Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах

1. Зөвхөн Бурхан чиний хувь заяаг урьдаас зурсан эсэх талаар санаа зовох бус харин өөрийн эрэл хайгуулын тухай санаа зовни

Олон хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй: тэд Бурханы урьдаас тогтоосон хүмүүс л гарцаагүй аврагдах бөгөөд Бурханы урьдаас тогтоогүй хүмүүс хэдий илүү сайныг хийгээд ч аврагдахгүй гэж боддог. Тэд Бурхан хүмүүсийн үр дүнг тэдний үйл хөдлөл хийгээд зан авир дээр тулгуурлан тодорхойлдог гэж боддоггүй. Хэрэв чи ингэж боддог бол Бурханыг буруугаар ойлгосон байна. Хэрэв Бурхан үнэхээр ингэдэг бол Тэр зөвт байна гэж үү? Бурхан дараах зарчим дээр тулгуурлан хүмүүсийн үр дүнг тодорхойлдог: Эцсийн дүнд хүмүүсийн үр дүн тэдний хувийн үйл хөдлөл болон зан авираар тодорхойлогдоно. Чи Бурханы зөвт зан чанарыг харахгүй байгаа бөгөөд Бурханыг үргэлж буруугаар ойлгож, Түүний хүсэл зорилгыг мушгин гуйвуулдаг. Ийм учраас чи үргэлж гутранги байдалтай байх бөгөөд итгэл найдвараа алдсан байдаг. Энэ чинь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг бус уу? Бодит байдал дээр чи үнэхээр Бурханы хүсэл зорилгыг ойлгож, түүнд итгэл төгс байдаг уу? Чи үргэлж л “Бурхан хувь заяаг урьдаас тогтоодог” гэдгийг ашиглан хүрээ тогтоож, Бурханы үгийг үгүйсгэдэг. Энэ бол Бурханы тухай ноцтой буруугаар ойлгож байгаа явдал юм! Чи Бурханы ажлыг ойлгохгүй. Чи Бурханы хүслийг бүрэн дүүрэн ойлгоогүй байгаа. Бүр цаашилбал чи Бурханы эзэгнэх ажлынхаа 6000 жилд оруулсан Түүний сайн хүсэл зорилгыг ойлгохгүй! Чи өөрийгөө цөхрөл гутрал, таамаглалд орхиж, Бурханд эргэлздэг. Чи зүтгэгч байхаас үхэтлээ айж, “надад агуу гэх зүйл юу ч байхгүй” гэж боддог. Би яагаад энэ албан тушаалд ахиж байна вэ? Бурхан намайг ашиглаад байна уу? Тэр намай зүтгэгч болгоод дараа нь миний хэрэг үгүй болох үед намайг хаях гэж байна уу?” Бурханыг харах өнцөг чинь энэ үү? Эрх мэдэлтэн хүмүүстэй Түүнийг нэг ангилалд оруулж байна уу? Чи цаг мөч бүрд Бурханыг буруугаар ойлгож иржээ. Чи Бурханыг муугаар бодож, Түүнийг зэвүүцсэн. Чи хэзээ ч Бурханы үг хийгээд эрс шулуун байдалд итгэж байгаагүй. Чи зүтгэгч болох эхний алхмыг хийсэн, чи зүтгэгчийн зам мөрөөр алхах эхлэлээ тавьсан, гэхдээ чи өөрийн зан чанараа өөрчлөх эрлийг хийгээгүй бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовлон зүдүүрийг туулаагүй. Эцсийн дүнд чи өөрийн үүрэг хариуцлагыг Бурхан руу түлхэж, Бурхан чамайг урьдаас тогтоогүй, Бурхан чамд чин үнэнч байгаагүй гэж хэлдэг. Асуудал нь юунд байна вэ? Чи Бурханы хүсэл зорилгыг буруугаар ойлгож байна. Чи Бурханы үгэнд итгэхгүй байна. Чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Мөн үүргээ биелүүлэнгээ өөрийгөө зориулахгүй байна. Ийм байдлаар яаж Бурханы хүслийг хангаж чадах билээ? Ийм байдлаар чи зүтгэгч байх хамгийн бага шаардлагыг ч хангаж чадахгүй. Ийм байхад чи хэрхэн Бурхантай хэлэлцэхэд эн тэнцэх билээ? Хэрэв чи Бурханыг зөвт бус гэж бодож байгаа бол тэгээд яагаад Түүнд итгэдэг юм бэ? Чи Бурханы гэрийн төлөө хүчин зүтгэл гаргахын оронд Бурхан чамд “Чи бол хаанчлалын ардын дундаас гаралтай бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж хэлээсэй гэж байнга хүсдэг. Хэрэв Бурхан ингэж хэлэхгүй бол чи хэзээ ч өөрийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй. Ямар тэрслүү хүмүүс вэ! Өөрийн зан чанарыг өөрчлөх гэж хэзээ ч анхаарч байгаагүй, үнэнийг хэрэгжүүлэх гэж бүүр ч анхаарч байгаагүй маш олон хүнийг би харж байсан. Тэд зөвхөн сайн эцсийн оронд хүрэх эсэх, Бурхан тэдэнтэй хэрхэн харьцах, Бурхан тэднийг Өөрийн ард болгохоор урьдаас тогтоодог эсэх талаар асууж, эдгээр болон бусад дам ярианд зөвхөн анхаарлаа хандуулдаг. Үнэнч шударга ажилд оролцдоггүй эдгээр хүмүүс хэрхэн мөнхийн амийг олох билээ? Тэд хэрхэн Бурханы гэрт үлдэж чадах билээ? Би одоо та нарт ариунаар хэлж байна: Хэрэв урьдаас тогтсон хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэр эцсийн дүнд таягдуулах болно. Харин чин үнэнчээр өөрийгөө зориулж, үнэнийг хэрэгжүүлэх гэж чадах бүхнээ хийж байгаа хүний хувьд хэдий түүнийг урьдаас тогтоогүй гэж хүмүүс харж байгаа ч урьдаас тогтсон хүмүүс гэж нэрлэгдэх атлаа үнэнч зан байдал байхгүй хүмүүсээс илүү дээр эцсийн оронд хүрэх болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм. Чи эдгээр үгэнд итгэж байна уу? Хэрэв чи эдгээр үгэнд итгэж чадахгүй байгаа бол, хэрэв чи аливаа зүйлд буруу замаар явсан хэвээр байгаа бол гарцаагүй амьд үлдэж чадахгүй гэдгийг би чамд хэлье. Учир нь чи Бурханыг жинхэнэ үнэнээр хүсэхгүй байгаа бөгөөд үнэнд дурлаагүй байна. Ийм замаар явах тул Бурхан хүмүүсийн хувь заяаг урьдаас тогтоосон эсэх бол чухал зүйл биш. Би үүнийг хэлж байгаа шалтгаан нь эцсийн дүнд Бурхан хүмүүсийн үр дүнг тэдний үйл хөдлөл болон зан авираар тодорхойлох учраас юм. Харин бодитоор хэлэхэд Бурхан хувь заяаг урьдаас тогтоох гэдэг зөвхөн багахан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхгүй. Чи эдгээр үгийг ойлгов уу?

2. Сүүлчийн өдрүүдэд хийх Бурханы ажил хүмүүст ял оноох зорилготой бус, харин илүүтэйгээр хүмүүсийг аврах зорилготой юм.

Зарим хүмүүс “Миний уг чанар сайн биш, тиймээс болдог зүйл болдгоороо болог” гэж хэлдэг. Чи махан биеэс урваж чадахгүй юу? Чамд зүрх сэтгэл хийгээд оюун санаа байна уу? Та нар өдөр тутам хэрхэн залбирдаг вэ? “Махбод минь, гараад ир! Бүх зүйл болдгоороо болог. Бурхан үүнийг урьдаас зурчихсан. Би юу ч хийх хэрэггүй”. Энэ та нарын залбирал уу? Үгүй юу! Тэгээд та нар яагаад Бурхантай ажиллахгүй байгаа юм бэ? Бага зэргийн гэм буруу үйлдсэн зарим хүмүүс “Бурхан намайг ниргэх үү” гэж бодох байх. Бурхан энэ удаа хүмүүсийг ниргэхээр ирээгүй, харин илүүтэйгээр аль болох олон хүмүүсийг аврах гэж ирсэн. Ямар ч алдаа дутагдалгүй хүн гэж хэн байна вэ? Хэрэв хүн бүрийг ниргэх юм бол үүнийг яаж аврал гэж нэрлэх юм бэ? Зарим гэм бурууг зорилготойгоор хийсэн байдаг бол зарим гэм бурууг санамсаргүй хийсэн байдаг. Санамсаргүй хийгдсэн зүйлсийн хувьд чи тэдгээрийг ухамсарлаж ойлгосны дараа өөрчилж болно. Тиймээс Бурхан чамайг өөрчлөгдөхөөс өмнө ниргэнэ гэж үү? Ийм байдлаар Бурхан хүмүүсийг авардаг гэж үү? Ийм зүйл байдаггүй! Чи санамсаргүй эсвэл тэрслүү зангаар гэм буруу үйлдсэн эсэхээс үл хамааран үүнийг санаж ав: Бушуу түргэн бодит үнэнийг ухамсарла! Урагшаа зүтгэ. Ямар ч нөхцөл байдал гарч ирэх нь хамаагүй чи урагшаа зүтгэх ёстой. Бурхан хүмүүсийг аврах гэж ажиллаж байна. Тэр өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсээ сохроор ниргэхгүй. Өөрчлөлтийн түвшингээс чинь үл хамааран эцсийн дүнд хэдий Бурхан чамайг ниргэсэн ч Тэр үүнийг зөвт байдлаар хийх нь гарцаагүй. Тэгээд цаг хугацаа нь ирэхээр Тэр чамд үүнийг ойлгуулах болно. Яг одоо бол урагшаа зүтгэж, өөрчлөлтийг эрж хайн, Бурханыг хүслийг хангахыг эрэлхийлэх нь чиний цорын ганц үүрэг хариуцлага. Чи Бурханы хүсэлд нийцүүлэн үүргээ биелүүлэхэд л санаа тавих хэрэгтэй. Үүнд ямар нэгэн буруу гэж үгүй! Эцсийн дүнд Бурхан чамтай хэрхэн харилцаж байгаа нь хамаагүй энэ бүгд цаг ямагт зөвт байдлаар хийгдэнэ. Чи үүнд эргэлзэх эсвэл энэ тухай санаа зовох хэрэггүй. Чи Бурханы зөвт байдлыг яг одоо ойлгож чадахгүй байлаа ч нэг л өдөр үүнд итгэж үнэмших болно. Бурхан бол засгийн газрын албан тушаалтан эсвэл диаволуудын хаан шиг байхгүй нь тодорхой! Хэрэв та нар энэ үзлийг нарийн нягт ойлгохыг хичээвэл эцсийн дүнд та нар Бурхан хүмүүсийг аварч, хүмүүсийн зан чанарыг өөрчлөхөөр ажилладаг гэдэгт бат итгэх болно. Энэ бол хүмүүсийн зан чанарыг өөрчлөх ажил тул хэрэв хүмүүс өөрсдийн зан чанарыг илчлэхгүй бол юу ч хийгдэж чадахгүй бөгөөд үр дүн гэж байхгүй. Харин чи өөрийн зан чанарыг илчилсний дараа хэвээр үргэлжлэх аваас ярвигтай зүйл болох бөгөөд энэ нь захиргааны тушаалыг зөрчиж, Бурханд халдаж байгаа хэрэг болно. Бурхан өөр өөр түвшний шийтгэл ноогдуулж, чи өөрийн үйлдсэн гэм буруугийн төлөөх төлөөсийг төлөх болно. Хааяа чи ухамсаргүйгээр замаа алдаж, Бурхан үүнийг чинь чамд үзүүлж, чамайг засаж, чамтай хэлэлцэх болно. Хэрэв чи илүү сайнаар хийвэл Бурхан чамайг хариуцлагад татахгүй. Энэ бол өөрчлөлтийн хэвийн үйл явц юм. Энэ үйл явцаар аврах ажлын жинхэнэ ач холбогдол илэрхийлэгддэг. Энэ бол түлхүүр нь! Тухайлбал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох заагийг авч үзье. Өнөөдөр чи хэн нэгний гарыг атгах өдөөлттэй үйлдэл хийж байна. Гэвч чи эргэцүүлэн тунгаах төлөвт орох үедээ: Энэ завхай бусармаг зан авир бус уу? Энэ гэм нүгэл бус уу? Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох заагийг бариагүй бол Бурханыг гутааж байгаа хэрэг бус уу? Би яаж ийм зүйл хийж чадаж байна аа? Тэгээд чи Бурханы өмнө ирж, ийнхүү залбирах болно: “Өө, Бурхан минь! Би дахин нүгэл үйлдлээ. Энэ бол үнэнтэй үл нийцэх зүйл. Би ялзарсан махан биеийг зэвүүцэж байна”. Дараа нь чи тэдэнд хүрэхгүй байх эсвэл хэт ойртож очихгүй байх шийдвэр гаргана. Энэ өөрчлөлт биш гэж үү? Хэрэв чамд ийм төрлийн өөрчлөлт байгаа бол Бурхан чамайг тэдний гарыг атгасны төлөө мөн шийтгэх үү? Хэрэв чи тэдний гарыг атгаад, үүнийгээ буруу гэж мэдэрсэн боловч Бурханы өмнө гэм нүглээ хүлээн зөвшөөрөөгүй, энэ бол ичгэвтэр зүйл биш гэж бодон, өөртөө зэвүүцэхгүй, сонор сэрэмжтэй бус эсвэл шийдвэр төгс бус бол дараа нь чи зөвхөн тэдний гарыг атгаад зогсохгүй тэднийг тэврэх болно. Байдал улам бүр ноцтой болж, чамайг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Ийнхүү үйлдсэнээр Бурхан чамайг гэм нүглийн чинь төлөө шийтгэх болно. Чи дахин давтан нүгэл үйлддэг бол энэ нь засаршгүй зүйл. Хэрэв чи үнэхээр санамсаргүй байдлаар ялзарсан зан чанарынхаа багахан хэсгийг илчилсэн бөгөөд гэмшиж чадсан тохиолдолд Бурхан чамайг шийтгэхгүй бөгөөд чи аврагдах боломжтой. Бурхан хүмүүсийг аврахыг хүсдэг. Хүмүүсийн уг чанар зарим түвшинд илчлэгдэхгүй байх боломжгүй байдаг. Гэхдээ чи гэмшихэд анхаарал хандуулж, хурдан түргэн өөрчлөгдөх хэрэгтэй. Ингэснээр Бурханы хүслийг хангах бус уу? Зарим хүмүүс үүнд итгэдэггүй бөгөөд үргэлж л Бурханы тухай болгоомжилсон хандлагатай байдаг. Ийм хүмүүс эрт оройгүй хэзээ нэгэн цагт зовох болно.

Үүнийг өмнө нь хэлж байсан: Өнгөрсөн үйл явдлыг үзэгний үзүүрээр амархан цуцалж болно. Өнгөрснийг орлуулахад ирээдүйг ашиглаж болно. Бурханы тэвчээр хязгааргүй. Гэхдээ эдгээр үгийн дотор зарчим гэж бий. Энэ нь эцсийн дүнд чи хэр том нүгэл үйлдсэн бай хамаагүй Бурхан үүнийг ганц илэлтээр цуцалчихна гэсэн үг биш. Бурханы бүх ажилд зарчим гэж бий. Өмнө нь иймэрхүү төрлийн захиргааны тушаал байсан: Өмнө нь тодорхой хэмжээний нүгэл үйлдсэн ч Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч байгаа хүнд орж ирэхийг зөвшөөр. Харин элсэн орсныхоо дараа дахин урьдын нүглийг үйлдвэл түүнтэй тодорхой замаар тооцоо бод. Хэрэв тэр тухайн нүглийг дахин давтан үйлдэх аваас түүнийг хөөж явуул. Бурхан цаг ямагт Өөрийн ажилдаа аль болох бололцооны хэрээр хүмүүсийг өршөөсөөр ирсэн. Энэ өнцгөөс харвал энэ бол жинхэнэ утгаараа хүмүүсийг аврах ажил юм. Гэхдээ энэ эцсийн шатанд хэрэв чи зарим өршөөж болшгүй нүглийг дахин үйлдэх аваас чамайг засаж, өөрчлөх боломжгүй. Бурханд хүмүүсийн зан чанарыг өөрчлөх болон тэднийг аврах үйл явц гэж бий. Хүмүүс өөрсдийн зан чанарыг илчилснээр Бурхан тэднийг өөрчлөх болно. Хүмүүс зан чанараа тасралтгүй илчилж, тэдгээр нь өөрчлөгдсөнөөр Бурхан Өөрийн аврах зорилгодоо хүрдэг. Зарим хүмүүс энэ миний уг чанар учраас би үүнийг аль болох боломжит хэмжээгээр ил гаргая, дараа нь би үүнийг ухаарч ойлгоод, үнэнийг хэрэгжүүлэх болно гэж боддог. Ийм үйл явц шаардлагатай гэж үү? Хэрэв чи жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлдэг хүн бол, хэрэв бусдад байгаа зарим асуудлууд чамд ч бас байна гэдгийг олж хардаг бол чи тэдгээр зүйлийг хийхээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх болно. Энэ шууд бус өөрчлөлт биш гэж үү? Заримдаа чи нэг зүйлийг ийм маягаар хийе гэж бодож байснаа түүнийгээ хийхээс өмнө ухамсарлаж, хийхээс татгалздаг. Энэ авралын үр дүнг хүртэж байгаа хэрэг бус уу? Үнэн бүрийг хэрэгжүүлэх үйл явц гэж байдаг. Хэрэгжүүлж эхэлж байх үед өөрийн бодол жоохон ч холилдохгүй, алдаагүй оновчтой байх боломжгүй, зарим зүйлд бүрэн дүүрэн өөрийн бодолдоо найддаг. Гэхдээ хариуцагдаж, засагдсаны дараа эцсийн дүнд чи Бурханы хүсэл зорилго болон үгэнд бүрэн дүүрэн нийцүүлэн үйлдэх болно. Энэ бол өөрчлөлт, хувиргалт юм.