Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэн

2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).

“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. …” (Иохан 14:6).

“Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ’ гэв” (Иохан 14:9-11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үг:

Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог; махбодоор хийдэг Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал юм. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай эгэл хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажилд үйлчилдэг; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар үйлчлэлээ хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бүхий л бурханлаг ажилтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байдаггүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, ажлаа хийх үед нь Түүний бурханлаг чанар хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгод хүн чанар нь үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин бүрэн бурханлаг чанараар нь хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбодтой болсон Бурхан өөр: Тэр Өөрийн махбодод хүн чанарыг агуулаад зогсохгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн хэвийн амьдрал байлаа. Тэр махан биеийнхээ хэвийн хүн чанараар амьдарсан. Өөрийн ажлыг хийж, үгийг хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь ихэнхдээ үйлчлэлээ эхлэх хүртэл нь харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө л хэвийн махбод байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүнээс болж, бас Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс ямар ч бурханлаг байдлыг Түүнээс олж хараагүй бөгөөд тухайн үед зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, эгэл хүн гэдгээс өөр юу ч хараагүй. Тэр бол жирийн хүний Хүү, Бурханы махбод болсон бие гэж хэлэх ямар ч аргагүй гэж хүмүүс бодсон; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа олон ид шид үзүүлж байхад нь хүртэл ихэнх хүмүүс Түүнийг Иосефын хүү гэсээр байсан, учир нь Тэр бол хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон Түүний ажил хоёулаа анх удаа бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан ба Бурхан махбодод бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг баталсан. Өөрийн ажлыг эхлэхийн өмнө Тэр хэвийн хүн чанартай байсан нь жирийн махбод байсных нь нотолгоо байв; дараа нь Тэр ажилласан нь бас Түүнийг эгэл махбод байсныг баталсан, учир нь Тэр хэвийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан бол Түүний махбод нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан бөгөөд Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба Тэр махбод биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд нь хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарынх нь илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж, Өөрийн эрх мэдлийг яаж ч харуулж байсан бай, Тэр мөн л хэвийн хүн чанараар амьдарч, хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилах хүртлээ Тэр хэвийн махбодод оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн хэвийн махбодоор гүйцэтгэсэн Түүний ажил байв. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран Тэр хэвийн хүний махбодоосоо хэзээ ч салаагүй. Тэр бол Бурханы ажлыг хийж байсан Бурхан Өөрөө байсан, гэсэн ч Тэр Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр хэвийн хүн байсны нотолгоо бөгөөд Бурханы махбод болсон бие нь ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махбод байсныг баталдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махбодоор хэвийн бурханлаг ажлыг явуулахын тулд оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэ махбод хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлж биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Эзэн Есүсийг ажиллаж байх үеэр Бурханд хүн чанарын олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, хуримд оролцож чаддаг, хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас бурханлаг чанарыг нь төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед тэд Түүнийг жирсхийн гарч ирээд явдгийг, мөн Түүнд ойртож чадахгүй гэдгээ цаашид мэдрэхээ больсон. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгох гэж оролдож байв. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүмүүс хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр завхарсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнд л тэр анхаарч, санаа тавьдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг боддог бөгөөд арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чаддаг. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг хэзээ ч Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах явдал бөгөөд Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах явдал бөгөөд Бурханы хүслийн төлөө байдаг юм. Бурхан махбодтой болдог учраас мөн чанараа Өөрийн махбод дотор биежүүлж, улмаар Түүний махбод ажлыг нь даахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон бүх хугацааны турш дахь ажил нь Христийн ажлыг цөмөө болгодог. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбодтой болдог тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодтойгоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх ёстой ажлаа хийж, биелүүлэх ёстой үйлчлэлээ биелүүлдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдлийг эзэмшдэг, гэхдээ Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, нэг нь нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч мөн эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд ямар ч хүн хүрч, төсөөлж чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чаддаг. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн дотоод утга учир нь энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд хүн болоод ч авралын ажлыг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, харилцан зөрчилтэй ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийх ажлын мөн чанар нь адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс болон махбод нь харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан байдаг; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанарыг болон Бурханы Өөрийн ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхны, мөн бүх хайрын илэрхийлэл юм. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй байх юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ бэлэн байж, өөр ямар ч сонголт хийдэггүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байхгүй; шударга бус зангийн ямар ч элемент байхгүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүн Сатанд хорлуулж, нөлөөнд нь автсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр Бурханы л шинж чанартай ба Сатаны ямар ч шинж чанаргүй. Ажил нь хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод нь хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүйгээр бүр ч орхихгүй. Тэрээр махбодын зовлон эдэлсэн ч Эцэг Бурханы хүслийн эсрэг явахгүй; энэ нь яг л Есүс, “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй адил юм. Хүн сонгоно, харин Христ тэгэхгүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Эцэг Бурханы Түүнд даалгасан зүйлийг махбодын өнцгөөс биелүүлдэг. Энэ нь хүний хувьд хүршгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй, харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг л мөн чанартай байдаг. Энэ нь Бурханы хүслийг сайн дураараа дуулгавартай дагах нь бүү хэл, Бурханд ч бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж чаддаг ба хэн ч Бурханы даалгасан ажлыг шууд дааж авч чаддаггүй; нэг нь ч Бурханы удирдлагыг өөрсдийн үүрэг мэт гүйцэтгэж чадахгүй. Эцэг Бурханы хүсэлд захирагдах нь Христийн мөн чанар юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар юм. Энэ хоёр шинж чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэн ч Христ гэж нэрлэгдэж чадахгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн өөрийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйн төлөө Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь махан биетэй хүнийхтэй бүрэн адилгүй. Түүнд Өөрийн гэсэн хосгүй зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал нь хүн чанарынх нь сул талтай холбоотой. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрмөсөн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, чиглүүлж байдаг. Христ хүн чанартай боловч, бурханлаг чанарынх нь ажлыг энэ нь тасалдуулдаггүй. Энэ нь нарийндаа Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар бусдын өмнө биеэ авч явахад төлөвшөөгүй байдаг ч, бурханлаг чанарынх нь хэвийн ажилд энэ нь нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд чиглүүлж болдог, мөн Тэрээр энгийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Түүний хүн чанар ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар бурханлаг чанарын ажлыг илэрхийлэх хамгийн их чадвартай, мөн ийм ажилд захирагдахдаа хамгийн чадмаг юм. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийнх юм. Тэр газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүл бүхий бүтээгдсэн зүйл болж, өмнө нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн юм; Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөх чадвартай. Энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “тэнгэр дэх Бурханыг Христ шүтдэг” гэдэг үг нь буруу биш юм. Тэр хүнээс яг Өөрийн оршихуйг л хүсдэг; хүнээс ийм зүйл хүсэхийнхээ өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө “хууль цаазаас гадуур эрх чөлөөтэй байх” зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн нь Түүний оршихуйг бүрдүүлдэг билээ. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч хүслээ гэсэн, ямар ч шаардлага нь хүний хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг ганц зүйл гэвэл Бурханы удирдлагын төлөө, Түүний хүслийг биелүүлэх явдал. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээд, иймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн дээд эрх мэдэлтэй нь юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй юм, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна. Бурханы Сүнс ариун тул Түүний бие махбод Сатанд уруу татагдахгүй; Түүний бие махбод хүний бие махбодоос мөн чанарын хувьд өөр. Сатанаар ялзруулагдсан нь Бурхан биш хүн; Сатан Бурханы бие махбодыг ялзруулж чадахгүй. Тиймээс хүн болон Христ ижил газар амьдран суудаг боловч зөвхөн хүн л Сатанд эзэмдүүлж, ашиглуулж, бас урхидуулдаг. Үүнээс ялгаатай нь Христ Сатанд уруу татагдахаас үүрд мөнх хамгаалагдсан ба учир нь Сатан хамгийн дээд газарт хүрч, Бурханд дөхөж хэзээ ч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-оос

Бурхан ялзарсан хүнийг аварч Сатаны нөлөөнөөс ангижруулж чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин ч үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг юм. Учир нь Бурханы Сүнс болон махбодыг салгаж болохгүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг зөвхөн Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийгээгүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өнөөдөр яригдаж буй бодитой Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинд ажилладаг. Бодитой Бурханы илрэлтээр дамжуулан хэвийн хүн чанарын ажил, амьдрал болон бүрэн дүүрэн бурханлаг ажил нь хийгддэг. Түүний хүн чанар, бурханлаг чанар хоёр нэг болж, аль алиных нь ажил[a] үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай, бурханлаг чанараар ч бай, Тэр үг хэлдэг. Бурхан хүн чанараар ажиллахдаа хүмүүсийг ойлгож, харилцаг гэж хүний хэлээр ярьдаг. Түүний үг илэн далангүй, ойлгоход хялбар, бүх хүнд хүрэхүйц байдаг; хүмүүс өндөр мэдлэгтэй ч бай, боловсрол муутай ч бай, Бурханы үгийг бүгд хүлээн авч чаддаг. Бурханы бурханлаг чанар дахь ажил ч мөн үгээр дамжин хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаагаар сэвтээгүй, хүний шилэлт сонголтыг агуулдаггүй, хүн чанарын хязгаарт захирагддаггүй, ямар ч хэвийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; энэ нь мөн л махбодоор хийгддэг боловч Сүнсний шууд илэрхийлэл юм. Хэрвээ хүмүүс Бурханы хүн чанар дахь ажлыг л хүлээн зөвшөөрвөл өөрсдийгөө тодорхой хүрээнд хорих ба өчүүхэн төдий өөрчлөлт гаргахад нь урт удаан хугацааны харьцалт, засалт, сахилгажуулалт шаардагдах болно. Ариун Сүнс дэргэд нь байж ажиллаагүй бол, тэд үргэлж л бахь байдалдаа эргэн орох байсан; бурханлаг чанар дахь ажлаар л дамжуулан эдгээр эмгэг, дутагдлыг залруулж болох ба тэр үед л хүмүүс бүрэн төгс болгуулдаг. Байнгын харьцалт, засалтын оронд шаардлагатай зүйл бол бүх дутагдлыг залруулахад үг ашиглах, хүмүүсийн бүх байр байдлыг илчлэхэд үг ашиглах, тэдний амьдрал, үг яриа, үйлдэл бүрийг чиглүүлж, санаа зорилго, сэдлийг нь илчлэхэд үг ашиглах эерэг хангалт юм; энэ нь бодитой Бурханы бодит ажил юм. Тиймээс та нар бодитой Бурханд хандах хандлагаараа Түүнийг таньж, хүлээн зөвшөөрөн, хүн чанарынх нь өмнө захирагдах ёстой, цаашлаад чи бурханлаг ажил болон үгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Бурханы махбод дахь илрэлт гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг ажлыг Түүний хэвийн хүн чанараар дамжуулан Бурханы махбод болсон бие хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс хүн чанар дахь ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь Бурхан махбодоор илрэхийн бүр ч бодитой ач холбогдол билээ. Хэрвээ чи үүнийг тодорхой харж чадвал, Бурханы бүх ялгаатай хэсгийг холбож чадах бөгөөд бурханлаг чанар дахь ажлыг нь хэтэрхий чухалчилж, хүн чанар дахь ажлыг нь тийм ч их анхааралтай авч үзэхгүй байхаа больж, хэт туйлширдаггүй, мөн ямар ч тойруу замаар явдаггүй болох болно. Ерөнхийдөө, бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгдэж, ингэснээр хүмүүс Түүнийг тод томруун, амьд, үнэн бодитой болохыг харж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос

Тайлбар:

a. Эх бичвэрт “аль аль нь” гэж байдаг.

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажиллахын тулд хүний Хүү болон гарч ирнэ гэж Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн

Дараах:Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга