Бие махбодтой болохын нууц (1) (Нэгдүгээр хэсэг)

Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм. Хэдийгээр Иохан Эзэний анхдагч байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй; тэр ердөө Ариун Сүнсний ашигладаг хүн байлаа. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэрээр ажлаа эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг авсан, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—заримдаа сул дорой, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнийг баптисм хүртсэний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал, алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан тул Тэрээр үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, ид шид үзүүлж чаддаг байсан бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй байлаа, учир нь Тэр Бурханы Өөрийн өмнөөс шууд ажиллаж байсан билээ; Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр бол Бурхан Өөрөө байсан юм; энэ нь маргаангүй. Иохан бол Ариун Сүнсний ашигладаг хүн байсан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан, эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа эндэл зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсийг төлөөлж байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа мадаг нь ч бас Бурханыг төлөөлж чадсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол байх бус уу? Бусдаар өргөмжлүүлдэг байсан ч гэсэн тухайн хүнийг Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хялбархан зөвшөөрдөггүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, Бурханыг хүссэнээрээ төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь, Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зориулан зам тавих нэгэн болохыг нь ч бас илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил нэлээд хянамгай байв. Есүсийн төлөө зам тавигч байж, Түүнд зориулсан замыг бэлдэхийг л Иоханаас хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс зам тавих ажлыг нь л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр ажил хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд зам тавьсан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжсэн. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс үнэхээр түүний ажлыг дэмжсэн нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэрээр өөр ажил хийж огт чадаагүй, учир нь тэр бол Есүс биш, харин зам тавьсан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрдөг ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед цангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс хэтрээгүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй тул хийсэн ажил нь хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа Ариун Сүнс түүний гэрчлэлийг хадгалахаа больж, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!

Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч бас Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь, Витнес Ли, Ватчман Ни хоёрын ажил нь зам заах явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библийн дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Орон нутгийн чуулганыг сэргээхийн төлөө байсан ч бай, эсвэл барьж байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон ажил буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Өөрсдийнхөө ажлаар тэдний хийсэн зүйл нь, эхэн үеийн ажилдаа Есүсийн дараагийн үеийнхнээсээ шаардсан зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг олж бүр ч чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучин зам хэвээр байсан—ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс шаардах дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, тэр ч бүү хэл эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журмаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг ажлын энэ үе шатыг Бурхан Өөрөө хийж, үг хэлэх ёстой; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орж, Ариун Сүнсний ашигласан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Исаак Абрахамаас төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг засаж, ихээхэн ажил хийсэн боловч тэр Бурхан байгаагүй юм. Харин ч тэр ердөө Есүсийн төлөөх замыг тавьсан учраас эш үзүүлэгчдийн нэг байлаа. Түүний ажил ч бас асар их байсан бөгөөд түүнийг зам тавьсны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн юм. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн, түүний хийсэн ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Иоханыг зам засаж дууссаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлжээ. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүнийг аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэрээр Ариун Сүнснээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил ч бас агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг зассан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосноос болсон уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ. Хүний үзлээр бол, амлалтаар төрж, Сүнснээс төрж, Ариун Сүнсээр дэмжүүлж, шинэ замуудыг нээдэг бүх хүн бол Бурхан юм. Энэ тайлбарын дагуу бол Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид … ч гэсэн мөн л Бурхан байх байв. Энэ нь туйлын инээдтэй зүйл биш гэж үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих