Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг (Эшлэл III)

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Олон хүмүүс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы тухайд таагүй мэдрэмжтэй байдаг, учир нь хүмүүсийн хувьд, Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд бие махбод болно гэдэгт итгэх нь хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхнийг өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Хэрэв бусад хүмүүс Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байгаа бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Хэрэв бусад хүмүүс үнэний өмнө толгойгоо бөхийлгөж чадаж байвал чи мөн тэгж чадахгүй гэж үү? Бурханы ажилд зогсоохын аргагүй эрч хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлаа дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдсандаа хэмжээлшгүй их харамслаар дүүрэх болно. Чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэрт уг агуу цагаан сэнтий гарч ирж чам дээр шүүлтээ явуулахыг хүлээ! Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно.

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

“Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент