Бие махбодтой болохын нууц (2) (Эшлэл I)

Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил, гадна байгаа хүмүүст хаалттай байдаг. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн нь ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий их нуугдмал байдаг! Тэдний хувьд Бурхан махбод болсон нь нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэдэг хүмүүст хандаж хэлсэн юм; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч ил болдоггүй. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд, энд одоо хийгдэж байгаа ажил нь чанд хаалттай байдаг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол тэдний хийх бүх юм нь үүнийг яллаж, хавчлага тулгах явдал байдаг. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гаран тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт үргэлжлүүлж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг нээлттэйгээр гүйцэтгэх байсан бол үүнийг хийхийг тэд яаж зөвшөөрөх юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулахгүй гэж үү? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүсийн цаг үе шиг, Тэр гайхамшигтайгаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан үетэй адилаар үргэлжлүүлсэн бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд танхимд орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажлыг яаж үргэлжлүүлэн гүйцэтгэх юм бэ? Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

Махбод болсон Бурхан биечлэн ажлаа хийж байх энэ хугацаандаа Өөрийг нь дагадаг хүмүүсийн нэг хэсэгт л Өөрийгөө харуулдаг ба бүх бүтээлд харуулдаггүй. Тэрээр Өөрийн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон болохоос Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэхийн төлөө байгаагүй. Гэхдээ Өөрийн ажлыг Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай байдаг. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийн Түүний биеийн дүр төрх биш юм, учир нь Бурханы дүр төрхийг зан чанараар нь л дамжуулан үзүүлж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүр төрхөөр сольж болохгүй. Түүний махбодын дүр зураг нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн Иудейчуудад л үзүүлсэн бөгөөд бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүй байсантай адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэр хүмүүсээс даруй холдон явсан бөгөөд үлдээгүй; дараа нь Өөрийгөө хүнд үзүүлсэн Нэгэн нь хүний энэ дүр төрх буюу Тэр байгаагүй, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ үед хүн Түүний махан биеийн дүр төрхийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч үзүүлдэггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал байдаг. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг бөгөөд эрин үедээ тохирсон байдаг; энэ нь Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр төрх бүх хүнд үзэгдэхгүй. Олон нийтэд үзүүлдэг зүйл нь хоёр удаа махбод болох үеийн Түүний дүр төрх биш, харин Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ юм. Энэ нь хүнд үзэгддэг ганц дүр төрх ч биш, мөн нийлүүлсэн хоёр дүр төрх ч биш. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх хэрэгтэй ажлаа дуусгангуутаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэр зөвхөн Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирдгээс биш Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Бие махбодтой болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа махбод болсноор гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Тэр Өөрийгөө ил тод харуулахгүй.

“Бие махбодтой болохын нууц (2)”-оос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент