Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм

Бурханд итгэх итгэлдээ хүмүүс бүгд “Бурханд итгэх итгэлийн талаарх бидний үзэл бодол бүгд цэвэр байх ёстой”, “Бид Бурханыг дуулгавартай дагах ёстой”, “Бид Бурханыг хайрлах ёстой”, “Бид үүргээ үнэнчээр биелүүлэх ёстой”, “Бид Бурханы эсрэг тэрслэх ёсгүй”, “Бид өөрсдийгөө ойлгох ёстой” хэмээн хэлж, хоосон сургаалын талаар ярьж чаддаг. Хэдий тэд ихэвчлэн эдгээр зүйлийн талаар ярьсан боловч үүнийгээ ойлгодоггүй. Эдгээр үнэний ар дахь бодит утга учрын талаарх ямар ч бодитой ойлголт байдаггүй. Чи зөвхөн өнгөцхөн үгийг ойлгодог боловч үгийн сүнслэг утга учир эсвэл дотоод агуулгыг ойлгодоггүй. Тиймээс та нарын зүрх сэтгэлд ямар ч үнэн байдаггүй. Та нарт бага зэрэг ойлголт байж болох боловч энэ нь хэтэрхий өнгөц. Зарим нэг туршлагатай, чуулганы ахмад гишүүдийн хувьд тэд зарим энгийн зүйлийн талаар зүрх сэтгэлдээ ойлгодог ч өөрсдийнхөө ойлголтыг илэрхийлж эсвэл хэрэглэж чаддаггүй. Чуулганд шинээр орсон хүмүүсийн хувьд зөвхөн зарим нэг хоосон номлол ярьж, сайн мэдээг тунхаглаж чаддаг боловч үнэнийг огтхон ч ойлгодоггүй. Боловсролтой агаад соёлч боловсон та нар ч бас үнэнийг ойлгодоггүй. Өөрсдийнхөө хоосон сургаалын талаарх ойлголт эсвэл үгчилсэн мэдлэгийг үнэний талаарх ойлголт гэж бүү үз. Бурханд удаан хугацааны туршид итгэсэн, сайн хэв чанартай агаад сүнсийг харьцангуй сайн ойлгодог зарим хүн үнэний талаар бага зэрэг туршлагатай байж болох боловч тэд мөн л үүнийг ойлгодог гэж хэлж чадахгүй. Ойлголтын талаар ярих үедээ чиний хэлдэг арван өгүүлбэрийн магадгүй хоёр нь л жинхэнэ ойлголтыг агуулдаг. Хэлдэг зүйлийн чинь үлдсэн хэсэг нь ягшмал сургаал боловч чи одоо үүнийг хийж чадах юм шиг—хаашаа ч явсан хамаагүй үргэлж хэлэх юмтай байж, хэзээ ч зогсолгүйгээр бүхий л өдөржингөө эсвэл хэдэн өдрийн турш тасралтүй номлож чадах юм шиг чамд санагддаг. Дуусах үедээ чи тэдгээрийг ном болгон эмхэтгэж, хувилж, түгээгээд, хэвлэгдмэгцээ эдгээр үгийг идэж, уух боломжийг хүмүүст олгож, бүгдэд нь ашиг тус авчрах “алдартай хүний намтар” болгохыг хүсдэг. Хүмүүс хамгийн сайндаа л үгчилсэн утгыг ойлгон, үнэнийг огтхон ч ухаарч чаддаггүй. Тэд өөрсдийгөө тодорхой түвшинд зэвсэглэх үед, тэд ухаалаг агаад ой сайтай учраас, байнга Бурханы ажил, бие махбодтой болохын ач холбогдол, бие махбодтой болохын нууц, Бурханы ажлын арга барил, алхмуудын талаар ярьдаг учраас өөрсдөө үнэнийг эзэмшдэг бөгөөд энэ нь тэдэнд элбэг арвин байдаг гэж тэдэнд санагддаг. Энэ нь маш ухаангүй хэрэг! Тэдний нэг нь ч үнэнийг ойлгодоггүй гэдгийг энэ нь батална. Одоо хүмүүс зарим нэг хоосон сургаалыг ойлгодог, тэдэнд ямар нэгэн мэдрэмж байх нь байтугай өөрсдийгөө ч ойлгодоггүй. Зарим хоосон сургаалыг ойлгосноор тэд үнэнийг эзэмшдэг агаад тийм ч шалихгүй биш гэж өөрсдөд нь санагддаг ба тэд: “Би Бурханы үгийг олон удаа уншсан. Зарим үгийг нь би яг таг санаж байгаа, тэдгээрийг зүрх сэтгэлдээ сийлсэн. Би хаашаа ч явсан, хэрвээ ярьж эхлэх юм бол хэдэн өдрөөр ч үргэлжлүүлж чадах ба Бурханы үгийн ямар ч бүлгийн талаар би дэс дараатайгаар, нэгд нэггүй ярьж чадна” гэж бодон бардамнадаг. Үнэн хэрэгтээ, чи юу ч ойлгодоггүй. Яагаад чамайг ойлгодоггүй гэж хэлж байна вэ? Нэг талаар чи асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүй, чи тэдгээрийн эх сурвалжийг олж чаддаггүй, мөн чанарыг нь ч мэддэггүй. Нөгөө талаар асуудал эсвэл хэрэг явдал ямар ч байлаа гэсэн үүний талаарх та нарын мэдлэг хагас дутуу, тодорхой бус байдаг бөгөөд үүнийг үнэнтэй холбож чаддаггүй.

Хүмүүс Бурханд хэрхэн итгэдэг, юуг “итгэл” гэж нэрлэж болох, итгэгч гэж ямар хүн болох, ямар хүн Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаг, “Бурханд итгэх итгэл” гэдэг үгийг хэрхэн тайлбарлах, энэ үнэнийг хэрхэн ойлгох, Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол зөв гэдгийг ямар хандлага харуулдаг, Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол буруу гэдгийг ямар хандлага харуулдаг, хүмүүс Бурханд хэрхэн итгэх ёстой гэх мэт Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл, та нар эдгээр зүйлийг хэзээ нэгэн цагт бодож үзэж байсан уу? Та нар бүгдээрээ үнэний “аваргууд” юм шиг санагддаг. Итгэлийн илэрхийлэл юу болохыг чи бодож үзсэн үү? Чиний өдөр тутмын амьдрал дахь ямар зүйлс итгэлгүй байдлын илэрхийлэл болох, жинхэнэ итгэлийг эзэмшдэг итгэгчид юуг илэрхийлдэг, итгэдэггүй хүмүүс юуг илэрхийлдэг, мөн өдөр тутмын амьдралдаа харилцдаг зүйлээс чинь аль нь Бурханд итгэх итгэлтэй холбоотой, аль нь Бурханд итгэх итгэлтэй ямар ч хамаагүй болох—та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ярьж чадах уу? Чи Бурханд итгэхийн утга учрыг үнэхээр ойлгодог уу? Чи ямар хүнд жинхэнэ итгэл байдгийг эсвэл ямар хүн жинхэнэ итгэгч болохыг ойлгодог уу? Та нар бүтээгдсэн зүйлс Бурханд итгэхийн утга учрыг ойлгодог уу? Энэ нь Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлыг агуулдаг. Зарим хүн: “Бурханд итгэх итгэл нь сайн зүйл бөгөөд энэ нь зөв зам. Бурханд итгэх итгэл нь ямар ч бизнес эсвэл ажил мэргэжлээс илүү дээр. Бурханд итгэх итгэл нь хүний амьдрал дахь хамгийн агуу зүйл.” “Бурханд итгэх зуураа Бурханы төлөө хүлээсэн үүргээ биелүүлэх нь бодитой илэрхийлэл.” “Бурханд итгэх итгэл нь аврагдахын төлөө юм.” “Бурханд итгэх итгэл нь Түүний хүслийг хангалуун байлгахын төлөө юм” гэж хэлдэг. Та нар өмнө нь бүгдээрээ энэ зүйлсийг хэлсэн, үгүй гэж үү? Та нар эдгээр үгийг үнэхээр ойлгодог уу? Үгүй ээ, чи үнэндээ тэдгээрийг ойлгоогүй. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө Түүнд итгэх явдал биш, тэр ч байтугай сайн хүн байх явдал биш. Энэ нь бас хүний дүр төрхтэй байхын тулд Бурханд итгэх явдал ч биш юм. Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө Бурханд итгэх итгэлийг зөвхөн Бурхан байгаа гэдэг итгэл, өөр юу ч биш гэж үзэх ёсгүй; чи ердөө Бурхан бол үнэн, зам, амь тэгээд өөр илүү зүйлгүй гэж итгэх ёсгүй. Мөн энэ нь чи ердөө Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал биш, тэр ч бүү хэл Бурхан бол бүх зүйлийн Захирагч, Бурхан бол төгс хүчит, Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц агаад эрхэм дээд гэдэгт л итгэх явдал биш юм. Энэ нь ердөө энэ баримтанд итгэх явдал биш; харин ч Бурханы хүсэл бол, чи—бүхий л оршихуй, бүхий л зүрх сэтгэл чинь—Бурханд өгөгдөж, Бурханд захирагдах ёстой ба өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, өөрийгөө Бурханаар ашиглуулж, Түүний төлөө үйлчлэхэд бэлэн байж, Бурханы төлөө юуг ч хийх ёстой. Зөвхөн Бурханаар урьдчилан тогтоогдсон, сонгогдсон хүмүүс л Түүнд итгэх ёстой юм биш. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн учраас үнэндээ бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байх ёстой. Энэ нь одоо мөн чанарын асуудлыг хөнддөг. Хэрвээ чи ердөө ямар нэгэн зүйлийг олж авахын төлөө итгэн, Бурханд итгэх итгэл чинь хоёрдугаар зэргийн хэрэг явдал юм шиг байж “Бид мөнхийн амийг олж авахын төлөө Бурханд итгэдэггүй гэж үү? Аврагдахын тулд бид Бурханд итгэдэггүй гэж үү?” хэмээн хэлж, Бурханд итгэх зорилгынхоо талаар үргэлж ярьдаг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн талаар чамд байх ёстой үзэл бодол биш. Үнэн нэг бүрийн тухайд хүмүүс эрж хайж, үнэний дотоод утга учир юу болох, үнэний тэр талыг хэрхэн хэрэгжүүлэх болон үүнд хэрхэн орж болохыг мэдэхээр оролдож, судлан шинжлэх ёстой—эдгээр нь хүмүүсийн эзэмших ёстой зүйл юм. Одоо эзэмших ёстой үнэний бүх талд, та нар зөвхөн өнгөцхөн сургаалыг, гадаад талын харагдах байдлыг л ойлгодог бөгөөд үүнийг мэдрээгүй болохоор чи үнэний мөн чанарыг ойлгодоггүй. Жишээлбэл: өөрийн үүргийг биелүүлэх тал дотор ихээхэн үнэн агуулагддаг, мөн хүн Бурханыг хайрлах тал дотор ихээхэн үнэн агуулагддаг ба өөрсдийгөө мэдэхийн тулд хүмүүс ихээхэн үнэнийг ойлгох учиртай. Бие махбодтой болохын ач холбогдол болон нууцын талаарх ихээхэн үнэнийг бас ойлгох ёстой. Хүмүүс Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой, тэд биеэ хэрхэн авч явах ёстой, Бурханд хэрхэн дуулгавартай байх ёстой, Бурханы хүсэлд нийцэхийн тулд тэд юу хийх ёстой болон Бурханд хэрхэн үйлчлэх ёстой гэх мэт асуудлууд дотор бас ихээхэн үнэн агуулагддаг. Үнэний энэ бүх талын тухай асуултуудыг та нар хэрхэн авч үзэж, мэдэхээр оролддог вэ? Ялангуяа тал нэг бүрийн дотор гүнзгий оршдог үнэн байдаг бөгөөд хүмүүс тэдгээрийг мэдэрч туулах шаардлагатай. Хэрвээ тэдгээрийг мэдрэхгүй, зөвхөн өнгөцхөн үгний талаар л ярьж, тэдгээрийг ойлгож мэдэхгүй эсвэл гүн гүнзгий мэдрэхгүй бол чи үгний өнгөц хэсэгт үүрд амьдрах бөгөөд өөрчлөгдөх чадваргүй байх болно.

Энгийн хүмүүс удирдагчид та нарын тухай саналаа хэлэх үед та нар: “Хм, юу чамайг миний талаар саналаа хэлэх эрхтэй болгож байгаа юм бэ? Чи хэдэн номлол өгч чадах вэ? Чи хэр ихийг ярьж чадах вэ? Чи хэчнээн хүнийг удирдаж чадах вэ? Чи юу хийж чадах юм бэ?” гэж хэлдэг. Та нар өөрсдөө тохирдог юм шиг л байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл та нарт түвэг учрах болно; та нар хэсэг зуур үйлчилж болох боловч дараа нь буруудах болно. Та бүхний тухайд гэвэл, хэрвээ бүс нутаг дахь чуулгануудыг та нарт хүлээлгэн өгч, зургаан сарын турш хэн ч та нарыг харж харгалзахгүй бол та нар замаа алдаж эхэлдэг. Хэрвээ жилийн турш хэн ч харж харгалзахгүй бол чи тэднийг удирдан буруу замаар оруулдаг. Хоёр жил өнгөрсөн ч хэн ч чамайг харж харгалзахгүй бол чи тэр хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирдаг. Яагаад энэ вэ? Та нар энэ асуултыг өмнө нь бодож үзэж байсан уу? Надад хэл дээ, та нар ийм байх уу? Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чамайг хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь ийм маягаар ярихад чинь тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хүмүүсийг хөтлөхдөө хоосон сургаал ярьж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс чиний замыг дагаж, чамаас суралцаж, чамайг дагадаг, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд далайсан газар далд орж, далласан газар минь ил гардаг” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс тусад нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас чадвар, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг—гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ үнэн замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэдэнд хэн нэгний зөвшөөрөл шаардагддаг; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд, тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс Паултай адил төрлийнхөд харьяалагддаг. Яагаад ингэж хэлж байна вэ? Паулын бичсэн захидлууд бараг хоёр мянган жилийн түүхтэй бөгөөд тэдгээр нь бүхий л Нигүүлслийн эрин үед түгсэн. Хүмүүс бүгдээрээ түүний эдгээр үгийг идэж, уусан ба түүний үгийг өөрийнхөө биеийг зовоож, сахилгажуулах, зөвт байдлын эцсийн титмийг хүлээн авах гэх мэтийн хэм хэмжээ болгон авч үзсэн юм. Хүмүүс түүний үг болон түүний сургаалын дагуу Бурханд итгэжээ. Нигүүлслийн эрин үед хүмүүс Бурханы хүслийн хэр ихийг ойлгож байсан бэ? Эцсийн эцэст, тухайн үед Есүсийг дагасан хүмүүс цөөнх байсан бөгөөд Түүнийг мэддэг хүн бүр ч илүү цөөхөн байв—Түүний хэдэн шавь нар хүртэл Түүнийг үнэхээр мэдээгүй юм. Библийн хуудаснууд дотроос хүний хардаг өчүүхэн жаахан гэрэл Бурханы хүслийг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэр ч бүү хэл, жаахан гэгээрэл гэдэг нь Бурханыг ойлгох ойлголт гэсэн үг гэж хэлж ч болохгүй. Хүмүүс биеэ тоосон, их зантай бөгөөд тэд Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Хоосон сургаалын талаарх жаахан ойлголтоороо тэд өөрсдийгөө дэвшүүлж, шашны олон урсгалыг байгуулдаг. Аз болоход, тэр нь Нигүүлслийн эрин үе байсан ба Бурхан хүнд хатуу чанга хандаагүй; Есүсийн нэрийн доорх бүх урсгал, бүлэглэлүүдэд Ариун Сүнс ажиллaж байсан бөгөөд муу ёрын сүнснүүдийн хийсэн ажлаас бусад тохиолдолд бүгдийг нь Ариун Сүнс хийж байсан, иймээс хүмүүсийн ихэнх нь Бурханы нигүүлслийг эдэлсэн юм.

Өмнө нь Бурханд итгэж байхдаа чи өөр хэн нэгнийг дагаж байсан, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй эсэх чинь хамаагүй эцсийн өдрүүдийн ажлын энэ үе шатанд чи Бурханы өмнө ирэх ёстой. Хэрвээ энэ үе шатанд чи, ажлын энэ үе шатыг туулсныхаа үндсэн дээр хэн нэгнийг үргэлжлүүлэн дагавал чамайг уучлахын аргагүй гэж үзэх ба яг Паул шиг төгсөх болно. Би анхнаасаа Паул, Петр хоёрыг үлгэр жишээ болгон ашигласан. Яагаад? Эдгээр нь хоёр өөр зам юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн Петрийн замаар алхдаггүй бол тэд Паулын замаар алхдаг. Ийм хоёрхон зам байдаг. Чи доор байдаг дагагч эсвэл удирдагч байх нь хамаагүй энэ нь бүгд адилхан. Хэрвээ Петрийн замаар яваагүй л бол чи Паулын замаар алхаж байгаа. Энэ нь зайлсхийхийн аргагүй бөгөөд алхах гурав дахь зам гэж байхгүй. Хэрвээ хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханыг мэддэггүй, үнэнийг ойлгохоор эрж хайдаггүй, Бурханыг туйлын дуулгавартай дагаж чаддаггүй бол эцэстээ тэд Паултай адилаар төгсөх учиртай. Хэрвээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаггүй, Бурханы хүслийг ойлгохоор эрж хайдаггүй, харин зөвхөн хоосон сургаалыг ярьж, үүгээр өөрийгөө зэвсэглэхээр эрж хайдаг бол чи зөвхөн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж л чадна, учир нь хүний уг чанар бол Бурханыг эсэргүүцэх билээ. Үнэнтэй нийцдэггүй тэдгээр зүйл хүний хүслээс гарсан нь гарцаагүй. Үнэнтэй нийцдэггүйг нь үл харгалзан тэдгээрийг хэтэрхий муу гэж хүн хэлж чадахгүй. Зарим нь: “Хэдий эдгээр зүйл үнэний дагуу хийгдээгүй боловч Бурханыг эсэргүүцдэг гэж би бодохгүй байна” гэж хэлдэг. Хэрвээ чи үнэнтэй нийцээгүй ямар нэгэн зүйл хийвэл энэ нь Бурханыг эсэргүүцэх нь маргаангүй. Хэрвээ үнэний дагуу хийгдээгүй бол энэ нь хоосон сургаалын дагуу, хүний хүслээр хийгддэг. Энэ нь Сатанаас эсвэл хүний хүслээс гарч ирсэн байх болно. Энэ нь Бурханыг эсэргүүцэх явдал юм. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүс хэдий Бурханд итгэдэг боловч Бурханыг дуулгавартай дагах чадваргүй бөгөөд зөвхөн Түүнийг эсэргүүцэх чадвартай байдаг.

Өмнөх:Хүмүүсийн гүйцэтгэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир

Дараах:Бурханы махбод болон Сүнсний нэгдлийг хэрхэн ойлгох вэ

Танд таалагдаж магадгүй