VII. Эцсийн өдрүүдийн Христ бол шүүлтийн Эзэн бөгөөд хуйлмал номыг нээдэг Нэгэн юм

1. Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг гүйцэтгэгч, бүрэн төгс жинхэнэ Бурхан юм! Тэр долоон одыг атгаж, долоон Сүнсийг агуулан, долоон нүдтэй байж, долоон лац болон хуйлмал номыг нээгээд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр, Тэрээр долоон гамшиг, долоон аягыг удирдаж, долоон аянгыг илчилдэг. Тэр аль эрт долоон бүрээг мөн дуугаргасан! Түүний бүтээсэн, бүрэн төгс болгосон бүх зүйл Түүнийг магтаж, Түүнд алдрыг өгч, Түүний сэнтийг өргөмжлөх ёстой. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бүх зүйл. Та бүхнийг гүйцэлдүүлсэн ба Таныг байхад бүгд бүрэн төгс, гэгээтэй, сул задгай, эрх чөлөөтэй, бат бэх агаад хүчирхэг байдаг! Таныг байхад нуугдсан, далдлагдсан зүйл юу ч байдаггүй, бүх нууц илчлэгддэг. Түүнчлэн, Та үй олон дайснаа шүүж, Өөрийн сүр жавхланг илчлэн, Өөрийн догшин гал, уур хилэнг үзүүлсэнээс гадна урьд хожид үзэгдээгүй, үүрд мөнхийн, эцэс төгсгөлгүй алдар суугаа дэлгэн харуулсан! Бүх хүн сэрж, бүх чадлаараа уухайлан, дуулж, энэхүү төгс хүчит, бүхэлдээ-үнэн, бүхэлдээ-амьд, өгөөмөр, мөнхөөс мөнхөд орших суу алдарт, жинхэнэ Бурханыг шагшин магтах ёстой.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “34-р бүлэг”-ээс эш татав

2. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “120-р бүлэг”-ээс эш татав

3. Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би хартай Бурхан учраас хүний хийсэн бүхнийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирээд Өөрийгөө тоймгүй олон хүнд илчилнэ!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “26-р бүлэг”-ээс эш татав

4. Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл, Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ хэмээн урьд нь хэлсэн үгэн дэх “шүүлт” гэдэг нь эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө очдог хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг илчилж, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэсэн ер бусын төсөөлөлд итгэдэг хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч зураг төдийгөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүнийг Сатан завхруулсан тул хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажил хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэрт цуурайтаж, газрыг доргиох ёстой гэдэгт итгэдэг; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэдэгт тэр итгэдэг. Ийм дүр зураг асар гайхамшигтай, гүнээ сэтгэл хөдлөм байх биз… Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлчихсэн байх үед чи үхсэн юм шиг унтсаар үлдсэн гэдгээ мэдэх үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан газар тэнгэрийг шинээр бүтээх цаг аль хэдийн болсон байдгийг мэддэг үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил бөх унтсаар л буй чамайг там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

5. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

6. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгийг хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

7. Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж магад бөгөөд дараа нь бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршина гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийхийг шүүлтийн ажил гэж нэрлэдэггүй. Бүх хүн төрөлхтний ялзрал адилхан бус уу? Хүний мөн чанар бүхэлдээ ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, Өөрийн ажлыг ашиглан бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлж, үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу тухайлбал, Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцэл, Бурханыг хүндэлдэггүй байдал, эсвэл Бурханы ажилд саад болох явдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг амилж, дээш өргөгдсөний дараагаар сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр гарч ирдэг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болон өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгийн талаар үзэлтэй байдаг боловч бие махбодтой болсон Бурханы, бүх хүн төрөлхтнийг гэх шүүлт, байлдан дагуулалтын бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүн энэ талаар юу гэж бодох нь хамаагүй, эцсийн эцэст баримт бол баримт. “Ажлыг Бурхан хийдэг боловч махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

8. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр учран уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болж үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан хүний шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх нөхцөлтэй байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

9. Яг энэ шүүлтээс болж та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Хүний тэрслүү байдлыг харах үедээ зөвт зан чанараа илчилж чаддаг учраас, мөн хүний бузрыг харах үедээ ариун байдлаа илчилж чаддаг учраас Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс эш татав

10. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

11. Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй зөвт зан чанарыг нь мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь олон нийтэд зарладаг, улмаар ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр Өөрийн ажлыг хийхээр ирсэн бөгөөд Түүний мэдэж, Түүнд дуулгавартай байж, Түүнийг гэрчилж, Түүний бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Түүний хийдэг бүх ажил, түүнчлэн хүнийг байлдан дагуулах Түүний бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм төрлийн гэрчлэл л үнэн зөв, бодитой бөгөөд ийм төрлийн гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхээр ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашигладаг ба Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Түүгээр аврагдаагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

12. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилийн гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс эш татав

13. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг үнэлсэн бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

14. Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа Түүний мөр нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй байдаг бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. Тэр бидний нүдэнд шалихгүй итгэгчээс өөр хэн ч биш тул бид эрээ цээргүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог.

………………………

Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний өмнөөс ажиллахад бүх хүчин чармайлтаа зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, эзэмшил ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шүүлт, гэсгээлтээс нь Бурханы илрэлтийг харах нь”-аас эш татав

15. Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа ангилах ажил нь бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх ард түмэн ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Энэ нь, бүтээл дэх хүн бүр төрлөөрөө ангилагдаж, шүүгдэхийн тулд шүүх суудлын өмнө очно гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй, мөн төрлөөрөө ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар дахь бүх зүйл төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

16. Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчлэхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт, шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

17. Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнсээр тэдний махан биеийг хүссэнээрээ устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүн гэж тооцох ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хойш тавьж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Энэ бол ажлаараа дамжуулан Бурханы олж авдаг охь юм. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд өөрсдийн чинь сонголтоос хамаарна. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

18. Библи дэх зөгнөлүүд бол тухайн үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон Бурханы ашиглаж байсан хүмүүсийн, онгод хүртээд бичсэн үг юм; Бурхан Өөрөө л тэдгээр үгийг тайлбарлаж чадна, Ариун Сүнс л тэдгээр үгийн утга учрыг мэдэгдэж чадна, мөн Бурхан Өөрөө л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна. “Чи Бурхан биш, би ч бас биш болохоор хэн Бурханы үгийг хөнгөхнөөр тайлбарлаж зүрхлэх юм бэ? Чи тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Эш үзүүлэгч Иеремиа, Иохан, Елиа нар энд байсан ч гэсэн тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэхгүй, учир нь тэд бол Хурга биш билээ. Гагцхүү Хурга л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна, өөр хэн ч Түүний үгийг тайлбарлаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

19. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэр агуу хүмүүсийн дунд судрыг тайлбарлагчид олон байсан, иймээс чи тэднийг бүгдийг нь Хурга гэж хэлж чадах уу? Тэдний тайлбар бүгд Бурханаас ирдэг гэж чи хэлж чадах уу? Тэд бол ердөө судрыг тайлбарлагчид; тэдэнд Хурганы ялгамж чанар байхгүй. Тэд яаж долоон лацыг нээхэд тохирох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

20. Төгс Хүчит Бурханы долоон од тод гэрэлтэй! Чуулганыг Тэр төгс болгож, чуулганыхаа элч нарыг томилдог бөгөөд чуулган бүхэлдээ Түүний тэтгэмжинд байдаг. Тэр долоон лацыг бүгдийг нь нээж, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөө болон хүслийг Өөрөө гүйцэлдүүлдэг. Хуйлмал ном бол Түүний удирдлагын нууцлаг сүнслэг хэл бөгөөд Тэр үүнийг дэлгэж, илчилсэн!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “34-р бүлэг”-ээс эш татав

21. Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн хуучин байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлдэггүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

22. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн их ойлгодог байх нь хамаагүй, энэ нь үгээс цаашгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг багахан ухаж төнхөж болох боловч эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг ухан гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүн Ехова, Есүс хоёрын хийсэн ажлын дүр зургийг биш, үхмэл үгсийг л хардаг бөгөөд энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Бурхан Өөрөө л хүнд тайлбарлаж, илчлэхгүй бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс, хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ… Зургаан мянган жилийн энэхүү ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлөөс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хамгийн агуу нууц бөгөөд эрин үеүдийн туршид байсан эш үзүүлэгчдийн дундаас нэг нь ч үүнийг ухан ойлгож чадаагүй, учир нь энэхүү нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагддаг ба өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож чаддаг бол, үүнийг бүхэлд нь хүлээн авч чаддаг бол шашны бүх хүнийг энэ нууц ялан дийлэх болно. Зөвхөн энэ л хамгийн агуу үзэгдэл; энэ нь хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч түүний хувьд бас хамгийн тодорхой бус байсан зүйл юм. Нигүүлслийн эрин үед байх үедээ та нар, Есүсийн хийсэн ажил, Еховагийн хийсэн ажил юу байсныг мэдээгүй. Ехова яагаад хууь тогтоосныг, яагаад Тэр хуулийг мөрдөхийг олон түмнээс шаардсаныг, эсвэл яагаад сүм байгуулах хэрэгтэй байсныг хүмүүс ойлгоогүй бөгөөд израильчуудыг яагаад Египетээс цөл рүү, дараа нь Канаан руу удирдан дагуулсныг хүмүүс бүр ч ойлгоогүй. Өнөөдөр л эдгээр хэрэг явдал илчлэгдсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

23. Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

24. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

25. Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй ихээхэн ажил, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм төлөөс төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлж чадахгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

26. Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

27. Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин чи асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй бай гэж Би хүн бүрийг ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

28. Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас эш татав

Өмнөх: VI. Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын хоорондох харилцаа

Дараах: VIII. Цор ганц жинхэнэ Бурхан байдаг: “Гурвал” бол буруу нэр томьёо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх