Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

“Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр

1. Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа “Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ.” Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсөн ажил бүр ч илүү чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

2. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” гэж хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ бат зогсож чаддаггүй. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн их өргөмжилж, хэр чанга хашхирсан ч бай Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч, “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол өгөх хэрэггүй: Түүний Өөрийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлөхөд Түүний ажил л хангалттай юм. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж үү? Өөрийн ажлыг эхлэхээсээ ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг Бурханы бүх зан чанар: энэ бүхнийг чи илэрхийлэх чадваргүй. Иймд өөрийгөө Бурхан гэж хэлэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр байх ба ямар ч мөн чанар байхгүй байх байсан. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Түүнийг юу гэж дуудахаас чинь үл хамааран Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлдөг ба Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол Бурхан гэж нэрлэгдэж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

3. Ариун Сүнсний ашиглаж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь бүхэлдээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьсон ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүмүүсийн (өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн) хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсээс илүү давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүсийн хангадаг зүйл бол тэдний хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс ашигладаг боловч тэдний хийдэг ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол ердөө, биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний босгосон хүмүүс юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Эдгээр хүмүүс Түүний удирдлага дахь агуу ажлыг хийж чадахгүй, мөн шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн чиг үүргийг биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийдэг ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил нь Бурханы удирдлагыг агуулдаггүй, мөн Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. … Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүний үр дүнд, адилхан ажил хийж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд ашиглагддаг хүн бас шинэ ажил хийж болох ба урьдны эрин үед хийсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон дадлыг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцлахдаа ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх төлөвлөснөөрөө шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил нь гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үед Өөрийн үгийг илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

4. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь, “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Тэр тохиолдолд Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэр Ариун Сүнсээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг тависан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосон байсан уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжөөгүй бөгөөд ердөө эхлэлийг бүрдүүлж байсан юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь эцэс болгосон боловч Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан бөгөөд цаашлаад Тэр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг тавьсан. Хэдийгээр түүний ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам буюу илүү гүнзгий үнэнийг ч хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийн тухай ойлголтыг ч олж аваагүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгосон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялгаж таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажил адилхан байгаагүй бөгөөд өөр шинж чанартай байсан. Үүнээс хүн, Бурхан мөн эсэхийг нь тодорхойлдог. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэх явдал байв. Тэр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил нь эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээн, газар сайгүй хэрэн явжээ. энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаатай нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас хүний хэрэгжүүлэх ёстой үг гарч, Нигүүлслийн эрин үед хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлаа дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийсэн нь Есүс байсан ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

5. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг таньж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; таньж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг батлахгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаж, ажлын энэ үе шатыг үгүйсгэхийн тулд таарч тохирохгүй зүйлийг ашигладаг хүмүүс ч байдаг. Энэ нь сохорсон хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

6. Махбодод ирсэн Бурхан хүн шиг амьдардаггүй нь гарцаагүй гэдэгт хүмүүс итгэдэг; Тэр ариун хүн учраас Өөрийн шүд болон нүүрийг угаах хэрэггүй цэвэрхэн гэж тэд итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаар тэмдэглээгүй зөвхөн Түүний ажлын тухай байдаг боловч Түүнд хэвийн хүн чанар байгаагүй, эсвэл Тэр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг энэ нь баталдаггүй. Тэр 29 насандаа Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн боловч тэр наснаас өмнө хүний хувиар өнгөрөөсөн Түүний бүх амьдралыг чи хасаж болохгүй. Библи ердөө тэр хугацааг тэмдэглэлдээ оруулаагүй; Түүний амьдрал нь жирийн хүний амьдрал байсан ба Түүний бурханлаг ажлын цаг үе байгаагүй тул бичиж тэмдэглэх хэрэггүй байлаа. Есүсийг баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнс шууд ажиллаагүй, харин Есүсийн үйлчлэлээ гүйцэтгэх өдөр болох хүртэл Түүний амьдралыг жирийн хүн байдлаар байлгаж байв. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч жирийн хүний адилаар нас биед хүрэх үйл явцыг туулсан юм. Нас биед хүрэх үйл явцыг Библиэс хассан. Энэ нь хүний амийн өсөлтөнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй учраас үүнийг хассан юм. Баптисм хүртэхээс өмнөх хугацаа нь нууцлаг үе байсан ба Тэр ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй. Есүс баптисм хүртсэнийхээ дараа л хүн төрөлхтнийг золин аврах бүх ажлыг буюу нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн ажлыг эхэлсэн юм. Энэ ажлын эхлэл нь бас яг нарийндаа Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан; энэ шалтгааны улмаас үүнийг бичиж тэмдэглэж, өнөөг хүртэл дамжуулжээ. … Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнө, эсвэл Библид бичсэнчлэн Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байв. Ариун Сүнс Түүн дээр бууж ирэх үед буюу Тэр Өөрийн үйлчлэлийг эхлүүлэх үед Түүнд ер бусын зүйл шингэжээ. Ийм маягаар хүн, Бурханы махбод болсон биед хэвийн хүн чанар байгаагүй гэж итгэж эхэлдэг бөгөөд цаашлаад бие махбодтой болсон Бурханд ямар ч хүн чанар байхгүй гэж эндүүрэн боддог. Мэдээж, Бурханыг газар дээр ирэх үед Түүний ажил болон Түүний талаар хүний хардаг бүхэн ер бусын байдаг. Түүний ажил болон Түүний үг нь хүн ойлгохооргүй, хүрэхээргүй байдаг учраас нүдээрээ хардаг болон чихээрээ сонсдог зүйл чинь бүгд ер бусын байдаг. Хэрвээ тэнгэрийн ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Хүн ойлгошгүй, ухааршгүй, мөн хэтэрхий гайхалтай, ухаалаг нууц болох тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчрах үед—тэдгээр нь бүгд ер бусын биш гэж үү? Гэхдээ, энэ нь хэчнээн ер бусын байсан ч бүх зүйл Түүний хэвийн хүн чанар дотор гүйцэтгэгддэг гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махбод болсон биед хүн чанар байдаг; эс бөгөөс Тэр Бурханы махбод болсон бие биш байх байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

7. Махбод дахь Бурханы Сүнсний ажил нь бас өөрийн гэсэн зарчимд захирагддаг. Хэвийн хүн чанарыг эзэмших үедээ л Тэр ажлыг өөртөө авч, Эцгийн даалгаврыг хүлээн авч чадна. Зөвхөн тэр үед л Тэр Өөрийн ажлыг эхэлж болох юм. Хүүхэд насандаа Есүс, эрт цагт тохиолдсон зүйлийн ихээхний талаар юу ч ойлгож чадахгүй байсан ба зөвхөн рабби нараас асууснаар ойлгож авчээ. Хэрвээ Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол Түүний хувьд ямар ч алдаа гаргахгүй боломжтой байх байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Тиймээс ажиллах чадвартай болсныхоо дараа л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн; Тэр үүнийг хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил гүйцэтгээгүй. 29 настайдаа Есүс аль хэдийн хангалттай төлөвшсөн байсан бөгөөд Түүний хүн чанар, хийх гэж байсан ажлаа явуулахад нь тохирохуйц болсон байлаа. Зөвхөн тэр үед л, гучин жилийн турш нуугдмал байсан Ариун Сүнс Өөрийгөө илчилж эхэлсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүн дотор ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Иохан Түүнд зориулсан замыг нээхийн тулд долоон жилийн турш бэлдсэн байсан бөгөөд ажлаа дуусгасны дараа шоронд орсон. Тэгээд ачаа бүхэлдээ Есүс дээр унасан. Хэрвээ Тэр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, хүн чанар нь дутуу дулимаг байх үед, дөнгөж нас биед хүрэх үедээ, мөн олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, хяналтыг гартаа авч чадахгүй байх байлаа. Тухайн үед, Есүсийг ажлаа эхлэхээс өмнө Иохан өөрийн ажлыг аль хэдийн хэсэг зуур хийгээд байсан ба тэгэхэд Тэр аль хэдийн дунд эргэм настай байв. Тэр насандаа Түүний хэвийн хүн чанар нь Өөрийн хийх ёстой ажлыг хийхэд хангалттай болсон юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

8. Бие махбодтой болсон Бурхан махбодод ажиллах үед ажилд олон зарчим байдаг бөгөөд хүний ердөө ойлгодоггүй олон зүйл байдаг; хүн үүнийг хэмжихдээ, эсвэл Бурханд хэт их шаардлага тавихдаа өөрийн үзлийг байнга ашигладаг. Гэхдээ өнөө үед ч гэсэн, өөрсдийнх нь бүх мэдлэг гагцхүү өөрсдийнх нь үзлээс бүрддэг гэдгийг олон хүн мэддэггүй. Бурханы бие махбодтой болсон эрин үе, эсвэл газар ямар ч байсан гэсэн, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчихоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл Тэр махбод болчихоод махбодын хэвийн хүн чанар дотроо ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь бүхэлдээ утгагүй болох байв. Цаашлаад Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ингэснээр махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн харуулж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн агаад хэвийн хүн гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

9. Зарим хүмүүс, эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүний оронд зогсож болохгүй юу? гэж гайхаж байж магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг нээх зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэр хуучин эрин үеийг мөн нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг явуулдаг нь Тэр Өөрөө юм, иймээс өмнөх эрин үеийг төгсгөдөг нь Тэр Өөрөө байх учиртай. Энэ бол, Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед энэ нь, Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйн баталгаа юм. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал болон шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй үйлдлээс өөр юу ч биш байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Иймд та нар зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаардахгүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр өөрийн үүргийг сахиж, тус тусын чиг үүргийг гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг нээж дууссаны дараа хүн төрөлхтний дунд Өөрөө ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйл болохын хувд үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь ажлыг удирддаг зарчмууд бөгөөд нэг ч хүн зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Өөрийн ажлыг явуулдаг нь Тэр бөгөөд, мөн Өөрийн ажлыг дуусгадаг нь Тэр билээ. Ажлыг төлөвлөдөг нь Тэр, ажлыг удирддаг нь ч Тэр бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог нь ч Тэр юм. Библид өгүүлсэнчлэн, “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийн удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, мөн хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулна, Тэр бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, тийнхүү Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

10. Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил, гадна байгаа хүмүүст хаалттай байдаг. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн нь ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий их нуугдмал байдаг! Тэдний хувьд Бурхан махбод болсон нь нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэдэг хүмүүст хандаж хэлсэн юм; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч ил болдоггүй. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд, энд одоо хийгдэж байгаа ажил нь чанд хаалттай байдаг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол тэдний хийх бүх юм нь үүнийг яллаж, хавчлага тулгах явдал байдаг. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гаран тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт үргэлжлүүлж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг нээлттэйгээр гүйцэтгэх байсан бол үүнийг хийхийг тэд яаж зөвшөөрөх юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулахгүй гэж үү? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүсийн цаг үе шиг, Тэр гайхамшигтайгаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан үетэй адилаар үргэлжлүүлсэн бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд танхимд орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажлыг яаж үргэлжлүүлэн гүйцэтгэх юм бэ? Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

11. Махбод болсон Бурхан биечлэн ажлаа хийж байх энэ хугацаандаа Өөрийг нь дагадаг хүмүүсийн нэг хэсэгт л Өөрийгөө харуулдаг ба бүх бүтээлд харуулдаггүй. Тэрээр Өөрийн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон болохоос Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэхийн төлөө байгаагүй. Гэхдээ Өөрийн ажлыг Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай байдаг. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийн Түүний биеийн дүр төрх биш юм, учир нь Бурханы дүр төрхийг зан чанараар нь л дамжуулан үзүүлж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүр төрхөөр сольж болохгүй. Түүний махбодын дүр зураг нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн Иудейчуудад л үзүүлсэн бөгөөд бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүй байсантай адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэр хүмүүсээс даруй холдон явсан бөгөөд үлдээгүй; дараа нь Өөрийгөө хүнд үзүүлсэн Нэгэн нь хүний энэ дүр төрх буюу Тэр байгаагүй, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ үед хүн Түүний махан биеийн дүр төрхийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч үзүүлдэггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал байдаг. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг бөгөөд эрин үедээ тохирсон байдаг; энэ нь Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр төрх бүх хүнд үзэгдэхгүй. Олон нийтэд үзүүлдэг зүйл нь хоёр удаа махбод болох үеийн Түүний дүр төрх биш, харин Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ юм. Энэ нь хүнд үзэгддэг ганц дүр төрх ч биш, мөн нийлүүлсэн хоёр дүр төрх ч биш. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх хэрэгтэй ажлаа дуусгангуутаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэр зөвхөн Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирдгээс биш Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Бие махбодтой болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа махбод болсноор гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Тэр Өөрийгөө ил тод харуулахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

12. Махбод болсон Бурханы ажил нь шинэ эрин үеийг нээх явдал гэдгийг та нар мэдэх учиртай. Энэ ажил нь хэдхэн жилээр хязгаарлагдах ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцэлдүүлж чадахгүй. Энэ нь, Иудей хүн болох Есүсийн дүр төрх нь Иудейд ажиллаж байх үеийн Бурханы дүр төрхийг л төлөөлж чадах бөгөөд Тэр зөвхөн цовдлолын ажлыг л хийж чадах байсантай адил юм. Есүс махбодод байх хугацаандаа эрин үеийг төгсгөх, эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Тиймээс цовдлогдож, ажлаа дуусгасныхаа дараа Тэр дээш явж, хүнээс Өөрийгөө үүрд нуусан юм. Тэр цагаас эхлээд Харь үндэстнүүдийн үнэнч итгэгчид Эзэн Есүсийн илрэлийг харж чадалгүй, харин зөвхөн ханан дээр наасан Түүний хөрөг зургийг л харах болсон. Энэ хөрөг зураг нь хүний зурсан зураг болохоос биш Бурхан Өөрөө хүнд үзүүлсэн дүр төрх биш юм. Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүр төрхөөрөө Өөрийгөө олон нийтэд ил тод үзүүлэхгүй. Хүн төрөлхтний дунд Түүний хийдэг ажил нь Өөрийнх нь зан чанарыг ойлгох боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон Өөрийн хийсэн ажлаар дамжуулан үүнийг биелүүлдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх болон хэлбэр бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр төрхийг хүнд мэдэгддэг; Түүний ажлаар дамжуулан Түүний дүр төрх харагддаг бөгөөд Түүний зан чанар мэдэгддэг. Энэ бол Түүний махбодоор хийхийг хүсдэг ажлын ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

13. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажил дуусмагц Тэр Өөрийн зөвт зан чанарыг Харь үндэстнүүд даяар үзүүлж, Өөрийн дүр төрхийг олон түмэнд харуулж эхэлнэ. Тэр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ өөр өөр ангиллын хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, тийнхүү хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөх болно. Түүний махбод дахь ажил асар өргөн хүрээнд өргөждөггүйн шалтгаан нь (Есүс зөвхөн Иудейд ажиллаж байсан шиг өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажилладаг) махбод дахь Түүний ажил нь зааг, хязгаартай байдаг. Тэр ердөө богино хугацааны ажлыг жирийн, хэвийн махбодын дүрээр гүйцэтгэж байгаа юм; Тэр үүрдийн ажлыг хийж, эсвэл Харь үндэстнүүдийн хүмүүст харагдах ажлыг хийхийн тулд махбод болсон энэ биеийг ашиглаагүй. Махбод дахь ажил нь цар хүрээгээрээ хязгаарлагдмал байж л болох (зөвхөн Иудейд, эсвэл зөвхөн та нарын дунд ажиллах гэх мэт) бөгөөд дараа нь эдгээр хил хязгаар дотор хийгддэг ажлын тусламжтайгаар цар хүрээ нь өргөжиж болно. Мэдээж өргөжилтийн ажлыг Түүний Сүнс шууд гүйцэтгэдэг бөгөөд тэр үед Түүний махбод болсон биеийн ажил байхаа болино. Учир нь махбод дахь ажил хил хязгаартай байдаг ба орчлон ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй—үүнийг энэ нь биелүүлж чадахгүй. Махбод дахь ажлаар дамжуулан Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Тиймээс махбодоор хийдэг ажил нь тодорхой хил хязгаар дотор гүйцэтгэгддэг, эхлэлийг илтгэсэн уг чанартай байдаг; үүний дараа Түүний Сүнс уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэдэг бөгөөд түүгээр ч үл барам өргөжүүлсэн цар хүрээнд ийнхүү хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

14. Энэ газар дэлхий дээр Бурханы хийхээр ирдэг ажил нь зөвхөн эрин үеийг удирдаж, шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал юм. Тэрээр хүний амьдралын замналыг газар дээр амьдран харуулж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл тодорхой нэг хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж, эсвэл хэн нэгнийг өсөж байгааг биечлэн харах гэж ирээгүй. Энэ бол Түүний ажил биш; Түүний ажил бол ердөө шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал. Өөрөөр хэлбэл, Тэр биечлэн шинэ эрин үеийг нээж, хуучныг нь биечлэн төгсгөл болгоод, Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр Сатаныг ялдаг. Өөрийн ажлыг биечлэн хийх болгондоо Тэр тулааны талбарт хөл тавьж байгаа мэт байдаг. Эхлээд Тэр махбодоор дэлхий ертөнцийг ялан дийлж, Сатаныг ялан дийлдэг; Тэр бүх алдрыг эзэмшиж, хоёр мянган жилийн ажлыг бүхэлд нь ил болгож, тэгснээрээ газар дээрх бүх хүнийг алхах зөв замтай, амар амгалан, баяр хөөртэй амьдрах амьдралтай болгодог. Гэхдээ Бурхан газар дээр хүмүүстэй хамт удаан амьдарч чадахгүй, учир нь Бурхан бол Бурхан бөгөөд эцсийн эцэст хүнтэй адилгүй юм. Тэр насан туршдаа энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл, Тэр ямар ч ер бусын зүйлгүй хүн байдлаар газар дээр оршин сууж чадахгүй, учир нь хүний амьдралыг нь хангахын тулд жирийн хүний хэвийн хүн чанарын туйлын бага хэсэг Түүнд байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болж, үр хүүхдээ өсгөж чадах билээ? Энэ нь Түүний хувьд шившигтэй хэрэг болох биш үү? Түүнд хүн чанар өгөгдсөн нь, жирийн хүний адилаар гэр бүл болон ажил мэргэжилтэй болох боломжийг Түүнд олгохын тулд биш, хэвийн байдлаар ажлыг гүйцэтгэх зорилгын төлөө байдаг. Түүний хэвийн мэдрэмж, хэвийн оюун ухаан, Түүний махбодын хэвийн хооллолт болон хувцаслалт нь Тэр хэвийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай; Өөрт нь хэвийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд Тэр гэр бүлтэй, эсвэл ажил мэргэжилтэй байх хэрэггүй. Ингэх шаардлага огт байхгүй байсан! Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд Өөрийн үгийг ойлгуулж, Өөрийн үгийг харуулж байгаа ба тэр нь махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа зорилго нь, хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах явдал биш, харин хүн эцсээ хүртэл дуулгавартай байх явдал, өөрөөр хэлбэл, Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах явдал билээ. Тэр ердөө махбодод ажиллаж байгаа ба Өөрийнх нь махбодын агуу болон ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд хүсэж байгаа биш. Тэр ердөө Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд үзүүлж байгаа. Тиймээс хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэр огт зарладаггүй, зөвхөн Өөрийн хийх ёстой ажилд л анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан махбод болсон ч яагаад Өөрийн хэвийн хүн чанарыг мэдэгдэх юм уу, гэрчлэхгүй харин оронд нь зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг гүйцэтгэдэг болохыг та нар мэдэх ёстой. Тиймээс бие махбодтой болсон Бурханаас та нарын харж чадах бүхэн нь бурханлаг чанартаа Тэр юу болох юм; яагаад гэвэл хүн чанартаа Тэр юу болох нь хүний дуурайх зүйл гэж Тэр хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн хүмүүсийг удирдах үедээ л тэдний бахдал бишрэл, итгэл үнэмшлийг илүү их олж авч, тэгснээрээ бусдыг манлайлахын тулд өөрийнх нь хүн чанар юу болох тухай ярьдаг. Эсрэгээрээ Бурхан гагцхүү Өөрийн ажлаар (өөрөөр хэлбэл, хүний хүршгүй ажил) дамжуулан хүнийг байлдан дагуулдаг; Тэр хүнээр гайхан бахдуулж, эсвэл хүнээр Өөрийгөө шүтүүлэхтэй хамаагүй. Түүний хийдэг бүхэн нь Өөрийг нь хүндэтгэх мэдрэмжийг, эсвэл Өөрийнх нь ойлгогдошгүй байдлын тухай мэдрэхүйг хүнд шингээх явдал юм. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй; Түүнд хэрэгтэй бүхэн бол Түүний зан чанарыг харангуутаа чи Түүнийг хүндэтгэх явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

15. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх зүйлийн тухайд Тэрээр бараг оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэр Өөрийн хийх ёстой ажлыг л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон Түүний гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй хамаатай байдаг ба бусад бүх зүйл Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Түүнд хүн болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэг байдаггүй, Тэрээр нийгмийн харилцааны ур чадварыг ч илүү их сурдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд анхаарлаа ч хандуулдаггүй, цаашлаад тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, мөн түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах тухай зарчим нь Түүнд ямар ч хамаагүй мэт байдаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь сайн мууг ялгах чадварыг Түүнд олгож, жирийн хүн болох Түүний амьдрал хийгээд уураг тархиных нь хэвийн сэтгэх чадварыг л хадгалдаг. Гэвч Тэр өөр ямар ч зүйлээр зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн, эсвэл газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл бөгөөд Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй ба хүн үүнд оролцох ямар ч аргагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

16. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах шилдэг хүн болгон хөгжүүлэхэд Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилготойгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурхан газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ, Бурхан бол “Үг махбод болсон” болохоос түр зуур Бурханы үүргийг авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин энэ нь Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

17. Бурхан гагцхүү эрин үеийг удирдах болон шинэ ажлыг эхлүүлэхээр махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс маш өөр бөгөөд тэр хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүний сэтгэн бодох чадамжаа хадгалах ёстойгоор үл барам улмаар бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ихийг сурахаар зорих ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санамсаргүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ерөөс нөлөөлдөггүй. Жишээ нь, Есүс Өөрийн ажлыг хийх үед Түүний яг хэн байсныг хэн ч мэдээгүй боловч Тэр зүгээр л ажлаа хийж байсан. Хийх учиртай ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч Түүнд саад болоогүй. Тиймээс Тэр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанарыг илчилж, зарлаагүй ба ердөө л хүнээр Өөрийгөө дагуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй; энэ нь бас махбодод ажилладаг Бурханы арга байсан юм. Тэр зөвхөн ийм маягаар л ажиллаж чадах байлаа, учир нь хүн Түүнийг энгийн нүдээр хараад огт таних аргагүй байв. Хүн Түүнийг таньсан ч гэсэн Түүний ажилд тус болж чадахгүй байх байлаа. Цаашилбал Тэрээр хүмүүст Өөрийн махбодыг мэдэгдэх гэж махбод болоогүй; энэ нь ажлаа хийж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан юм. Энэ шалтгааны улмаас Тэр Өөрийн ялгамж чанарыг зарлахад ач холбогдол өгөөгүй. Өөрийн хийх учиртай бүх ажлыг дуусгасны дараа Түүний бүхий л ялгамж чанар болон байр суурь хүнд аяндаа тодорхой болно. Махбод болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө тунхагладаггүй. Тэрээр хүнд ч, эсвэл Өөрийг нь дагахдаа хүн яаж байгаад ч анхаарал хандуулдаггүй, харин зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэн, Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэдэг. Түүний ажилд хэн ч саад тотгор учруулж чадахгүй. Түүний хувьд ажлаа дуусгах цаг ирэхэд үүнийг зайлшгүй дуусгаж, төгсгөлд нь аваачих ба хэн ч өөрөөр тушааж чадахгүй. Өөрийн ажлыг дуусгаад хүнийг орхин одсоны дараа л хүн Түүний хийдэг ажлыг ойлгох боловч бүрэн тодорхой ойлгож мөн л чадахгүй. Түүний анх ажлаа хийж эхэлсэн санаа зорилгыг бүрэн ойлгохын тулд хүн урт хугацаа зарцуулах болно. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы эрин үеийн ажлыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг хэсэг нь, Бурханы Өөрийн махбод болсон биеийн хийдэг ажил болон Бурханы Өөрийн махбод болсон биеийн хэлдэг үгээс бүрддэг. Түүний махбодын үйлчлэл бүрэн хэрэгжмэгц Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн хийх, ажлын нөгөө хэсэг үлддэг. Энэ үед хүн өөрийн чиг үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог, учир нь Бурхан аль хэдийн замыг нээчихсэн ба хүн өөрөө алхах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, махбод болсон Бурхан ажлын нэг хэсгийг гүйцэтгэдэг ба дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүс энэ ажлыг залгамжлах болно. Тиймээс, энэ үе шатанд махбод болсон Бурханы гүйцэтгэдэг ажил үндсэндээ юу болохыг хүн мэдэх ёстой бөгөөд Бурхан махбод болохын ач холбогдол яг юу болохыг болон Түүний хийх учиртай ажил юу болохыг ойлгох ёстой болохоос хүнд тавьсан шаардлагын дагуу Бурханд шаардлага тавих ёсгүй. Энд хүний алдаа, хүний үзэл, үүнээс ч илүүтэйгээр хүний дуулгаваргүй байдал оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

18. Бурхан махбод болсон нь, хүнд Өөрийн махбодыг мэдэх боломж олгох зорилготой биш, эсвэл Бурханы махбод болон хүний махан биеийн хоорондох ялгааг ялгаж таних боломжийг хүнд олгохын төлөө биш билээ; мөн хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч Тэр махбод болоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, тэгснээрээ асар их алдарших зорилгоор тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болсны анхдагч санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл санаатайгаар хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан махбод болох болгон нь зайлшгүй ажил юм. Хүний төсөөлдөг шалтгааны улмаас биш, харин Өөрийн агуу ажил, Өөрийн агуу удирдлагын төлөө Тэр ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр газар дэлхий дээр тэнүүчлэх зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан хэрэгтэй үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүнд Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь гарцаагүй. Тэрээр Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, мөн илүү олон хүнийг олж авахын тулд газар дээр ирдэг. Тэрээр эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд Тэр махбод өмсдөг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай ба бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай юм. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, тэдний нүдийг нээхийн тулд л махбод болсон бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь туйлын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшиж, хийх учиртай ажлаа эхлүүлдэг. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэр эрин үеийг бүхлээр нь төлөөлдөг ба бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; Тэрээр хуучин эрин үеийг төгсгөл болгож, шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл бөгөөд энэ нь Бурханы гүйцэтгэхээр газар дээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

19. Эрин үе бүрийн ажлыг Бурхан Өөрөө эхлүүлдэг боловч Бурханы ажилладаг арга зам ямар ч бай, Тэрээр та нарын өмнөөс ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх гэж, эсвэл тусгай хурал хийх гэж, эсвэл ямар нэг байгууллага байгуулах гэж ирдэггүй гэдгийг чи мэдэх ёстой. Тэр Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхийн тулд л ирдэг. Түүний ажил ямар нэг хүний хязгаарлалтад автдаггүй. Тэр Өөрийн ажлыг хүссэнээрээ хийдэг; хүн үүний талаар юу бодож, юу мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр зөвхөн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд л анхаарлаа хандуулдаг. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл ажлын гурван үе шат байсан; Еховагаас Есүс хүртэл, Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулан тусгай хурал зарлаагүй, мөн олон улсын тусгай хурал зарлан хуралдуулж, тэгснээрээ Өөрийн ажлын хүрээг өргөжүүлэхийн төлөө бүх хүн төрөлхтнийг хэзээ ч цуглуулаагүй. Түүний хийдэг бүхэн нь, бүхий л эрин үеийн эхний ажлыг зөв цаг, зөв орон зайд гүйцэтгэж, тэгснээрээ эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх явдал юм. Тусгай хурлууд нь хүний хурал байдаг; хүмүүсийг цуглуулж, хамтдаа баяр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг баримталдаггүй ба тэдгээрт зэвүүцдэг; Тэрээр тусгай хурал зарлан хуралдуулдаггүй ба тэдгээрийг ч бас зэвүүцмээр гэж үздэг. Одоо чи бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил яг юу болохыг ойлгосон байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

20. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед ч илчлэгдээгүй, тэр ч бүү хэл зөвхөн эцсийн өдрүүдийн цаг хугацаанд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь шүүлт, уур хилэн болон гэсгээлтийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь Хуулийн эрин үеийн ажил болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй. Гэвч энэ гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болдог бөгөөд бүгдээрээ нэг Бурханы ажил юм. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь тусгаар эрин үеүдэд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийдэг ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачдаг; Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэлийн ажил; Нигүүлслийн эрин үед хийсэн зүйл нь золин авралын ажил юм. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажлыг хийдэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л, зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлыг та нарт илчилдэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн агуу ойлголттой байх нь хамаагүй, энэ нь үгнээс хэтрэхгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг ухаж төнхөж болох боловч тэр эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүний хардаг бүхэн нь Ехова болон Есүсийн хийсэн ажлын дүр зураг биш, харин үхмэл үгс бөгөөд хүн энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Тэр Өөрөө л хүнд үүнийг тайлбарлаж, нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү хэл; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

21. Эцсийн өдрүүд дэх ажил нь гурван үе шатны сүүлчийнх нь юм. Энэ нь өөр нэг шинэ эрин үеийн ажил бөгөөд удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг л төлөөлж чадна. Ехова гэсэн нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэдэг баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг батлахгүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол зөвхөн хүнээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг баталдаггүй. Ингэж хэлэх нь буруу байх болно. Хуулийн доорх ажил нь нэг эрин үеийг л төлөөлдөг. Тиймээс хэрвээ Бурхан зөвхөн Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолтонд хорьж: “Бурхан бол сүм дэх Бурхан, мөн Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үе дэх ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол Бурхан бас өршөөнгүй агаад энэрэнгүй гэдгийг хүн мэдэхгүй байх байсан юм. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн зөвхөн эдгээр зүйлийг мэддэг боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Иймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг дуусгасан нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол Бурханыг хязгаарлаж буй хэрэг болно. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгний ажлыг хийж байгаа, гэхдээ чи, Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүхэн нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед төгсчихсөн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

22. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүмүүсийн дунд гүйцэтгэсний дараа л тэд Түүний бүх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх болно. Энэ үе шатны ажлыг бүрэн дуусгахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд өмнө нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлэх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

23. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэр Өөрийн ажлыг Израильд хийж байхад хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэвч одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба ямар ч хязгаарлалт байдаггүй. Нигүүлслийн эрин үе дэх хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон бөгөөд хүнд бүр ч илүү өндөр шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт ч тасралтгүй өндөрсөж байдаг. Өмнө нь, Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь, Түүнийг хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо Ариун Сүнс тэгэж ажиллахгүй, харин үр дүнд хүрэхийн тулд үгээр дамжин ажилладаг. Түүний үг та нарт тодорхой хэлсэн бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Түүний үгээр дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгож, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлнэ. Зарим хүн, “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавьбал би Таны ерөөлийг хүртэж, Тантай хуваалцаж болох юм” гэж хэлдэг. Эдгээр нь бүгд өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд одоо бүгдийг үгүй болгосон, учир нь эрин үе солигдсон билээ. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе солигдсон бөгөөд шинэ эрин үед шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд иймээс Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд Өөрийн гарыг хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээгээр хийсэн. Гэвч өнөө үед дахин ингэж хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол тэр нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе солигдсон бөгөөд Бурханы ажил улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдал болон түүний доторх бохир зүйлсийг цэвэрлэнэ. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд үзүүлэх байдлаар ажиллах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог, ингэснээр эцэст нь хүмүүс аврагдаж болох юм. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; хүн аль хэдийн мэдэрч туулсан болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн бөгөөд цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үед нийцүүлэн хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ нь эцсийн авралын төлөө, мөн хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, эцэст нь хүмүүсийг төрлийнх нь дагуу хуваахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

24. Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Ѳнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй угийн чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт угийн чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт угийн чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт угийн чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

25. Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод Өөрийн үгийг оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүмүүст үгийг биечлэн хүргэж чадах юм. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг сонсож, харж, түүнчлэн Түүний үгийг олж авч, үүгээр дамжуулан хүн бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд нэг ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас тэд Сатанд бүрэн олзлогдох байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

26. Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно. Хуулийн эрин үе дууссаны дараа, Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл хүн төрөлхтөний тэрслүү байдлыг шүүж гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгасны дараа л Бурхан Өөрийн авралын ажлыг төгсгөөд амралтанд орно. Тиймээс ажлын гурван үе шатанд, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, жирийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн хүнд хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн махан биетэй байдаг учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүний холбогдож чадах бүхэн нь Бурханы махбод болсон бие бөгөөд зөвхөн үүгээр дамжуулан хүн бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чаддаг. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгаж, бүрэн ариусгахад хангалттай юм. Иймд хоёр дахь удаа бие махбодтой болоход махбод дахь Бурханы бүх ажил төгсөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол бүрэн гүйцэд болох болно. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дуусна. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй . Учир нь Түүний удирдлага бүхэлдээ төгсчихсөн байна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүмүүсийг бүгдийг нь төрлийнх нь дагуу хуваасан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхээ болино, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод эргэн ирэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

27. Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнэхээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт угийн чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх ариун бус зүйл, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчлэн, л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. … энэ нь нүглээс илүү гүн нэвчсэн ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

28. Хүний одоо хүрсэн зүйл—түүний өнөөгийн биеийн хэмжээ, мэдлэг, хайр, үнэнч зан, дуулгавартай байдал болон мэдлэг ухаан—энэ бүгд үгийн шүүлтээр хүрсэн үр дүн юм. Чи үнэнч байж, энэ өдрийг хүртэл зогссон хэвээр байж чадаж байгаа нь үгээр дамжин хүрсэн юм. Одоо хүн бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын гэдгийг хардаг бөгөөд үүнд хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг; эдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Тиймээс олон хүн захирагдсан. Зарим нь төрснөөсөө хойш ямар ч хүнд дуулгавартай байсан удаагүй атлаа Бурханы өнөөдрийн үгийг харах үедээ өөрийн мэдэлгүйгээр бүрэн захирагддаг бөгөөд тэд нарийн судлахаар зүрхэлдэггүй, эсвэл өөр юу ч хэлдэггүй. Хүмүүс үгэн дор унаж, үгийн шүүлтэн дор нүүрээрээ газар унан мөргөсөн. Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол Дамаск явах замдаа Паул гэрлийн дунд газар ойчсонтой яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унацгааж, дуу хоолойнд захирагдах байсан билээ. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн ялзралыг хэзээ ч мэдэж авахгүй, тийнхүү аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Тэр Өөрийн үгийг бүгдийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Энэ нь л Түүний үгний хүрдэг үр дүн болохоос биш Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулах явдал биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанарыг бүрэн ил болгодог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд үнэн бодитоор ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. Бие махбодтой болсон Бурханы эрх мэдлийг мэдэгдэхийн тулд, үгийн ажлаар хүрсэн үр дүнг мэдэгдэж, Сүнс махбодод ирчихсэн ба хүнийг үгээр шүүснээр дамжуулан Өөрийн эрх мэдлийг харуулж байгааг мэдэгдэх гэж үүнийг хийдэг. Түүний махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь, Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг. Энэ аргаар, Тэр бол Бурхан Өөрөө, тэр бол махбод болсон Бурхан Өөрөө, мөн Түүнд хэн ч халдаж болохгүй,Түүний үгийн шүүлтийг хэн ч давж чадахгүй бөгөөд ямар ч харанхуйн хүч Түүний эрх мэдлийг дийлж чадахгүй гэдгийг бүх хүнд харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

29. Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллах чадвартай байж, хүн харж, хүрч болох юм. Ийм байдлаар ажиллах нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнс шууд ажиллахыг бодвол илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл Түүний махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад бүрхүүл ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Нэг ч хүн Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, Түүний халдашгүй гэдгийг хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч Өөрийн далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн итгүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагддаг бөгөөд хүнийг аврах Түүний зорилго биелэгддэг. Энэ бол Тэр бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм: илүү бодитоор ярьж, Түүний үгийн бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгох явдал бөгөөд ингэснээр хүн Бурханы үгийн хүч чадлыг нүдээр үзэж болох юм. Тиймээс энэ ажлыг бие махбодтой болсноор дамжуулан хийхгүй бол өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүй бөгөөд нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй байлаа. Хэрэв Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан ба хүн хоёр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй огт нийцэхгүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Учир нь Бурхан хамгийн өндөрт дээш гарч, мөн Өөрийгөө бууруулж бүтээгдсэн хүн болж, хүмүүсийн дунд ажиллаж, тэдэнтэй хамт амьдрахын аль алийг хийж чаддаг. Гэхдээ хүн өндөрт очиж, сүнс болж чадахгүй, тэр ч бүү хэл хамгийн доод газарт ч буун очиж чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой. Тэрчлэн, эхний удаа бие махбодтой болох үеэр бие махбодтой болсон Бурханы махбод л цовдлолоор дамжуулан хүнийг золин аварч чадсан, харин Бурханы Сүнсний хувьд хүний төлөөх нүглийн тахил болон цовдлогдох ямар ч аргагүй байв. Хүний төлөөх нүглийн тахил болохын тулд Бурхан шууд махбод болж чаддаг боловч хүн шууд тэнгэрт гарч, өөрийнх нь төлөө Бурханы бэлтгэсэн нүглийн тахилыг авч чадахгүй. Ийм болохоор энэ авралыг авахын тулд хүнийг тэнгэр лүү гаргахгүйгээр Бурханыг тэнгэр, газрын хооронд хэд хэдэн удаа нааш цааш явуулах хэрэгтэй байв, учир нь хүн доройтсон бөгөөд нүглийн тахилыг олж авах нь бүү хэл тэнгэрт гарч ч чадахгүй. Тиймээс Есүс хүмүүсийн дунд ирж, хүний ердөө хийж чадахгүй ажлыг биечлэн хийх хэрэгтэй байлаа. Бурхан махбод болох бүрд энэ нь үнэхээр шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр үе шатны аль нэгнийг Бурханы Сүнс шууд хийж чадах байсан бол Тэр бие махбодтой болохын доромжлолд өртөхгүй байх байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

30. Ажлын энэ эцсийн үе шат нь үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийн мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр үе шат болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний зан чанарыг бүхэлд нь мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авдаг. Өнгөрсөнд ямар үзэлтэй байснаа мэдэх болон тэдгээрийг орхисон нь бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Тэр яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй тухай ойлголт чинь ч бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд хүртэл ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн, тэд ирээдүйд юу болох тухай хэлсэн боловч тэр нь тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажил биш. Мөн хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд ч биш юм. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрладаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм. Эхний үе шат нь Еховагийн ажил байсан: Түүний ажил нь газар дээр Бурханыг шүтэн мөргөх замыг хүнд зориулан бэлдэхийн төлөө байв. Энэ нь газар дээрх ажлын анхдагч газар нутгийг олох эхлэлийн ажил байсан юм. Тэр үед Ехова Амралтын өдрийг сахиж, эцэг эхээ хүндэтгэж, бие биетэйгээ амар амгалан амьдрахад Израильчуудыг сургасан. Тухайн үеийн хүмүүс хүн гэж юу болохыг ойлгодоггүй, мөн газар дээр яаж амьдрахыг ч ойлгодоггүй тул ажлын эхний үе шатанд хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх шаардлагатай байсан юм. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь хүн төрөлхтөний хэзээ ч мэддэггүй, эсвэл тэдэнд байдаггүй зүйл байлаа. Тэр үед олон эш үзүүлэгчийг зөгнөл яриулахаар өргөсөн ба тэд бүгд Еховагийн удирдамж дор ийнхүү хийсэн юм. Энэ нь зүгээр л ажлын нэг хэсэг байв. Учир нь эхний үе шатанд Бурхан махбод болоогүй, иймээс Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан бүх овог болон үндэстэнд зааварчилсан. Өөрийнхөө цаг үед ажиллаж байхдаа Есүс одоо үеийнх шиг их яриагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажлын энэ үе шатыг өмнө нь ямар ч эрин үед хийж байгаагүй юм. Хэдийгээр Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл хэлсэн боловч тэдний зөгнөлүүд одоо хэлж байгаа үгсээс шал өөр байв. Тэдний хэлсэн зүйл нь ердөө зөгнөл байсан боловч одоо хэлдэг үг тийм биш. Хэрвээ Би одоо ярьдаг бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгож чадах байсан уу? Би ирээдүйн хэрэг явдлын талаар, Намайг явсны дараах хэрэг явдлын талаар ярьсан гэж үзвэл та нар яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн цаг үед, эсвэл Хуулийн эрин үед үгийн ажил хэзээ ч хийгдээгүй. Магадгүй зарим нь ингэж хэлж болох юм: “Ехова ч бас ажиллаж байх үедээ үг хэлээгүй гэж үү? Өвчин эдгээх, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс гадна ажиллаж байхдаа Есүс ч бас үг хэлээгүй гэж үү?” Үгийг хэрхэн хэлдэгт ялгаа байдаг. Еховагийн айлдсан үгийн мөн чанар юу байсан бэ? Тэр ердөө газар дээр амьдрахад нь хүмүүсийг залж чиглүүлж байсан ба энэ нь амийн сүнслэг хэрэг явдалтай холбоогүй байв. Еховаг ярих үед энэ нь бүх газар нутгийн хүмүүст зааварчлахын төлөө байсан гэж яагаад хэлдэг вэ? “Зааварчлах” гэдэг үг нь тодорхой хэлж, шууд зааварлахыг хэлдэг. Тэрээр хүнийг амиар хангаагүй; ямар ч сургаалт зүйрлэлгүйгээр, хүнийг зүгээр л гараас нь хөтөлж, Түүнийг яаж хүндэтгэхийг хүнд заасан. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнийг харьцаж, хүнийг сахилгажуулж, эсвэл хүнд шүүлт, гэсгээлт явуулаагүй; зүгээр л түүнийг залж чиглүүлж байсан юм. Цөлөөс манна цуглуул гэж Түүний ардуудад хэлэхийг Ехова Мосед тушаасан. Өглөө бүр нар мандахаас өмнө тэд манна түүж иддэг ба тухайн өдөр идэхэд хангалттай хэмжээний манна цуглуулдаг байлаа. Муудчихдаг байсан болохоор маннаг дараагийн өдөр болтол хадгалж болдоггүй байжээ. Тэр хүмүүст сургамжлаагүй, угийн чанарыг нь ч илчлээгүй, мөн тэдний санаа бодлыг ч ил болгоогүй. Тэр хүмүүсийг өөрчлөх биш, харин ч тэдний амьдралыг залж чиглүүлсэн юм. Тухайн үеийн хүмүүс яг л хүүхэд шиг, юу ч ойлгодоггүй бөгөөд үндсэн хэдэн механик хөдөлгөөн л хийх чадвартай байв; иймээс Ехова олон түмнийг залж чинлүүлэхийн тулд л хуулиуд гаргасан юм. Хэрвээ сайн мэдээ түгээж, үнэн сэтгэлээсээ эрж хайдаг хүн бүхэнд өнөөдөр хийгдэж буй ажлын талаарх мэдлэгийг ойлгуулж, бүрэн итгүүлхийг хүсэж байгаа бол чи үе шат бүрд хийгдсэн ажлын дотоод түүх, мөн чанар болон ач холбогдлыг тодорхой ойлгож байх ёстой. Нөхөрлөлийг чинь сонсоод хүмүүс Еховагийн ажлыг болон Есүсийн ажлыг, тэр тусмаа өнөөдөр хийгдэж байгаа бүх ажлыг, мөн ажлын гурван үе шатны холбоо болон ялгааг ойлгож болохуйц байдлаар хий. Сонсож дуусаад хүмүүс гурван үе шат нь нэг нэгэндээ саад болдоггүй, харин бүгд нэг Сүнсний ажил юм. Хэдийгээр Тэд өөр өөр эрин үед ажиллаж, Гүйцэтгэдэг ажлынх нь агуулга өөр, хэлдэг үг нь ч бас өөр боловч ажилладаг зарчим нь нэгэн ижил юм гэдгийг харахуйц байхаар хий. Эдгээр зүйл бол бүх хүний ойлгох ёстой хамгийн агуу үзэгдэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

Өмнөх:“Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр

Дараах:“Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр

Танд таалагдаж магадгүй