдаг! Бас өөрсдийнхөө дундах дэгжин залуусыг буюу нүүрэндээ хайхрамжгүй илэрхийлэл гарган дэггүйтэж, зорилгогүй хэсүүчлэн бүхэл өдрийг өнгөрүүлдэг дур зоргоороо эрсийг хар. Хүн ингэж авирлах ёстой юм уу? Та нарын дундах хүн нэг бүр, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрсдийнхөө анхаарлыг бүхий л өдөржингөө юунд зориулдаг вэ? Та нар хэнд найдаж амь зуудгаа мэдэх үү? Өөрийнхөө хувцсыг хар, гартаа юу олж авснаа хар, гэдсээ ил—энэ олон жилийн турш итгэхдээ төлсөн хөлс, цусныхаа төлөөсөнд чи ямар ашиг тус хүртсэн бэ? Чи дурсгалт газруудыг үзэх талаар бодсоор байдаг, өмхий биеэ гоёх тухай бодсоор байдаг—үнэ цэнгүй эрэл хайгуул! Чамаас хэвийн хүн бай гэж шаарддаг атал өнөөдөр чи хэвийн бус байгаад зогсохгүй гажуудсан байдаг. Ийм хүн яаж Миний өмнө ирэх зориг зүрхтэй байж чадах юм бэ? Ийм хүн чанартайгаар сэтгэл татам байдлаа харуулж, махан биеэ гайхуулж, үргэлж махан биеийн шунал тачаал дотор амьдарч байгаа чи бузар чөтгөр болон муу ёрын сүнсний үр удам биш гэж үү? Тийм бузар чөтгөрт удаан оршин тогтнохыг Би зөвшөөрөхгүй! Зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь Намайг мэдэхгүй гэж бүү бод. Чи шунал тачаал болон махан биеэ хатуу чанд хазаарлаж болох боловч зүрх сэтгэлдээ өвөрлөдөг бодлыг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Нүдээрээ хүсэмжилдэг бүхнийг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Залуу бүсгүйчүүд та нар махан биеэ харуулахын тулд өөрсдийгөө тун хөөрхөн болгодог бус уу? Та нарын хувьд эрэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд та нарыг зовлон шаналлын далайгаас үнэхээр аварч чадна гэж үү? Та нарын дундах дэгжин залуус бүгд өөрсдийгөө боловсон, гоё ганган харагдуулахаар хувцасладаг боловч энэ нь “хээнцэр” зүс царайдаа анхаарал татах зорилготой башир заль бус уу? Та нар хэний төлөө үүнийг хийж байгаа юм бэ? Та нарын хувьд эмэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд нүглийн чинь эх сурвалж биш гэж үү? Эрчүүд, эмэгтэйчүүд та нарт Би олон үг хэлсэн атал та нар цөөхнийг нь л мөрддөг. Тэгээд чих чинь хатуурч, хараа чинь муудаад, биед чинь шунал тачаалаас өөр юу ч байхгүй болох хүртлээ зүрх сэтгэл чинь цэвдэг болсон, ийм болохоор та нар зугтаж чадалгүйгээр, үүнд урхидуулсан. Бузар буртаг, хөө тортог дотор мурилздаг өтнүүд та нарт хэн ойртон очихыг хүсэх юм бэ? Та нар бол овоолсон өтөг баасан дотроос Миний өргөсөн хүмүүсээс цаашгүй бөгөөд анхнаасаа та нарт хэвийн хүн чанар байгаагүй гэдгийг бүү март. Та нараас Миний шаарддаг зүйл бол анхнаасаа та нарт байгаагүй хэвийн хүн чанар болохоос, шунал тачаалаа харуулж, маш олон жилийн турш диаволын сургасан илжирсэн махан биеэ дураар нь тавих явдал биш. Та нар ингэж хувцаслах үедээ бүр илүү гүн урхидуулна гэдгээс айхгүй байна уу? Та нар анхнаасаа нүгэлтэй гэдгээ мэдэхгүй гэж үү? Бие чинь шунал тачаалаар маш их дүүрсэн болохоор энэ нь бүр хувцаснаас чинь нэвчин гарч, тэвчихийн аргагүй муухай, бузар чөтгөр шиг байдлыг чинь илчилдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Үүнийг та нар хэнээс ч илүү тодорхой мэддэг биш гэж үү? Та нарын зүрх сэтгэл, нүд, уруул бүгд бузар чөтгөрөөр бузарлагдсан бус уу? Энэ хэсгүүд чинь бузар биш гэж үү? Ямар нэг юм хийхгүй байгаа цагт хамгийн ариун нь гэж чи өөрийгөө боддог уу? Сайхан хувцаслах нь та нарын сувдаг сэтгэлийг нууж чадна гэж боддог уу? Тэгэх боломжгүй! Би та нарт илүү бодитой байхыг зөвлөж байна: Заль мэхтэй, хуурмаг бүү бай, өөрсдийгөө бүү гайхуул. Та нар шунал тачаалаа нэг нэгэндээ гайхуулдаг боловч хариуд нь хүртэх бүхэн чинь үүрд мөнхийн зовлон, өршөөлгүй цээрлүүлэлт юм! Нэг нэгэнтэйгээ аальгүйтэж, дурлалцах та нарт ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь та нарын ёс жудаг уу, шулуун шударга зангийн чинь хэр хэмжээ юү? Та нарын дунд байгаа хар дом, хар шидэд оролцдог хүмүүсийг Би үзэн яддаг; та нарын дундах махан биеэ хайрладаг залуусыг үзэн яддаг. Та нар биеэ барьсан нь дээр, учир нь одоо Би чамаас хэвийн хүн чанартай байхыг, шунал тачаалаа харуулахгүй байхыг шаарддаг—гэсэн ч махан бие чинь хэтэрхий элбэг, шунал тачаал чинь дэндүү их учраас та нар ашиглаж болох боломж бүрийг ашигладаг!

Гаднаа хүн чанарын амьдрал чинь нэлээд цэгцтэй байдаг боловч амийн талаарх мэдлэгээ ярихыг хүсэх үед чамд хэлэх юм юу ч байдаггүй; энэ тухайд бол чи үгээгүй хоосон юм. Чи өөрийгөө үнэнээр зэвсэглэх ёстой! Хүн чанарын амьдрал чинь илүү дээрдсэн тул доторх амь чинь ч бас өөрчлөгдөх ёстой; өөрийнхөө бодлыг, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлыг өөрчил, мөн доторх мэдлэг болон сэтгэлгээгээ, өөрийн үзэл доторх Бурханы талаарх мэдлэгийг өөрчил. Харьцалт, илчлэл, хангалтаар дамжуулан өөрийнхөө талаарх, хүний амьдрал, Бурханд итгэх итгэлийн талаарх мэдлэгээ аажмаар өөрчил; өөрийнхөө ойлголтыг цэвэр байлга. Ийм маягаар хүний доторх бодол өөрчлөгдөж, аливааг харах байдал болон сэтгэл санааны байдал нь өөрчлөгддөг. Үүнийг л амь зан чанарын өөрчлөлт гэж болно. Бүхэл өдөржингөө Бурханы үгийн номыг унших юм уу угаалга, цэвэрлэгээ хийж өнгөрүүлэхийг чамаас шаардаагүй. Хэвийн хүн чанарын амьдрал угаасаа тэсэж болмоор байх ёстой, гадаад талын хэрэг явдлыг зохицуулах үедээ ядаж л бага зэрэг мэдлэг ухаан, эрүүл ухаанаа ашиглах ёстой; гэвч хамгийн чухал зүйл бол амийн үнэнээр зэвсэглэсэн байх явдал юм. Өөрийгөө амиар зэвсэглэх үедээ чи Бурханы үгийг идэж, уухад анхаарах ёстой, мөн Бурханы талаарх мэдлэг, хүний амьдралын талаарх үзэл бодол, ялангуяа эцсийн өдрүүдэд Бурханы хийсэн ажлын талаарх мэдлэгээ ярьж чаддаг байх ёстой. Чи амийг эрэлхийлдэг тул өөрийгөө эдгээр зүйлээр зэвсэглэх ёстой. Бурханы үгийг идэж, уух үедээ өөрийнхөө бодит байр байдлыг тэдгээртэй харьцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бодит туршлагынхаа явцад өөрийнхөө дутагдлыг олж илрүүлэх үедээ чи хэрэгжүүлэх замыг олж, буруу сэдэл болон үзлээ орхих чадвартай байх ёстой. Энэ тухайд чи үргэлж чармайж, эдгээрийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаг бол дагах замтай байх бөгөөд чамд хоосон санагдахгүй, тийнхүү чи хэвийн байдлаа хадгалж чадна. Тэр үед л чи өөрийнхөө аминд ачаа үүрдэг, итгэлтэй нэгэн байх болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа зарим хүн яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд хамгийн чухал зүйлийг ухаарч чаддаггүйгээс болдог бус уу? Тэд амийг ноцтой авч үздэггүйгээс болдог бус уу? Тэд гол чухал зүйлсийг ухаарч чаддаггүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдгийн шалтгаан нь Бурханы үгийг унших үедээ тэдгээрийг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүйгээс, мөн өөрсдийн байр байдлыг захирч чаддаггүйгээс болдог. Зарим хүн: “Би Бурханы үгийг уншаад, өөрийнхөө байдалтай харьцуулсан, бас завхарсан, хэв чанар муутай гэдгээ мэддэг ч Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй” гэж хэлдэг. Чи хамгийн өнгөц хэсгийг л харсан; махан биеийн зугаа цэнгэлийг хэрхэн хойш тавих, өөрийгөө зөвтгөдгөө хэрхэн болих, өөрийгөө хэрхэн өөрчлөх, эдгээр зүйлд хэрхэн орох, хэв чанараа хэрхэн сайжруулах, аль талаас эхлэх зэрэг чиний мэддэггүй олон бодит зүйл бий. Чи ердөө цөөн хэдэн өнгөцхөн зүйлийг л ухаардаг бөгөөд үнэхээр их завхарсан гэдгээ л мэддэг. Ах эгч нартайгаа уулзах үедээ чи хэр их завхарсан гэдгээ л ярьдаг ба өөрийгөө мэддэг, өөрийнхөө аминд асар их ачаа үүрсэн мэт санагддаг. Үнэндээ завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэгжүүлэх замыг олоогүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Хэрвээ чи чуулган удирдаж байгаа бол ах эгч нарын байр байдлыг ойлгож, зааж өгч чаддаг байх ёстой. Ердөө “Хүмүүс та нар дуулгаваргүй, хоцрогдмол юм!” гэж хэлбэл болох уу? Үгүй, чи дуулгаваргүй, хоцрогдмол байдал нь яаж илэрч байгааг онцгойлон хэлэх ёстой. Тэдний дуулгаваргүй байдал, дуулгаваргүй зан авир, сатанлаг зан чанарын талаар ярих ёстой бөгөөд өөрийн үгэн дэх үнэнд тэднийг бүрэн үнэмшүүлэхүйц байдлаар эдгээр зүйлийг ярих ёстой. Санаагаа хэлэхийн тулд баримт болон жишээ ашигла, тэрслүү зан авираас яг яаж ангижирч болох талаар тэдэнд хэлж, хэрэгжүүлэх замыг зааж үзүүл—хүмүүсийг ингэж үнэмшүүлдэг. Ингэдэг хүмүүс л бусдыг удирдах чадвартай; тэд л үнэний бодит байдлыг эзэмшдэг.

Нөхөрлөлөөр дамжуулан та нарыг одоо олон үнэнээр хангасан бөгөөд чи тэдгээрийг үнэлэх ёстой. Нийт хэчнээн үнэн байгааг нэгтгэн дүгнэж чаддаг байх ёстой. Хүний эзэмших ёстой хэвийн хүн чанарын хэд хэдэн тал, хүний амь зан чанарын өөрчлөлтийн үндсэн талууд, үзэгдлүүдийн гүнзгийрэл, эрин үеүдийн туршид хүмүүсийн хэрэглэж байсан эндүү ташаа мэдлэг, туршлагыг мэдэж, өөрөө ялган таньж чаддаг болмогцоо л чи зөв замд орно. Шашны хүмүүс Библийг Бурхан мэт шүтдэг; ялангуяа Шинэ Гэрээний Дөрвөн сайн мэдээг Есүсийн дөрвөн өөр нүүр царай мэт үзэж, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын тухай ярьдаг. Энэ бүхэн хамгийн инээдтэй бөгөөд та нар үүнийг нэвт харах ёстой; үүнээс гадна, махбод болсон Бурханы мөн чанар болон эцсийн өдрүүдийн ажлын талаар мэддэг байх ёстой. Түүнчлэн, сүнсэнд амьдрах, Ариун Сүнсээр дүүргэгдэх, юу ч тохиолдсон буулт хийх, эрх мэдэлд захирагдах гэх мэт хэрэгжүүлэлтийн хуучин арга барил, хэрэгжүүлэлттэй холбоотой төөрөгдөл, гажуудлыг чи мэдэж байх ёстой; хүмүүс урьд нь хэрхэн хэрэгжүүлж байсныг болон өнөөдөр хэрхэн хэрэгжүүлэх ёстойг мэдэх хэрэгтэй. Чуулганд удирдагчид болон ажилчид хэрхэн хамтран ажиллах ёстой; өөрийгөө зөвтгөдөг, ихэмсэг зангаа хэрхэн хойш тавих; ах эгч нар бие биетэйгээ хэрхэн хамт амьдрах ёстой; бусад хүмүүс болон Бурхантай хэрхэн хэвийн харилцаа тогтоох; хүний амьдралын хэвийн байдалд хэрхэн хүрэх; сүнслэг амьдралдаа хүмүүс юу эзэмших ёстой; Бурханы үгийг хэрхэн идэж, уух ёстой; Бурханы аль үг мэдлэгтэй холбоотой, аль нь үзэгдэлтэй хамаатай, аль нь хэрэгжүүлэх замтай холбоотой—эдгээрийг бүгдийг нь яриагүй гэж үү? Эдгээр үг нь эрж хайдаг хүмүүст нээлттэй байдаг бөгөөд хэнд ч давуу эрх олгодоггүй. Өнөөдөр та нар хараат байх сэтгэлгээндээ найдалгүй, бие даан амьдрах чадвараа хөгжүүлэх ёстой. Ирээдүйд чамайг залж чиглүүлэх хэн ч байхгүй байх үед чи Миний эдгээр үгийг бодно. Гай зовлонгийн цаг үед, чуулганы амьдралаар амьдрах боломжгүй, ах эгч нар бие биетэйгээ уулзаж чадахгүй, ихэнх нь ганцаараа амьдарч, сайндаа л орон нутгийнхаа хүмүүстэй ярилцаж чаддаг байх үед одоогийн биеийн хэмжээг чинь харгалзан үзвэл та нар ердөө бат зогсож чадахгүй. Гай зовлонгийн дунд бат зогсоход олон хүнд хэцүү байдаг. Амийн замыг мэддэг, хангалттай үнэнээр зэвсэглэсэн хүмүүс л үргэлжлүүлэн ахиц гаргаад, ариусгалт, өөрчлөлтөд аажмаар хүрч чаддаг. Гай зовлон туулах нь амар зүйл биш; хэрвээ чи цөөн хэдэн хоногт л үүнийг туулна гэж боддог бол бодол чинь хэчнээн энгийн болохыг энэ нь нотолдог! Ихээхэн хоосон сургаал ойлгосноор бат зогсож чадна гэж чи боддог ч тийм биш! Хэрвээ чи Бурханы үгэн дэх мөн чанарын зүйлсийг танин мэддэггүй, үнэний гол онцлогийг ухаарч чаддаггүй, хэрэгжүүлэх замгүй бол цаг нь ирж, ямар нэгэн зүйл чамд тохиолдох үед чи будилна. Сатаны уруу таталтыг ч, цэвэршүүлэлтийн эхлэлийг ч тэсвэрлэж чадахгүй. Хэрвээ чамд ямар ч үнэн байхгүй бөгөөд чи үзэгдэлгүй бол цаг нь ирэх үед нуран унахгүй байж чадахгүй. Чи бүх итгэл найдвараа орхиж, “За яахав, би яасан ч үхэх юм бол эцсээ хүртэл гэсгээгдсэн нь бараг дээр! Гэсгээлт ч бай, эсвэл галт нуур руу илгээгдэх ч бай хамаагүй—би юу ч тохиолдсон хүлээн авна!” гэж хэлнэ. Энэ нь үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеийнхтэй адилхан: Зарим хүн өөрсдийгөө, яасан ч үйлчлэл үзүүлэгчид мөн гэж итгэсэн тул амийг эрэлхийлэхээ больсон. Тэд тамхи татаж, архи ууж, махан биеэ өөгшүүлж, юу дуртайгаа хийсэн. Зарим нь зүгээр л дэлхий ертөнц рүү буцсан. Таагүй орчин нөхцөл ч бас ийм байдаг; хэрвээ чи үүнийг даван гарч чадахгүй бол өөрийгөө бага зэрэг зөнд нь орхимогцоо бүх итгэл найдвараа орхино. Хэрвээ чи Сатаны нөлөөллийг даван гарч чадахгүй бол нэг л мэдэхэд Сатанд олзлогдож, дахин нэгэнтээ сүйрэлд автана. Иймээс өнөөдөр чи өөрийгөө үнэнээр зэвсэглэх ёстой; бие даан амьдарч чаддаг байх ёстой; мөн Бурханы үгийг унших үедээ хэрэгжүүлэх замыг хайж чаддаг байх ёстой. Хэрвээ чамайг усалж, хариулах ямар ч удирдагч, эсвэл ажилчин байхгүй бол чи мөн л дагах замтай байж, дутагдлаа олж мэдэн, өөрийгөө зэвсэглэж, хэрэгжүүлэх учиртай үнэнийг олж чаддаг байх ёстой. Газар дээр ирснийхээ дараа Бурхан хүнийг байнга дагалдаж чадах уу? Өөрсдийн үзлээр зарим хүн: “Бурхан минь, хэрвээ Та биднийг тодорхой хэмжээнд боловсруулахгүй бол Таны ажил дууссан гэж тооцогдохгүй, учир нь Сатан Таныг буруутгана” гэж боддог. Би чамд хэлье, Намайг үгээ хэлж дуусмагц Миний ажил амжилттай дууссан байх болно. Надад нэмж хэлэх юм байхгүй болмогц Миний ажил дуусна. Миний ажлын төгсгөл бол Сатаны ялагдлын нотолгоо бөгөөд тийм болохоор Сатаны ямар ч буруушаалтгүйгээр амжилттай гүйцэлдсэн гэж хэлж болно. Гэхдээ Миний ажил дуусах үед та нарт ямар ч өөрчлөлт байхгүй байвал та нар шиг хүмүүс аврагдахын аргагүй байх ба таягдан хаягдана; Би хэрэгтэй байгаагаас илүү ямар ч ажил хийхгүй. Чи тодорхой түвшинд байлдан дагуулагдаж, та нар бүгд үнэний тал бүрийг тодорхой мэддэг болж, хэв чанар чинь сайжирч, гаднаа болон дотроо гэрчлэл хийдэг болтол чинь газар дээрх Миний ажил үргэлжлэх юм биш. Тэгэх боломжгүй! Өнөөдөр та нарт хийдэг Миний ажил та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтлөхийн төлөө байдаг; энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг шинэ эрин үеийн амьдрал руу хөтлөх ажил юм. Энэхүү ажил алхам алхмаар та нарын дунд шууд хийгдэж, өрнөдөг: Би та нартай нүүр тулан зааж сургадаг; гараас чинь хөтөлдөг; та нарын ойлгодоггүй юм бүхнийг хэлж, дутагдаж байгаа бүхнийг чинь та нарт хайрладаг. Та нарын хувьд энэ бүх ажил амийн хангалт чинь бөгөөд та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу залж чиглүүлдэг гэж хэлж болно; энэ нь эцсийн өдрүүдэд энэ бүлэг хүмүүсийн амийг тусгайлан хангах зорилготой. Миний хувьд энэ бүх ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлэх учиртай; Сатаны тухайд гэвэл, яг түүнийг ялахын тулд Би махбод болсон. Одоо та нарын дунд Миний хийдэг ажил бол өнөөдрийн хангалт, цагаа олсон аврал боловч энэ хэдэн богинохон жилд Би та нарт бүх үнэн, амийн бүхий л зам, бүр хожмын ажлыг ч хэлнэ; энэ нь ирээдүйд аливааг хэвийн байдлаар туулах боломжийг та нарт олгоход хангалттай байх болно. Миний бүх үг дангаараа та нарт даалгасан зүйл минь юм. Би өөр ямар ч зүйл захидаггүй; өнөөдөр та нарт Миний хэлдэг бүх үг бол та нарт захих Миний захиас, учир нь өнөөдөр та нар Миний хэлсэн ихэнх үгийг туулаагүй бөгөөд эдгээр үгийн гүн гүнзгий утга учрыг ойлгодоггүй. Нэг л өдөр та нарын туршлага өнөөдөр Миний ярьж байгаачлан биелэх болно. Эдгээр үг нь та нарын өнөөдрийн үзэгдэл, хожим тулж түших зүйл, өнөөдрийн амийн хангалт, ирээдүйн захиас бөгөөд өөр илүү дээр захиас гэж байхгүй. Учир нь, газар дээр ажиллах Миний цаг хугацаа, та нар Миний үгийг туулах хугацаа шиг урт биш; Би ердөө ажлаа л гүйцэлдүүлж байгаа, харин та нар амийг эрэлхийлж байгаа ба энэ нь амийн урт удаан аяныг агуулдаг үйл явц юм. Олон зүйлийг туулсныхаа дараа л та нар амийн замыг бүрмөсөн олж авч чадна; тэр үед л та нар өнөөдөр Миний хэлдэг үгийн дотоод утга учрыг нэвт харж чадна. Та нар гартаа Миний үгийг барьж, дор бүрнээ Миний бүх даалгаврыг хүлээн авч, Би та нарт даалгах учиртай бүхнээ даалгаж, хэчнээн их үр нөлөөнд хүрснээс үл хамааран үгийн ажил төгсгөлдөө очих үед Бурханы хүсэл ч бас биелсэн байх болно. Энэ нь чиний төсөөлдөг шигээр чи тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байх ёстой биш; Бурхан чиний үзлийн дагуу үйлддэггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих