Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ X

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV)

Өнөөдөр бид онцгой сэдвээр ярилцаж байна. Итгэгч бүрийн мэдэж, туулж, ойлгох хоёр гол зүйл л бий—энэ хоёр зүйл юу вэ? Эхнийх нь хүмүүсийн хувийн амийн оролт, хоёр дахь нь Бурханыг мэдэхтэй холбоотой. Бурханыг мэдэх талаар бидний саяхан ярилцсан зүйлд хүрч болмоор гэж та нар боддог уу? Оновчтой хэлбэл, энэ нь ихэнх хүмүүсийн хувьд хүрч чадахгүй зүйл юм. Та нар эдгээр үгэнд итгэхгүй магадгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, өмнө нь Миний хэлж байсныг та нар сонсож байхдаа яаж хэлсэн, эсвэл ямар үгээр хэлснээс үл хамааран Миний юу гэж хэлж байгааг үгчлэн, онолын дагуу мэдэж байсан боловч та нарт байсан маш ноцтой асуудал бол яагаад эдгээр зүйлийг хэлсэн, яагаад эдгээр сэдвийг хөндсөнийг минь ойлгоогүй. Энэ бол асуудлын гол нь. Иймээс эдгээр зүйлийг сонссоноор Бурхан болон Түүний үйл хэргийн талаар та нарын ойлголт нэмэгдэж, агуулга нь баялаг болсон хэдий ч Бурханыг мэдэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Миний хэлснийг сонссоныхоо дараа та нарын ихэнх нь Би яагаад үүнийг хэлснийг болон энэ нь Бурханыг мэдэхтэй ямар холбоотойг ойлгодоггүй. Бурханыг мэдэхтэй энэ нь хэрхэн холбогдож байгааг ойлгож чаддаггүй шалтгаан бол та нарын амийн туршлага хэтэрхий өнгөц байдгийнх юм. Хэрвээ Бурханы үгийн талаарх хүмүүсийн мэдлэг, туршлага маш өнгөц түвшинд үлдвэл Бурханы талаарх ихэнх мэдлэг нь тодорхой бус, хийсвэр—тойм төдий, ёс зүй, онол юм. Онолын өнцгөөс харах, эсвэл сонсоход энэ нь логиктой, мөн ёс зүйд нийцдэг боловч ихэнх хүмүүсийн амнаас гардаг Бурханы талаарх мэдлэг хоосон байдаг. Би яагаад үүнийг хоосон гэдэг вэ? Яагаад гэвэл, Бурханыг мэдэх тухай амнаас чинь гарч буй үгс чухам зөв эсэхийг, тэдгээр нь чухам алдаагүй эсэхийг чи үнэндээ зүрх сэтгэлдээ мэддэггүй. Иймээс ихэнх хүмүүс Бурханыг мэдэх талаар маш их мэдээлэл болон сэдэв сонссон боловч Бурханы талаарх мэдлэг нь онол болон тодорхой бус, хийсвэр сургаалаас бас л хэтрээгүй байдаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Та нар энэ талаар ер нь бодож байсан уу? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол бодит байдлыг эзэмшиж чадах уу? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол бодит байдалгүй нь маргаангүй бөгөөд Бурханы үгийн талаар мэдлэг ч үгүй, туршлага ч үгүй байх нь гарцаагүй. Тэгвэл Бурханы үгийг мэддэггүй хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Огт чадахгүй. Энэ хоёр харилцан холбоотой. Иймд ихэнх хүмүүс, “Бурханыг мэдэхэд яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Би өөрийгөө мэдэх тухай ярихдаа хэдэн цаг ч ярьж чадах боловч Бурханыг мэдэх тухай ярих гэхээр хэлэх үггүй болдог. Би бага зэрэг ярих үед ч энэ нь хүчилсэн байдаг ба үлбэгэр сонсогддог—өөрийнхөө хэлж байгааг сонсоход хүртэл болхи сонсогддог” гэж хэлдэг. Энэ бол эх сурвалж. Хэрвээ Бурханыг мэдэхэд хэтэрхий хэцүү санагдаж байвал, энэ нь чиний хувьд маш амаргүй байвал, чамд ямар ч ярих юм байхгүй—бусадтай ярилцаж, бусдыг хангах, мөн өөрийгөө хангах ямар ч бодит зүйл байхгүй—санагдвал Бурханы үгийг мэдэрч туулсан нэгэн биш гэдгийг чинь энэ нь баталдаг. Бурханы үг гэж юу вэ? Бурханы үг нь Бурханд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл биш гэж үү? Хэрвээ чи Бурханы үгийг туулж мэдрээгүй бол Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар ямар нэгэн мэдлэгтэй байж чадах байсан уу? Мэдээж үгүй. Эдгээр зүйл бүгд харилцан холбоотой. Хэрвээ чамд Бурханы үгийн талаар ямар ч туршлага байхгүй бол чи Бурханы хүслийг ухаарч чадахгүй ба Түүний зан чанар юу болохыг, Тэр юунд дуртай, Тэр юуг жигшдэг, хүнд тавьдаг Түүний шаардлага юу болох, сайн болон муу хүмүүст ханддаг Түүний хандлага ямар байдгийг мэдэхгүй—энэ бүхэн нь чамд мэдээж ойлгомжгүй, бүрхэг байна. Хэрвээ чи Бурханд ийм тодорхойгүй байдлын дунд итгэдэг бол өөрийгөө үнэнийг эрэлхийлж, Бурханыг дагадаг хүмүүсийн нэг гэж хэлэхэд тэр үг чинь бодитой байх уу? Бодитой биш! Тиймээс Бурханы талаарх мэдлэгийн тухай яриагаа үргэлжлүүлцгээе.

Та нар бүгд өнөөдөр ярилцах сэдвийг сонсохыг хүсэн хүлээж байна, тийм үү? Өнөөдрийн ярилцах гэж буй сэдэв ч бас бидний саяхан ярьж байсан “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвтэй холбоотой. “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг талаар бид ихээхэн ярьсан бөгөөд үүний зорилго нь, Бурханы бүтээсэн энэ гараг дээр оршин амьдрах боломжтой байлгах гээд Бурхан бүх зүйлийг хэрхэн захирдаг, ямар арга барилаар бүх зүйлийг захирдаг, мөн ямар зарчмаар бүх зүйлийг удирддаг гэдгийг хүмүүст мэдээлэхийн тулд өөр өөр арга барил, өнцөг хэрэглэх явдал байсан юм. Бурхан, хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг талаар буюу Бурхан хүн төрөлхтнийг ямар арга замаар хангадаг, хүн төрөлхтнийг ямар төрлийн амьдрах орчноор хангадаг ба хүмүүсийн тогтвортой амьдрах орчныг ямар арга зам, цаад санаагаар хангадаг талаар бид бас их ярьсан. Бурхан бүх зүйлийг захирах, бүх зүйлийг удирдах болон Түүний удирдлагын хоорондох харилцааны талаар Би шууд яриагүй хэдий ч яагаад Тэр бүх зүйлийг ийм маягаар удирддаг, яагаад Тэр хүн төрөлхтнийг ийм маягаар хангаж, тэжээдэг талаар—Бурханы удирдлагад холбоотой бүх зүйлийн тухай шууд бусаар ярьсан. Бидний ярьсан агуулга маш өргөн хүрээтэй байсан: макро орчноос эхлээд хүмүүсийн үндсэн хэрэгцээ, хоол хүнс гэх мэт хавьгүй жижиг зүйлс хүртэл; Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, тэднийг эмх цэгцтэй байлгадгаас эхлээд угсаатан бүрийн хүмүүст зориулан Түүний бүтээсэн зөв, зохистой амьдрах орчин хүртэл гэх мэт. Энэхүү өргөн хүрээтэй агуулга нь бүгд, хүн махан биед хэрхэн амьдрахтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь энгийн нүдэнд харагддаг бөгөөд хүмүүс мэдэрч чаддаг, жишээлбэл, уулс, гол горхи, далай, тал газар зэрэг материаллаг ертөнцийн зүйлстэй холбоотой.... Эдгээр нь бүгд харж, хүрч болдог зүйлс юм. Намайг агаар, температурын тухай ярихад та нар агаар байгааг шууд мэдэх гэж амьсгалж, температурын их, багыг биеэрээ мэдэрч чадна. Мод, өвс ногоо, ойд байдаг шувуу, амьтад, тэнгэрт нисдэг, газар явдаг юмс болон нүхнээсээ гарч ирдэг янз бүрийн бяцхан амьтдыг бүгдийг нь хүмүүс нүдээрээ харж, чихээрээ сонсож чаддаг. Хэдийгээр ийм зүйлсийн цар хүрээ өргөн боловч бүх зүйлийн дунд тэдгээр нь зөвхөн материаллаг ертөнцийг төлөөлдөг. Материаллаг зүйлс гэдэг бол хүмүүс харж, мэдэрч чаддаг зүйлс, өөрөөр хэлбэл, хүрэхээрээ чи тэдгээрийг мэдрэх ба нүд чинь тэднийг харахад тархи чинь дүрс, зургийг нь чамд харуулдаг. Тэдгээр нь бодит, биет зүйлс; чамд бол тэдгээр нь хийсвэр бус, харин хэлбэртэй; тэдгээр нь дөрвөлжин, эсвэл дугуй, эсвэл өндөр, эсвэл нам байж магадгүй; мөн тус бүрдээ өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Энэ бүх зүйл нь бүх зүйлийн материаллаг хэсгийг төлөөлдөг. Тэгэхээр Бурханы хувьд “бүх зүйлийг Бурхан захирдаг” гэдгийн “бүх зүйл” нь юу агуулдаг вэ? Тэдгээр нь хүмүүсийн харж, хүрч чадах зүйлсийг л агуулдаггүй, харин тэр ч байтугай, үл үзэгдэх, үл мэдрэгдэх зүйлсийг агуулдаг. Энэ бол Бурхан бүх зүйлийг захирдгийн жинхэнэ утга учрын нэг юм. Эдгээр зүйл хүмүүст үл үзэгдэж, үл мэдрэгддэг хэдий ч Бурханы хувьд Түүний нүдэнд харагдаж, Түүний дээд эрхийн цар хүрээнд байдгаас хойш эдгээр нь үнэхээр оршдог. Хэдийгээр хүн төрөлхтний хувьд эдгээр нь хийсвэр, төсөөлшгүй—тэр ч байтугай үл үзэгдэж, үл мэдрэгдэх зүйлс хэдий ч—Бурханы хувьд үнэхээр, бодитоор оршин байдаг. Энэ нь Бурханы захирдаг бүх зүйлийн өөр нэгэн ертөнц ийм бөгөөд Түүний захирдаг бүх зүйлийн цар хүрээний өөр нэг хэсэг юм. Энэ бол бидний өнөөдөр ярилцах сэдэв буюу Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай юм. Энэхүү сэдэв нь Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч удирддаг тухай авч үзэх учир энэ нь материаллаг ертөнцөөс гаднах ертөнц—сүнсний ертөнцөд хамаатай, тиймээс үүнийг ойлгох нь бидэнд нэн чухал. Энэхүү агуулгын талаар ярилцаж, ойлгосны дараа л хүмүүс “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн жинхэнэ утгыг чин үнэнээсээ ойлгож чадна. Өнөөдөр Бид энэ сэдвийн талаар ярих гэж байгаагийн шалтгаан энэ юм. Энэхүү сэдвийн зорилго нь “Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан бүх зүйлийг удирддаг” хэмээх сэдвийг гүйцээхэд оршино. Магадгүй, энэ сэдвийн талаар сонсох үед та нарын ухаан санаанд багташгүй, эсвэл танил бус санагдаж болох хэдий ч та нарт ямар санагдах нь хамаагүй, сүнсний ертөнц нь Бурханы захирдаг бүх зүйлийн нэг хэсэг учир та нарт энэхүү сэдвийн талаар зарим зүйлийг ойлгуулах ёстой. Үүний дараа та нар “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн талаар илүү гүнзгий мэдлэг, ойлголт, танилттай болно.

Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай

Материаллаг ертөнц, материаллаг ертөнц дэх зүйлс болон үзэгдлийг хэрвээ хүн ойлгохгүй бол холбогдох мэдээллийг хайж, эх үүсвэр, цаад түүхийг нь олж мэдэх олон төрлийн сувгийг ашиглаж болно. Харин өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө ертөнц буюу материаллаг ертөнцийн гадна орших сүнсний ертөнцийн тухайд бол ямар нэг зүйл олж мэдэх арга зам, суваг хүмүүст огт байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл хүн төрөлхтний ертөнцөд, материаллаг ертөнцийн бүх зүйл хүмүүсийн биет оршин тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд материаллаг ертөнц дэх бүх зүйл өөрсдийнх нь биет амь амьдралаас салшгүй гэдгийг хүмүүс мэдэрдэг учраас ихэнх хүн нүднийх нь өмнөх материаллаг зүйлсийг буюу өөрсдөд нь харагддаг зүйлсийг л мэддэг, хардаг. Гэвч сүнсний ертөнц буюу нөгөө ертөнцийн бүх зүйлийн тухайд ихэнх хүн итгэдэггүй гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл энэ нь тэдэнд харагддаггүй бөгөөд сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс юугаараа тэс өөр болохыг мэдэх, ойлгох ямар ч хэрэггүй гэж тэд итгэдэг. Энэ нь Бурханы хувьд нээлттэй, харин хүн төрөлхтний хувьд далд, хаалттай байдаг учраас энэхүү ертөнцийн янз бүрийн талыг ойлгох суваг олоход хүмүүст хэцүү байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний ярих гэж буй өөр өөр талууд бол зөвхөн Бурханы захиргаа, дээд эрхтэй холбоотой. Би нууцыг зүйлсийг илчлэхгүй, мөн та нарын олж мэдэхийг хүсдэг ямар ч нууцлагдмал зүйлийг хэлэхгүй, учир нь энэ нь Бурханы дээд эрх, Бурханы захиргаа, Бурханы хангалттай холбоотой бөгөөд ийм болохоор Би та нарын мэдэх шаардлагатай хэсгийг л ярина.

Эхлээд Би та нараас нэг асуулт асууя: Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийдөө энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, материаллаг ертөнцийн гаднах ертөнц юм. Харин та нар сүнсний ертөнцийг ямар ертөнц байх учиртай гэж төсөөлж байна вэ? Харж чадахгүй байгаа учраас та нарт төсөөлөгдөхгүй байж магад. Гэхдээ энэ тухай домог сонсох үедээ та нар бодсоор л байх бөгөөд больж чадахгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүүхэд байхад нь олон хүнд тохиолддог нэг зүйл бий: Хий үзэгдэл, сүнсний талаар нэг нь аймшгийн түүх ярихад тэр ухаан алдталаа айдаг. Яагаад тэгдэг вэ? Учир нь тэр эдгээр зүйлийг төсөөлж байдаг; харж чадахгүй ч эдгээр нь өрөөнийх нь хаа сайгүй, ямар нэг далд, харанхуй газарт байгаа санагдан, унтаж чадахгүй болтлоо маш их айдаг. Ялангуяа шөнө өрөөнд юм уу, хашаа хороонд ганцаараа байж чаддаггүй. Энэ бол та нарын төсөөлдөг сүнсний ертөнц бөгөөд хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Үнэн хэрэгтээ, хүн бүр зарим нэг төсөөлөлтэй ба ямар нэгэн зүйлийг мэдэрч чаддаг.

Сүнсний ертөнцөөс эхэлье. Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт энгийн бөгөөд товчхон тайлбар өгье. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярих болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы захиралт дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялгах боломжгүй газар учраас үүний байгаа байхгүйг хэн ч үнэн зөв магадлаж чадахгүй. Сүнсний ертөнцөд болж байгаа зүйл хүн төрөлхтний оршин тогтнолтой нягт холбоотой, иймээс хүн төрөлхтний амьдардаг дэг журамд ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Энэ нь Бурханы дээд эрхтэй хамаатай юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвийг ярилцаж байгааг минь ойлгоно: Яагаад гэвэл энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнц дэх бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдаг бөгөөд энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, өөр өөр бүсэд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг, Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадгийг, бүх зүйлийг хэрхэн удирдаж, бүх зүйлийг хэрхэн захирдгийг тодорхой мэддэг төдийгүй Бурхан тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Маш их ялгаатай. Энэ нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг учраас энэ нь Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохтой холбоотой. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нэн шаардлагатай гэж бодохгүй байна уу? Та нар доторх нууцыг нь мэдмээргүй байна уу? (Тийм ээ, бид мэдмээр байна.) Энэ бол сүнсний ертөнцийн ухагдахуун юм. Хэдийгээр энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж, Бурханы захиргаа, дээд эрхэд нэгэн зэрэг захирагддаг ч энэ ертөнцөл хандах Бурханы захиргаа, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс хавьгүй хатуу чанд байдаг. Нарийн ширийний тухайд гэвэл, сүнсний ертөнц хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгийн ажлыг хэрхэн хариуцдагаас бид эхлэх хэрэгтэй, учир нь энэ ажил бол сүнсний ертөнцийн оршихуйнуудын ажлын гол хэсэг юм.

Хүн төрөлхтөн дундах бүх хүнийг Би гурван төрөлд ангилдаг. Эхний төрөл нь шашны ямар ч итгэлгүй үл итгэгчид. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх олонх нь мөнгөнд л итгэж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлддөг, тэд материаллаг үзэлтэй бөгөөд амьдрал, үхлийн мөчлөг, шүтээн, хий үзэгдлийн тухай ямар ч ярианд итгэдэггүй, харин материаллаг ертөнцөд л итгэдэг. Би тэднийг үл итгэгчид гэж ангилдаг бөгөөд тэд эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөл нь үл итгэгчдээс өөр, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Би хүн төрөлхтөн дундах эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг хэд хэдэн гол төрөлд хуваадаг. Эхнийх нь Иудейн шашинтан, хоёр дахь нь Католик, гурав дахь нь Христэд итгэгч, дөрөв дэх нь Исламын шашинтан, тавь дахь нь Буддын шашинтан гэсэн таван төрөл байдаг. Эдгээр нь итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Гурав дахь төрөл нь Бурханд итгэдэг хүмүүс бөгөөд энэ нь та нарт хамаатай. Ийм итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэх хоёр төрөлд хуваадаг. Эдгээр үндсэн төрлийг маш тодорхой ялгасан. Иймээс та нар одоо өөрсдийнхөө бодол санаанд хүмүүний төрөл, зэрэглэлийг тодорхой ялгаж чадна, тийм үү? Эхнийх нь үл итгэгчид—үл итгэгчид гэж юу болохыг Би хэлсэн. Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг үл итгэгчид гэж тооцох уу? Ихэнх үл итгэгч Тэнгэр Эцэгт итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа найддаг энэхүү Тэнгэр Эцэг нь салхи, бороо, аянгыг бүгдийг нь удирддаг гэж тэд итгэдэг атлаа Бурханд итгэх итгэлийн талаар дурдмагц тэд дурамжхан болдог. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Энэ хүмүүс бүгд үл итгэгчид хамаардаг. Үүнийг ойлгосон биз? Эдгээр ангиллыг бүү андуур. Хоёр дахь төрөл нь итгэл бишрэлтэй хүмүүс. Гурав дахь төрөл нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Би яагаад бүх хүнийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Учир нь янз бүрийн хүмүүс өөр өөр хүрэх газар болон төгсгөлтэй байдаг.) Энэ бол нэг тал нь. Учир нь өөр өөр яс үндэс, төрөлтэй энэ хүмүүс сүнсний ертөнцөд эргэн очихдоо өөр өөр газар луу явж, амьдрал, үхлийн мөчлөгийн өөр өөр хуульд захирагдана. Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсны шалтгаан энэ юм.

1. Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүнийг үхсэнийх нь дараа сүнсний ертөнцийн шийдвэр гүйцэтгэгч авч явдаг. Хүний юуг нь авч явдаг вэ? Махан биеийг нь бус, сүнсийг нь авч явдаг. Сүнсийг нь авч яваад, дөнгөж нас барсан хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар болох сүнсний ертөнцийн товчоо байрлах газарт очдог. (Жич: Үхсэнийхээ дараа хүний очдог эхний газар нь сүнсэнд танил бус байдаг.) Тэднийг тус газарт аваачих үед албаныхан эхний үзлэг хийж нэр, хаяг, насыг нь шалгадаг. Амьдралдаа юу хийснийг нь болон амьдралдаа хийсэн бүх зүйлийг нь бүртгэлд бичиж, үнэн зөвийг нь магадалдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний насан туршийн үйлдэл, хийсэн бүхнийг үндэслэн шийтгэгдэх үү, хүн төрлөө дахин олох уу гэдгийг нь тодорхойлдог ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат аймшигтай байна уу? Хүн харанхуй, үл таних газарт ирснээс өөр зүйл тохиогоогүй учраас энэ тийм ч аймшигтай биш.

Хоёр дахь шатанд, тухайн хүн насан туршдаа олон муу зүйл хийж, олон хорон муу үйл үйлдсэн бол шийтгүүлэхээр шийтгэлийн газарт хүргэгдэнэ. Энэ нь хүмүүсийг тусгайлан шийтгэдэг газар байх болно. Түүний хэрхэн шийтгэгдэхийн нарийн ширийн нь үйлдсэн нүгэл болон үхэхээсээ өмнө хэчнээн олон хорон муу зүйл хийснээс нь хамаардаг—энэ нь хоёр дахь шатанд тохиодог эхний нөхцөл байдал юм. Зарим нь үхэхээсээ өмнө хийсэн зүйл, үйлдсэн ёрын муу зүйлээсээ үүдэн шийтгэлийнхээ дараа дахин төрөл олох үедээ—материаллаг ертөнцөд дахин нэг удаа төрөх үедээ—зарим нь хүн хэвээр үлдэж, зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл, хүн сүнсний ертөнцөд эргэн очоод, үйлдсэн ёрын муу зүйлээсээ болж шийтгүүлдэг; түүнчлэн хийсэн хорон муу зүйлээсээ үүдэн дараа төрөлдөө хүн бус, амьтан болж магадгүй. Тэд үхэр, морь, гахай, нохой зэрэг амьтад болж магад. Зарим хүн тэнгэр дэх шувуу, нугас, галуу болж ч магад... Тэр амьтны төрлийг олсныхоо дараа үхээд сүнсний ертөнцөд эргэж ирдэг бөгөөд урьдын адилаар үхэхийнх нь өмнөх зан байдалд үндэслэн хүний төрлийг дахин олох эсэхийг нь сүнсний ертөнц шийднэ. Ихэнх хүн хэтэрхий их ёрын мууг үйлдэж, нүгэл нь хэт ноцтой байдаг учраас төрлөө дахин олохдоо долоогоос арван хоёр удаа амьтан болдог. Долоогоос арван хоёр удаа гэдэг аймшигтай юу? (Аймшигтай.) Та нарт юу нь аймшигтай байна вэ? Хүн, амьтан болно гэдэг аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл юу вэ? Хэл яриагүй, зөвхөн энгийн бодолтой, амьтдын хийж чадах зүйлсийг л хийж, амьтдын иддэгийг л идэж чадах бөгөөд амьтдын энгийн сэтгэлгээ, үйл хөдлөлтэй байж, цэх алхаж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй бөгөөд хүмүүсийн зан авир, үйл ажиллагааны аль нь ч амьтадтай огт холбоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундаас амьтан байна гэдэг та нарыг бүх амьд зүйлээс хамгийн дорд нь болгодог бөгөөд хүн байхаас илүү зовлонтой байдаг. Энэ нь маш их мууг хийж, асар их нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгэх сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал юм. Шийтгэл хэр хүнд байх нь түүний ямар төрлийн амьтан болохоор шийдэгддэг. Жишээ нь, гахай байх нь нохой байхаас дээр үү? Гахай нохойноос дээр амьдардаг уу, дор амьдардаг уу? Дор амьдардаг биз дээ? Хүмүүс үхэр, морь болбол гахайнаас дээр амьдрах уу, дор амьдрах уу? (Дээр амьдарна.) Хүн муур болбол илүү тухтай байх уу? Хэрвээ та нар амьтдаас сонгох байсан бол муур болъё гэж сонгох байсан бөгөөд энэ нь морь, үхэр болохоос илүү тухтай, учир нь ихэнх цагаа унтаж өнгөрүүлж чадна. Үхэр, морь болно гэдэг илүү их хөдөлмөр шаарддаг тул хүмүүс үхэр эсвэл морины төрлийг олбол шаргуу ажиллах ёстой бөгөөд энэ нь хатуу шийтгэл мэт санагддаг. Нохой эзэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай тул нохой болох нь үхэр, морь болсноос арай дээр байдаг. Үүнээс гадна өнөөдөр олон хүн нохой тэжээдэг бөгөөд гурваас таван жилийн дараа нохой тэдний хэлдэг нэлээд үгийг ихээхэн ойлгодог болсон байдаг! Нохой эзнийхээ үгээс олныг ойлгож чаддаг учраас эзнээ сайн ойлгож, заримдаа эзнийхээ сэтгэл санааны байдал болон шаардлагад нь зохицож чаддаг. Иймээс эзэн нь нохойдоо илүү сайн хандаж, нохой сайн идэж уун, өвдөх үедээ илүү сайн асруулдаг—иймд нохой аз жаргалтай амьдрал эдэлдэггүй гэж үү? Иймээс нохой байна гэдэг нь үхэр, морь байснаас дээр. Иймд хүний шийтгэл хүнд хөнгөн эсэх нь хэдэн удаа, ямар амьтны төрлийг олохыг нь тодорхойлдог. Та нар ойлгосон биз дээ?

Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүн долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж шийтгүүлнэ. Хангалттай олон шийтгүүлээд сүнсний ертөнцөд эргэн очих үед нь түүнийг өөр газар луу аваачдаг. Энэ газар дахь янз бүрийн сүнснүүд нь аль хэдийн шийтгүүлчхээд хүний төрлийг олохоор бэлдэж байгаа төрлийнх байдаг. Энэ газарт, ямар гэр бүлд төрөх, дахин хүн болж төрөөд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтээс нь хамаарч сүнс тус бүрийг төрөл болгон ангилдаг. Жишээ нь, зарим хүн энэ дэлхийд ирээд дуучин болно, иймд түүнийг дуучдын дунд оруулдаг; зарим нь энэ дэлхийд ирээд бизнес эрхлэгчид болно, иймээс түүнийг бизнес эрхлэгчдийн дунд оруулдаг; зарим нь хүн болоод шинжлэх ухааны судлаач болох бол шинжлэх ухааны судлаачдын дунд оруулдаг. Тэднийг ангилсны дараа, өнөөдөр хүмүүс э-мэйл илгээдэг шигээр янз бүрийн цаг, товлосон өдөрт нь илгээдэг. Үүгээр амьдрал, үхлийн нэг мөчлөг гүйцэлдэнэ. Хүн сүнсний ертөнцөд ирсэн өдрөөс эхлэн шийтгэл нь дуусах хүртэл амьтны төрлийг олон удаа олж болох бөгөөд дараа нь хүний төрлийг олохын тулд бэлтгэдэг; энэ бол бүрэн гүйцэд үйл явц юм.

Шийтгэгдэж дуусаад дахин амьтан болж төрөхгүй хүмүүс хүн болохоор даруй материаллаг ертөнц рүү илгээгдэх үү? Тэд хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ? Энэ хүмүүсийн хүн болох[a] давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болдог бүх зүйл нь зохих цаг хугацааны хязгаарлалт болон дүрэмд захирагддаг—Би үүнийг тоогоор тайлбарлавал та нар ойлгоно. Богино хугацаанд төрлөө олдог хүмүүсийн хувьд гэвэл нас барах үедээ дахин хүн болж төрөхөөр бэлтгэгдэнэ. Хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүнд энэ нь гурван сар, заримынх нь хувьд гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил, заримынх нь хувьд бүр гурван мянган жил гэх мэт байдаг. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрмийн талаар ямар нэгэн анхаарах зүйл, хэллэг байдаг уу? Материаллаг ертөнц буюу хүний ертөнцөд сүнс ирэх нь хэрэгцээнд үндэслэдэг: Энэ нь тухайн сүнсний энэ дэлхийд гүйцэтгэх үүргээс хамаардаг. Хүмүүс эгэл хүний төрлийг дахин олох үедээ ихэнх нь маш хурдан төрлөө олж дахин төрдөг, учир нь хүний ертөнцөд ийм эгэл хүмүүсийн хэрэгцээ их байдаг, иймээс тэд гурван өдрийн дараа, нас барахынхаа өмнө байсан гэр бүлээсээ огт өөр гэр бүл рүү дахин илгээгддэг. Гэвч энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэдэг зарим хүн бий. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд энэ хүмүүсийн хэрэгцээ их байдаггүй гэсэн утгатай; ийм үүрэг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй учир тэд бие махбодтой болох хүртлээ[b] гурван зуун жил ч болж болох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү сүнс нь гурван зуун жилд юм уу бүр гурван мянган жилд л нэг удаа ирнэ. Яагаад ингэдэг вэ? Гурван зуу, гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардлагагүй байдаг учраас түүнийг сүнсний ертөнцийн хаа нэгэн газарт хорьж байдаг. Күнзийг жишээ болгон авч үзье. Тэрээр Хятадын уламжлалт соёлд гүн гүнзгий нөлөөлсөн. Тэр ирснээр тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, үзэл санаанд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. Гэхдээ ийм хүн эрин бүрд шаардлагагүй учраас сүнсний ертөнцөд үлдэж, дахин хүн болж төрөх хүртлээ гурван зуу, эсвэл гурван мянган жил хүлээх ёстой. Хүний ертөнцөд энэ хүн шиг хэн нэгэн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон юм. Түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл бага байсан учраас тэр, хүний ертөнцөд өөрийнх нь хэрэгцээ гарахаар илгээгдэх гэж ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэгтээ зүгээр суух ёстой болсон. Ихэнх хүний төрлөө дахин олох давтамжид зориулсан сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм ийм байдаг. Хүмүүс энгийн нэгэн байна уу, онцгой нэгэн байна уу хамаагүй, сүнсний ертөнцөд тэдний төрлөө дахин олох явцыг боловсруулахад үйлчилдэг зохих дүрэм, зөв хэрэгжүүлэлт байдаг бөгөөд эдгээр дүрэм болон хэрэгжүүлэлтийг Бурхан илгээдэг, харин сүнсний ертөнцийн аливаа шийдвэр гүйцэтгэгч юм уу оршихуй шийдэж хянадаггүй. Одоо та нар ойлгосон биз дээ?

Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэг рольтой байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд төрөлтэй нь нягт холбоотой. Бүх төрлийн хүмүүс хүний ертөнцөд ирдэг бөгөөд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Эдгээр нь ямар үүрэг даалгавар байдаг вэ? Зарим хүн өрөө төлөхөөр ирдэг: Хэрвээ тэд урьд төрөлдөө бусдад асар их хэмжээний мөнгөний өртэй байсан бол энэ төрөлдөө тэд өрөө төлөхөөр ирдэг. Харин зарим нь өрөө авахаар ирсэн: Тэр урьд төрөлдөө маш их зүйл болон асар их хөрөнгө мөнгө залилуулсан учраас сүнсний ертөнцөд ирснийх нь дараа сүнсний ертөнц тэдэнд шударга хандаж, энэ төрөлдөө өрөө авахыг нь зөвшөөрдөг. Зарим хүн ач хариулахаар ирсэн: Үхэхээс нь өмнө, урьд төрөлд нь тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан бөгөөд энэ төрөлд дахин төрөх сайн боломж олдсон учраас тэд ач хариулахаар дахин төрдөг. Харин бусад нь амь нэхэхээр энэ амьдралд дахин төрсөн. Хэний амийг тэд нэхдэг вэ? Урьд төрөлд нь өөрсдийг нь хөнөөсөн хүний амийг нэхдэг. Дүгнэж хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдрал урьд төрөлтэй нь бат хамаатай, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдралд урьд төрөл нь ихээхэн нөлөөлдөг. Жишээ нь, Жан нас барахынхаа өмнө Лигээс их хэмжээний мөнгө луйвардсан байж. Тэгвэл Жан Лид өртэй юу? Өртэй, иймээс Ли Жангаас өрөө авах ёстой гэдэг нь хэвийн зүйл үү? Ийнхүү нас барсных нь дараа тэдний хооронд шийдвэрлэх учиртай өр үлддэг. Тэд дахин төрлөө олж, Жан хүн болох үед Ли өрөө хэрхэн авах вэ? Нэг арга гэвэл Ли Жангийн хүү болж дахин төрснөөр өрөө авах явдал юм. Жан их мөнгө олж, Ли хүү нь үүнийг үрэн таран хийдэг. Жан хэчнээн их мөнгө оллоо ч хамаагүй, Ли хүү нь үүнийг үрж эцэгтээ “тусалдаг”. Жан хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн хэзээ ч хүрэлцэхгүй бөгөөд хүү нь энэ хооронд яагаад ч юм бэ, янз бүрийн арга замаар эцгийнхээ мөнгийг дандаа үрж дуусгана. Жан ийнхүү гайхшаа барна: “Яагаад хүү минь үргэлж өөдлөхгүй байна вэ? Яагаад хүний хөвгүүд ийм сайн яваа юм бэ? Яагаад манай хүү ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ийм арчаагүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би хүүгээ байнга тэжээх ёстой юм бэ? Би хүүгээ тэжээх ёстой юм хойно тэжээнэ ээ, гэхдээ хэчнээн их мөнгө өгсөн ч яагаад үргэлж хангалтгүй байдаг юм бэ? Яагаад хүү минь шударгаар хөдөлмөрлөж чадалгүй, харин зүгээр сууж, идэж ууж, завхайрч, мөрий тавих зэргийг хийдэг юм бэ? Юу л болоод байна даа?” Жан дараа нь хэсэг зуур ийнхүү бодлоо: “Би урьд төрөлдөө хүүдээ өртэй байсан байж болох юм. За яах вэ, өрөө барагдуулъя! Намайг өрөө төлж дуустал энэ дуусахгүй!” Ли өрөө суутган авч дуусах өдөр ирж болох ба дөч, тавин нас хүрээд гэнэтхэн сэхээ орох өдөр түүнд ирнэ: “Би амьдралынхаа тэн хагаст нэг ч сайн зүйл хийсэнгүй! Эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийлээ. Би сайн хүн болох ёстой! Би өөрийгөө хурцална: шударга, зөв зохистой амьдрагч нэгэн болж, эцэгтээ дахин хэзээ ч зовлон авчрахгүй!” Яагаад тэр ингэж бодов? Яагаад тэр гэнэт сайжрав? Үүнд шалтгаан байна уу? Ямар шалтгаан байна вэ? (Учир нь Ли өрөө авсан; Жан өрөө төлсөн.) Энд шалтгаан ба үр дагавар байдаг. Энэ түүх тэр хоёрыг төрөхөөс өмнө эрт дээр үеэс эхэлсэн, тэдний урьд төрлийн амьдралын энэхүү түүх өнөөг хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан хүүдээ юу ч сургасан бай, хүү нь хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй—гэвч өр барагдсан өдөр хүүд нь сургах ямар ч шаардлага байгаагүй; хүү нь аяндаа ойлгосон. Энэ бол энгийн жишээ бөгөөд ийм жишээ өөр олон байдаг нь эргэлзээгүй. Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Сайн байх ёстой, мууг хийх ёсгүй гэдгийг хэлж байна.) Ямар ч мууг хийх ёсгүй бөгөөд муу үйлд залхаан цээрлүүлэлт байх болно гэдгийг хэлж байна! Ихэнх үл итгэгч олон мууг үйлддэг бөгөөд муу үйл нь залхаан цээрлүүлэлт хүртэж ирсэн, тийм үү? Гэвч энэхүү залхаан цээрлүүлэлт тохиолдлынх байдаг уу? Залхаан цээрлүүлэлт хүртдэг бүхэн үндэслэл, учир шалтгаантай байдаг. Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Хүний мөнгийг луйвардаж, авсны дараа ямар ч үр дагавар гарахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй бөгөөд үр дагавар байх болно! Хэн ч бай хамаагүй, Бурхан байгаа гэдэгт итгэдэг ч бай, үгүй ч бай, хүн бүр үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг амсах ёстой. Энэ энгийн жишээнд Жан шийтгүүлж, Лигийн өр төлөгдсөн нь шударга биш үү? Хүмүүс иймэрхүү зүйл хийх үед ийм л үр дүн гардаг. Энэ нь сүнсний ертөнцийн захиргаанаас салшгүй юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч, оршин тогтнол нь тэнгэрлэг тушаал, зарлигт захирагддаг бөгөөд хэн ч үүнээс зайлж чадахгүй, мөн хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.

Харж болдог юм бүхэн оршдог, харин харж болдоггүй юм бүхэн буюу хүмүүсээс маш холын зүйл оршин байдаггүй гэж итгэл бишрэлгүй хүмүүс итгэдэг. Тэд “амьдрал, үхлийн мөчлөг” байдаггүй, “шийтгэл” байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас эрээ цээргүй нүгэл үйлдэж, мууг хийдэг—үүний дараа тэд шийтгүүлж, эсвэл амьтны төрлийг олдог. Үл итгэгчдийн дундаас янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэ сөрөг давтамжтай эргэлт рүү унадаг. Яагаад гэвэл, сүнсний ертөнц бүх амьд зүйлийг захирах захиргаандаа хатуу чанд байдгийг тэд мэддэггүй. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэ баримт оршдог, учир нь ганц ч хүн, эсвэл биет Бурханы нүдээр ажигладаг зүйлийн цар хүрээнээс зугтаж үл чадах ба нэг ч хүн, эсвэл биет Бурханы тэнгэрлэг тушаал болон зарлигийн дүрэм, хязгаарлалтаас зугтаж чадахгүй. Тэгэхээр Бурханд итгэдэг, итгэдэггүйгээс үл хамааран нүгэл үйлдэж, мууг хийх чинь зөвшөөрөхийн аргагүй бөгөөд үр дагавартай гэдгийг энэхүү энгийн жишээ хүн бүхэнд хэлдэг. Хүн өөр нэгний мөнгийг луйвардвал шийтгэгддэг ба тийм шийтгэл нь шударга байдаг. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан байдалыг сүнсний ертөнц залхаадаг бөгөөд Бурханы зарлиг болон тэнгэрлэг тушаалаар шийтгэдэг, иймээс хүчин, тонуул, залилах, хууран мэхлэх, хулгай, дээрэм, хүн алах, галдан шатаах гэх мэт ноцтой гэмт хэрэг хийх, нүгэл үйлдэх нь хатуу чангаараа ялгаа бүхий олон шийтгэлийн жагсаалтад бүр ч илүү өртдөг. Тэгвэл энэ олон янзын хатуу чанга шийтгэлд юу ордог вэ? Зарим нь хатуу чанга байдлын түвшнийг тогтооход цаг хугацааг ашигладаг, зарим нь өөр өөр аргачлалаар хийгддэг, бусад нь хүмүүс дараачийн төрлөө олох үед хаашаа явахаар нь тогтоогддог. Жишээ нь зарим хүн бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бусдыг байнга харааж загнадаг, хорсолтой үг хэл буюу хүмүүсийг харааж зүхсэн үг хэл хэрэглэдэг гэсэн утгатай. Хорсолтой үг хэл юу илэрхийлдэг вэ? Энэ нь тэр хүн хорон санаатай гэдгийг илэрхийлдэг. Хүмүүсийг харааж зүхсэн хорсолтой үг хэл тийм хүмүүсийн амнаас байнга гардаг ба ийм хорсолтой үг хэл нь ноцтой үр дагавар дагуулдаг. Энэ хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа хэлгүй болж дахин төрж магадгүй. Зарим хүн амьддаа маш тооцоотой байдаг, бусдыг байнга завшдаг, бяцхан явуулгаа нэн сайн төлөвлөдөг ба бусдад хор хохирол учруулах зүйл ихийг хийдэг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай, эсвэл оюуны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүн бусдын хувийн амьдрал руу үргэлж өнгийдөг; түүний нүд харах ёсгүй зүйл ихийг харж, мэдэх шаардлагагүй зүйл ихийг мэддэг, тэгээд дахин төрөхдөө сохор болж магадгүй. Зарим хүн амьддаа маш хөдөлгөөнтэй байдаг ба байнга тэмцэлдэж, муу зүйл их хийдэг, тийм учраас дахин төрөхдөө эрэмдэг зэрэмдэг, доголон, эсвэл гаргүй байж магадгүй, эсвэл тэд бөгтөр, гилжгий болох юм уу хазганаж явдаг, эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт болж ч магадгүй. Үүнээс харвал амьд байхдаа үйлдсэн муугийнх нь түвшинд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оногдсон байдаг. Хүмүүс яагаад хялар байдаг гэж та нар хэлэх вэ? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөөдөр тэд олон байдаг. Зарим хүн урьд төрөлдөө нүдээ хэт их хэрэглэж, дэндүү олон муу зүйл хийсэн байдаг учир энэ амьдралд төрөхдөө хялар нүдтэй байдаг бөгөөд ноцтой тохиолдолд тэд сохор ч байдаг. Хялар хүмүүсийг харахад сайхан гэж бодож байна уу? Тэд сайхан сэтгэгдэл үлдээдэг үү? Тэдний нүүр хэчнээн зөв хэлбэртэй, арьс нь цэвэрхэн бөгөөд цайвар, давхраатай том нүдтэй байгааг хар, гэвч харамсалтай нь нэг нүд нь хялар байна. Тэд ямар харагддаг вэ? Энэ нь тухайн хүний цог жавхаанд бүхэлд нь нөлөөлдөггүй гэж үү? Энэхүү нөлөөнөөс болж тэдний амьдрал ямар байдаг вэ? Тэд бусадтай уулзахдаа: “Би хялар! Би толгойгоо бөхийлгөж ярих ёстой, хүмүүсийн өөдөөс эгцлэн харж болохгүй, ингэвэл тэд нүдийг минь харж чадахгүй” гэж дотроо боддог. Хялар нүд нь юмыг яаж харахад нь мөн хүмүүсийн өөдөөс эгцлэн харахд нь нөлөөлдөг. Иймд тэд нүдээ хэмнэсэн биш гэж үү? Тэгэхээр урьд төрлийнх нь хэтрүүлэг засагдаж байгаа биш үү? Тиймээс хойд төрөлдөө тэд ямар ч муу зүйл хийж зүрхлэхгүй. Энэ бол залхаан цээрлүүлэлт билээ! Зарим хүн нас барахаасаа өмнө бусадтай сайхан харьцаж, өөрсдийн хайртай хүмүүс, найз нөхөд, хамт ажиллагсад, эсвэл өөрсөдтэй нь холбоотой хүмүүст олон сайн зүйл хийдэг. Тэд бусдад өглөг, халамж өгч, эсвэл санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, бусад нь тэднийг өндрөөр үнэлдэг бөгөөд ийм хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгүүлдэггүй. Үл итгэгч ямар нэг байдлаар шийтгэгдэхгүй байна гэдэг бол маш сайн хүн байсан гэсэн үг юм. Бурханы оршин тогтнолд итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Тэр өөрсдийнх нь хийж байгаа бүхнийг дээрээс хардаг сүнс байдаг гэж л итгэдэг—түүний итгэдэг юм ердөө л энэ. Үр дүн нь гэвэл, тэр биеэ хавьгүй дээр авч явдаг. Энэ хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч байдаг ба эцэстээ сүнсний ертөнцөд эргэж очиход нь сүнсний ертөнц тэдэнд маш сайн хандаж, тэд удалгүй төрлөө олж дахин төрнө. Тэд дахин төрөхдөө ямар айлд ирэх вэ? Энэ айл хэдий баян биш ч тайван, гэрийнхэн нь хоорондоо эвсэг байж, амгалан, жаргалтай өдрүүдийг өнгөрөөх бөгөөд хүн бүр баяртай, сайхан амьдарна. Тухайн хүн насанд хүрээд өнөр өтгөн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь авьяастай, амжилттай байх ба тэднийх азтай байна—ийм үр дүн нь тухайн хүний урьд төрөлтэй маш их холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн нас барсныхаа дараа хаашаа явах, хаана төрлөө олох, эрэгтэй, эсвэл эмэгтэй байх эсэх, үүрэг даалгавар нь юу байх, амьдралдаа юу туулах, түүний бүтэлгүйтэл, ямар ерөөл хүртэх, хэнтэй уулзах, түүнд юу тохиолдох—үүнийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж, эсвэл нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьдрал чинь тодорхойлогдсоны дараа, чамд юу ч тохиолдсон чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар ч аргаар оролдож, зайлсхийвч сүнсний ертөнцөд чамд зориулж Бурханы төлөвлөсөн амьдралын замналыг зөрчих ямар ч аргагүй. Учир нь, чамайг төрлөө дахин олоход амьдралын чинь хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч бай, муу ч бай хүн бүр үүнтэй нүүр тулж, урагшлан явсаар байх хэрэгтэй; энэ дэлхийд амьдардаг хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй бөгөөд үүнээс илүү бодитой асуудал гэж үгүй. За, та нар энэ бүгдийг ойлгосон, тийм үү?

Үүнийг ойлгосноор үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг Бурхан маш нарийн, хатуу хянаж, захирдаг гэдгийг та нар харж байна уу? Эхлээд Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон ба эдгээр тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоог тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтан, эсвэл хүний аль ч төрлийг олсон бай, хоёуланд нь хууль бий. Эдгээр хууль Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц жигд агаад эмх цэгцтэй байдаг; Бурханы ийм дээд эрхээс болж л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, эв зохицолтой амьдарч чаддаг—энэ бүгдийг Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний махан биет амь үхсэний дараа сүнс нь бас л амьд байдаг, тэгэхээр хэрвээ Бурханы захиргаа байгаагүй бол юу тохиолдох байсан бэ? Сүнс нь энд тэндгүй дайрч ороод хаа сайгүй хэрэн тэнүүчлэх байсан ба хүн төрөлхтний ертөнцөд амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд бус мөн ургамал, амьтанд ч учрах байсан—гэвч эхлээд хүмүүсийг хорлох байлаа. Ийм зүйл тохиолдсон бол—ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол—энэ сүнсэнд авах зохих арга хэмжээ сүнсний ертөнцөд бас байх байв: Хэрвээ эдгээр нь ноцтой байвал энэ сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах байлаа; хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь өөр төрөлд төрүүлэх байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн ажил дэс дараалалтай байдаг ба үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтөний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд энэхүү материаллаг ертөнцийн хүн төрөлхтөн хэвийн сэтгэхүй, ердийн ухамсар болон махан биеийн эмх цэгцтэй амьдралыг эзэмшсэн байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.

Та нар дөнгөж сая сонссон үгийн талаар юу гэж бодож байна вэ? Эдгээр нь та нарт шинэ байна уу? Өнөөдөр Намайг эдгээр үгийг хэлсний дараа та нар юу мэдэрч байна вэ? Эдгээр нь цоо шинэ гэдгээс гадна өөр зүйл мэдэрч байна уу? (Хүмүүс хүмүүжилтэй байх хэрэгтэй ба Бурхан агуу, аймшигтай гэдгийг би харж байна.) (Бурхан янз бүрийн хүмүүсийн төгсгөлд хэрхэн ханддаг талаар Бурханы яриаг дөнгөж сая сонсоод би нэг талаар, Бурханы зан чанар халдашгүй бөгөөд Түүнийг хүндэтгэх ёстой гэдгийг мэдэрсэн; нөгөө талаар, Бурхан ямар хүмүүст дуртай, ямарт нь дургүй байдгийг мэдсэн, тиймээс би Бурханы дуртай хүмүүсийн нэг болохыг хүсэж байна.) Энэ хүрээнд Бурхан үйлдэлдээ зарчимч байдгийг та нар харж байна уу? Тэр ямар зарчмаар үйлддэг вэ? (Тэрээр хийдэг бүхнийх нь дагуу хүмүүсийн төгсгөлийг тогтоодог.) Энэ нь бидний дөнгөж сая ярилцсан үл итгэгчдийн янз бүрийн төгсгөлийн тухай юм. Үл итгэгчдийн тухайд бол сайныг шагнаж, мууг шийтгэх нь Бурханы үйлдлүүдийн цаана байдаг зарчим уу? Зарчмаас ангид зүйл байдаг уу? (Үгүй.) Бурханы үйлдлүүдэд зарчим байдгийг та нар харж байна уу? Үл итгэгчид үнэндээ Бурханд итгэдэггүй, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаггүй, Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс ч ноцтой нь тэд Бурханыг зүхэж, хараадаг ба Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Энэ хүмүүс Бурханд ингэж ханддаг хэдий ч тэдэнд хандах Бурханы захиргаа Өөрийнх нь зарчмаас мөн л хазайдаггүй; Тэр Өөрийн зарчим, Өөрийн зан чанарын дагуу тэднийг эмх цэгцтэй удирддаг. Бурхан тэдний дайсагналыг хэрхэн авч үздэг вэ? Мэдлэггүй байдал гэж үздэг! Иймээс Тэр энэ хүмүүсийг буюу үл итгэгчдийн дийлэнхийг амьтан болж төрөхөд нэгэнтээ хүргэсэн. Тэгвэл Бурханы нүдээр бол үл итгэгчид юу вэ? Тэд бол мал. Бурхан малыг захирч, хүн төрөлхтнийг захирдаг ба Тэр энэ төрлийн хүнд адил зарчмаар ханддаг. Энэ хүмүүсийг захирдаг Бурханы захиргаа, тэдэнд чиглэсэн Түүний үйлдлүүдээс ч Бурханы зан чанар, бүх зүйлийг захирах хуулийг бас харж болно. Иймээс Миний дөнгөж сая ярьсан үл итгэгчдийг захирдаг Түүний зарчмаас Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг харж байна уу? (Харж байна.) Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн алинтай нь харьцахаас үл хамааран Бурхан Өөрийнхөө зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар. Энэ төрлийн хүнийг мал гэж үздэгээсээ болж Тэр Өөрийнхөө тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг хааш яаш зөрчихгүй байсан. Бурхан эмх цэгц өчүүхэн ч алдалгүйгээр зарчмын дагуу үйлддэг, Түүний үйлдлүүдэд ямар ч хүчин зүйл огт нөлөөлдөггүй бөгөөд Тэр юу ч хийдэг бай хамаагүй, Өөрийнх нь зарчимд бүрэн нийцдэг. Яагаад гэвэл, Бурханд Бурханы Өөрийн мөн чанар байдаг, энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн эзэмшдэггүй Түүний мөн чанарын нэг тал юм. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд аливаа юм, хүн болон амьд зүйл бүрийг шийдвэрлэж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа хянуур, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр хэзээ ч хайхрамжгүй байж үзээгүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; янз бүрийн амьд зүйлд Тэр, өөр өөр цаг хугацаанд хүн төрөлхтний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу цаг тухайд нь, тохирох зохицуулалт хийдэг, тэгснээр энэ янз бүрийн амьд зүйл, өөрсдийн гүйцэтгэх үүргийн дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрөл олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд эмх журамтай байдлаар шилждэг.

Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одохыг илэрхийлдэг, харин шинэ бие махбодын амь төрөх нь амьд оршихуй сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, өөрийн үүргийг хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илэрхийлдэг. Нэгэн хүний явах, эсвэл ирэх нь хоёулаа сүнсний ертөнцийн ажлаас салшгүй юм. Хүн материаллаг ертөнцөд ирэхэд түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг болон түүний гүйцэтгэх үүрэгт тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн хийчихсэн байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, түүний сонгодог зам—сүнсний ертөнцийн зохицуулалтын дагуу өчүүхэн ч алдаа мадаггүйгээр явагддаг. Харин, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал болон газрыг сүнсний ертөнц ил, тодорхой мэдэж, гярхай ажигладаг. Бурхан материаллаг ертөнцийг захирдаг, мөн сүнсний ертөнцийг захирдаг бөгөөд Тэр ямар нэгэн сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг удаашруулахгүй, мөн ямар нэгэн сүнсний амьдрал, үхлийн мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргадаггүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа шийдвэр гүйцэтгэгчид тус бүр Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийнхөө үүрэг даалгаврыг биелүүлж, хийх ёстойгоо хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй бүх материаллаг үзэгдэл эмх цэгцтэй байдаг ба замбараагүй байдал байдаггүй. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдгаас болдог, түүнчлэн бүхнийг захирдаг Бурханы эрх мэдлээс болдог бөгөөд Түүний захирдаг бүхэн нь хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний ард байгаа үл үзэгдэх сүнсний ертөнцийг багтаадаг. Иймээс хэрвээ хүн төрөлхтөн сайхан амьдралтай байж, сайхан орчинд амьдрахыг хүсвэл нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэн ч харж чаддаггүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирдаг ба эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой. Тиймээс Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлэх үед бид “бүх зүйлийн” талаарх өөрсдийн мэдлэг, ойлголтыг нэмээгүй гэж үү? (Нэмсэн.)

2. Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг

Бид нэг дэх төрөл болох үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар сая хэлэлцлээ. Одоо хоёр дахь төрөл болох итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн талаар хэлэлцэцгээе. “Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг” нь бас маш чухал сэдэв бөгөөд та нар үүний талаар зарим нэг ойлголттой байх нь зохистой. Юун түрүүнд, “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцъя: Энэ нь Иудын шашин, Христийн шашин, Католик шашин, Исламын шашин, Буддын шашин гэсэн үндсэн таван шашин гэсэн үг юм. Үл итгэгчдээс гадна энэ таван шашинд итгэдэг хүмүүс дэлхийн хүн амын ихээхэн хэсгийг эзэлдэг. Энэ таван шашин дундаас өөрсдийн итгэлийг ажил мэргэжлээ болгосон хүмүүс цөөн хэдий ч энэ шашнууд олон итгэгчтэй байдаг. Тэдний итгэгчид нас барахдаа өөр газар луу явдаг. Хэнээс “өөр” гэж? Үл итгэгчид буюу бидний дөнгөж сая ярьж байсан итгэл бишрэлгүй хүмүүсээс. Нас барсныхаа дараа энэ таван шашны итгэгчид өөр нэг тийшээ, үл итгэгчдийнхээс ялгаатай газар луу явдаг. Гэхдээ үйл явц нь адилхан. Нас барахаасаа өмнө хийсэн бүхэнд нь үндэслэн сүнсний ертөнц тэднийг бас шүүдэг ба дараа нь өөр өөр арга хэмжээг авдаг. Гэхдээ энэ хүмүүсийг шүүх гээд яагаад өөр газар аваачдаг юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан бий. Тэгвэл энэ шалтгаан нь юу вэ? Би жишээ татаж хэлье. Гэхдээ Намайг хэлэхээс өмнө та нар дотроо: “Тэд Бурханд бага итгэдгээс болдог байж магадгүй! Тэд огт итгэдэггүй хүмүүс биш” хэмээн бодож байгаа байх. Энэ бол шалтгаан нь биш. Тэднийг өөр газар аваачдагт тун чухал шалтгаан бий.

Буддын шашныг авч үзье: Би та нарт нэг баримт хэлье. Буддын шашинтан бол нэгд, Буддын шашинд орсон хүн бөгөөд өөрийнх нь итгэл юу болохыг мэддэг хүн юм. Буддын шашинтан үсээ авахад лам, эсвэл гэлэнмаа болдог нь өөрийгөө шашны бус ертөнцөөс ангижруулж, хүний ертөнцийн дуу шуугианыг хол орхисон гэсэн үг юм. Өдөр бүр ном хурж, зөвхөн цагаан хоол иддэг ба даяанч амьдралаар амьдарч, зулын зэврүүн, бүдэг гэрэлд өдөр хоногийг өнгөрөөдөг. Тэр бүх насаа ингэж бардаг. Бие махбодынх нь амь дуусах үед тэр амьдралдаа дүгнэлт хийдэг боловч үхсэнийхээ дараа хаашаа явах, хэнтэй уулзах, ямар төгсгөлтэй болохоо зүрх сэтгэлдээ мэддэггүй—зүрх сэтгэлдээ тэр эдгээр зүйлийг тодорхой мэддэггүй. Бүх насаа итгэл бишрэлтэй сохроор өнгөрүүлсний дараа тэр харалган хүсэл, туйлын зорилготойгоор дэлхийгээс явдаг. Амьдын ертөнцийг орхиход түүний бие махбодын амь ингэж төгсдөг ба үүний дараа сүнсний ертөнцөд анх байсан байрандаа буцдаг. Энэ хүн газар луу эргэн ирэхээр төрлөө дахин олж, өөрийгөө үргэлжлүүлэн боловсруулах эсэх нь нас барахынх нь өмнөх түүний үйлдэл болон гэгээрлээс хамаардаг. Хэрвээ амьдарч байх хугацаандаа ямар ч буруу зүйл хийгээгүй бол төрлөө дахин хурдан олж, газар луу дахин илгээгдэх ба тэндээ дахин нэг удаа лам, эсвэл гэлэнмаа болдог. Эхний удаагийн үйл явцтай адил бие махбод нь өөрийгөө боловсруулдаг ба нас барж, сүнсний ертөнц рүү эргэн очоод тэндээ шалгуулдаг, үүний дараа—хэрвээ ямар ч асуудал байхгүй бол—хүний ертөнцөд дахин нэг удаа эргэн ирж, дахин нэг удаа Буддын шашинд орж, өөрсдийгөө үргэлжлүүлэн боловсруулдаг. Гурваас долоон удаа төрлөө дахин олсны дараа тэр, бие махбодын амь дуусах бүрд очдог газар луугаа буюу сүнсний ертөнц рүү дахин нэг удаа буцна. Хэрвээ хүний ертөнц дэх түүний янз бүрийн нөхцөл байдал болон зан авир сүнсний ертөнцийн тэнгэрлэг тушаалыг дагаж байвал тэр мөчөөс эхлэн тэр тэнд үлдэнэ; тэр цаашид дахин хүн болж төрөхгүй бөгөөд газар дээр мууг үйлдсэнийхээ төлөө шийтгүүлэх ямар ч эрсдэл үгүй болж, энэ үйл явцыг дахин хэзээ ч туулахгүй. Харин өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу тэр сүнсний ертөнцөд албан тушаал олж авна. Энэ бол Буддын шашинтнуудын мөнхрөх гэж хэлдэг зүйл юм. “Мөнхрөх” гэдэг нь үндсэндээ сүнсний ертөнцөд албан тушаалтан болж, цаашид дахин төрөл олох, эсвэл шийтгэгдэх боломжгүй болно гэсэн утгатай. Түүнээс гадна, энэ нь төрлөө дахин олсны дараа хүн байхын зовлон зүдгүүрийг цаашид амсахгүй гэсэн үг. Тэгвэл амьтны төрөл олох боломж бас бий юу? (Үгүй.) Тэр сүнсний ертөнцөд үүрэг хүлээдэг бөгөөд дахин өөр төрөл олохоо болино гэсэн үг юм. Энэ бол мөнхрөх тухай Буддын шашинд байдаг нэг жишээ юм. Мөнхрөөгүй хүмүүсийн хувьд гэвэл, түүнийг сүнсний ертөнц рүү эргэн ирэхэд холбогдох шийдвэр гүйцэтгэгч шалгаж, магадалдаг бөгөөд өөрсдийгөө Буддын шашинд зааснаар мэрийн боловсруулаагүй, эсвэл ухамсартайгаар ном хураагүй; харин их гэм үйлдэж, хорон мууг хийсэн нь илэрдэг. Тэгээд сүнсний ертөнцөд түүний муу үйлийг шүүгээд дараа нь гарцаагүй шийтгэдэг. Үүнээс хэн ч чөлөөлөгдөхгүй. Тэгвэл ийм хүмүүс хэзээ мөнхрөх юм бэ? Тэр амьдралдаа ямар ч мууг хийгээгүй үед буюу сүнсний ертөнцөд эргэж ирснийх нь дараа түүнийг нас барахаасаа өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж үзвэл. Тэр дахин төрөл олсоор байх ба ном хураад л, зулын хүйтэн, бүдэг гэрэлд өдрийг өнгөрүүлж, ямар ч амьд зүйлийг хөнөөдөггүй, мах иддэггүй бөгөөд хүний ертөнцийн хэрэг явдлуудад оролцолгүй, ертөнцийн бэрхшээлийг ардаа хол орхиж, бусадтай маргалддаггүй. Энэ явцад тэр мууг хийдэггүй, тэгээд сүнсний ертөнцөд эргэн очиход бүх үйлдэл, зан авирыг нь шалгасны дараа гурваас долоон удаа эргэдэг мөчлөгөөр хүний ертөнц рүү дахин нэг удаа илгээгддэг. Хэрвээ энэ үед ямар ч алдаа байхгүй бол түүний мөнхрөхөд нөлөөлөхгүй ба энэ нь хойшлогдохгүй. Энэ бол итгэл бишрэлтэй бүх хүний амьдрал, үхлийн мөчлөгийн онцлог юм: Тэд мөнхөрч, бас сүнсний ертөнцөд албан тушаалтай болж чаддаг. Тэднийг үл итгэгчдээс өөр болгодог зүйл бол энэ юм. Юун түрүүнд, сүнсний ертөнцөд албан тушаал олж авч чадах хүмүүс газар дээр амьд байхдаа биеэ авч явах байдал нь ямар байдаг вэ? Тэд мууг огтхон ч үйлдэхгүй байх ёстой: Тэд хүн алж, галдан шатааж, хүчиндэж эсвэл дээрэм хийх ёсгүй; хэрвээ тэд залилан, мэхлэл, хулгай, эсвэл дээрэм үйлдвэл мөнхөрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд муу үйлд ямар нэгэн байдлаар холбогдох юм уу хамаатай байвал сүнсний ертөнцийн шийтгэлээс зайлж чадахгүй. Сүнсний ертөнц нь мөнхөрсөн Буддын шашинтнуудад зохих зохицуулалт хийдэг: Тэд Буддын шашин болон Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийн эрхлэгчээр томилогдож магадгүй, мөн Буддын шашинтнуудад тодорхой цар хүрээ өгөх ба тэд зөвхөн үл итгэгчдийг захирч, эсвэл маш бага тушаалын шийдвэр гүйцэтгэгч болж болох юм. Ийм хуваарилалт нь эдгээр сүнсний шинж чанараас хамаардаг. Энэ нь Буддын шашны нэг жишээ юм.

Бидний дурдсан дээрх таван шашнаас Христийн шашин арай онцгой. Тэгвэл Христийн шашин юугаараа онцгой юм бэ? Тэд бол жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс юм. Жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс яагаад энд жагсагдсан юм бэ? Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл учраас ямар ч маргаангүйгээр зөвхөн итгэл бишрэлтэй холбоотой—энэ нь нэг төрлийн зан үйл, шашны урсгал, шашин бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс тусдаа зүйл. Би үүнийг таван гол шашны дунд жагсаасны шалтгаан бол Христийн шашин нь Иудын шашин, Буддын шашин, Исламын шашинтай адил түвшинд хүрч буурсан. Ихэнх Христэд итгэгч нь Бурхан байдагт, эсвэл Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй, тэр тусмаа Түүний оршин тогтнолд итгэдэггүй. Үүний оронд тэд шашны номлолын талаар ярихдаа л Судар ашигладаг төдий бөгөөд сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэвчиж, сайн зүйл хий гэж хүмүүст заахын тулд шашны номлол ашигладаг. Христийн шашин ямар төрлийн шашин гэвэл: Зөвхөн шашны онолд анхаарлаа төвлөрүүлдэг, хүнийг удирдаж, аврах Бурханы ажилтай огтхон ч холбоогүй, мөн Бурханыг дагадаг, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийн шашин юм. Гэвч тэдэнд хандах Өөрийн гэсэн зарчим Бурханд бас бий. Тэр тэдэнтэй үл итгэгчидтэй харьцдаг шиг хүссэнээрээ, хааш яаш зохицуулж, шийдвэрлэдэггүй. Тэдэнд хандах Түүний хандлага нь Буддын шашинтнуудынхтай адил байдаг: Хэрвээ Христэд итгэгчид амьд байхдаа өөрсдийгөө сахилга баттай байлгаж, Арван Тушаалыг чанд сахиж, хууль болон тушаалуудыг өөрсдийн үйлдэлд тавих шаардлага болгож, үүнийг насан туршдаа хийж чадвал тэд ижил хугацааны амьдрал, үхлийн мөчлөг туулснаар л өргөгдөх гэгчид үнэхээр хүрэх болно. Ийнхүү өргөгдсөний дараа нэг албан тушаал олж авч, шийдвэр гүйцэтгэгчдийн нэг болж сүнсний ертөнцөд үлддэг. Үүний нэгэн адил хэрвээ тэд газар дээр ёрын мууг үйлдвэл, хэрвээ тэд нүгэлтэй агаад хэт их нүгэл үйлдвэл янз бүрийн хэмжээнд хатуу чанга шийтгүүлж, шийдвэрлэгдэх нь зайлшгүй. Мөнхрөх гэдэг нь Буддын шашинд Диваажинд очих гэсэн утгатай байдаг бол Христийн шашинд үүнийг юу гэж хэлдэг вэ? Үүнийг “тэнгэрт орох” болон “өргөгдөх” гэж нэрлэдэг. Үнэхээр өргөгдсөн хүмүүс амьдрал, үхлийн мөчлөгийг гурваас долоон удаа туулдаг, үүний дараа нас барахаараа тэд унтаж байгаа мэтээр сүнсний ертөнцөд ирдэг. Хэрвээ тэд стандартад нийцэж байвал үүрэг даалгавар авч үлддэг ба газар дээрх хүмүүсээс ялгаатай нь тэд энгийн байдлаар, эсвэл тогтсон журмын дагуу дахин төрөл олохгүй.

Энэ бүх шашинд тэдний ярьдаг, эрмэлздэг төгсгөл нь Буддын шашны мөнхрөхтэй адил бөгөөд үүнд хүрэх арга зам нь л өөр. Тэд бүгд нэгэн адил. Өөрсдийнхөө зан авирт шашны сургаалыг чанд биелүүлдэг, эдгээр шашны хүмүүсийн энэ хэсгийн тухайд Бурхан тохиромжтой хүрэх газар, тохиромжтой явах газар өгч, тэднийг зохих ёсоор зохицуулдаг. Энэ бүгд зүй зохистой хэдий ч хүмүүсийн төсөөлөлтэй нийцдэггүй, тийм биз дээ? Одоо Христийн шашинтнуудыг ингэж шийдвэрлэхийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Тэднийг өмөөрч, эсвэл Тэдний төлөө харамсаж байна уу? (Бага зэрэг.) Тэд хийсэн хэргийнхээ горыг амсахаас өөр ямар ч аргагүй. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Бурханы ажил бол жинхэнэ, Бурхан бол амьд, бодитой бөгөөд Түүний ажил бүх хүн төрөлхтөн болон хүн бүрд чиглэсэн байдаг—тэгвэл яагаад Христэд итгэгчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэр Бурханыг галзууран эсэргүүцэж, хавчдаг вэ? Тэр ийм төгсгөлтэй байгаа нь ч азтай хэрэг, тэгвэл яагаад та нар тэдний төлөө харамсдаг юм бэ? Тэднийг ийм маягаар зохицуулах нь агуу хүлээцтэй байдлыг харуулдаг. Бурханыг эсэргүүцдэг хэмжээнд нь үндэслэхэд тэднийг устгах ёстой—гэтэл Бурхан тэгдэггүй бөгөөд Христийн шашныг бусад ердийн шашнуудтай л адил авч үздэг. Тэгвэл бусад шашны тухай нарийвчлан ярих хэрэг байна уу? Энэ бүх шашны гол зорилго нь, хүмүүсийг илүү их зовлон бэрхшээл амсаж, мууг үйлдэхгүй байх, сайхан үг хэлж, сайныг үйлдэж, бусдыг харааж зүхэхгүй, бусдын талаар яаран дүгнэлт хийхгүй, хэрүүл маргаанаас зайлж, сайн зүйл хийж, сайн хүн байлгах явдал—ихэнх шашны сургаал иймэрхүү байдаг. Тийм учраас итгэл бишрэлтэй хүмүүс—янз бүрийн урсгал, шашны хүмүүс—шашны сургаалыг чанд баримталж чадвал газар дээр байх хугацаандаа том алдаа, эсвэл нүгэл үйлдэхгүй, бас гурваас долоон удаа төрөл олсны дараа ерөнхийдөө энэ хүмүүс буюу шашны сургаалыг чанд баримталж чаддаг хүмүүс сүнсний ертөнцөд үүрэг авч үлдэнэ. Ийм хүн олон байдаг уу? (Үгүй, олон биш.) Та нарын хариулт юунд үндэслэж байна вэ? Сайныг хийж, эсвэл шашны дүрэм журам, хууль баримтлах амаргүй. Буддын шашин хүмүүст мах идүүлдэггүй—чи тэгж чадах уу? Хэрвээ саарал хувцас өмсөж, Буддын шашны хийдэд бүхэл өдөржингөө ном хурах хэрэгтэй болбол чи тэгж чадах уу? Тийм ч амар байхгүй. Христийн шашинд Арван Тушаал, бусад тушаал болон хууль байдаг, тэдгээрийг мөрдөхөд амархан уу? Амархан биш! Бусдыг харааж зүхэхгүй байхыг аваад үз: Хүмүүс энэ дүрэм журмыг баримтлах чадваргүй байдаг. Тэд биеэ барьж чадалгүй хараадаг ба нэгэнт хараасан бол буцааж авч чадахгүй, тэгээд юу хийдэг вэ? Шөнө нүглээ улайдаг. Заримдаа бусдыг харааж зүхсэнийхээ дараа ч зүрх сэтгэлд нь үзэн ядалт хэвээр байдаг бөгөөд бүр тэднийг аль нэгэн өдөр хорлохоор төлөвлөдөг. Дүгнэж хэлбэл, энэхүү үхмэл хоосон сургаал дунд амьдардаг хүмүүсийн хувьд нүгэл хийхгүй, мууг үйлдэхгүй байх нь амар биш. Иймээс шашин бүрд цөөн тооны хүмүүс л мөнхөрч чаддаг. Эдгээр шашныг маш олон хүн дагадаг учраас сүнсний ертөнцөд олон хүн үүрэг авч үлдэж чадна гэж чи боддог. Гэхдээ тийм ч олон байдаггүй, зөвхөн цөөн тооны хүн л үүнд хүрч чаддаг. Энэ бол ерөнхийдөө итгэл бишрэлтэй хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Тэднийг үл итгэгчдээс өөр болгодог зүйл нь мөнхрөх явдал бөгөөд энэ нь үл итгэгчдээс ялгарах тэдний ялгаа билээ.

3. Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг

Дараа нь, Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар ярилцацгаая. Энэ нь та нарт хамаатай учир анхаарал хандуулаарай. Юун түрүүнд, Бурханыг дагадаг хүмүүсийг хэдэн төрөлд хувааж болох талаар бод. (Бурханы сонгосон хүмүүс ба үйлчлэл үзүүлэгчид.) Хоёр төрөл байдаг: Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид. Эхлээд бид цөөн хэдхэн байдаг Бурханы сонгосон хүмүүсийн талаар ярина. “Бурханы сонгосон хүмүүс” гэж юуг хэлдэг вэ? Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ, хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Өөрийг нь дагадаг бүлэг хүмүүсийг сонгосон ба тэднийг зүгээр л “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэдэг. Бурхан энэ хүмүүсийг сонгосонд онцгой цар хүрээ болон ач холбогдол байдаг. Цар хүрээ гэдэг нь Бурханыг чухал ажил хийх бүрд тэд ирэх ёстой байдаг—эхний онцгой байдал нь энэ юм. Тэгвэл тэдний ач холбогдол юу вэ? Бурхан тэднийг сонгоно гэдэг нь тэд агуу ач холбогдолтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хүмүүсийг бүрэн болгож, төгс болгохыг хүсдэг бөгөөд удирдлагын ажил нь дууссаны дараа Тэр энэ хүмүүсийг олж авна. Энэ ач холбогдол агуу биш гэж үү? Иймд энэ сонгогдсон хүмүүс Бурханд асар чухал, учир нь тэд бол Бурханы олж авахаар зорьдог хүмүүс билээ. Харин үйлчлэл үзүүлэгчдийн тухайд гэвэл, Бурханы урьдчилан тогтоосон төлөвлөгөөг орхиж, тэдний гарал үүслээс эхэлж ярья. “Үйлчлэл үзүүлэгч” гэдгийн үгчилсэн утга нь үйлчилдэг нэгэн гэсэн үг юм. Үйлчилдэг хүмүүс түр зуурынх байдаг; тэд урт хугацаагаар, эсвэл үүрд үйлчилдэггүй, харин тэднийг түр хөлсөлж, элсүүлдэг. Тэдний ихэнхийг үл итгэгчдээс сонгодог. Тэд газар дээр ирэхдээ Бурханы ажилд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг гүйцэтгэх тушаалтай байдаг. Тэд урьд төрөлдөө амьтан байсан байж магадгүй, гэхдээ бас үл итгэгчдийн нэг байсан байж болох юм. Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ.

Бурханы сонгосон хүмүүсийн талаар эргэж ярья. Бурханы сонгосон хүмүүс үхэхдээ үл итгэгчид болон итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсээс огт өөр газар очдог. Энэ нь, тэнгэр элчүүд болон Бурханы элч нар тэднийг дагалддаг газар бөгөөд Бурханы биечлэн удирддаг газар юм. Гэсэн хэдий ч энэ газарт Бурханы сонгосон хүмүүс Бурханыг нүдээрээ харах боломжгүй байдаг ба энэ нь сүнсний ертөнцийн өөр хаанаас ч ялгаатай; энэ хэсэг хүмүүсийн нас барсныхаа дараа очдог газар нь энэ юм. Нас барсныхаа дараа тэд ч бас Бурханы элч нарын нарийн байцаалтад ордог. Юуг байцаадаг вэ? Бурханд итгэх итгэлийнхээ амьдралын туршид энэ хүмүүсийн туулсан замыг, энэ хугацаанд тэд Бурханыг эсэргүүцэж, эсвэл Түүнийг харааж байсан эсэхийг, ноцтой нүгэл юм уу, мууг үйлдсэн эсэхийг нь Бурханы элч нар шалгаж байцаадаг. Энэ байцаалтаар тухайн хүн явах уу, эсвэл үлдэх үү гэдгийг шийддэг. “Явах” гэдэг нь юуг хэлдэг вэ? “Үлдэх” гэдэг нь юуг хэлдэг вэ? “Явах” гэдэг нь зан авирынхаа үндсэн дээр Бурханы сонгосон хүмүүс дунд үлдэх эсэхийг нь хэлдэг. “Үлдэх” гэдэг нь тэд эцсийн өдрүүдэд Бурханы бүрэн төгс болгодог хүмүүсийн дунд үлдэж чадна гэсэн үг. Үлдэж байгаа хүмүүст зориулсан онцгой зохицуулалт Бурханд байдаг. Өөрийн ажлын үе бүрийн турш Бурхан, элчийн ажил хийлгэхээр, чуулгануудыг сэргээх ажил хийлгэхээр эсвэл чуулганыг харж хандуулахаар энэ хүмүүсийг илгээнэ. Гэвч ийм ажил хийх чадвартай хүмүүс нь дахин дахин эргэн төрдөг үл итгэгчид шиг дахин төрөл байнга олдоггүй; харин тэднийг Бурханы ажлын хэрэгцээ болон алхмуудын дагуу газар руу буцаадаг ба дахин төрөл байнга олоод байдаг хүмүүс биш. Тэгвэл тэднийг төрлөө дахин олоход ямар нэгэн дүрэм байдаг уу? Тэд хэдэн жилд нэг удаа ирдэг үү? Тэд ийм давтамжтайгаар ирдэг үү? Тэгдэггүй. Энэ нь Бурханы ажилд, Түүний ажлын үе шатуудад, Түүний хэрэгцээнд үндэслэдэг ба тогтсон дүрэм байдаггүй. Зөвхөн ганц дүрэм нь бол Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийнхөө ажлын сүүлчийн үе шатыг хийхэд энэ сонгогдсон хүмүүс бүгд ирнэ. Тэднийг бүгд ирэх үед энэ нь тэдний дахин төрөл олох сүүлчийн тохиолдол байх болно. Яагаад тэр вэ? Энэ нь Бурханы ажлын сүүлчийн үе шатанд биелэх үр дүнд үндэслэдэг—учир нь ажлын сүүлчийн энэ үе шатанд Бурхан энэ сонгогдсон хүмүүсийг бүрэн төгс болгоно. Энэ нь юуг харуулдаг вэ? Хэрвээ энэ сүүлчийн үе шатанд эдгээр хүмүүс бүрэн болгуулж, төгс болгуулбал урьдынх шигээ дахин төрөл олохгүй; хүн байх үйл явц нь бүрэн дуусаж, дахин төрөл олох үйл явц нь ч дуусна. Энэ нь үлдэх хүмүүст хамаатай. Тэгвэл үлдэж чадахгүй хүмүүс хаашаа явдаг вэ? Үлдэж чадахгүй хүмүүст очвол зохих газар байдаг. Юуны түрүүнд, муу үйл, хийсэн алдаа, үйлдсэн нүглийнхээ үр дүнд тэд бас шийтгэгддэг. Шийтгүүлснийх нь дараа Бурхан тэднийг үл итгэгчдийн дунд илгээдэг; нөхцөл байдалд нь тааруулан Тэр тэднийг үл итгэгчдийн дунд, эсвэл итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн дунд байхаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, тэдэнд боломжит хоёр нөхцөл бий: Нэг нь, шийтгүүлснийхээ дараа дахин төрөл олох үедээ шашны зарим урсгалын дунд амьдарч магадгүй, нөгөө нь, үл итгэгч болох юм. Хэрвээ үл итгэгч болбол бүх боломжоо алдана. Харин итгэл бишрэлтэй хүн болбол—жишээ нь, Христэд итгэгч болбол—Бурханы сонгосон хүмүүсийн эгнээнд эргэн орох боломж бас л бий; үүнд маш нарийн төвөгтэй харилцаа байдаг. Товчхондоо, хэрвээ Бурханы сонгосон хүмүүс Бурханыг уурлуулах ямар нэг зүйл хийвэл бусад хүмүүсийн нэгэн адил шийтгүүлнэ. Жишээлбэл, өмнө нь ярьж байсан Паулыг аваад үз. Паул бол шийтгүүлдэг хүмүүсийн нэг жишээ. Та нар Миний юу гэж хэлж байгаа санааг ойлгож байна уу? Бурханы сонгосон хүмүүсийн цар хүрээ тогтсон байдаг уу? (Ихэнхдээ тэгдэг.) Үүний ихэнх нь тогтсон байдаг ба багахан хэсэг нь тогтоогдоогүй байдаг. Яагаад тэр вэ? Энд Би хамгийн ойлгомжтой шалтгааныг дурдсан: мууг үйлдэх. Тэр мууг үйлдэхэд Бурхан түүнийг хүсдэггүй ба Бурхан түүнийг хүсэхгүй байх үедээ янз бүрийн үндэстэн, олон төрлийн хүмүүсийн дунд хаядаг ба энэ нь түүнийг ямар ч итгэл найдваргүй болгож, эргэж ирэхийг нь бэрх болгодог. Энэ бүхэн нь Бурханы сонгосон хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгтэй хамаатай.

Дараагийнх нь үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Бид дөнгөж сая үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүслийн талаар буюу тэд бол урьд төрөлдөө үл итгэгчид болон амьтад байгаад дахин төрөл олсон талаар ярьсан. Ажлын сүүлчийн үе шат ирэхэд Бурхан үл итгэгчдээс ийм бүлэг хүмүүсийг сонгосон ба энэ бол онцгой бүлэг билээ. Ийм хүмүүсийг сонгосон Бурханы зорилго нь Өөрийнхөө ажилд үйлчлүүлэх явдал юм. “Үйлчлэх” гэдэг нь нэг их боловсон сонсогддог үг ч биш, хүн бүрийн хүсэлд ч тийм сайн нийцдэггүй, гэхдээ бид энэ нь хэн рүү чиглэдгийг харах хэрэгтэй. Бурханы үйлчлэл үзүүлэгчдийн оршин тогтнолд онцгой ач холбогдол бий. Тэднийг Бурхан сонгосон учраас өөр хэн ч тэдний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх, гол нь Бурханы ажилд үйлчилж, Бурханы ажилтай хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг бүрэн төгс болгоход Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хөдөлмөрлөж, ямар нэг ажил гүйцэтгэж, эсвэл тодорхой даалгавар биелүүлж байгаа эсэхээс үл хамааран энэ хүмүүст тавьдаг Бурханы шаардлага юу вэ? Тэр тэдэнд тавьдаг шаардлагадаа хэт хатуу байдаг уу? (Үгүй, Бурхан тэднээс үнэнч байхыг шаарддаг.) Үйлчлэл үзүүлэгчид бас үнэнч байх ёстой. Чиний гарал үүсэл, эсвэл Бурхан яагаад чамайг сонгосноос үл хамааран чи Бурханд үнэнч байх ёстой, Бурханы чамд өгсөн даалгаварт, түүнчлэн өөрийн хариуцдаг ажил болон гүйцэтгэх үүрэгтээ үнэнч байх ёстой. Хэрвээ үйлчлэл үзүүлэгчид үнэнч байж, Бурханыг хангалуун байлгах чадвартай бол тэдний төгсгөл ямар байх вэ? Тэд үлдэж чадна. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд үлдэх нь ерөөл мөн үү? Үлдэх гэж юу гэсэн үг вэ? Энэ ерөөл нь юу гэсэн үг вэ? Байр сууриараа тэд Бурханы сонгосон хүмүүстэй адилгүй юм шиг харагддаг, тэд өөр юм шиг байдаг. Гэвч үнэндээ энэ төрөлдөө тэдний эдэлдэг зүйлс нь Бурханы сонгосон хүмүүсийнхтэй адилгүй юу? Ядаж энэ амьдралд адилхан. Та нар үүнийг үгүйсгэхгүй, тийм үү? Бурханы айлдвар, Бурханы нигүүлсэл, Бурханы хангалт, Бурханы ерөөлийг эдэлдэггүй хэн байна вэ? Хүн бүр ийм элбэг дэлбэг байдлыг эдэлдэг. Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлэгч, харин Бурханы хувьд тэд бол Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг бөгөөд тэдний үүрэг нь зүгээр үйлчлэл үзүүлэгчийнх юм. Бурханы бүтээлийн нэг болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Ерөнхийд нь хэлбэл, нэр томьёо нь ялгаатай байдаг, мөн чанартаа ялгаа бий, тэдний гүйцэтгэдэг үүргийн хувьд ялгаа байдаг, гэвч Бурхан энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй. Тэгээд яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар үүнийг ойлгох ёстой. Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас ирдэг. Үл итгэгч гэж дурдаж байгаа нь тэдний өнгөрсөн үе муу байсныг хэлдэг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд урьд төрөлдөө бурхангүй үзэлтнүүд байсан, тэд Бурханд итгэдэггүй ба тэд Бурханд, үнэн, болон эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй байсан, тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Ихэнхдээ энэ бүлэг хүмүүс Бурханы үгийг ойлгох чадваргүй гэж хэлж болох юм. Яг л амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдагтай адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгааг, Түүний шаардлага юу болохыг, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгодоггүй—тэд ойлгодоггүй, эдгээр зүйл тэдэнд ойлгомжгүй байх ба тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас энэ хүмүүс бидний ярьсан амийг эзэмшээгүй байдаг. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэд Бурханы үгийн туршлага болон мэдлэгээр зэвсэглэдэг үү? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм юм. Гэхдээ Бурхан энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгодог тул тэдэнд тавих Түүний шаардлагад бас л стандарт байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Тэд Түүний үгийг ойлгодоггүй, амьгүй хэдий ч Бурхан тэдэнд бас л сайхан ханддаг ба тэдэнд тавих Түүний шаардлагад бас л стандарт байдаг. Та нар эдгээр стандартын талаар дөнгөж сая хэлсэн: Бурханд үнэнч байж, Түүний хэлдгийг хийх. Чи үйлчлэлдээ хэрэгтэй газар нь эцсээ хүртэл үйлчлэх ёстой. Хэрвээ чи үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, бүр эцсийг нь хүртэл үйлчилж, Бурханы өгсөн даалгаврыг төгс биелүүлж чадвал үнэ цэнэтэй амьдралаар амьдарна, иймээс чи үлдэж чадна. Хэрвээ чи арай илүү хичээл зүтгэл гаргаж, илүү их чармайж, Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, Бурханы тухай мэдлэгийн талаар бага ч гэсэн ярьж чадвал, Бурханд гэрчлэл хийж чадвал, түүнчлэн Бурханы хүслийн талаар зарим зүйлийг ойлгож, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы хүслийн талаар бага зэрэг анхааралтай байж чадвал энэхүү үйлчлэл үзүүлэгч болох чиний хувь тавилан өөрчлөгдөнө. Тэгээд энэ хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зүгээр л үлдэж чадахаа болино. Биеэ авч яваа байдал, хувийн хүсэл тэмүүлэл, эрэл хайгуулд үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгоно. Энэ бол хувь тавилангийн чинь өөрчлөлт байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүний хамгийн сайн зүйл нь юу вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болох юм. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болбол үл итгэгчид шиг дахиж амьтны төрөл олохгүй гэсэн үг юм. Энэ сайн зүйлд тооцогдох уу? Тийм ээ, энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, үйлчлэл үзүүлэгчид хувирч болно. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд, Бурхан түүгээр үйлчлүүлэхээр заяах үед тэр мөнхөд үйлчилнэ гэсэн үг биш; заавал ийм байх албагүй. Биеэ авч явах байдалд нь үндэслэн Бурхан түүнийг өөрөөр зохицуулж, түүнд өөр хариу өгнө.

Гэхдээ эцэст нь хүртэл үйлчилж чаддаггүй үйлчлэл үзүүлэгчид байдаг; өөрөөр хэлбэл, үйлчлэх хугацаандаа дутуу зуурэм орхиж, Бурханыг хаядаг хүмүүс байдаг, мөн олон муу зүйл хийдэг, үүгээр ч зогсохгүй Бурханы ажилд асар их хор, асар их хохирол учруулдаг хүмүүс хүртэл байдаг, Бурханыг хараадаг үйлчлэл үзүүлэгчид ч гэсэн байдаг гэх мэт—эдгээр буцаахын аргагүй үр дагавар нь юу гэсэн үг вэ? Ийм ямар ч муу үйл нь тэдний үйлчлэл эцэс болно гэсэн үг. Үйлчлэлийн хугацаанд биеэ авч явах байдал чинь хэтэрхий муу байсан учраас, хэрээ мэдэхгүй даварсан учраас Бурхан чиний үйлчлэл шаардлага хангаагүй гэж үзвэл үйлчлэх эрхийг чинь хасаж, чамаар үйлчлүүлэхгүй, Тэр чамайг Өөрийнхөө нүднээс, мөн Бурханы гэрээс зайлуулна. Чи үйлчлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Чи үргэлж мууг хийхийг хүсдэг биш гэж үү? Чи үргэлж үнэнч бус байдаг биш үү? Тэгвэл үүнийг хялбар шийдэж болно: Чиний үйлчлэх эрхийг хасна. Бурханы хувьд, үйлчлэл үзүүлэгчийн үйлчлэх эрхийг хасна гэдэг нь тухайн үйлчлэл үзүүлэгчийн төгсгөл тунхаглагдсан гэсэн үг бөгөөд тэд Бурханд үйлчлэх эрхтэй байхаа больж, Бурханд тэдний үйлчлэл цаашид хэрэггүй болох ба тэд ямар ч сайхан зүйл хэлэвч эдгээр үг нь үр дүнгүй байх болно. Юмс энэ цэгт хүрэхэд энэ нөхцөл байдал залруулахын аргагүй болно; ийм үйлчлэл үзүүлэгчдэд буцах зам байхгүй. Тэгвэл Бурхан ийм үйлчлэл үзүүлэгчдийг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Үйлчлэхийг нь л болиулдаг уу? Үгүй. Түүний үлдэхийг нь л хорьдог уу? Эсвэл түүнийг хайхралгүй орхиод эргэхийг нь хүлээдэг үү? Тэр тэгдэггүй. Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг тийм ч их хайрладаггүй, энэ нь үнэн юм. Хэрвээ хүн Бурханд үйлчлэхдээ ийм хандлагатай байдаг бол Бурхан энэ хандлагаас нь болж түүний үйлчлэх эрхийг хасах бөгөөд түүнийг үл итгэгчдийн дунд дахин нэг удаа буцааж хаяна. Үл итгэгчдийн дунд буцаан хаягдсан үйлчлэл үзүүлэгчийн хувь заяа ямар байх вэ? Энэ нь үл итгэгчдийнхтэй адилхан: дахин амьтны төрөл олж, сүнсний ертөнцөд үл итгэгчдийн шийтгэлийг хүлээнэ. Тэгээд тэр Бурханы ажилтай ямар ч холбоогүй болох учир Бурхан түүний шийтгэлийг биечлэн сонирхохгүй. Энэ нь зөвхөн Бурханд итгэх итгэлийн амьдралынх нь төгсгөл биш, харин түүний өөрсдийн хувь заяаны төгсгөл, түүний хувь заяаны тунхаглал юм. Иймээс хэрвээ үйлчлэл үзүүлэгчид муу үйлчилбэл өөрсдөө үр дагаврыг нь амсах хэрэгтэй болно. Хэрвээ үйлчлэл үзүүлэгч нь бүр эцэст нь хүртэл үйлчилж чадахгүй бол, эсвэл замын дундаас үйлчлэх эрхээ хасуулбал үл итгэгчдийн дунд хаягдах бөгөөд үл итгэгчдийн дунд хаягдвал малтай харьцдаг шиг, эсвэл эргүү, саруул ухаангүй хүмүүстэй харьцдагтай адилаар тэдэнтэй харьцана. Намайг ингэж тайлбарлах үед та нар ойлгодог, тийм үү?

Дээрх нь Бурхан, Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг зохицуулж байгаа хэрэг юм. Үүнийг сонссоны дараа та нарт ямар санагдаж байна вэ? Миний дөнгөж сая ярьсан сэдэв буюу Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн тухай сэдвийн талаар Би өмнө нь ярьж байсан уу? Үнэндээ ярьсан, гэвч та нар санадаггүй. Бурхан Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд зөв шударга ханддаг. Бүх талаараа Тэр зөвт, тийм үү? Чи хаанаас ч юм алдаа мадаг олж чадах уу? “Бурхан яагаад сонгогдсон хүмүүст маш хүлээцтэй ханддаг вэ? Тэгээд яагаад үйлчлэл үзүүлэгчдийг өчүүхэн төдий л тэвчдэг юм бэ?” гэж хэлэх хүмүүс байдаг уу? Үйлчлэл үзүүлэгчдийг өмөөрдөг хүн байна уу? “Бурхан үйлчлэл үзүүлэгчдэд илүү их цаг зарцуулж, тэднийг илүү тэвчиж тэсвэрлэж чадах уу? Энэ үгс зөв үү? (Үгүй, буруу.) Яагаад буруу вэ? (Яагаад гэвэл, биднийг үйлчлэл үзүүлэгч болгосноор үнэндээ бидэнд ивээлээ хайрласан.) Үйлчлэхийг зөвшөөрсөн нь л үнэндээ үйлчлэл үзүүлэгчдэд хайрласан ивээл юм! “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нэр томьёогүйгээр, үйлчлэл үзүүлэгчдийн ажилгүйгээр энэ үйлчлэл үзүүлэгчид хаана байх байсан бэ? Үл итгэгчдийн дунд, малтай хамт амьдарч, үхэх байсан. Бурханы өмнө, Бурханы гэрт ирэхийг тэдэнд зөвшөөрснөөр өнөөдөр тэд ямар их нигүүлслийг эдэлж байна вэ! Энэ бол асар их нигүүлсэл юм! Бурхан, үйлчлэх боломж өгөөгүй бол Бурханы өмнө очих боломж чамд хэзээ ч олдохгүй байх байсан. Дахиад хэлэх юм бол, чи Буддын шашинтан бөгөөд мөнхөрсөн байлаа ч гэсэн, хамгийн ихдээ л сүнсний ертөнцөд гар хөлийн үзүүрт зарагддаг нэгэн болно; чи Бурхантай уулзаж, эсвэл Түүний дуу хоолойг сонсож, Түүний үгийг сонсож, чамайг гэсэн Түүний хайр, ерөөлийг хэзээ ч мэдрэхгүй бөгөөд Бурхантай нүүр учирч хэрхэвч чадахгүй. Буддын шашинтнуудын өмнөх ганц зүйл нь маш амархан даалгаврууд байдаг. Тэд Бурханыг мэдэж хэрхэвч чадахгүй бөгөөд зөвхөн сохроор дагаж, дуулгавартай байдаг, харин үйлчлэл үзүүлэгчид бол ажлын энэ шатанд маш ихийг олж авдаг! Юуны түрүүнд, тэд Бурхантай нүүр учирч, Түүний дуу хоолойг сонсож, Түүний үгийг сонсож, хүмүүст Түүний өгдөг нигүүлсэл болон ерөөлийг мэдэрч чаддаг. Түүнчлэн Бурханы өгсөн үг болон үнэнийг эдэлж чаддаг. Тэд үнэхээр маш ихийг олж авдаг! Иймд үйлчлэл үзүүлэгч болохын хувьд чи зохих хичээл зүтгэл ч гаргаж чадахгүй бол Бурхан чамайг бас л байлгах уу? Тэр чамайг байлгаж чадахгүй. Тэр чамаас тийм ч ихийг шаарддаггүй, харин чи Түүний шаарддаг зүйлээс юуг ч зохих ёсоор хийдэггүй, өөрийнхөө үүргийг сахиагүй—иймд Бурхан чамайг байлгаж чадахгүй нь лавтай. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Бурхан чамайг эрхлүүлдэг ч үгүй, ялгаварлан гадуурхдаг ч үгүй. Энэ бол Бурханы ажилладаг зарчим билээ. Бурхан бүх хүн болон бүтээлд ингэж хандан ажилладаг.

Сүнсний ертөнцийн тухайд гэвэл, хэрвээ тэнд байгаа янз бүрийн оршихуй ямар нэгэн буруу зүйл хийсэн бол, хэрвээ тэд өөрсдийн ажлыг зөв хийгээгүй бол тэднийг шийдвэрлэхэд таарсан тэнгэрлэг тушаал болон зарлиг Бурханд бас байдаг—энэ нь гарцаагүй. Иймээс Бурханы хэдэн мянган жилийн удирдлагын ажлын туршид буруу зүйл хийсэн зарим шийдвэр гүйцэтгэгч устгагдсан ба зарим нь өнөөдөр ч хоригдож шийтгэгдсэн хэвээр байна. Энэ бол сүнсний ертөнцөд оршихуй бүрийн тулгарах ёстой зүйл юм. Хэрвээ тэд ямар нэгэн буруу зүйл хийж, эсвэл мууг үйлддэг бол шийтгэгддэг—энэ нь Өөрийнхөө сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандах Бурханы хандлагатай адилхан. Иймээс сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы ажилладаг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж байгаа, үгүйгээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан тувт нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй. Бурхан үл итгэгчид дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн сайн үйлдэлтэй, мууг хийдэггүй хүмүүст Бурханаар удирдуулдаг бүх зүйлийн дунд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрч, боломж үлдээнэ. Үүнтэй адилаар, Бурханыг дагадаг хүмүүсийн дундаас, Өөрийн сонгосон хүмүүсийн дундаас Бурхан, энэхүү зарчмынхаа дагуу хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй. Тэр Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд сайн ханддаг бөгөөд Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг хайрладаг. Энэ хэдэн төрлийн хүмүүст—үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс болон Бурханы сонгосон хүмүүст—Түүний хайрладаг зүйл өөр өөр байдаг. Үл итгэгчдийг авч үзье: Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан тэднийг мал гэж үздэг хэдий ч бүх зүйлийн дундаас тэд бүгд идэх хоолтой, өөрийн гэсэн газартай, амьдрал, үхлийн хэвийн мөчлөгтэй байдаг. Мууг хийдэг хүмүүс шийтгэгдэж, сайныг хийдэг нь ерөөгдөж, Бурханы хайр энэрлийг хүртдэг. Ийм байдаг биш гэж үү? Итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд, хэрвээ тэд дахин дахин төрөл олохдоо шашны сургаалыг чанд баримталж чадвал энэ бүх дахин төрөлтийн дараа эцэст нь Бурхан тэдэнд Өөрийн тунхаглалыг хийнэ. Үүнтэй адилаар, өнөөдөр та нарын хувьд та нар Бурханы сонгосон хүмүүс ч бай, эсвэл үйлчлэл үзүүлэгчид ч бай, Бурхан Өөрийн тогтоосон захиргааны зарлиг, журмын дагуу та нарыг бас эгнээнд оруулж, төгсгөлийг чинь тодорхойлно. Энэ хэдэн төрлийн хүмүүсийн дундаас—олон янзын шашинд харьяалагддаг итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүст Бурхан амьдрах орон зай өгсөн үү? Иудын шашин хаана байна вэ? Бурхан тэдний итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцсон уу? Тэгээгүй, тийм үү? Тэгвэл Христийн шашин ямар байна вэ? Тэр бас л хөндлөнгөөс оролцоогүй. Тэр тэдэнд өөрсдийнхөө ёс жаягийг мөрдөхийг зөвшөөрсөн ба тэдэнтэй ярьдаггүй, эсвэл тэдэнд ямар ч гэгээрэл өгдөггүй, түүнчлэн юу ч илчилдэггүй: “Хэрвээ чи зөв гэж бодож байгаа бол энэ маягаараа итгэ.” Католикчууд Мариад итгэдэг, Эзэн Есүст Мариагаар дамжин мэдээ очсон гэж итгэдэг; тэдний итгэлийн хэлбэр ийм юм. Тэгээд Бурхан ер нь тэдний итгэлийг зассан уу? Бурхан тэдэнд эрх чөлөө өгдөг, тэднийг тоодоггүй бөгөөд Тэр тэдэнд амьдрах орон зай өгдөг. Исламын болон Буддын шашинтнуудад Тэр бас ингэж ханддаг уу? Тэр тэдэнд ч мөн цар хүрээ тогтоосон бөгөөд тус тусынх нь итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцохгүйгээр өөрийн орон зайтай байхыг зөвшөөрдөг. Бүгд эмх журамтай байдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурхан эрх мэдэл эзэмшдэг ч Өөрийнхөө эрх мэдлийг дураараа ашигладаггүй. Бурхан бүх зүйлийг төгс эмх журамтай зохицуулдаг ба арга дүйтэй. Түүний мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал үүнд оршдог.

Өнөөдөр бид сүнсний ертөнцөд хамааралтай зүйлс буюу Бурхан сүнсний ертөнцийг удирдаж, захирч байдгийн нэг тал болох шинэ, онцгой сэдвийн талаар ярилцлаа. Та нар эдгээр зүйлийг ойлгодоггүй байхдаа: “Үүнтэй холбоотой бүх зүйл нууцлаг бөгөөд бидний амийн оролтод ямар ч хамаагүй; эдгээр зүйл нь хүмүүсийн хэрхэн амьдардгаас ангид бөгөөд бид үүнийг ойлгох ч хэрэггүй, бид тэднийг сонсохыг ч хүсдэггүй. Тэдгээр нь Бурханыг мэдэхтэй огт холбоогүй” гэж хэлэх байсан байх. Одоо та нар, ийм бодолд асуудал байна гэж бодож байна уу? Энэ зөв үү? (Үгүй.) Ийм бодол буруу бөгөөд ноцтой асуудалтай. Учир нь, хэрвээ чи Бурхан бүх зүйлийг хэрхэн захирдгийг ойлгохыг хүсвэл өөрийнхөө харж чадах, мөн бодлоороо хүртэж болох зүйлсийг л ойлгож болохгүй. Чамд үзэгддэггүй ч чиний хардаг энэ дэлхийтэй салшгүй холбоотой нөгөө ертөнцийн талаар бас ойлгох ёстой. Энэ нь Бурханы дээд эрхэд хамаатай ба “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвт хамаатай; энэ нь үүний доторх агуулга юм. Энэхүү агуулгагүйгээр Бурхан хэрхэн бүх зүйлийн амийн эх сурвалж байдаг тухай хүмүүсийн мэдлэг дутуу дулимаг бөгөөд зарим зүйл дутагддаг. Иймд бидний өмнө нь хэлэлцэж байсан зүйл, мөн “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдгийн агуулгыг өнөөдрийн ярьсан зүйл маань нэгтгэн дүгнэлээ гэж хэлж болох юм. Үүнийг ойлгоод одоо та нар энэхүү агуулгаар Бурханыг мэдэж чадах уу? Мөн илүү чухал зүйл бол өнөөдөр Би та нарт үйлчлэл үзүүлэгчдэд хамаатай нэг маш чухал мэдээлэл дамжууллаа. Та нар иймэрхүү сэдвийн талаар сонсох үнэхээр дуртай гэдгийг, эдгээр зүйлийн талаар үнэхээр анхаардаг гэдгийг Би мэддэг, иймээс та нар өнөөдөр Миний ярьсан зүйлд сэтгэл хангалуун байна уу? (Тийм ээ, сэтгэл хангалуун байна.) Та нарт бусад зүйлийн талаар хүчтэй сэтгэгдэл төрөхгүй байж магад боловч үйлчлэл үзүүлэгчдийн талаар хэлсэн зүйлийн тухай та нарт нэн хүчтэй сэтгэгдэл төрсөн, учир нь энэхүү сэдэв нь хүн бүрийн сүнсийг хөнддөг.

Хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага

1. Бурханы Өөрийн ялгамж чанар ба байр суурь

Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”, мөн “Бурхан бол цор ганц Бурхан Өөрөө” гэсэн сэдвүүдийг үзэж дууслаа. Тийм болохоор товч дүгнэлт хийх хэрэгтэй. Ямар дүгнэлт вэ? Бурханы Өөрийн тухай. Нэгэнт энэ нь Бурханы Өөрийн тухай тул Бурханы бүх тал, мөн хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хэлбэртэй холбоотой байх ёстой. Тиймээс эхлээд Би та нараас ингэж асуух хэрэгтэй: Эдгээр номлолыг сонссоны дараа та нарын зүрх сэтгэл дэх Бурхан хэн бэ? (Бүтээгч.) Та нарын зүрх сэтгэл дэх Бурхан бол Бүтээгч юм. Өөр зүйл байна уу? Бурхан бол бүх зүйлийн Эзэн. Эдгээр үг тохиромжтой юу? (Тохиромжтой.) Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилжин явдаг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газарт хүрч чаддаг; Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцдаг; үүний зэрэгцээ Тэр байгаа бүхнийг хянадаг бөгөөд байгаа бүхний хувь заяаг шийдэж, явах замыг нь зааж өгдөг; мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь заяа болон зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд амьд хүн бүхэн шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, хувь заяаны чинь талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, амьд хүн бүхний цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц байдлаас хүмүүс Түүний эрх мэдэл, Түүний зөвт зан чанар, Түүний мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь бүгд цор ганц болохыг хардаг; Түүний цор ганц байдал нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдог ба Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээлийн дотроос сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд оршихуй Бурханы оронд зогсохыг хүсэх нь боломжгүй хэрэг, Бурханы дүрд тоглохыг хүсэх нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт. Бурханы Өөрийн ялгамж чанар, хүч чадал болон байр суурийг эзэмшдэг ийм Бүтээгч болон Захирагчийн хүн төрөлхтнөөс шаарддаг шаардлага юу вэ? Үүнийг хүн бүр ойлгож, санах ёстой ба энэ нь Бурхан, хүн хоёрт хоёуланд нь маш чухал юм!

2. Бурханд хандах хүн төрөлхтний янз бүрийн хандлага

Хүмүүс Бурханд хэрхэн ханддаг нь тэдний хувь заяаг шийддэг бөгөөд Бурхан тэдэнд хэрхэн хандаж, шийдвэрлэхийг шийддэг. Энд Би, хүмүүс Бурханд хэрхэн ханддаг талаар зарим жишээ дурдах гэж байна. Бурханд ханддаг тэдний арга маяг, хандлага зөв эсэх талаар хэдэн зүйл сонсъё. Бүгдээрээ доор дурдсан долоон төрлийн хүний биеэ авч явах байдлыг авч үзье. Үүнд:

1) Бурханд тун хөгийн ханддаг нэг төрлийн хүмүүс байдаг. Бурхан бол ертөнцийн үлгэр домгоос сонссон Бодьсадва, эсвэл бодь нэгэн шиг бөгөөд хүмүүс уулзахдаа гурвантаа мөргөж, хооллосныхоо дараа хүж асаах хэрэгтэй гэж тэд боддог. Тиймээс зүрх сэтгэлдээ тэд нигүүлслийнх нь төлөө Бурханд баярлаж, талархаж байх үедээ дандаа иймэрхүү сэтгэл хөөрөлтэй байдаг. Тэд өнөөдөр өөрсдийнх нь итгэдэг Бурхан, зүрх сэтгэлдээ хүсэн тэмүүлдэг ариун оршихуйн адилаар, уулзахдаа гурвантаа мөргөж, хооллосныхоо дараа хүж асаадаг зан үйлийг нь хүлээн зөвшөөрдөг болоосой гэж хүсдэг.

2) Зарим хүн Бурханыг бүх амьд зүйлийг зовлонгоос ангижруулж, өөрсдийг нь аварч чадах амьд Будда мэт үздэг; тэд Бурханыг зовлонгийн далайгаас холдуулж чадах амьд Будда гэж боддог. Энэ хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханыг Будда мэт үзэн шүтэх явдал юм. Хэдийгээр тэд хүж асааж, мэхийн ёсолж, эсвэл тахил өргөдөггүй ч тэдний зүрх сэтгэл дэх Бурхан бол яг л Буддатай адил бөгөөд ямар ч амьд зүйлийг хөнөөхгүй, бусдыг харааж зүхэхгүй, үнэнч шударга харагдах амьдралаар амьдарч, ямар ч муу юм хийхгүйгээр өрөвч, өглөгч бай гэж л—ердөө эдгээр зүйлийг шаарддаг. Энэ бол тэдний зүрх сэтгэл дэх Бурхан юм.

3) Зарим хүн Бурханыг агуу, эсвэл алдартай нэгэн мэт үзэж шүтэн мөргөдөг. Жишээлбэл, энэ агуу хүний ярих дуртай аливаа арга зам, түүний ярьдаг аливаа аялга, хэрэглэдэг үг, хэллэг болон дуу хоолойн өнгө, гарын дохио зангаа, түүний үг хэл, үйлдэл, намба төрх—энэ бүхнийг нь тэр хуулбарладаг бөгөөд эдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцдаа түүний бүрэн хүрэх ёстой зүйлс юм.

4) Зарим хүн Бурханыг эзэн хаан мэт үзэж, Түүнийг бүхнээс дээр байдаг гэж боддог бөгөөд хэн ч Түүнийг уурлуулж зүрхэлдэггүй—хэрвээ тэгвэл тэд шийтгүүлнэ. Эзэн хаан тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг учир тэд тийм эзэн хааныг шүтэн мөргөдөг. Эзэн хааны бодол, зан байдал, эрх мэдэл, уг чанар—тэдний ашиг сонирхол, хувийн амьдрал хүртэл—бүгд энэ хүмүүсийн ойлгох ёстой зүйл, анхаарах ёстой асуудал, хэрэг явдал болдог, иймээс тэр Бурханыг эзэн хаан мэт үзэж шүтэн мөргөдөг. Итгэлийн ийм хэлбэр үнэхээр хөгийн.

5) Зарим хүн Бурханы оршин тогтнолд гойд итгэлтэй байдаг ба энэ нь гүн гүнзгий бөгөөд гуйвшгүй. Бурханы талаарх тэдний мэдлэг маш өнгөц, Бурханы үгийн талаар туршлага ихгүй байдаг учраас Түүнийг шүтээн мэт үзэж шүтэн мөргөдөг. Энэ шүтээн нь түүний зүрх сэтгэл дэх Бурхан, энэ нь түүний эмээж, бөхийн мөргөх ёстой бөгөөд дагаж, дуурайх ёстой зүйл юм. Тэр Бурханыг бүхэл амьдралынхаа турш дагах ёстой шүтээн мэт үздэг. Тэр Бурханы ярианы өнгийг хуулбарладаг бөгөөд Бурханд таалагддаг хүмүүсийг гаднаа дуурайдаг. Тэр үргэлж гэнэн, цэвэр ариун, үнэнч шударга харагддаг зүйлсийг хийдэг, тэр ч байтугай энэ шүтээнийг хэзээ ч хагацаж чадахгүй хамтрагч, эсвэл найз нөхөр мэт дагадаг. Тэр ийм маягаар Бурханд итгэдэг.

6) Нэг төрлийн хүн Бурханы үгээс ихийг уншиж, зөндөө номлол сонссон хэдий ч Бурханд хандах цор ганц зарчим бол үргэлж долигонож, бялдуучлах ёстой, эсвэл бодитой бус байдлаар Бурханыг магтаж, Түүнийг сайшаах ёстой гэж зүрх сэтгэлдээ боддог. Бурхан бол ийм маягаар авирлахыг шаарддаг Бурхан гэж тэд итгэдэг бөгөөд тийн үйлдэхгүй бол хэдийд ч Түүнийг хилэгнүүлж, Түүнийг гомдоох бөгөөд гомдоосных нь хариуд Бурхан тэднийг шийтгэнэ гэж итгэдэг. Тэдний зүрх сэтгэлд буй Бурхан ийм юм.

7) Мөн дийлэнх хүмүүс Бурханыг сэтгэлийн өмөг түшиг болгодог. Тэд энэ дэлхийд амьдардаг учраас амар тайван бус, амар амгалан юм уу, аз жаргал үгүй байдаг бөгөөд хаанаас ч тайтгарал олж авч чаддаггүй. Тэд Бурханыг олсныхоо дараа, Түүний үгийг сонсож, харах үед зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж, хөөрдөг. Яагаад гэвэл, тэд өөрсдөд нь аз жаргал авчрах газрыг эцэстээ оллоо, мөн сэтгэлийн өмөг түшиг болох Бурханыг эцэстээ оллоо гэж итгэдэг. Бурханыг хүлээн авч, Түүнийг дагаж эхэлсний дараа тэдний сэтгэл нь аз жаргалтай, амьдрал нь хангалуун болдог бөгөөд амьдралаа амьтан шиг ухамсаргүйгээр өнгөрүүлдэг үл итгэгчидтэй адил байхаа больж, амьдрал нь хүсэл эрмэлзэлтэй болсон гэж тэр боддог. Тиймээс, энэ Бурхан өөрсдийнх нь сүнслэг хэрэгцээг хангаж, оюун санаа болон сүнсний аль алинд нь асар их аз жаргал авчирч чадна гэж тэд боддог. Өөрсдөө ч мэдэлгүйгээр тэр, өөрсдөд нь сэтгэлийн өмөг түшиг болдог, сэтгэлд нь болон бүхэл гэр бүлд нь аз жаргал авчирдаг Бурханыг орхиж чадахгүй болдог. Бурханд итгэх итгэл өөрсдөд нь сэтгэлийн түшиг болохоос өөр юм хийх хэрэггүй гэж тэд итгэдэг.

Дээр дурдсан энэ олон төрлийн хүмүүсийн Бурханд хандах хандлага та нарын дунд байдаг уу? (Байдаг.) Хэрвээ Бурханд итгэхдээ хүний зүрх сэтгэл эдгээр хандлагын аль нэгийг агуулдаг бол тэр хүн Бурханы өмнө үнэхээр очиж чадах уу? Хэрвээ хэн нэгний зүрх сэтгэлд дээрх хандлагуудын аль нэг байгаа бол тэр хүн Бурханд итгэдэг үү? Цор ганц Бурханд Өөрт нь итгэдэг үү? (Үгүй.) Чи цор ганц Бурханд Өөрт нь итгэдэггүй, тэгвэл хэнд итгэдэг юм бэ? Хэрвээ чиний итгэдэг зүйл цор ганц Бурхан Өөрөө биш бол чи нэг шүтээн юм уу, нэг агуу хүн, эсвэл Бодьсадвад итгэдэг, зүрх сэтгэлдээ Буддаг шүтэн мөргөдөг байж болзошгүй. Түүнчлэн чи жирийн нэг хүнд итгэдэг байж болзошгүй. Дүгнэн хэлбэл, хүмүүсийн Бурханд итгэх итгэл болон хандлагын янз бүрийн хэлбэрээс болж хүмүүс өөрсдийн боддог Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, өөрсдийн төсөөллийг Бурханд тулгаж, Бурханы талаарх хандлага, төсөөллөө цор ганц Бурхантай эн зэрэгцүүлэн тавьдаг бөгөөд тэгээд тэдгээрийг тахидаг. Хүмүүсийн Бурханд ийм зүй зохисгүй хандлагатай байгаа нь юуг харуулдаг вэ? Энэ бол тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь голж, хуурамч Бурханыг шүтэн мөргөдөг гэсэн үг, энэ бол Бурханд итгэхийн зэрэгцээ Бурханыг голж, Түүнийг эсэргүүцэж, мөн жинхэнэ Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс ийм хэлбэрийн итгэлтэй зууралдсаар байвал тэдэнд ямар үр дагавар ирэх вэ? Итгэлийн ийм хэлбэртэй байснаар тэд Бурханы шаардлагыг биелүүлэхэд илүү ойртож ер нь чадах уу? (Үгүй, чадахгүй.) Харин ч өөрсдийн үзэл, төсөөллөөс болж хүмүүс Бурханы замаас улам л холдоно, учир нь чиний эрж хайдаг чиглэл нь Бурханы шаарддаг чиглэлээс эсрэг байдаг. Та бүхэн “сүйх тэргээ хойшоо жолоодож, урагшаа явах” гэдэг түүхийг ер нь сонсож байсан уу? Энэ нь ёстой л сүйх тэргээ хойшоо жолоодож, урагшаа явж буй хэрэг байж болох юм. Хэрвээ хүмүүс ийм утгагүй байдлаар Бурханд итгэвэл хичээх тусмаа Бурханаас улам их холдоно. Тиймээс Би та бүхэнд үүнийг сануулж байна: Та нар явахаасаа өмнө эхлээд зөв чиглэлд явж байгаа эсэхээ ялгаж салгах ёстой. Сохроор бүү хүчин чармайлт гарга, “Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг Захирагч мөн үү? Миний итгэдэг энэ Бурхан надад ердөө л сэтгэлийн өмөг түшиг болдог нэгэн үү? Тэр миний шүтээн үү? Миний итгэдэг энэ Бурхан надаас юу шаарддаг вэ? Бурхан миний хийдэг бүхнийг сайшаадаг уу? Миний хийдэг, эрэлхийлдэг бүхэн Бурханыг мэдэхийн төлөө байдаг уу? Энэ нь Бурханы надаас шаарддаг зүйлтэй нийцэж байна уу? Миний алхдаг замыг Бурхан зөвшөөрч, сайшаадаг уу? Миний итгэлд Бурхан сэтгэл хангалуун байдаг уу?” гэж өөрсдөөсөө заавал асуу. Чи эдгээр асуултыг өөрөөсөө байнга, давтан асууж байх хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлэхийг хүсэж байвал Бурханыг сэтгэл хангалуун байлгахаасаа өмнө тодорхой ухамсар, тодорхой зорилготой байх ёстой.

Бурхан хүлээцтэй учраас дөнгөж сая Миний ярьсан энэ зүй зохисгүй хандлагуудыг дурамжхан хүлээн зөвшөөрөх боломжтой юу? Бурхан энэ хүмүүсийн хандлагыг сайшааж чадах болов уу? (Үгүй.) Хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүст тавих Бурханы шаардлага юу вэ? Тэр яаж хандахыг хүмүүсээс шаарддаг талаар та нар мэддэг үү? Өнөөдөр Би маш ихийг ярьсан ба Бурханы Өөрийн тухай сэдвээр болон Бурханы үйл хэрэг, Түүнд юу байдаг, Тэр юу болох талаар ихийг ярилаа. Одоо та нар Бурхан хүмүүсээс юу олж авахыг хүсдэгийг мэддэг үү? Бурхан чамаас юу хүсдэгийг чи мэдэх үү? Та нар хандлагаа илэрхийл. Туршлага болон хэрэгжүүлэлтээс олж авсан мэдлэг чинь бас л дутуу дулимаг, эсвэл маш өнгөц хэвээр байвал та бүхэн эдгээр үгийн талаар мэддэг зүйлээ ярьж болно. Та бүхэнд нэгтгэн дүгнэсэн мэдлэг байна уу? Бурхан хүнээс юу шаарддаг вэ? (Энэ хэдэн ярианы үеэр Бурхан, Бурханыг мэдэх, Түүний үйл хэргийг мэдэх, Тэр бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг мэдэх, Түүний байр суурь, ялгамж чанарыг мэдэхийг биднээс шаарддаг гэдгээ онцлон анхааруулжээ.) Бурхан Өөрийг нь мэд гэж хүмүүсээс шаардахад эцсийн үр дүн нь юу байдаг вэ? (Бурхан бол Бүтээгч, хүн бол бүтээл гэдгийг хүмүүст мэдүүлдэг.) Тэд ийм мэдлэг олох үед Бурханд хандах хүмүүсийн хандлага, тэдний үйлдэл, үйлдлийн арга хэлбэр, эсвэл тэдний амь зан чанарт ямар өөрчлөлт гардаг вэ? Та бүхэн энэ тухай ер нь бодож үзсэн үү? Бурханыг мэдэж, Түүнийг ойлгосны дараа тэд сайн хүн болдог гэж хэлж болох уу? (Бурханд итгэх итгэл нь сайн хүн болох гэж хөөцөлдөх явдал биш. Харин Бурханы стандартыг хангасан бүтээл болох гэж, мөн үнэнч хүн байхын төлөө хөөцөлдөх явдал юм.) Өөр зүйл байна уу? (Бурханыг үнэн, зөвөөр мэдсэний дараа бид Бурханыг Бурхан гэж үзэн хандаж чадах бөгөөд Бурхан бол үүрд Бурхан, бид бол бүтээгдсэн зүйлс, Бурханыг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг мэдэж, зөв байр сууринд зогсоно.) Их сайн! Бусдын ярихыг сонсъё. (Бид Бурханыг мэддэг ба эцсийн дүндээ Бурханд үнэхээр дуулгавартай, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байж чаддаг.) Яг зөв!

3. Хүн төрөлхтөн Өөрт нь хэрхэн хандвал зохих талаарх Бурханы шаардлага

Үнэндээ, Бурхан хүнийг нэг их шахаж шаарддаггүй—ядаж л хүмүүсийн төсөөлдөг шиг шахаж шаарддаггүй. Бурхан нэг ч үг айлдаагүй бол, зан чанараа, эсвэл ямар нэгэн үйл хэргээ илэрхийлээгүй бол Бурханыг мэдэх нь та нарын хувьд туйлын хэцүү байх байлаа, учир нь хүмүүс Бурханы санаа зорилго, Түүний хүслийг таах хэрэгтэй болох бөгөөд энэ нь тэдний хувьд тун хэцүү юм. Гэхдээ Өөрийн ажлын сүүлийн үе шатанд Бурхан олон үг айлдаж, асар их ажил хийж, хүнд олон шаардлага тавьсан. Өөрийн үг болон асар их хэмжээний ажлаараа Тэр юунд дуртай, юуг жигшдэгээ, мөн тэд ямар байх ёстойг хүмүүст мэдэгдсэн байдаг. Эдгээр зүйлийг ойлгосны дараа хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы шаардлагын талаар нарийн зөв ойлголттой байх ёстой, учир нь тэд тодорхойгүй Бурханд итгэж, эсвэл Бурханыг бүүр түүр, хийсвэр, хоосон байдалд дагадгаа больдог; харин үүний оронд хүмүүс Бурханы айлдваруудыг сонсож чаддаг, Түүний шаардлагын стандартуудыг ойлгож, үүнд хүрч чаддаг ба хүмүүсийн мэдэж, ойлгох ёстой бүхнийг нь хэлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашигладаг. Өнөөдөр хүмүүс, Бурханы хүнд тавьдаг шаардлагуудыг, Бурхан юу болох, тэд яагаад Бурханд итгэдэг, Бурханд тэд хэрхэн итгэж, Түүнд хэрхэн хандах ёстойгоо мэдэхгүй хэвээр байгаа бол үүнд асуудал байна. Яг сая та нар тус бүрдээ нэг хэсгийн талаар ярилаа; эдгээр зүйл тодорхой ч бай, ерөнхий ч бай, та нар зарим зүйлийг мэдэж байна—гэхдээ Би, Бурханы хүн төрөлхтөнд тавьдаг зөв, бүрэн, тодорхой шаардлагыг та нарт хэлмээр байна. Эдгээр нь хэдхэн л үг бөгөөд маш энгийн. Та нар энэ үгсийг аль хэдийн мэддэг байж магадгүй. Доор дурдсан нь хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зөв шаардлагууд юм. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.

Энэ таван зүйлд Бурхан, Өөрт нь цаашид эргэлзэхээ болихыг, өөрсдийнхөө төсөөлөл, эсвэл тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Түүнийг дагахгүй байхыг хүмүүсээс шаарддаг; тэд Бурханыг ямар нэг төсөөлөл, эсвэл үзэлтэйгээр дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс үнэнч байж, харин хуумгай, хоёрдмол сэтгэлтэй бус байхыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, эсвэл чамайг туршиж, шүүж, чамайг засаж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж, цохих үед чи Түүнд туйлын дуулгавартай байх ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, тайлбар хэлэх ёсгүй. Чиний дуулгавартай байдал туйлын байх ёстой. Бурханыг мэдэх явдал хүмүүсийн хамгийн дутагдалтай зүйл юм. Тэд Бурханд хамааралгүй яриа, айлдвар, үгсийг дандаа Түүнд тохож, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүмүүсийн төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас Бурханы хүсдэг хүмүүсийн мэдлэгт, Бурхан чамаас Бурханыг болон Түүний үгийг л танин мэдэх төдийг шаарддаггүй, харин Бурханы талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэрийг ярьдаг, бага зэрэг мэддэг байсан ч гэсэн энэхүү бага зэргийн мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийн мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийнх нь талаар хүмүүсийн хэлдэг бодит бус, бодлогогүй магтаал, сайшаалд Бурхан зэвүүцдэг. Үүнээс гадна, хүмүүс Түүнийг агаар шиг хандахыг нь Тэр жигшдэг. Бурханы талаарх сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хүмүүс амныхаа зоргоор, дураараа ярьж, шүүмжилдгийг нь Тэр жигшдэг; түүнчлэн Бурханыг мэддэг гэж итгэдэг, Бурханы мэдлэгийн талаар бардамнадаг, Бурханы талаарх сэдвийг огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр жигшдэг. Тэр таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм. Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага юм. Хүн, Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг бөгөөд энэ нь Бурхан тэднээс нэхсэнээс бус, харин тэдний чин сэтгэлээс гардаг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, эсвэл гаднах зан авираар бэлэг барь гэж хүсдэггүй; харин Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүндэтгэж, Түүнээс эмээхийг Тэр чамаас хүсдэг. Энэхүү хүндлэл нь амь зан чанарт чинь өөрчлөлт гарсны улмаас, Бурханы талаарх мэдлэгээс чинь, Бурханы үйл хэргийн талаарх ойлголтоос чинь, Бурханы мөн чанарын талаарх ойлголтоос чинь, мөн Бурханы бүтээсэн зүйлсийн нэг хэмээх баримтыг хүлээн зөвшөөрсний чинь улмаас бий болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүмүүсийн хүндэтгэл зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахын төлөө юм.

Одоо тэр таван шаардлагыг авч үзье: Эдгээрийн эхний гуравт хүрч чадах хүн та нарын дунд байна уу? Би жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байхыг хэлж байна. Эдгээр зүйлийг хийх чадалтай хүн та нарын дунд байна уу? Хэрвээ Би бүх таван шаардлагыг гэсэн бол та нарын дундаас маргаангүйгээр нэг нь ч чадахгүй байсан—гэхдээ Би үүнийг гурав болгож багасгасан. Та нар үүнийг биелүүлсэн эсэхээ бодоод үз. “Жинхэнэ итгэлд” хүрэхэд амархан уу? (Үгүй, амархан биш.) Хүмүүс Бурханд байнга эргэлздэг учраас амархан биш. “Үнэнчээр дагах” тухайд ямар вэ? “Үнэнч” гэж юуг хэлдэг вэ? (Хоёрдмол сэтгэлгүй, чин үнэнч байх.) Хоёрдмол сэтгэлгүй,харин чин үнэнч байх. Та нар голыг нь олж хэллээ! Иймд та нар энэ шаардлагыг биелүүлж чадах уу? Та нар илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, тийм үү? Одоогоор та нар энэ шаардлагыг хараахан биелүүлээгүй. “Туйлын дуулгавартай байдлын” хувьд та нар үүнийг биелүүлсэн үү? (Үгүй.) Та нар үүнийг ч бас биелүүлээгүй. Та нар байнга дуулгаваргүй, тэрслүү байдаг ба дандаа үг дуулдаггүй, эсвэл дуулгавартай байхыг хүсдэггүй, эсвэл сонсохыг хүсдэггүй. Эдгээр нь амийн оролтынхоо дараа хүмүүсийн биелүүлэх хамгийн үндсэн гурван шаардлага бөгөөд тэдгээрийг та нар хараахан биелүүлээгүй байна. Иймд энэ мөчид та нарт их боломж байна уу? Өнөөдөр, Намайг эдгээр үгийг хэлэхийг сонсоод та нарын санаа зовж байна уу? (Тийм.) Та нарын санаа зовох нь зөв. Битгий санаа зовохгүй бай. Би та нарын өмнөөс санаа зовж байна. Би нөгөө хоёр шаардлагын талаар ярихгүй; хэн ч тэдгээрийг биелүүлэх чадваргүй гэдэг нь эргэлзээгүй. Та нарын санаа зовж байна. Тэгэхээр та нар өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон уу? Ямар зорилгод, ямар чиглэлд та нар эрж хайж, хичээл чармайлтаа зориулах ёстой вэ? Та нарт зорилго бий юу? Би илэн далангүй ярья: Энэ таван шаардлагыг биелүүлэхээрээ та нар Бурханыг хангалуун болгоно. Эдгээрийн нэг бүр нь үзүүлэлт, хүмүүсийн амийн оролт боловсорч гүйцсэний үзүүлэлт бөгөөд үүний эцсийн зорилго юм. Хэрвээ Би эдгээр шаардлагын зөвхөн нэгийг сонгоод дэлгэрэнгүй ярьж, та нараас шаардсан байсан ч энэ нь биелүүлэхэд хялбар биш байх байсан; та нар нэлээд зовлон туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах ёстой. Мөн та нар ямар хандлагатай байх хэрэгтэй вэ? Энэ нь хорт хавдартай өвчтөн мэс заслын ор луу явахаа хүлээхтэй адил байх ёстой. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Бурханд итгэхийг хүсвэл, Бурханыг олж авч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл, нэлээд зовлон туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүйгээр эдгээр зүйлийг биелүүлж чадахгүй. Та нар маш их номлол сонссон боловч үүнийг сонссон гээд энэ номлол та нарынх болсон гэсэн үг биш; чи үүнийг шингээж, өөрийн юм болгож хувиргах ёстой ба үүнийг өөрийн аминд уусгаж, амьдралдаа аваачиж, эдгээр үг болон номлол, оршин тогтнолын чинь чиглэлийг зааж, чиний аминд оршин тогтнолын үнэ цэнэ, утга учир авчрахыг зөвшөөрөх ёстой—тэр үед эдгээр үгийг сонссоны ашиг гарна. Хэрвээ Миний хэлдэг үг амьдралд чинь ямар нэгэн өөрчлөлт, аминд чинь ямар нэг үнэ цэнэ авчирдаггүй бол үүнийг сонсох нь чамд ямар ч ашиггүй. Та нар үүнийг ойлгож байна, тийм үү? Үүнийг ойлгосон бол үлдсэн хэсэг нь та нараас хамаарна. Та нар хүчин чармайлт гаргах ёстой! Та нар бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой! Бүү хайхрамжгүй ханд—цаг хугацаа нисэн өнгөрч байна! Та нарын ихэнх нь Бурханд аль хэдийн арав гаруй жил итгэсэн. Энэ өнгөрсөн арван жилээ эргээд хар: Та нар хэр ихийг олж авсан бэ? Мөн энэ төрөлдөө амьдрах хэдэн арван жил та нарт үлдсэн бэ? Тийм ч их үлдээгүй. Бурханы ажил чамайг хүлээдэг эсэх, Тэр чамд боломж үлдээсэн эсэх, Тэр нэг ажлаа дахин хийх эсэх тухай март; энэ талаар бүү ярь. Чи өнгөрсөн арван жилээ ухрааж чадах уу? Чамд үлдсэн цаг хугацаа өнгөрч буй өдөр бүр, гишгэж буй алхам бүртэй чинь хамт нэг өдрөөр хорогддог. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй! Хэрвээ үүнийг өөрийнхөө амьдралын хамгийн агуу зүйл, хоол, хувцас юм уу, өөр юунаас ч илүү чухал гэж хандвал л Бурханд итгэх итгэлээс ашиг тус хүртэнэ! Хэрвээ чи зөвхөн завтай үедээ итгэж, өөрийнхөө итгэлд бүх анхаарлаа хандуулах чадваргүй бол, хэрвээ чи үргэлж хайхрамжгүй ханддаг бол юу ч олж авахгүй. Та нар үүнийг ойлгож байна, тийм үү? Бид өнөөдөр яриагаа ингээд дуусгая. Дараа дахин уулзъя! (Бурханд талархъя!)

2014 оны 2 дугаар сарын 15

Тайлбар:

а. Эх бичвэрт “энэ хүмүүсийн хүн болох” гэдэг үг байхгүй.

б. Эх бичвэрт “тэд бие махбодтой болох хүртэл” гэдэг үг байхгүй.

Өмнөх:ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ IX

Холбогдох агуулга