Христийн эхэн үеийн айлдварууд 14-р бүлэг

Одоо цаг үнэхээр давчуу байна. Ариун Сүнс биднийг Бурханы үг рүү хөтлөхийн тулд олон өөр арга ашигладаг. Чи бүх үнэнээр зэвсэглэж, ариун болгуулж, Надтай үнэхээр ойр дотно, холбоотой байх ёстой; чамд сонголт үгүй. Ариун Сүнсний ажилд сэтгэл хөдлөл гэж үгүй бөгөөд чиний ямар хүн болохыг хайхардаггүй. Чи эрж хайж, дагахад бэлэн байгаа цагт—шалтаг тоочиж, өөрийн ашиг, алдагдлын талаар маргалгүй, зөвт байдлыг өлсөж, цанган хайвал чамайг Би гэгээрүүлнэ. Чи хэчнээн мунхаг, тоомжиргүй байх нь хамаагүй, Би тийм зүйлсийг хардаггүй. Эерэг талд хэчнээн шаргуу хөдөлмөрлөж байгааг чинь Би хардаг. Би гэх үзэлтэйгээ зууралдаж, өөрийн бяцхан ертөнцөд эргэлдсээр байвал миний бодлоор чи аюулд оржээ… Өргөгдөх гэж юу вэ? Хаягдах гэж юу гэсэн үг вэ? Өнөөдөр чи Бурханы өмнө хэрхэн амьдрах хэрэгтэй вэ? Надтай чи хэрхэн идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй вэ? Өөрийн үзлийг хаяж, өөрийгөө задлан шинжилж, багаа тайлж, үнэн төрхөө тодорхой харж, өөртөө зэвүүцэж, зөвт байдлыг өлсөж, цанган хайдаг зүрх сэтгэлтэй болж, өөрийнхөө юу ч биш гэдэгт итгэж, өөрийгөө орхиж, аливааг хийдэг бүх аргаа хаяж, Миний өмнө өөрийгөө тайван болгож, илүү их залбирч, Надад чин сэтгэлээсээ найдаж, Намайг хүндэлж, Надад ойртох, Надтай нөхөрлөхөө зогсоохгүй байх нь гол түлхүүр юм. Хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөөрөө байдаг ба Бурханы өмнө байдаггүй.

Ариун Сүнсний одоогийн ажлыг хүмүүс төсөөлөхөд үнэхээр хэцүү бөгөөд энэ нь бүгд бодит байдал руу ордог; бодлогогүй байж үнэхээр болохгүй. Хэрвээ зүрх сэтгэл, оюун ухаан чинь зөв биш бол, чи урагшлах замгүй болно. Эхнээсээ дуусах хүртлээ цаг ямагт сэрэмжтэй байж, цалгардлаас заавал сэргийлэх ёстой. Үргэлж сэрэмжтэй байж, хүлээдэг, Миний өмнө тайван байдаг хүмүүс ерөөлтэй еэ! Намайг байнга зүрх сэтгэлдээ хүндэлдэг, дуу хоолойг минь сайтар чагнахад анхаардаг, үйлдэлд минь анхаарал хандуулж, үгийг минь хэрэгжүүлдэг хүмүүс ерөөлтэй еэ! Хойшлуулах цаг үнэхээр алга байна. Та нарыг бүгдийг нь үер шиг залгихын тулд догшин, цуст амаа ангайн бүх төрлийн тахал тархах болно. Хөвгүүд минь! Цаг нь ирлээ! Тунгаан бодох цаг үлдсэнгүй. Миний хамгаалалтад та нарыг авчрах ганц гарц бол Миний өмнө эргэн ирэх явдал юм. Та нар эрэгтэй хүүхдийнх шиг хүчтэй зан авиртай байх ёстой, сул дорой байж, зүрх алдаж болохгүй; Миний алхамтай хөл нийлүүл, шинэ гэрлээс бүү татгалз, та нарт Миний үгийг яаж идэж уухыг чинь хэлэхэд дуулгавартай байж, зохих ёсоор идэж уух хэрэгтэй. Одоо нэг нэгэнтэйгээ зоргоороо арсалдаж, тэмцэлдэх цаг бас байна гэж үү? Цадталаа идэж, үнэнээр бүрэн зэвсэглээгүй бол дайн хийж чадах уу? Шашныг даван туулахыг хүсвэл үнэнээр бүрэн зэвсэглэсэн байх ёстой. Миний үгийг улам их идэж, уу, илүү их тунгаан бод. Чи Миний үгийг бие даан идэж ууж, Бурхантай ойртсоноор эхлэх ёстой. Үүнийг өөртөө анхааруулга болго! Чи анхаарал хандуулах ёстой! Ухаалаг хүмүүс үнэнийг хурдан сэхээрэх ёстой! Хагацахыг хүсдэггүй бүх зүйлээ хая. Эдгээр зүйл аминд чинь үнэхээр халтай, ямар ч ашиггүй гэдгийг Би чамд дахин хэлье. Би чамайг үйлдэлдээ Надад найдаж чадна гэж итгэж байна, эс тэгвэл өмнө чинь хүлээх цор ганц зам үхлийн зам байх болно, тэгвэл амийн замыг хайхын тулд чи хаачих билээ? Өнгөн талын зүйлстэй зууралдах дуртай зүрх сэтгэлээ тат! Бусад хүнд дуулгаваргүй байдаг зүрх сэтгэлээ тат! Хэрвээ амь чинь төлөвшиж чадалгүй, орхигдвол өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг болох бус уу? Өнөөгийн Ариун Сүнсний ажил чиний төсөөлдөгтэй адилгүй. Хэрвээ чи өөрийн үзлийг хаяж чадахгүй бол их хохирол амсах болно. Хэрвээ энэ ажил хүний үзэлтэй нийцдэг байсан бол чиний хуучин уг чанар, үзэл ил болж чадна гэж үү? Чи өөрийгөө таньж чадна гэж үү? Чи өөрийгөө ямар ч үзэлд баригдаагүй гэж бодсоор байж магадгүй ч, энэ удаад янз бүрийн үзэшгүй чанар чинь тодорхой илрэх болно. Өөрөөсөө анхааралтай ингэж асуу:

Чи Намайг дуулгавартай дагадаг хүн мөн үү?

Чи өөрийгөө хаяж, Намайг дагахыг хүсдэг үү, бас бэлэн үү?

Чи Миний төрхийг цэвэр ариун зүрх сэтгэлээр эрж хайдаг хүн мөн үү?

Чи Надад хэрхэн ойртож, Надтай хэрхэн нөхөрлөхөө мэдэх үү?

Чи Миний өмнө өөрийгөө тайван болгож, Миний хүслийг эрж хайж чадах уу?

Чи Миний илчилдэг үгийг хэрэгжүүлдэг үү?

Чи Миний өмнө хэвийн байдлаа хадгалж чадах уу?

Чи Сатаны зальхай явуулгыг нэвт харж чаддаг уу? Чи тэдгээрийг илчилж зүрхэлдэг үү?

Чи Бурханы ачааг хэрхэн анхаардаг вэ?

Чи Бурханы ачааг анхаардаг хүн мөн үү?

Чи Ариун Сүнсний ажлыг хэрхэн ойлгодог вэ?

Чи Бурханы гэр бүлд хэрхэн уялдаатай үйлчилдэг вэ?

Надад хэрхэн хүчирхэг гэрчлэл хийдэг вэ?

Үнэний төлөө хэрхэн сайн тэмцлээр тэмцдэг вэ?

Эдгээр үнэнийг сайтар тунгаан бодоход чи цаг гаргах ёстой. Тэр өдөр ойртож байгааг нотлох баримт хангалттай байна. Гамшгаас өмнө чи бүрэн төгс болгуулах ёстой—энэ бол үтэр түргэн шийдэх ёстой тун чухал асуудал! Би та нарыг бүрэн төгс болгох хүсэлтэй ч, та нар үнэхээр номхоршгүй мэт байна. Та нарт хичээл зүтгэл байгаа ч, тэрийгээ сайтар ашигладаггүй ба хамгийн чухал зүйлсийг ойлгохын оронд шалихгүй асуудлуудыг л ухаардаг. Эдгээр зүйлийг хэлэлцэх ямар хэрэг байна? Тэгэх нь цагийн гарз биш үү? Би та нарт ингэж нинжин сэтгэлээр ханддаг ч та нар талархахаа мэддэггүй, өөр хоорондоо л тэмцэлддэг, тэгэхээр Миний уйгагүй хичээл зүтгэл бүгд дэмий үрэгдээгүй гэж үү? Хэрвээ энэ маягаараа үргэлжлүүлбэл Би та нарыг ятгахад цаг гаргахгүй! Та нар үнэнийг ухаарахгүй бол Ариун Сүнсний ажлыг та нараас татаж авна гэдгээ хэлчихье! Та нарт дахиж идэх зүйл өгөхгүй, тэгээд та нар хүссэнээрээ итгэж болно. Өөрийн үгийг бүгдийг нь хэллээ, сонсоно уу, байна уу, та нар өөрсдөө мэд. Цаг нь ирэхэд та нар будилж, урагшлах замгүй, үнэний гэрлийг харж чадахгүй байх үедээ Намайг буруутгах уу? Яасан тоомжиргүй юм бэ! Өөртэйгөө салахгүй зууралдаж, тавьж явуулахаас татгалзвал үр дагавар нь ямар байх вэ? Ажил чинь хий хоосон хөдөлмөр болохгүй юу? Гамшиг тохиолдоход хөсөр хаягдвал хэчнээн хөөрхийлөлтэй билээ!

Одоо бол чуулганыг байгуулж байгаа чухал үе. Надтай санаачилгатайгаар хамтран ажиллаж, өөрийгөө Надад үнэн сэтгэлээсээ өргөн барьж, бүхнийг орхиж чадахгүй бол чи гарз хохирол амсана; чи өөр санаа зорилготой байж болох уу? Би та нарыг гэмшиж, шинээр эхлэхийг чинь хүлээж, энэ маягаар өршөөл үзүүлсэн. Гэхдээ цаг хугацаа үүнийг одоо үнэхээр зөвшөөрөхгүй бөгөөд Би том дүр зургийг анхаарч үзэх ёстой. Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгын төлөө, бүх зүйл урагш ахиж, алхаа минь өдөр өдрөөр, цаг цагаар, хором хормоор урагш алхаж байгаа ба хөл нийлүүлж чадаагүй хүмүүс хаягдана. Өдөр бүр шинэ гэрэл гарч, өдөр бүр шинэ үйл хэрэг хийгдэж, өдөр бүр шинэ зүйл тохиолдож байхад гэрлийг харж чаддаггүй хүмүүс бол сохор юм! Дагадаггүй хүмүүс таягдан хаягдах болно…

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих