Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Цор ганц Бурхан Өөрөө IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III)

Энэ хугацаанд бид Бурханыг мэдэхтэй холбоотой олон зүйлийн тухай ярьсан бөгөөд саяхан бид энэ талаар маш чухал зүйл ярьсан. Сэдэв нь юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Миний ярьсан зүйлс болон сэдэв хүн бүхэнд тодорхой сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байна. Өнгөрсөн удаа бид, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талын тухай болон Бурхан хүмүүсийн амьдралд шаардлагатай бүх төрлийн хоол тэжээлийг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьдрах орчинг бэлтгэх явдал биш, мөн тэдний өдөр тутмын хоол тэжээлийг ч бэлтгэх явдал биш, харин хүмүүсийн оршин тогтнол болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажилтай холбоотой янз бүрийн талыг гүйцэлдүүлэх явдал билээ. Эдгээр нь бүгд Бурханы үйлдэл юм. Бурханы эдгээр үйлдэл нь зөвхөн хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг болон өдөр тутмын хоол тэжээлийг бэлтгэх ажлаар хязгаарлагддаггүй—үүнээс хавьгүй илүү өргөн цар хүрээг хамардаг. Энэ хоёр төрлийн ажлаас гадна Тэр бас хүний амьдралд шаардлагатай, амьдрах олон орчин, нөхцөл байдлыг бэлтгэдэг. Энэ бол өнөөдөр бидний ярих гэж буй өөр нэгэн сэдэв юм. Энэ нь мөн Бурханы үйлдэлтэй холбоотой; эс бөгөөс үүнийг энд ярих нь ямар ч утгагүй байх байлаа. Хэрвээ хүмүүс Бурханы тухай мэдэхийг хүсдэг боловч “Бурхан”-ы талаар, тухайн үгний талаар, эсвэл Бурханд юу байгаа болон Тэр юу болохын бүх талын тухайд зөвхөн үгчилсэн ойлголттой байдаг бол тэр нь жинхэнэ ойлголт биш юм. Тэгвэл Бурханы тухай мэдлэгийн зам юу вэ? Энэ нь Түүний үйлдлээр дамжуулан Түүнийг мэдэх, Түүний бүх талыг мэдэх явдал юм. Тиймээс бид дараа нь, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы үйлдлүүдийн талаар нөхөрлөх ёстой.

Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйл ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр ирсэн. Түүний хараа, Түүний захиралт дор хүмүүсийн оршин тогтнолтой зэрэгцэн бүх зүйл тогтмол хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл ганц ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх оршихуй үржин өсөж чаддаг бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж бүх оршихуй амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиралт дор бүх зүйл дэг журамтай байдлаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрлөө олдог. Хавар болоход шиврээ бороо хаврын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо соёолон газрын хөрсийг түрэн гарч ирэх бөгөөд модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Энэ бол оршин тогтнож, өсөж бойжин буй бүх оршихуйн харагдах байдал. Мөн бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх оршихуй зуны туршид халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг эдэлдэг. Тэд хурдан ургаж томордог; мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх оршихуй зуны туршид маш завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, бүх төрлийн амьтад ургац хураалтын улиралтай учран золгоно. Бүх бүтээл үр жимсээ өгөх бөгөөд эдгээр зүйл намар цагт боловсордгоос болж хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд бүх төрлийн зүйлийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх оршихуй аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд завсарлага авдаг. Хавраас эхлэн зун, намар, өвөл гэсэн эдгээр шилжилт болон өөрчлөлт нь Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх оршихуй хийгээд хүмүүсийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг өгч, өөр өөр температур болон өөр өөр улиралтай амьдралын орчныг бэлтгэсэн. Амьд орших эдгээр дэг журамтай орчинд хүмүүс мөн амьд оршиж, дэг журамтай байдлаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, үүнийг нурааж чадах нэг ч хүн юм уу нэг ч зүйл байхгүй. Дэлхий дээр ямар ч эрс өөрчлөлт гарах нь хамаагүй, энэ хуулиуд оршсоор байх бөгөөд Бурхан оршиж байгаа учраас тэд оршдог. Энэ нь Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу урагшилдаг. Эдгээр хууль нь хүмүүсийг үеэс үед өсгөн хүмүүжүүлсэн ба хүмүүс үеэс үед эдгээр хуулийн дагуу амьд үлдсэн. Үе үеийн хүмүүсийн төлөө Бурханы бүтээсэн, амьд оршиход зориулсан зүйлс хийгээд дэг журамтай орчныг хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүс ийм хуулиуд угаасаа л байдаг зүйл гэж бодож, эдгээрийг үл тоомсорлодог ч, мөн Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж байгааг хэдий тэд мэдэрч чаддаггүй ч Бурхан эдгээр хуулийг захирдаг бөгөөд ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэ хувиршгүй ажил дахь Түүний зорилго хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршиж болох юм.

Бурхан бүх хүн төрөлхтнийг өсгөхийн тулд бүх зүйлд хил хязгаар тогтоодог

Өнөөдөр Би, бүх оршихуйд Бурханы авчирсан эдгээр төрлийн хууль бүх хүн төрөлхтнийг хэрхэн өсгөдөг тухай сэдвээр ярина. Энэ бол маш том сэдэв, иймээс бид үүнийг хэд хэдэн хэсэг болгон хуваагаад нэг нэгээр нь ярих болно, ингэвэл та бүхэнд үүнийг тодорхой дүрслэн харуулж болно. Ийм маягаар, та нарын хувьд ухаарахад илүү амархан байх ба та нар үүнийг аажмаар ойлгож чадна.

Нэгдүгээрт, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн усны эх байдаг. Тэдгээр нь өөр өөр газар зүйн тогтоц биш гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газар зүйн тогтоцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ юм бүхнийг маш тодорхой хуваасан. Уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Тэр бас тал газрын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон юм. Бүх оршихуйг бүтээхдээ Тэр элсэн цөлийн цар хүрээ болон толгодын цар хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг ч бас тодорхойлсон—Тэр энэ бүгдийг тодорхойлсон. Тэр гол мөрөн, нуурыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон—тэдгээр нь өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Энэ “хил хязгаар” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бид дөнгөж сая бүх оршихуйг захирах Бурханы захиралт хэрхэн бүх оршихуйд зориулан хууль тогтоож байдаг талаар ярилцсан. Өөрөөр хэлбэл, уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт, эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлнэ эсвэл багасна гэж байхгүй. Энэ тогтсон байдаг: Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы захиралт юм. Тал газрын тухайд цар хүрээ нь ямар байх, юутай хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй—ийм юм болохгүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд бол бид энд элсэн цөл юм уу өөр бусад газар зүйн тогтоц, эсвэл газар зүйн байршлын чиг үүргийг ярихгүй, харин хил хязгаарыг нь л ярина. Бурханы захиралт дор элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. гадаргын талбай хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгал бүгд дэг журамтай, зогсолтгүй урсдаг боловч тэд хэзээ ч цар хүрээнээсээ гарах юм уу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар урсаж, урсах ёстой чиглэл рүүгээ урсдаг. Тиймээс Бурханы захиралтын хуулин дор ямар ч гол эсвэл нуур дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо хатаж ширгэдэггүй, эсвэл урсгалын чиглэл, хэмжээгээ дур зоргоороо өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы атганд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтний дунд Бурханы бүтээсэн бүх оршихуй өөрсдийн гэсэн тогтсон байршил, талбай, цар хүрээтэй байдаг. Бурхан бүх оршихуйг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон бөгөөд эдгээр нь дур зоргоороо өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хувирч чадахгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь, тэдний анхны хэлбэр дэлхийн цаг агаар, температур, эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал, уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн төвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон бөгөөд үүний өндөр эсвэл хэмжээ гэнэт дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Тал газрын хувьд гэвэл, хүн төрөлхтний дийлэнх нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй гадаргын талбай, эсвэл оршин тогтнолын үнэ цэнэд нөлөөлөхгүй. Бурханы бүтээсэн төрөл бүрийн газрын тогтоц болон газар зүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, цөлийн бүрэлдэхүүн хэсэг, газар дор байгаа эрдэс баялгууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад тэд дур зоргоороо өөрчлөгдөхгүй вэ? Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Бурханы бүтээсэн энэ өөр өөр газрын тогтоц, газар зүйн орчин дотор Тэрээр, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газар зүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулс дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиолдож, газар шороонд томоохон шилжилт гардаг ч Бурхан аливаа газар зүйн тогтоцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, хүн төрөлхтний харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. Тэгвэл газар дэлхий дээр оршдог янз бүрийн энэ бүх газар зүйн тогтоцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр янз бүрийн газар зүйн орчинд амьдардаг амьд зүйлс бүгд тогтвортой орчинтой болох бөгөөд тэд тухайн тогтвортой орчинд үргэлжлүүлэн амьдарч, өсөн үржиж чадна. Энэ бүх зүйл—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—бүхэн нь хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин л хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин л хүмүүст үеэс үед амар тайвнаар үргэлжлэн амьдрах боломжийг өгдөг.

Миний дөнгөж сая ярьсан зүйл бол нэлээд том сэдэв, иймээс та нарт үнэхээр хол хөндий санагдаж болох ч та нар ойлгож чадна, тийм үү? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг ноёрхох Бурханы хууль бол чухал—маш чухал шүү! Бүх оршихуй эдгээр хуулийн хүрээнд өсдөгийн урьдчилсан нөхцөл юу вэ? Энэ нь Бурханы захиралтаас болдог. Бурханы захиралтаас болж бүх оршихуй Түүний захиралтын хүрээнд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, уулс ой модыг тэжээдэг, харин эргээд ой мод нь үүн дотор амьдардаг янз бүрийн шувууд болон араатан амьтдыг тэжээж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүс ургац тариалахад зориулсан, мөн шувууд болон зэрлэг амьтдад зориулан бэлдсэн газар. Энэ нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг тэгш газар дээр амьдрах боломжоор хангаж, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн бэлчээрийн тал, асар их хэмжээний хээр тал багтана. Хээр тал бол дэлхийн ургамлын бүрхэвч юм. Тэдгээр нь хөрсийг хамгаалж, хээр талд амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл мөн өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүс амьдрахад зориулсан газар биш; харин үүний үүрэг нь чийгтэй агаарыг хуурай болгох юм. Гол, нуур нь хүмүүсийн ундны ус болон бүх зүйлийн усны хэрэгцээг хангахад дөхөмтэй байдаг. Хаана урсаж байна, тэнд хүмүүс уух устай байх болно. Энэ бол өөр өөр газар зүйн тогтоцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм.

Бурхан эдгээр хил хязгаарыг тогтоосон учраас төрөл бүрийн газар зүйн тогтоц нь амьдрах өөр өөр орчныг бий болгосон, амьдрах эдгээр орчин нь төрөл зүйлийн шувууд, араатан амьтдад таарч тохирсон байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд оршихуйн амьдрах өөр өөр орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бид дараа нь энэ тухай ярих гэж байна.

Хоёр дахь гол санаа: Юун түрүүнд жигүүртэн шувууд, араатан амьтад, шавж хорхойнууд хаана амьдардаг вэ? Тэд ой мод болон төгөлд амьдардаг уу? (Тийм.) Энэ нь тэдний төрөлх нутаг. Иймээс, газар зүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан мөн төрөл зүйлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж хийгээд бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр бас хууль тогтоосон. Газар зүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газар зүйн орчны оршин тогтнолоос болж өөр өөр төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин өөр өөр байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавжнууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. Эх газарт юу багтдаг вэ? Янз бүрийн газрууд, тухайлбал уул, тал газар, толгодууд гэх мэт. Тиймээс жигүүртэн шувууд болон араатан амьтад өөрийн гэсэн тогтсон төрөлх нутагтай болмогцоо хаа сайгүй хэсэж тэнүүчлэхгүй. Тэдний төрөлх нутаг бол ой мод хийгээд уулс. Хэрэв нэг өдөр тэдний төрөлх нутаг сүйдвэл тэд яах вэ? (Тэд хаа сайгүй хэсүүчилнэ.) Дэг журам нь эмх замбараагүй болно. Энэхүү дэг журам эмх замбараагүй болмогц үр дагавар нь юу байх вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? (Хүн төрөлхтөн.) Энэ бол хүн төрөлхтөн. Бурханы тогтоосон энэ хууль, хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдэл олж харсан уу? Тухайлбал, заан санаандгүй элсэн цөлд зүгээр л хэсүүчилж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл тохиолдсон бол үнэхээр хачин үзэгдэл байх байлаа. Учир нь заан ой модонд амьдардаг бөгөөд энэ нь Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчин юм. Тэдэнд өөрсдийн гэсэн амьдрах орчин, өөрсдийн гэсэн тогтсон гэр байхад яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан эсвэл бар далайн эрэг хэсүүчлэн явахыг харсан хүн байна уу? Байхгүй, тийм үү? Арслан, барын гэр нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, аварга загас элсэн цөлд дэмий сэлгүүцэхийг харсан хүн байна уу? Хэн ч хараагүй, тийм биз? Халим, аварга загас далай тэнгисийг гэрээ болгодог. Хүний амьдрах орчны тухайд гэвэл хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадаа болон дотор тогос юм уу бусад жигүүртэн шувуудаар байнга хүрээлүүлж байдаг хүмүүс байдаг уу? Бүргэд эсвэл зэрлэг галуу сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? (Үгүй.) Эдгээр нь бүгд жигтэй үзэгдэл байх байсан юм. Та нарын хувьд жигтэй сонин үзэгдэл болж харагдах зүйлсийг ярьж байгаагийн минь шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх оршихуй—нэг газар тогтсон байршилтай, эсвэл амьсгалж чаддагаас үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьд орших хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд оршихуйг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан төрөлх нутгийг, амьдрах орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, өөрсдийн гэсэн хоол хүнс, өөрсдийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьдрахад тохиромжтой өөрсдийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Тийм маягаар, тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй, эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирддаг. Энэ нь хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангахын төлөө юм. Бүх оршихуйн дунд орших амьтан бүр нь өөрсдийн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчиндоо суурин байдаг. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх оршихуй хүн төрөлхтөнтэй эв нийцэлтэйгээр харилцан үйлчилдэг ба хүн төрөлхтөн болон бүх оршихуй харилцан хамааралтай оршдог.

Бурхан бүх оршихуйг бүтээж, тэдэнд хил хязгаар тогтоосон бөгөөд тэдний дунд орших бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх төрлийн амьтай зүйлийг тэжээж байх зуураа Тэр мөн хүмүүст зориулан амьдрах өөр өөр аргыг бэлдсэн, иймээс л хүмүүст амьд орших цор ганц арга байдаггүй гэдгийг чи харж болно. Тэдэнд бас амьд орших цор ганц төрлийн орчин байдаггүй. Бид өмнө нь, Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнсний болон усны эх үүсвэр бэлддэг тухай ярьсан, энэ нь хүн төрөлхтний махан биеийн амь үргэлжлэн орших боломжийг олгодог шийдвэрлэх чухал зүйл юм. Гэхдээ, энэ хүн төрөлхтний дундаас бүх хүн үр тариагаар амь зуудаггүй. Хүмүүс газар зүйн орчин болон газар зүйн тогтоцын ялгаанаас хамааран өөр өөр амьдрах арга барилтай байдаг. Бурхан энэ бүх амьдрах аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ бүх хүн газар тариалан эрхлээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маяг байдаг вэ? Өөр ямар төрлийн хоол хүнсний эх үүсвэр хүмүүст байгаа вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий:

Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг. Хүн бүр энэ тухай мэддэг, тийм үү? Та нар бүгд орчин цагийн хүмүүс—яаж ан хийх, яаж буугаа үүрэхийг мэддэггүй. Та нарын хоол хүнсний эх үүсвэр хөрс шорооноос бий болдог. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ойн шувууд, араатан амьтдыг иддэг. “Ангийн” мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй; тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын хоол тэжээл гэж боддог. Жишээ нь, тэд буга агналаа. Тэд тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг ба тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, сэтгэл нь хангалуун болдог. Анчин ангаа харахдаа ч мөн санаа амарч, сэтгэл хангалуун болдог. Учир нь тэр дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй, дараагийн хоолондоо идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болсон. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Тэд голдуу ямар төрлийн орчинд амьдардаг вэ? Ан хийж амь зуудаг хүмүүсийн ихэнх нь уулын ой модонд амьдардаг; тэд тариа будаа ургуулж, газар тариалан эрхэлдэггүй. Тэнд тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол ердийн хүмүүсийнхээс өөр, амьдралын эхний хэв маяг юм.

Хоёр дахь төрөл нь мал маллах хэв маяг. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэггүй, тэгвэл тэд юу хийдэг вэ? Хэрвээ энд Монгол угсаатан хүн байгаа бол та нар өөрсдийн нүүдэлчин хэв маягийн талаар бага зэрэг ярьж болно шүү дээ. (Ихэвчлэн бид амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, тариа ногоо тарьдаггүй. Өвлийн улиралд бид малаа нядалж, иддэг. Бидний хоол хүнс үндсэндээ үхрийн болон хонины махаас бүрддэг, бид сүүтэй цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч тэд сайн хооллодог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар дутдаггүй.) Монголчууд гол төлөв үхэр, хонины мах идэж, хонь болон үнээний сүү уудаг бөгөөд бух, морь унаж, малаа хариулан, нүүрэнд нь нар тусаж, үсээ салхинд намируулан хээр талаар явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын дарамт байхгүй. Бүхэл өдөржингөө тэд өргөн уудам хөх тэнгэр, ногоон талыг л хардаг. Амь зуухын тулд мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүлэг ногоон тал дээр амьдарч, нүүдэлчин хэв маягаа үеэс үед үргэлжлүүлж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн ганцаардмал байж болох ч энэ нь бас маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!

Гурав дахь төрөл нь загасчлах хэв маяг. Далай тэнгисийн ойролцоо юм уу жижиг арал дээр амьдардаг цөөн тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгддэг. Мөн завин дээр амьдардаг зарим хүн байдаг. Энэ хүмүүс амьдрахын тулд загасчилдаг. Амин зуулгынхаа төлөө загасчилдаг хүмүүсийн хоол хүнсний эх үүсвэр юу вэ? Энэ нь бүх төрлийн загас, далайн хоол, далайн бүтээгдэхүүн, тийм биз? Хонг Конг загас агнуурын жижигхэн тосгон төдий байх үед тэнд амьдардаг хүмүүс амин зуулгынхаа төлөө загасчилдаг байсан. Тэд газар тариалан эрхлээгүй—өдөр бүр загасчлахаар явдаг байсан. Тэдний гол хоол хүнс нь янз бүрийн загас, далайн бүтээгдэхүүн байсан. Тэд заримдаа эдгээр зүйлийг будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр сольж арилжаалдаг байв. Энэ бол усны ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг юм. Усны ойр амьдардаг хүмүүс өөрсдийн сайн сайхны төлөө үүнд найддаг бөгөөд загасчлах нь тэдний амин зуулга билээ. Энэ бол тэдний амьжиргааны, мөн түүнчлэн хоол хүнсний эх сурвалж юм.

Амьжиргааныхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүсээс гадна үндсэн гурван төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдлаа. Мал аж ахуй, загасчлах болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Тэд хэдэн үеэрээ тариа буудай ургуулж амь зуудаг бөгөөд хоол хүнсээ газраас авдаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан бай, тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.

Хүний энэ өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэд өөр өөр амьдрах орчины баталгаа байх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ анчид уулын мод, жигүүртэн шувууд, араатан амьтдаа алдвал амьжиргаагаа залгуулж чадахаа болино. Иймээс хэрвээ ан агнуураар амь зуудаг хүмүүс уулын ой модоо алдаж, жигүүртэн шувууд, араатан амьтад нь үгүй болсон бол, мөн хэрвээ тэд амин зуулгын эх үүсвэртэй байхаа больсон бол ийм үндэстэн аль зүгт чиглэж, тийм хүмүүс хаашаа явах вэ гэдэг нь үл мэдэгдэх хэмжигдэхүүн бөгөөд тэд бүр алга болж магад юм. Амин зуулгынхаа төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс юунд найддаг вэ? Тэдний үнэхээр найддаг зүйл нь мал биш, харин мал сүрэг нь амьдрах орчин буюу бэлчээрийн тал газар юм. Хэрэв бэлчээр байгаагүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх вэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн юугаар амь зуух вэ? Тэд амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол тийм хүмүүс хаашаа явах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, тэдэнд ирээдүй үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загас оршин тогтнох боломжгүй болно. Амин зуулгынхаа төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрвээ тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн орших боломжгүй болдог бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдаж, юм тарьж ургуулж чадахгүй болж, янз бүрийн ургамлаас хоол хүнсээ авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхнэ биз дээ? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тийм төрлийн хүмүүс устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг өсгөж, газар зүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг өсгөн үржүүлэх ганц зорилготой.

Хэрвээ бүх оршихуй өөрсдийн хуулийг алдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх оршихуйн хууль алдагдвал энэ бүх оршихуйн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн оршин амьдардаг амьдрах орчиноо алдана. Хэрвээ хүмүүс энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд бүх оршихуйгаар тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьдарч, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтсон амьдрах орчин байгаа болохоор дэлхий дээрх бүх хүн, бүх үндэстэн тогтсон цар хүрээндээ амьдарч чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг хуваарилсан юм. Яагаад Бурхан тэднийг ийм байдлаар хуваарилсан бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал—үнэхээр чухал! Бурхан амьд зүйл бүрд цар хүрээ тогтоож, хүн төрөлтөн бүрийн амьдрах аргыг тогтоосон. Тэр мөн дэлхий дээр янз бүрийн төрлийн хүмүүс, янз бүрийн үндэстэнг хувааж, цар хүрээг нь тогтоосон. Энэ талаар бид дараагийн ээлжинд ярих болно.

Дөрөвт, Бурхан үндэстэн бүрийн хооронд хил хязгаар бий болгосон. Дэлхий дээр цагаан, хар, бор, шар арьстай хүмүүс байдаг. Энэ бол хүний янз бүрийн төрлүүд юм. Бурхан бас энэ өөр өөр төрлийн хүмүүсийн амьдралд цар хүрээ тогтоосон бөгөөд үүнийг мэдэлгүйгээр хүмүүс Бурханы удирдлага дор өөрсдөдөө тохирсон амьдрах орчиндоо амьдардаг. Хэн ч үүнийг давж чадахгүй. Тухайлбал, цагаан арьстай хүмүүс ихэвчлэн ямар газар амьдардаг вэ? Тэд ихэвчлэн Европ болон Америкт амьдардаг. Хар арьстай хүмүүс гол төлөв Африк тивд амьдардаг. Тэгвэл бор арьстай хүмүүс ямар газарт амьдардаг вэ? (Зүүн өмнөд Ази.) Тайланд, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг газарт. Тэд голдуу Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азид амьдардаг. Шар арьстай хүмүүс үндсэндээ Ази тивд буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнуудад амьдардаг. Бурхан энэ бүх төрлийн үндэстэнг зохих ёсоор хуваан байрлуулсан бөгөөд ингэснээр төрөл бүрийн энэ үндэстнүүд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд таран байрласан байдаг. Дэлхийн энэ янз бүрийн хэсгүүдэд Бурхан төрөл бүрийн үндэстэн нэг бүрд таарч тохирсон амьдрах орчныг хэзээний бэлтгэсэн байдаг. Төрөл бүрийн энэ амьдрах орчинд Бурхан тэдэнд зориулсан хөрсний өнгө, найрлагыг бэлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цагаан арьстай хүмүүсийн биеийн бүтэц хар арьстай хүмүүсийнхтэй адилгүй бөгөөд бас бусад үндэстний хүмүүсийн биеийн бүтцээс өөр байдаг. Бурхан бүх оршихуйг бүтээх үедээ тухайн үндэстний амьдрах орчныг аль хэдийн бэлтгэсэн. Түүний зорилго бол тухайн төрлийн хүмүүс өсөн үржиж, тоо хэмжээ нь нэмэгдэх үед тэр цар хүрээндээ суурьших юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө аль хэдийнээ энэ бүгдийг бодсон—Тэр цагаан арьстай хүмүүст Европ болон Америкийг өгч, хөгжиж, амьд орших боломжоор тэднийг хангасан. Тиймээс Бурхан дэлхийг бүтээж байх үедээ аль хэдийн төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн хэсэг газарт юу оруулах, тухайн хэсэг газар дээр юу тэжээж тэтгэх талаар зорилго, зорилттой байсан. Тухайлбал, Бурхан тухайн газар нутагт ямар уулс, хэр их тал газар, хэр олон усны ундарга, ямар шувууд, араатан амьтад, ямар загас жараахай, ямар ургамал байх талаар хэзээний зэхэж бэлтгэсэн байдаг. Тодорхой төрлийн хүмүүс болон үндэстний амьд орших орчинг зэхэж байх үедээ Бурхан асуудлын маш олон талыг харгалзан үзсэн: газар зүйн орчин, хөрсний бүтэц, жигүүртэн шувууд ба араатан амьтдын төрөл зүйл, янз бүрийн загас жараахайн хэмжээ, загас жараахайн бүтэц, усны ундаргын чанар, бүх төрлийн ургамал гэх мэт…. Бурхан энэ бүгдийг аль эртнээс бэлдсэн. Тухайн орчин нь цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэж, бүтээсэн уугуул амьдрах орчин юм. Бурхан бүх оршихуйг бүтээх үедээ үүнийг маш их бодож тунгаасан бөгөөд аливааг төлөвлөгөөтэй хийсэн гэдгийг та нар харсан уу? (Тийм.) Та нар юу харсан бэ? (Бурхан төрөл бүрийн хүмүүсийн талаар маш анхааралтай бодож тунгаасан. Өөр өөр төрлийн хүмүүсийн амьдрах орчны хувьд Тэр жигүүртэн шувууд ба зэрлэг амьтдын төрөл зүйл, загасны төрөл зүйл, хэчнээн уул, хэр их тал газар байхыг бэлтгэсэн байдаг. Энэ бүгдийг маш анхааралтай, нарийн сайн бодож гаргасан.) Жишээ нь, цагаан арьстай хүмүүс голчлон ямар хоол иддэг вэ? Цагаан арьстай хүмүүсийн иддэг хоол хүнс Ази хүмүүсийн иддэг хоол хүнсээс маш өөр байдаг. Цагаан арьстай хүмүүсийн иддэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь гол төлөв мах, өндөг, сүү, шувууны мах юм. Талх, будаа зэрэг үр тариа ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн биш бөгөөд тавагны хажуу талд тавигддаг. Ногооны салад идэж байхдаа ч гэсэн тэд тодорхой хэмжээний шарсан үхрийн мах юмуу тахианы мах дотор нь хийдэг. Тэд улаан буудайн төрлийн хоол хүнс хэрэглэсэн ч бяслаг, өндөг эсвэл мах нэмдэг. Өөрөөр хэлбэл, тэдний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд үндсэндээ улаан буудайн төрлийн хоол хүнс юм уу будаа багтдаггүй; тэд их хэмжээний мах, бяслаг иддэг. Маш өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгаа учраас тэд үргэлж мөстэй ус уудаг. Тиймээс цагаан арьстай хүмүүс маш биерхүү бадриун байдаг. Эдгээр нь тэдний амьдралын эх сурвалж бөгөөд тэдний амьдрах орчинг Бурхан тэдэнд зориулан бэлтгэж, ийм төрлийн амьдралын хэв маягтай болгосон. Энэ хэв маяг нь бусад төрлийн арьстай хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр. Энэ амьдралын хэв маягт сайн эсвэл муу гэж байхгүй бөгөөд Бурханы захиралт болон зохицуулалтаас болж ийм байхаар урьдчилан тогтоогдож, заяагдсан. Ийм төрлийн үндэстэн нь удам угсаа хийгээд Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчноос болж тодорхой амьжиргааны эх үүсвэр, мөн тодорхой амьдралын хэв маягтай байдаг. Та нар цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэсэн амьдрах орчин болон тухайн орчноос хүртдэг өдөр тутмын хоол хүнс нь баялаг, элбэг хангалуун гэж хэлж болно.

Бурхан бусад үндэстнүүдэд бас амьд оршиход шаардлагатай орчинг бэлдсэн. Хар арьстай хүмүүс байдаг—хар арьстай хүмүүс хаагуур оршдог вэ? Тэд ихэвчлэн Африкийн төв болон өмнөд хэсгээр байдаг. Бурхан ийм төрлийн орчинд тэдэнд зориулан, амь зуух юуг бэлдсэн бэ? Халуун орны ой, бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, элсэн цөл, мөн тэдгээрт нийцэх бүх төрлийн ургамлыг бэлтгэсэн. Тэдэнд усны, амьжиргааны, хоол хүнсний эх үүсвэр бий. Бурхан тэднийг гадуурхаж, ад үзээгүй. Тэд юу хийснээс үл хамааран тэдний амьдрал хэзээ ч асуудал болж байгаагүй. Тэд бас дэлхийн нэг хэсэгт тодорхой байршил болон тодорхой газар нутгийг эзэлдэг.

Одоо шар арьстай хүмүүсийн талаар ярилцъя. Шар арьстай хүмүүс ихэвчлэн Дорно зүгт байрладаг. Өрнө, Дорнын хооронд газар зүйн байрлал ба орчны ямар ялгаа байдаг вэ? Дорнын нутагт эх газрын ихэнх хэсэг нь үржил шимтэй, түүхий эд болон ашигт малтмалын нөөц баялаг байдаг. Өөрөөр хэлбэл, газрын дээр ч, газрын доор ч бүх төрлийн нөөц хадгалалт баялагтай. Энэ бүлэг хүмүүс, энэ үндэстэнд Бурхан бас таарч тохирсон хөрс шороо, цаг агаар, янз бүрийн газар зүйн орчинг бэлдсэн. Хэдийгээр энэ газар зүйн орчин ба Өрнөдийн орчны хооронд маш том ялгаа байгаа ч Бурхан, хүмүүс амьд оршиход шаардлагатай хоол хүнс, амьжиргаа, эх үүсвэрийг бэлдсэн. Өрнөдөд байгаа цагаан арьстай хүмүүсээс амьдрах орчин нь л ялгаатай. Гэхдээ та бүхнээс анхаарал хандуулахыг шаардаж, та бүхэнд хэлэх хэрэгтэй нэг зүйл юу вэ? Дорнын үндэстний тоо харьцангуй их учраас Бурхан дэлхийн тухайн хэсэгт Өрнөдөөс ялгаатай маш их элемент нэмсэн. Дэлхийн тэр хэсэгт Тэрээр маш олон төрлийн байгалийн үзэмж, бүх төрлийн элбэг хангалуун түүхий эд нэмж өгсөн. Байгалийн нөөц маш элбэг дэлбэг байдаг; газар зүйн тогтоц нь мөн янз бүр, олон төрөл бөгөөд Зүүн зүгийн асар олон үндэстнийг тэжээхэд хүрэлцээтэй байдаг. Өрнөдөөс ялгаатай нь Дорнын газар нутагт өмнөдөөс хойд, зүүнээс баруун зүгт хүртэл цаг агаар нь Өрнөдөөс дээр. Дөрвөн улирал нь тодорхой бөгөөд температур нь таатай, байгалийн нөөц элбэг дэлбэг, байгалийн үзэмж хийгээд газар зүйн тогтоцын төрөл зүйл нь Өрнөдөөс хавьгүй илүү дээр байдаг. Бурхан яагаад ингэсэн бэ? Бурхан цагаан ба шар арьстай хүмүүсийн хооронд маш ухаалаг тэнцвэрийг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ? Цагаан арьст хүмүүсийн эдэлж таашаадаг зүйл, тэдний хоол хүнс, ашигладаг зүйлийн тал бүр нь шар арьстай хүмүүсийн эдэлж чадах зүйлээс хавьгүй илүү байдаг гэсэн үг юм. Гэхдээ Бурхан ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхаагүй. Бурхан шар арьстай хүмүүст амьдрах илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан орчинг өгсөн. Энэ бол тэнцвэр юм. Тэгэхээр та нар ойлгосон биз дээ?

Бурхан дэлхийн аль хэсэгт ямар төрлийн хүмүүсийг амьдрахыг урьдчилан тогтоосон бөгөөд хүмүүс энэ цар хүрээнээс гарч чадахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл! Хэдий янз бүрийн эрин үе, тодорхой цаг хугацаанд дайн, түрэмгийлэл тохиолдсон ч эдгээр дайн, түрэмгийлэл нь үндэстэн бүрд зориулан Бурханы урьдчилан тогтоосон амьдрах орчныг үгүй хийж огт чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан дэлхийн тодорхой хэсэгт тодорхой төрлийн хүмүүсийг байлгахаар тогтоосон бөгөөд тэд тухайн цар хүрээнээс гадагш гарч чадахгүй. Хүмүүс Бурханы зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрийг өөрчлөх юм уу тэлэх хүсэлтэй байсан ч гэсэн үүнийг биелүүлэхэд маш хэцүү байх болно. Үүнийг биелүүлэхэд тун хэцүү байх болно. Жишээ нь, цагаан арьстай хүмүүс газар нутгаа тэлэхийг хүсэж, зарим нэг орнуудыг колоничлож байсан. Германчууд зарим улс орныг эзлэн авч, Англи Энэтхэгийг эзэлсэн. Үр дүн нь юу байсан бэ? Эцсийн эцэст тэд бүтэлгүйтсэн. Бид энэ бүтэлгүйтлээс юу харж болох вэ? Бурханы урьдчилан тогтоосон зүйл хүний эвдэлж сүйтгэхийг зөвшөөрдөггүй. Тиймээс Английн түрэмгийлэлд хэчнээн агуу хүч харагдаж байсан нь хамаагүй эцсийн дүнд тэд буцаж, тухайн газар нутаг Энэтхэгт харьяалагдсан хэвээр байгаа. Тухайн газар нутагт амьдардаг хүмүүс Англичууд биш, харин Энэтхэгчүүд хэвээр. Учир нь энэ бол Бурханы зөвшөөрдөггүй зүйл. Түүх юм уу улс төр судалдаг зарим хүмүүс энэ сэдвээр зарим дүгнэлт гаргасан байдаг. Тэд Англи улс яагаад бүтэлгүйтсэн тухай шалтгааныг тодорхойлж, зарим үндэстнийг эзлэн авч чадаагүйн улмаас, эсвэл зарим нэг хүнээс шалтгаалсан гэж хэлдэг... Эдгээр нь жинхэнэ шалтгаан биш юм. Жинхэнэ шалтгаан нь Бурханд байгаа юм—Тэр үүнийг зөвшөөрдөггүй! Бурхан тодорхой газар нутагт нэг угсаатныг амьдруулж, тэнд суурьшуулсан бөгөөд хэрвээ Бурхан тэдэнд шилжихийг зөвшөөрөхгүй бол тэд хэзээ ч шилжиж чадахгүй. Хэрвээ Бурхан тэдэнд цар хүрээ тогтоож өгсөн бол тэд тухайн хүрээндээ амьдрах болно. Хүн төрөлхтөн энэ хүрээг дураараа эвдэж, эсвэл үүнээс ангижирч чадахгүй. Тэр бол тодорхой. Түрэмгийлэгчийн хүч хэр агуу байх нь, эсвэл түрэмгийлэлд өртөж байгаа хүмүүс хэр сул дорой байх нь хамаагүй эцсийн дүнд тэдний амжилт Бурханаас хамаардаг. Тэр үүнийг аль хэдийн урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Ингэж л Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийг тараан байршуулсан. Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газар зүйн орчинг бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилсан, тэгээд тэд үеэс үед тэндээ оршдог. Ингэж л тогтсон—тэдний амьдрах цар хүрээ тогтоогдсон. Тэдний амьдрал, юу идэх, юу уух, тэдний амин зуулга—энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоочихсон. Бурхан бүх оршихуйг бүтээж байх үедээ өөр өөр төрлийн хүмүүст зориулан өөр өөр бэлтгэл хийсэн: Янз бүрийн хөрсний бүтэц, өөр өөр цаг агаар, өөр өөр ургамал, янз бүрийн газар зүйн орчин байдаг. Өөр өөр газруудад өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтад байдаг, өөр өөр усанд өөрсдийн гэсэн онцгой төрлийн загас, далайн бүтээгдэхүүн байдаг. Шавж хорхойн төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. Тухайлбал, АНУ-д байдаг бор шувуунууд Эх газрын Хятадад байдаг бор шувуунаас өөр. Америк тивд ургадаг зүйлс бүгд маш том, маш өндөр, маш бадриун байдаг. Ой шугуй дахь моддын үндэс бүгд тийм гүн биш атлаа маш өндөр ургадаг. Тэд бүр зуун метр гаруй өндөр ургадаг. Гэтэл Азийн ой шугуйд байгаа модод ихэвчлэн тийм ч өндөр байдаггүй. Та нар бүгд зуун наст ургамлын талаар сонссон гэдэгт Би итгэлтэй байна. Японы зуун настууд маш нарийн, нимгэн байдаг бол АНУ дахь зуун наст ургамал үнэхээр том. Энэ нь ялгаатай байдаг. Ижил нэртэй, ижил төрлийн ургамал боловч Америк тивийнх тун том. Янз бүрийн талууд дахь ялгааг хүмүүс олж харахгүй, эсвэл мэдэрч чадахгүй магад боловч Бурхан бүх амьд оршихуйг бүтээх үедээ тэднийг хуваарилаж, өөр өөр үндэстэнд өөр өөр газар зүйн орчин, өөр өөр газар зүйн тогтоц, өөр өөр амьд зүйлс бэлдсэн. Учир нь Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийг бүтээсэн бөгөөд хэнд нь юу хэрэгтэйг, мөн амьдралын хэв маяг нь ямар байхыг Тэр мэддэг.

Эдгээр зүйлийг ярьсаны дараа бидний дөнгөж сая ярилцаж байсан гол сэдэвтэй ойрхон санагдаж байна уу? Энэ талаар тодорхой ойлголттой болов уу? Эдгээр зүйлийг илүү өргөн хүрээнд ярьсан минь шалтгаантай—одоо та нар үүний талаарх үндсэн ойлголтыг авсан байх. Та нар Надад хэр ихийг ойлгосноо хэлж болно. (Хүн төрөлхтөн тэр чигээрээ бүх зүйлд зориулж Бурханы тогтоосон хуулиар тэтгэгддэг. Бурхан эдгээр хуулийг тодорхойлж байхдаа өөр өөр үндэстэнд өөр өөр орчин, өөр өөр амьдралын хэв маяг, өөр өөр хоол хүнс, өөр өөр цаг агаар, температурыг өгсөн. Ингэснээр бүх хүн төрөлхтөн газар дэлхий дээр суурьшиж, амьд оршиж чадах юм. Үүнээс би Бурханы удирдлагын төлөвлөгөө, нарийн нямбай зохицуулалт, мөн Түүний мэргэн ухаан, төгс байдлыг харж чаддаг.) (Хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд Бурхан бидэнд зориулан эдгээр хуулийг тогтоож, газар зүйн орчин болон төрөл бүрийн хоол хүнсийг бэлдсэн. Мөн биднийг ийм орчинд илүү дээрээр амьдруулахын тулд Тэр амьдрах өөр өөр орон зайг бэлдсэн. Үүнээс би Бурханы ажил болон төлөвлөгөө маш нарийн гэдгийг харж чаддаг, мөн хүмүүс бидний төлөөх Түүний хайрыг хардаг.) Юм нэмэх хүн байна уу? (Бурханы тогтоосон хууль, цар хүрээг ямар ч хүн, ямар ч хэрэг явдал, ямар ч зүйл өөрчилж чадахгүй. Энэ бүхэн Түүний захиралт дор байдаг.) Бурханы тодорхойлсон бүх зүйлийн өсөлтийн хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтөн ямар төрөл байх нь хамаагүй Бурханы хангалт дор амьдарч байгаа бус уу? Тэд бүгд Түүний асаргаан дор амьдарч байгаа бус уу? Хэрвээ эдгээр хууль эвдэх юм уу Бурхан хүн төрөлхтөнд ийм төрлийн хууль бий болгоогүй бол тэдний хэтийн ирээдүй ямар байх байсан бэ? Хүмүүс амьдрах үндсэн орчноо алдсаны дараа хоол хүнсний эх үүсвэртэй байх байсан уу? Хоол хүнсний эх үүсвэр асуудал болох боломжтой. Хэрвээ хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдсан бол, өөрөөр хэлбэл, тэд ямар ч идэх зүйл олж авч чадахгүй бол хэд хоног тэсэж чадах вэ? Магадгүй тэд ганц ч сар тэсэж чадахгүй бөгөөд тэдний амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэдний оршин тогтнол, өсөлт үржилт, амин зуулгыг үргэлжлүүлэхийн төлөө Бурханы хийдэг юм бүхэн маш чухал. Бүх зүйлийн дундаас Бурханы хийдэг юм бүхэн хүмүүсийн амьд оршихтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Хэрвээ хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжлэх үү? Бурханы удирдлага оршин тогтносоор байх уу? Бурханы удирдлага Өөрийнх нь тэжээн тэтгэж байгаа бүх хүн төрөлхтний оршин тогтнолтой зэрэгцэн оршдог, иймээс Бурхан бүх зүйлд юу бэлдсэн, хүмүүсийн төлөө юу хийсэн байх нь хамаагүй энэ бүгд Түүнд хэрэгтэй, энэ нь хүн төрөлхтний амьдралд шийдвэрлэх чухал зүйл юм. Хэрвээ бүх зүйлийн төлөө Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, нурж, тасалдвал бүх зүйл оршин тогтнож чадахаа болих бөгөөд хүн төрөлхтний амьдрах орчин, тэдний өдөр тутмын амин зуулга, мөн тэд өөрсдөө ч цаашид оршиж чадахгүй. Энэ шалтгааны улмаас хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлага ч мөн цаашид оршихгүй.

Бидний ярьсан бүх зүйл, нэг бүр нь хүн бүрийн амьд оршихтой нарийн холбогдсон байдаг. Та нар, “Таны ярьж байгаа зүйл хэтэрхий том байна, бид ойлгохгүй байна” гэж хэлж магадгүй, мөн “Таны ярьж байгаа зүйл надад ямар ч хамаагүй” гэж хэлэх хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ чи ердөө бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ битгий март; чи бол Бурханы захиралт дотор байгаа бүх зүйлийн нэг гишүүн. Бүх зүйл Бурханы захиралтаас салж чадахгүй, нэг ч хүн өөрийгөө Түүний захиралтаас салгаж чадахгүй. Түүний захиралтыг алдаж, Түүний хангалтыг алдана гэдэг нь хүмүүсийн амьдрал, хүмүүсийн махан биеийн амьдрал алга болно гэсэн үг. Энэ бол Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг бий болгосны ач холбогдол. Чи ямар үндэстэн болох, эсвэл ямар хэсэг газар дээр амьдардаг, Өрнөдөд байна уу, Дорнодод байна уу хамаагүй—хүн төрөлхтөнд Бурханы зориулан тогтоосон амьдрах орчноос өөрийгөө тусгаарлаж чадахгүй бөгөөд хүмүүст зориулан Бурханы тогтоосон амьдрах орчны асаргаа, хангалтаас өөрийгөө салгаж чадахгүй. Амин зуулга чинь юу болох, амьдрал чинь юунаас хамаардаг, махан биеийн амиа тэтгэхийн тулд юунд түшиглэдэг чинь хамаагүй чи Бурханы захиралт болон Түүний удирдлагаас өөрийгөө салгаж чадахгүй. Зарим хүмүүс: “Би тариачин биш, би амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй. Миний хоол хүнс тэнгэрээс хамааралгүй учраас би Бурханы тогтоосон амьдрах орчинд амьдарч байгаа биш. Иймэрхүү орчин надад юу ч өгөөгүй” гэж хэлж болох юм. Энэ зөв үү? Амин зуулгынхаа төлөө чи тариа буудай тариалдаггүй гэлээ, чи үр тариа иддэггүй юү? Чи мах, өндөг иддэггүй гэж үү? Чи хүнсний ногоо, жимс иддэггүй юү? Чиний иддэг бүхэн, чамд хэрэгтэй энэ бүх зүйл нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бий болгосон амьдрах орчноос салшгүй юм. Хүн төрөлхтөнд шаардлагатай бүх зүйлийн эх үүсвэрийг Бурханы бүтээсэн бүх зүйлээс, амьдрах орчноос салгах боломжгүй. Ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл—энэ бүгдээс алийг нь бүх зүйлийн дундаас авдаггүй вэ? Зарим хүмүүс: “Бүх зүйлээс гаргаж аваагүй зарим юм байдаг. Хараач, хуванцрыг бүх зүйлээс гаргаж аваагүй. Энэ бол химийн гаралтай, хүний хийсэн зүйл” гэж хэлдэг. Энэ зөв үү? Хуванцрыг хүн хийсэн, химийн гаралтай зүйл, гэхдээ хуванцрын анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд хаанаас гаралтай вэ? Анхдагч бүрэлдэхүүн хэсгүүдийг Бурханы бүтээсэн материалаас авсан. Эдэлж байгаа, харж байгаа зүйлсийг чинь, ашиглаж байгаа бүхнийг чинь бүгдийг нь Бурханы бүтээсэн бүх зүйлээс авсан. Өөрөөр хэлбэл, ямар үндэстэн байх, ямар амьжиргаатай байх, эсвэл ямар төрлийн амьдрах орчинд амьдардаг болох нь хамаагүй хүмүүс өөрсдийгөө Бурханы хангалтаас салгаж чадахгүй. Тэгэхээр бидний өнөөдрийн ярьсан зүйл “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвтэй маань холбоотой юу? Өнөөдрийн ярилцсан зүйлс энэ томоохон сэдэвт багтаж байгаа биз дээ? (Тийм ээ.) Магадгүй Миний өнөөдөр ярьсан зүйлийн зарим нь жаахан хийсвэр, ярилцахад жаахан хэцүү байж магадгүй. Гэхдээ та нар одоо арай дээр ойлголттой болсон байх гэж Би бодож байна.

Сүүлийн хэдэн нөхөрлөлийн хувьд бидний нөхөрлөсөн сэдвүүд арай өргөн хүрээтэй, өргөн цар хүрээг хамарсан, иймээс энэ бүгдийг сонсож ойлгоход та нарт бага зэрэг хэцүү байдаг. Учир нь энэ сэдвүүд бол хүмүүсийн Бурханд итгэх итгэлд өмнө нь тулгарч байгаагүй зүйлс юм. Зарим хүмүүс үүнийг учир битүүлэг зүйл мэт сонсдог, зарим нь үүнийг түүх гэж сонсдог—аль өнцөг нь зөв бэ? Та нар энэ бүгдийг ямар өнцгөөс сонсдог вэ? (Би Бурханы эрх мэдлийн талыг таньж, мөн Түүний алдар хүндийг харсан бөгөөд үүнээс хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг мөн олж харлаа. Бурханы хийдэг юм бүхэн хүн төрөлхтний төлөөх нарийн нямбай зохицуулалт болон төлөвлөгөөг агуулдаг. Тэр биднийг маш их хайрлан энхрийлдэг учраас биднийг анхаарч халамжлан хоол хүнсээр хангасан.) (Бид Бурханы үйлдлийг болон Тэр бүх зүйлийг хэрхэн арга зүйтэйгээр зохицуулсан болохыг, бүх зүйл хуультай гэдгийг харсан. Эдгээр үгээр дамжуулан бид хүн төрөлхтнийг аврах Бурханы үйлдэл болон Түүний нарийн нямбай зохицуулалтыг илүү ойлгож чаддаг.) Эдгээр нөхөрлөлөөр дамжуулан та нар бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын цар хүрээ юу болохыг харсан уу? (Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл.) Бурхан нэг үндэстний Бурхан уу? Тэр аль нэг төрлийн хүмүүсийн Бурхан уу? Тэр хүн төрөлхтний цөөнхийн Бурхан уу? (Үгүй ээ, тийм биш.) Тийм биш учраас, Бурханы тухай хүмүүсийн мэддэгээр, хэрвээ Тэр зөвхөн хүн төрөлхтний цөөнхийн Бурхан байсан бол, эсвэл хэрвээ та нар Бурхан бол зөвхөн та нарынх гэдэгт итгэдэг бол энэ өнцөг зөв үү? Бурхан бүх зүйлийг удирдаж, захирдаг учраас бүх зүйлийг захирах Түүний захиралтаар илчлэгддэг Түүний үйлдэл, мэргэн ухаан, төгс хүчит байдлыг хүмүүс харах ёстой. Энэ бол хүмүүсийн мэдэх ёстой зүйл. Хэрвээ чи, Бурхан бүх оршихуйг удирддаг, бүх оршихуйг захирдаг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэж хэлдэг боловч хүн төрөлхтнийг захирах Түүний захиралтын талаар ямар ч ойлголт, мэдлэг ухаангүй бол Тэр бүх зүйлийг захирдаг гэдгийг чи үнэхээр хүлээн зөвшөөрч чадна гэж үү? Зүрх сэтгэлдээ чи, “Би чадна, яагаад гэвэл миний амьдралыг Бурхан бүхэлд нь захирч байгааг би хардаг” гэж бодож магадгүй. Гэхдээ Бурхан үнэхээр тийм өчүүхэн гэж үү? Үгүй! Чи зөвхөн чиний төлөөх Бурханы авралыг болон чам дахь Түүний ажлыг л хардаг бөгөөд эдгээр зүйлээс Түүний захиралтыг хардаг. Энэ бол хэтэрхий өчүүхэн цар хүрээ бөгөөд Бурханы тухай жинхэнэ ойлголтод чинь нөлөөлж байна. Энэ нь бас бүх зүйлийг захирах Бурханы захиралтын тухай жинхэнэ ойлголтыг чинь хязгаарладаг. Хэрвээ чи, Бурханы чамайг хангаж байгаа зүйлийн цар хүрээ, чамайг гэсэн авралаар Бурханы тухай ойлголтоо хязгаарлавал Тэр юм бүхнийг, бүх зүйлийг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэдгийг хэзээ ч танин мэдэж чадахгүй. Энэ бүгдийг танин мэдэж чадахгүй бол Бурхан хувь заяаг чинь захирдаг гэдгийг чи үнэхээр танин мэдэж чадна гэж үү? Чи чадахгүй. Зүрх сэтгэлдээ чи, тэр талыг хэзээ ч танин мэдэж чадахгүй—чи хэзээ ч тэр түвшинд танин мэдэж чадахгүй. Чи ойлгосон, тийм үү? Үнэндээ та нар эдгээр сэдвийг, Миний ярьж байгаа агуулгыг ямар түвшинд ойлгож чадах вэ гэдгийг Би мэднэ, гэсэн атлаа Би яагаад үүний тухай үргэлжлүүлэн ярьсаар байгаа юм бэ? Учир нь эдгээр сэдэв бол Бурханыг дагагч хүн нэг бүр, Бурханы авралд багтахыг хүсэж буй хүн нэг бүрийн ойлгох ёстой зүйл—тэд энэ сэдвүүдийг мэдэж байх ёстой. Хэдий энэ хоромд чи эдгээрийг ойлгохгүй байгаа ч нэг л өдөр чиний амь болон үнэний талаарх туршлага чинь тодорхой түвшинд хүрэх үед, амь зан чанарын өөрчлөлт чинь тодорхой түвшинд хүрэх үед, биеийн хэмжээ чинь тодорхой хэмжээнд өсөх үед та нартай нөхөрлөж байгаа эдгээр сэдэв Бурханы тухай мэдлэгийн эрэл хайгуулыг чинь дэмжиж, хангах болно. Иймээс эдгээр үг, Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх та нарын ирээдүйн ойлголт болон Бурханы Өөрийнх нь тухай та нарын ойлголтод зориулан та нарыг бэлтгэж, суурь тавихын төлөө байсан юм.

Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Хэрвээ чиний мэддэг Бурхан өөрийн чинь цар хүрээнд хязгаарлагддаг бол чиний Бурхан маш өчүүхэн Бурхан бөгөөд жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй юм. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний бүхнийг чадагч хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өөрийн өчүүхэн гэрчлэлээр хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан жинхэнэ Бурхан огт биш гэж Би хэлнэ. Тэр бол жинхэнэ Бурхан Өөрөө огт биш бөгөөд чиний итгэдэг Бурхан бол Бурхан биш гэж хэлж бас болно. Учир нь Миний ярьж байгаа Бурхан бол бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн амьд оршин буйгаар, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг. Хэрвээ чи Бурханы аливаа үйлдлийг бүх зүйлийн дундаас таньж, харж чаддаггүй бол Түүний ямар ч үйлдэлд гэрчлэл хийж чадахгүй. Хэрвээ чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг Бурхан гэгч тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар яваа бол, өөрийн үзэл санаагаар хязгаарласан, өчүүхэн оюун санаандаа багтаасан тийм Бурханы талаар ярьсаар яваа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч магтан сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүнийг гэрчлэхдээ зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүнийг сэтгэл хангалуун байлгахаас маш хол байна. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлдлээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бүх зүйлээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирах аргаар Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн үнэнийг хардаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Одоо энэ бүгдийг ойлгосон биз дээ? Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Та нар үүнийг хөнгөхнөөр бүү авч үз, Миний ярьсан эдгээр сэдэв та нарын амийн оролттой хамаагүй гэж бүү бод, ингэснээр та нар эдгээр сэдвийг зүгээр нэг мэдлэг, эсвэл номлол гэж хүлээн авахгүй юм. Хэрвээ та нар үүнийг тийм хандлагаар сонсох аваас ганц ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх агуу боломжийг алдах болно. Одоо та нар үүнийг санаж чадна, тийм үү?

Энэ бүх зүйлийг ярьж байгаа Миний зорилго юу вэ? Миний зорилго бол хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы бодит үйлдлүүдийг ойлгуулах явдал юм. Бурханыг ойлгодог, Түүний үйлдлийг мэддэг болмогцоо, зөвхөн тэр үед л чи Түүнийг мэдэх боломж, бололцоотой болно. Тухайлбал, хэрвээ чи нэг хүнийг ойлгохыг хүсвэл хэрхэн ойлгох вэ? Тэдний гадна төрхийг харснаар уу? Тэд юу өмсдөг, хэрхэн хувцасладгийг харснаар уу? Хэрхэн алхаж байгааг харснаар уу? Тэдний мэдлэгийн цар хүрээг харснаар уу? (Үгүй.) Тэгвэл тэр хүнийг хэрхэн ойлгох вэ? Чи тухайн хүний яриа, зан авираар дамжуулан, тэдний бодлоор дамжуулан, юу илэрхийлж, юу илчилж байгаагаар нь тэднийг ялган таниж болно. Ингэж чи тэр хүнийг мэдэж, тэр хүнийг ойлгодог. Үүний адилаар, хэрвээ Бурханыг мэдэхийг хүсвэл, Түүний бодит тал, Түүний жинхэнэ байдлыг ойлгохыг хүсвэл та нар Түүний үйлдлээр дамжуулан, хийдэг бодит зүйл бүрээр нь дамжуулан Түүнийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн шилдэг арга, мөн цорын ганц арга. Та нар одоо ойлгосон, тийм үү?

Хүн төрөлхтөнд амьдрах тогтвортой орчныг өгөхийн тулд Бурханбүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг

Бурхан Өөрийн үйлдлийг бүх зүйлийн дунд, Өөрийн захирдаг бүх зүйлийн дунд илэрхийлж, бүх зүйлийн хуулийг атгадаг. Бурхан бүх зүйлийн хуулийг хэрхэн захирдаг, мөн түүнчлэн тэдгээр хуулийн хүрээнд бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэтгэж, хангадаг тухай бид дөнгөж сая ярьсан. Энэ бол нэг тал. Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянадаг нэг арга юм. Ийнхүү, бүх зүйлийг бүтээснийхээ дараа Тэр тэдгээрийн хоорондох харилцааг тэнцвэржүүлсэн. Энэ бол та нарын хувьд бас нэгэн маш том сэдэв юм. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлэх—энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл мөн үү? Хүмүүс өөрсдөө чадахгүй. Хүмүүс зөвхөн сүйтгэж чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлж чадахгүй; тэд тэдгээрийг удирдаж чадахгүй, мөн тэдэнд тийм агуу эрх мэдэл ч, хүч чадал ч байхгүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйлийг хийх хүч чадалтай. Ийм зүйл хийх Бурханы зорилго нь юуны төлөө байдаг вэ? Урьдын адил энэ нь хүн төрөлхтний амьд орших асуудалтай нарийн холбоотой байдаг. Бурханы хийхийг хүсдэг юм бүхэн зайлшгүй шаардлагатай байдаг—Түүний хийж, эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж үгүй. Хүн төрөлхтний оршин тогтнолыг хамгаалж, хүмүүст амьдрах таатай орчинг өгөхийн тулд амьдрах нөхцөлийг нь хамгаалахын төлөө Түүний зайлшгүй хийх ёстой, чухал зүйлс байдаг.

“Бурхан бүх зүйлийг тэнцвэржүүлдэг” гэсэн хэллэгийн үгчилсэн утгаас харвал энэ нь маш өргөн хүрээний сэдэв юм; юуны түрүүнд энэ нь, бүх зүйлийг тэнцвэржүүлэх нь яалт ч үгүй бүх зүйлийг Бурхан зохицуулдаг гэсэн ухагдахууныг хүнд өгч байна. “Тэнцвэр” гэдэг үг нь ямар утгатай вэ? Эхлээд “тэнцвэр” гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэргүй байлгахгүй байхыг хэлж байна. Хүн бүр жинг мэднэ. Ямар нэгэн зүйлийг жигнэхээр жин ашиглахдаа тухайн зүйлээ жингийн нэг тал дээр нь тавиад, туухайг нөгөө талд нь тавьдаг. Туухайны нийт хэмжээ тухайн зүйлийн жинг тодорхойлдог—түүнийг тэнцүүлэх гэж хэлдэг. Үүнийг тэнцүүлэхийн тулд хоёр талын жин ижил байх ёстой. Бурхан бүх зүйлийн дотор олон зүйлийг бүтээсэн—Тэр хөдөлгөөнгүй зүйлс, хөдөлдөг зүйлс, амьдардаг зүйлс, амьсгалдаг зүйлс хийгээд амьсгалдаггүй зүйлсийг хүртэл бүтээсэн. Энэ бүх зүйл хоорондоо харилцан хамаарал, харилцан дэмжлэг ба хязгаарлалт, харилцан шүтэлцээтэй байх нь амархан уу? Энэ бүгдийн дотор зарчим байгаа нь дамжиггүй. Хэдий энэ нь маш түвэгтэй боловч Бурханд бол хэцүү биш. Харин хүмүүсийн хувьд судалж шинжлэхэд маш хэцүү. Тэнцвэр гэдэг маш энгийн үг. Гэвч хэрвээ хүмүүс үүнийг судлах аваас, хэрвээ хүмүүс тэнцвэр бий болгох шаардлагатай болбол биологичид, одон орон судлаачид, физикчид, химичид, түүхчид гээд тэр бүх эрдэмтэд үүн дээр ажилласан ч гэсэн—энэ судалгааны эцсийн үр дүн нь юу байх вэ? Үүнээс ямар ч үр дүн гарахгүй. Учир нь Бурхан бүх зүйлийг хэтэрхий гайхамшигтай бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөн хэзээ ч үүний нууцыг тайлж чадахгүй. Бурхан бүх оршихуйг бүтээхдээ тэдний хоорондох зарчмыг тогтоож, харилцан хязгаарлах, нэг нэгнийгээ нөхөх, харилцан тэтгэх байдлаар амьд орших янз бүрийн аргыг тогтоосон. Төрөл бүрийн эдгээр арга барил маш ээдрээтэй; тэдгээр нь энгийн эсвэл нэг чиглэлийн бус юм. Хүмүүс, бүх зүйлийг хянаж байгаа Бурханы хяналтын ард орших зарчмыг судалж, батлахын тулд өөрсдийн оюун санаа, мэдлэг, харсан үзэгдлийг ашиглах юм бол эдгээр зүйлийг нээж илрүүлэх туйлын хэцүү. Мөн нээн илрүүлж, ямар нэгэн үр дүн олж авахад ч маш хэцүү. Хүмүүсийн хувьд үр дүнд хүрнэ гэдэг маш хэцүү, Бурханы бүтээсэн бүх оршихуйг захирахын тулд өөрсдийн оюун санаа, мэдлэгт найдаж тэнцвэрийг хадгална гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл хэрвээ хүмүүс бүх оршихуйн амьдрах зарчмыг мэддэггүй бол ийм тэнцвэрийг хэрхэн хамгаалах тухай мэддэггүй. Тиймээс хэрвээ хүмүүс бүх оршихуйг удирдаж, захирах юм бол энэ тэнцвэрийг эвдэх маш өндөр магадлалтай. Энэ эвдэх л юм бол тэр даруй тэдний амьдрах орчин эвдэх ба үүнийг дагаад тэдний амьдрах эсэх түгшүүртэй болно. Энэ нь гай гамшгийг авчирна. Хүн төрөлхтөн гамшиг дунд амьдарч эхэлбэл тэдэнд юу тулгарах вэ? Тааж таамаглахад хэцүү үр дүн гарна.

Тэгвэл бүх зүйлийн хоорондох харилцааг Бурхан хэрхэн тэнцвэржүүлдэг вэ? Юуны түрүүнд дэлхий дээр жилийн турш мөс, цасаар хучигдсан газрууд байдаг бол дөрвөн улирлын турш хавар шиг газрууд байдаг. Чи хэзээ ч хэсэг мөс эсвэл цасан ширхгийг олж харахгүй—өвөл гэж байхгүй. Энэ бол нэг арга—томоохон уур амьсгалын өнцгөөс харвал ийм байна. Хоёр дахь төрөл нь, хүмүүс гоё сайхан ургамлаар дүүрэн, янз бүрийн ургамал ногоо газрыг нь бүрхсэн уулыг харж болно; хадлан дүүрэн ой шугуй байх бөгөөд тэдгээрийн дундуур алхаж байхад нар хүртэл харагдахгүй. Зарим ууланд өвс ч ургахгүй—давхар давхар хоосон тал, зэлүүд уулс байдаг. Гаднаас нь харвал аль аль нь шорооноос тогтсон уулс. Нэг уулс нь гоё сайхан ургамлаар дүүрэн байхад нөгөөд нь өвс ч байхгүй. Энэ бол хоёр дахь төрөл. Гурав дахь төрөл нь гэвэл чи хязгааргүй уудам бэлчээр, өвс ногоо халиурсан тал газрыг харж байсан байх. Эсвэл нүдний хараа ч хүрэхээргүй цөл газрыг харж байсан байх; ямар ч амьд зүйл харагдахгүй, усны эх ундарга бүр ч байхгүй бөгөөд зөвхөн элс даган үлээх салхи л байдаг. Дөрөв дэх төрөл нь их хэмжээний уснаас тогтох далай тэнгисээр хучигдсан газар байхад өөр газраас булгийн ус ч олоход хэцүү байдаг. Тав дахь төрөл нь шиврээ бороо байнга ордог, үүлэрхэг, чийгтэй газар нутаг байхад халуу төөнөсөн нартай өдрүүд ихтэй, дусал ч бороо ордоггүй газар нутаг байдаг. Зургаа дахь төрөл нь агаар давчуу, амьсгалахад хүндрэлтэй өндөрлөг газар байдаг бол нөгөө талаас төрөл бүрийн нүүдлийн шувуудын амьдрах газар болдог нам дор, намаг шавартай газар байдаг. Эдгээр нь өөр өөр төрлийн уур амьсгал, өөр өөр газар зүйн орчинд тохирох уур амьсгал эсвэл орчин юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийн амьдрах орчны агаар, температур, чийгшлийг тэнцвэртэй байлгахын тулд томоохон орчин, уур амьсгалаас эхлээд газар зүйн орчин хүртэл, төрөл бүрийн хөрсний бүтцээс эхлээд усны ундаргын хэмжээ хүртэл хүн төрөлхтний амьдрах үндсэн орчинг тэнцвэртэй байлгадаг. Газар зүйн өөр өөр орчинд ийм эсрэг, тэсрэг шинжүүд байснаар хүмүүс тогтвортой агаартай байх бөгөөд өөр өөр улиралд температур ба чийгшил нь тогтвортой байна. Энэ нь амьдрах ийм орчиндоо үргэлжлүүлэн тасралтгүй амьдрах боломжийг хүмүүст өгдөг. Юун түрүүнд том орчин тэнцвэртэй байх ёстой. Бурханы хүсдэг, хүн төрөлхтөнд шаардагддаг тэнцвэрийг бий болгохын тулд харилцан хязгаарлалтын төлөө өөр өөр газар зүйн байрлал ба тогтцыг ашиглаж, мөн өөр өөр уур амьсгалын өөрчлөлтөөр үүнийг хийх боломжтой. Үүнийг томоохон орчны өнцгөөс ярьж байна.

Нарийвчлан харвал, ургамал мэтийн хувьд тэрхүү тэнцвэрийг хэрхэн бий болгох боломжтой вэ? Өөрөөр хэлбэл, амьдрах тэнцвэртэй орчин дотор үргэлжлүүлэн орших боломжийг ургамалд яаж олгох вэ? Төрөл бүрийн ургамлын амьдрах хугацаа, өсөлтийн хурд, нөхөн үржихүйн давтамжийг удирдсанаар тэдний амьдрах орчныг хамгаалдаг. Бяцхан өвсийг жишээ болгон авч үзье—хавар нахиалж, зун цэцэглэж, намар үр жимсээ өгдөг. Үр жимс нь газарт унаж, тухайн өвс үхдэг. Дараа жил нь жимсний үрнээс нахиа гарч, түрүүний хуулийн дагуу үргэлжилдэг. Өвсний амьдрах хугацаа нь маш богино. Үр бүхэн газарт унаж, үндэс нахиа нь ургаж, цэцэглэж, үр жимсээ өгдөг—энэ үйл явц зөвхөн хавар, зун, намар тохиолддог. Төрөл бүрийн мод ч бас өөрийн гэсэн амьдрах хугацаатай, мөн нахиалж, үр жимсээ өгөх өөр өөрийн үетэй. Зарим мод ердөө 30-аас 50 жилийн дараа үхэх бөгөөд тэдний хувьд 30-аас 50 жилийн амьдрах хугацаатай, гэхдээ тэдний үр жимс газарт унаж, түүнээс үндэс ургаж, нахиалаад, цэцэглэж, үр жимс нь гарч, дахин 30-аас 50 жил амьдардаг. Энэ бол үүний давтамж юм. Хөгшин мод үхэж, залуу мод ургадаг, ийм учраас ой шугуйд байнга л модод ургаж байгааг чи хардаг. Гэхдээ тэд мөн өөрийн гэсэн тохирсон мөчлөг, төрөх ба үхэх үйл явцтай. Зарим мод мянга гаруй жил амьдарч чаддаг бол зарим нь бүр гурван мянган жил амьдардаг. Ямар төрлийн ургамал байх, эсвэл амьдрах хугацаа нь хэр их байх нь хамаагүй ер нь бол Бурхан үүний амьдрах хугацаа, нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд, нөхөн үржих хэмжээ ба хувь дээр тулгуурлан үүний тэнцвэрийг зохицуулдаг. Энэ нь өвс, мод гээд бүгдэд тэнцвэртэй экологийн орчинд үргэлжлэн ургах, өсөх боломжийг өгдөг. Тиймээс дэлхий дээр байгаа ой моддыг харах үед энэ нь мод байна уу, өвс байна уу гэдгээс үл хамааран өөрсдийн хуулийн дагуу тасралтгүй үржиж, өсдөг. Үүнд хүн төрөлхтний тусламж хэрэггүй; энэ нь хүн төрөлхтнөөс ямар ч нэмэлт ажил шаарддаггүй. Ийм тэнцвэр байдаг учраас л тэд амьдрах орчноо хадгалан үлдэж чаддаг. Тэдэнд амьдрах тохиромжтой орчин байгаа учраас л эдгээр ой мод, өвсөрхөг тал газар дэлхий дээр үргэлжлэн оршсоор байдаг. Тэдний оршин тогтнол нь хүмүүс болон ой мод хийгээд өвст талд байгаа жигүүртэн шувуу, араатан амьтад, шавж хорхой, бүх төрлийн бичил биет зэрэг бүх амьд зүйлсийг амьдардаг орчных нь хамт үеэс үед тэжээдэг.

Бурхан бас бүх төрлийн амьтдын тэнцвэрийг хянадаг. Энэ тэнцвэрийг хэрхэн хянадаг вэ? Энэ нь ургамалтай төстэй—Тэр тэдний тэнцвэрийг удирдаж, тэдний нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд ба тоо хэмжээ, амьтдын дунд гүйцэтгэх үүрэгт нь үндэслэн тэдний тоо толгойг тодорхойлдог. Тухайлбал, арслан алаг тахийг иддэг, иймээс хэрвээ арслангийн тоо алаг тахийн тооноос давж гарвал алаг тахийн хувь заяа яах вэ? Тэд устгаж үгүй болно. Хэрвээ алаг тахийн нөхөн үржих тоо хэмжээ нь арслангийнхаас хамаагүй бага байвал тэдний хувь заяанд юунд тохиох вэ? Тэд мөн л устаж үгүй болно. Тиймээс алаг тахийн тоо арслангийн тооноос хамаагүй их байх хэрэгтэй. Учир нь алаг тахь зөвхөн өөрийнхөө төлөө оршин тогтнодоггүй; тэд бас арслангийн төлөө оршин тогтнодог. Түүнчлэн алаг тахь болгон алаг тахиудын нэг хэсэг юм гэж чи хэлж болох ч энэ нь мөн арслангийн аманд орох хоол хүнс юм. Арслангийн нөхөн үржих хурд алаг тахийнхаас хэзээ ч давамгайлж болохгүй, тэдний тоо хэмжээ хэзээ ч алаг тахийн тоо хэмжээнээс илүү байж болохгүй. Зөвхөн ийм замаар л арслангийн хоол хүнсний эх үүсвэр баталгаатай байна. Иймээс, хэдийгээр арслан алаг тахийн төрөлхийн дайсан боловч тэд нэг газарт амар тайвнаар амарч байхыг хүмүүс олонтаа хардаг. Арслан алаг тахийг агнаж, иддэг учраас алаг тахийн тоо хэзээ ч багасах юм уу устаж үгүй болохгүй ба “хаан” гэсэн зиндаанаас шалтгаалан арслангийн тоо хэзээ ч өсөхгүй. Энэ бол Бурханы аль эртнээс тогтоосон тэнцвэр юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх амьтдын дунд тэнцвэрийн хуулийг тогтоосон бөгөөд ингэснээр тэд тэнцвэрээ хадгалж чаддаг, энэ бол хүмүүсийн үргэлж хардаг зүйл юм. Зөвхөн арслан л алаг тахийн төрөлхийн дайсан уу? Үгүй, матар ч бас алаг тахийг иддэг. Матар алаг тахийг идэж байхыг харахад бас л хэрцгий. Алаг тахь үнэхээр биеэ хамгаалах чадваргүй амьтан мэт харагддаг. Тэдэнд арслангийн догшин авир байхгүй бөгөөд догшин ширүүн энэ дайсантай нүүр тулах үедээ тэд зөвхөн зугтаж л чадна. Тэд эсэргүүцэж ч чаддаггүй. Арслангаас зугтаж чадахгүй болох үедээ тэд зөвхөн идүүлэхээс өөр яаж ч чадахгүй. Үүнийг амьтны ертөнцөөс олон удаа харж болно. Иймэрхүү зүйл харах үед та нарт ямар сэтгэгдэл төрдөг вэ? Та нар алаг тахийг өрөвддөг үү? Арсланг жигшдэг үү? Алаг тахь маш үзэсгэлэнтэй харагддаг! Харин арслан үргэлж л тэднийг ховдог шунахайгаар ажиглаж байдаг. Гэвч тэнэг юм шиг алаг тахь хол гэгч зугтаадаггүй. Тэд өөрсдийг нь хүлээж байгаа, зүгээр л модны сүүдэрт хайнга хүлээн зогсох арслан хардаг. Арслан тэднийг хэзээ идэхийг хэн мэдэх билээ. Тэд зүрх сэтгэлдээ үүнийг мэддэг боловч тухайн газрыг мөн л орхиж явахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл. Энэ гайхамшигтай зүйл нь Бурханы урьдчилан төлөвлөлт, Түүний захиралтыг агуулдаг. Чи алаг тахийг өрөвддөг боловч түүнийг аварч чадахгүй ба арсланг жигшин зэвүүцэх боловч үүнийг устгаж чадахгүй. Алаг тахь бол арсланд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнс бөгөөд арслан алаг тахийг яаж идэж байх нь хамаагүй алаг тахь алга болно гэж байхгүй. Арслангийн гаргаж байгаа үр төл маш цөөн тооных бөгөөд тэд маш удаан үрждэг, иймээс хэр олон алаг тахь идэх нь хамаагүй тэдний тоо алаг тахийн тооноос хэзээ ч илүү гарахгүй. Энэ бол нэг төрлийн тэнцвэр юм.

Ийм тэнцвэрийг хадгалах Бурханы зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийн амьдрах орчин болон хүн төрөлхтний амьд оршихтой холбоотой. Хэрвээ алаг тахь, эсвэл буга зэрэг бусад ижил төстэй арслангийн идэш хэтэрхий удаан үржиж, арслангийн тоо хурдацтайгаар өсдөг бол хүн төрөлхтөнд ямар аюул учрах вэ? Юун түрүүнд хүмүүсийн тэжээдэг тахиа, нугас, галуу, нохой арслангийн хоол болох байсан. Учир нь тэд гадаа амьдардаг. Эдгээр нь арслангийн хоолонд хангалттай юу? Зарим айл хоёр гахайтай байдаг. Хэрвээ нэг арслан уулнаас бууж ирээд, тэднийг идсэн бол идсэнийхээ дараа зүгээр л яваад өгөх үү? Тэр ингэж бодох байх: “Ууланд идэх юм юу ч байхгүй, тиймээс би эндээ үлдье. Энэ айлд хэдэн хүн байна.” Хүмүүс гарч ирсэн даруйд тэр тэднийг яаран идэх болно. Хүмүүст эсэргүүцэх чадвар байхгүй. Энэ нь эмгэнэлтэй байхгүй гэж үү? Арслан алаг тахийг идэх нь энгийн үзэгдэл, харин арслан хүнийг идвэл энэ нь эмгэнэлт хэрэг байх болно. Энэ эмгэнэлт зүйлийг Бурхан урьдчилан төлөвлөөгүй, энэ нь Түүний захиралтын хүрээнд байхгүй бөгөөд хүн төрөлхтөнд Түүний авчирсан зүйл бүүр ч биш. Харин ч энэ нь хүмүүсийн өөрсдөдөө авчирч байгаа зүйл юм. Тиймээс Бурханы харж байгаачлан бүх зүйлийн хооронд тэнцвэр байх нь хүн төрөлхтөн амьд оршиход амин чухал билээ. Ургамал ч бай, амьтан ч бай, тэд зохистой тэнцвэрээ алдаж болохгүй. Ургамал, амьтад, уулс, гол нуурууд нь—хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн хэвийн экологийн орчин юм. Хүмүүс ийм экологийн орчин буюу тэнцвэртэй орчинтой байснаар л тэдний оршин тогтнол нь аюулгүй байх болно. Хэрвээ мод эсвэл өвс ногоо нөхөн үржих чадвар муутай, эсвэл нөхөн үржих хурд нь маш удаан байсан бол хөрс чийгшлээ алдахгүй гэж үү? Хэрэв хөрс чийгшлээ алдвал энэ нь эрүүл байх уу? Хэрвээ хөрс, ургамал болон чийгшлээ алдвал маш хурдан элэгдэлд орж, үүний оронд элс бий болно. Хөрс муудан элэгдсэнээр хүмүүсийн амьдрах орчин ч бас устгагдана. Энэ сүйрлийг даган гамшиг ирэх болно. Ийм экологийн тэнцвэр байхгүйгээр, ийм экологийн орчин байхгүйгээр бүх зүйлийн хооронд тэнцвэргүй байдал бий болсноор хүмүүс байнгын гамшгаас болж зовох болно. Жишээ нь, орчны тэнцвэр алдагдаж мэлхийн экологийн орчныг сүйрүүлэх үед тэд бүгд бөөгнөрөн цугларч, тоо хэмжээ нь огцом өсөх бөгөөд хот дотор зам хөндлөн гарах олон тооны мэлхийг ч хүмүүс харна. Хэрвээ олон тооны мэлхий хүмүүсийн амьдрах орчныг эзэгнэх аваас үүнийг юу гэж нэрлэх вэ? Гамшиг гэнэ. Яагаад үүнийг гамшиг гэж нэрлэж байна вэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай энэ жижигхэн амьтад өөрсдөд нь тохирсон газартаа байх аваас хүмүүст хэрэгтэй; тэд хүмүүсийн амьдрах орчны тэнцвэрийг хадгалдаг. Тэд гамшиг болмогцоо хүмүүсийн амьдралын эмх цэгцтэй байдалд нөлөөлөх болно. Мэлхийн авчрах бүх зүйл, бүх элемент хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж чаддаг. Тэдний бие махбодын эрхтнүүд хүртэл дайралтад өртөж болно—энэ бол нэг төрлийн гамшиг юм. Хүмүүсийн олон удаа туулсан өөр нэгэн төрлийн гамшиг бол их хэмжээний царцаа гарч ирэх үзэгдэл юм. Энэ гамшиг биш гэж үү? Энэ бол аймшигтай гамшиг. Хүмүүс хэр чадвартай байх нь хамаагүй—хүмүүс нисэх онгоц, их буу, атомын бөмбөг хийж чаддаг ч царцаа хүн төрөлхтөн рүү дайран орох үед тэдэнд ямар шийдэл байдаг вэ? Тэд царцааны эсрэг их буу ашиглаж чадах уу? Тэд автомат буугаар тэднийг шүршиж чадах уу? Чадахгүй. Тэгээд тэднийг үлдэн хөөхийн тулд хор цацаж чадах уу? Энэ ч бас амар биш. Тэр өчүүхэн царцаанууд яах гэж гарч ирдэг вэ? Тэд ялангуяа үр тариа, буудай иддэг. Царцааны явсан газар бүрд үр тариа, ургац тэр чигтээ сүйддэг. Иймээс, царцааны дайралтан дор тариалан эрхлэгчдийн түшиглэдэг хоол хүнс, үр тарианы жилийн үр өгөөжийг царцаанууд нүд ирмэх зуур, тэр чигт нь идэх боломжтой. Хүмүүсийн хувьд, царцаа ирэх нь зөвхөн уур бухимдал төдий зүйл бус харин гамшиг юм. Царцаа бол нэг төрлийн гамшиг, тэгвэл хулганы тухайд ямар вэ? Хэрвээ хулганыг идэх ямар ч махчин шувуу байдаггүй бол тэд маш хурдан, төсөөлж чадахаас чинь ч илүү хурдан үржих болно. Тэгээд хэрвээ хулгана саадгүй тархдаг бол хүмүүс сайхан амьдарч чадах уу? Тэгвэл хүмүүс юутай тулгарах вэ? (Тахалтай.) Зөвхөн тахал уу? Хулгана юуг ч мэрнэ. Тэд бүр модыг ч гэсэн мэрэх болно. Нэг айлд хоёр хулгана байхад л тэр гэр бүлийн хүн бүхэн уурлаж бухимдах болно. Заримдаа тэд тос хулгайлж иддэг, заримдаа үр тариа иддэг. Тэд иддэггүй зүйлээ мэрээд, бүхэлд нь хог новш болгож орхидог. Тэд хувцас, гутал, тавилга гээд бүгдийг мэрдэг. Заримдаа тэд аяга тавагны тавиур луу авирч гардаг—тэгвэл тэр аяга тавгийг ашиглаж болох уу? Чи тэдгээрийг халдваргүйжүүлсэн ч санаа амар байж чадахгүй, тэгээд л тэдгээрийг хаях болно. Энэ бол хулганы хүмүүст авчирдаг хүндрэл бэрхшээл. Тэд ердөө өчүүхэн жижиг хулгана атал хүмүүст тэдэнтэй харьцах арга байдаггүй. Хүмүүсийг тэд бүр дээрэлхдэг. Сүрэг хулганы талаар бол бүр ярих ч хэрэггүй—эвдэлж сүйтгэхэд ердөө хоёр хулгана байхад л хангалттай. Хэрвээ тэд гамшгийн хэмжээнд хүрвэл үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй. Мөн өчүүхэн жижиг шоргоолжнууд гамшиг болбол хүн төрөлхтөнд учруулах хохирлыг нь хайхрахгүй орхихын аргагүй. Шоргоолж байшинг нуран унатал модыг нь мэрэх нь түгээмэл тохиолдол. Тэдний хүчийг хайхрахгүй орхиж болохгүй. Морь идсэн шоргоолжнуудын талаар сонсож байсан уу? Бүлэг шоргоолж нэг том морийг тэр чигт нь бүрхэн овоорсон бөгөөд мориноос ердөө араг яс л үлдсэн байдаг. Энэ аймшигтай биш үү, үгүй юу? Морь унаж явсан хүн үүнийг хараад хаашаа зугтсан бэ? Ойролцоо нэг нуур байсан бөгөөд тэрээр нуур луу зугтан гүйж, нөгөө талд нь сэлж гарсан. Тэр ийнхүү амьд үлдсэн юм. Харин үүнийг харсныхаа дараа тэр үлдсэн амьдралынхаа туршид тэдгээр өчүүхэн жижиг шоргоолж ямар санаанд оромгүй хүчтэй болохыг мартаж чадаагүй. Тэд түүнийг бараг идэх шахсан. Хэрвээ түүнд морь байгаагүй бол шоргоолжнууд эхлээд түүнийг идэх байсан нь гарцаагүй бөгөөд тэдний дунд ус байсан учраас шоргоолжнууд түүнийг идэхээр очихын тулд амжиж гүүр хийх боломжгүй байсан. Хэрвээ ус байгаагүй бол морь, хүн хоёр хамтдаа идүүлэх байлаа. Шоргоолжны хүчийг хайхрахгүй орхиж болохгүй. Хэрвээ төрөл бүрийн шувууд гамшиг үүсгэвэл мөн л аймшигтай зүйл болохгүй гэж үү? (Тэгнэ.) Өөрөөр хэлэх юм бол, ямар төрлийн амьтан эсвэл амьд зүйлс байх нь хамаагүй тэнцвэрээ алдаж эхэлсэн даруйдаа тэд хэвийн бус, эмх замбараагүй цар хүрээнд өсөж, үржиж, амьдрах болно. Энэ нь хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй үр дагавар авчирна. Энэ нь зөвхөн хүмүүсийн оршин тогтнол болон амьдралд нөлөөлөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөнд гамшиг авчирч, хүмүүс бүр мөсөн устаж үгүй болох, мөхлийн хувь заяатай тулгарах хэмжээнд хүрнэ.

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгахын тулд, уулс ба гол нууруудын амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан—Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлсийг Өөрийн тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх явдал юм. Бүх оршихуй эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, үүнийг эвдэж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ ямар нэг амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрвээ Түүний захиралт дор байх өсөлтийн хурд, давтамж, тоо хэмжээ нь хэрээс хэтэрвэл хүн төрөлхтний амьдрах орчинд янз бүрийн түвшний сүйрэл учрах болно. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний оршин тогтнол заналхийлэлд өртөх болно. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны ундаргыг нь сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь, бүх зүйлд ус маш чухал. Хэрэв хэтэрхий олон тооны хулгана, шоргоолж, царцаа, мэлхий юм уу өөр бусад төрлийн амьтад байвал тэд илүү их ус уух болно. Тэдний уух усны хэмжээ өсөхийн хэрээр ундны усны эх үүсвэр болон усархаг газрын тогтсон цар хүрээнд байх хүмүүсийн уух ус болон усны эх үүсвэр багасаж, тэд усаар дутагдана. Бүх төрлийн амьтдын тоо хэмжээ ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус сүйдэж, бохирдож, устгагдвал амьдрах тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтний амьд орших эсэх нь ноцтой аюул заналтай тулгарах болно. Хэрвээ зохимжит тооноосоо хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан байгаа бол хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Үүний адилаар эдгээр нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяа нь тухайн орчны аюул заналхийлэлд өртсөөр байх болно. Тэгэхээр хүмүүс хэрвээ эдгээр тэнцвэрийг алдвал амьсгалж байгаа агаар нь сүйдэж, ууж байгаа ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Хэрвээ ийм зүйл тохиолдвол хүн төрөлхтний амьдрах уугуул орчин асар их нөлөөлөл, түвэгтэй асуудалтай тулах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөл байдалд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүх зүйл хүн төрөлхтний хувьд юу болохыг, Түүний бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг, хүмүүст нөлөөлөх нөлөөлөл ямар байх, энэ нь хүн төрөлхтөнд хэр их ашиг тус авчирдаг болохыг Бурхан мэддэг учраас—Бурханы зүрх сэтгэл дотор энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ бүх талыг удирддаг, иймээс хүмүүсийн хувьд Түүний хийдэг юм нэг бүр маш чухал—энэ бүхэн зайлшгүй шаардлагатай. Тиймээс чи бүх зүйлийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл бүх зүйлийн дундаас зарим нэг байгалийн хуулийг харахдаа Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай гэдэгт дахин эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа янз бүрийн арга замын талаар дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг ашиглахаа болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахгүй. Тийм биш гэж үү?

Бидний дөнгөж сая ярилцсан энэ бүх зүйл юуны тухай вэ? Энэ талаар бодоод үз. Бурханы хийдэг юм бүхэнд Өөрийн гэсэн санаа зорилго бий. Хэдийгээр хүмүүс тухайн санаа зорилгыг харж чаддаггүй ч энэ нь хүн төрөлхтний амьд оршихтой үргэлж тун их холбоотой байдаг. Үүнтэй салшгүй холбоотой—энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл. Учир нь Бурхан хэзээ ч хий дэмий зүйл хийж байгаагүй. Түүний хийдэг юм бүхэн, Түүний төлөвлөгөө бүр өөрсдийн онол болон зарчмын хүрээнд байх бөгөөд энэ нь Түүний мэргэн ухааныг агуулдаг. Тухайн төлөвлөгөө, санаа зорилгын ард хүн төрөлхтнийг хамгаалах, гамшиг болон аливаа амьд зүйлийн дайралтаас сэргийлэхэд хүн төрөлхтөнд туслах, бүх зүйлийн аливаа аюулаас хүмүүсийг хамгаалах зорилго байдаг. Тиймээс бидний ярилцаж байгаа энэ сэдвийн хүрээнд яригдсан Бурханы үйлдлээс харвал Бурхан хүн төрөлхтнийг өөр замаар хангадаг гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм маягаар тэжээж, хариулж байгаа гэж хэлж болох уу? Энэ сэдэв болон “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн бидний нөхөрлөлийн гарчгийн хооронд бат холбоо оршиж байна уу? (Тийм ээ.) Хүчтэй холбоо байгаа бөгөөд энэ сэдэв бол нэг тал нь юм. Эдгээр сэдвийг ярихаас өмнө хүмүүс Бурхан, Бурхан Өөрөө болон Түүний үйлдлийн талаар ердөө зарим бүдэг бадаг төсөөлөлтэй байсан—тэдэнд эдгээр зүйлийн талаар жинхэнэ ойлголт байгаагүй. Харин Түүний үйлдэл, Түүний хийсэн зүйлсийн тухай хүмүүст хэлэхэд тэд Бурханы хийдэг зүйлийн зарчмуудыг ойлгож, энэ талаар тодорхой ойлголттой болдог, тийм үү? (Тийм ээ.) Хэдийгээр ямар нэг зүйлийг хийхэд, бүх зүйлийг бүтээхэд, бүх зүйлийг захирах үед Бурханы зүрх сэтгэлд Түүний дүрэм, зарчим, журам нь маш нарийн түвэгтэй байдаг боловч ганцхан зүйлийг нь авч нөхөрлөлөөр та бүхэнтэй хуваалцвал та нар, эдгээр нь Бурханы үйлдэл бөгөөд маш бодит гэдгийг зүрх сэтгэлдээ ойлгож чадахгүй гэж үү? (Чадна.) Тэгвэл Бурханы тухай та бүхний одоогийн ойлголт өмнөхөөсөө ямар байна вэ? Мөн чанартаа энэ нь өөр байгаа. Өмнө нь ойлгож байсан зүйл чинь хэтэрхий хоосон, хэтэрхий тодорхойгүй байсан бол одоо ойлгож байгаа зүйл чинь Бурханы үйлдлийг батлах, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг харьцуулах маш тодорхой баталгааг агуулдаг. Иймээс Миний хэлсэн бүх зүйл Бурханы талаарх ойлголтод чинь маш том хэрэглэгдэхүүн болно.

Өнөөдрийн цугларалтад хэлэх зүйл дууслаа. Баяртай! Үдшийг сайхан өнгөрүүлээрэй! (Баяртай, Төгс Хүчит Бурхан.)

2014 оны 2 дугаар сарын 9

Өмнөх:ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VIII

Дараах:ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ X

Танд таалагдаж магадгүй