Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Залбирлын ач холбогдол ба дадал

Одоогийн байдлаар та нар хэрхэн залбирдаг вэ? Энэ нь яаж шашны залбирлыг сайжруулсан хэрэг байх юм бэ? Та нар залбирлын ач холбогдлын тухай үнэндээ юу ойлгодог вэ? Та нар эдгээр асуултыг шинжлэн судалсан уу? Залбирдаггүй хүн бүхэн Бурханаас холддог, залбирдаггүй хүн бүхэн өөрсдийнхөө хүслийг дагадаг; залбирал байхгүй байна гэдэг нь Бурханаас хол байх, Бурханаас урвахыг хэлдэг. Залбирлын талаарх та нарын бодит туршлага ямар вэ? Яг одоо, Бурханы ажил аль хэдийн төгсгөлдөө ойртож байгаа ба Бурхан, хүн хоёрын хоорондох харилцааг хүний залбирлаас харж болно. Доор чинь байгаа хүмүүс чамд долигонож, ажилдаа гаргасан үр дүнг чинь магтах үед чи хэрхэн авирладаг вэ? Хүмүүс чамд зөвлөгөө өгөх үед чи ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Чи Бурханы өмнө залбирдаг уу? Та нар асуудалтай, бэрхшээлтэй үедээ залбирдаг боловч нөхцөл байдал чинь сайн байх үед эсвэл уулзалт чинь амжилттай байсан гэдгийг мэдэрсэн үедээ залбирдаг уу? Иймээс ихэнх нь залбирдаггүй! Хэрвээ цуглаанаа амжилттай зохион байгуулсан бол залбирах ёстой; магтаалын залбирал хийх ёстой. Хэрвээ хэн нэгэн хүн чамайг магтвал чамд үнэн байгаа мэт санагдан бардам болж, буруу нөхцөл байдалд ордог ба зүрх сэтгэл чинь баяртай байдаг. Чамд талархлын залбирал байх нь байтугай магтаалын залбирал ч байдаггүй. Энэ нөхцөл байдалд орж байгаагийн үр дүн гэвэл дараагийн уулзалт чинь уйтгартай байх болно, чамд хэлэх үг байхгүй байх ба Ариун Сүнс ажиллахгүй. Хүмүүс өөрсдийнхөө нөхцөл байдлыг ухаарч чаддаггүй, тэд багахан ажил хийдэг ба дараа нь ажлынхаа үр шимийг эдэлдэг. Сөрөг нөхцөл байдлаас буцаад сэргэхэд нь тэдэнд хэдэн өдөр хэрэгтэй болохыг хэлэхэд хэцүү юм. Ийм төрлийн нөхцөл байдал хамгийн аюултай. Асуудалтай байх үедээ эсвэл аливааг тодорхой хараагүй үедээ та нар бүгд залбирдаг; ямар нэгэн зүйлийн талаарх эргэлзээ сэжиг байх үед эсвэл завхарсан зан чанар чинь илэрсэн үед залбирдаг. Чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй үед л залбирдаг. Ажилдаа амжилттай байх үедээ чи бас залбирах ёстой. Ажилдаа ямар нэгэн үр дүнд хүрэх үедээ чи хөөрөн баярладаг, хөөрөн баярлангуутаа чи залбирдаггүй; чи үргэлж аз жаргалтай байх ба дотроо үргэлж урхидуулсан байдаг. Энэ удаад зарим нь сахилгажуулалт хүлээн авдаг: Дэлгүүр хэсэхээр гарах үедээ чи бөөн асуудалтай тулгарч, ямар нэгэн зүйл буруугаар эргэдэг; дэлгүүрийн эзэн чамайг тавгүйтүүлж, дарамтлах олон хатуу үг хэлдэг бөгөөд ямар байдлаар Бурханы эсрэг нүгэл үйлдсэнээ чи мөн л мэддэггүй. Үнэндээ, чамайг сахилгажуулахын тулд Бурхан ихэнхдээ гадаад талын орчныг ашигладаг; жишээлбэл, чамайг тавгүйтүүлэхийн тулд Тэр, үл итгэгч хүн чамайг хараах эсвэл чи мөнгөө хулгайд алдах гэх мэтийн зүйлийг ашигладаг. Эцэст нь чи залбирахын тулд Бурханы өмнө очих бөгөөд залбирах зуур чинь зарим үг гарч ирэх болно. Нөхцөл байдал чинь буруу байгааг чи ойлгож эхэлнэ, жишээ нь чи өөртөө сэтгэл хангалуун, бахархалтай байдаг..., дараа нь чи өөртөө сэтгэл хангалуун байсандаа зэвүүцэх болно. Залбирлын чинь үгсийн хамтаар доторх буруу нөхцөл байдал чинь эргэх болно. Залбирмагц Ариун Сүнс ажиллаж эхэлнэ; Тэр чамд ямар нэгэн мэдрэмж төрүүлж, буруу нөхцөл байдлаас гаргана. Залбирал бол бүхэлдээ эрж хайх явдал биш. Бурхан хэрэгтэй үед залбирч, Бурхан хэрэггүй байх үед залбирдаггүй юм биш. Удаан хугацаагаар залбирахгүй байвал эрч хүчтэй агаад сөрөг бус байсан ч гэсэн эсвэл дотроо тун хэвийн нөхцөл байдалтай мэт санагдаж байсан ч гэсэн аливааг өөрөө хийж байгаа мэт санагдах бөгөөд хийж байгаа зүйлд чинь ямар ч үр дүн байдаггүй гэдгийг та нар олж мэдсэн үү?

Би өмнө нь хэлсэн: “Хүмүүс өөрсдийнхөө хэрэг явдлыг эрхэлдэг бөгөөд өөрсдийнхөө зүйлийг хийдэг.” Одоо үед хүмүүс ажиллах үедээ залбирдаггүй; тэдний зүрх сэтгэлд Бурхан огтхон ч байдаггүй бөгөөд тэд: “Би үүнийг ажлынхаа зохицуулалтын дагуу л хийнэ, ямар ч тохиолдолд ямар нэгэн буруу зүйл хийхгүй эсвэл ямар нэгэн зүйлийг үймүүлэхгүй...” гэж боддог. Чи залбираагүй, мөн түүнчлэн талархал илэрхийлээгүй. Энэ нөхцөл байдал аймшигтай! Ихэнхдээ чи энэ нөхцөл байдал буруу гэдгийг мэддэг боловч хэрвээ чамд зөв зохистой арга байхгүй бол чи эргэж чадахгүй. Чи үнэнийг ойлгосон байлаа ч гэсэн үүнийг хэрэгжүүлж чадахгүй байх болно; чи өөрийнхөө доторх зүй зохисгүй нөхцөл байдлыг (биеэ тоосон, завхарсан эсвэл тэрслүү байх) мэдэж байсан ч гэсэн үүнийгээ засаж эсвэл дарж чадахгүй. Хүмүүс өөрсдийнхөө зүйл дээр ажиллахдаа завгүй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажил эсвэл үйл ажиллагааг анхаардаггүй. Тэд зөвхөн өөрсдийнхөө хэрэг явдлыг л анхаардаг бөгөөд үүний үр дүнд Ариун Сүнс тэднийг орхидог. Ариун Сүнс тэднийг орхимогц тэдэнд харанхуй, хүйтэн хөндий санагдах болно; тэд өчүүхэн төдий ч шим тэжээл эсвэл таашаал хүртэхгүй. Олон хүн хагас жил тутамд л нэг залбирдаг. Тэд өөрсдийнхөө хэрэг явдлыг анхаарч, ажлаа хийж байдаг боловч тэдэнд уйтгартай санагдаж заримдаа: “Би юу хийж байгаа юм бэ, энэ бүхэн хэзээ дуусах юм бэ?” хэмээн боддог. Ийм бодол ч төрөх болно. Удаан хугацаанд залбирахгүй байх нь маш аюултай! Залбирал маш чухал! Хэзээ ч залбирдаггүй чуулганы амьдрал нь цугларалтыг маш уйтгартай, хүйтэн хөндий болгодог. Тиймээс хамтдаа байхдаа та нар үргэлж залбирч, магтаал өргөж байх ёстой бөгөөд Ариун Сүнс нэн сайн ажиллах болно. Ариун Сүнсний хүмүүст өгдөг хүч чадал эцэс төгсгөлгүй; хүмүүс үүнийг шавхаж дуусгахгүйгээр цаг үргэлжид ашиглаж болно-энэ нь үргэлж бэлэн байдаг. Өөрсдөдөө найдах үедээ хүмүүс цэцэн цэлмэг үгтэй байж болох боловч хэрвээ энд Ариун Сүнс ажилладаггүй бол тэд юу биелүүлж чадах юм бэ? Ихэнхдээ хүмүүс, “Өө, Бурхан минь, Танд баярлалаа, Таныг магтая” хэмээх ганц хоёрхон үгээр л гурваас таван минут залбирдаг, дараа нь тэдэнд өөр хэлэх зүйл юу ч байдаггүй, тэд ам ангайж чаддаггүй. Энэ нь ямар түвшний итгэл вэ; энэ нь маш аюултай! Тийм үү? Хүмүүс Бурханд итгэдэг боловч тэдэнд Түүнийг магтах эсвэл Түүнд талархах үг ч байдаггүй ба Бурханыг алдаршуулах үг тэдэнд байдаггүй. Тэд “Бурханаас гуйх” гэдэг үгийг ч хэлж зүрхэлдэггүй бөгөөд тэд тэгж хэлэхээс хэтэрхий их санаа зовдог. Тэд хэтэрхий ёс суртахуунгүй! Чи Бурханд итгэдэг, зүрх сэтгэлдээ Бурханыг зөвшөөрдөг гэж хэлдэг чинь хамаагүй хэрвээ Бурханы өмнө очдоггүй, зүрх сэтгэл чинь Бурханаас хол байдаг бол Ариун Сүнс ажиллахгүй. Ялангуяа удирдагчид та нар өглөө болгон сэрэх үедээ залбирах ёстой. Залбирсны дараа тухайн өдөр нэн сайхан, баялаг байх ба Ариун Сүнс чамайг цаг үргэлжид хамгаалан хажууд чинь байгааг чи мэдрэх болно. Хэрвээ чи нэг өдөр залбирахгүй бол эсвэл хэрвээ гурваас тав хоног залбираагүй бол чамд тун ганцаардмал, гунигтай санагдана. Чи хайртай хүмүүсээ санах ба тэднийг хүсэн санагалзах чинь нэн хүчтэй болох болно.

Одоо Би, хүмүүс бүгд асуудалтай байдгийг олж мэдсэн: Тэд асуудалтай байх үедээ тэд Бурханы өмнө очдог боловч залбирал бол залбирал, асуудал бол асуудал бөгөөд залбирах үедээ асуудлын талаар ярих ёсгүй гэж хүмүүс боддог. Та нарт хааяа жинхэнэ залбирал байдаг ба зарим нь бүр хэрхэн залбирахаа ч мэддэггүй; үнэндээ залбирал бол үндсэндээ яг л энгийн харилцан яриа шиг, зүрх сэтгэл дотор байгаа зүйлээ ярих явдал юм. Гэсэн хэдий ч, зарим хүмүүс залбирах үедээ буруу байр суурь эзэлдэг бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг үл харгалзан тэд хүссэн бүхнийг нь тэдэнд өгөхийг Бурханаас шаарддаг. Үүний үр дүнд, тэд хэдий чинээ их залбирна, энэ нь төдий чинээ их үлбэгэр болдог. Залбирах үедээ чиний зүрх сэтгэл юу ч гуйж, хүсэж, шаардаж байсан, эсвэл бүрэн ойлгохгүй байгаа зарим хэрэг явдалдаа арга хэмжээ авахыг хүсэж Бурханаас мэргэн ухаан, хүч чадал эсвэл гэгээрэл гуйх үедээ ярьж байгаа байдал чинь ухаалаг байх ёстой. Хэрвээ чи бодлогогүй бол өвдөг сөгдөөд: “Бурхан минь, надад хүч чадал өгч, миний уг чанарыг надад харуулаач; үүнийг хийхийг би Танаас гуйж байна. Эсвэл надад энийг эсвэл тэрийг өгөхийг би Танаас гуйж байна, намайг ийм эсвэл тийм байлгахыг би Танаас гуйж байна” гэж хэлдэг, “гуйх” хэмээх энэ үг хүчилсэн элементийг агуулдаг бөгөөд Түүгээр үүнийг хийлгэхийн тулд Бурханд дарамт үзүүлж байгаа мэт байдаг. Цаашлаад чи өөрийнхөө хэрэг явдлыг урьдчилан тооцоолдог. Хэдий чи ийм байдлаар залбирсан ч гэсэн Ариун Сүнс үүнийг ингэж хардаг: Чи үүнийг өөрөө аль хэдийн урьдаас тооцоолсон тул тийм байдлаар үүнийг хийхийг хүсдэг, ийм төрлийн залбирлын үр дүн юу байх вэ? Залбиралдаа чи эрж хайж, захирагдах ёстой; жишээлбэл, хэрвээ чамд яаж зохицуулахаа мэдэхгүй хэрэг явдал тохиолдвол чи: “Өө Бурхан минь! Надад ийм хэрэг гарлаа, би үүнийг яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Энэ хэрэг явдал дээр би Таныг сэтгэл хангалуун байлгахад бэлэн байна, би Таныг эрж хайхад бэлэн байна, Таны хүсэл биелээсэй гэж би хүсэж байна, өөрийнхөө биш харин Таны санаа зорилгын дагуу байхыг би хүсэж байна. Хүний санаа зорилго Таны хүслийг зөрчдөг гэдгийг Та мэднэ; тэд Таныг эсэргүүцдэг ба үнэнтэй нийцдэггүй. Би зөвхөн Таны санаа зорилгын дагуу хийхийг л хүсэж байна. Энэ хэрэг явдал дээр намайг гэгээрүүлж, залж чиглүүлэхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Таныг уурлуулахгүй билээ...” гэж хэлдэг. Залбиралд ийм төрлийн дуу хоолойны өнгө зохимжтой. Хэрвээ чи зүгээр л: “Өө Бурхан минь, надад тусалж, намайг залж чиглүүлэхийг би Танаас гуйж байна; надад тохирсон орчин, тохирсон хүмүүсийг бэлдэж өгөөч, ингэвэл би өөрийнхөө ажлыг сайн хийж чадна” гэж хэлдэг бол ийм төрлийн залбирал дуусах үед чи Бурханы хүсэл юу болохыг мөн л мэддэггүй, учир нь чи өөрийнхөө санаа зорилгын дагуу аливаа зүйлийг Бурханаар хийлгэхээр оролдож байна.

Одоо та нар, залбиралдаа хэлдэг зүйл чинь ухаалаг уу эсвэл үгүй юу гэдгийг ухаарах хэрэгтэй. Чи тэнэг эсэхээс эсвэл санаатайгаар ийм маягаар залбирч байгаа эсэхээс үл хамааран, хэрвээ залбирал чинь ухаалаг биш бол Ариун Сүнс чамд ажиллахгүй. Тиймээс залбирах үед хэлж байгаа үг чинь ухаалаг байх ёстой, дууны өнгө нь зохистой байх ёстой: “Өө Бурхан минь! Та миний сул талыг мэддэг, Та миний тэрслүү занг мэддэг. Надад хүч чадал өгөхийг л би Танаас гуйж байна, тэгвэл би энэ орчны туршилтыг тэсвэрлэж чадна. Гэхдээ энэ нь Таны хүслийн дагуу байг. Би зөвхөн үүнийг л гуйж байгаа ба Таны хүсэл юу болохыг мэдэхгүй, гэвч би Таны хүслээр болоосой гэж хүсэж байна; Та намайг үйлчлэлд ашиглаж эсвэл товойлгогч болгон надаар үйлчлүүлэх нь хамаагүй, аль нь байсан би бэлэн байна. Гэсэн ч, энэ хэрэг явдал дээр Таныг хангалуун байлгах боломжийг надад олгох хүч чадал, мэргэн ухааныг би Танаас гуйж байна. Би зөвхөн Таны зохицуулалтанд захирагдахыг л хүсэж байна…” Ийм маягаар залбирсны дараа чамд тун тогтвортой санагдах болно. Хэрвээ чи гагцхүү цөхрөлтгүй гуйсаар байдаг бол гуйж дууссаны чинь дараа энэ нь хэдэн хоосон үгнээс өөрцгүй байх болно, учир нь чи өөрийнхөө санаа зорилгыг аль хэдийн урьдчилан тооцоолсон. Чи залбирахаар өвдөг сөгдөх үедээ иймэрхүү зүйл хийх ёстой: “Өө Бурхан минь! Та миний сул талыг мэддэг ба миний нөхцөл байдлыг мэддэг. Энэ хэрэг явдал дээр Намайг гэгээрүүлж, надад Өөрийнхөө хүслийг ойлгуулахыг би Танаас гуйж байна. Би зөвхөн Таны бүх зохицуулалтанд захирагдахыг л хүсэж байгаа ба зүрх сэтгэл минь Танд захирагдахыг хүсэж байна...” Хэрвээ чи ингэж залбирвал Ариун Сүнс чамайг хөдөлгөх бөгөөд хэрвээ чиний залбирлын чиглэл буруу байх юм бол энэ нь уйтгартай, хүйтэн хөндий болж, Ариун Сүнс чамайг хөдөлгөхгүй; чи зүгээр л бувтнаж, чимээгүй залбирч эсвэл нүдээ аньж, дур зоргоороо хэдхэн үг хэлж байгаа ба энэ нь зүгээр л хааш яаш байдал юм. Хэрвээ чи хааш яаш бол Ариун Сүнс ажиллах уу? Бурханы өмнө ирдэг хүмүүс бүгд зүй зохистой авирлаж, сүсэг бишрэлээ харуулах ёстой. Хуулийн эрин үеийн тахилчдын тахилыг харвал тэд бүгд өвдөг сөгдөж байсан. Залбирал нь тийм ч энгийн зүйл биш. Хүмүүс Бурханы өмнө ирдэг боловч тэд үл тоосон, цадиггүй хэвээрээ байдаг ба орон дээрээ хэвтэж, нүдээ анихыг хүсдэг. Энэ нь хүлээн зөвшөөршгүй зүйл! Тодорхой нэг дүрэм журмыг дагахыг хүмүүсээс шаардахын тулд Би эдгээр зүйлийг хэлдэггүй; ядаж тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэх ёстой ба тэд Бурханы өмнө сүсэг бишрэлийн хандлагатай байх ёстой.

Та нарын залбиралд хэтэрхий олон удаа эрүүл ухаан дутагддаг; тэдэнд бүгдэд нь ийм дуу хоолойн өнгө байдаг: “Өө Бурхан минь! Та намайг удирдагч болгосон тул миний хийж байгаа бүхнийг Та зүй зохистой байлгах ёстой, ингэвэл Таны ажил тасалдахгүй ба Бурханы гэр бүлийн ашиг сонирхолд хохирол учрахгүй. Та надаар аливааг ингэж хийлгэх ёстой…” Энэ нь шаардлагатай юу? Энэ залбирал ухаалаг биш! Чи Бурханы өмнө ирж, бодлогогүйгээр ингэж залбирвал чам дээр Бурхан ажиллаж чадах уу? Хэрвээ чи Христийн өмнө ирээд, эрүүл ухаангүйгээр Надтай ярьсан бол, Би сонсох уу? Чи хөөгдөх болно! Сүнсний өмнө байх болон Христийн өмнө байх нь адилхан биш гэж үү? Залбирахаар Бурханы өмнө очих үедээ чи яаж ухаалгаар ярих тухайгаа бодож, өөрийнхөө дотоод нөхцөл байдлыг сүсэг бишрэл рүү эргүүлэх чадвартай байхын тулд юу хэлэх тухайгаа бодох ёстой. Өөрийгөө даруухан байлга, тэгээд залбирлаа хэл, тэгвэл чи тослогдоно. Хүмүүс залбирах үедээ ихэвчлэн өвдөг сөгдөж, нүдээ аних ба юу ч хэлдэггүй; тэд ердөө “Өө, Бурхан минь, өө Бурхан минь!” гэж л хэлдэг. Тэд ердөө энэ хоёр үгийг л хэлэн, өөр юу ч хэлэлгүйгээр хэсэг зуур дууддаг. Яагаад энэ вэ? Чиний нөхцөл байдал буруу байна! Та нарт иймэрхүү цаг үе байдаг уу? Та нарын одоогийн нөхцөл байдлын тухайд гэх юм бол, чи юу хийж чадахаа, ямар түвшинд хийж чадахаа мэддэг ба өөрийнхөө хэн болохыг ч мэддэг. Гэсэн хэдий боловч ихэнхдээ нөхцөл байдал чинь хэвийн бус байдаг. Заримдаа нөхцөл байдлыг чинь тохируулж болох боловч үүнийг хэрхэн тохируулсныг чи мэддэггүй бөгөөд энэ нь боловсролгүйгээс чинь болж байгаа гэж бодон, олон удаа чи ямар ч үггүйгээр залбирдаг. Залбирахын тулд чи боловсролтой байх хэрэгтэй юу? Залбирал бол зохион бичиг бичих явдал биш, энэ нь зүгээр л хэвийн хүний эрүүл ухааны дагуу ярих явдал юм. Есүсийн залбирлыг авч үз (Есүсийн залбиралыг дурдах нь хүмүүсийг Түүнтэй адил өнцөг, байр сууринд аваачихын төлөө биш), Тэр Гетсеманийн Цэцэрлэгт: “Хэрвээ боломжтой бол…” гэж залбирсан. “Хэрвээ боломжтой бол” гэсэн. Энэ нь зөвлөлдсөнөөр дамжин хийгдсэн ба “Би Танаас гуйж байна” гэж хэлснээр хийгдээгүй. Тэр Өөрийнхөө залбиралд хүлцэнгүй зүрх сэтгэлийг хадгалж байсан бөгөөд Тэрээр: “Хэрвээ боломжтой бол энэ аягыг надаас өнгөрүүлээч: гэхдээ миний хүслээр биш Таны хүслээр болог” гэж залбирсан. Тэр хоёр дахь удаагаа мөн л ингэж залбирсан бөгөөд гурав дахь удаагаа Тэр: “Таны хүсэл биелэх болтугай” гэж залбирсан. Тэрээр: “Таны хүсэл биелэх болтугай” хэмээн хэлж, Эцэг Бурханы хүслийг ухаарсан юм. Тэр Өөрийгөө өчүүхэн төдий ч сонгохгүйгээр бүрэн захирагдаж чадсан билээ. Тэрээр “Хэрвээ боломжтой бол энэ аягыг надаас өнгөрүүлээч” гэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь, загалмай дээр амьсгал хураах хүртлээ цус асгаруулах тухай бодол болон асар их өвдөлтөөс болсон юм. Энэ нь үхлийг агуулж байсан ба Тэр Эцэг Бурханы хүслийг бүрэн ухаараагүй байсан урьдач нөхцөлд энэ нь хэлэгдсэн билээ. Цовдлогдон өвдөх тухай бодлыг үл харгалзан ийм маягаар залбирч чадаж байсан тул Тэр тун хүлцэнгүй байлаа. Түүний залбирал хэвийн байсан, Тэр наймаалцахын тулд залбираагүй мөн үүнийг зайлуулах ёстой гэж хэлээгүй, харин ч энэ нь, Өөрийнхөө ойлгоогүй нөхцөл байдалд Бурханы санаа зорилгыг эрж хайхын төлөө байв. Анх удаа залбирахдаа Тэр ойлгоогүй бөгөөд “Хэрвээ боломжтой бол... гэхдээ Таны хүслээр болог” хэмээн хэлжээ. Тэр хүлцэнгүй байдалтайгаар Бурханд залбирсан. Хоёр дахь удаагаа Тэр мөн адилхан байдлаар залбирсан юм. Нийтдээ Тэр гурван удаа залбирсан (мэдээж энэ гурван залбирал нь ердөө гурван өдөрт тохиолдоогүй) бөгөөд Өөрийнхөө сүүлчийн залбиралд Бурханы санаа зорилгыг бүрэн ойлгожээ. Дараа нь Тэр юу ч гуйгаагүй. Өөрийнхөө эхний хоёр залбирлаар Тэр эрж хайсан ба эрж хайхдаа мөн л хүлцэнгүй байдалд байсан. Гэсэн хэдий ч хүмүүс тэгж залбирдаггүй. Тэд үргэлж “Бурхан минь, би Танаас энийг эсвэл тэрийг хийхийг гуйж байна, надад нөхцөл байдлыг бэлдэж өгөхийг би Танаас гуйж байна...” гэж хэлдэг. Магадгүй Тэр чамд тохирсон нөхцөл байдлыг бэлдэхгүй, чамд зовлон бэрхшээл амсуулах болно. Хэрвээ хүмүүс үргэлж “Бурхан минь, надад зориулан бэлтгэл хийж, надад хүч чадал өгөхийг би Танаас гуйж байна” гэж хэлдэг байсан бол залбирал нь маш бодлогогүй байхсан! Залбирах үедээ чи эрүүл ухаантай байх ёстой ба хүлцэнгүй байх урьдач нөхцөл дор залбирах ёстой. Бүү шийд. Залбирахаасаа өмнө чи шийдэж байгаа: Би Бурханаас гуйж, юу хийхийг нь Бурханд хэлэх ёстой. Ийм төрлийн залбирал бол маш бодлогогүй. Ихэнхдээ, Сүнс хүмүүсийн залбирлыг огтхон ч сонсдоггүй, тиймээс тэдний залбирал нь уйтгартай байдаг.

Хэдийгээр хүмүүс биет бус ертөнцөд залбирахын тулд өвдөг сөгдөж, ярьж, залбирдаг боловч хүмүүсийн залбирал бол бас Ариун Сүнсний ажиллах суваг гэдгийг чи ойлгох ёстой. Хүмүүс зөв байдалд залбирч, эрж хайх үед Ариун Сүнс ч бас нэгэн зэрэг ажиллах болно. Эдгээр нь Бурхан болон хүмүүсийн бие биетэйгээ амжилттай зохицож чадах хоёр тал буюу өөрөөр хэлбэл, хэрэг явдлыг шийдэхэд нь Бурхан хүмүүст тусалж байгаа хэрэг юм. Энэ бол Бурханы өмнөх хүний хамтын ажиллагааны нэг төрөл; энэ нь бас хүмүүсийг бүрэн төгс болгох Бурханы арга барил юм. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь хүмүүсийн, амь руу орох хэвийн оролтын зам юм-энэ нь зан үйл биш. Залбирал бол ердөө хүч чадлаа өдөөж, зарим нэг уриа лоозон хашхирах явдал биш; энэ нь ийм биш. Хэрвээ тэр нь бүхэлдээ ийм байсан бол зүгээр л дүр үзүүлж, зарим нэг уриа лоозон хашхирах нь хангалттай байх байлаа; юу ч гуйх хэрэггүй, шүтэн мөргөх хэрэггүй, сүсэг бишрэлийн ч хэрэггүй байх байв. Залбирлын ач холбогдол маш гүнзгий! Хэрвээ дандаа залбирдаг бол, хэрвээ чи байн байн хүлцэнгүйгээр, ухаалгаар залбиран хэрхэн залбирахаа мэддэг бол дотор чинь дандаа тун хэвийн санагдах болно. Хэрвээ чи цөөн хэдэн уриа лоозонтойгоор дандаа залбирдаг бөгөөд ачаагүй байдаг бол эсвэл залбиралдаа, яаж ухаалгаар ярьж байгаа эсвэл бодлогогүй ярьж байгаа гэдгийг, мөн ямар байдлаар ярих нь жинхэнэ шүтлэг биш вэ гэдгийг эргэцүүлдэг бол, хэрвээ чи эдгээр хэрэг явдлын тухайд хэзээ ч ноцтой байгаагүй бол чиний залбирал амжилттай байхгүй ба чиний доторх нөхцөл байдал хэзээ ч хэвийн бус байхгүй; хэвийн эрүүл ухаан юу болох, жинхэнэ хүлцэнгүй байдал юу болох, жинхэнэ шүтлэг юу болох болон хаана зогсох тухай хичээлүүдэд чи хэзээ ч гүн гүнзгий орохгүй. Эдгээр нь бүгд нарийн хэрэг явдал юм. Ихэнх хүн Надтай бага зэрэг холбоотой байдаг учраас Сүнсний өмнө ирж, залбирч л чаддаг. Чамайг залбирах үед энэ нь, чиний үг ухаалаг эсэхийг, чиний үг жинхэнэ шүтлэгийн талаар байдаг эсэхийг, гуйдаг зүйлийн чинь төлөө Бурхан чамайг магтдаг эсэхийг, үг чинь наймааны төлөө байдаг эсэхийг, чиний үгэнд хүний бузар буртаг байдаг эсэхийг, үг, үйлдэл, шийдэмгий байдал чинь үнэний дагуу байдаг эсэхийг; чамд Бурханд хандах агуу хүндлэл, хүндэтгэл, хүлцэнгүй байдал байдаг эсэхийг, чи Бурханд үнэхээр Бурхан шиг ханддаг эсэхийг агуулдаг. Чи Христийн өмнө байхгүй байхдаа залбирч буй үгэндээ ноцтой агаад үнэнч байх ёстой. Зөвхөн ийм маягаар л чи Христийн өмнө хэвийн байж чадна. Хэрвээ чи Сүнсний өмнө ноцтой байдаггүй бол хүний (Христийн) өмнө ирэх үедээ үргэлж зөрчилдөөнтэй байх болно, эсвэл чиний үгэнд эрүүл ухаан байхгүй байна, эсвэл өөрийнхөө үгэнд чи үнэнч шударга байхгүй, эсвэл өөрийнхөө үг болон үйлдлээрээ үргэлж саад болох болно. Хэрэг явдал дууссаны дараа чи үргэлж өөрийгөө зэмлэх болно. Яагаад өөрийгөө үргэлж зэмлэж байгаа юм бэ? Ерөнхийдөө чи, Бурханыг шүтэн мөргөх шүтлэг болон Бурханд хандах хандлагадаа үнэний талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тиймээс хэрэг явдал тохиолдох үед чи будилж, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бөгөөд аливааг үргэлж буруу хийх болно. Бурханд итгэдэг хүмүүс хэрхэн Бурханы өмнө ирдэг вэ? Залбирлаар дамжуулан. Залбирах үедээ, хэрхэн эрүүл ухаантайгаар ярьж, хүмүүсийн төлөө зөв байрнаас хэрхэн ярьж, хүлцэнгүй байдалтайгаар хэрхэн ярьж, ямар байдлаар ярих нь зүрх сэтгэлийг чинь тавгүйтүүлдгийг (чин сэтгэлээсээ хийгээгүй залбирлыг үл оруулан) шинжил. Чи хэсэг зуур хэрэгжүүлээд, дараа нь Бурханы өмнө ирэх юм бол энэ нь хамаагүй илүү дээр байх болно. Ерөнхийдөө Сүнсний өмнөх залбирал чинь ухаалаг биш бөгөөд чи энэ талаар хэзээ ч анхаарлаа хандуулдаггүй. Бурхан чамайг хардаггүй гэж чи итгэдэг, иймээс хүссэн зүйлээ хэлдэг ба хэрвээ ямар нэгэн буруу зүйл хэлбэл энэ нь тийм ч том асуудал биш. Чи бүхий л өдөржингөө хайхрамжгүй, мунгинуу байдаг бөгөөд үүний үр дүнд Христийн өмнө очих үедээ чи ямар нэгэн буруу зүйл хэлж, ямар нэгэн буруу зүйл хийхээс айдаг. Хэдий ямар нэгэн буруу зүйл хэлэхээс айдаг боловч чи ямар нэгэн буруу зүйл хэлэх болно; ямар нэгэн буруу зүйл хийхээс айдаг боловч чи алдаа гаргах нь гарцаагүй; өртэй байхаас айсан ч гэсэн чи зайлшгүй өртэй байх бөгөөд өөрийнхөө өрийг төлөх чадваргүй байх болно. Учир нь чи ихэнхдээ Христтэй холбогдож чаддаггүй эсвэл Христ чамтай нүүр тулан ярихыг сонсож чаддаггүй. Би чамтай нүүр тулан ярьсан ч гэсэн энэ замаар алхахдаа чи өөртөө л найдах учраас ихэвчлэн залбирч, эрж хайж, захирагдахын тулд л Сүнсний өмнө ирж чаддаг. Одооноос эхлээд та нар залбирахдаа юу хэлэх тухай анхаарал хандуулах ёстой. Чи залбирч, эргэцүүлж, мэдэрч, Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхэд чи энэ тал дээр ахиц гаргах болно. Ариун Сүнс гэгээрүүлж буй мэдрэмж тун нарийн. Хэрвээ чамд эдгээр нарийн мэдрэмж, нарийн хүлээн зөвшөөрөлт байдаг бол, хэрвээ чи дараа нь Христтэй холбогдох үедээ зарим нэг зүйл хийж эсвэл зарим нэг зүйлд анхаарал тавьдаг бол аль үгэнд эрүүл ухаан байгааг, аль үгэнд эрүүл ухаан байхгүйг, ямар зүйлс эрүүл ухаантайг, ямар зүйлс эрүүл ухаангүйг танин мэдэх чадвартай байх болно. Энэ нь залбирлын зорилгод нийцдэг.

Залбиралд хандаж буй байдалдаа чи ноцтой байх ёстой. Хэрвээ чи Бурхан чамайг сонсдог гэж итгэн, орон дээрээ хэвтээд, залбирдаг бол сүсэг бишрэлээ харуулахгүй байна! Библид байдаг олон хүн залбирсан бөгөөд ямар нэгэн зүйлийг хэлэлцсэнийхээ дараа яаран дүгнэлт гаргаагүй. Бүх зүйл эцэстээ залбирлаар дамжуулан Ариун Сүнсээр тодорхойлогдож байв. Залбирлаар дамжуулан Иерихог дайрсан; мөн л залбирлаар дамжуулан Ниневегийн хүмүүс гэмшиж, өөрсдийг нь өршөөхийг Бурханаас гуйсан юм. Залбирал бол зан үйл биш, үүнд ихээхэн ач холбогдол бий. Хүмүүсийн залбирлаас бид юу харж болох вэ? Хүмүүс Бурханд шууд үйлчилж байгаа. Хэрвээ үүнийг зан үйл гэж үзвэл чи Бурханд сайтар үйлчилж мэдээж чадахгүй. Хэрвээ залбирал чинь үнэн сэтгэлийнх агаад чин үнэнч биш бол Бурхан чамайг тооцохгүй, чамайг үл ойшоох болно. Хэрвээ чамайг үл ойшоовол чи Ариун Сүнсийг өөртөө ажиллуулж чадах уу? Тиймээс чи ажлаа хийхдээ эрч хүчээ алддаг. Одооноос эхлээд залбиралгүйгээр ажиллаж болохгүй. Залбирал ажлыг авчирдаг ба залбирал үйлчлэлийг авчирдаг. Чи бол удирдагч, Бурханд үйлчилдэг хүн боловч чи залбиралд өөрийгөө хэзээ ч зориулаагүй бөгөөд залбиралдаа хэзээ ч ноцтой хандаж байгаагүй. Ийм байдлаар үйлчилбэл бүтэлгүйтэх болно. Залбирахгүй байх ямар эрх хүнд байдаг юм бэ? Бурхан махбод болсон учраас уу? Тэр бол шалтгаан биш. Заримдаа би бас залбирдаг. Есүс махбодод байх үедээ Өөрт нь чухал асуудал тулгарсан үед залбирдаг байсан. Тэр уулан дээр, завин дээр, цэцэрлэгт залбирсан ба шавь нарыгаа дагуулан залбирсан. Хэрвээ чи Бурханы өмнө удаа дараа очиж, олон дахин залбирдаг бол энэ нь Бурханыг ноцтойгоор авч үздэгийг чинь баталдаг. Хэрвээ чи ажлыг ихэвчлэн өөрөө хийдэг, ихэнхдээ залбирдаггүй ба Түүний нүднээс далдуур энэ, тэрийг хийдэг бол Бурханд үйлчлээгүй, харин ч өөрийнхөө л ажил хэргийг хийж байгаа. Өөрийнхөө ажил хэргийг хийснээрээ чи яллагддаггүй гэж үү? Гаднаас нь харвал, чи ямар нэгэн саад болох зүйл хийсэн мэт санагддаггүй ба Бурханыг доромжлоогүй мэт санагддаг боловч чи өөрийнхөө зүйлийг хийж байгаа. Чи саад болж байгаа биш гэж үү? Хэдийгээр гадна талаасаа чи саад болоогүй мэт харагддаг ч уг чанартаа Бурханыг эсэргүүцэж байна.

Хүмүүс бүгд үүнийг мэдэрсэн; өөрсдийнх нь хүсдэггүй байдлаар тэдэнд тохиолддог зүйлсийг тэвчихэд нэн хэцүү байдаг; өөрсдөд нь тавгүй байх үед тэд хэн нэгэнтэй ярилцах бөгөөд хэсэг хугацааны дараа тэдэнд тавгүй санагдахаа болино. Тавгүй байдлаас зайлсхийх нь тэдний нөхцөл байдлыг шийдвэрлэдэггүй. Заримдаа ажил дээр нь бэрхшээл тулгарах үед тэд дарамтанд ордог бөгөөд засалт, харьцалт тэдэн дээр ирэх үед тэдэнд тун дарамттай санагддаг... Энэ таагүй байдлын үеэр тэд залбирахын тулд хэчнээн удаа Бурханы өмнө очдог вэ? Тухай бүрд нь тэд өөрсдөө зохицуулалт хийж, будилуу байдлаар эргэлддэг. Тиймээс хүмүүс Бурханд итгэдэг боловч Бурхан зүрх сэтгэлд нь байдаггүй. Тэд нар бүгдээрээ, хогийн савнаас бага зэрэг энэ тэр зүйл түүж аваад хүүдийгээ дүүргэдэг гуйлгачны адилаар, үнэ цэнэгүй зүйлийг сохроор хийсээр байгаа; гэхдээ энэ нь үнэ цэнэгүй бөгөөд үүнийг таг сохроор хийдэг. Хүмүүс ихэнхдээ зөв замаас гаждаг ба хааяа хааяа үүнээс холдон явдаг. Бид үүнээс хүмүүсийн уг чанаыг харж болно. Хүмүүсийн уг чанар бол урвах явдал. Хэсэг зуур ажилласны дараа тэдэнд ямар ч Бурхан байдаггүй. Тэд бүр: “Би Бурханд итгэдэг; надад яаж Бурхан байхгүй байх юм бэ? Би Бурханы төлөө ажиллаж байгаа биш гэж үү?” гэж боддог. Чиний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, чи өөрийгөө Бурханаас холдуулдаг ба хийсэн бүхэндээ Түүнээс урвадаг. Залбирал бол хамгийн гүн гүнзгий зүйл; хэрвээ залбирахгүйгээр үйлчилж эхэлбэл чи хий дэмий үйлчилж байна. Чиний нөхцөл байдал улам хэвийн бус болж, улам бага үр дүнтэй байх болно. Залбирал бол залбирч байх зуур үг чинь хэр сайн байдаг тухай биш, чи зөвхөн өөрийнхөө бэрхшээлийн дагуу зүрх сэтгэлийнхээ үгийг ярьж, шударгаар ярих хэрэгтэй. Бүтээлийн нэг хэсгийн өнцгөөс, хүлцэнгүй байдлын өнцгөөс ярь: “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэл хэтэрхий хатуу гэдгийг Та мэднэ. Өө Бурхан минь, энэ хэрэг явдал дээр намайг залж чиглүүлээч; надад сул тал байдгийг Та мэднэ, би хэтэрхий дутуу дулимаг бөгөөд Танаар ашиглуулахад тохирохгүй. Би тэрслүү бөгөөд аливааг хийхдээ Таны ажилд саад болдог; миний үйлдлүүд Таны хүсэлтэй нийцдэггүй. Өөрийнхөө ажлыг хийхийг би Танаас гуйж байна, бид зөвхөн хамтран ажиллах болно...” Хэрвээ эдгээр үгийг хэлж чадахгүй бол чи дуусна. Зарим хүмүүс: “Залбирах үедээ би залбирал ухаалаг уу эсвэл үгүй юү гэдгийг ялган салгах ёстой; залбирах нь боломжгүй юм” гэж боддог. Энэ бол асуудал биш. Хэсэг зуур хэрэгжүүл, тэгвэл үүнийг ойлгох болно. Залбир тэгвэл чи зүй зохистой бус үгс байгаа эсэхийг мэдэх болно. Хүмүүсийг залбирах үед Бурхантай харилцах харилцаа нь хамгийн шууд харилцаа байдаг. Залбирлын үеэр хүмүүс болон Бурханы хоорондын харилцаа хамгийн ойр дотно болдог. Чи ямар нэгэн зүйл хийж байхдаа ихэвчлэн тэр даруйдаа өвдөг сөгдөн, залбирч чаддаг уу? Хүмүүс өвдөг сөгдөн, залбирах үед Бурхантай харилцах тэдний харилцаа хамгийн ойр байдаг. Бурханы үгийг уншиж байх үедээ хэрвээ чи залбираад, дараа нь дахин уншвал чамд өөр санагдах болно. Хэрвээ чи хэсэг хугацаанд залбираагүй бол унших үедээ чи Бурханы үгийг ойлгохгүй. Уншиж дуусах үедээ чи утгыг нь мэдэхгүй.

Бурханы өмнө залбирч, эрж хайх нь энийг эсвэл тэрийг хийхэд Бурханыг албадах явдал биш юм. Ухаалаг залбирал гэж юу вэ? Бодлогогүй залбирал гэж юу вэ? Хэсэг зуур туршлага хуримтлуулсны дараа чи мэдэх болно. Жишээ нь, энэ удаа залбирсныхаа дараа чи Ариун Сүнс үүнийг тийм байдлаар хийдэггүй, чамайг тийм байдлаар залж чиглүүлдэггүй гэдгийг мэдэрдэг. Дараагийн удаа залбирах үедээ чи тэгж залбирахгүй, өнгөрсөн удаагийнхтайгаа адилаар Бурханыг албадахгүй бөгөөд өөрийнхөө хүслийн дагуу аливааг Бурханаас гуйхгүй. Залбирах үедээ чи: “Өө Бурхан минь! Бүх зүйл Таны хүслийн дагуу хийгддэг” гэж хэлэх болно. Чи энэ хандлагад анхаарлаа хандуулж, хэсэг зуур тэмтчин явж байгаа цагт “бодлогогүй” гэдэг нь юу болохыг мэдэх болно. Өөрсдийн санаа зорилгын дагуу залбирах үедээ тэд уйтгартай, хэлэх үггүй, эв хавгүй болж, үггүйгээр ярьдаг гэдгээ хүмүүс сүнсээрээ мэдрэх нөхцөл байдал ч бас байдаг. Тэд хэдий чинээ ихийг хэлнэ, энэ нь төдий чинээ эв хавгүй болдог. Ингэж залбирах үедээ чи махан биеийг бүрэн дагаж байгаа гэдгийг энэ нь баталдаг бөгөөд Ариун Сүнс тийм байдлаар ажиллаж, чамайг залж чиглүүлдэггүй. Энэ бол тэмтчин явж байгаа хэрэг бөгөөд дадлага туршлагын асуудал юм. Би яг одоо чамтай ярьж дууссан ч гэсэн үүнийг мэдрэх үед чамд зарим нэг онцгой нөхцөл байдал байж болох юм. Залбирал нь үндсэндээ үнэнч шударгаар ярих явдал юм: “Өө Бурхан минь! Та миний завхралыг мэднэ, өнөөдөр би өөр нэг бодлогогүй зүйл хийчихсэн. Би дотроо санаа зорилготой байдаг боловч би зальтай. Тухайн үедээ би үүнийг Таны хүслийн дагуу эсвэл үнэний дагуу хийгээгүй, харин ч би үүнийг өөрийнхөө санаа зорилгын дагуу хийсэн ба өөрийгөө хаацайлсан. Одоо би өөрийнхөө завхралыг танин мэддэг бөгөөд намайг илүү их гэгээрүүлж, үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх боломжийг надад олгохыг би Танаас гуйж байна, тэгвэл би эдгээр зүйлийг хаяж чадна.” Ийм маягаар ярь; бодит хэрэг явдлуудын талаар өчиж, үнэн зөвөөр ярь: “Өө Бурхан минь! Би өөрийнхөө завхралаас ангижрахад бэлэн байна, би өөрийнхөө зан чанарыг өөрчилж, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байна.” Ихэнхдээ хүмүүс үнэнээсээ залбирдаггүй, тэд ердөө л бодож, эргэцүүлдэг, тэдэнд ердөө л сэтгэл зүйн ухамсар, гэмшил байдаг. Гэсэн хэдий ч тэд үнэнийг нэгд нэггүй ойлгодоггүй ба энэ нь залбирлаар дамжуулан хийгдэх ёстой. Залбирсны дараа ойлголтын чинь түвшин зүгээр л эргэцүүлж байснаас хамаагүй илүү гүнзгий байх болно. Ариун Сүнс чамайг хөдөлгөхийн тулд ажилладаг, чамд Түүний өгдөг нөхцөл байдал, мэдрэмж, сэтгэл хөдлөл нь энэ хэрэг явдлын талаар гүнзгий ойлгох боломж олгодог бөгөөд гэмшлийн түвшин чинь тун гүнзгий байх болно. Чи энэ хэрэг явдалд гүнзгий гэмших бөгөөд тийм болохоор нэгд нэггүй ойлгох болно. Хэрвээ чи зүгээр л өөрийгөө хааш яаш шалган шинжлээд дараа нь хэрэгжүүлэлтийн зөв замгүй байдаг бол, мөн үнэнд ямар ч ахиц дэвшил гаргадаггүй бол чи өөрчлөгдөж чадахгүй. Жишээ татвал, заримдаа хүмүүс шийдвэр гаргах үедээ: “Би өөрийгөө Бурханы төлөө хичээнгүйлэн зарцуулж, Бурханы хайрыг хичээнгүйлэн хариулах ёстой” гэж боддог. Чиний зарцуулалтыг идэвхжүүлэх ийм санаа зорилго чамд байх үед урам зориг чинь тийм ч агуу байх албагүй бөгөөд зүрх сэтгэлээ энэ тал руу бүрмөсөн зориулсан байх албагүй. Гэсэн хэдий боловч хэрвээ залбирах үедээ сэтгэл хөдөлбөл чи ийм шийдвэр гаргадаг: “Би бэрхшээл туулахад бэлэн байна, би Танаас шалгалт хүлээн авахад бэлэн байна, би Танд бүрэн захирагдахад бэлэн байна. Хэчнээн олон бэрхшээл байхаас үл хамааран би Таны хайрыг хариулахад бэлэн байна. Би Таны агуу хайрыг болон энэ агуу өргөмжлөлийг эдэлдэг. Би зүрх сэтгэлийнхээ гүнээс Танд талархаж, Таныг алдаршуулж байна.” Ийм төрлийн залбиралтай бол чамд хүч чадал өгөгдөх болно; энэ бол залбирлаас олж авсан үр дүн юм. Залбирсны дараа Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, залж чиглүүлэх ба үнэнийг хэрэгжүүлэх итгэл, эр зоригийг хүмүүст өгөх болно. Зарим хүмүүс Бурханы үгийг өдөр бүр уншдаг бөгөөд эдгээр үр дүнг гаргадаггүй. Тэд Бурханы үгийг уншиж, нөхөрлөж, хэлэлцсэний дараа зүрх сэтгэл нь цовоо сэргэлэн байх болно, тэд замтай байх болно. Хэрвээ Ариун Сүнс чамд сэтгэл хөдлөл, ачаа, удирдамж өгвөл энэ нь маш өөр байна. Хэрвээ Бурханы үгийг бага зэрэг уншсаны дараахан сэтгэл чинь хөдөлж, тухайн үедээ нулимс унагасан бол хэсэг зуур ажилласны дараа тэрхүү сэтгэл хөдлөл унтрах болно. Хэрвээ чамд нулимстай залбирал, чин үнэнч залбирал, үнэн сэтгэлийн залбирал байдаг бол эрч хүч чинь залбирал дууссанаас гурав хоногийн дараа буурахгүй. Хүн бүхэнд ийм төрлийн дадлага туршлага байдаггүй гэж үү? Энэ бол залбирлаас олж авдаг үр дүн юм. Залбирлын зорилго нь хүмүүс Бурханы өмнө очиж, Бурханы өөрсдөд нь өгөхийг зорьж байгаа зүйлийг хүлээн авахын төлөө байдаг. Хэрвээ чи байнга залбирч, Бурханы өмнө байнга очдог бол Бурхантай байнгын харилцаатай байх бөгөөд үргэлж Түүгээр хөдөлгөгдөж, Түүний хангалтыг хүлээн авах болно; тиймээс чи өөрчлөгдөж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжрах ба ухарч доройтохгүй. Ялангуяа ах эгч нар залбирлаараа нэгдэх үед. Залбирал дуусах үед ер бусын их эрч хүч байдаг, хүн бүхний нүүр царай хөлсөөр дүүрч, тэд ихээхэн зүйлийг олж авснаа мэдэрдэг. Үнэндээ хэдэн өдөр хамт байсныхаа дараа тэд нэг их харилцан ярилцаагүй, тэдний эрч хүчийг өдөөсөн зүйл нь залбирал байсан бөгөөд тэд өөрсдийнхөө гэр бүл болон дэлхий ертөнцийг нэгмөсөн орхихыг хүсдэг, тэд Бурханаас бусад бүх зүйлийг бүгдийг нь хаяж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Тэдний эрч хүч маш агуу болохыг чи хардаг. Ариун Сүнс хүмүүст энэ эрч хүчийг өгөхийн тулд ажилладаг бөгөөд хүмүүс үүнийг хэзээ ч эдлэж дуусахгүй! Хэрвээ чи энэ хүчинд найдахгүй, зүрх сэтгэлээ хатууруулж, гөжүүд хямсгар болдог бол; эсвэл хэрвээ чи өөрийнхөө сэтгэлийн тэнхээ, хүсэл эрмэлзэлд найддаг бол хаашаа явах вэ? Чи тээглэж унахаасаа өмнө хол явахгүй бөгөөд явахын хэрээр чамд тийм хүч чадал байхгүй байх болно. Хүмүүс эхнээсээ дуустлаа Бурхантай харилцах харилцаагаа хадгалах ёстой боловч явахынхаа хэрээр хүмүүс Бурханаас салдаг. Бурхан бол Бурхан, хүмүүс бол хүмүүс бөгөөд тэд тус тусын салангид замаар явдаг. Бурхан Өөрийнхөө үгийг хэлдэг, хүмүүс өөрсдийнхөө замаар явдаг. Хүмүүст ямар ч хүч чадал байхгүй үед Бурхан руу очиж, жаахан хүч чадал зээлэхийн тулд цөөн хэдэн үг хэлж магадгүй. Бага зэрэг хүч чадал зээлснийхээ дараа тэд зугтан оддог. Хэсэг хугацаанд гүйсний дараа тэдний чадал барагдаад Бурхан руу буцан очиж, Түүнээс дахиад бага зэрэг хүч чадал гуйдаг. Хүмүүс ийм байдаг бөгөөд тэд их удаан хугацаагаар үргэлжлүүлж чаддаггүй. Хүмүүс Бурханыг орхин явах үед тэдэнд ямар ч зам байдаггүй.

Олон хүмүүсийн өөрсдийгөө хязгаарлах чадвар тун дутуу дулимаг болохыг Би ухаарсан. Яагаад энэ вэ? Хүмүүс хэзээ ч залбирдаггүй бөгөөд залбирахгүй байх үедээ тэд завхай замбараагүй болдог; замбараагүй болонгуут тэдэнд ямар ч сүсэг бишрэл эсвэл номхон даруу байдал байдаггүй; тэд гагцхүү хүн чанар, шулуун шударга байдал болон өөрсдийн завхарсан уг чанарыг мэдэхэд анхаарал хандуулдаг бөгөөд тэгээд л тэр. Ариун Сүнс үнэндээ хэрхэн ажиллаж, хүмүүсийг хөдөлгөдгийг, мөн өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд Бурханы хүслийг хэрхэн эрж хайх ёстойг хүмүүс үл ойшоодог. Хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь итгэл төдий бөгөөд энд ямар ч сүнслэг зүйл байдаггүй. Эдгээр нь хоёр өөр зүйл. Энэ нь материализмын ертөнц төдий бөгөөд сүнслэг зүйлсийг үгүйсгэдэг. Тиймээс алхаж байх зуураа хүмүүс замаасаа хадуурч, унадаг. Залбиралгүйгээр үнэнийг хэрэгжүүлэх тэдний хэрэгжүүлэлт нь зөвхөн тодорхой цар хүрээн доторх нэг зарчмыг баримталдаг; тэд зөвхөн дүрэм журмыг хэрэгжүүлдэг. Хэдий чи дээрээс ирсэн зохицуулалтыг биелүүлснээр Бурханыг уурлуулдаггүй ч гэсэн, ердөө дүрэм журмыг дуулгавартай дагаж байгаа. Одоо үед хүмүүсийн сүнслэг мэдрэмж хөшүүн агаад удаан байгаа. Бурхантай харилцах хүмүүсийн харилцаанд сүнсээрээ хөдөлгөгдөх эсвэл гэгээрүүлэгдэх мэдрэмж гэх мэтийн олон нарийн зүйл байдаг; гэхдээ хүмүүс үүнийг мэдэрдэггүй, тэд хэтэрхий хөшүүн. Энэ нь дуулахтай адилхан, хүмүүс байнга дуулахгүй байх үедээ хөг ая мэдэхээ больдог. Хүмүүс Бурханы үгийг уншдаггүй бөгөөд тэд сүнслэг амьдралын зүйлстэй хэзээ ч холбогддоггүй. Тэд өөрсдийнхөө нөхцөл байдлыг ухаардаггүй. Залбирахгүйгээр, чуулганы амьдралгүйгээр сүнслэг амийн нөхцөл байдлыг ухаарах боломжгүй. Та нарт ингэж санагддаг уу? Бурханд итгэхийн тулд ингэж залбирах шаардлагатай. Залбирахгүйгээр Бурханд итгэж буй дүр төрхтэй байж чадахгүй. Одоо бид, ямар ч зохицуулалтын хэрэг байхгүй, хүн хэдийд ч, хаана ч залбирч болно гэж хэлдэг. Иймээс зарим хүмүүс тун ховорхон залбирдаг; тэд өглөө босоод залбирдаггүй. Тэд үсээ самнаж, нүүрээ угаагаад дараа нь ном уншиж, дуу дуулдаг. Шөнө тэд орондоо ороод, залбирахгүйгээр унтдаг. Та нарт ингэж санагддаг уу? Хэрвээ залбирахгүйгээр зүгээр л Бурханы үгийг уншдаг бол чи Бурханы үгийг уншдаг бөгөөд үүнийг ойлгодоггүй үл итгэгч шиг байх болно. Залбиралгүйгээр зүрх сэтгэлээ бүрэн зориулахгүй ба сүнсэндээ эсвэл сүнсэн доторх сэтгэл хөдлөлдөө нарийн мэдрэмжтэй байж чадахгүй. Чи хөшүүн, удаан байх ба өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар гадаад талын зарим нэг зүйлсийг л хэлэх болно. Чи Бурханд итгэдэг юм шиг санагддаг боловч үнэндээ мэдрэмжийн гүн чинь тийм ч гүнзгий биш. Чи Бурханд итгэдэггүй мэт санагддаг бөгөөд яаж ч оролдсон залбирч чаддаггүй. Энэ нь хэдийнээ маш аюултай. Чи Бурханаас хол байдаг ба Бурхан зүрх сэтгэлд чинь байдаггүй мэт санагддаг. Залбирахын тулд сүнсэнд эргэн ирэх нь гадна талын завгүй ажилд саад болдоггүй; энэ нь саад болохгүйгээр үл барам ажилд бас тустай байдаг.

Өмнөх:Үнэнгүйгээр Бурханыг уурлуулах амархан

Дараах:Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ

Танд таалагдаж магадгүй